Нүүр Uncategorized УЧРАХ ТАВИЛАН 35-Р ХЭСЭГ 1-Р ДЭВТЭР ТӨГСӨВ

УЧРАХ ТАВИЛАН 35-Р ХЭСЭГ 1-Р ДЭВТЭР ТӨГСӨВ

4 секунд уншина
0
5
3,794

Цэлмэгийг юм хэлсэн хэлээгүй түүний харцнаас Сарнай бүгдийг ойлгож байв. Тэртээ олон жилийн өмнө бороо шаагисан бүрхэг өдөр хүүгээ цэцэрлэгээс нь авах гэснээ болиод, хачин зөн совиндоо хөтлөгдөн нөхрийнхөө ажил дээр очсон. Өрөөгөө дотроос нь түгжчихсэн нөхөр нь юу ч болоогүй юм шиг амрагийн явдалд орооцолдоод өөр хүүхэнтэй хэнэг ч үгүй гарч ирж байсан. Удалгүй хэдэн сарын дараа тэр хүүхэн нь Америк руу бараа сураггүй алга болсныг Сарнай санаж байв. Түүний үр дагавар нь ийнхүү хорь гаран жилийн дараа гарч ирсэн нь тодорхой. Сарнайгийн дотор давчидан бачуурч, Цэлмэгийн энгэр заамнаас зулгааж бүгдийг нэгд нэгэнгүй яриулахыг хүсэж байсан ч тэгсэнгүй. Учиралыг гэрээсээ хөөн гаргаж, хэзээ хойно гарч ирсэн нөхрийнхөө хүүхдийг үзэн ядмаар байв ч бас тэгж чадсангүй. Түүнд ямар буруу байх билээ. Тэр ч бас өөр шиг нь учраа олохгүй бүлтгэнэн суугаа. “Амьдрал чи сэтгэлд сэв суулгасан бараан үүлсээ дахин хуралдуулах чинь юу билээ вэ. .. Үр хүүхдүүдээ тойруулаад амар амгалан ач зээгээ эрхлүүлэн суух энэ цагт өнгөрснийг ийнхүү эргэн сөхөх хэрэг юунд байсан юм. Гэвч хийсэн үйлийн үр гэдэг хэзээ нэгэн цагт эргэн хургаж ирдэг жамтай нь энэ гэлтэй.

Сарнайн зүрхэнд хуралдан хадгалагдаж байсан бараан үүлс хорин хоёр жилийн дараа дахин сэтгэлийн гүнээс сул асгаран сад тавилаа. Бачуурч бухимдсанаас тэрээр нөхөртөө юу ч хэлсэнгүй, нөхрөөсөө юу ч сонсохыг хүссэнгүй. Чимээгүйхэн босож үүдний өрөөнөөс гадуур хувцас аван, хагас дутуу өмсөөд гэрээс гаран шат уруудан алхлаа. Тэр одоо хаачихаа үл мэднэ. Зөвхөн эндээс л холдож байвал болох нь тэр.
Хацар даган урсах нулимсаа хаа нэг алгаараа дарж, зам даган хэсэг гэлдрэв. Хаврын эхэн сар гадаа цас хайлж хүүхдүүд энд тэндгүй шуугилдан гүйлдэнэ. Нарны элч түгээх мэт шаргалхан туяа түүнийг аргадан тайвшруулах гэсэн шиг зулай дээрээс нь төөнөнө. Бага зэрэг сэтгэл нь онгойсон тэрээр цэцэрлэгийн хашаанд бодол хөвөрдөн хэсэг суулаа. “Цэлмэг ажил дээрээ өөр хүүхэнтэй цэнгэж байгаад түүнд баригдахаас өмнө ч, дараа нь ч тэр олон хүнээс нөхрийнхөө тухай сайн, муу зүйл сонсож байлаа. Гэсэн ч тэрээр үр хүүхдээ бодон залуу насных нь алдааг уучилсан. Америкаас хэн нь мэдэгдэхгүй хүүхэн нэг хэсэгтээ л утасдан зовоож байсан ч, зүрх сэтгэлээ хоёрдуулан байж нөхрөө хажуудаа үлдээж чадсан. Удалгүй санаанд оромгүй зүйл болж Цэлмэг аваарт орсон. Өвлийн хүйтэнд хээр хөдөө явж байгаад осолд орсон Цэлмэгийн давсаг, бөөр, хөлийг машины урд талын хэсэг битүү дарснаас болж давсаг нь задарч, төмсөг нь бяцарч, суумгай болсон билээ. Гэсэн ч сайн эмч нарын буянд , Солонгост хэд хэдэн удаа давсагны болоод хөлний хагалгаанд орсны хүчинд өөрөө явж чадах хэмжээнд хүрсэн. Гэсэн ч бяцарсан төмсөг нь хэвийн байдалдаа эргэж ороогүй. Нөхөр нь дахин хүүхэдтэй болох ямар ч боломжгүй болсныг сонсох тэр үед Сарнай ямар азаар хоёр сайхан үртэй болж амжсан юм бэ, гэж сэтгэл дотроо залбирч байсан. Тэгвэл өнөөдөр дахиад нэг хүүтэй боллоо.

Хүнд хүн илүүднэ гэж үү. Тэр тусмаа нөхрийнх нь биш гээд хэлчихвий гэсэн шиг адилхан царай төрхтэй энэ сайхан залуу өөрийнх нь үр хүүхэд болж байгаад харин ч баярлах ёстой юм биш үү. Энэнд харамсаж халаглаад одоо яах билээ дээ. Өнгөрсөн бүхэн өнгөрсөн цагтаа л үлддэг. Ингэж л УЧРАХ ТАВИЛАНТАЙ байж. Сарнай ийнхүү олон юм бодсоны эцэст уужуу тайвнаар хүлээж авахаар шийдлээ. Харин энэ үед гэрт Цэлмэг хоолой чичрүүлэн байж Учиралд бүгдийг тайлбарлан ярьж сууна. Хүү минь чи намайг уучлаарай, …Би чиний ээжтэй учрах тэр үед залуу байсан. Өөрийн гэсэн гэр бүлтэй хэрнээ, ээжтэй чинь дотно харилцаанд орчихсон. Удалгүй ээж чинь жирэмсэн болж, өөрийнхөө шийдвэрээр чамайг төрүүлсэн. Гэхдээ тэр зөв шийдвэр гаргасан. Мэдээж хоёр талд явах нь надад хэцүү байсан. Тиймээс чамайг ээжтэй чинь хамт Америк явахыг санал болгосон юм. Би бодохдоо тэнд чамайг тайван орчинд, эрүүл саруул өсөж ториноосой гэж хүссэн. Тэнд миний багын найз болох Тэмүүлэн байсан учраас бас итгэж найдаж байлаа. Мэдээж төрөөд удаагүй эмэгтэй хүн нялх хүүхдээ тэврээд огт мэдэхгүй, хэнийг ч танихгүй газар орон луу явна гэдэг хэцүү. Үүнийг ч би ойлгож байсан. Тиймээс төрсөн эцгийнхээ хайр халамжийг тэгтлээ мэдэрч чадахгүй өсөх үрд минь хэзээ нэгэн өдөр хэрэг болох болов уу, хүний амьдралд юу эс тохиолддог билээ, гэдэг үүднээс гэр бүлийнхээ хамгийн эрхэм нандин өв болох энэ хөөргийг чамд өвлүүлсэн юм. Тэгээд ч миний совин алдаагүй байж. Хэзээ нэг өдөр бид учран золгоход, ойлголцон ухаарахад энэ хөөрөг хэрэг болно гэж бодсон юм.

Үнэндээ би чамайг ээжтэй чинь явуулчхаад араас чинь очихгүй тэр чигт нь орхичихно гэсэн бодол байгаагүй. Удахгүй араас чинь очно хэмээн төлөвлөж байлаа. Гэсэн ч санаснаар болоогүй, удалгүй осолд орж хүү чинийхээ араас очих нь бүү хэл, өөрийнхө биеийг ч арчлан аваад явахад бэрхтэй болсон юм” … хэмээн бүгдийг тайлбарлан хэлээд “МНИЙ ХҮҮ ААВЫГАА ӨРШӨӨГӨӨРЭЙ” гээд Учиралыг тэврэн авч, урсан гарах нулимс, ядарч туйлдсан сэтгэлээс болж хатаж омголтсон уруулаараа хүүгийн духыг үнэрлэлээ. Харин энэ байдал Учиралд таалагдсангүй. Тэрээр өөрийн төрсөн эцэг эх болох хүмүүсийн тухай аавыгаа ярьж хэлснээс хойш сонирхон уулзан учрахыг хүсэж, тэмүүлж байсан ч, тэр хүн нь Анужингийн аав байна гэж зүүдэлсэн ч үгүй. “Хорвоо дэлхий уудам, орчлон ертөнц хязгааргүй гэдэг хэрнээ, цагаа тулахаар ямар давчуу, бүгчим, бачуурмаар юм бэ”… Түүний хувь заяа яагаад ийм гэрийн буурь шиг нэг дор эргэлдэнэ вэ… Түүнд Цэлмэгийг ойлгох бас хайрлах ямар ч сэтгэл төрсөнгүй. Түүний хувьд аав нь ганцхан Тэмүүлэн. Хэзээ хойно бүх зүйл өнгөрч, цаг хугацаа урсан одсны дараа гэнэт гарч ирсэн эдгээр хүмүүс хэнд хэрэгтэй гэж. Тийм л сүрхий хайртай дуртай, үр хүүхдээ гэж бодож явсан бол энүүхэн хаяанд нь өсөн торниж байхад, учирлаж сураглаад уулзан учрахгүй яасан юм. Гэнэт л сүрхий гэмээ ухаарсан, хайртай дуртай аав ээжүүд гарч ирэн, сэтгэл зүрхийг нь эмтлэх хэрэг юу байсан юм”. ..Ингэж бодох зуураа тэрээр суудалаасаа босож, хөх торгон даалинтай хөөргөө Цэлмэг рүү сарвайгаад,

-Та одоо үүнийгээ ав даа. Надад энэ үнэ цэнэтэй эд зүйл чинь хэрэггүй. Аав ээж минь намайг юугаар ч дутаахгүй өсгөсөн. Энэ бол танай гэр бүлийн чухал эрхэм зүйл гэж та надад сая хэллээ. Энэ хөөрөг таны гэр бүлд, гал голомтыг тань бадрааж явах том хүүд чинь байх ёстой гэж би бодож байна. Харин би таниас нэг л зүйлийг хичээнгүйлэн гуйя ? гэж хэлэхэд нь, Цэлмэг ядрангуй дорой нүдээрээ түүнийг зөөлхөн ширтээд -Юу гуйхыг хүсээ вэ хүү минь хэл дээ. Миний чадах хэмжээний зүйл бол би юу ч байсан биелүүлэх болно гэхэд, Учирал… -Та миний эцэг гэдгээ Анужинд битгий хэлээрэй,..би түүний сэтгэлийг сэвтээмээргүй байна. Үүнийг л танаас гуйх гэсэн юм. Тэр одоо миний дүү болчихлоо. Та нарын энэ гурвалжилсан түүх чинь надад үнэндээ таалагдахгүй байна, таны хайр халамж, өршөөл, уучлалт гээд надад огтхон ч хэрэггүй. Гагцхүү биднийг тайван байлгавал баярлах болно.,… хэмээн ширүүхэн хэлээд хаалга саван гарч одлоо… Учиралын хэлсэн үгнүүд Цэлмэгийн зүрхийг зүүгээр шивэн хатгах мэт дотор нь харанхуйлж байв. Тэр хэдийгээр мах цусных нь тасархай, түүний судсаар өөрийнх нь цус гүйж байгаа ч, тэр зөвхөн өсгөжхүмүүжүүлсэн аав ээжийнхээ л хүү гэдгийг дэндүү сайн ойлгон ухаарч байв. Хийсэн үйл, алдсан алдаа гэдэг хэзээ ч эргэж нөхөгддөггүй гэдэг энэ бизээ. Цэлмэгийн цээж давчдан, толгой нь эргэж, нүд нь харанхуйлан буйдангийнхаа урдуур гулдасхийн уналаа. Гадаа хэсэг сууж тайвширсан Сарнай гэртээ орж ирвэл нөхөр нь газар ухаан алдсан чигээрээ хэвтэж байв. Тэрээр сандран,

-Цэлмэг ээ, хүүе Цэлмэгээ, хөгшөөн,….. чи минь яав аа, зүгээр үү,…. гэж айж сандарч дуудсан боловч тэрээр сэрсэнгүй. Сарнай эмч хүний хувьд түүнд үзүүлэх ёстой бүх л анхны тусалмжийг үзүүлсэн боловч тэрээр ухаан орохгүй байв. Цэлмэгийг түргэний тэргээр дүүргийн сэхээн амьдруулах тасагт авчирлаа.. Түүнд даралт ихсэж, зүрхэнд хэт ачаалал ирснээс цус харвасан гэх онош тавьжээ. Харин ухаан орох эсэхийг нь хэн ч хэлж мэдэхгүй байв. Эмч нар чадах бүхнээ хийж байлаа.m Анужин Билгүүдэйтэй хамт Лос-Анжелс явах гэж байгаад аавынхаа биеийг муудсаныг дуулаад Монгол руугаа онгоцоор шууд нисэж иржээ. Гурав хоногийн дараа ашгүй Цэлмэг ухаан орж бүх юм нааштайгаар эргэлээ. Түүнийг ухаан ороход Сарнай, Анужин, Чингүүн гээд тэдний гэр бүлийнхнээс гадна, Тэмүүлэн, Жаргал, Учирал гурав ч ирсэн байв. Мөн олон жил уулзаагүй Халиунаа хүртэл түүн дээр ирснийг хараад тэрээр гайхсангүй. Халиунааг ирээч гэж Сарнай учирлан гуйсан аж. Сайн ханьдаа насан туршийн өртэй яваагаа Цэлмэг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин тэрээр ухаан орсон даруйдаа хэнтэй ч юу ч ярихыг хүссэнгүй. Зөвхөн Анужин охинтойгоо үлдэж түүнд юм хэлэхийг хүслээ. Тэр хоёр чухам юу ярьсныг хэн ч үл мэднэ. Удалгүй Цэлмэгийн бие нь сайжирч бүх юм хэвэндээ орсон юм. Учирал, Анужин, Билгүүдэй гурав хэдэн жилийн дараа нисэхийн акедмиа амжилттай төгссөн. Билгүүдэй Америкийн нисэх хүчинд мэргэжилтнээр үлдсэн бол Анужин одон орон судлалыг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар нутагтаа ирсэн. Харин Учирал олон орны сансарын нисэгчдийн багийнхантай нэгдэж мэргэжил дээшлүүлэхээр өөр хот руу явсан юм. Тэд одоо тус тусын амьдралаар амьдарч байгаа. Анужин өөр залуутай үерхэх болсон. Тэдний ирээдүйд хэзээ юу тохиолдохыг хэн ч үл мэднэ. Харин ганц л зүйлийг би хэлж чадна. Тэдний хэн нь ч эцэг эхийнхээ алдаа дутагдлыг дахин давтахгүй. Яагаад гэвэл амьдралын гол утга учир болсон үр хүүхдийнхээ хувь заяагаар тоглож болохгүй гэдгийг тэд хэнээр ч заалгалтгүй сайн мэднэ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *