Нүүр Лайфстайл САЙХАН ТҮҮХ | Хайрын түүхээ бизнес болгосон Монгол эмэгтэйн гэр бүл

САЙХАН ТҮҮХ | Хайрын түүхээ бизнес болгосон Монгол эмэгтэйн гэр бүл

10 секунд уншина
0
0
327

АНУ-ын Умард Каролина мужийн outer Banks-д амьдардаг Тунгаа гэх монгол эмэгтэйн гэр бүл эрүүл хооллолтыг сурталчилж, мэн эко, эрүүл хоолны ресторан нээсэн тухай орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Ердөө хэдхэн л жилийн өмнө Тунгаагийн гэр бүлд эрүүл хооллолтын тухай ямар нэгэн ойлголт байсангүй. Гэвч өөрсдийн эрүүл мэндэд ямар нэгэн бэрхшээл гарч эхэлсэн цагаас тэнцвэртэй хооллолт, эко хоол хүнд ямар хэрэгтэй болохыг ойлгож эхэлжээ. Тэд одоо бэлтгэлийн зааланд өнжиж, эрүүл хооллох хүсэлтэй хүмүүст үнэгүй зөвлөгөө өгч, хамгийн гол нь эрүүл хоолны “Fresh Fit Cafe” нээн чамгүй амжилттай ажиллаж байна.

Тэдний ресторан нээсэн шалтгаан тун энгийн. Хоолны хатуу дэглэмтэй, эсвэл хүнсний харшилтай хүмүүс ирээд хүссэн хоолоо идэж болох тийм л газар нээхийг тэд хүссэн. Хүссэн зүйлээ ч биелүүлээд явж байна. Тунгаагийн гэр бүл хүссэн зүйлээ бодит болгоход тийм ч амар байгаагүй. Тунгаа жирийн нэг монгол фермерийн гэр бүлд өсөж торнисон. Аав, ээж нь орон нутагт жижиг фермийн газар худалдан авч тэндээ амьдрах болжээ. Мөн уламжлалт малчин соёлоо ч түүний гэр бүл хадгалж байлаа. Тэгэхээр тэр нэг ёсондоо химийн аргаар боловсруулсан хүнс хэрэглэж байгаагүй гэсэн үг. “Намайг анх ирэхэд маш хэцүү байсан л даа. Эндхийн хоол хүнс миний биед огтхон ч таараагүй. Үүнээс болоод бага зэрэг өвдөж эхэлсэн” гэж н.Тунгаа “The Coastland Times” сонинд ярьжээ.

Тэрээр “Outer Banks” коллежид суралцаж байхдаа ирээдүйн нөхөр Стивен Гавлинскитэй танилцсан байна. Тэд хайр дурлалдаа умбаж байхад Тунгаа эх орондоо эрдмийн зэрэг хамгаалах шаардлагатай болсон тул гэр бүлээ Монгол Улсыг зорьжээ. Тэд хамтдаа Монгол Улсад сар гаруйн хугацаанд амьдарсны эцэст 2012 оны эхээр АНУ руугаа буцсан юм. Улмаар энэ ондоо тэд хуримлаж Outer Banks-т албан ёсоор амьдрах болжээ. Гэвч тэдний гэр бүл хоол хүнснээс болж өссөн орчны шоктой тулгарч эхлэв. Стивен чихэрлэг бүтээгдэхүүн ихээр хэрэглэж, Тунгаа сүүн бүтээгдэхүүнээс болоод ходоод нь хямарч эхэлжээ. Мэдээж буруу хооллолтоос шалтгаалан хоёул илүүдэл жинтэй болсон байна. Тэд эмчид хандахад эрүүл бус амьдралын хэв маягаа өөрчилж, биеийн тамираар хичээллэн, эрүүл хооллож дадахыг зөвлөжээ. “Эхэндээ бэлтгэлийн заал руу явахад тийм ч тухтай байгаагүй хэн нэгний хараа хяналтад байгаа мэт байсан. Тиймээс нөхөртэйгөө ярилцаж байгаад гэртээ хийж болох дасгалуудыг сурч, улмаар түүнийгээ бусадтай хуваалцах үүднээс нийгмийн сүлжээний хуудаст тавьж эхэлсэн” гэж н.Тунгаа ярьсан юм.

Тэдэнд дасгал, сургуулилт зохиж илүүдэл жингээ ч хаяж чадсан. Гэвч дасгалаас илүү хүнд зүйл байсан нь эрүүл хооллоох хатуу дэг байсан юм. Хоолны хатуу дэглэм барих нь амаргүй бөгөөд тэсвэр шаардсан ажил байлаа. Тэд сэтгэл зүйчтэй уулзаж, эрүүл хооллолтын тухай зөвлөгөө сонсож хоолны хатуу дэгээ барьдаг байв. Хамгийн гол нь тэд амьдардаг хотдоо хоолны хатуу дэглэмтэй ч найз нөхөдтэйгөө хамтдаа суух ресторан хайгаад олсонгүй. Эндээс тэдний бизнесийн санаа төржээ. “Гэрийн салад” Тэд хоёул маш зоригтой алхам хийж 2018 онд ажлаасаа гарав. Ажлаасаа гарсны дараа кафеныхаа байрыг худалдан авч, зураг шийдлийн дагуу тохижуулж эхэлжээ. Хэдийгээр тэд 2018 оны зун гэхэд нээлтээ хийнэ гэж төлөвлөж байсан ч хугацаа нь жаахан сунаж наймдугаар сард нээсэн юм. “Бид хүмүүст цагаан хоолтон, энгийн хоолтон байсан ч тухтай суугаад цагыг зугаатай өнгөрөөх тийм л газар нээхийг хүссэн” гэж Стивен Гавлински ярьж байна. Эхэндээ байнгын үйлчлүүлэгчтэй болох амаргүй байжээ. Эхний гурван сар хүн барагтай орохгүй, олон нийт төдийлөн мэддэггүй байлаа. Гэхдээ сайн хоол, бүтээлч цэстэй байсан тул жижиг хотын иргэдэд амархан хүрч өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчдийн хүрээлэлтэй болжээ. 2019 оны дунд гэхэд тэдний үйлчлүүлэгчдийн тоо 200-300-гаар хэмжигддэг болсон юм. Тэд бүх төрлийн хоолны дэглэмтэй хүмүүст үйлчилж болох цэс зохиож, мөн хэдэн зуун хүн ч ирсэн хүрэлцээтэй байхаар бодож ажилтан авах болжээ.

Будда нэрийн хуурга Тэдний хоол импортын бус тухайн орон нутгийн иргэдээс худалдаж авдаг бүтээгдэхүүнээр хийдэгт кафеных нь онцлог оршино. Түүнчлэн хоол бүрийн тодорхой хувь нь орон нутгийн байгаль хамгаалах байгууллага, зэрлэг амьтдыг хамгаалах холбоодод зориулагддаг ажээ. Энэ рестораныг дан ганц ресторан гэж ойлгож болохгүй. Хавар, зуны саруудад фитнесийн сургалт хичээллэдэг байна. Фитнесийн сургалт, эрүүл хоол нийлээд үйлчлүүлэгчдийн сэтгэлийг ихэд татах болжээ. Тэдний фитнесийн сургалт нь олон хүнтэй газар дасгал хийхээс жийрхдэг хүмүүст зориулсан гэдгээрээ бусад фитнесээс онцлог аж. Умард Каролина мужийн хэрэглэгчдийн судалгаагаар тэдний кафе хамгийн эрүүл бөгөөд хамгийн сайн ресторан гэсэн ангилалд багтжээ. Америкийн жижиг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний тухай олон ч нийтлэл, сурвалжилга бэлтгэсэн байна. Цаашдаа тэд хүргэлтийн хоол, өөр муж, хотуудад салбар нээх талаар бодоод эхэлжээ. “Энэ бол зөвхөн бизнес биш. Бид үүнийг нэг ч гэсэн хүн эрүүл байгаасай гэсэндээ хийж байгаа юм” гэж Тунгаа төгсгөлд нь өгүүлсэн юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *