
Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Хашаандаа сайхан амьдарцгаая” группд Өмнөговь аймагт амьдардаг залуу хосууд өөрсдийн тохижуулсан өргөө цагаан гэрийнхээ зургийг цахим ертөнцөд нийтэлсэн нь олон хүнд хүрсэн. Бид уг фото мэдээллийг сайтаараа дамжуулан хуваалцаж байв. Хосууд өдгөө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг бөгөөд бид уг посттой холбогдуулан цахимаар холбогдож ярилцлаа.

-ХАНИЙНХАА ХАМТ БҮХНИЙГ ТЭГЭЭС ЭХЛЭЭД, ХОЁР ТАЛЫН ЭЦЭГ ЭХДЭЭ ДАРАМТ БОЛОХГҮЙГЭЭР АМЬДРАЛЫН ГАРААГАА ДУРСАМЖТАЙ ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮССЭН- –Юуны өмнө бидэнд өөрсдийгөө танилцуулахгүй юу? -Намайг Б.Баярмаа гэдэг. Би зургаан хүүхэдтэй айлын дундах охин юм. Одоо 25 настай. 2017 онд ШУТИС-ийн Санхүү менежментийн чиглэлээр их сургуулиа төгсөөд Өмнөговь аймагтаа очиж хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Одоогоор амаржаад удаагүй учир хүүгээ асраад гэртээ байдаг. -Хүү маань одоо гурван сартай. Нөхрийг маань Б.Жавхланбаяр гэдэг. Айлын ууган хүүхэд. Надтай адил 25 настай. Өмнөговь аймгийн МСҮТ-ийн ХММ засварчны ангийг дүүргэсэн. Одоо “Энержи Ресурс” компанид мэргэжлээрээ ажилладаг. –Та хоёрын амьдарч буй өргөө цагаан гэрийн пост, зураг
олон түмэнд хүрсэн. Тухайн мэдээлэл нь олон түмэнд хүрснээр олон залуус заавал орон сууц, хашаа байшинг тохижуулна гэхгүйгээр өргөө гэрээ ч тав тухтай болгож, сайхан амьдарч болдгийг харсан болов уу. Гэрээ тохижуулах санааг хаанаас авсан бэ? -Би нөхөртэйгөө танилцаж тусдаа гарахаас өмнө монгол гэрт амьдрахгүй. Хашаа байшин аль эсвэл орон сууцанд амьдарна л гэж боддог байлаа. Гэтэл ханьтайгаа танилцаад тэр үеийн бодол минь өөрчлөгдсөн. Ханийнхаа хамт бүхнийг тэгээс эхлээд, хоёр талын эцэг эхдээ дарамт болохгүйгээр амьдралын гараагаа дурсамжтай эхлүүлэхийг хүссэн л дээ. Түүнчлэн залуу гэр бүл, ажлын байранд гараад удаагүй, хуримтлал үүсгэж чадаагүй учир шууд орон сууц худалдаж авах, цаашлаад түрээслэх боломж нь хомс. Өөрсдийн хуримтлалаар автомашин л худалдаж авч амжаад байсан. Тэгээд хүүтэй болсноо мэдсэн цагаас эхлэн тусдаа гарахаар яарсан. Өөрийн гэр оронтой болчхоод тэндээ хүүгээ өлгийдөж авахыг хүссэн. иТиймээс боломждоо тааруулаад монгол гэрээ засаж тохижуулсан. Ингэхдээ “Байдаг л нэг гэр бус, яагаад өөр байж болохгүй гэж” хэмээн бодсон л доо. Тиймээс униа цагаанаар будаж, интернетээс монгол гэрийг тохижуулсан олон шийдэл, санаануудыг харж, судалсны үндсэн дээр тохижуулсан. “Монгол гэрийн тохижилт” групп болон интернетэд байсан олон зургуудаас санаа авсан. -Пост оруулсны дараа хүмүүсийн хандлага, сэтгэгдэл ямар байсан бэ?

-“Хашаандаа сайхан амьдаръя” грүппээр гэр давлагаа яваад байсан учир би ч гэсэн гэрийнхээ зургийг аваад пост оруулсан
юм. Хамгийн гайхмаар нь бид хоёр тэгж олон хүнд хүрч, сайхан сэтгэгдлүүдийг авна гэж санаагүй ээ. Хүмүүсийн хандлага
үнэхээр гэгээлэг сайхан байсан шүү. Сөрөг сэтгэгдэл байгаагүй. Түүнээс маш их урмыг авсан. -ГЭРИЙН ДОТОРХ ТАВИЛГА, ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ ГЭЭД БҮГД НИЙЛЭЭД 15 САЯ ТӨГРӨГ ОРЧИМ БОЛСОН- -Гэрээ тохижуулсан зардал нь нууц биш хэдэн төгрөг болсон бэ. Уншигчид маань асуухыг, мэдэхийг хүсэж байгаа болов уу? -Гэрт зардал гаргаагүй ээ. Миний төрж, өссөн аав ээжийн минь гэр байгаа юм. Аав маань бас гэрээ өөрөө урлаж байсан. Анх улбар шар байсныг нь бид хоёр будаж янзалсан. Гэрийнхээ унь модыг цагаанаар будах санааг би өөрөө гаргасан л даа. Нөхөр маань миний санааг дэмжсэн. Түүнээс эхлээд гэрийнхээ тавилгуудыг цагаан байлгахаар зорьсон. Дэвтэр гаргаад түүн дээрээ гэрээ тохижуулахад гаргасан санхүү, мөнгө тооцоог нэг бүрчлэн бичиж тэмдэглэж явсан юм. Униа будсан будгаас эхлүүлээд гал тогооны хэрэгсэл, халбага сэрээ гээд бүхнийг нарийн бичиж, дэвтрээ хөтөлсөн. Гэрийнхээ ихэнх тавилгыг хотоос авсан. Гал тогоо болон угаалтуурыг л гэртээ зориулж, хэмжээгээр нь хийлгэсэн. Харин бусад тавилгуудаа худалдаж авсан. Бид хоёр ер нь өнгөрөгч таван сараас эхлээд тавилгуудаа аваад, гэрээ барих, засах ажлууддаа шамдаж орсон. Гэрийн доторх тавилга, цахилгаан хэрэгсэл, сав суулга, барилгын материал гээд жижиг сажиг зүйлс бүгд нийлээд 15 сая төгрөг орчим болсон шүү. -Гэрээ тохижуулж байх үеийнхээ дурсамжаас, бас гэртээ хамгийн анх зорьж авсан зүйлийг манай уншигчдад хуваалцаач? -Хань бид хоёр тавилгуудаа хот руу явж авсан. Тэгээд том хайрцагтай зүйлсийг гэртээ оруулахад, эцэг эх маань “Энэ том зүйлсийг гэртээ яах багтаах юм бэ” гэж хэлж байсан л даа. Бас гэрийнхээ буурийг өндөрлөхөд аав маань их гайхсан. Тэгээд
зураг харуулсны дараа аав маань дэмжээд зөвлөж, тусалсан. Мөн
нөхрийн найзууд ирж, гэрийн буурь цутгахад их тусалсан. Тэр
үеийн дурсамжийг бас мартдаггүй юм. Зуны өглөө нар шарахаас эхлээд жаргатал хөлсөө дуслуулан бидний гэрийн ажилд их тус дэм болсон. Би тухайн үед төрөх дөхсөн том гэдэстэй байсан учраас хоол цай л дөхүүлж байсан. Бууриа цутгаад нөхөр ажил руугаа явсан хойно хүлээж тэсэхгүй “Гэрээ хурдхан бариад, авсан тавилгуудаа тавих юмсан” гэж их яарч, хүсдэг байлаа. Аав, нөхөр хоёр маань ээлжийн ажилтай учир амраад ирэх 7 хоногт нь л гэрийнхээ засвар, ажлуудыг
амжуулдаг байлаа. Хамгийн анх авсан зүйлээ сайн санахгүй юм. Гэхдээ ороо хүрээлсэн хөшиг маань их дурсамжтай. Хүмүүс орны
хөшгийн санааг содон, гоё гэж хүлээж авсан л даа. Анх нэг гэр бүл тансаг байшингийнхаа унтлагын өрөөн дэх том орыг хөшгөөр
чимэглэсэн нь таалагдаад зургийг авсан. Түүнийгээ нөхөр рүүгээ явуулж байсан. Тухайн үед монгол гэрийн орыг ингэж янзлах боломжгүй гэж бодож байсан ч нөхөр маань нэг өдөр ээлжээсээ
буугаад ирэхдээ хотоос одоогийн хөшгийг аваад ирсэн. Тэгээд ороо тойруулж хийх аргыг олоод, хийсний дараа урт богино, өндөр нь яг л захиалсан юм шиг таарсан шүү.

-НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ УЧИР ГЭРИЙНХЭЭ ДУЛААЛГАД АНХААРЧ, ШАЛНЫ ПИЛОНКОН ХАЛААЛТААР ГЭРИЙНХЭЭ ХАЛААЛТЫГ ШИЙДСЭН- -Гэрийнхээ халаалтыг яаж шийдсэн бэ. Зурган дээр зуух, пийшин харагдаагүй? -Манайх шалны пилонкон халаалтаар гэрийнхээ дулааныг шийдсэн. Нярай хүүхэдтэй учир гэрийнхээ дулаалгад маш их анхаарч, ач холбогдол өгсөн. Ялангуяа сүүлийн үед бас халаалтын олон гоё шийдлүүд гарсан байсан. Шалны халаалт бас сонирхож байгаа хүмүүст урд, хойноо хоёр тусад нь удирдлага аваарай гэж зөвлөх байна. Цаанаасаа нэг л удирдлага ирдэг юм билээ. Тэгэхээр доороос халаад газраар ор засаж унтахад хэцүү юм
билээ. Бид хоёр шалны халаалт хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлийг сайн судалсан учир хоёр удирдлагатай хийлгэсэн. Тиймээс тийм
асуудал гараагүй. Сарын цахилгааны төлбөр харин өндөр гарах
юм билээ. Ер нь дунджаар 100-150 мянган төгрөгийн хооронд
тогны мөнгө гарч байгаа. -Гэрээ тохижуулсны дараа эргээд харахад, үүнийг ингэдэг айжээ гэдэг ч юм уу, санаанд нийцээгүй зүйл байв уу?
-Ёстой тийм зүйл гараагүй шүү. Ханьтайгаа хамтдаа ярилцаад гэрээ тохижуулсан учир бүх зүйл санаанд нийцсэн. Дутуу зүйлсээ дараа нь ярилцаад чадахаараа цуглуулж, гүйцээсэн. Одоогоор хаалгаа л солино гэж бодож байгаа. Бусдаар бүгдийг нь санаанд нийцтэл тохижуулж чадсан. -Залуучууд ихэвчлэн ажил амьдралын гараагаа нийслэл Улаанбаатар хотод эхлүүлэхийг хүсдэг. Та хоёрын хувьд яагаад аймагтаа амьдрах шийдвэрийг гаргасан бэ. Давуу болон дутагдалтай талаас нь хуваалцаач? -Хотод хөгжил нь сайхан учир залуус ихэвчлэн зорьдог байх. Би ч гэсэн сургуулиа төгсөөд хотод ажиллаж амьдарна гэж боддог байсан. Гэтэл зардал их, дээр нь хэзээ ч өөрийн болохгүй
байранд өндөр түрээс төлж амьдрах нь утгагүй санагдсан.
Тиймээс аймагтаа ирж ажилласан. Нутагтаа байвал төрсөн гэртээ эрхлээд л, ажлаа хийж байгаа юм чинь. Ямар ч илүү дутуу зардал байхгүй. Аймагтаа байхын жаргал гэвэл замын түгжрэл, оочир дараалал байхгүй. “Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг шиг цаанаасаа л бүх зүйл нь дотно санагддаг. Хамгийн гол нь стрессгүй, гэр бүлдээ гаргах цаг зав нь их. Аймаг маань хөгжиж хотоос бараг ялгаагүй болж байгаа. Орон нутаг гэхээр л хөгжил буурай байна гэж байхгүй шүү дээ Хотод өглөө эрт л гарахгүй бол юу ч бүтдэггүй. Маш их бухимддаг. Аймагтаа ирсэндээ бид хоёр маш сэтгэл хангалуун байдаг шүү.
-БИ ЯГ Л МӨРӨӨДЛИЙНХӨӨ, ХҮСЭЖ БАЙСАН ЭР ХҮНТЭЙГЭЭ ГЭРЛЭСЭН- Монгол гэрт амьдрахын сайхан, саар талыг юу гэж боддог вэ? -Гэрт амьдрахын сайхан тал нь агаар сэлгэлт сайн, хүссэнээрээ тохижуулж болдог. Тэр нь содон мэдрэмж төрүүлдэг юм уу даа. Харин саар тал нь хэрэглээний халуун ус болон цэвэр бохирын асуудал л юм. Усанд орох бол заавал гадуур орох жишээтэй. -Ингэхэд та хоёр маань хэзээ, хаан танилцаж байв аа. Та хоёрын тухай уншигчид маань сонирхож буй нь лавтай? -Бид 2018 оны аравдугаар сард танилцаж байсан. Нэг газарт
ажилладаг байсан юм л даа. Танилцаад нэг жил гаруй хугацааны
дараа бид хүү өлгийдөж авсан. Ирэх 11-р сард бидний хоёр жилийн ойн баяр болох юм. -Тэгэхээр бас залуу хос юм байна шүү дээ. Анх танилцахад өхрийн тань юу хамгийн их таалагдсан бэ? -Нөхөр маань дөлгөөхөн харцтай, өндөр, туранхай залуу байсан. Ингээд танилцаад дотносоод ирэхэд ухаалаг, илэн далангүй нэгэн байсан. Тиймээс ч илэн далангүй зан нь надад маш их таалагдсан л даа. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн хаагдмал, нэг тийм дуугүй талдаа байдаг шүү дээ. Харин манай нөхөр эсрэгээрээ тийм биш байсан. Миний асуусан асуултад үнэнээр нь маш дэлгэрэнгүй хариулдаг байсан учир харилцахад ч урамтай, сайхан мэдрэмжийг төрүүлдэг байсан. Бас нэг сайхан чанар нь нөхөр маань маш хөдөлмөрч. Ямар ч ажлыг гололгүйгээр чин сэтгэлээсээ хийж чаддагт нь хайртай. Аливаа зүйлийг бэлэнчлэхээс илүү өөрөө бүтээе, хийе гэдэг чанар нь сэтгэл татдаг. Гэр бүлдээ халамжтай, хүүхдэд маш их хайртай даа.

-Ихэнх хосууд гэр бүл болсныхоо дараа би ханьтайгаа гэрлэнэ, хамтдаа амьдарна гэж бодоогүй гэдэг шүү дээ. Таны хувьд нөхөртөө анхны харцаар дурласан уу, бс хамтдаа амьдарна гэж боддог байв уу? -Би яг л мөрөөдлийнхөө, хүсэж байсан эр хүнтэйгээ гэрлэсэн. Нөхөртэйгөө дотносоод харилцаад ирэхэд миний бодож санаж, төсөөлж байсан эр хүн маань байсан л даа. Тиймээс би өөрийгөө маш азтай эмэгтэй гэж боддог. Ханьд маань сайн чанарууд дэндүү олон байдаг. Хамгийн гол нь намайг дэндүү сайн ойлгодог. Тусдаа байсан ч, цаг үргэлж холбоотой байж ярилцдаг учир тэр бүр үл ойлголцол гардаггүй. Нөхөртөө анхны харцаар дурласан гэвэл үгүй. Гэвч одоо нөхрөөс минь өөр эр хүн огт сайхан харагддаггүй -Ганц бие байх, хань ижилтэй болсны ялгаа хэрхэн мэдрэгдэж байна вэ? -Амьдрал маань хамаагүй утга учиртай болсон мэт санагддаг. Ганц бие байхдаа ажилдаа яваад, найзуудтайгаа уулзаад л ихэвчлэн урсгалаараа л явдаг байж. Хань ижил, үр хүүхэдтэй болсноор амьдралын үнэ цэнэ, утга учрыг илүү их ойлгосон. Амьдралаа босгох, үр хүүхдээ өсгөхийн тулд хоёр биенээ илүү сайн ойлгож, хамтдаа зүтгэхийн утга учрыг ойлгож авсан. -МАШИНАА ЧИМЭГЛЭЭД ЭМНЭЛГИЙН ГАДАА ХҮҮ БИД ХОЁРЫГ ТОСОЖ БАЙСАН МӨЧИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ- -Хүүгээ өлгийдөж авч байх үеийнхээ нандин дурсамжаасаа хуваалцаач? -Хань маань хүүхдэд хайртай, хүүхэдтэй болохыг их хүсдэг байсан. Харин миний хувьд “Амьдралаа босгож, тохинуулаагүй байж хүүхэдтэй болоод яах вэ” гээд хойшлуулдаг байлаа. Тэгээд хэдэн сар өнгөрөхөд би ч хүүхэдтэй болохыг маш их хүсэж эхэлсэн. Тэгээд анх “Хүүхэдтэй болгодог сувинерэн тоглоом авъя” гэвч хотод зарж байсан учир зургийг нь хадгалаад утасныхаа дэлгэцэн дээр тавьсан юм. Тэгээд нэг их удаагүй хүүтэй болсноо мэдсэн. Яг бас хүүхэдтэй больё гэж ярилцаад хэдэн сар хүүхэдтэй болохгүй явсан. Анх тестэн дээрх хоёр зураасыг хараад маш их баярлаж байлаа. Бүр нүдэндээ ч итгээгүй. Тэгээд сайхан мэдээгээ хамгийн түрүүнд найздаа хэлэхэд, маш их баярлаж хүлээж авсан. Нөхөр маань тухайн үед ээлж нь таараад ажил дээрээ байсан.

Би хэдийгээр нөхрийгөө иртэл хэлэхгүй байж байгаад гэнэтийн бэлэг барья гэж бодсон ч чадалгүй хоёр, гурван хоногийн дараа утсаар ярихдаа хэлж байсан. Тухайн үед нөхрийнхөө царайг харж чадаагүй учир, сэтгэл хөдлөлийг нь мэдэж чадаагүй. Гэхдээ дараа нь ярилцаад сууж байхад “Хүүхэдтэй болсныг мэдсэн мөч, маргааш өглөөний нар хамгийн сайхан байсан” гэж хэлсэн. Хамгийн сайхан нь намайг амаржсаны дараа нөхөр маань гэнэтийн бэлгээр угтаж байсан. Машинаа чимэглээд эмнэлгийн гадаа хүү бид хоёрыг тосож байсан мөчийг хэзээ ч мартаж чадахгүй байх. Тэр явдал манай аймагт болсон анхны үйл явдал болов уу. Гэртээ харихад гэрээ сайхан чимэглэчихсэн бид хоёрыг хүлээж авсанд сэтгэл маш их хөдөлсөн. Тухайн үед бас бидний зураг мэдээлэл цацагдаж, аймгийнхныг шуугиулж байсан. -Залуу хосуудад маргах үе бишгүй олон тохиолддог. Та хоёр маргалдсан үедээ хэрхэн ойлголцож, эвлэрдэг вэ? -Бид хоёр ихэвчлэн хол байх хугацаандаа л ховор тохиолдолд маргадаг. Хамтдаа байхдаа муудах, үл ойлголцох нь маш бага, байхгүй гэж хэлж болохоор. Би бага зэрэг түргэн ууртай. Харин нөхөр маань тун уужуу тайван хүн. Тэр чанар нь сайхан. Хосууд хамтдаа амьдраад эхлэхээр нэгэндээ уусдаг гэж үнэн юм билээ. Би нөхрийгөө дагаад ч тэр үү их тайван болсон. Нэг их уурлаж бухимдахаа больсон. Маргааны шалтгаан ихэвчлэн би хэлэх үгээ бодолгүйгээр амандаа орсноо шууд хэлснээс бас болдог гэж боддог. Тиймдээ ч ханьдаа хатуу үгсийг олон хэлж байсан. Тэр маань их тэвчээртэй, ухаалаг учраас л намайг ойлгож, асуудлыг хүндрүүлдэггүй байх. Одоо бол бид хоёр найзууд шиг л бүх зүйлээ ний нуугуй сайхан ярилцдаг. Нэгийгээ бас хааяа
сайхан магтах нь их чухал юм билээ. Тэгээд түүнийхээ хажуугаар шүүмжлэлтэй зүйл, гомдсоноо бас хэлж ярилцаад түргэн эвлэрч,
ойлголцдог шүү. -МӨНГӨН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЭД АЙМАГТАА ХӨӨРХӨН
БИЗНЕС ЭРХЛЭХИЙГ БОДОЖ БАЙГАА- -Хань нь ээлжийн ажилтай юм байна шүү дээ. Төрөөд удаагүй нялх биетэй хүний хувьд нөхрийгөө гэртээ хүлээхэд хэцүү санагддаг уу. -Надад хамгийн хэцүү санагдаж байсан үе амаржсаны дараах хугацаа байсан. Хань маань намайг амаржих хүртэл ээлжийнхээ амралтыг авчихсан байсан. Тиймээс амаржсаны дараах 15 хоног бид хамтдаа байсан. Тэгэхэд харьцангуй сэтгэл амар байсан л даа. Гэхдээ шинэ ээжийн хувьд мэдэхгүй чадахгүй зүйл дэндүү олон байсан ч, хань, эгч, ээжийнхээ халамж зөвлөгөөнд тухайн үеэ өнгөн даваад гарсан. Одоо бол хоёулаа гэртээ хамтдаа байгаад дассан. Хүү маань ч том болоод гангар гунгар гээд яг хөөрхөн дээрээ байгаа.

-Хүүхэд бага учир ханийгаа ээлжийн ажлаа солиод дэргэд тань байгаасай гэж хүсдэг үү? -Одоогийн байдлаар миний хамгийн их хүсэж байгаа зүйл тэр юм. Гэхдээ амьдралын бололцооноос хамаарч, ажлаа солих боломжгүй байгаа. Тиймээс хэсэг хугацаанд энэ хэвээр ажиллах байх. Хүүгээ хоёр нас хүрэхээр би ажилд ороод нөхрийгөө уурхайн ажлаас нь гаргаж, аймагтаа тогтсон ажилд оруулах тухай бодож, ярилцаж байгаа. Уурхайд ажиллуулахыг хүсэхгүй байгаа ч, одоогийн нөхцөл байдлаа бодохоор түүнээс өөр аргагүй байгаа. Хэрэв аймагтаа ажиллавал цалин хаанаа ч хүрэхгүй, хэрэглээндээ зарцуулагдаад дуусчихна шүү дээ. -Ярилцлагынхаа төгсгөлд та хоёрын цаашдын зорилго зорилтыг асуумаар байна? -Ирээдүйд мөнгөн хуримтлал үүсгээд аймагтаа хөөрхөн бизнес
эрхлэе гэж бодож, санаагаа ярилцаж байгаа. -Бидэнтэй ярилцсанд баярлалаа.