Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 25-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 25-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
0
988

Халиунаа оюутан болохоор шийджээ. Чикаго хотын их сургуульд элсэж ороод удаагүй байгаа тэрээр нөгөө “мөнгөтэй хүн лаа иднэ үү, луувангаа иднэ үү “ хамаа алга гэдэг л болоод байлаа. Авахыг хүссэн бүгдээ худалдан авч, өгье гэсэндээ өгч мөнгө төгрөгийг байгаа хэмжээгээрээ зарцуулж байв. Магадгүй хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгө,…” гэнэт алган дээр буух” шиг өөрөө хүрээд ирсэн мөнгө төгрөгийн үнэ цэнэ хоорондоо тэр хэмжээгээрээ ялгаатай байдаг ч байж болох юм. Гэхдээ Халиунаагийн хувьд сургуульд орж суралцсан нь хамгийн зөв шийдвэр байлаа. Залуу хүн юм үзэж нүд тайлж, номын дуу сонсох хэрэгтэй байсан биз. Халиунаа багаасаа хүсэж мөрөөдөөд байсан загварын сургуульдаа орсонгүй. Харин арай өөр чиглэлээр сурахаар шийдэж радио телевизийн хөтлөгч, шоу менежерийн ангид элсэн оржээ. Аз таарч хэн хүнд амархан олдоод баймааргүй их мөнгөний эзэн болсон тэрээр ашигтай бизнесийг сонгон авч одоо байгаагаасаа илүү улам бат бөх хөл дээрээ зогсох боломжтой байсан юм. Гэсэн ч тэрээр тэгсэнгүй, сургуульд сурч мэргэжил боловсролоо дээшлүүлэн, тэр хэмжээгээр өөрийгөө дайчлан мөнгө төгрөгөөс илүү нэр алдартай болохыг хүсэж байв. Нэр алдартай болсон цагт хөрөнгө мөнгө аяндаа дагаад ирнэ гэдгийг ч гадарлаж байлаа. Одоо хамгийн чухал нь олон юманд сэтгэл санаагаа хоёрдуулаад байлгүй сайн суралцах хэрэгтэй байсан юм.

Иймэрхүү төлөвлөгөөтэй нэлээд хэд хоногийг өнгөрөөсөн тэрээр өдөр хичээлээ тараад хэлний түвшингээ сайжруулах шаардлагатай байсан болохоор чөлөөт цагаараа бие дааж үзэхээр шийдэн сургуулийн номын сан руу алхаж явав. Цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн оюутнууд нааш цааш холхилдон, нэг хэсэг нь цэцэрлэгийн сандал дээр сууж хоорондоо элдвийг ярин хөхрөлдөн инээлдэж, зарим нь ганц хоёроороо хичээлээ давтаж байгаа бололтой “нөөтбүүк” ширтэн суух, гар утсаараа оролдон тоглож суугаа хүүхдүүд ч зөндөө,… Энэмэтчилэн байдаг л их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгийн дүр зураг үргэлжилнэ. Ойрын үед хүүтэйгээ, бас Тэмүүлэнтэй ярьж амжаагүй тэрээр бодолд автан алхаж явтал гэнэт ард нь хүн дуугарах шиг болов. Дуугарах дуугарахдаа Монгол хэлээр ярих шиг болохоор нь эргэн харвал, өндөр биерхүү цайвар царайтай, давхраагүй мөртлөө нүдэнд дулаахан зөөлхөн харцтай нэгэн залуу зогсож байлаа. Халиунаа түүнийг хараад золтой л дуу алдчихсангүй цаанаа л танил дотно, сэтгэлд ойрхон царай…хэзээ нэгэн цагт таньдаг ч байсан юм шиг… -Сайн байна уу, уучлаарай, …та Монгол уу, хэд хоногийн өмнөөс л би өөрийг чинь ажиглаж байсан юм. Та радио телевизийн ангид ирсэн шинэ оюутан байхаа, би танай зэргэлдээ найруулагчийн ангид сурдаг.

Манай салбарт монгол оюутнууд их ховор л доо. Тэгээд таныг хараад их баяртай байсан. Утсаар ярьж байгааг тань сонсоод Монгол юм байна гэж мэдсэн юм гэж хэлэнгээ инээмсэглэхэд, Халиунааг ямар нэгэн далдын зөн совин энэ залуутай ойртуулан учруулсан мэт санагдан, нэг тийм хэнд ч хэлмээргүй, эсвэл бүгдийг уудлан яримаар нууцхан мөртлөө сайхан мэдрэмж төрөхөд тэрээр бага зэрэг өөрөөсөө ичсэнээ , түүнлүү харж толгой дохин инээмсэглэж, -Сайн, сайн байна уу, тийм ээ би энэ сургуульд ороод удаагүй байгаа. Монгол оюутнууд нэлээдгүй байдаг гэсэн гэхдээ яг ямар салбарт нь байдгийг нь анзаарч амжаагүй л байгаа гэж хэлэхдээ өрөө ч мэдэлгүй бага зэрэг түгдчин сандарч байв. Нөгөө залуу -Ингэхэд та хаа хүрэх гэж байгаа юм бэ, хичээл чинь ийм эрт тарчихсан юм уу, намайг Төгөлдөр гэдэг одоо хоёрдугаар курс гээд, түүнтэй танилцахаар гараа сунгахад нь Халиунаа гар барингаа нэрээ хэллээ. -Би номын санд жаахан суудаг юм уу гээд, лекц орохоор англи хэлээ гүйцэж сонсож чадахгүй хоцрох гээд байна. Тэгээд бие дааж үзэхээр шийдээд ойр зуурын юм харах санаатай гэж хэлчихээд, “танихгүй залууд хичээлээ гүйцэхгүй байна ч гэх шиг юун “мангар” юм ярьчхав даа” гэж бодон санаа зовсон байдалтай зогслоо. Төгөлдөр Халиунаад хандан,

-Би ч бас номын сан орох санаатай явж байсан юм, тэгвэл хамтдаа явъя гэсээр тэд цааш явцгаав. Төгөлдөр дунд сургуулийн сурагч байхаасаа Чикагод иржээ. Зургийн чиглэлээр таван жил сурч төгсөөд, мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч нэг л боломж нь гарч өгөхгүй болохоор нь түрүү жилээс найруулагчийн ангид элссэн орж суралцаж байгаа нь энэ. Тэрээр Чикагод ээж аавын хамт амьдардаг бөгөөд, Халиунаатай насаар ойролцоо удахгүй хорин ес хүрэх аж. Зураачаар сурч байхдаа ээжийнхээ найз бүсгүйн охинтой хэсэг үерхэж байсан боловч тэд гэр бүлээрээ Монгол руугаа буцсан болохоор тэдний үерхэл тэгсгээд төгсгөл болжээ. Хэр баргийн охидыг тоомжиргүйхэн өнгөрөөдөг Төгөлдөр Халиунааг анх хараад л бараг дурлаж орхижээ. Тэгээд түүнтэй танилцах боломжийг хайсаар өнөөдөр санамсаргүй сургуулийн цэцэрлэгт ийнхүү тааралдаж зориглон мэнд мэдсэн нь энэ байв. Халиунаад ч гэсэн Төгөлдөр үнэхээр их таалагдаж байв. Урьд өмнө нь хэзээ нэгэн цагт тэд учирч байсан юм шиг, нэг тийм дотно дулаахан мэдрэмж аль алинд нь төрж байсан юм.

Амьдралдаа хоёр ч удаа дурлаж үзсэн Халиунаагийн дурлал бүтэмжтэй байгаагүй нь үнэн. Хоёулаа өөрөөс нь олон насаар ах, тэгээд ч гэр бүлтэй. Цэлмэгтэй танилцахад Халиунаа дөнгөж сургуулиа төгсөж ирээд ажил амьдралын гараагаа эхлэх гэж байсан үе. Дээд албан тушаалын царайлаг сайхан залуу хамаг байдгаа барьж гүйн, араас нь хөөцөлдөхөд тэрээр өөрийн эрхгүй түүнд татагдсан нь нууц биш юм. Харин гэр бүлтэй байсныг нь хожимдож мэдсэн ч нэгэнт дурлачихсан, тэгээд хэвлийдээ үртэй болчихсон тэрээр Цэлмэгийг өөрийн болгохоос бусдыг бодохгүй явсан үе бий. Харин Тэмүүлэнгийн хувьд бол Халиунаа анхнаасаа түүнд дурлаж сүйд болоогүй. Тиймдээ ч одоо цагийн зарим бүсгүйчүүдийн жишгээр Америк эртэй суучихвал боломжийн амьдарч болно гэсэн “мунхаг” бодолтойгоор Жэмийг сонгож явсан удаа бас бий. Нэгэнт л алдаж , онож явсаар ухаан суудаг залуу нас хойно, одоо өнгөрч холдсоныг эргэн дурсаж, буруутган бодоод яах ч билээ.

Харин Тэмүүлэн хүүг нь аваад Монгол руу явсан тэр өдрөөс ганцаардан гуниглаж, учраа олохгүй шаналан, бусдын хайр энэрлийг үгүйлэн санагалзаж явахдаа өөрийгөө Тэмүүлэнд маш их хайртай юм байна, сайн хүнээ өөрөөсөө холдуулчихлаа хэмээн өнөөдрийг хүртэл харамсан санагалзаж яваа. Гэхдээ энэ бүгд жинхэнэ хайр сэтгэл мөн үү , эсвэл хүнд хэцүү үед тохиолдсон түр зуурын дурлал, санагалзал уу гэдгийг үнэндээ өөрөө ч сайн ойлгохгүй, хариултыг нь олж харахгүй яваа билээ. Санан мөрөөдөж хүсэн тэмүүлээд байхаар хайр юм шиг, гэтэл үнэхээр бие биендээ тохирсон, бие биенийхээ төлөө гэсэн тийм агуу сайхан хайр мөн бол тэд хэдийн хамтдаа байх ёстой бус уу. Гэтэл Тэмүүлэн түүнийг биш гэр бүлээ сонгоод одоо тэдэнтэйгээ хамт амьдарч байгаа. Олон, олон алдаа оноотой дурлалд жигүүрээ гээж яваа Халиунаа маань энэ удаа жинхэнэ өөрийг нь сонгох, өөртэй нь хамт байж, үнэн сэтгэлээрээ хайрлаж чадах тийм эр хүнийг олсон байгаасай гэж залбирах минь,…. Халиунаа ч бас яг ингэж бодож байлаа.

Харин энэ үед Цэлмэг эмнэлгээс гарах болжээ. Гэхдээ тэрээр хөл дээрээ ойрын хугацаанд лав босох боломжгүй болсон байв. Магадгүй хэдэн жилийн дараа гаднын хөгжилтэй оронд урт удаан эмчилгээний үр дүнгээр хөл дээрээ босох өдөр ирэхийг үгүйсгэхгүй. Харин энэ удаа бол аав ээжээрээ түшүүлээд, ханиараа түрүүлсээр суумгай хүний тэргэнцэртэй гэртээ ирлээ. Хүү охин хоёр нь аавыгаа зөндөө их санасан бололтой хүзүүнээс нь зүүгдэж, бага охин байн байн аавынхаа өвөр дээр суух гэж зүтгэнэ. Том хүү Чингүүн нь энэ жил сургуульд орно. Дүүгээсээ хэдэн насаар ах гэсэндээ, аавыгаа яагаад ийм болоод ирснийг ойлгох санаатай хэрэндээ л том хүн шиг олон зүйлийг ааваасаа шалгааж байв. -Ааваа, та минь яачихав аа, хэзээ энэ сонин дугуйн дээрээсээ босох юм бэ, би зурагтаар ийм дугуйн дээр суусан хүмүүсийг зөндөө харж байсан. Тэд чинь өвдчихсөн хүмүүс байдаг. Та бас тэд нарын адил өвдчихсөн юм уу. Уг нь ээж намайг намар сургуульд орохоор аав чинь хүргэж өгнө гэсэн. Тэгээд олон шинэ найзуудтай болно гэж байсан. Тэр үед та хөл дээрээ босож явна биз дээ. Ийм дугуйтай лав сургууль дээрээ очихгүй шүү. Хүүхдүүд шоолно. Гэхдээ би таныг цэцэрлэгээр түрээд явна аа,… гэхэд Цэлмэг,

-Миний хүү санаа зоволтгүй ээ, аав нь удахгүй хөл дээрээ босно, тэгээд хүүгээ дагуулаад сургуульд нь хүргэж өгнө. Бас бүгдээрээ хөдөө явна, ууланд гарна. Харин одоохондоо аав нь ээжид нь сайн тус дэм болж чадахгүй байгаа болохоор миний хүү л аавынхаа оронд ээждээ тусалж, дүүгээ сайн харж өгнө шүү дээ, гэж хэлэнгээ түүний духыг үнэрлэхэд, Чингүүн аавтайгаа адилхан зөндөө том болчихсон мэт санагдаж урамтайхан толгой дохиж зогссон. Сарнай Цэлмэг болон хамтдаа гэрт нь ирсэн аав ээж, ойр дотнынхондоо хоол цай бэлдэж өгөв. Тэд хэсэг зуур элдвийг ярилцан хөөрөлдөж сууцгаагаад, ажилтай нь ажил руугаа, гэртээ харих нь гэр лүүгээ явцгаалаа. Сарнай нөхрөө ядарч байгаа байх гэж бодон оронд нь хэвтүүлээд, Намуунааг хоёр хүүхэдтэйгээ үлдээж сувиллын газраа эргэхээр гарч явав. Тэрээр хэд хоногоос бүгдээрээ хөдөө агаарт гарсан нь дээр байх гэж бодож төлөвлөсөн бөгөөд, зав чөлөөгөөр нь ажлаа хийж байхад амар гээд Цэлмэгийг сувиллын газартаа авчран асарч сувилан бас эмчилгээг нь үргэлжлүүлэн өөрөө хийхээр шийджээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *