Home Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 26-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 26-Р ХЭСЭГ

0 second read
0
2
1,396

Жаргал өглөө эртлэн босоод эмэгтэйчүүдийн эмнэлэг явлаа. Тэрээр жирэмсний тестээр хоёр зураас гарсныг Тэмүүлэнд хэлээгүй аж. Эхлээд эмчид үзүүлж байгаад баттай болохоор нь ханьдаа баяр хөөртэйгөөр дуулгах хэрэгтэй гэж шийджээ. Мэдээж Тэмүүлэн хүүхэдтэй болсныг дуулвал ямар их баярлах бол. Тэрээр хүүтэйболохыг насаараа мөрөөдөж ирсэн. Харин энэ удаа бие давхар болсон бол хүү л байгаасай гэж Жаргал сэтгэл дотроо залбиран бодож явав.Эмэгтэйчүүдийн эмчийн өрөө. Залуухан эмч бүсгүй, цагаан халаад, нимгэн хар хүрээтэй нүдний шил зүүсэн нь зохисон гэж жигтэйхэн, цаана л өөртөө итгэлтэй нүдэнд дулаахан харагдах тэрээр Жаргалд эхо аппаратаар үзлэг хийж сууна. Тэрээр түүнд найман долоо хоногтой, жирэмсэн болсон байна гэдгийг дуулгав. Олон жилийн дараа одоо ч дахиж төрөхгүй биз дээ гэж бодож явсан Жаргал жирэмсэн болсноо дуулаад, хэвлий дотор нь дөнгөж л бүрэлдэж буй үрээ харснаа нүд дүүрэн нулимсаа барьж дийлэхгүй цэлэлзүүлсээр хэвтэнэ. Сэтгэл уяраасан сайхан мэдээ байв. Удахгүй дахин ээж болж дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэнэ. Эх хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх билээ. Тэрээр жирэмсэн эхчүүдийн өгдөг эхний шинжилгээнүүдээ өгч, дэвтэр нээлгэн эмнэлгийн хяналтад орлоо. Даралт нь хэвийн хэмжээтэй, цус багатай биш бүгд сайн байв.

Санаа амарсан тэрээр эмнэлгээс гарч явах зуураа энэхүү баяртай мэдээг ханьдаа дуулгахаар утсаа авсан боловч Тэмүүлэнд хэлэхээ түр азнав. Учир нь сайхан мэдээг, сайхан орчинд, санаж бодсоноороо дуулгах нь зөв гэж шийдэв. Тэгээд орой эртхэн гэртээ харьж ханьдаа дахин үр хүүхэдтэй болох гэж байгаагаа хэрхэн ер бусын романтик байдлаар хэлэх вэ гэдгээ бодож тунгаан төлөвлөж явлаа.Тэмүүлэн Жаргалыг өдөр утсаар залгаад орой болж өгвөл эртхэн ирээрэй гэж хэлсэн болохоор ямар нэгэн зүйл болж дээ гэж таамаглан, ажил тарах цагаас арай өмнөхөн гарч гэртээ ирэв.Жаргал Учралыг цэцэрлэгээс нь авч, охид нь ч бүгд хичээлээсээ ирцгээсэн тул урдын адил гэр дүүрэн инээд хөөртэй аавыгаа угтлаа. Охид нь аавыгаа санасан, Учрал хүү түүнд эрхэлж, эхнэр нь ааш зан сайтай угтах Тэмүүлэнгийн хувьд сэтгэл санаа тайван амгалан байх нөхцөл бүрдэж тодорхой хэмжээгээр аз жаргалтай байгаагаа мэдэрдэг байв. Хэдийгээр Халиунаад сэтгэл алдарсан ч гэсэн үр хүүхдүүдийн минь эх, ханилж яваа хань болохоор Жаргалыг хайрлан хүндлэхгүй байх учиргүй гэж бодно. Тиймдээ ч түүнд сүүлийн үед анхаарал халамж тавьж чадахгүй байгаадаа сэтгэл зовнин явдаг байв.

Жаргал нөхрийнхөө хамгийн дуртай хоолны нэг болох хуушуурыг хийж, олон янзын саладаар ширээ дүүргэсэн байлаа. Тэмүүлэн эхнэрийнхээ гарын хоолыг амтархан идэж суух зуураа түүнд хандан,Өдөр утсаар ярихдаа, “орой хэлэх чухал юм байна, эртхэн ирээрэй гээд байсан юу болсон бэ, бие нь зүгээр үү, санаа зовоод ажлаасаа эртхэн гараад ирлээ. Утсаар хэлж болохгүй тийм чухал зүйл байсан юм уу, охидын хичээл ном гайгүй биз дээ, эмэгтэй хүүхдүүд байна даа, ямар нэгэн хэрэг тарьчихаагүй байлгүй л гэж бодож байна хэмээн охид руугаа инээмсэглэн харахад, аавынхаа хажууд зэрэгцэж суугаад хоол идэж байсан дунд охин Болор нь гайхсан өнгөөр,

Аав аа, бид нар зүгээрээ, харин ээж та ,.. аавд юу хэлэх гэж байсан юм бэ. Бид нарт хамаатай юм уу, эсвэл тийм чухал биш зүйл үү, гэж асуунгаа ээж рүүгээ харахад Жаргал, Эхлээд аавд чинь, дараа та нарт хэлнэ ээ, гэж хэлээд инээмсэглэв , энэ үед том охин Анар нь,Ээж ээ, та яагаад бид нарт түрүүлж хэлэхгүй байгаа, юм бэ, ингэхэд нээрээ, аав ээж хоёрын анх танилцсан өдөр юм уу, …үгүй ээ,… тийм байх ёсгүй, та хоёр чинь намар тэмдэглээд байдаг шүү дээ, гэж сонирхон асууснаа аа, за дараа тэгээд бид нарт хэлээрэй гэж их л нухацтай, чухал юмнаас хоцорчихгүй байгаа даа гэсэн байртай хэлээд, босож аяга тавгаа хурааж цэгцлэв. Охид ч хоолоо идэж дуусан бололтой өрөө өрөөндөө орцгоолоо Жаргал том өрөөндөө зурагт үзэнгээ буйдангаа налан хэвтэх нөхөр дээрээ ирээд, “унтлагын өрөөнд ороод ир” хэмээн хүүхдүүдээсээ нууцхан шивнэхэд, гайхаж, эргэлзсэн Тэмүүлэн “ энэ маань өнөөдөр юу болоо вэ, жаахан охин шиг л догдолж гүйгээд, царай нь цаанаа л гэрэлтээд байх чинь нэг л юм болж дээ” гэж бодонгоо түүнийг даган унтлагын өрөөндөө орж ирлээ. Эхнэр нь түүнд нандигнаж боосон хайрцагтай зүйл өгөв. “Төрсөн өдөр минь өнөөдөр биш, залуу хүүхдүүд шиг бөгж энэ тэр өгмөөргүй юм гэж тээнэгэлзэн бодсоноо “ Тэмүүлэн хайрцагтайг задлав.

Эхнэр түүнд гэнэт бэлэг өгсөнд дотроо жаахан гайхаж байсан ч хүүхдүүдээсээ нууцаар өрөөндөө сэмхэн дагуулж орон, ер бусын нууц зүйл бэлэглэсэнд тэрээр сэтгэл нь хөдөлж бас таатай байв.
Үнэртэй ус юм уу, зангиа байгаа байх гэж таамаглаж байсан тэрээр, эхо бичлэгийн зураг гарч ирсэнд эхэндээ айх, гайхах зэрэгцэв. Сүүлийн үед Жаргалын бие өвдөөд байна гэсэн “арай янз бүрийн ..хавдар .. энэ тэр, …за үгүй байлгүй дээ, тэгвэл ингэж нандигнаж боох ямар хэрэг байх билээ” хэмээн бодож амжсан тэрээр зургийг дахин сайн хараад, мөн эхнэрийнхээ аз жаргал дүүрэн гэрэлтэж байгаа харцнаас жирэмсэн болсныг олж мэдлээ.. Ямар сайхан мэдээ вэ,… ямар сайхан зураг вэ, …хорвоо дээрх хамгийн сайхан зураг эхийнхээ хэвлийд бүрэлдэж буй ургийн, үрийн энэ хар цагаан зураг..” тэрээр эхнэрээ тэврэн авч үнслээ. “Ямар сайхан юм бэ, бид дахиад хүүхэдтэй болох нь, чи минь жирэмсэн болсон байж шүү дээ, сайхаан сайхан, …одоо яг хүү байгаа,.. за хүү биш байсан ч яах вэ, дахиад л охинтой болно биз “ гэж тэрээр хашхирах шахан хэлээд, өөрийн эрхгүй инээд алдан, Жаргалыг тэвэрч орон дээр хэвтүүлэн хайрлан энхрийлж дахин дахин үнсэн эрхлүүлж байлаа. Сүүлийн жилүүдэд цаана л нэг л хүйтэн хөндий байсан тэдний харьцаа энэ цаг мөчөөс эхлээд дуусгавар болох мэт аль аль нь сэтгэл хангалуун аз жаргалаар дүүрэн байв.

Аав ээжийнхээ инээлдэн хөхрөх чимээнээр хүүхдүүд нь ч юу болсон бол гэсэн байртай өрөөнд бүгд орж ирцгээв. Тэмүүлэн охиддоо хандан бас Учралыг тэврээд “та нар минь удахгүй жаахан дүүтэй болох нь байна шүү дээ, гоё байгаа биз гэхэд, Номин, Анар, Болор гээд бүгд л баярлан хөөрч дэвхцэн “ямар гоё юм бэ, удахгүй жаахан дүүтэй болох нь “гэж хэлэнгээ аав ээждээ эрхлэн, тэврэлдэн хөөрцгөөв. Учирал ч бас учрийг сайн ойлгоогүй хэрнээ тэднийг даган баясаж, Тэмүүлэнгийн өвөр дээр суун, хүзүүнээс зүүгдэн “ааваа , ааваа” хэмээн эрхлэн зүүгдэж байв . Охид ээжийгээ ээлжлэн үнсэж баярлаж байгаагаа илэрхийлэв. Энэ орой Тэмүүлэнгийн гэр бүл аз жаргалаар дүүрэн байлаа. Харин энэ үеүдэд Чикагод…. Халиунаа Төгөлдөртэй найзалж эхлээд удаагүй байлаа. Гэсэн ч тэдний харьцаа, хайр дурлал маш богинохон хугацаанд хүчтэй өрнөж байв. Магадгүй хэн хэн нь бие биедээ маш их татагдаж, хайрлаж дурлалцсан болохоор нэгнээ ойлгоход амар хялбар байсан байх. Энэ үдэш Төгөлдөр түүнийг болзоонд урьжээ. Халиунаагийн сэтгэл догдлон хөөрч, хамгийн гоё даашинзаараа гангараад болзоонд очив. Тэрээр урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байв. Одоо тэрээр хүссэн хэмжээгээрээ зарцуулах мөнгө төгрөгтэй болсон. Дуртай сургуульдаа сурч байна. Дахин дурлалаа. Үүнээс илүү хувь заяа, азтай цаг мөч гэж юу байх вэ. Гэхдээ сэтгэлийг нь зовоож буй нэг зүйл бий. Тэр нь Халиунаа хүүхэдтэй гэдгээ, хүү нь одоо гурван настай Монголд амьдарч байгаа гэдгийг Төгөлдөрт хэлж амжаагүй, хэлж зүрхлээгүй явдал байв.

Төгөлдөр түүнд аль ч талаараа маш ихээр таалагдаж, мөн өөрийг нь хайрлан, дурлаж байгаад тэрээр баяртай байв. Хэрвээ түүнд хүүтэй гэдгээ хэлчихвэл, өөрөөс нь холдчихож магадгүй гэж битүүхэн санаа зовж яваа болохоор хэлж чадахгүй байсаар байгаа нь энэ. Төгөлдөрийн хувьд нас залуу, урьд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй, тиймээс хүүхэдтэй хүүхэнтэй суухыг хүсэхгүй, аав ээж нь ч хүлээн зөвшөөрөхгүй байж болох юм . Харин Халиунаа хэдий болтол нууж явах билээ өнөөдөр боломж гарвал “би хүүтэй, хүүг минь Учирал гэдэг, Монголд байгаа, амьдралаа жигдэлчихээр, сургуулиа төгсөөд хүүгээ өөр дээрээ авч, өсгөж хүмүүжүүлнэ гэж бодож байгаа хэмээн “хэлэхсэн гэж бодож төлөвлөж байв. Гэсэн ч энэ тухай ярьж чадах эсэхдээ бас эргэлзсээр л… Төгөлдөр түүнд хэдийгээр сэтгэлтэй сайн байгаа ч гэсэн, Халиунаа амьдралдаа олон дахин алдахаас айж болгоомжилж байв. Одоо л зөв сонголт хийх ёстой, олон дахин алдах эрх түүнд байхгүй. Төгөлдөр цайвар саарал хослол дээр бор шаргал өнгийн зангиа зүүж, мөн тийм өнгийн хүрээтэй нүдний шил зүүсэн байв. Голдуу биед эвтэйхэн энгийн хувцас өмсдөг тэрээр иймэрхүү дэгжин, хүндэтгэлтэй хувцасласан нь Халиунаад улам дотно сайхан сэтгэл төрүүлэв. Тэд Чикаго хотын залуус орох дуртай дээд зэрэглэлийн ресторанд орж үдшийг өнгөрөөв. Төгөлдөр хэдийгээр оюутан ч гэлээ, зурсан зургуудаараа чамгүй хэдэн төгрөг олчихдог болохоор ээж ааваасаа хамааралтай биш, бие даан амьдардаг байв. Энэ байдал нь ч Халиунаад таалагдаж байлаа. Өөрийг нь нэлээдгүй их мөнгөтэй болсныг мэдсэн даруйдаа Анхаагийн нөхрөөс эхлээд янз бүрийн зан гарган, хоргоож эхэлсэн эрчүүд мэр сэр байсан болохоор үнэндээ мөнгө төгрөггүй нэгнийг сонгох нь эрсдэлтэй мэт санагдаж байсан нь нууц биш юм. Харин Төгөлдөр бол тэднээс огт өөр ажээ.

Тэд бие биедээ хайрын үгс шивгэнэж, харцаараа тааламжтай сайхан байгааг илтгэн хоолоо идэж суулаа. Төгөлдөр, Халиунаад хандан, “Чи минь өнөөдөр ямар сайхан харагдаж байна вэ. Улам л үзэсгэлэнтэй болоод байх юм. Зүрх сэтгэл минь тэр чигтээ чиний төлөө тэмүүлдэг болсон. Би чамдаа хайртай шүү, би ямар их аз жаргалтай байна гээч” гэж хэлэнгээ, Халиунаагийн хоёр гарыг нь атган зөөлхөн үнслээ. Халиунаа ч бас энэ үдэш аз жаргалаар бялхаж байв. Төгөлдөр түүнийг хоолоо идэж дууссаны дараа өмнө нь ирж сөхөрч суугаад, гоёмсог жижигхэн хайрцагтай, тансаг нарийн хийц бүхий эрдэнийн шигтгээтэй бөгжийг өмнө нь барьсанаа,” сүйт бүсгүй минь болооч” хэмээн гуйв. …Бурхан минь…Халиунаа энэ мөчийг хүлээж байсан ч ийм хурдан, тэгээд өнөөдөр энэ үйл явдал болно гэж төсөөлөө ч үгүй байв. Тэрээр балмагдан гайхаж, бас баярлан хөөрч , ..дуу алдсанаа,…. сандарч тэвдсэндээ улаа бутран гэрэлтэх хоёр хацраа алгаараа дараад, …нүдийг нь бүрхэж ирсэн баярын нулимсаа дотогшоо залгиснаа,

Төгөлдөрөөс бөгжийг авч, түүнд юу ч хэлэлгүйгээр чив чимээгүйхэн хүзүүгээр нь тэврэн авч удаан гэгч нь үнслээ. Энэ үед догдлон тэмүүлсэндээ түргэн түргэн оволзох зүрхнийх нь цохилтоос түүнийг өөрт нь зөвшөөрч байгааг Төгөлдөр төвөггүйхэн ойлгож байлаа. Өмнө нь Халиунаа дурлаж, хайрлуулж явсан нь үнэн, гэхдээ Цэлмэг ч тэр, Жэм, Тэмүүлэн аль нь ч түүнийг “сүйт бүсгүй минь болооч “ хэмээн чин сэтгэлээсээ гуйн , сүйн бөгж өгч явсан удаагүй. Харин өнөөдөр хайрлаж байгаа залуугаасаа ийм нандин үг сонсож, ийм эрхэм бэлэг авсандаа, хувь заяандаа, энэ мөчийг бэлэглэсэн цаг хугацаанд баярлаж талархаад ч барахгүй байв. Амьдрал сайхан юм аа,… бөгжийг хуруундаа зүүж суухдаа, Халиунаа яг ингэж бодож байв “Амьдрал баян бас сайхан юмаа” гэж. Гэхдээ тэрээр энэ сайхан мөчийг яг энэ чигээр нь хадгалан үлдэхийн тулд Төгөлдөрт хүүтэй гэдгээ хэлж амжсангүй. Бас зүрхэлсэнгүй. Зөвхөн дотроо хадгалсаар үлдлээ. Нууц бүхэн хэзээ нэгэн цагт ил болдог. Тэр тусмаа үр хүүхдээ нууж удаан амьдарна гэдэг бол байж боломгүй мэт. Харин түүнийг Төгөлдөр хэрхэн хүлээж авахыг ирээдүйгээс л харах үлдлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…