Home Uncategorized УЧРАХ ТАВИЛАН 30-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 30-Р ХЭСЭГ

13 second read
0
0
1,464

Удахгүй тангаргын баяр болно. Тангаргын баяраар бүгдийнх нь эцэг эх гэр бүлийнхэн ирэх гэнэ. Дажгүй уулзалт болох биз ээ. Хичээл эхлээд хоёр долоо хоног өнгөрч байгаа. Гэсэн ч оюутнууд олон сар жилээр энэ сургуульд суралцсан мэт орчин тойронтойгоо амархан дасан зохицож байлаа. Хайр дурлалын романс ч хэдийн өрнөж эхэлсэн. Анужин Билгүүдэй хоёр дотносоод амжсаныг ч хэн хүнгүй мэдэж байв. Харин Учирал Билгүүдэй хоёр ах дүү гэдгээ хэрхэн мэдэх бол энэ л сонин байна. Тийм болохоор тангаргын баярыг л тэсэн ядан хүлээх үлдлээ. Анужин Учирал хоёр ч нэг эцгийн хүүхдүүд, гурвалжилсан хувь заяаны холбоос. Гэтэл тэд нэг эцгийн хүүхдүүд гэдгээ мэдэхгүй болохоор Учиралд Анужин таалагдаад байдаг. Ямархан учрал тохиолдлоор бие биенээ сонирхон, хувь заяагаа холбож байсан хүмүүсийн хүүхдүүдийг энд цуглуулчхав даа. Мэдэх юм алга. Зохиол цаашаа үргэлжлэх ёстой. Амьдрал ч бас өрнөн цэгцрэх учиртай. Тиймээс би үргэлжлүүлэн бичих хэрэгтэй болов. Өөр зам, гарц надад ч бас энэ хүмүүст ч байхгүй. Угаасаа цаг хугацаа өнгөрөх тусам учир зангилаа тайлагддаг жамтай. За ингээд олон юм нуршилгүй зохиолоо үргэлжлүүлье……

Өвөл цаг хаяанд ирсний дохио юу, өглөө, оройдоо сэрүүхэн байдаг болж. Оюутнууд өглөө таван цаг гучин минутад босох ёстой. Тийм дүрэм журамтай. Нисэхийн сургууль бол бусад тусгай хамгаалалтын сургуультай ижил хагас цэрэгжилтийн байдалтай суралцдаг. Үүнийг хүн бүхэн л мэдэх биз. Зургаан цаг гэхэд өглөөний тооллого дуусаад бэлтэл эхэлнэ. Өглөө бүр бараг таван километр газар гүйдэг. Дөнгөж ирсэн оюутнуудын хувьд энэ нь шантармаар, халширмаар байвч тэдний хүсэл мөрөөдөл зорилгын өмнө бол юу ч биш санагдана. Туулах ёстой хүч, гаргах ёстой зориг тэвчээрийг тэд гаргаж байв. Цаашид ч үүнээс илүүг тэд давах ёстой гэдгээ сайн мэдэж байлаа. Тэгээд ч аав ээж, ах дүү, найз нөхөд гээд олон хүний итгэлийг өвөртлөн энэ сургуулийг зорьж ирсэн. Тиймээс тэдэнд шантрах эрх, ухрах зам үгүй мэт. Өглөөний дасгалын дараа оюутнууд хүйтэн шүршүүрт ороод, цайгаа уухаар хоолны газрыг зүглэнэ. Ирээдүйн нисгэгчдийн, орон орноос ирсэн олон зуун оюутнуудын хичээлийн өдөр ийнхүү эхэлнэ. Сургуулийн дүрэмт хувцас бүрэн тавигдаж дууссан болохоор жигд, нэг ижил хувцсаар гангарсан идэр залуус жинхэнэ нисгэгч, сансар огторгуйн судлаачид болсон мэт цог жавхлантай золбоолог харагдаж байв.

Монгол оюутнууд хичээл тарсны дараа уулзалдаж удахгүй болох тангаргын баяр болон өөр бусад зүйлсийн талаар ярилцахаар тохирсон байв. Анужин Билгүүдэй хоёр хэзээний болзож амжсан тул тэднээс түрүүлэн иржээ. Билгүүдэй Анужинд хандан, -Танай хичээл өнөөдөр ямар эрт тараа вэ, ойрд дандаа оройтоод байгаа гэсэн биз дээ гэж асуухад, Анужин -Манай судалгааны багш өнөөдөр Денверт уулзалттай гэсэн болохоор бидэнд бие даах сэдэв өгч эрт тараасан. Харин танай хичээл хэр байна даа гэхэд, Билгүүдэй -Гайгүй, маш сайн байгаа, бас их сонирхолтой гэхэд нь Анужин, -Ингэхэд тангаргын баярт танайхаас хэн ирэх вэ гэж асуув, Билгүүдэй, -Аав ээж хоёр хоёулаа ирнэ гэсэн. Манайх эндээс ойрхон. Хэдэн цагийн л газар. Тийм болохоор ээж аав хоёр зав гаргаж заавал ирэх байхаа. Харин дүү хичээлтэй байгаа болохоор тэр хоёртой хамт ирэх үгүйг нь сайн мэдэхгүй байна. Өчигдөр утсаар ярихад чадвал дүүг чинь дагуулаад очно гэж байсан. Угаасаа том хүү дээрээ тэр хоёр ирэхгүй гээд яах билээ дээ хэмээн эрс шийдэмгий хэлэх нь цаанаа л өөртөө итгэлтэй, бардам байгааг илэрхийлнэ. Ер нь Билгүүдэй бага зэрэг онгироодуу зантай, гэсэн ч түүний энэ өөртөө итгэлтэй шулуухан зан нь Анужинд таалагдаж байв. Харин бусдыг хүндлэх, хайрлах тал дээр жаахан дутмаг санагдаад байгаа ч Анужин найзалж нөхөрлөөд удаагүй байгаа болохоор яваандаа зан ааш нь илүү танигдах биз дээ хэмээн бодож байв. Билгүүдэй Анужингаас,

-Танай аав, ээж, ах чинь ирнэ биз дээ. Одоо Монголоос наашаа ирэхэд энд нэг хотоос нөгөө хот руу явахтай л адилхан амархан болсон шүү дээ. Тэгээд ч бас дээр үеийнх шиг “виз гарахгүй бол яана даа” гэж санаа зовох юм байхгүй. Онгоцны билет авлаа л бол хүрээд ирнэ. Биднийг бага байхад хүн болгон л Америк руу ирэхийг хүсдэг, тэгээд наашаа явах гэж бөөн асуудал болдог байсан гэсэн. Виз гэж нэг айхтар юм нь гарахгүй. Өчнөөн мөнгө төгрөг зарлагадаж байж ирдэг байсан гэж аав, ээж хоёр маань ярьдаг юм. Тэгээд дүү бид хоёрыг та хоёр их азтай энд төрж, эндхийн иргэн болсон. Бас энд өсөж хүмүүжлээ. Хүн болгонд олдоод байх хувь заяа биш шүү гэдэг. Надад бол бусдаас илүү хувь заяатайгаа мэдрээд байх юм алга. Харин ч би монгол аав, ээжтэй монгол хүн. Хэдийгээр энд төрж өссөн ч гэсэн Монголдоо очиж ажиллаж амьдарна гэж боддог гэхэд Анужин, -Харин олон жилийн өмнө улс орны маань хөгжил ядуу дорой тарчиг байх тэр үед олон мянган залуус гадагшаа явж ажиллаж амьдардаг байсан гэдэг. Манай хамаатан садан, аав ээжийн маань найз нөхөд бүгд л тийм амьдралыг туулсан байдаг юм. Манай аав ээжийн хувьд бол монголдоо л ажиллаж амьдарсан. Аав минь залуудаа осол аваарт орж олон жил өвчтэй, зовлонтой байсан болохоор амьдралын сайн мууг би гадарлана аа. Гэсэн ч ах бид хоёрыг аав ээж хэнээс ч дутахгүй өсгөсөн. Чи харин энд төрж өссөн гэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй байгаа чинь маш их таалагдаж байна. Одоо тэгээд ч улс орон маань ямар ч гаднын орноос дутахгүй хөгжилтэй сайхан болж дээ. Чи бидний сурч байгаа энэ сургуульд саяхныг хүртэл нэг ч монгол оюутан байхгүй байсан гээд л чи бодол доо. Одоо гэтэл бүх л нэр алдартай сургуульд монгол оюутнууд сурч байна. Зүгээр сураад ч зогсохгүй, гайхалтай амжилтуудыг үзүүлж байна шүү дээ.

Аав ээж хоёр маань бас хоёулаа ирэх бодолтой байгаа. Бас Чингүүн ах ч гэсэн. Гэхдээ юу болох нь уу, аав маань тийм бие сайтай биш л дээ. Хөл нь жаахан тааруу байгаа гэхэд, Билгүүдэй, -За тэгвэл бүгд ирээсэй, хадмуудтайгаа танилцах юм байна даа гэж хэлээд инээхэд, Анужин түүний хэлсэн үгэнд нэлээн эгдүүцсэн бололтой түүн лүү нэлээн ёжтой харцаар харснаа, -Юу вэ, хадмууд байх даа яах вэ дээ, бид одоохондоо зүгээр л найзалж байгаа шүү дээ. Танилцаад удаа ч үгүй байж, чи нээрээ дэндүү шулуухан юм аа гэхэд , Билгүүдэй түүн рүү дөхсөнөө, -Шулуухан гээд байвал бүүр шулуухан зангаа харуулчихна шүү гээд түүнийг тэврээд үнсэх гэхэд нь, Анужин түүний гарыг мөрөн дээрээсээ холдуулж, -За зүгээр бай л даа, цаадуул чинь ирж байна, хүүхдүүдийн хажууд битгий “арзганаад” байгаарай, заримдаа бүүр чамаас санаа зовчих юм гээд инээхэд нь, Билгүүдэй,

-Чи ингээд уурлахаараа нүд чинь гурвалжилчхаад бүүр эгдүүтэй болчих юмаа, нээх хөөрхөн гэдэг нь гэж хэлэнгээ эргэж харвал бусад оюутнууд тэр хоёрыг зүглэн ирж яваа харагдав. Тэд хичээл сургалтын талаар мөн хоол унд байрны зохион байгуулалтын талаар гээд ярихыг хүссэн бүгдээ ярилцаж байв. Мөн удахгүй болох тангаргын баярт ирэх ар гэрийнхэндээ зориулан бяцхан бэлэг бэлдэж байгаагаа ч нуулгүй ярилаа. Учиралын гэрээс аав, Номин эгч хоёр нь ирэх гэнэ. Ээж нь дунд эгчийнх нь хуримын бэлтгэлтэй байгаа болохоор энэ удаа хүү дээрээ очих боломжгүй байгаа тухайгаа хэлжээ. Өвлийн амралтаар нь угаасаа бүгд ирнэ гэсэн болохоор Учиралд ч ээж нь ирж чадахгүй болсон нь тийм хэцүү санагдсангүй. Аав, эгч хоёр нь ажил төрлөө зохицуулаад ирнэ гэсэн болохоор сэтгэл амар байв. Бусад оюутнуудын хувьд ч Монголоос ирэх нь зардал мөнгө, цаг зав гээд нэлээдгүй хүндрэлтэй санагдавч үр хүүхдийнхээ тангаргын баярт оролцох, далимаар нь зөвхөн Америкийн нэгдсэн улсад төдийгүй дэлхийн улс орнуудад нэр алдар нь түгээд байгаа түүхт сургуулийг үзэх боломж олдсонд бүгд ирэхийг хүсэж байлаа.

Оюутнууд орой хоолноос өмнө байр байр луугаа явцгаав. Харин Учирал байр луугаа явсангүй. Сургалтын танхим орж багштайгаа уулзах хэрэгтэй байгаагаа хэлээд тэднээс салж явлаа. Гэхдээ тэрээр үнэндээ сургалтын танхим орох гэж тэднээс салсангүй. Энд ирсэн цагаас эхлээд байнга сэтгэлээс нь гарахгүй байгаа Анужинтай уулзах боломж гаргах гэж охидын байрны зүг тэдний араас явсан нь тэр байв. Араас нь дагаж явсан Учиралыг Анужин ажигласангүй. Яг байрандаа орохын алдад хэн нэгэн дуудах шиг болохоор нь эргэн харвал нисэхийн ангийн Учирал зогсож байв. Гайхаж эргэлзсэн Анужин, -Хүүе чи ингэхэд, байр луугаа яваагүй юм уу, энд юу хийж яваа юм бэ, гэхэд Учирал, -Чамтай уулзах хэрэг гараад, түр хэдхэн минут зарцуулаач, өдөр чамтай уулзах гээд ангийн чинь үүдэнд очсон боловч, олон оюутнуудын дэргэд уулзах боломж олдсонгүй. Чамтай ярилцах хэрэг байна гэхэд нь, Анужин хаа явсан газар нь түүнийг Учирал ажиглаад байгааг анзаарсан ч анзаараагүй дүр эсгэн өнөөг хүртэл явсандаа санаа зовон,

-Хоолны цаг болоход гучин минут дутуу байна. За хоёулаа тийшээ цэцэрлэгийн сандал дээр жаахан сууя, юу болсон юм бэ хэмээн түүн лүү дөхөж ирлээ. -Учирал Анужинтай хамт цэцэрлэгийн сандал дээр хэсэг суув. Анх харахад Анужинд Учирал хэн нэгэнтэй их адилхан санагдаж байв. Одоо ч гэсэн тэр урьд өмнө нь уулзаж байсан мэт нэг л танил санагдана. Түүний хацар дээрх мэнгэ нь яг аавынх нь мэнгэтэй төстэйг сая л ажиглав. Түүнийг юуны талаар ярих гээд ийм орой болсон хойно араас нь дагаж ирсэн юм бол гэж гайхаж эргэлзсэн Анужин, -Учиралаа юун тухай ярих гэсэн юм бэ, өмнө нь бид нэг л танил байсан юм шиг надад заримдаа санагдаад байдаг юм. Ингэхэд чи аль сургуулийг төгссөн бэ, хотод танай гэр хаагуур байсан гэж асуухад, Учирал Манай гэр төмөр замд байдаг байсан. Миний бага нас тэр хавьд л өнгөрсөн дөө. Надад ч гэсэн чамтай урьд өмнө нь таарч байсан юм шиг санагддаг. Гэхдээ хаа нэг газар тааралдаж байсан юм болов уу гэж бодохоор санаанд орж ирэхгүй юм. Харин танайх хаагуур байсан юм бэ гэхэд нь Анужин,

Манайх Гранд хотхонд байсан. Гэхдээ би бол тэнд нээх удаан байгаагүй ээ. Аав Солонгост голдуу эмчилгээ хийлгээд тэндээ байдаг байсан болохоор, аавтайгаа хамт Сөүлд байдаг байсан. Ингэхэд чи надад юу хэлэх гэсэн юм бэ. Түрүүн бүгдээрээ хамт байхад хэлж болоогүй юм уу. Хоолноос хоцорч болохгүйг чи мэдэж байгаа шүү дээ, ингэсгээд явах хэрэгтэй гэхэд нь, Учирал -Уучлаарай жаахан бүдүүлэг асуулт байж болох юм, чи Билгүүдэйтэй үерхэж байгаа юм уу, гэснээ нэг зүйл хэлэх гэсэн бололтой баахан түгдчиж байснаа…..хэлэх гэсэн үгээ залгичихав,… Анужин юу хэлэх гэснээ шуудхан л хэлж орхидог Билгүүдэйгээс тэс өөр бүрэг ичимхий Учиралыг хараад, түүнийг бага зэрэг шоолон инээвхийлснээ, -Тийм ээ бид хоёр найзалж байгаа. Гэхдээ одоогоор тийм сүрхий гүнзгийрчхээгүй байна. Мэдээж чи надаас үүнийг л асуух гэж энэ хүртэл дагаж ирээгүй байлгүй дээ. Бид хоёрыг найзалж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Яг юу хэлэх гэсэн юм бэ, хэмээн гайхсан янзтай, дахин лавлаж асуухад, Учирал түүн рүү нэг л зоримог байртай эгцлэн харсан,

-Тийм ээ, ….би үүнийг л асуух гэсэн юм. Энэ бол миний хувьд их чухал асуулт, үлдсэнийг нь дараа болъё. За, сайхан амраарай, төвөг удсанд уучлаарай гээд, Анужин түүнийг дуудахын завдалгүй тэндээс босоод цааш яваад өгөв. Анужин “ Яасан сонин залуу вэ, нээх чухал юм ярих гэж байгаа юм шиг, араас дагаж ирчихээд, шал утгагүй юм асуучхаад яваад өгөх юм “ гэж бодсон ч түүний дулаахан цаанаа л элгэмсүү харцнаас өөр хэнээс ч мэдэрч байгаагүй хайр энэрэл, сэтгэл хөдөлгөм дотно дүр төрхийг олж харж амжсан байв. Бүх оюутнууд амрах цагаар Анужин ганцаараа унтаж чадахгүй хөрвөөнө. Тэр энэ удаа Билгүүдэйгийн тухай биш, Учиралын талаар бодсоор байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…