Нүүр Uncategorized УЧРАХ ТАВИЛАН 27-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 27-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
1
1,172

Цас ханзарч байгаль дэлхий өнгөө сэргээж эхлэв. Түүнийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа ч тайван амгалан байж, налгар дулаан цагийг угтана. Харин Цэлмэгийн хувьд эсрэгээрээ ажил төрлөө амжуулж, хийе гэснээ хийж чадахгүй, өдөржин тэргэнцэртэй бусдын царайг харж амьдрах болсондоо бухимдан шаналж байв. Хэдийгээр сайн ханийн буянд хангалттай эмчилгээ, сувилгаа хийгдэж байгаа ч хөл дээрээ босох найдвар тун бага байлаа. Тэрээр эхнэрийнхээ дүүд өөрийнхөө компанийн үйл ажиллагааг хариуцуулаад өөрөө алсаас удирдаж байгаа. Гэсэн ч бусад улс орны бизнесийн байгууллагуудтай хийгдэх гэрээ хэлэлцээр удааширч олон дахин хойшлогдсоноос болоод ажил төрөл нь нэг л явцгүй болж байв. Үүнийг мэдэж байсан ч босоод өөрөө бүгдийг амжуулж чадахгүй болсон тэрээр яах билээ. Эрүүл л болж байвал учир нь олдох биз гэж өөрийгөө чадах чинээгээрээ тайвшруулж байлаа. Гэсэн ч хоёр хөл нь сайн мэдээ орж өгөхгүй, хөл дээрээ босно гэдэг итгэл найдвар нь багсаар байв. Хамгийн сүүлд зөвлөх эмчтэйгээ уулзахад, “эмчилгээ үр дүнгээ өгтөл нэлээдгүй хугацаа орно, тиймээс боломж байдаг бол даруйхан гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүн байж болох юм” гэжээ.

Цэлмэг өнөөдөр эхнэрийнхээ зав зайг харж байгаад түүнд “гадагшаа явж эмчлүүлбэл зүгээр юм уу” гэсэн санаагаа хэлдэг ч юм билүү дээ гэж бодож байлаа. Аваарт ороод удаагүй дөнгөж ухаан орсныхоо дараахан Сарнай түүнд гадагшаа явж эмчлүүлэх талаар цухуйлгахад Цэлмэг эндээ гайгүй болчих байлгүй дээ гээд тэгтлээ мэрийгээгүй билээ. Харин одоо бол үнэндээ энэ байдлаасаа залхаж, цөхрөнгөө барж байгаа болохоор чадалтай эмч эмнэлэг байвал хаашаа ч явахад бэлэн байв.. Тэгээд ч “I & G “ компани нь бүүр дампуурчихаагүй байгаа болохоор тэрээр эмчилгээндээ хэрэглэх мөнгө төгрөгт санаа зоволтгүй байлаа. Сарнай хотын утаанаас хол, тэгээд ч өвчтэй зовлонтой хүн агаар салхинд сэтгэлээ сэргээн, эмчилгээгээ хийлгэж байсан дээр гээд нөхрөө өөрийн сувиллын газартаа хэвтүүлжээ. Өнөөдөр эмчилгээнд ирсэн хүмүүс бага байгаа болохоор үзэх ёстой хүмүүстээ үзлэг хийчихээд, зохих эмчилгээ сувилгааг нь бичиж тэмдэглэсний дараа өрөөнөөсөө гарлаа. Цэлмэгийн хэвтэж буй өрөөнд ортол тэрээр байсангүй. Өрөөний цонхоор гадагшаа харвал, тэр доор голын эргэ дээр суумгай хүний тэргэнцэр дээр цааш харан, нарлан сууж байгаа бололтой харагдав. Өдрийн хоол дөхөж байсан болохоор Сарнай нөхрөө авч ирэхээр түүн дээр очлоо..

-Миний хань дарахгүй байна уу, өнөөдөр дулаахан байгаа ч ” хаврын салхи , хавирга нэвт үлээнэ” гэдэг дээ, доороосоо жиндчихвэл гэхэд нь, Цэлмэг -Гайгүй ээ биз дээ хө, дулаахан байна. Бас байнга хэвтээд байхаар хэцүү юм. Ингээд урсгал ус хараад суух нь сайхан байна. Чиний минь ажил яаж байна даа, өвчтөнүүддээ өнөөдрийнх нь эмчилгээг биччихсэн үү гэхэд, Сарнай -Ажил гайгүй ээ, хоёулаа өнөөдөр өдрийн хоолонд юу идэх вэ, цайны газрын Бундан эгч чамайг ойрд дан ногоо голцуу хоол идээд байгаа, сэрүүдэж байгаа байх, өдөр сайхан хонины шөл хийж өгнө өө гээд байсан гэж хэлэнгээ түүний хажууд ирж суухад, Цэлмэг эхнэр лүүгээ харснаа, цаана л сэтгэл санаа нь тогтворгүй байгааг түүнээс нууж чадалгүй уртаар санаа алдсанаа, -Ямар ч хоол яах вэ хө, энэ чигээрээ хөл дээрээ босохгүй болчихвол яаана даа гэж бодохоос, ямар ч амттай хоол унд байсан хоолой давахаа болиод байна. Мөнхөө эмчийн хэлснээр гадагшаа явж эмчлүүлсэн нь дээр юм болов уу гэж бодогдох боллоо. Ер нь энэ янзаараа байгаад байвал босож чадахгүй юм шиг байна. Өглөө жаахан оролдсон нэмэр алга гэхэд Сарнай, -Миний хань битгий санаа зов доо гайгүй болох байх, сэтгэл санаагаар өөдрөг байж бид хамтдаа хэцүү хүнд үеийг давж туулна аа. Угаасаа эмч нэлээд хугацааны дараа эмчилгээний үр дүн гарна гэсэн шүү дээ. Өөрийгөө битгий их хүчлээд бай,..Өдөрт бага багаар таваас арван минут л дасгал хийгээрэй гэсэн шүү дээ. Чамайг гадагшаа явж эмчлүүлье гэхэд дургүйцээд байхаар чинь дургүй байхад нь хүчлээд яахав гэж бодсон. Тэгээд тэр талаар дахиж яриагүй. Өөрөө үнэхээр хүсэж байгаа бол би ч бас дуртай л байна. Одоо үед чинь бүх хүмүүс л гадагшаа явж эмчлүүлдэг болсон байна. Чи бид хоёр шиг ингэж хугацаа алдаж байгаа хүмүүс бараг байхгүй. Ер нь эртхэн гайгүй байгаа дээр нь сайн эмнэлэг бараадсан дээр байх. Өнгөрсөн бүтэн сайнд аавынд очсон чинь чамайг яагаад гадагшаа эмчилгээнд авч явахгүй байгаа юм. Эмчилгээ сайтай газар оронд очиж үзүүлсэн нь дээр шүү дээ л гээд байсан. Тэгээд ч ямар олон сараар явав гэж хэдэн долоо хоног л явах биз. Аав ээж дээр хоёр хүүхдээ түр орхиод сайн үзүүлж харуулаад ирье,.. хэмээн ашгүй түүнийг ийм шийдвэр гаргасанд баяртай байгаа бололтой инээмсэглэн босож ирээд Цэлмэгийн духан дээр яг л хүүгээ үнсэж байгаа эх мэт хайр энэрэл дүүрэн сэтгэлээр зөөлхөн үнслээ.

Цэлмэг Сарнайн хоёр гараас атгаад, чамдаа баярлаж байгаа шүү, би ийм сайн ханьтай азтай хүн шүү гэж хэлэхэд нь, Сарнай -Чи минь эрүүл саруул болж байвал хэчнээн сайхан бэ,… би ер нь маргаашаас гадаадын аль оронд, ямар эмнэлэгт очиж үзүүлбэл илүү дээр байх нь уу судалж үзье, тэгээд хоёулаа хурдхан шиг л явъя, чи минь удахгүй хөл дээрээ босно оо, санаа зоволтгүй гэж хэлэнгээ Цэлмэгийн сууж буй тэргэнцэрийн араас түрэн сувиллын цайны газар луу зүглэн явлаа. Саяхан л бухимдан шаналж, дотор нь давчдан бачимдаж байсан Цэлмэг ханийнхаа сэтгэлийн дэмээр бага ч гэсэн уужран тайвшрав. Эднийг ийнхүү хэрхэн хөл дээрээ босох талаар ярилцан эмчилгээ сувилгаагаа хийлгэж байх үеүдэд…. Америкт Халиунаа хичээл сургуульдаа шамдан, зав чөлөөгөөрөө Төгөлдөртэй болзож сайн сайхан ирээдүй рүү тэмүүлэн байлаа. Тэд ирэх зун хуримаа хийхээр төлөвлөжээ. Халиунаа Төгөлдөртэй үерхээд багагүй хугацаа өнгөрсөн ч хүүтэй гэдгээ түүнд хэлж чадахгүй явсаар л байв. Хэзээ нэгэн өдөр хүүтэй гэдгийг нь мэднэ. Үнэхээр өөрт нь хайртай бол хүүг нь ч гэсэн өөр шиг нь хайрлана гэдгийг гадарлаж байсан ч, урьд өмнөх залуус шиг нь түүнийг орхин холдвол Халиунаа дахин хэзээ ч эр хүнд итгэн, хайрлан дурлаж чадахгүй гэдгээ бас ухаарч байлаа. Залуу насны алдаа хоёр гурваар хэмжигдэж болох ч түүнээс олон удаа алдах эрх хэнд ч байхгүй юм.

Харин Тэмүүлэн түүнийг Төгөлдөртэй хайр дурлалын асуудал үүсгэсэн гэдгийг мэдсэн юм шиг ойр ойрхон залгаж, сэтгэл санааг нь хоёрдуулахгүй амар байв. Халиунаа өдөр бүр хүүгээ үгүйлэн санадаг ч нэгэнт одоогоор түүнийг өөр дээрээ байлгаж чадахгүйгээс хойш бусдыг зовоогоод яах вэ гэж бодоод хаа нэг л Тэмүүлэн лүү залгаж хүүгээ асуудаг байв. Тэмүүлэнгийн эхнэр жирэмсэн болсноос хойш тэрээр Халиунааг гэхээсээ илүү удахгүй төрөх эхнэрээ гэх болжээ. Жаргалыг чадлынхаа хэрээр халамжилж, эмнэлэгт үзүүлэхэд нь цаг зав гарган хамт явна. Оройд эртхэн ирж хоол ундаа хийн, амралтын өдрүүдээрээ эхнэр хүүхдүүдээ дагуулан тоглолт кино үзэх, агаар салхинд гардаг болов. Аав нь сүүлийн үед маш халамжтай сайн эцэг болсонд охидоос нь гадна Жаргалд ч сайхан байлаа. Тэрээр ханийн минь хүсэн хүлээсэн хүү нь гараасай даа. Хүүтэй болчих юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж төрөх өдрөө хүлээсээр байв. Тэмүүлэн урьдын адил өнөөдөр ажлаасаа эртхэн гарах санаатай хувцасаа өмсөж зогстол утас дуугарав. -Байна уу, Халиунаа байна аа, гэхэд Тэмүүлэн, -Сайн уу, чи минь. Ямар сонин хүн бэ, ойрд хэл чимээгүй байхаар чинь санаа зовж л байлаа. Хичээл сургууль нь сайн уу, бие нь сайн биз дээ гэхэд, Халиунаа -Би сайн, хичээлдээ яваад л байгаа. Наагуур чинь сонин сайхан юу байна, хүү минь сайн биз дээ, ойрд завгүй байлаа. Тэгээд бас ойр ойрхон залгаж чамайгаа зовоогоод яах вэ гэж бодоод, би ч хүүгээ хүнд даалгачихаад, асуух ч үгүй санаа амар явж байдаг хэнэггүй ээж шүү гэж гэмшсэн өнгөөр хэлснээ, за тэгээд чамаар сонин юу байна, хаана байгаа юм гэхэд,Тэмүүлэн

-Ажил дээрээ байна аа, сая гадагшаа гарах гэж байлаа. Хүү нь сайн байгаа, цэцэрлэгтээ яваад л, эгч нартаа эрхлээд, …санаа зоволтгүй ээ, өөрийгөө л сайн бодож бай, хүний газар ядарч, зовж зүдэрч болохгүй шүү гэхэд нь, Халиунаа,m -Би ямар хүнд хүчир ажил хийж байгаа биш юундаа зовох вэ, … нээрээ… гээд Төгөлдөрийн тухай ярих гэснээ “за юу ч болоогүй байж Тэмүүлэнгийн надад сайн байдаг сэтгэлийг нь дэмий юманд зовоогоод яах вэ, тэгж байгаад яваандаа мэдэх биз дээ. Тэгээд ч хүүгээ харуулж байж одоохондоо янз бүрийн юм яриад хэрэггүй байх “ гэж бодонгоо хэлэх гэсэн зүйлээ дотогшоо залгиж,… Учиралд болон танай охидод ойр зуурын хувцас хунар бэлэг сэлт явуулсан байгаа. Монголд очихоор нь илгээмжийн газраас өөр лүү чинь ярих байх очоод авчихаарай миний найз гэхэд, Тэмүүлэн -Учирал энд болоод л байгаа, өөрийгөө л сайн бод. Илгээмжийг чинь авчихаад ярина аа, ээж нь өгч явуулсан юм чинь хүүд нь таалагдах байхаа. Бас охидод маань юм явуулсанд баярлалаа гэхэд Халиунаа, -Тэр яах вэ хө, нээрээ… би чамаас урьд өмнө нь асууя гэж бодоод л мартчихаад байсан юм. Учиралын хувцас хунар, ойр зуурын юман дотор Цэлмэгийн хүүдээ өгсөн хөөрөг байх ёстой. Түүнийг нь сайн хадгалж байгаарай, хүүгээ юмны учир ойлгодог болохоор өгнө гэж бодож байсан юм. Чамд итгэж байгаа болохоор тэгтлээ санаа зовоогүй байна. Гэхдээ бас асуухгүй байж чадсангүй ээ гэхэд, Тэмүүлэн -Би тэр хөөргийг анх хараад л Цэлмэгийн өвөөгийнх байна гэж шууд таньсан. Цэлмэг бид хоёр багадаа тэднийд орж тоглодог байхад өвөө аав нь тэр хөөргөөрөө үеийнхэнтэйгээ тамхилдаг, тэднийхээр орж гарсан хүмүүс тэр хөөргөнд нь их шунадаг байсан юм. Хүний үе удам дамжиж ирсэн эд хөрөнгийг би яалаа гэж алга хийх билээ дээ. Цааш нь далд хийчихсэн байгаа. Чи ирээд авна уу, хүүдээ өгнө үү өөрөө мэднэ биз дээ. Тэр талаар санаа зоволтгүй шүү, найдвартай газар байгаа хө. Манай найз ч тэгж байгаад сүрхий залуу шүү. Чингүүндээ өгөхгүй, Учиралд бэлэглэсэн байсан. Би хараад л Цэлмэгийн талаар бодож байсан ташаа бодол маань шууд өөрчлөгдсөн. Ингэхэд Цэлмэг гэснээс цаадахаа дуулсан уу,…. гээд цааш ярих гэтэл, Халиунаа түүний үгийг таслан,

-Түүний талаар юу дуулах юм. Би тэр хүний тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Тэр хөөргийг Учиралд өгсөн болохоор л чамаас асуусан юм. Чи хадгалж байгаа бол болж дээ, маш их баярлалаа. За би ингэсгээд хүнтэй уулзах ёстой. Хоёулаа дараа ярих уу гэхэд нь, Тэмүүлэн уг нь “Цэлмэгийг аваарт орж суумгай болсон талаар, мөн эхнэр Жаргал нь жирэмсэн болж удахгүй төрөх ” гэж байгаа гээд Халиунаад ярих зүйл их байсан ч тэрээр Цэлмэгийн талаар ярингуут л юу юугүй утсаа салгах гээд байгааг гадарласан болохоор Халиунаад хандан,За тэгвэл дараа ярья даа , түр баяртай биеэ,… сайн бодож байгаарай.. гээд утсаа салгалаа.Энэ явдлаас хойш зургаан сарын дараа Халиунаа Төгөлдөртэй Америкт хуримаа хийж, Тэмүүлэнгийн эхнэр төрж, Жаргал тэр хоёр хүүтэй болсон юм. Харин Цэлмэг Солонгос руу эмчилгээнд явсан боловч хөл дээрээ босож чадаагүй билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *