Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 21-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 21-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
1,533

Цэлмэгийн компани улам өргөжин тэлж, дахин хүчээ авч эхлэв. Түүний түгээсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж хөдөөгийн олон мянган иргэдийг ундны цэвэр усаар хангаж чадсан тул энэ жил “Оны шилдэг залуу бүтээлч ажилтнаар” шалгаруулжээ. Нэр хүнд өсөхийн хэрээр хөрөнгө мөнгө, хувийн байр суурь даган дээшлэв. Мөн найз нөхдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж зарим нэг нь түүнийг ямар нэгэн намын харьяалалд багтаж, улс төр лүү орохыг ч зөвлөж байсан юм. Сарнай ч мөн ялгаагүй ажил төрлөө сайн хийж, сувиллын газар нь чамгүй нэр хүндтэй болж байлаа. Эмчилгээ оношилгоо чанартай хийгддэг, тохь тухтай, үнийн хувьд бусад газрыг бодвол харьцангуй бага боломжийн гэдгээрээ хүмүүст таалагдаж, хөгшин залуу, эмэгтэйчүүд, хүүхэд бүгд л тэдний сувиллын газрыг зорьдог болж байлаа. Сэтгэл санаа өөдрөг, тэмүүлэл дүүрэн, эрч хүчтэй, гэр бүл амгалан тайван байхад ажил төрөл нь тэр хэрээр цэцэглэн цэгцэрдэг гэдгийг тэд амьдралынхаа туршлагаас харуулан урагшилж байв.

Харин Тэмүүлэнгийн хувьд Монголдоо ирээд нэлээд хугацааг өнгөрлөө. Тиймээс өөртөө таарсан боломжийн ажил хийхээр төлөвлөж, инженер мэргэжил дээрээ тулгуурлан, өөрийн дүү нар болон хэсэг мэргэжил нэгт нөхдийг цуглуулан барилгын компани байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Хүний нутагт хангалттай ажилласан, одоо Монголынхоо ирээдүйд, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулна гэдэг түүний хувьд сайхан санаа, хийх ёстой ажлын нэг байсан юм. Танил тал, найз нөхдөөрөө хөөцөлдөн байж, ирэх оны эхний улиралд барилгын тендерт оролцох эрхээ ч авч амжсан байв. Ажил төрөл нь бүтэмжтэй сайхан байгаа ч амьдрал нь тэгтлээ сэтгэлд нь хүрэхгүй байв. Магадгүй хайрлаж яваа бүсгүй нь алс хол байгаа болохоор тэр ч байж болох юм. Тэглээ гээд одоо яах билээ. Үр хүүхдүүдийнхээ төлөө болохоос нь, болохгүйг нь хүртэл үзэхээр шийдэн “ханцуй шамлан “ зүтгэж байв. Халиунаа түүнийг нэг хэсэгтээ хүүтэйгээ хамт байхыг зөвшөөрсөн болохоор тэрээр Учиралыг өөр дээрээ байлган гэртээ авчирч, эхнэр охидтойгоо хамтдаа амьдарч байв. Шинэ ажил эхлүүлэх гэж зүтгэж яваа болохоор өдөр ирэх тусам цаг цаг зав багатай, гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг болов. Охид нь Учиралтай дотносож, түүнийг яг л дүү шигээ хайрлан, ижилсэж байгаа нь сайхан байлаа. Харин Жаргалын хувьд Учиралд нэг л хүйтэн хөндий хандаж байгаа нь Тэмүүлэнд ажиглагддаг байв. Тэглээ гээд Тэмүүлэн Жаргалд хатуу үг хэлж, дургүйцэж чадахгүй байв. Тэгэх эрх ч түүнд байсангүй. Тэмүүлэнг Жаргал бага ч гэсэн ойлгон ухаарч, хаа хамаагүй хүний хүүхдийг гэртээ үр хүүхдүүдтэйгээ хамтдаа өсгөхөд нь ил цагаан дургүйцэж зүтгээгүйд нь битүүхэн дотроо баярлаж явдаг болоод тэр ээ…

Хэрвээ Жаргал “энэ юун хүүхэд юм, …надад хамаагүй, гэр орондоо байлгаж чадахгүй, өөрийн үр хүүхэд байсаар байхад, эцэг эхтэй хүүхдийг заавал бид нар авч өсгөх ямар хэрэгтэй юм бэ“ гэж дургүйцэн өөрийнхөөрөө зөрсөн бол Тэмүүлэн яаж ч чадахгүй байх байлаа. Гэтэл Жаргал тэгээгүй Тэмүүлэнгийн хүссэнээр хүүг гэртээ охидынхоо хамт юугаар ч дутаахгүй өсгөж байгаа. Тийм л учраас Тэмүүлэн Жаргалыг Учиралд зарим үед ширүүхэн хандахад, “яваандаа, хань минь хүүд дасаж, магадгүй надаас ч илүү хайрлан эрхлүүлэх биз дээ” хэмээн уужимхан бодолтойгоор хүлээн харзнаж байв. Тэднийг ийнхүү амьдарч байхад Халиунаа сэтгэл санаагаар гундуу, хүүгээ санан бэтгэрч байлаа. Хэцүү бүхнийг ардаа орхиод Монгол руугаа буцъя гэхээр ахиад л хүний царай харсан амьдрал угтана. Нэгэнт л энэ газар орныг зориод ирсэн юм чинь хэд гурван төгрөгтэй болж, зорьсон зорилгоо биелүүлээд буцсан нь дээр гэж бодон тэвчээртэйхэн өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Маргааш амралтын өдөр тул тэрээр гэртээ ганцаараа гиюүрч хэвтсэнээс гээд хань бараа татан Анхаагийнд очиж хонохоор тэднийх рүү явав.

Анхаа түүнийг нөхөртэйгөө хамт ширээ засан дайлж цайлан угтаж авлаа. Тэд шөнө дөл хүртэл элдвийг ярилцан хөгжилдсөөр цаг нэлээн орой болсон хойно амарцгаав. Халиунаа Жэмээс холдож, Тэмүүлэн хүү хоёроо Монгол явснаас хойш сэтгэл нь гундуу, цаанаа л уйтгар гунигтай, ганцаардмал байгааг ажиллаж байсан Анхаа түүнийг нэг удаа ч гэсэн баярлуулан, сэтгэлийг нь сэргээхээр шийдэн маргааш хамтдаа дэлгүүр хэсэж, гадуур зугаалан амралтын өдрөө хамтдаа сайхан өнгөрөөхийг хүсэж санал болголоо. Халиунаа ч түүний энэ саналыг дуртай хүлээж авав. Бүсгүйчүүд маргааш өглөө нь эртлэн босож, Анхаагийн нөхрийн бэлдсэн цай, хоолыг амтархан идээд гэрээс гарцгаалаа. Тэд Чикаго хотын төв гудмаар алхалж, орох дуртай дэлгүүрүүдээрээ хэсэж өдрийг зугаатай сайхан өнгөрөөж байв. Үд дунд нэлээн өнгөрсөн хойно Чикаго таунаар орж хоолонд ороод гарч явтал зэргэлдээх үйлчилгээний төвийн үүдэнд олон хүмүүс цугларсан байхыг хараад тэдэн дээр сонирхон очлоо. “Америк Ньюс” телевизийн сувгаар сар болгон сугалааны тохирлыг шууд дамжуулдаг Америктаа нэр хүндтэй шоу нэвтрүүлгийн сүүлчийн өдөр тул хүмүүс сугалаагаа авахаар ийнхүү цувран зогссон нь энэ байжээ.

Хүмүүс тэр болгон сугалаа энэ тэр гэж хошуураад байдаггүй ч, энэ сугалааны супер тохирол нь хэдэн зуун сая доллароор хэмжигддэг, тэгээд ч чамгүй олон хүнийг хамардаг, сугалааны зохион байгуулалт үнэн бодитой явагддаг гэдэг утгаараа олон оролцогчдыг байлдан дагуулж чаджээ. Анхаа бусдыг бодвол аз сорих дуртай, далдын ид шид, ер бусын хүчинд итгэдэг, нэлээд шүтлэгтэй бүсгүй юм. Тиймээс Халиунаад хандан, -Миний дүү нэг сугалаа авахгүй юм уу, өнөө орой тохирол нь телевизээр явагдана шүү дээ. Хоёулаа ирэх оныхоо азыг үзье л дээ. Би нөхөртөө бас өөртөө нэгийг авлаа “ гэж хэлэнгээ урт цуваа үүсгэн зогсоо хүмүүсийн ард очиж зогслоо. Халиунаад ямар ч сугалаа авах хүсэл байсангүй. Учир нь тэрээр ийм юманд итгэдэггүй нэгэн байв. Сугалаа бол ”хүмүүсийн тархийг угаасан, мөнгө олох нэг зальтай арга” гэж боддог байв. Тиймдээ ч эргээд санахад амьдралдаа нэг ч удаа сугалаа худалдан авч үзээгүй байв. Тэрээр Анхаад хандан, -Та өөрөө л авна гэснээрээ ав даа, дүү нь ийм юманд итгэдэггүй хэмээн нэлээн дурамжхан өнгөөр хэлэхэд, Анхаа, -Өөртөө авахгүй юм бол, ядаж хүүдээ ав аа,.. Хүүхдийн заяа түшдэг гэдэг юм. Тэгээд ч орой нөхөр бид хоёр тохирлоо тааруулах гээд суухад, чи хажууд зүгээр суугаад байснаас сонирхолтой шүү дээ. Хамт тохирол тааруулъя . Миний мэдэхийн маш олон хүнд хэдэн сая доллар таарч байсан. Бидэнд ч бас тийм азтай, одтой өдөр ирэх ч юм билүү. Ядаж нэгийг Учиралд зориулаад ав л даа гэж гуйсан, аргадсан өнгөөр хэлэхэд, Халиунаа түүний урмыг бодон, -Нээрээ хүүдээ зориулаад нэгийг аваад үздэг ч юм билүү, гэж хэлэнгээ түүний хажууд ирж зогслоо.

Анхаа нөхөртөө, өөртөө нэг нэг сугалаа авч, Халиунаа ч мөн хүүдээ нэг сугалаа авснаар тэд тэндээс явцгаав. Үдшийн хорин хоёр цагт сугалааны тохирол “Америк Ньюс” телевизээр шууд дамжуулагдана. Бүсгүйчүүд Чикаго таунаас гараад гэр лүүгээ дөхөж явах замдаа нэгэн ресторанд орж хэсэг суув. Тэд вино уунгаа сэтгэл санаагаа уудлан ярилцаж, жаргал зовлонгоо хуваалцан уйлахдаа уйлж, инээхдээ инээж хэдэн цаг суулаа. Халиунаад ингэж дотроо онгойтол ярих хүнгүй хэсэгтээ хэцүү байсан болохоор Анхаад бодол санааг нь эрчлэн ороож, зүрх сэтгэлийг нь өмрөн урж байсан хэцүү бүгдийг уудлан ярьж сэтгэлээ онгойлгов. Ингэж суух нь түүнд үнэхээр сайхан байлаа. Орой сугалааны тохирол гарахаас өмнө тэд яаран гэртээ ирцгээв. Халиунаа Анхаагийнд хоноод өглөө тэндээсээ ажилдаа явахаар шийджээ. Анхаагийн нөхөр Энри бол үндсэн гарал нь Испани хүн. Гэвч гэр бүлээрээ Америкт ирж суурьшаад их удаж байгаа аж. Анхаатай гэр бүл болсноос хойш монгол хоолонд дуртай болж , зарим нэг хоолыг маш сайхан хийж сурчээ. Тэр хоёрыг гэртээ ирэхэд нь Энри хуушуур хайрч, бас төмсний болон шинэ ногооны холимог салад бэлдсэн байв. Тэд хамтдаа хооллоод сугалааны тохирлоо тааруулахаар тухлан суулаа. Телевизийн хөтлөгч залуу нэлээд олон сугалааны тохирол тааруулсан боловч Энри, Анхаа, Халиунаа гуравт ямар ч хамааралгүй байв. Одоо зөвхөн эцсийн супер гурван сугалааны тохирол тааруулах үлдэж, Халиунаад энэ бүхэн ямар ч сонирхолгүй байв. “Энэ хоёр шал дэмий зүйл сонирхож байх юм “гэж тэрээр бодсоноо өөрийнхөө сугалааг ширээн дээр орхиод жүүс хийж уухаар гал зуухны хэсэг рүү явлаа.

Гэнэт Анхаагийн “6..5..8…5..5….эхний таван тоо нь чинийх таарчихлаа, Халиунаа …хүүе ээ.. Халиунаа” хэмээн сандчин хашхирахад тэрээр гайхан түүн лүү харснаа ойртон ирж, сугалаагаа аван дахин тааруулж харвал, нээрээ ..6..5..8..5..5 , таарчээ. Дараагийн дөрвөн тоо…9..3..4.4 бас таарчихлаа…БУРХАН МИНЬ ГЭЖ юу болох нь энэ вэ,…тэрээр сугалаанд хожчихлоо…Хөтлөгч залуугийн супер азтан .”.658559344”..гээд тоог давтан хэлээд ЖАРАН САЯ ДОЛЛАР гэж хашхирч байлаа… Хөтлөгч залуу ,”супер азтан ирэх долоо хоногийн яг энэ цагтаа бичиг баримттайгаа нэвтрүүлгийн студид хүрэлцэн ирэхийг урилаа. Гэвч түүний яриаг анхааран сонсох сэхээ тэр гуравт байсангүй. Анхаа баярласандаа доороо дэвхцэн, үсэрч, чарлаж байсан бол түүний нөхөр Халиунааг тэврэн авч баяр хүргэж үнсэв. Халиунаа харин учрыг сайн ойлгосонгүй, нэг бол энэ андуурал байх,…. эсвэл өөрөө зүүдлээд байгаа ч юм шиг…түүнд санагдана. … “Магадгүй түүний зовлон шаналлыг бурхан сонсжээ. Тиймээс түүнд ийм их аз таарлаа. Аз таарах, таарахдаа насан туршийнх нь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадах тийм гэнэтийн, ер бусын аз таарчээ. “ИЙМ ЗҮЙЛ ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ ГЭЖ ҮҮ” ,… гэж тэрээр өөрөө өөртөө шивгэнэн хэлэхэд, хоёр хацрыг даган нулимс урсах бороо мэт сад тавин асгарч байлаа. Гэхдээ энэ удаа гуниг зовлонгийн нулимс бус баяр хөөр дүүрэн, аз жаргалын амт мэдрэгдсэн нулимсан дуслууд бие биеэсээ уралдан цутгаж байсан юм…”ЖАРАН САЯ ДОЛЛАР ШҮҮ ДЭЭ“…хувь заяа хэрхэн эргэх бол….

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *