Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 24-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 24-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
1
883

Жаргал эмийн сандаа өдрийг өнгөрөөлөө. Эртхэн гэртээ харьж хэдэн хүүхдүүдээ хоол унднаас нь хийлцэж өгмөөр байсан ч нэг л гэртээ харих хүсэл төрөхгүй байв. Учир нь Тэмүүлэнг бодохоор сэтгэл нь хямраад болохгүй байлаа. Орой болж эмийн сан хаах дөхсөн болохоор хөл хөдөлгөөн ч багатай байв. Хань ижил нь өөрийг нь хуурч байгааг мэдсэн тэр мөчөөс эхлээд сэтгэл санаа нь нэг л тогтворгүй байдаг болов. Уг нь Жаргал олон жил тусдаа амьдарсан эр нөхөр нь гэртээ ирж, одоо л нэг элэг бүтэн амьдрах нь хэмээн итгэж найдаж байсан билээ. Тэмүүлэнгийн ажил төрөл урагштай байж, охид нь аав ээжтэйгээ сэтгэл дүүрэн амьдарч байгаа болохоор “ашгүй амьдрал минь нэг хэвэндээ орлоо доо” гэж баярлаж байсан юм. Гэсэн ч тийм биш байжээ. Эр нөхөр нь Америкт амьдарч байх хугацаандаа тэндээ нууц амрагтай болж, бүүр түүнийхээ хүүхдийг гэртээ авчран өөрөөр нь өсгүүлж, тэгээд түүнээс далдуур тэр хүүхэнтэйгээ байнга ярьж, холбоотой байгааг мэдсэнээс хойш дургүй нь хүрэв. Тэгээд ч одоо Тэмүүлэнд дахин итгэх итгэлгүй болсон мэт санагдана.

Жаргал нөхөртэйгөө энэ талаар ярилцаж, эсвэл уур бухимдлаа тайлан хэрэлдэж хэлэлцмээр байвч тэгсэнгүй. Хэрвээ Тэмүүлэнгийн нэг ая зан нь хөдлөөд тэр хүүхнээ сонгоод Америк руугаа буцаад явчихвал дахиж хэзээ ч эргэж ирэхгүй хэмээн бодож байлаа. Хэдийгээр Тэмүүлэн юу юуны духанд хүрэлгүйгээр гэр бүлээ орхиод явчих хүн чанаргүй нэгэн биш ч өнгөрсөн амьдрал, тусдаа байсан он жилүүд Жаргалыг ийнхүү эргэлзэхэд хүргэж байв. Тиймээс Жаргал дахин охидтойгоо орхигдож үлдэх вий дээ, гэж санаа нь зовсондоо Тэмүүлэнгийн байр байдлыг хэсэгтээ харахаар чимээгүйхэн дотроо шаналж суугаа нь энэ байлаа. Тэмүүлэнгийн хувьд барилгын ажил нь дуусах шатандаа явж байгаа болохоор ажил төрөл гэж “самгардаад” сүүлийн үед эхнэрээ ямар байгааг мэдрэх ч сөхөөгүй байгаа билээ. Халиунаа тэр хоёрын яриаг сонссон Жаргал ийнхүү уурлаж бухимдан өөртэй нь бараг дуугарах ч хүсэлгүй хэд хоносныг тэрээр анзаарсангүй.

Өнөөдөр гэртээ нэлээн оройтож ирсэн эхнэрийнх нь царай цаанаа л баргар байгааг сая л анзаарсан Тэмүүлэн -Хань минь бие чинь зүгээр үү, царай чинь нэг л цонхигор харагдах чинь, би ч ажил гэж гүйгээд та нартаа сүүлийн үед халамж анхаарал тавьж чадахаа байгаад л байх шиг байна. Одоо уг нь дуусах тун дөхөж байгаа юмсан. Энэ барилгын ард гарчихвал ч их том ажил бүтээчихлээ л гэсэн үг. Аятайхан юм босгочихвол дараагийн захиалга өөрөө л ороод ирнэ гэхэд, Жаргал хувцасаа солин нөгөө өрөөнд орох зуураа, цаанаа л дуу муутай байгаа бололтой сул дуугаар , -Миний бие зүгээр ээ, толгой жаахан өвдөөд, сүүлийн үед дотор муухайраад , бага зэрэг ядраад байгаа юм. Чиний ажил төрөл сайн байгаа бол болоо доо, гэж хэлснээ, дахиж юм ярихыг хүсэхгүй байгаа бололтой хүүхдүүдээ үнсчихээд өрөөндөө ороод хаалгаа хаачихав. Энэ үед хоолоо идчихээд аяга тавгаа хурааж зогссон том охин Анар нь ээжийнхээ ийнхүү сэтгэл санаа нь тавгүй байгааг анзаарсан бололтой, аавдаа хандан,

-Ааваа, ээжийн бие ойрдоо өвдөөд байгаа юм шиг байна лээ , намайг асуухаар зүгээр гээд байгаа юм. Та бид нарыг бараг унтаж байхад л ирж байгаа болохоор анзаарахгүй байсан байх. Өчигдөр орой бас бөөлжөөд байсан. Би хоолны хордлого авчихсан юм болов уу гэж бодоод гэхэд, охиныхоо яриаг сонсож суусан Тэмүүлэн ….арай “хөл хүнд” болчихсон юм биш байгаа даа. Гэтэл би гэдэг хүн мэдэхгүй явж байдаг гэж бодох зуураа нүдэнд нь инээмсэглэл тодорч бушуухан Жаргалын араас өрөөнд нь оров. Жаргал унтах гэж байгаа бололтой хувцасаа солиод ороо засаж зогсоно. Тэмүүлэн эхнэрийнхээ араас тэвэрч, өөр лүүгээ эргүүлээд духан дээр нь зөөлхөн үнссэнээ, -Чи минь арай “бие давхар” болчихсон юм биш биз дээ. Тэгээд намайг анзаарахгүй байгаа болохоор уурлаж бухимдаад байгаа юм уу гэж баярлаж догдолсон өнгөөр асуухад нь , Жаргал “нэрээ энэ чинь юу билээ, би чинь өчигдөр хоол идчихээд дотор муухайраад байсан. Сарын тэмдэг ирэх хугацаа хэтэрчихсэн байна , бас сүүлийн үед нэлээн ядраад байх болсон, олон юм бодож яваад энийгээ ч анзаараагүй юм байна…арай нээрээ … “ гэж бодсоноо Тэмүүлэн лүү харж “тийм ч амархан уярчихгүй шүү” гэсэн байдалтай царайгаа төв болгоод, -Үгүй байхаа, зүгээр л ядраад байгаа юм, тэгээд ч одоо жирэмсэн болж яадаг юм. Цаашдаа цуг байх ч юм уу, үгүй ч юм уу,….Өнөөдөр эртхэн унтаж амармаар байна. Чи хүүхдүүдээ унтуулчихаарай,… хэмээн нэлээн ширүүхэн, цаана л хүйтэн хөндий өнгөөр хэлэхэд, эхнэрээ ийм байдалтайгаар өөртэй нь харьцаж байгаад гайхсан Тэмүүлэнгийн баярлаж хөөрсөн царай хоромхон зуур барайж,

-За тийм бол яах вэ дээ. Уг нь өнөөдөр эрт ирсэн дээрээ та нартаа зориулаад амттайхан хоол хийсэн юмсан. Чиний энэ байдлаас харахад хаа нэг газар хоол идчихээд ирсэн бололтой гэж хэлэнгээ “цаашдаа хамт байгаа ч билүү, үгүй ч билүү ч гэх шиг , энэ одоо юу болоо вэ “ хэмээн дотроо битүүхэн хардах сэтгэл төрсөн ч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн, за ядраад байгаа бол эртхэн унтаж амар даа. Би хүүхдүүдтэйгээ жаахан байж байгаад унтана гэж хэлээд өрөөнөөс гарч явлаа. Саяхан л эртхэн унтаж амардаг юм билүү, гэж бодож байсан Жаргал хэдийн орондоо орсон ч нойр нь хүрэх шинж алга.\ Нээрээ жирэмсэн болчихсон юм биш байгаа даа, би яагаад энэ талаар бодсонгүй вэ. Маргааш ажил дээрээ очихоороо жирэмсний тест авч үзье байз. Одоо тэгээд жирэмсэн болчихсон байвал яанаа, нэг талаар дөч дөхөж яваа надад дахиад ганц хүүхэд гаргачихвал сайхан л байна. Тэгээд хүү байвал мөн сайхан аа, Тэмүүлэн ч гэсэн удам залгах өөрийн гэсэн хүүтэй болохыг хүсэж л байгаа байлгүй. Ямар сайндаа л айлын хүү тэврээд ирэх вэ дээ, гэж бодох зуур баярлан догдолж байсан сэтгэл нь дахиад л гунигт автав. Үгүй тэгээд өөр хүүхэнтэй учир ургуулсан нөхрийнхөө хүүхдийг гаргах хэрэг байна уу, цаашдаа цугтаа байх үгүй нь эргэлзээтэй санагдах болсон энэ үед жирэмсэн болдог нь ч бас юу билээ дээ. За ямар ч байсан маргааш үзэж байгаад л болъё. Юу ч болоогүй байхад муу юм бодоод яах билээ. Ер нь эмчид ч гэсэн нэг үзүүлээд авахад гэмгүй байх. Ойрд сэтгэл санаа дагаад ч тэр үү бие нэг л тавгүй байх болчихлоо” хэмээн элдвийг бодож байв. Харин энэ үед Цэлмэгийн хэвтэж буй эмнэлгийн өрөөнд……. Цэлмэг тархины болон нуруу нугасны хоёр ч хагалгаанд оров. Аз болоход хагалгаа амжилттай болж бие нь сайжрах талдаа орсон байв. Түүнийг байнга сахиж байсан Сарнай гадуур явж ажил төрлөө зохицуулах, хоёр хүүхдэдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болов. Тиймээс нөхрийнхөө биеийг харьцангуй гайгүй байгаа болохоор хөдөөнөөс ирсэн Цэлмэгийн ээжийнх нь дүүгийн хүүхэд болох Намуунаагаар түүнийг хэсэгтээ сахиулахаар болжээ. Хотод сургуульд сурах гэж ирээд төлбөр мөнгөний асуудлаас болоод жилийн чөлөө авсан Намуунаагаар Цэлмэгийг зүгээр ч нэг сахиулж байгаа биш өдөр өдөрт нь хэд гурван төгрөг өгч байхаар тохирчээ. Харин Цэлмэгийн аав, ээж, найз нөхөд, ах дүү хамаатан садан нь түүнийг байнга эргэж тойрч байлаа.

Сарнай нөхөртөө оройн хоол цай дөхүүлж өгөөд саяхан явжээ.. Цэлмэг эхнэрийнхээ авчирч өгсөн банштай шөлийг уучихаад эмнэлгийн тааз ширтэн хэвтэх зуураа бодолд дарагдав. Сүүлийн үед байнга л ингэж бодолд автах болжээ. “Хэдийгээр эмнэлэгт ирээд сар гаран болж байгаа ч эмчилгээ дуусах яагаа ч үгүй байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол бие нь бага багаар сайжирч байгаа нь сайшаалтай байв. Одоогоор компанийнх нь ажлыг эхнэрийнх нь дүү хариуцан ажиллуулж байгаа аж. Хааяа эмнэлгээс тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа ч, эмч бичиг цаастай орооцолдохгүй, компьютер гар утаснаас аль болох хол байж хэрэглэхгүй байсан нь дээр гэж хэлсэн болохоор дэмий л ийнхүү элдвийг бодон хэвтэх ажилтай болжээ. Нэг бол хэвтээ, нэг бол суугаа байдалтай байх болсон тэрээр хэзээ хөл дээрээ босохыг хэн ч хэлж чадахгүй байв. Эмч ч түүнд тодорхой хариулт өгсөнгүй. Ямарч байсан бие нь сайжрахаар тэргэнцэртэй гарч орж байж болно гэж хэлжээ. Хоромхон хугацаанд амьдрал, хувь заяа нь ийнхүү санаанд оромгүйгээр эргэсэнд тэрээр харамсаад ч барахгүй байв. Харамслаа гээд одоо яах билээ. Амьд үлдсэндээ л баярлаж суухаас өөр гарцгүй байв. Өөрийн хийсэн үйлдэл болон өнгөрч холдсон цаг хугацааг бодол дотроо эргүүлэн хөвөрдөж хэвтэнэ. Өвдөж шаналан хэвтэх үедээ л хүн гэдэг өнгөрснөө тунгаан бодож алдаа дутагдалаа үнэлж цэгнэн бусдыг хайрлах сэтгэлээр өөрийгөө тайвшруулан тайтгаруулдаг мэт.

Үе үе сэтгэлийг нь шавхуурдан, зүрхнээс нь базах мэт чангаах Халиунаа Учирал хоёрын тухай эргэн бодсоор…Ганц удаа ч болов тэр хоёртойгоо ярихыг хүсэж байвч Тэмүүлэнг Монголд ирснээс хойш тэднээс холбоо тасарчээ. Хагалгаанд орсны дараахан нь Тэмүүлэн түүнийг эргэж ирэхэд тэрээр Халиунаа хүү хоёрынхоо талаар асуусан боловч Тэмүүлэн түүнд тоймтой юм хэлээгүй. Холбоо барих утсыг нь олж өгнө гээд одоо болтол чимээгүй байгаа билээ. “Хүү минь хэр том болж байгаа бол. Тэднийгээ ямаршуухан байдалтай амьдарч байгаа талаар, ойрын үед Монголдоо ирэх болов уу” гэж асуухад, Тэмүүлэн “Халиунаа намайг наашаа явахад бараг хүнтэй суух гэж байсан, одоо тэр хүнтэйгээ суусан биз дээ” гээд өөр юм хэлэлгүй тойруу зүйлс ярьж байгаад хурдхан шиг гараад явсан. Халиунаа ч яах вэ, залуу хүн амьдралаа бодолгүй болохгүй. Учирал хүү минь яаж явдаг юм бол доо. Хэдийгээр хамт байж, цуг өсгөлцөж чадаагүй ч миний л үр хүүхэд шүү дээ, судсаар нь миний л цус урсаж байгаа. Ер нь ингээд бодоод байхад хүүдээ үе удам залгамжилж ирсэн аавынхаа хөөргийг өгсөн нь болсон юм шүү. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмын нэг ч байж болох юм. Харин Халиунаа үнэ цэнийг нь мэдэхгүй, муу хүмүүст алдчихгүй байгаа даа. За гайгүй биз дээ, …би ч бас өөдгүй л хүн дээ тэр хоёрыгоо явуулчихаад араас нь очиж чадаагүй. Сарнай мэдчихсэн болохоор надад боломж байгаагүй л дээ. Тэгээд ч сайн ханиа гомдоочихгүй явсан маань наддаа дээр байсан юм. Сайн эхнэртэй тулдаа би өдий зэрэгтэй яваа. Одоо ингээд хэвтрийн болчихсон би ханийнхаа энэ их ачийг яаж хариулана даа. Хэзээ нэгэн цагт хөл дээрээ босдог л юм бол үр хүүхэд хань ижлийнхээ төлөө чадах бүхнээ хийх болно оо” гэж өөрөө өөртөө амлан өөрийгөө зоригжуулан хэвтэж байв.

Жаргал өглөө эртлэн босож хүүхдүүдээ хүргэж өгчихөөд ажилдаа яаран ирэв. Тэрээр эмийн сангаасаа бушуухан шиг жирэмсний тест аван өөрийгөө шалгаж үзлээ. Хоёр улаан зураас тодоос тод үзэгдэнэ. ….”Бурхан минь жирэмсэн болчихож. Энэ олон жилийн дараа ямар сайхан юм бэ”…тэрээр утсаа шүүрэн авч Тэмүүлэн лүү залгаж баярт мэдээг дуулгах гэснээ болилоо. Түүнд гомдсон гомдол одоо болтол тайлагдаагүй бололтой. Тэрээр ширээний ард талын сандал дээр алгуурхан суув. “ Энэ хүүхдийг гаргах ёстой юу,….үгүй ээ би чинь юу бодох нь энэ вэ, гаргалгүй яадаг юм, хэрвээ хэзээ нэг өдөр Тэмүүлэн тэр хүүхэн лүүгээ яваад өгчихвөл , эсвэл тэр бүсгүй нь Монголд ирээд түүнтэйгээ хамт амьдрахаар болвол би яах вэ,…. дахиад л нэг нялх хүүхэдтэй, …үгүй ээ,… тэгээд тэртээ тэргүй хүний өөрийн олон хүүхэд өсгөж байгаа би, дөрвөн байна уу, тав байна уу ялгаа ер нь байхгүй биз дээ. Яаж ч бодсон хүүхдээ гаргасан нь дээр юм байна …..Ямар сайхан юм бэ, би бие давхар болчихсон байна ” хэмээн бодох зуур өөрийн эрхгүй царай нь цаанаа л жаргалтай өнгөөр туяаран гэрэлтэж, инээмсэглэл тодруулсан харцаар мишээснээ, гарынхаа алгаар хэвлийгээ зөөлхөн элэх тэрхэн агшинд эх хүнээс өөр хэн ч үл мэдрэх тийм нэг ер бусын хайр энхрийлэл сэтгэл зүрхийг нь дүүргээд ирэв…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *