Нүүр Uncategorized УЧРАХ ТАВИЛАН 28-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 28-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
1
2,018

Америкийн нэгдсэн улс, Колорадо мужийн Колорадо Спрингс хотын Агаарын Нисэх хүчний Академи. Тус сургууль шинэ хичээлийн жилд элсэн суралцахаар ирсэн оюутнуудаа хүлээн авч байв. Америкийн нэгдсэн улсын өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуусаас гадна, үе үеийн агаарын нисэх хүчин, сансар огторгуй судлалын баатруудыг төрүүлсэн тус сургуулийг сонгон зорьж ирсэн орон орны оюутнууд ч нэлээдгүй байлаа. Уулсаар хүрээлэгдсэн цогцолбор бүхий тус сургуулийн төв байрны өмнөх дэлгэц дээрээс залуус ямар ангид хуваарилагдсанаа харж байв. Арваад жилийн өмнө энэ сургуульд монгол оюутан нэг ч байгаагүй. Харин одоо бол чадалтай, сурахыг хүссэн залуус нэлээдгүй ирж суралцдаг болжээ. Энэ жил л гэхэд дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй гээд нийт арван монгол оюутан Колорадогийн нисэхийн сургуульд суралцахаар иржээ. Дэлгэцийн өмнө эгнэн зогссон хүмүүсийн дундаас нэлээд нүүрэмгий байрын өндөр шар хүү жагсаалтыг уншиж зогссоноо “Өө, бид чинь арвуулаа юм байна шүү дээ. Арван монгол оюутны нэр бичигдсэн байна” гээд эхнээс нь уншиж гарлаа. Самбуугийн Цолбоот, Сайнжаргалын Тэлмэн ……гэснээ…Төгөлдөрийн Билгүүдэй….Агаарын нисэх хүчний тээвэрлэлт, техник хангамж Цэлмэгийн Анужин…..Сансар, одон орон судлал, Тэмүүлэнгийн Учрал…Нисэхийн инженер, жолоодлого гээд цааш үргэлжлүүлэн уншлаа.

( Зохиолын маань гол баатруудын хүүхдүүд эрийн цээнд хүрч нэг хотод, нэг сургуульд суралцахаар энд бүгд цуглажээ. Ямархан учир тохиолдлоор ингэж таарсныг хэн мэдэх билээ. Юутай ч аливаа юм бүхэн цаанаасаа учир жанцантай байдаг хойно доо. Тэдний төсөөлөөгүй, зөвхөн уншигч таны мэдэх эцэг эхийн холбоос хувь тохиол, нууц түүхүүд бий. Мөн бидний мэдэхгүй эдгээр залуусын ирээдүй одоо өмнө минь дэлгээстэй байна. Хамтдаа цааш үргэлжлүүлцгээе…) Нэрсийг уншиж зогсоо алга нүдтэй европжуу төрхтэй өндөр нуруутай залуу бол Төгөлдөрийн том хүү Билгүүдэй. Төгөлдөр Халиунаатай суугаад хоёр хүү төрүүлсний том нь. Билгүүдэй энэ жил арван долоон нас хүрсэн. Хэдийгээр Монгол хүн ч гэлээ эцэг эхийн хамт Иллиноус мужийн Чикаго хотод амьдарч тэндээ төрж өссөн болохоор Америкийн иргэний харьяалалтай, тэндхийн хүмүүжлээр өсөн торнижээ. Төрөлх хэлээрээ ярихдаа жаахан тааруу ч, уншиж бичихдээ бол хэнээс ч илүү сайн байв. Энд цугласан залуусаас насаар хамгийн бага нь бөгөөд олон жилийн өмнөөс нисэхийн сургуулийн шалгалтанд бэлтгэж, ээж ааваа шамдуулан байж төлбөр мөнгийг нь төлүүлэн, хүсэж мөрөөдсөн сургуульдаа ирсэн нь энэ байлаа.

Харин түүний хажууханд зогсох дунд зэргийн нуруутай биерхүү бор залуу бол Тэмүүлэнгийн хүү Учирал. Түрүүнээс хойш юм юмны түрүүнд манлайлаад байгаа сэргэлэн шар залуу өөрийнх нь төрсөн дүү гэдгийг Учирал яахан мэдэх билээ. Билгүүдэй ч мөн энэ талаар төсөөлөх ч үгүй яваа. Учирал энэ жил хорин гурван нас хүрсэн. Монголоос ирээд удаагүй байгаа тэрээр Төмөр замын дээд сургуулийн нисэхийн инженерийн ангийн хоёрдугаар курст сурч байсан. Колорадогийн нисэхийн сургуулийн цөөхөн хувиар Монголд ирэхэд хамгийн өндөр оноог авч чаджээ. “Тэмүүлэн Жаргал хоёроос хүү төрж гурван охин, хоёр хүүтэй болжээ. Учирал хэдийгээр Тэмүүлэн Жаргал хоёрын төрсөн үр биш ч өөрийн хүүгээс дутахааргүй санаа тавьж өдий зэрэгтэй хүн болгосон юм. Халиунаа Төгөлдөртэй суугаад сураг тасарсан бөгөөд Тэмүүлэн ч түүнийг эрж сураглалгүйгээр Учиралыг яг л өөрийн хүү шигээ өсгөж, өнөөдөр хүссэн сургуульд нь оруулж чадсандаа баяртай байлаа. Өнгөрсөн жилүүдэд Тэмүүлэнгийн барилгын компани олон салбартай том групп болтолоо өргөжин тэлж, хөл дээрээ амжилттай бат зогсжээ. Тиймдээ ч Учиралыг Америкийн нисэхийн сургуульд сургаж, сургалтын төлбөр болоод нааш цааш явах зардал энэ тэр асуудал нь Жаргал Тэмүүлэн хоёрт хэцүү биш байв. Хамгийн чухал нь хүүгээ сайн мэргэжилтэй хүн болгохыг л хүсэж байв. Болор, Номин, Анар гээд гурван том охидоо ч мөн гадаадад боловсрол эзэмшүүлжээ.

Олон жилийн өмнөхийг бодвол монголын эдийн засаг сайжирч гадагшаа ажиллах хүчин гаргахаа больж, өөрсдийн дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж ирсэн байна. Тэгээд ч зогсохгүй гадаадын ямар ч улс орноос дутахааргүй дэвшилтэт хөгжилтэй орны тоонд багтаж чаджээ. Улс орон хөгжихийн хэрээр иргэдийн амьдрал сайжирч, ядуу дорой, ажилгүй хүмүүсийн тоо багасжээ. Нэг ёсондоо улс орон маань ард иргэдээ амгалан тайван байлгах, хөгжил дэвшлийн замдаа эргэлт буцалгүйгээр орсон байлаа. Хүмүүсийн ядуу буурай, мөнгө төгрөггүй, нийгмийн ороо бусгаа цаг тэртээ арван хэдэн жилийн өмнө ард хоцорчээ. Тэмүүлэнгийн охид ч сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ улс орныхоо ирээдүй, сайн сайхны төлөө ажиллаж амьдарч байв. Ард иргэд гадагшаа явж ажиллахаа больсон болохоор гэр бүл салалт багасаж, бие биенээ гэсэн хайр хүндлэл дүүрэн. Нийгмийн хөгжил дэвшил зөв гольдрогоороо явж байгаа учраас нийт хүн амын өвчлөлт багасаж, иргэдийн дундаж наслалт хүртэл уртасжээ. Бүх л зүйл электрон системд шилжиж, агаар мандал, сансар огторгуй, далд мэдрэхүй, гариг ертөнцийн зүй тогтлын талаар залуус түлхүү сонирхон судалж, энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг илүүд үздэг болсон байв. Учирал ч мөн тэдний нэгэн нь байлаа. Тиймдээ ч агаарын нисэх хүчний сургуулийг сонгон суралцахаар зориг шулуудан хүрч ирээд байгаа нь энэ.

Харин тэднээс нэлээн зайдуу байдлыг ажиглан зогсоо цэвэрхэн шаргал царай, урт шулуун хар үстэй охин бол Цэлмэгийн Анужин. Анужин Учиралтай нас чацуу хорин гурван настай. БНСУ-ын Инчоны нисэхийн академиас Америкт мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцахаар иржээ. Тэрээр Солонгост ахлах сургууль төгссөн бөгөөд сургуулиа амжилттай төгссөн тул Инчоны нисэхийн академид зуун хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байв. Түүний аав Цэлмэг олон жил хөл дээрээ босож чадахгүй байсан бөгөөд сүүлийн жилүүдээс л солонгосын чадалтай мундаг эмч нарын ачаар суга таягтай ойр зуур алхдаг болжээ. Харин ээж Сарнай нь нөхрөө хөл дээр нь босгохын тулд амь амьдрал, залуу нас, байгаа бүхнээ зориулж ирсэн байв. Аавынх нь компани түүнийг дунд сургуульд байхад нь дампуурч, ээж нь том хүү Чингүүн, Анужин хоёроо хэнээс ч дутахгүй мэргэжил боловсролтой сайн хүн болгохын төлөө чадах бүхнийг хийжээ. Сарнай бүх зүйлд “гадаа гарч эр, гэрт орж эм” гэдгийн үлгэрээр зүтгэж өдий хүрэв. Тэрээр Солонгост жил болгон олон сараар эмчилгээ хийлгэх нөхөртөө чадах чинээгээрээ туслахын тулд хувийн эмнэлгээ хүртэл заржээ. Ээжийгээ ийнхүү амьдралын төлөө ганцаараа шаргуу тэмцэж байгааг харж, мэдэрч өссөн Чингүүн, Анужин хоёр хэнээс ч дутахгүй сурлагатай дайчин хүүхдүүд болж өссөн байв. Тиймдээ ч Анужин сургуулийнхаа хамгийн шилдэг оюутнуудын тоонд орж Колорадогийн нисэхийн Академид урилгаар иржээ.

Түүний өөртөө итгэлтэй зан нь ямарт бусдаас онцгой түрүүнд нь байлгаж чаддаг байв. Цугларсан олон аль ангид хуваарилагдсан, хаашаа очихоо харах гэж тэмүүлж байхад Анужинд бүх зүйл ойлгомжтой байсан тул байдлыг ажиглан алсаас харж зогсоо нь энэ. Нүүрэмгий америк охидын дунд бужигнаж сурсан Билгүүдэй хэзээний Анужинг олж харсан байв. Тэрээр түүний хажууд дөхөж ирсэнээ, гар сунган, Танилцах уу, намайг Билгүүдэй гэдэг гэхэд, Анужин мөн нэрээ хэлэн гар барилаа. Урт хар үсэн дээрээ ягаан өнгийн дугуй малгай хагас духдуулан өмссөн, цайвар цагаан өнгийн богино хүрэм, өвдөгнөөс дээш гарсан урт түрийтэй өндөр өсгийтэй дэгжин гуталтай, гуталны түрүүнээс богино хүрэмний хормой хүртэл гуя нь нимгэн триконы цаанаас үл ялиг гэрэлтэн харагдах түүнийг Билгүүдэй нүднийхээ булангаар хэдийн ажиглаж амжлаа. “Дажгүй аятайхан бүсгүй юм. Монгол охид цаанаа л гоё шүү, гэх сэтгэгдэл төрж байв”. Билгүүдэй Анужинд хандан ,Ингэхэд, чи аль ангид хуваарилагдсан бэ, гэж асуухад, Анужин, Сансар, одон орон судлал гээд “харин чи” хэмээн сөргүүлэн асуухад, Билгүүдэй, -Тийм үү, тэгвэл агаар мандлаар л хөвөөд байдаг, од эрхсийн охин байх нь гэж инээмсэглэн хэлснээ, -Би чамаас арай доогуур үүлсийн дээгүүр л дүүлэх байх даа гэхэд Анужинд Билгүүдэйгийн хөгжилтэй зан таалагдаж инээлдцгээв.

Энэ үед гадаа цугларсан оюутнууд дотуур байрны хуваарь гарсан гэх дохиогоор тэндээс байраа сонгохоор хөдөлцгөөлөө. Билгүүдэй, Анужин хоёр ч тэднийг даган явав. Монгол оюутнуудыг нэг дор, нэг хотхонд хуваарилжээ. Хэдийгээр суралцах салбарууд нь өөр, өөр ч амьдрах байр нь ойрхон байгаад тэд олзуурхаж байв. Золбоот, Билгүүдэй, Учирал, Ангараг дөрөв нэг байранд, тэр дөрөв дээр Япон улсын хоёр оюутан залуу нэмэгдсэн байв. Нэг байранд зургаан оюутан байрлах аж. Харин Анужин, Монголоос ирсэн Тамир, Хулан, Эрхэс гэсэн гурван охин болон Оросоос ирсэн хоёр оюутан охинтой хамт амьдрахаар нэг өрөөнд хуваарилагджээ. Тэд өрөө өрөөндөө тохижцгоож байв. Маргаашаас хичээл, сургалт эхэлнэ. Амьдрах орчин, найз нөхөд, хоол унд, байгаль, цаг агаар бүх юм шинэ содон.
Хэрхэн дассан зохицохыг мөн ар гэрийн учир битүүлэг холбоосууд хэрхэн нэгдэн нийлэхийг дараа дараагийн хэсгүүдээс уншаарай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *