
Тангаргын баярын өдөр. Орон орноос ирсэн оюутнууд мөн америк залуусын гэр бүлийнхэн нэг дор цугларсан байна. Тэдний баярыг улам эрч хүчтэй, гайхалтай сайхан болгох гэсэн мэт Америкийн нисэх хүчний үе үеийн чадварлаг нисэгчид агаарын хөлгөөрөө нисэн дүүлэх нь сэтгэл хөдөлгөхгүй байхын аргагүй байлаа. Билгүүдэйгийн аав ээж хоёр болох Төгөлдөр, Халиунаа хоёр ирсэн байна. Халиунаа дөч нэлээн гарч яваа гэхэд хэзээний овор багатай угийн залуу сайхнаараа харагдана. Төгөлдөр ч эхнэрээсээ дутах юм алга. Тэд яг л гуч хүрээд нас нь зогсчихсон юм шиг царай зүс сайтай бие хаа тэгш хэвээрээ байв. Халиунаа өвдөгнөөс дээш давж гарсан бариу түрийтэй, нарийхан өсгийтэй гутлан дээр бие барьсан бор шаргал ноосон даашинз өмсжээ. Түүн дээрээ өвдөгнөөс нэлээн доош давах урт цайвар өнгийн пальто өмсөж, цайвар шаргал алчуур зүүсэн нь цаанаа л дэгжин, донжтой харагдаж байв. Харин ахынхаа тангаргын баярт Билгүүдэйгийн дүү хичээлтэй байгаад чөлөө авах боломж гараагүй учраас ирж амжаагүй байна.

Олон хүмүүс цугларсан төв талбайн баруун захад тэднийг ийнхүү ярилцан, хөгжилдөж зогсох зуур өчигдөр Монголоос ирээд буудалд байрлаж байгаад саяхан хүү дээрээ ирсэн Тэмүүлэн Жаргал хоёр тэднээс нэлээн зайдуухан Учиралтай уулзаж зогсоо харагдана. Үнэндээ энэ үед нэг эхийн ах дүү хоёр энд суралцаж байгаа гэдгийг хэн хэн нь гадарлах ч үгүй байсан юм. Тэдэнтэй зарим монгол оюутнуудын гэр бүлийнхэн уулзан танилцаж, хүүхдүүдийнхээ сургуулийн байр болон орчин тойрны талаар сэтгэгдлээ хуваалцаж байв. Нэг гэрийн ах дүү хоёр болох Гүнтэнгэр, Хантэнгэрийн аав ээжүүд ч мөн ирсэн байв. Бүгд л үр хүүхдээрээ бахархан, тэдний сонголтыг дэмжицгээж байсан юм. Тангарга өргөх ёслолын арга хэмжээ эхэлжээ. Бүгд нэг шугаманд эгнэн зогссон нуруу, бие хаа тэгш ялгахын аргагүй ижил харагдах дамран малгай, ёслолын хувцастай цэмцгэр залуус. Тэд өмнө нь зогсоо өөрсдийг нь төлөөлөн унших сонсогчийг даган тангаргын мөрүүдийг давтан хэлж байв. “ ….. Америкийн нэгдсэн улс, Колорадо мужийн Колорадо Спрингс хотын Агаарын Нисэх хүчний Академийн сонсогч би……..үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж….өөрсдийн улс орныхоо болон Америкийн нэгдсэн улсын нэр төрийг өндөрт өргөн….Дэлхий хийгээд сансар огторгуй судлал, агаарын зам, нисэх хүчний цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахуйцаар үр дүнтэй суралцаж, ……ямар нэгэн саад бэрхшээл тохиолдвол амь биеэ үл хайрлан ….хүчин зүтгэж чадна гэдгээ…батлан тангаргалж байна “ хэмээн нэгэн дуугаар хэлээд бүгд ээлж дарааллан тангаргын бичигт гарын үсгээ зурлаа. Мөн сургуулийн хүндэтгэлийн туг дор ёслон мэхийж байв.
Арга хэмжээ ийнхүү өрнөж байх үед Анужингийн ээж Сарнай бага зэрэг хоцорсхийгээд автобуснаас бууж харагдана. Тэрээр олон ижилхэн хувцастай залуус дундаас охиноо олж танихад хэцүү байсан тул утас руу нь залгалаа. -Байна уу, миний охин уу, ээж нь байна. Сургууль дээр нь ирчихлээ. Миний охин аль хэсэгт байна вэ хэмээн асуухад, Анужин -Ээжээ та яагаад оройтчихов оо, тангараг өргөх ёслолын арга хэмжээ бараг дуусах шатандаа явж байна гэхэд , Сарнай ; -Харин тийм ээ, ээж нь төөрч будлиж явсаар байгаад жаахан хоцорчихлоо гэсэнд Анужин, -Би талбайн баруун жигүүрт байна, Төв дэлгэцийг чиглэж яваад, баруун зах руу нь хүрээд ир, таныг тосоод авья гэсээр тэд уулзалдав. Сарнай нэг үеийг бодвол нэлээн таргалж, хэдийн намба суусан хижээл насны бүсгүй болжээ. Анужин, -Ээж ээ, аав ирээгүй юм уу, би та хоёрыг хамтдаа наашаа гарлаа гэж ойлгосон шүү дээ. Ядаж Чингүүн ах тантай хамт ирдэггүй нь яаж байгаа юм бэ гэж асуухад нь, Сарнай охиноо тэвэрч үнсээд,
-Миний охин их сайхан харагдаж байна. Танай сургууль чинь зурган дээр байснаас ч өөр их гоё, бас том юм аа. Ээжийг нь ирж явах замд, олон арван онгоцнууд дээгүүр нисэлдээд л, бөмбөлөг, шүхэр гээд сэтгэл хөдлөөд хэрэндээ л яарч ирлээ. Замдаа будлиж яваад өөр унаанд суучихсан байна. Тэгээд хоёр дамжиж ирсэн нь энэ. Аав, ах чинь хамт ирсэн бол би ингэж будлиж төөрөхгүй байхгүй юу. Нэг хүнээс асуусан чинь буруу ойлголцсон бололтой гээд инээснээ, аавын чинь хөл нь өвдөөд болдоггүй ээ, тэгээд ирж амжихаа байсан. Ах нь аавтай нь хамт үлдсэн. Өвлийн амралтаар аав, ах нь ирэх байхаа. За тэгээд миний охин дажгүй сайн байгаа биз дээ гэсээр тэд олны хөл рүү дөхцгөөлөө. Анужин, -Би сайн байгаа ээжээ… Англи хэлэндээ ер нь гайгүй байсан болохоор суралцахад тийм бэрхшээлтэй юм алга. Дасгал сургуулилт нь жаахан хүндхэн шүү, гэж хэлэнгээ инээмсэглэж, ээжийгээ санаа зовчих байх гэсэн бололтой,…үгээ гүйцэд хэлэв үү, үгүй юу араас нь, гэхдээ дажгүй ээ хэмээн залруулав. Манай ангид монгол оюутан гэж бараг байхгүй. Харин манай сургуулийн хэмжээнд бол нэлээд хэдэн монгол оюутнууд бий. Тэдний эцэг эхчүүд бүгд ирсэн байна лээ. Та тэгж байгаад тэдэнтэй уулзана биз дээ. Удахгүй эцэг эхчүүдийн хүлээн авалтын цаг эхэлнэ гэв.
Тэд ийнхүү ярилцаж байх зуур сургуулийн захиргаанаас тангараг өргөх арга хэмжээ дууссаныг зарлаад сонсгогчдыг гэр бүлийнхээ хамт сургуулийн хүндэтгэлийн талбайд ээлж дараалан зургаа даруулахыг урилаа. Тэмүүлэн эхнэр хүүгийн хамт төв талбайн гол хэсэг рүү ойртож явснаа, гэнэт хөшчих шиг дороо зогтусаж орхив. Түүний царай нэг л ер бусын эсвэл байж боломгүй зүйл харсан мэт, гайхаж эргэлзсэн, бас тээнэгэлзсэн харцаар нэг хүн лүү удаан гэгч нь ширтэн байв. Түүний зүрх сэтгэл урьд өмнө хэзээ ч ингэж оволзон, дэлсэж байгаагүйгээр хүчтэй дэлсэж бас догдлон сандарч, гайхан балмагдаж чухам яах учраа олохгүй байв. Тэрээр харж зогсоо бүсгүйгээ дуудах гэсэн боловч бас зүрх хүрсэнгүй. -Мөн байна, яг мөн байна…. хэмээн хий дэмий л амандаа бувтнан зогсож байлаа. Нөхрийгөө ийм хачин байдалтай байгааг анзаарсан Жаргал түүний харсан зүг рүү харцыг нь дагуулан харвал олны дунд зогсох цайвар өнгийн пальто, шаргал алчуур зүүсэн өндөр хүүхэн нөхөр хүүхэд нь бололтой хоёр залуугийн хамт ярилцан зогсож харагдана. Тэрээр нөхрийнхөө мөр лүү зөөлхөн шудраад, -Хөгшөөн, хэн мөн байна гэж, чамд энд таних хүн байгаа юм уу. Чи чинь яачихав аа, ус балгачихсан юм шиг таг дуугүй нэг юм хараад гөлийчих юм хэмээн гайхан асуухад, тэмүүлэн эхнэр лүүгээ цочин эргэсэнээ, сая л гэнэт ухаан орсон мэт. “Халиунаа мөн байна” хэмээн сандарч мэгдсэн, бас баярлаж догдолсон өнгөөр түүнд аяархан хэллээ. Жаргал Халиунаа гэгч хэн болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ энд ямар нэгэн учир холбогдол байна гэдгийг түүнээс асуултгүй, харцнаас нь ойлгон анзаарч байв.

Учирал аав, ээжийнхээ юу яриад байгааг ойлгож ядсан байдалтай, тэдэн лүү гайхан хараад, Халиунаа гэх нэрийг чихнийхээ булангаар хальт сонссон дариудаа нэгийг санах мэт аавыгаа ажиглан, бас ойр орчныг тойруулан харлаа. Учиралд арван зургаан насных нь төрсөн өдрөөр аав нь анх удаа төрсөн эх нь хэн болох, хаана амьдардаг талаар хэлж. Халиунаа гэдэг нэрийг ч бас түүнд дуулгасан билээ. Тэгээд ч Учирал хэтэрхий бага балчир байсан ч гэлээ, ээжтэйгээ хамт байсан гэнэн томоогүй үеүд нь ой санаанд үе үехэн тодоос тод орж ирдэг байсан юм. Учирал аавынхаа нүд рүү хараад, -Ааваа тэнд зогсоо эмэгтэй, МИНИЙ …..ЭЭЖ… МӨН ҮҮ .. гэж хэлэх гэснээ ЭЭЖ гэдэг үгийг дотогшоо залгиж орхив. Учир нь өдий зэрэгтэй хүн болгож, өөрийн, хүний гэж ялгалгүй өсгөж өндийлгөсөн хайртай ээж нь хажууд нь зогсож байгаа болохоор хаа хамаагүй нэгэн эмэгтэйг “ээжээ” … гэж хэлэх нь түүнд тийм ч амар байсангүй ээ. Гэсэн ч ааваасаа үнэнийг асуухгүй байж бас чадсангүй.
-Таны хараад Халиунаа гээд байгаа тэр эмэгтэй хэн бэ, тэр чинь манай зэргэлдээ ангийн сонсогч Билгүүдэйгийн ээж шүү дээ. Та түрүүнд “…Халиунаа мөн байна…мөн байна ” гээд байсан сайн ойлгосонгүй хэмээн гайхсан өнгөөр ааваасаа асуухад, Жаргал ч мөн энэ асуултын хариуг өөрөөс нь хүлээх мэт чимээгүйхэн түүн лүү харж зогслоо. Жаргал нөхрөөсөө яагаад ингэж догдлон сандарч,…. яагаад ингэж хэлгүй, дүлий юм шиг хөшиж орхисон талаар нь асуухыг хүсэж байсан бөгөөд хүү нь ээжийнхээ хүсэлтийг мэдсэн мэт ааваасаа энэ бүгдийг асууж амжив. Тэмүүлэн, хүүгийнхээ хоёр нүд рүү эгцлэн харж байгаад, ямар ч эргэлзээгүй зоригтойгоор, -МИНИЙ ХҮҮ, …ТЭР ЭМЭГТЭЙ БОЛ ЧАМАЙГ ТӨРҮҮЛСЭН ЭХ ЧИНЬ…ХАЛИУНАА МӨН БАЙНА …хэмээн бодож санах зүйлгүй шулуухан хэлж орхилоо. Нэгэнт л үнэнийг мэдэх болохоор ямар ч гарцгүй болсон гэдгийг ухаарч эрс шийдэмгий зан гаргасан нь энэ байв. Тэмүүлэн ингэж хэлснийхээ дараагаар эхнэр хүүхдээсээ санаа зовж, зөв юм хийсэндээ эргэлзэн мэгдэж байсан ч, олон жил сэтгэл дотор нь буглан тээглэж явсан зүйлээ нэг мөсөн гаргаад хаячихсан юм шиг сэтгэл нь онгойж, цээж нь тэнийгээд ирэв.
Харин Учиралын хувьд хэзээ нэг өдөр төрсөн ээжтэйгээ уулзах юм бол түүнд үнсүүлэн эрхэлж, бас түүнээс… “яагаад хүү дээрээ ирээгүй юм бэ, намайг яагаад ирж авч болохгүй байсан юм, амьдралд тань юу тохиолдсон юм бэ” хэмээн олон олон зүйлийг ээжээсээ асууна даа гэж бодон бүүр бэлдэж түүнийг үгүйлэн санагалзаж явсан үеүд бий. Бас ээжээсээ хэн нь мэдэгдэхгүй байгаа аавынхаа талаар ямар учиртай хөөрөг өөрт нь хадгалагдан явдаг талаар асууна гэж санаж бодож байсан юм. Одоо энэ асуултуудыг асуухад болохоор болж, хүсэн хүлээсэн өдөр нь ирж, төрсөн эх нь түүний хажууханд байгааг мэдсэн хэрнээ. , нэг л догдлон хөөрч, баярлан гүйсэнгүй. Зөвхөн хажуудаа байгаа ээжийгээ хэрхэн яах бол гэсэн байртай хайр шингээсэн харцаар харуулдан эргэлзэж зогслоо. Жаргал хэний ч сэтгэлийг сэмэлж мэдэх хатуухан бас эмзэгхэн үгийг хэнэгч үгүй хэлж орхисон нөхөртөө гомдсон уу, учраа олохгүй бүлтгэнэн зогсоо хүүгээ өрөвдсөн үү, эсвэл олон жил эргэлзэж явсан зүйлийнх нь учир зангилаа тайлагдаж ирсэнд сэтгэл нь үймэрсэн үү, ямартаа ч хацрыг нь даган урсах нулимсаа чимээгүйхэн алгаараа арчаад, -Миний хүү ээжтэйгээ очиж мэндэл хэмээн хүүдээ хэллээ. Түүнээс энэ л зөвшөөрлийг хүлээн зогсож байсан мэт Учирал чимээгүйхэн толгой дохиод Халиунаагийн зүг явав

Хэдхэн алхмын цаана, хэчнээн үйл явдал өрнөснийг анзаарч амжаагүй хүүгээ эрхлүүлэн зогсох Халиунаа өмнөөс нь ирэх цэх шулуун цээжтэй, хэн нэгэнтэй адилхан. Бүүр дэндүү адилхан гэмээр залууг хараад гайхав. Эх хүний зөн совингоороо тэр нэгийг мэдрэв, гэсэн ч бас эргэлзэв. Гайхан догдолж, юу болоод байгааг ойлгох гэж хичээж байв. Учиралыг, бас хүүгийнхээ хажууд нь ирж зогсох Тэмүүлэнг хараад, Халиунаа,..Тэмүүлэнгээс ” ЭНЭ …ТЭР .. МӨН ҮҮ ..” гэж үгээ арай ядан зөөж сандарч тэвдсэн хоолойгоор асуулаа. Тэмүүлэн ч чимээгүйхэн толгой дохив. Халиунаа , -УЧИРАЛ АА,… МИНИЙ ХҮҮ МӨН ҮҮ, УЧИРАЛ АА ХҮҮ МИНЬ … гэсээр түүнийг мэндийн зөрөөгүй тэврэн авч мэгшин уйлав. Гайхаж хоцорсон Төгөлдөр Билдгүүдэй хоёрт ч хэлэх үг олдсонгүй хий дэмий л учир байдал хэрхэн тайлагдахыг хүлээн чимээгүйхэн харж зогсон. Төгөлдөрийн хувьд юу болоод байгааг бага зэрэг гадарлаж байв. Тэрээр Халиунаатай гэр бүл болоод, хоёр хүү нь төрж нэлээд олон жил болсны дараа эхнэр нь түүнд өөр нэгэн хүүтэй гэдгээ хэлж зүрхэлсэн юм. ” Яагаад дөнгөж одоо гэж, анх танилцаж байхдаа хэлж болоогүй юм уу” хэмээн Төгөлдөрийг гайхан асуухад “ Амьдралдаа дахин алдахыг хүсээгүй” гэсэн ганцхан хариултнаас өөрийг хэлээгүй билээ. Гэхдээ олон жил ханилсан ханийн хувьд эхнэрээ хүүгээ санан бэтгэрч, үгүйлэн шаналж явдгийг хань нөхрийнх нь хувьд ч, хүнийхээ хувьд ч Төгөлдөр гадарладаг байсан юм.
Хэзээ нэг өдөр Монголдоо очвол хүүтэйгээ уулзана гэдгийг нь ч мэддэг байсан билээ. Харин энд том хүүгийнх нь сурдаг сургуульд, тэгээд нэг эхийн төрсөн ах дүү хоёр ингээд нэг дор мөр зэрэгцээд алхаж явна гэж хэн, хэн нь өнөөдрийг хүртэл зүүдлээ ч үгүй байсан биз ээ. Гайхалтай учрал, гайхалтай тохиолдол. Хэний ч санаанд оромгүй зүйлс, хэзээ нэг өдөр болохдоо л болдог жамтай. Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг дээ. Эргэн тойронд цугларсан хүмүүс тэднийг гайхан ажиглан харж зогсон. Тэдний дунд Анужин Жаргал хоёр ч бас байсан юм… Ийнхүү эх үр, ах дүү, амраг хайртууд эргэн учирлаа. Охин дүү нь,… олон жил бараа бараагаа хараагүй эцэг үрийн холбоо. Хэн нэгнээсээ ор тас нуусан, хэний ч мэдэхгүй залуу насны тэнэглэл, хэзээ хэзээгүй цутгаж мэдэх зүрхний бараан үүлс ч бий…Олон жил хуримтлагдсан сэтгэлийн бороо одоо л нэг ар араасаа цутгах нь энэ ээ….