Нүүр Uncategorized УЧРАХ ТАВИЛАН 29-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 29-Р ХЭСЭГ

9 секунд уншина
0
1
1,459

Судалгааны ангийнхны хичээл маш сонирхолтойгоор эхлэв. Сансар огторгуй, тэр дундаа гариг эрхсийн талаар сонирхон судлах дуртай Анужингийн хувьд хичээлийн эхний өдрөөс л түүнд энэ сургуулийн заах арга барил, техник хүчин чадал, багш нарын ур чадвар таалагдаж эхэллээ. Оюутнууд одоогоор мэргэжлийн төвшинд хүрээгүй ч, сүүлийн үед дэлхий даяар шуугиулаад байгаа НАСА –гийн мэдээлэл, Кассини хөлгийн олж тогтоосон Санчирын дагуул гариг Титаны талаар дэлгэрэнгүй үзэх юм байна гэдгийг ойлгов. Учир нь Титан гаригаас саяхан амьд биет олдсон бөгөөд, метал, азотоос бүрдсэн Титан гаригийн агаар мандал руу Кассини хөлөг нэвтрэн орж чадсан юм. Анужин бусад гаригаас илүүтэйгээр үүнийг сонирхож байсан бөгөөд дуртай сэдэв нь эхний хичээл дээр орсонд үнэхээр их баяртай байлаа. Түүнийг ийнхүү гариг эрхсээр аялан суух зуур Билгүүдэйгийн анхны хичээл ч мөн сонирхолтойгоор өрнөж байв. Эхний жилүүдэд агаарын тээвэрлэлт, аюулгүй ажиллагааны талаар голдуу онол орох бөгөөд, аажимдаа практик дадлага дээр түлхүү ажиллах гэнэ. Бүртгэл явагдсаны дараа багш нь оюутнуудыг дагуулан сургуулийн орчин тойронтой танилцах аялал хийв. Дэлгэцэн дээр ерөнхий сургуулийн бүдүүвч зураг гарч, түүн дээр тусах “сум”-ны дагуу тэд явцгаалаа. Олон жилийн түүхтэй тус сургууль нь үнэхээр том цогцолбор аж. Хаа сайгүй зөрж өнгөрөх дүрэмт хувцастай, бие хаа өв тэгш, сайхан залуус. Урьд өмнөх нислэгийн багынхны түүх дурсгал, сургалтын болон мэргэжлийн нисэх онгоц, гайхамшигт хөлгүүд, үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын арга алга.

Ийм сайхан сургуульд суралцах болсондоо бүгд л өөрсдөөрөө бахархаж байв. Мөн энэ үед Учиралын сонгосон буюу нисэхийн инженер, жолоодлогын ангид онол орохоос гадна бие бялдар хөгжүүлэх хичээл орохоор болов. Бусад салбаруудыг бодвол хичээлийн нэлээд олон цагийг биеийн тамир, эрүүл мэнд, спортод зарцуулах бололтой. Ийнхүү оюутнууд хичээлийн эхний өдөрт өөр өөрсдийн гэсэн сургалтын зүг чигийг ойлгож авлаа. Орой тэд хоолондоо орсны дараа оюутны байрандаа монгол оюутнуудтайгаа танилцах уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Охидын байранд хөвгүүдийг, хөвгүүдийн байранд охидыг оройн цагаар орохыг хориглодог дүрэмтэй тул тэд зэргэлдээх уулзалтын танхимд цугларцгаахаар болов. Золбоот, Билгүүдэй, Учирал, Ангараг дөрөв бусдаасаа арай түрүүлж ирсэн байлаа. Төд удалгүй Анужин, Тамир, Хулан, Эрхэс дөрөв ирж тэдний араас нэлээн хол зайтай байрласан Хантэнгэр, Гүнтэнгэр хоёр жаахан хоцорсхийгээд ирэв. Колорадогийн нисэхийн сургуульд ирсэн арван монгол залуус нэг дор цугларчээ. Анх охидыг орж ирсэн цагаас л Учирал Анужингаас харцаа салгаж чадахгүй ширтэн сууна. Учирал урт хар үстэй, шаргал царайтай энэ туранхай охиныг хаа нэг газар харж байсан мэт, эсвэл хэн нэгэнтэй адилхан ч юм шиг санагдахад гайхаж эргэлзэн, чимээгүйхэн ажигласаар суулаа.

Оюутнууд хоорондоо танилцаж, аль аймаг, хотоос ирсэн, хаана сурч байсан, цаашид ямар зорилготой, эцэг эх гэр орныхоо талаар гээд нэгнийхээ сонирхсон бүгдийг ярьж эхлэв. Мөн Монголоос авчирсан идээ, ундаагаа ч задаллаа. Самбуугийн Золбоот удам дамжсан нисгэгчийн хүүхэд гэнэ. Тэдний өвөө нь бас аав нь нисгэгч байсан талаар сонирхуулан ярьж байлаа. Бүгд тэдний аавыг мэддэг бөгөөд Хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгчийн хүүтэй хамт сурах болсондоо таатай байв. Харин бусад нь өөр өөрийн сонирхлын дагуу энэ сургуулийг сонгож иржээ. Бас бүгд л өөр өөрийн гэсэн бяцхан түүхтэй. Жишээ нь Хантэнгэр, Гүнтэнгэр хоёр бол нэг айлын хүүхдүүд, багаас нь эцэг эх нь хөвгүүдээ том болохоор нь Колорадгийн нисэхийн академид суралцуулна гэж хүсэж мөрөөдөн нэрсийг нь хүртэл бэлэгшээж өгсөн тухайгаа тэд ярьцгаалаа. Харин тэдний дараа танилцах явц Билгүүдэй дээр ирэхэд тэрээр “Намайг Билгүүдэй гэдэг. Америкийн Иллиноус мужийн Арлингтон Хайтс хот төрсөн. Миний бага нас Чикаго хотод өнгөрсөн. Аавыг маань Төгөлдөр, харин ээжийг Халиунаа гэдэг гэхэд, түүний хажууд сууж байсан Учирал нэг зүйлийг санах шиг болохдоо өөрөө ч гайхаж орхив. Хэдэн жилийн өмнө түүний арван зургаан насны төрсөн өдрөөр аав нь түүнтэй нэг чухал зүйлийн талаар их л аминчлан ярьсан юм.

“Миний хүүгийн төрсөн ээжийг Халиунаа гэдэг. Хэдийгээр ээж чинь чамайг авахаар ирээгүй ч, бид чамайг өөрийн хүүхэд шиг хайрлаж өдий зэрэгтэй хүн болгосон. Гэхдээ миний хүү төрсөн эхийгээ мартах учиргүй, бас буруутгах хэрэггүй шүү. Аав нь чамайг “надад өгөөч, би өсгөж хүн шиг хүн болгоно оо”, гэж ээжээс чинь анх өөрөө гуйсан юм. Ээж чинь их сайн эмэгтэй, бас чамд маш их хайртай байсан. Амьдралд нь ямар нэг асуудал гарсан учраас л чам дээр ирж чадаагүй байх. Гэхдээ чи хэзээ нэгэн цагт ээжийгээ олж уулзан сэтгэлийг нь дэвтээх хэрэгтэй. Ээж нь Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод амьдардаг. Монголдоо ирсэн гэж би урьд өмнө сонсож байгаагүй. Бодвол одоо хүртэл тэндээ байдаг байх. Хэрвээ хэзээ нэгэн цагт Америк явбал ээжийгээ олж уулзахыг бодоорой” гэж хэлээд, түүнд ой гарантай байхдаа ээжтэйгээ хамт авахуулсан зургийг бас нэгэн боодолтой зүйлийг, “энэ одоо чинийх” гээд түүнд өгсөн билээ. Тэр боодолтой зүйл нь их л үнэтэй чулуугаар урласан бололтой нандигнаж боосон хөөрөг байсан юм. Чухам ямар нэртэй, ямар үнэ цэнэтэй хөөрөг гэдгийг тэрээр мэдэхгүй. Гайхаж эргэлзсэн Учирал энэ ямар учиртай хөөрөг болох талаар ааваасаа асуухад, “би үүнийг нэг л удаа задалж үзсэн түүнээс хойш өнөөг хүртэл энэ олон жилүүдэд хадгалж ирлээ. Чамайг насанд хүрэхээр өгөх гэж тэр. Энэ бол миний хүүгийн эд зүйл. Ямар учиртай чамд байх ёстой. Анх хэн чамд өгсөн гээд бүх үнэнийг ээж нь чамд хэлэх байх. Тийм л учраас аав нь хүүгээ хэзээ нэгэн цагт төрсөн ээжтэйгээ уулзаарай гэж захиж байгаа юм аа” гэж хэлээд олон тайлбар сонсолгүй, духыг нь чимээгүйхэн үнэрлээд өрөөнөөс нь гарч явсан билээ. Арван зургаан жил болоход анх удаа аавыгаа ийм учир битүүлэг байхыг Учирал харсан нь тэр байлаа.

Учиралыг Жаргал, Тэмүүлэн, мөн хайртай эгч нар нь юугаар ч дутаалгүй өсгөсөн. Тэр тусмаа хайр халамжаар. Гэхдээ л аавыгаа ийм зүйл ярьсан өдрөөс хойш Учирал үе үе бага насаа эргэн дурсаж, дэндүү нялх байсан ч гэлээ төрсөн ээжтэйгээ байсан цагуудыг санах гэж хэрэндээ л оролддог байлаа. Хэзээ нэгэн цагт ээжтэйгээ уулзана гэдэгтээ ч итгэлтэй байв. Хэрвээ тийм өдөр ирвэл ээжээсээ ….“ таны амьдралд чухам юу тохиолдсон юм бэ, яагаад хүү дээрээ ганц ч удаа болов ирээгүй юм бэ ”…гэж чин сэтгэлээсээ асууна гэж бэлддэг байв. Билгүүдэйгийн саяын ярьсан яриа Учиралын сэтгэлийн гүнд байдаг бодлуудыг эзэмдэж, зүрх тархийг нь эзэгнэж байсан ч тэрээр “за даа, аль адилхан нэртэй хүн, ижил хотод амьдрахыг тэр гэх билээ, дэмий юм бодож суух юм” гэж өөрийгөө хүчлэн, бодлоо сарниаж чадсан юм. Залууст сургууль нь таалагдаж байгаа талаар мөн өнөөдрийн орсон анхны хичээлийн сэтгэгдэл, байрандаа хамт байгаа бусад орны оюутнуудын тухай үргэлжлүүлэн ярьцгааж байв. Тэд энэ өдрөөс эхлэн долоо хоног бүр нэг удаа ингэж бүгдээрээ цуглаж, бие биеэндээ туслаж, ярилцаж, сэтгэлээ хуваалцаж байхаар тохиролцлоо. Бусдаасаа арай түрүүнд танилцсан гэсэндээ тэр үү Билгүүдэй Анужин хоёр хоорондоо арай л илүү дотно байв. Харин юугаараа гэдгийг хэлж мэдэхгүй ч, Учиралд Анужин маш ихээр таалагдаад байгаа нь зарим нэгэн хүмүүст анзаарагдаж байв.

Тойрч суусан оюутнуудын зүүн талыг захлан, бага зэрэг махлагдуу байрын намхандуу биетэй охин чимээгүйхэн бусдыг ажиглан сууна. Бие бялдрын хувьд бол нисэхийн сургуульд яаж тэнцсэн юм бол гэмээр, харин царай зүсээр бол хэнийг ч дагуулахааргүй, давхраатай алаг нүд, гэрэлтсэн цагаан царайтай Хулан хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй бараг л анхны харцаар Учиралд дурлаж орхих шиг болов. Тэрээр Учиралыг өөр лүү нь биш Анужин руу байн байн хараад байгааг бусдаасаа илүүтэй ажиглаж амжсан. Хайрлаж, дурлаж, шохоорхон сонирхдог насандаа яваа эдгээр залууст бие биенээ сонжин харж, сэмхэн харц “чулуудах” бол энгийн л үзэгдэл билээ. Тэр тусмаа хүний нутагт,… одоо тэд эцэг эх, гэр бүлээсээ хол, энэ орон зайд, нэг сургуулийн шатаар өглөө, оройгүй хамтдаа өгсөж, уруудаж, нэг хүн шиг болтолоо ижилдэн дасаж зургаан жилийг ардаа үднэ. Энэ хугацаанд юу эсийг үзэж, амжуулах билээ. Хэсэг сууцгаасны дараа оюутнууд оройн тооноос өмнө байр, байр луугаа явахаар гарцгаалаа. Охид өрөөндөө ирэн нүүр гараа угааж, цэвэрлэсний дараа, өглөө хэрэгтэй гэсэн бүгдээ ойртуулан бэлдэцгээж байв. Долоо хоногийн дараа дүрэмт хувцас тавигдана. Тэр болтол цагаан цамц, костюмны хослолтой явахыг зөвшөөрчээ. Анужин цүнхээ уудлан маргааш өглөө өмсөж явах хувцсаа бэлдэж суух зуураа, эвхээстэй хувцаснуудынхаа дунд нандигнан боож ирсэн аав ээж ахтайгаа хамт авахуулсан зургаа гаргаж, орныхоо хажуу талын ширээн дээр тавилаа. Түүний аав ээж ах болох Цэлмэг, Сарнай, Чингүүнийг бид таних учраас бидний танил зураг түүний ширээн дээр энэ цагаас эхлэн байрлах аж.

Тэрээр унтлагын хувцсаа өмсөөд орондоо оров. Бусад нь ч мөн адил. Гэхдээ тэд унтсангүй саяхан уулзаад ирсэн монгол залуусын талаар ам өрсөн хуучлав. Анужин, -Тэр, Билгүүдэй үнэн дажгүй залуу байгаа биз. Америкт төрж, өссөн юм гэсэндээ цаанаа л өөр чөлөөтэй, үзэл бодлоо шулуухан хэлдэг, өөрийнхөөрөө, хөгжилтэй гэхэд нь, Тамир угийн хашир, юманд эргэлздэг зангаараа, -Билгүүдэйг гаднаас нь харахад дажгүй л залуу юм, гэхдээ ямар хүний дотор орсон биш, тэгээд ч дөнгөж өнөөдөр уулзчхаад ямрыг нь хэлж мэдэхгүй шүү дээ, ер нь бол насаараа бид нараас хамаагүй дүү юм шиг санагдсан, хэдэн оных гэсэн бэ. Манай Анужинд үнэхээр л их таалагдаж дээ, ирсэн өдрөөсөө л анхны хос төрчих юм байна л даа гээд инээхэд нь, тэдний ярианд хөндлөнгөөс орсон Хулан, -Анужаан, чамд Билгүүдэйгээс илүү Учирал их талтай байх шиг байсан, чи ажиглаагүй юу, чамаас ер харц салгахгүй байна лээ гэж хэлэнгээ, надад бол Учирал л таалагдлаа гэж хэлэх гэснээ больж үгээ залгив. Анужин, -Тийм үү , би анзааргүй шүү дээ. Биерхүү бор царайтай, дэндүү дуугүй байрын тэр залуу, яг үнэнийг хэлэхэд миний сонирхлыг татаагүй ээ, хөдөөний ч юм шиг дэндүү бүрэг санагдсан гэхэд, Анужинд Учирал таалагдаагүйд Хулан цаанаа л дуртай байгаа бололтой инээмсгэлснээ,

-Миний харснаар лав дажгүй л залуу байсан даа гэв. Тэдний яриаг сонсож хэвтсэн Эрхэс, -Надад бол бүгдээрээ сайхан залуус харагдлаа. Монголын минь нүүр царай болж, энэ нэр хүндтэй сургуулийг зорьж ирсэн гэхэд нүүр улайлгахааргүй, бие хаатай, мэдлэгтэй, дайчин залуус байна. Гэхдээ бүгдийг цаг хугацаа харуулах байх даа. Би та нар шиг тэгж айхавтар нэг бүрчлэн сонжоогүй ээ, ер нь ингэхэд миний эрчүүдийг өөр өнцөгөөс харах мэлмий одоохондоо хаагдсан байгаа. Би ирэхдээ хуримаа хийчхээд ирсэн. Хайртай залуу минь Монголдоо бий. Ирээд дөнгөж хоёрхон хонох гэж байж, нөхрөө маш их санаж байна. Энэ янзаар бол яаж тусдаа олон жилийг авах юм бол доо мэдэхгүй л байна. Ирэнгүүтээ л өвлийн амралт бодогдоод байна шүү, гэж хэлээд санаа алдахад, түүний яриаг сонсож байсан Анужин, Хулан, Тамир гуравт хэлэх үг олдохгүй байгаа бололтой хэсэгтээ чимээгүй болов. Энэ үед зэргэлдээх орон дээр амрахаар хэвтэж байсан орос охин -Та нар унтах болоогүй юу хэмээн англиар асуухад, тэд санаа зовсон байдалтай

-За сайхан амарцгаагаарай, гээд тус тусдаа чимээгүй болон унтахаар хөнжилдөө шургацгаав. Тэднийг ийнхүү өөрсдийнх нь талаар яриа өрнүүлснийг мэдсэн мэт эрчүүд ч гэсэн унтахаас өмнө бүсгүйчүүдийн талаар өөрсдийн бодлоо хуваалцав. Хэзээний дурлаж амжсан Билгүүдэй, -Анужин үнэхээр хөөрхөн охин байгаа биз хэмээн, мөн л нөгөө хэдээсээ лавлаж байв. Золбоот Билгүүдэйд хандан, -Чи нэрээ амжуулдаг эр юм аа, хэзээний хамгийн хөөрхөн охиныг нь өөрийн болгоод амжиж. Дөнгөж өчигдөрхөн ирсэн гэхэд айхавтар байна шүү. Хамгийн бага нь хамгийн сэргэлэн байдаг гэж үнэн юм даа, ах нараа харж ч амжаагүй байхад өөрийн болгочхоод гайхуулж суудаг хэмээн хөхрөхөд нь, Билгүүдэй санаа нь зовсон байдалтай инээмсгэлснээ, Өөрийн болгоод байх ч юу байх вэ, зүгээр л надад таалагдлаа л гэж хэлж байна гэхэд, Учиралд тэдний яриа таалагдахгүй байгаа бололтой, чимээгүйхэн цааш харан хэвтэж, сэтгэл дотроо Анужингийн талаар төсөөлөн бодож байв. Харин Ангараг, Билгүүдэй Золбоот хоёрын үгэнд оролцож, -Надад бол Эрхэс их дажгүй бүсгүй санагдсан гэхэд нь , Золбоот түүний яриаг тасалж,

-За даа, анд минь чиний бодол ч бүтэхгүй байхаа даа. Тэр чинь Монголд найз залуутай юм шиг санагдсан шүү гэхэд нь, Ангараг -Чи яаж мэдсэн юм бэ, тэр тухайгаа яриагүй шүү дээ, чамд хэлж амжаа юу, тэгээд ч тэр Монголд байгаа найз залуу, одоо энд ямар хамаатай юм. Бид чинь энд зөндөө удаан амьдарна, эртнээс Билгүүдэй шиг хосоо сонгож байсан нь дээр, тийм ээ, Билгүүдэй гээд инээхэд, Билгүүдэй юу ч хэлсэнгүй дуугүй л толгой дохив. Энэ үед Учирал өндийж ирсэн ээ, Одоо бүгдээрээ амарцгаавал яасан юм бэ, цаад хоёр “харынхан” чинь унтах гээд хэцүү байх шиг байна гээд, зэргэлдээх хоёр япон оюутн луу нүд эрмэн хэлэхэд нь нөгөө гурав ч зөвшөөрч унтахаар хэвтэн, гэрлээ унтраав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *