Нүүр Uncategorized УЧРАХ ТАВИЛАН 34-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 34-Р ХЭСЭГ

14 секунд уншина
0
1
2,079

Тангаргын баяраар тохиолдсон хөгжилтэй бас гайхалтай гэж хэлж болох учралаас хойш бүх зүйл хэвийн үргэлжилж байв. Оюутнуудын хичээл жигдэрч, бүгд л сансар судлал, нисэх хүчний талаар өөр өөрийн ойлголттой, тодорхой төвшний мэдлэг хуримтлуулан амжилттай суралцаж байлаа. Учирал Билгүүдэй хоёр ч улам дотносож, ах дүүгийн барилдлага өдөр ирэх тусам бэхжин батжиж байсан юм. Найз нөхөд, ангийнхан, оюутны байрны бүх л найзууд нь тэднийг ах дүү гэдгийг мэддэг болжээ. Билгүүдэй Анужин хоёрын үерхэл ч мөн улам гүнзгийрч, хайр сэтгэлтэй хосуудыг хоёр талынх нь аав ээжүүд нь хэдийн гадарладаг болоод нэлээд хэдэн сарыг ардаа үдэж байв. Харин залуу хосуудын аав ээжүүд тэр нэгэн цагт нууц амрагууд явсан гэдгийг хэн хэн нь мэдэх нь бүү хэл гадарлах ч үгүй байлаа. Эцэг эхчүүд нь нүүр тулж уулзан учраагүй цагт, үр хүүхэд нь тэдний залуу насны алдаа оноо, өрөөлөөс бүү хэл, өөрсдөөсөө ч нууж явсан дотно харьцааг яахан мэдэх билээ.

Өвлийн амралтаараа Билгүүдэй Анужинг гэртээ дагуулан очихоор шийджээ. Гэрийнхэндээ найз бүсгүйгээ танилцуулж, зав чөлөөгөөрөө хэд, хэдэн хотоор зугаалан амралтын хөгжилтэй өнгөрөөхөөр шийджээ. Уг нь Анужингийн аав, ах нь өвлийн амралтаар нь түүн дээр ирэхээр тохирсон байсан ч охин өөрийн төлөвлөгөөг ярьснаар тэд зун уулзаж хамтдаа газар үзэхээр болжээ. Зун гэхэд Анужин нэгдүгээр дамжаагаа төгсчихнө. Тэгээд Америкаас Солонгос руу онгоцоор нисэж, Сөүлд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар тохирч амжив. Өвлийн амралт ердөө сар гаран л үргэлжлэх болохоор Билгүүдэйтэй хамт амрах нь түүнд илүү таалагдаж байлаа. Тэгээд ч хайртай хосуудын баяр ” Валентин” таарч байгаа болохоор найз залуугаараа бэлэг авахуулж, хамтдаа эрхлэн зугаалах л түүнд сайхан санагдаж байсан юм. Анужин Монголд “сар шинийн ” баяр болно. Нэг бол айл хэсэх эсвэл хамаатан садан гээд олон хүний хөлд дарагдсаар олигтой ч амарч чадахгүй байх гэж бас бодож байв. Харин Учиралын хувьд Монгол руугаа гэртээ харихыг илүүд үзэж байсан юм. Аав ээж, эгч нар дээрээ очно. Найз нөхөдтэйгөө уулзана гэж бодохоос сэтгэл нь догдолж байв. Бусад оюутнуудын хувьд ч ихэнх нь мөн Учиралын адил Монгол руугаа яваад сар шинэ гарган амраад ирэхийг хүсэж байв. Амралтын өдрүүд эхэлж бүгд л явах бэлтгэлээ базааж байлаа. Анужингийн ээж Сарнай, Учиралын аав Тэмүүлэнг таньдаг гэх. Тэмүүлэн аавынх нь багын найз гэж ээж нь Анужинд хэлсэн. Тийм болохоор гэрийнхэндээ сар шинийн бэлэг гэж бэлдсэн жаахан юмаа Анужин Учиралд өгч явуулахаар шийдэв.

Колорадогийн нисэхийн сургуулийн дотуур байр охид хөвгүүдийг зөвшөөрөлгүй гаднаас орж ирэхийг хатуу хориглодог байлаа. Тиймээс Анужин Билгүүдэйтэй уулзах далимдаа Учиралыг дуудаж уулзав. Анужин хэдийгээр дүүгийнх нь найз охин ч гэсэн өөрт нь таалагддаг бүсгүй түүнийг аминчлан дуудаж уулзсанд, чухам ямар хэргээр уулзах гэж байгааг нь мэдэхгүй ч гэсэн Учиралд сайхан санагдаж байв. Гартаа жижиг хайрцагтай зүйл барьж, түүнийг хүлээж зогссон Анужин Учирал руу дөхөж ирэнгээ, -Сайн уу, Учиралаа, ойрд хичээл сургууль гээд бид тэр бүр тааралдсангүй. Чамайг амралтаараа нутаг явах гэж байгаа гэж дүүгээс чинь сонссон юм. Тэгээд уулзах хэрэг гараад гэхэд нь Учирал, -Аан , тийм үү,.. харин цагаан сар болох гэж байгаа юм чинь амарсан дээрээ аав, ээж дээрээ очъё гэж бодоод. Энд юу хийх билээ. Зарим нэг нутаг буцахгүй гадаад оюутнуудад зориулсан сургалт амралтаар зохиогдох л юм шиг байсан. Тэнд сууж сүрхий царайлж байхаар Монголдоо очиж сайхан амраад толгойгоо сэргээчхээд ирсэн дээр байх гэж бодсон юм гэж хэлэнгээ, Анужин руу харж цаанаа л дотно царай гарган инээмсэглэхэд нь, “ Инээж байгаан хүртэл нэг л хүнтэй их адилхан санагдаад байдаг юм, яагаад ийм ойр дотно санагддаг юм болоо “гэж гайхан дотроо бодсон Анужин,

-Чи надад нэг хүнтэй их адилхан санагдаад байдаг юм, яг хэнтэй адилхан юм бол доо гэж бодохоор хэлж мэдэхгүй юм гээд инээхэд нь, Учиралд ч түүний энэ дотно байдал таалагдсан бололтой,
-Бид хоёр тэгвэл урьд насандаа эхнэр, нөхөр байсан болов уу? гэж хэлэнгээ түүнийг юу гэх бол гэсэн байртай харахад нь, Анужин хэлсэн үгэндээ санаа нь зовсон байдалтай, хоёр хацар нь бага зэрэг ягаарч харцаа буруулснаа, -За тэр нь ч арай юу юм бэ, …Манай ээж, танай аавыг таньдаг юм билээ. Аав чинь манай аавтай нэг нутаг, багын найз гэсэн. Бодвол тэд цагаан сараар уулзалдах байх. Уулзалдахгүй юм аа гэхэд, чи үүнийг нэг зав гарсан үедээ манай гэрийнхэнд хүргээд өгчихгүй юу. Уг нь хэд хоногийн өмнө шуудангаар явуулъя гэж бодож байсан ч Билгүүдэй “ах амралтаараа Монгол явах гэж байгаа, явахад нь өгөөд явуулчихгүй юу ” гэсэн юм. Тэгээд ч гэрийнхэн маань бие биенээ мэдэх юм чинь чамаар өгөөд явуулж болмоор санагдлаа. Ачаа тээш багатай явж байгаа бол үүнийг аваад явж болох уу?.. Дотор нь гэрийнхэндээ авсан цагаан сарын бэлэг байгаа, хаяг нэр, утасны дугаарыг нь дээр нь биччихсэн. Заавал хүргэж өгөх гээд яах вэ, аав юм уу ахтай яривал хаана байгаа газраас чинь хүрч ирээд авчих байх гээд хайрцагтай зүйлээ сарвайхад нь, …Учирал түүнийг нь авч,-Бололгүй яах вэ, би өөрийн биеэр гэрт чинь хүргэж өгнө өө, бэрийнхээ ачааг авч явахгүй бол “алдас “ болно биз дээ гээд инээхэд нь, Анужин -За бэр нь ч арай юу юм бэ, одоохондоо арай болоогүй байгаа шүү, харин энэ амралтаар Билгүүдэй аав ээж гэрийнхэнтэйгээ намайг дотно танилцуулна гээд байгаа. Гэхдээ яг ямаршуухан уулзалт болох нь уу, сайн мэдэхгүй л байна. Байдлыг харж байгаад л болно доо. Хүнтэй суух гэж нээх яарахгүй байна аа, гэж хэзээний нүүрэмгий зангаараа хэлэх гэснээ товч тодорхой хэлээд,

Чи маргааш өглөөний онгоцоор явна гэсэн үү, за сайн яваад, зөндөө их сонинтой ирээрэй гэсээр гар барин салж явлаа. Маргааш нь Учирал нэг байрны оюутан Золбоот, Тэлмэн болон бусад сонсогчдын хамт онгоцонд сууж нутгийн зүг хөдөллөө. Харин Анужин Билгүүдэй хоёрыг Төгөлдөр машинаараа ирж авч тэд Чикаго орохоор явцгаав. Гэрийнхэнтэйгээ хэдэн сараар уулзаагүй Учирал Монголдоо ирээд үнэхээр сайхан байв. Нэр алдартай сургуулийн нэг болох Америкийн нисэхийн академийн сонсогч түүнд найз нөхөддөө болон гэр бүлийнхэндээ ярих ч юм их, үзүүлж сонирхуулах зураг хөрөг ч арвинтай байсан юм. Өдөр нь гэртээ, орой нь найзуудтайгаа баар, цэнгээний газар наргиж цэнгээд хэдэн өдөр завгүй байсан Учирал сая л жаахан амсхийж Анужингийн өгч явуулсан хайрцагтай эд зүйл дээр байсан утас руу залгаж, илгээмжийг нь хүргэж өгөхөөр шийдэв. Анужингийн аав, ээж түүн лүү “охиныхоо явуулсан юмыг авъя” гэж залгаагүй болохоор өөрөө хүргэж өгмөөр санагдаад, энэ талаар ээж аавдаа ч хэлсэнгүй. 9908….дугаарын утасруу залгалаа. …Учирал,

-Сайн байна уу? би Анужинтай нэг сургуульд сурдаг хүүхэд байна аа. Та Анужингийн аав мөн үү? гэж асуухад нь нэлээн сөөнгөдүү бүдүүн хоолойтой ахимаг насны эр хүн утсыг авснаа, -За тийм байна, хүү минь… Охин бидэнд хэлж байсан. Жаахан юм хүнээр өгч явуулсан шүү гэж. Ах нь өчигдөр ярих гэснээ, дөнгөж ирээд удаагүй байгаа чамайг зав зай муутай байгаа байх гэж санаад, маргааш нөгөөдрөөс ярьж байгаад авъя гэж бодож байлаа. Ашгүй, хүү минь чи хаана байна? Ах нь очоод авъя гэхэд нь, Учирал яагаад ч юм өөрөө очиж уулзмаар санагдаад , -Ах аа, та ирээд яах вэ, би өөрөө л хүргээд өгье. Өнөөдөр би завтай байна гэж хэлэв. “Анужин дүүтэй нь үерхэж байгаа болохоор гэрийнхэнтэй нь танилцаад авъя гэж бодсон уу, эсвэл өөрөө Анужинг харж явдаг болохоор гэрийг нь очиж үзмээр санагдсан уу, ямартай ч өөрөө очиж уулзмаар санагдав”. Цэлмэг түүнийг өөрөө хүргээд өгье гэсэнд дуртай байгаа бололтой, -За тэгвэл хүү минь наадахаа дөхүүлээд өгвөл сайн байна, ах нь бас сар шинэ болох гээд ажлаас их юм алга. Манайх …..гээд гэрийнхээ хаягийг хэлэх гэтэл,…Учирал,

-Анужин надад гэрийнхээ хаягийг бичиж өгсөн. Баян-Монгол хорооллын гуравдугаар байрны, зургаан давхарт яг аль хаалга нь вэ гэж асуухад нь Цэлмэг, 304 тоот, голын хүрэн хаалга нь минь дүү,.. үүдэнд ирээд утсаар залгачих ах нь гараад ирье гэв. Тэд ийнхүү тохиролцоод утсаа салгав. Учирал дүрэмт хувцсаа нэг өмсөж очих гэснээ болиод, ээжийнхээ сар шинээр өмсөөрэй гэж хийж өгсөн, бор саарал хурган дотортой дээлийг өмсөөд, аавынхаа түүнд аминчлан захиж өгсөн “ Ягаан гартааман хөөргийг” шинээр оёулсан цэнхэр торгон даалинд хийж өвөртлөөд гэрээс гарлаа. Тэрээр барагтай бол ингэж хөөрөг өвөртлөн, дээл өмсөж явдаггүй байсан юм. Гэтэл энэ удаа Анужингийн аав ээжтэй сайхан монгол ёс жудгаар танилцаж, аятайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байсан болохоор ийнхүү хувцаслаж, хөөргөө бас марталгүй өвөртөлжээ. Тэгээд ч цагаан сар дөхөж байгаа болохоор ээж нь хүүгийнхээ дээл хувцсыг өмсөхөд бэлэн болгоод бэлдчихсэн байсан нь түүнд ингэж явах боломжийг олгов. Төд удалгүй тэрээр Анужингийн байрны үүдэнд ирээд зургаан давхар луу өгсөн гарлаа. Голын хүрэн хаалганы өмнө ирээд хонхыг нь дарах гэснээ, болиод утас руу нь залгав. Анужингийн аавд гэрийнхэн үүдэнд ирснээ хэлтэл тэрээр Учиралыг тосож авлаа. Хаалганы цаанаас тавь нэлээд гарсан байрын хэдийгээр царай төрөхөөрөө овор багатай харагдах ч үсэнд хэзээний буурал сор суусан хичээл насны эр түүнийг угтан авч гэртээ орохыг урилаа. Нэг л танил санагдах залуу хүүг Цэлмэг хараад “ энэ чинь юу билээ ,хэмээн зог туссанаа, ..гайхан эргэлзэж, энэ хүүг чинь хаана харсан билээ” гэж бодох зуураа түүнийг дагуулан зочдын өрөөндөө оров.

Гал зуухны өрөөнөөс Сарнай гарч ирэн Учиралтай мэндлээд хэзээний таньдаг хүний зангаар, -За миний хүү сайн явж ирэв үү? эгч нь одоохон хоол цай бэлдээд хийе, гэж хэлэнгээ гал зуухны өрөө рүүгээ оров. Цэлмэг хүүтэй мэнд усаа мэдэлцэн, охиныхоо талаар асуугаад, түүний өгсөн хайрцагтай зүйлийг авч, хүүд баярласнаа илэрхийллээ. Төд удалгүй Сарнай, гал зуухны өрөөнөөс цай идээ дөхүүлж өгөөд Учиралын хажууд зэрэгцэн сууж охиныхоо талаар асуулаа. -За тэгээд хүү минь амралтаараа гэртээ ирчихсэн сайхан байна уу, манай Анужин гэнэт л наашаа ирэхээ больчихсон. Тэр үерхэж байгаа хүүг нь дуулахнээ танай дүү гэж сонссон. Тэд нар тэгээд хаашаа явж амрахаар болсон юм бол доо гээд л асууж гарав. Учирал, -Монголдоо ирсэн чинь сайхан байна аа. Найз нөхөд гэж гадуур гүйсээр, өнөөдөр л зав гараад та нар луу ярьсан юм. Анужин сайн байгаа. Билгүүдэй тэр хоёр нэлээн олон хотоор зугаалах юм ярьж байсан. Та нартай утсаар ярьж байгаа биз дээ гэхэд нь, Сарнай, -Ярьж байгаа, охинтойгоо өчигдөр оройхон ярьсан гэж хэлснээ, Цэлмэгт хандан ; -Хөгшөөн чи энэ хүүг таньж байна уу? Яагаав,… танай ангийн Тэмүүлэнгийн том хүү шүү дээ. Би тангаргын баяраар танилцсан гэж чамд ярьсан даа гэж хэлэх зуураа нөхөр лүүгээ толгой дохиход нь, сая л учрыг бага зэрэг ойлгосон. Цэлмэг, …нэг зүйлийг бодсоноо, гайхан эргэлзэж, тэгснээ сандарч тэвдэн,….

-Даанч тийм байхаа, би нэг л таньдаг хүү харагдаад байсан юм гэж хэлэнгээ хоолой нь бага зэрэг зангираад ирэв. Энэ зуур гал зуухны өрөөнд бууз жигнэж байсан Сарнай хоол гаргахаар гал зуухны өрөө рүүгээ ортол, Цэлмэг өмнөө суугаа хүүгээс нэрийг нь асуух гэсэн боловч нэг л зүрхэлж чадахгүй. Хий дэмий л учраа олохгүй, өмнөх цайгаа оочлон суух зуураа хүүгээс нүд салгалгүй ширтэн харж байв. Үл ялиг давхраатай нүд, хацар дээрх мэнгэ, дээд уруул нь “дорвогор” гэж хэлж болохоор зузаавтар уруул, өндөр хамар гээд, ….түүнийг биш гээд хэлчих арга алга. Энэ үед өөрийн зөн совин, харах нүдэндээ итгэж ядсан Цэлмэг харцанд нь торж ирсэн нулимсаа арчих нь бүү хэл, залгих ч тэнхэлгүй болж орхив. Түүний зүрх сэтгэл хүүгээ мөн гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй таньж байв. Чимээгүйхэн дотогшоо мэгшин уйлж суух түүнийг харсан Учирал “ охиноо санасан юм болов уу… хөөрхий, архи дарс уугаагүй эрүүл л байх шиг байсан даа “ гэж гайхаж эргэлзэн бодсоноо, сэтгэлийг нь засах санаатай өврөө уудлан даалинтай хөөрөг гаргаж, -Та тамхил гэсээр түүнд өглөө… Цэлмэг өөрийн өвөг эцгийн, үе удам дамжиж ирсэн хөөргөө Учиралаас асуух ч шаардлагагүй хараад л шууд таньж байсан юм. Тэрээр төрсөн хүүгийнхээ гараас , …олон жилийн өмнө нялх байхад нь өвлүүлж өгсөн, эрхэм нандин эдээ хоёр гардан авч духандаа хүргээд, Учиралыг тэврэн “ХҮҮ МИНЬ,… ХҮҮ МИНЬ ДЭЭ …ААВЫГАА ӨРШӨӨГӨӨРЭЙ…” гэсээр түүний мөрийг түшин мэгшин уйллаа.

Цэлмэг хэцүү хатуу цагт л дотогшоо нурж цөөхөн унагадаг эр нулимсаа, энэ удаа хүүгээсээ нууж, түүнээс харамлан хадгалах хэрэггүй байв…Сул асгарсан чигээр нь орхилоо… Нөхрийнхөө дуунаар гайхаж, сандарсан Сарнай зочдын өрөөнд орж ирснээ, Учиралыг тэврэн мэгшин уйлах ханиа хараад эхлээд учрыг ойлгосонгүй. “Энэ чинь одоо юу болоод байна аа, бие нь зүгээр байгаа даа гэж “ бодсоноо нөхрийнхөө гарт байгаа хадам аавынхаа хөөргийг хараад бүүр гайхаж хоцров. Учир нь охиноо төрдөг тэр жил нөхөр нь компаниа хөл дээр нь босгохын тулд аавынхаа хөөргийг өндөр үнээр хүнд зарсан гэж түүнд хэлсэн аж. Бизнес нь ашигтай боломжийн мөнгө төгрөгтэй тэрээр яагаад үе удам дамжиж ирсэн хөөргөө гэнэт зарах болсон шалтгааныг эхнэр тэр үед хайгаад олоогүй. Нөхрөөсөө энэ талаар хичээн асуугаад ч тоймтой хариу сонсоогүй. Тэгээд ч нэг хэсэг үглэж байгаад өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ гээд энэ талаар ярихаа больжээ. Гэтэл тэр хөөрөг нь гэнэт гараад ирсэн байдаг. Сарнай нөхрөөсөө -Бие чинь зүгээр үү, юу болсон бэ гэж асуунгаа, түүн лүү гайхаж эргэлзсэн нүдээр цоо ширтэв. Энэ үед Цэлмэг яг л амьгүй болсон мэт ямар ч хөдөлгөөнгүйгээр суудал дээрээ лаг хийн сууж,…үгээ арай ядан зөөн, хаанаас нь эхэлж ярихаа , ….хэнд нь эхэлж тайлбарлахаа мэдэхгүй байгаа бололтой, хацарт нэг ч дусал хүрэлгүй нүднийхээ аяганд шингэчихэв үү гэмээр хоромхон хугацаанд хатаж үгүй болсон нулимсаа алгаараа нэг шудраад хэсэг чимээгүй суув. Гайхаж бас Цэлмэгээс дутахгүй цочролд орсон Сарнай, Учирал хоёр түүнийг юу хэлэх бол гэсэн шиг амьсгаа даран хүлээж сууна. …

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *