Home Uncategorized Гоё ах өгүүллэг

Гоё ах өгүүллэг

6 second read
0
0
564

Гоё ах өгүүллэг Би хүний хань, хүүхдүүдийн эх болсноосоо хойш ханийн тангарагаа зөрчиж, эр нөхрийнхөө итгэлийг алдаж, сэтгэлийг нь чилээж явсан удаагүй билээ. Үүндээ сэтгэл минь тун хангалуун явдаг. Мэдээж учрал тохиолдоогүйдээ биш, ерөөс эр нөхрийнхөө хийморийг налиг шалиг явдлаар, шулуухан хэлэхэд хормой хотны явдлаар хиртээх ёсгүй гэж бат нот боддог, эр нөхрөө өөрөөсөө ч илүү хайрладаг жирийн л эмэгтэй. Хорин жил дардан давхисан сэтгэлийн минь жимийг хоромхон зуурт донсолгосон явдал саявтархан болж өнгөрсөн юм.Би 19 настай, ёстой л цэцэг ичээм орь залуу насандаа өөрөөсөө олон ах хүнд дурлачихсан юм. Анх хараад шууд дурлачихаагүй л дээ.Ажиллагсад нь энгийн, дарга нь цэргийн хошууч цолтой ахлах офицер захирдаг цэргийн ангид би үйлчлэгч хийдэг байв. Тэр үед элсэлтийн шалгалтандаа унасан, болон их дээд сургуульд орох хүсэлтэй охид, хөвгүүд олноороо албан байгууллагуудад өлгүүрчин, цай зөөгч үйлчлэгч хийдэг байлаа. Үйлчлэгч ч гэж дээ, бүр цэвэрлэгч гэдэг байсан ч бид хийж буй ажлаасаа ичиж зовдоггүй, харин ч зайлшгүй дамжих ёстой, ахиж дэвших анхны шат, анхны гараа минь гэж боддог байв.Ажилд орсны анхны хавар цэргийн ар талын ангиудын хооронд спартакиад буюу сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээн зохиогдож, манай байгууллага оролцох боллоо.Би гар бөмбөг тоглож чаддаггүй ч байгууллагаас хэдэн охидоо хүний тоо бөглүүлээд хүчээр оруулсан чинь бид эсрэг багтаа мод шиг зогсож байгаад падажаараа “уншуулаад” гарч ирсэн юм. Инээдэмтэй ч юм шиг, ичгүүртэй юм шиг, биднийг сэхээ сэтээгүй хожсон эсрэг багийн эмэгтэйчүүд нь тарган тарган, настай эгч нар байсан билээ. Ашгүй гар бөмбөгийн тэмцээн дуусч, сагсны тэмцээн эхлэв. Энэ талбайд харин гар бөмбөгийн талбайд гүлдэлзэж зогссон бид эргүүлээд нөгөө хэдийг жинхэнээр нь “уншсан” билээ. Тэмцээний үеэр … дугаар цэргийн ангийн залуучууд хувцас жигдрэлт, бие халаалт, тоглолт, бие хаа зүс царай гээд бүх л байдлаараа олны анхаарлыг татаж байв. Тэр тэмцээн тэгсгээд л өнгөрсөн.Дараа жилийнх нь зун амралтаараа хөдөө явчхаад ажилдаа орсон өглөө үүдний самбар дээр …. дугаар ангийн зааланд уламжлалт тэмцээнтэй гэсэн зарлал хадсан байлаа. Ингээд тэр өдөртөө тус ангийн ажилчдын унаагаар Налайхаас наахна байрлах ….дугаар анги руу явлаа.Манай байгууллагад гар бөмбөг гайгүй тоглодог хүн нэмэгдээгүй болохоор бид сагсны тэмцээн дээр хариугаа авчих юм чинь гэсэн шиг дуулгавартай зогсож байгаад л хожигдов. Сагсны тэмцээн дээр эзэн багийн нэг охин намайг гүйцэхгүй болохоороо араас минь маш хүчтэй түлхэнгээ дэгээ тавьчихдаг байгаа.

Гэтэл түүний кетний өрөөсөн сугарч ирээд өмнө тээглэхээр нь би түүнийг эргэж түлхэх гэснээ үг дуугүй кетийг нь үүдээр гартал өшиглөчихсөн юм. Зааланд байсан хүмүүс хөхрөлдөж, шүгэлдэн алга ташиж баяр хүргээд сүйд. Эндээс би хэд хэдэн дэмжигчидтэй болсон юм. Тэмцээн дуусч, түрүүлсэн багт баярын бичиг үнэ бүхий зүйл гардуулах үед нэг ах хачин сайхан инээмсэглээд тухайлан надад баяр хүргэв ээ. Хаалтын ажиллагаан дээр тус ангийн захирагч үг хэлнэ гэхээр нь хартал нөгөө гоё инээмсэглэдэг ах жагсаал хувцастай гараад ирлээ. Яг тэр мөчид сэтгэл минь учиргүй догдлоод явчихсан юм даг.“Пөөх, энэ ах чинь ангийн захирагч байсан юм уу”? Тэр үед миний ойлголтоор ангийн захирагч нар ихэвчлэн гүзээтэй, настай намбатай хүмүүс байх шиг санагддаг байсан тул “Ийм залуухан уу” гээд дуу алдчихсан юм. Миний уулга алдалтыг тэр ах сонссон уу, юутай ч намайг өөрт нь хамаатай үг хэлж байгааг мэдэх шиг болсон. Юу гэвэл нөгөө л сайхан инээмсэглэлээ илгээсэн юм. Тараад бүгд тэдний ажилчдын бүхээгтэй машинд суугаад буцахад нөгөө ах миний эсрэг талд сууж таарав. Зам зуур ажлынхантайгаа инээж хөхрөлдөнгөө түүний зүг харахад тийм гээд хэлж чадамгүй харцаар ширтээд байсан, үе үе харцаа мөргөлдүүлсээр нэг л мэдсэн буух болоход ингээд салж байгаадаа харамсах сэтгэл төрж, хачин хоргодонгуй бууж билээ.“Тэр” миний буусан буудал дээр буугаад манай байрнаас хойшоо явлаа. Ямар ч байсан нэг хороололд байдгаа мэдэж авав.Яваандаа тэдний ажилчдын унаа миний ажил руу явах замд буюу манай ажлын хойхноос явдаг, нөгөө ахын гэр манай байрнаас хэдэн байшингийн цаана амьдардаг, 3 хүүхэдтэй, боксоор хичээллэдэг байсан, саяхан өөрсдийн нөөц бололцоог ашиглаж ангидаа спортын заал барьсан хийгээд залуучуудаа ажлын дараа бэлтгэл хийлгүүлж дасгалжуулдаг мундаг дарга, боксоор хичээллэдэг байсан, атаман явсан тухай нь мэддэг боллоо.Тэр үед спортын тэмцээн, үдэшлэг, уулзалт, ажилчдын улстөрийн хичээл, сонсгол гээд ямар их ажил зохиогддог байсан юм дээ.Асар удаагүй, ердөө хоёрхон сарын л дараа зөвхөн ар талын ангиудын хооронд биш, бүр армийн хэмжээний тэмцээн болсон юм. Би хувьдаа маш баяртайгаар, тэр тэмцээнд оролцсон. Сагсны тэмцээний үед тэднийхэн болон нөгөө багийнхан “Цэнхэр подволктой охиныг сайн бариарай, тээр ингээд гүйцэгддэггүй юм шүү” гэж хашхиралдаад л. Нөгөө ах сэтгэл татам инээмсэглэлээ илгээж, толгой дохиод л. Миний ойр орчмоор тэдний ангийн үеийн залуус эргэлдээд л.

serious young friends walking on meadow
Photo by Gustavo Fring on Pexels.com

Тэгж байтал тэр залуусын нэг нь намайг маргааш болох байгууллагынхаа Октябрийн баярын цэнгүүнд урьдаг юм байна. Би шууд л зөшөөрсөн. Сэтгэлдээ “гоё ах” гэж нэрлэсэн ахыг харах гэж тэр шүү дээ.Цэнгүүн нь хоол ундтай, бүжиг дуутай сайхан болсон. Намайг урьсан залуу бүжиглэх гээд, би бүжиг эргэж чадахгүй болохоор гэдийж цахалсаар тэр үдэшлэгийг дуусахаас өмнө манайхтай ойр байдаг гэсэн залуутай түрүүлээд явчихсан юм. Тэгтэл маргааш нь намайг хүргэж өгсөн залууг “гоё ах” (ангийн захирагч) өрөөндөө дуудаад хэн тэр охиныг урьсан, хэн нь үерхэж байгаа талаар асуусан байлаа. Намайг сонирхсоныг нь сонсоод анхны тэмцээнээс буцаж явахад ширтэж байсан нүд нь харагдав. Сонирхоогүй, шохоорхоогүй бол хэн нэгнийг тэгж ширтэж болохгүй.Бидний дунд ямар нэг холбоо байгааг би бүүр түүр мэдэрдэг ч итгэж чаддаггүй байжээ. Ингээд би хаа хүрэхээ мэдэхгүй ч хайрын тэнгист үсрээд орчихов оо.Өглөө бүр цонхоороо шагалзаж байгаад түүнийг яг орцны хажуугаар өнгөрөх мөчийг тааруулж гарна. Мэдээж тааралдана. Тааралдаад инээмсэглэж толгой дохиод л урд хойноо орж алхана. Түүний нэрийг өөрийнхөө нэртэй нийлүүлэн шинэ нууц нэр үүсгээд тэмдэглэл хөтөлнө. Тэдний ангийн нөгөө хэдэн залуус эргэлдсэн хэвээрээ. Нэг нь бүр салахгүй, кино ший үзнэ, хөзөр тоглоод манайд хоночихдог, би “сайхан ах”-ынхаа тухай сонсох гээд л. Би өрөөндөө ор засаж өгөөд өөр өрөөнд унтаад өгнө. Өглөө нөгөөх чинь яахав, манай буудлаас унаандаа суухаар ангийнхан нь шуугилдаж айлд хүргэн орох нь гэдэг болж. Гоё ах бас л түүнийг дуудаж “Дарга нь хадмуудад нь хэлж өгөх үү, би аавыг нь таньдаг” гэжээ. Юуных нь хадам, хүргэн байхав, түүнд гараа ч атгуулаагүй. Тэгсгээд л мөр мөрөө хөөсөн. Харин “гоё ах”-тай толгой дохин, инээмсэглэн, ичиж догдлон зөрсөөр л. Энэ явдал хэдхэн хоног, хэдхэн сарын явдал биш, хүнтэй суутал минь үргэлжилсэн. Тэр үед хэзээ ч бүтэхгүй насны зөрүү, дарга цэрэг, нам засаг, үзэл суртал… одоо бодоход юу ч л биш байж.Гоё ахтай тааралдахаа болиод олон жил өнгөрчээ.Баянхонгор аймаг руу ажлаар явсан би буцахаар билет аваад автобусанд суулаа. Хол замыг ном уншиж л хорооё хэмээгээд цүнхээ уудалж байтал хажуу дахь суудлыг минь хайсаар гартаа билет барьсан эрхэм дэргэд ирэн зогтуслаа….Гоё ах.. Тиймээ бид хоёр бие биенээ хармагц таньсан. Хоёр аравны салхи бид хоёрыг жам ёсоороо элээж тэр 50 гаруй, би 40 шахам настай болжээ. Нөгөө сэтгэлээс салдаггүй инээмсэглэл нь хэвээрээ. Оочин цоочин бууралтсан үс түүнийг оворжуу хөгшин бус, харин ч өнгөлөг дэгжин, донжлог харагдуулах аж. Энэ хүнийг буурал үс нь хүртэл чимэх ажгуу.Миний хайр мартагдааггүй, сэрж сэргэх мөчөө хүлээж байсныг сайхан ахыг харсан мөчид мэдэрсэн юм. Би буцаад 19 настай болж, үг хэл маань эвлэхээ больж орхив.Ер нь бид хоёр зам турш энгийн ярилцаж, өнгөрснийг дурсаж явсан ч нүдээрээ илүү их, илүү гүн утгатай зүйлийг ярилцаад байх шиг байсан. Түүний харц шаргуу, шимтэнгүй болчихож…Тэр шөнийн богинохныг хэлэх үү, урт холын зам атийгаад агшчихсан юм шиг санагдаж байлаа. Ойрмогхон эргэж уулзахаар болзож, утсаа солилцоод салахдаа хоргодох биш, хойноос нь гүйчихмээр санагдсаныг нуухгүй.Ингээд би хүлээлтийн жаргал зовлонд хүлэгдээд тогтож сууж чадахаа болилоо. Хамаг сэтгэлээрээ өнгөрсөн үе рүүгээ яаран гүйж, тэндээсээ Баянхонгор Улаанбаатар хот хоорондын замд тулаад л гацчхаад байлаа.Хоёр хоногийн дараа утсанд минь “Ахмадын баярт уригдаад анги дээрээ баярлаж байна хэ хэ. Сэтгэлд минь хорин жил үүрлэн дуншсан шувуухай дэгж нисэх гээд жигүүрээ дэвээд эхэлсэн. Одоо энэ шувуухайг нисгэхгүй бол тогтоож дийлэхгүй нь. Уулзах мөчийг тэсэж ядан хүлээнэ” гэжээ. Хэзээ уулзахаа бичээгүй аж…..Уучлаарай эрхэм уншигчид минь… Амьдрал биднийг дахин уулзуулаагүй. Тэр өдрөөс ердөө хэдхэн хоногийн дараа ”гоё ах” бурхандаа явчихсаныг, хүлээж цөхөөд өөрөө залгасан би олж мэдсэн билээ.Тухайлан бид хоёр хайрынхаа талаар ярилцаж амжаагүй ээ. Тэгэхдээ энэ энгийн нэг шохоорхол биш байсан гэдэгт би итгэдэг. Хөөрч чадаагүй ч хөнгөхөөн дэвж дэрвэсэн энэ явдал амьдралын минь амт, хөгийг өөрчлөөгүй билээ. Би өөртөө нэг л асуулт тавьдаг….Хэрвээ бид хоёр уулзсан бол би барьц алдах байсан болов уу? гэж…Одоо би “итгэл үнэмшил”-ээс минь хазайлгалгүй үлдээсэн ч, амжиж уулзуулсан бурханд баярлаж, учруулаагүй бугт талархаж явдаг аа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…