
Олон жил уулзаагүй эх үр, амраг хосууд, ах дүү нар уулзалдсан болохоор тэдэнд ярих юм дэндүү их байлаа. Яаж яваад өдий болтол уулзалдаагүй, ямархан учралаар энд ингээд цугларчихав гээд. Одоо сургуулийн арга хэмжээ, үдэлтийн хүлээн авалт гээд Академаас зохион байгуулж байгаа бүхэн тэдэнд тийм чухал биш болж ирэв. Орой эцэг эхчүүдэд зориулсан амралтын өрөөнд Тэмүүлэнгийн гэр бүлийнхэн, мөн Төгөлдөрийн эхнэр хүү бүгд цугларлаа. Билгүүдэй санаанд оромгүй тохиолдлоор гэнэт ахтай болсондоо баяртай байгаа бололтой үе үе Учирал руу харан инээд алдана. Харин Учирал хэдийгээр Халиунааг ээжээ гэж хүлээн зөвшөөрч чадсан ч, өнөөдөр тохиолдсон бүх л үйл явдал нэг л зүүд зэрэглээ шиг санагдаж энэхүү сонин хувь заяатайгаа бүрэн дүүрэн эвлэрч чадахгүй байв. Тэнд цугларсан бүгд л Халиунааг чухам юу ярих бол гэсэн шиг чих тавин дор бүрнээ юм бодсон байдалтай сууцгаана. Халиунаа ч энэ байдлыг мэдсэн юм шиг хэсэг чимээгүй суусанаа. “Би том хүү Учиралыгаа төрүүлээд удаагүй байхдаа энэ оронд ирж байлаа. Бараг ой ч хүрээгүй жаахан хүүгээ тэврээд хүний нутагт учраа мэдэхгүй ирэхэд Тэмүүлэн надад их тус хүргэсэн. Амьдралд дөнгөж хөл тавиад л алдаж онож эхэлсэн надад хэцүү бэрх, шантармаар үеүд зөндөө байсан. Нэг удаа санамсаргүй байдлаар,… санамсаргүй ч гэж дээ, миний л бас буруу сонголтоос болж, хүү маань Тэмүүлэнтэй хэсэг хугацаанд амьдарсан юм. Энэ үед Тэмүүлэнгийн ээжийн бие гэнэт муудаж Монгол руугаа буцах болоход хүүгээ ээжид нь орхих гэсэн боловч би гэдэг хүн утсаа салгаад усанд хаясан чулуу шиг хэд хоногоор алга болчихсон байсан болохоор надтай холбогдож чадалгүй Учиралыг аваад нутаг руугаа явсан байлаа.

Хэрвээ Тэмүүлэнгээс өөр хүн байсан бол тэр үед эхнэр хүүхэд дээрээ очих гэж байж, хаа хамаагүй хүний хүүхэд тэврээд очих зориг зүрх гаргаж чадахгүй, энд хэн нэгэн дээр, ямар нэгэн газар хүүг минь орхиод л явах байсан биз ээ. Гэвч Тэмүүлэн дэндүү сайхан сэтгэлтэй болохоор ямарч саад бэрхшээлээс шантрахгүй өөрийн үр хүүхэд шигээ санан, миний хүүг тэврээд явсан байдаг. Ийм л сайн хүнтэй, сайн аавтай учирсан болохоор хүүгээ амьдралдаа алзахгүй, эрх танхилхан өсөж торнино гэдэгт хэзээ ч би эргэлзэж байгаагүй ээ. Тэмүүлэн маань Учиралд яг л өөрийнхөө хүү шиг хандан хайрласнаас гадна хүү маань ч гэсэн түүнд дасан ижилсэж байгааг би мэдэрч байсан юм. Нэгэнт хүүгээсээ холдсон би гэдэг хүн ганцаардан гуниглаж, өөрийгөө буруутган зүхэж, учраа олохгүй үймэрч явсан үеүд надад бий. Ингэж явах үедээ хүүгийн минь буян заяа түшсэн үү гэлтэй санамсаргүй байдлаар гэнэт чамлахааргүй их мөнгөтэй болчихсон. Ингэж нэлээдгүй мөнгөний бараа харсан цагаас амьдралд маань маш том өөрчлөлтүүд гарч ирж байлаа. Одоо энэ ханьтайгаа учирч, сургууль соёлд орж, бизнес хийж юм юмны зах зухтай болсон. Бүгдийг нэг мөр жигдэлчхээд монгол руугаа очиж хүүгээ авна даа, гэж бодож явсаар нэг л мэдэхэд дахиад хоёр хүүтэй болж амьдрал маань цааш үргэлжилсэн.
Залуу цагт өөрийгөө зөв л юм хийж явна хэмээн бодож андуурч алдаа гаргаж явснаа сүүлд л ухаарсан. Энэ нь Төгөлдөртэй анх суухдаа хүүтэй гэдгээ түүнд хэлж зүрхлээгүй явдал юм. Амьдралдаа алдаж онож яваа бүсгүй хүн дахиж алдахаас айсандаа тийм шийдвэр гаргасан нь тэр. Гэвч эцсийн эцэст үнэнийг хэлэх өдөр ирсэн. Би дөнгөж Төгөлдөртэй гэрлэхдээ хүүтэй гэдгээ хэлсэн бол энэ минь надад үнэхээр хайртай л юм чинь хүлээн зөвшөөрч, хүүг минь хажуудаа авчрах байж дээ, тэгээд хамтдаа элэг бүтэн аз жаргалтай байх байж гэдгийг сүүлд л ойлгосон. Гэвч юм бүхэнд цаг хугаца гэж бий. Учиралдаа хоёрын хоёр дүү гаргачихсан, Учирал маань ч ээж аавдаа дасчихсан байх тэр үед нь хүүгийнхээ сэтгэл санааг үймүүлээд, Тэмүүлэн, Жаргал хоёроо ч зовоогоод яах билээ гэж бодсон. Албатай юм шиг хүүгээ өсгүүлчхээд, том болсон хойно нь одоо би хүүгээ авлаа гэж хэлээд ямар нүүрээрээ очих билээ. Ингэж явсаар л өнөөдрийг хүрчихлээ. Ийм л үеүдэд Тэмүүлэн над руу нэг л удаа залгаад хүүгээ ирж ав, гэж хэлсэн бол би хэзээ ч гүйгээд очиход бэлэн байсан шүү. Надад Учиралынхаа тухай бодоогүй, түүнийг санаагүй өдөр гэж байгаагүй. Эх хүний зөн совингоор ч тэр юм уу, удахгүй хүүтэйгээ уулзах юм шиг санагдаж, ойрын үед сэтгэл гэгэлзээд байсан юм. Хавраас Монголдоо очоод заавал хүүтэйгээ уулзана гэж зүрхлэн бодож байлаа.
Ингэж л учрах тавилантай байж. …ТА НАРААСАА УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА ….ТЭР ТУСМАА ЖАРГАЛААС….. Хэн нь мэдэгдэхгүй бүсгүйгээс, таньж мэдэхгүй хүүхэд тэврээд ирэхэд нөхрийгөө уучлан ойлгож, хүүг минь өөрийн үр шигээ санан, ийм сайхан ханагар том залуу болтол нь өсгөн хүмүүжүүлж, хайр энэрлээр дутаагаагүй чамд маш их баярлалаа. Бас намайг уучлан ойлгоорой” гэж хэлэнгээ түрүүнээс хойш нүдийг нь бүрхэж байсан нулимсаа урсган байж, хажуудаа суугаа Жаргалыг тэврэн чимээгүйхэн мэгшин уйллаа. Жаргал ч бас түүнийг тэврэн, мөр мөрөө түшиж хэсэгхэн зуур уярал хайрын нулимс унагаад, тайвширч гэрэлтсэн нулимстай нүдээр бие биенээ харан инээмсгэллээ. Хэдийгээр тэдний нүдэнд нулимс цийлгэнэж байсан ч үр хүүхдийнхээ хувь заяагаар холбогдсон эх хүний уучлан ухаарах их хайраар зүрх сэтгэл нь сүлэгдэн байсан юм. Энэ цагаас эхлээд энэ ээжүүд хэзээ ч салахын аргагүй хүйн холбоотой боллоо гэдгээ хэн хэн нь дэндүү сайн ухаарч байв. Ээжүүдийг ингэж уяран хайлж байх хооронд ах дүү хоёр улам дотносон ярилцаж, Төгөлдөр Тэмүүлэн хоёр ч учир байдлыг ойлгон олон зүйлсийг ярьж амжив.

Маргааш хүүхдүүдийнхээ сургалт дуусгаад буцахдаа Тэмүүлэн, Жаргал хоёр ч Чикаго орж Төгөлдөрийнхөөр зочлон илүү сайн дотносон нөхөрлөж, Учирал Билгүүдэй хоёрын бага дүүтэй танилцахаар болов. Мөн Халиунаа ч гэсэн гэр бүлийнхээ хамт ирэх зунаас Монголдоо ирж үр хүүхдүүдээ хоорондоо учран золгуулахаар шийдэцгээв. Халиунаа ч мөн Учирал хүүтэйгээ аминчхан яриа өрнүүлж суух зуураа түүний чихэнд дараа духтай уулзахдаа төрсөн эцэг нь ямар хүн байдаг талаар ярьж, хэлж өгөхөө амлаж амжсан байлаа. Тэднийг ийнхүү дотносож суухад Анужин ээжтэйгээ өрөөндөө элдвийг хөөрөлдөн ярилцаж сууна. Сарнай Анужинд хандан, -Аавын чинь найз Тэмүүлэнгийн хүү энэ сургуульд сурдаг юм байна. Өдөр бид тааралдсан шүү дээ. Тэр өндөр бор хүүгийн нэр хэн гэлээ гэж асуухад, Анужин, -Аан, Учирал уу, аав нь манай аавтай найзууд байсан юм уу. Ямар нэгэн юм болоод байх шиг л байсан. Гэхдээ би сайн ойлгоогүй ээ. Учирал чинь айлын өргөмөл хүүхэд юм биш үү. Өдөр Билгүүдэйгийн ээж миний хүү гээд л царай нь сонин болоод байсан. Учирал Билгүүдэй хоёр чинь ах дүү юм биш үү ээж,… би тэгж л бодлоо. Тэгээд хоёр хүүхэд нь яаж яваад энд ирчихдэг байна аа. Ээж нь хүүгээ огт харж байгаагүй юм шиг л олон хүний нүдэн дээр сүйд болоод л байсан. Харин аавын найз юм бол та сайн мэдэх юм биш үү гэж гайхсан өнгөөр ээжээсээ асуухад нь,
-Цэлмэг Тэмүүлэн хоёр багадаа их дотно найзууд байсан гэж аав чинь ярьдаг байсан юм. Харин Тэмүүлэн залуудаа Америк яваад нэлээд олон жил болоод Монголдоо ирсэн болохоор ээж нь сайн танихгүй. Тэгж явахад нь л энэ хүү нь гарсан юм болов уу даа. Би тэгж л ойлголоо. Аав чинь л энэ талаар сайн мэдэж байгаа байх. Ээж нь очиж байгаад ааваас чинь асууна аа. Тэмүүлэн аавыг чинь аваарт орсны дараагаар хэд хэдэн удаа манайд ирсэн. Тэр үед л би танилцаж байсан юм. Тэгээд дараа нь ажил төрөл нь ч болоогүй юм уу, аав чинь ч эмчилгээнд Солонгос яваад өгсөн. Тэр үеэс бараг үзэгдэхээ больсон. Харин өнөөдөр энд ингэж таарна гэж бодсонгүй сонин юм аа. Аав чинь нэг удаа Тэмүүлэнг их олон охидтой гэж ярьж байсан санагдана, тэрнээс хүүтэй гэж сонсоогүй. Сүүлд эхнэр нь нэг хүү төрүүлсэн талаар хальт дуулж байсан юм байна, хэнээс сонссоноо харин санахгүй байна. Гэхдээ энэ хүү нь чамтай насаар бараг ойролцоо байрын юм. Америкт эхнэрээсээ хол олон жил амьдарч байхдаа л “золиг” чинь энэ хүүхэнтэй учир ургуулж л дээ. Тэгээд л сая хүү нь гарч ирээд бөөн юм болсон байх” гэж гайхаж сониучрахсан өнгөөр хэлэхэд нь , Анужин ,

-Ээжээ,… би танд нэг нууц хэлэх үү, одоохондоо битгий аавд хэлээрэй санаа нь зовчихно. Тэр таны таньдаг гээд байгаа хүний хүү Учирал надад их талтай сайн байдаг юм. Харин би Билгүүдэйтэй үерхэж байгаа. Илэн далангүй чөлөөтэй тун дажгүй залуу, гэж хэлэнгээ их л нухацтай харцаар ээж рүүгээ юу хэлэх нь үү гэсэн байртай харахад, -Уг нь Тэмүүлэнгийн аав ээжийг их сайн хүмүүс байсан гэж аав чинь ярьдаг байсан. Удам сайтай л айлын хүүхэд. Тэгээд ч аавын чинь багын найзын хүүхэд, нүдэнд дулаахан сайхан залуу байна лээ. Нэг л хүнтэй их адилхан харагдаад байсан. Аавыг нь таньдаг болоод л тэгж харагдаад байж дээ. Харин тэр Билгүүдэй гээд байгаа дэрчгэр шар залуу ч дээ, ээжийгээ дуурайсан нэлээн хөдөлгөөнтэй нэгэн бололтой. За тэгээд миний охин өөрөө л мэдэхгүй юу даа. Сургууль соёлоо төгсөөгүй байж юу юугүй, янз бүр болчихож болохгүй шүү, хэмээн санаа зовсон байдалтай хэлэхэд нь, -Билгүүдэй Америкт төрж өссөн хүүхэд, тийм болохоор тэр ч юм уу, их чөлөөтэй сэтгэдэг, бие даасан, дайчин зан чанартай юм шиг надад санагдсан. Харин Учирал болохоор цаанаа л нэг учир битүүлэг, үг дуу цөөнтэй, байнга л юм бодож явдаг, нэг тийм сонин залуу. Гэхдээ таны хэлсэн зөв байж магадгүй, их хүн чанар сайтай юм шиг надад санагдсан. Ер нь тэгээд ч би ямар аль нэгэнтэй нь суух гэж байгаа биш дээ. Та санаа зоволтгүй шүү. Охин нь ямар ч байсан сургуулиа төгсөж байгаад болно. Тэгээд ч энэ сургууль чинь суралцаж байх явцдаа хүнтэй суух, хүүхэд гаргахыг хориглодог юм байна лээ шүү дээ, гэж хэлэнгээ инээд алдахад, Сарнай,
-За тэр ч арай үгүй байлгүй дээ, ээжээрээ тоглоом хийгээд, …гэхдээ л ийм хариуцлагатай албанд зүтгэж, тусгай бэлтгэл сургуулилттай суралцаж байгаа сонсогч нар чинь тодорхой дүрэм журамд захирагддаг байлгүй дээ. Ээж нь охиндоо итгэж байгаа болохоор санаа зовохгүй байна аа, гэж хэлэнгээ хажууд нь суух охиныхоо мөрөөр нь тэвэрч энгэртээ наагаад, яг л нялх багынх шиг нь үсийг нь үнэрлэн эрхлүүлэв. Үдийн нар хэдийн мишилзэн цухуйх үед Сарнай хөвөн цагаан үүлсийн дунд бодол бэлчээн, эх нутгийн зүг тэнгэр эзэгнэх мөнгөн хөлгөөр дүүлэн нисэж явав. Охинтойгоо уулзан учирч эх хүний зүрх сэтгэлийн цангаагаа тайлан ундаалж чадсан тэрээр ханьдаа, хүүдээ очихоор яаран догдлон сууна. Тэдэндээ охиныхоо тухай, суралцаж буй сургуулийнхан талаар, найз нөхөд, амьдарч буй орчин, үзэж харсан бүгдээ дэлгэн ярихаар бодлоо цэгцэлж байв. Энэ бодол дотор Тэмүүлэн түүний хүү Учирал, гэнэт учран золгож гайхшралыг нь төрүүлсэн Халиунаа гэгч бүсгүйн тухай ч багтсан байгаа. Харин энэ бүгдийг түүний нөхөр Цэлмэг хэрхэн хүлээж авахыг,… энэ бүх зүйлс, учир битүүлэг ээдрээтэй асуудлын гол эзэн нь…. түүний хань гэдгийг Сарнай мэдэх нь бүү хэл зүүдлээ ч үгүй яваа нь энэ ээ…