Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 19-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 19-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
1,710

Халиунаа хоёр гурав хоног Анхаагийнд байв. Аз болоход түүнийг ажлаас халаагүй байлаа. Гэхдээ “дахин ингэж хэд хоногоор ажил таслан хэл чимээгүй алга болвол ажлаас хална” хэмээн захирал бүсгүй сануулга өгөв. Үр хүүхдээ хэл чимээгүй алдчихсан. Эхнэр нөхөр болно гэж итгэж найдаж байсан залуугийнх нь үнэн дүр төрх танигдсан гээд чамгүй олон асуудалтай тулгараад байсан түүнд энэ сануулга бол тийм ч чухал санагдсангүй. Зөвхөн ажлаас халагдаагүйдээ баярлаж байв. Ажлаа хийж байгаа цагт арга нь олдоно гэж бодсон тэрээр хүүгийнхээ сургийг гартал Анхаагийнд түр байхаар шийджээ. Анхаа ч анх Халиунааг Жэмтэй танилцуулж түүнтэй суухыг ятгаж байсан болохоор гэм буруугаа цайруулах гэсэн мэт Халиунаад чадах чинээгээрээ санаа тавьж , сэтгэл санааг нь хуваалцаж байв.

Өнөөдөр ажил нь нэлээн эрт тарсан тул Тэмүүлэнгээс хариу ирсэн байж магадгүй гэж бодон, интернетээ шалгангаа аяга халуун кофе уухаар зэргэлдээх кофены газар луу орлоо. “Хүүг маань чухам ямар учраас Монгол руу аваад явсан юм бол доо, Цэлмэг аваад ир гэсэн юм болов уу, надад хэлэхгүй хүүг минь аваад явчихсан байдаг гэтэл би тэр хүнд ойр дотнын хүн шигээ итгэж өөрийн үр хүүхдээ харуулж байсан. Хүү минь өдийд ямаршуухан янзтай байгаа бол” гэж бодохоос өдөржин байх суух газраа олохгүй байсан тэрээр бушуухан шиг өөрт нь мессэж ирж үү гэдгийг шалгалаа. Ашгүй “БУРХАНЫ АВРАЛ” Тэмүүлэнгээс захиа ирсэн байв. Түүний бичсэн мөрүүдийг хацар даган урсах нулимсаа бөмбөрүүлэн байж уншлаа. “ Хүү нь сайн байгаа….надад өмнө нь итгэж байсан шигээ итгээрэй хүү чинь сайн байна… гэсэн мөрүүдийг дахин дахин уншлаа. Хүүгээ санан өмөлзөн өмөлзөх түүний сэтгэлийн угт эх хүний хайр энэрлийн гал дүрэлзэн асаж, төөнөн шатаж, улайран улалзаж байсныг түүнээс өөр хэн мэдэх билээ…Бөмбөрөн урсах нулимс нь гэнэт ширгэх мэт алга болоход сая л түүний сэтгэл бага зэрэг тайвширав.

“Тэмүүлэнг буруугаар бодож байж, ээжийнх нь бие гэнэт муудаад яаралтай явах хэрэг гарсан байна,.. Би гэдэг хүн үр хүүхдээ тоохгүй, утсаа салгаад алга болсон юм чинь тэр хүн хүүг минь аваад явахаас өөр яах билээ. Харин ч зөв шийдвэр гаргасан байна. Хаа хамаагүй хүнд орхиод явсан бол өнөөдөр хүү минь яах ч байсан юм билээ. Тэмүүлэн хүүд минь яг эцэг шиг нь л ханддаг. Тэгэхэд би түүнийг муугаар төсөөлж байдаг “гэж бодох зуураа Халиунаа өөрөө өөрийгөө буруутган шаналан гэмшиж суулаа. “Ээж нь гайгүй л байдаг байгаа даа, бас эхнэр хүүхдүүд нь байна, энэ холоос нялх хүүхэд тэврээд очихоор тэд нар нь юу ч гэж бодох юм билээ. Эцэг нь юм чинь гээд арай Цэлмэгт хүргээд өгчихгүй байгаа даа, ер нь хурдан Булган луу залгаж Учиралыг өөр дээрээ авч бай гэж хэлье” гэж бодонгоо Халиунаа дүү рүүгээ утсаар залгалаа. (Булган бол түүний ганц эмэгтэй дүү,түүнээс гадна Буд гэж төрсөн ах нь бий. Гэхдээ ахдаа хэлснээс дүүдээ захисан нь илүү дээр гэж бодож байв. Ах нь таван хүүхэдтэй, эхнэр нь бараг ажил хийдэггүй. Өөрөө ажил хийсэн нэртэй олсон хэдээрээ хааяа архи дарс уучихдаг болохоор түүнд найдалтгүй байв).Байна уу, Халиунаа байна. За сайн байна уу минь дүү гэхэд, Булган, -Сайн , та сайн байна уу ,…. Ямар сонин хүн бэ, ойрд хэл чимээгүй байхаар чинь санаа зовж л байлаа. Аав ээж хоёр бас байнга хөдөөнөөс залгаад танаас сураг чимээ байна уу гэж үргэлж асуух юм гэхэд, Халиунаа,

-Сайн, та нартайгаа ярина гэж бодсоор яваад өдий хүрчихлээ, хэд хоногийн өмнө чам руу залгасан утас чинь холбогдохгүй байсан. Ээж аавын бие сайн уу… гэж асуухад, Булган, -Аав ээж сайн байгаа, би харин ойрд ажлаар хөдөө яваад, утас маань заримдаа сүлжээгүй болчихоод байгаа юм. Учирал та хоёр дажгүй юу, сонин сайхан юу байна гэж асуухад, Халиунаа, -Сайн,…. сайн ч гэж дээ, ….харин энэ талаар л чамтай ярих гээд гэхэд, Булган, -Яасан бэ, энэ талаар гэдэг чинь юу гэсэн үг вэ, Учирал зүгээр биз дээ хэмээн гайхсан өнгөөр асуухад, Халиунаа, -Зүгээр ээ, харин надтай хамт энд байхгүй, Монгол явсан гэж хэлэхэд, Булган бүүр гайхаж хоцров. “Том хүүхэд байсан бол өөрөө явчихсан гэж хэлэхсэн. Жаахан хүүхдийг Монгол явчихсан гэж юу яриад байгаа юм бол, арай нөгөө Цэлмэг нь очоод хүүхдээ аваад ирсэн юм биш байгаа даа” гэж бодох зуураа Халиунаад хандан, -Монгол явсан гэдэг чинь юу гэсэн үг вэ, эгчээ….. би нэг л сайн ойлгохгүй байна. Цэлмэг ах очоод аваад ирсэн юм уу, тэгээд одоо Учирал хаана байгаа юм бэ гэж асуухад, Халиунаа,

-Цэлмэг ирж аваагүй ээ, тэр хүн хэл чимээгүй алга болсон гэж би нэлээн дээр чамтай ярихдаа хэлсэн шүү дээ. Намайг ажилтай гадуур явж байх хооронд Тэмүүлэнд яаралтай Монгол явах хэрэг гараад Учиралыг аваад явсан байна. Одоо хүү наана чинь Тэмүүлэнгийнд байгаа. Холбоо барих утсаа надад мессэжээр явуулсан байна лээ. Гэхдээ би сая залгасан. Энэ утас нь холбогдохгүй байна. Чи залгаж байгаад болохоор нь Учиралыг очоод авчихаарай. Гэхдээ хүүг маань ирсэн гэж одоохондоо аав, ээжид битгий хэлээрэй. Мэдээж нутагтаа очсон юм чинь өвөө эмээтэй нь уулзуулалгүй яах вэ, яваандаа бодож байгаад болъё гэхэд, Булган сая л учрыг ойлгосон бололтой. -Аан за ойлголоо. Тэмүүлэн ах нээрээ хүүг чинь зав чөлөөгөөрөө хардаг гэж та ярьж байсан. Тэгээд бүүр энд аваад ирсэн юм уу, хөөрхөн дүүгээ хурдхан харахсан гэж сэтгэл нь хөдөлсөн байдалтай хэлээд, гэхдээ эгчээ,… ойрын хэд хоногтоо бол авч амжихгүй шүү дээ яах вэ…, Би одоо Сэлэнгэд байна. Ажлаар ирсэн. Долоо хоноод хот руу буцна. Буд ахыг очоод авчих гэдэг юм билүү гэж асуухад, Халиунаа,

-Ахыг очоод ав гэж хэлээд яах юм бэ, тэгснээс Тэмүүлэн дээр байсан нь илүү дээр. За тэгвэл би чамтай маргааш нөгөөдрөөс эргээд холбогдоё, чи бас Тэмүүлэнгийн утас болж байвал л яриарай гэж хэлэв. Булган, -Ойлголоо эгчээ,…. та минь биеэ сайн бодож байгаарай, хэцүү байвал тэндээ удаад яах вэ, хурдан хүрээд ирээрэй, Тэмүүлэн ах буцаад явах юм уу,… энд бүүр ирсэн юм уу,…гэж асуухад, Халиунаа, Тэрийг би сайн мэдэхгүй байна, хүүгээ бас аав ээжид үлдээх үү, Тэмүүлэнг буцаж ирэхдээ аваад ир гэж хэлэх үү гээд бодож л байна. Сайн шийдээгүй байгаа. За тэгж байгаад эргээд ярья даа гэхэд, Булган, -За тэгье, гэсээр утсаа салгацгаалаа. Халиунаа Тэмүүлэнгийн захиаг аваад, бас дүүтэйгээ утсаар яриад бага ч гэсэн сэтгэл нь онгойв. Өмнөө байгаа кофег “оочлон” ууж дуусаад Анхаагийнд очихоор тэндээс гарлаа. Гадаа сэвэлзүүр салхитай зэвэргэн үдэш байв. Хүнд хэцүү бүхнийг ганцаараа туулж явах бүрдээ Халиунаа их зүйлийг бодож явсан. Гэхдээ өнөөдрийнх шиг зөв тийшээ бодол бэлчээж явсан нь ховор байх. Тиймдээ ч түүний амьдралд олон ээдрээтэй асуудлууд урган гарч зовлон дээр зовлон нэмдэг биз ээ. Харин энэ удаа тэрээр ….” хэрвээ Тэмүүлэн Монголоос буцаж ирдэг л юм бол, өөрийг нь урьд өмнөх шигээ хайрлаж чадаж байвал, Халиунаа зөвхөн түүний эхнэр болохоор эргэлт буцалтгүй шийдэж явлаа. Гэхдээ түүнд ийм боломж одоо олдох эсэхийг ёстой “БУРХАН ТЭНГЭР ” л мэдэх байх даа.

Өөрийнхөн төлөө санаа тавьдаг, үр хүүхдийг нь өөрийн хүүхэд шигээ хайрлан эрхлүүлдэг. Цаг ямагт нэг л зангаараа байдаг сайхан сэтгэлтэй, сайн залууг өөрөөсөө түлхэн холдуулж явснаа дэндүү ихээр ойлгон ухаарч явав. “ Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө” гэдгийн үлгэрээр “хүмүүс яагаад алдаж эндсэн хойноо эсвэл, гомдож бухимдсаныхаа дараа, ганцаардан гуних үедээ буруу зүйл хийж явснаа илүүтэйгээр ухааран ойлгодог юм бэ, яагаад….. өмнө нь энэ бүгдийг ухаарч, сайн сайхан зүйлийн өмнө сэтгэл зүрхээ нээж чаддаггүй юм бол доо” хэмээн тэрээр харамсан бухимдаж байв. Халиунаа хүний нутгийн тэнгэр дор тамирдан, сөхөрч явах энэ л үедээ Тэмүүлэнг маш ихээр үгүйлэн хүсэж байв. Тэмүүлэн минь хэд хоногоос хүүгээ аваад хурдан над дээр ирээсэй, …Хэрвээ тэгээд хүрээд ирдэг л юм бол түүнтэйгээ, хүүтэйгээ сайхан амьдрах юм шүү гэж бодож байв. Үр хүүхэдтэй болгоод харь газар луу төөрүүлж орхисон Цэлмэгийн талаар одоо дурсах ч үгүй, цоо шинээр амьдралаа эхлүүлэхсэн гэж чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдөж явлаа. Харин энэ үед Цэлмэг хадмындаа очин эхнэр хүүхдээ аргадан, гуйсаар гэртээ авчирлаа. Сарнай гэртээ орж ирээд гэрээ бараг таньсангүй. Түүний зүүдэндээ ч төсөөлж байгаагүй сайхнаар янзлан тохижуулсан байв. Бүх тавилга нь шинэ, бас өрөөний шийдэл, өнгөний зохицол гээд яаж ингэж бодож сэтгэсэн байнаа гэмээр төгс романтик болсон байв. Ханиа ингэж их сэтгэл гаргана гэж бодоогүй байсан тэрээр, энэ бүгдийг харан өөрийн эрхгүй дуу алдаж, Цэлмэгийг тэврэн авлаа.

Цэлмэг Сарнайг үнсэн эрхлүүлж , “чамд минь таалагдаж байна уу, би та гуравтаа хязгааргүй их хайртай, уурлуулж, гомдоож байсныг минь уучлаарай, одоо дахиж тийм зүйл болохгүй” гэж хэлэнгээ түүний бүсэлхийгээр тэврэн гар дээрээ өргөөд бүх л өрөөгөө тойруулан харууллаа. Чингүүн дүүтэйгээ хамт гэр орноо өөрчлөгдсөнийг гайхан харж, бас аав ээжийгээ эрхлэн тэврэлдэхийг ширтэж зогссоноо ээж рүүгээ дөхөн очиж, Ээжээ, манайх ямар гоё болчихсон юм бэ, би таньд хурдан гэртээ харья, аав дээрээ очъё гэж хэлээд байхад та явахгүй байсан. Ийм гоё болцон байна шүү дээ хэмээн баярлан хөөрч, өрөө болгоныг шалган үзэх мэт шагайлан гүйж байв. Эхнэртээ бүгдийг үзүүлж амжсан Цэлмэгийн санаа сая л нэг амарсан байдалтай, охиныхоо хувцасыг солиод гараа угаав. Тэгээд тэрээр -Одоо бүгдээрээ шинэ гэрээ тэмдэглэнэ ээ гэж хэлээд, ширээ засаж эхэллээ. Чингүүн өөрийнхөө өрөөний хаалгыг онгойлгож харснаа, -Миний өрөө яг л үлгэрт гардаг шиг болчихож, ааваа,… та яаж ингэж янзалж чадсан юм бэ, гэж гайхан Цэлмэгээс асуухад, Цэлмэг Чингүүнд хандан,

-Аав нь ингэж засаж, янзлаарай гэж хүслээ шивэгнэсэн чинь хүмүүс ирээд л ийм гоё болгочихсон. Миний хүүд таалагдаж байна уу гэж асуухад, Чингүүн -Маш их таалагдаж байна, баярлалаа ааваа, … харин одоо та дахиж хөдөө удаан явахгүй шүү, гэж гомдоллосон өнгөөр хэлэхэд нь, Цэлмэг “хүүгээ дахиж орхихгүй ээ, аав нь” гэв. Тэрээр хажууд нь ирэн, түүнийг налан зогсох эхнэртээ хандан, Чингүүн лүү нүдээ ирмэнгээ, Хүүдээ намайг хөдөө явсан гэж хэлсэн юм уу гээд инээхэд, Сарнай түүний мөрийг эрхлэн налж, хүзүүгээр нь тэвэрснээ, -Тэгээд би юу гэх байсан юм бэ, өөрөө ирэхгүй байсан биз дээ, хэмээн хошуугаа цорвойлгон жаахан хүүхэд шиг эрхлэн хэлэхэд нь, Цэлмэг түүнийг үнсэн эрхлүүлж, -Хань чинь ийм их ажил амжуулаад завгүй байсан байхгүй юу, тэгээд нэг мөсөн дуусгачихаад та нарыгаа авчрах гээд л тэвчээд байлаа шүү дээ. Түүнээс тэр дороо л гүйгээд очилгүй яах вэ, …Та хэдийгээ байхгүй болохоор нойр ч хүрэхгүй юм билээ. Одоо би ажлаа ч сайн хийнэ, та гурвынхаа ч төлөө бүгдийг зориулах болно. Надад итгээрэй хайрт минь …гээд Сарнайн духан дээр нь үнсэн энгэртээ тэврэв.

Сарнай ч гэсэн ийм сайхан оройг түүнд зориулан бэлдчихсэн байсан ухаантай ханиараа бахархан, улам их хайрлах сэтгэл төрж сэтгэл дүүрэн байлаа. Тэд Цэлмэгийн зассан ширээнд суун бэлдсэн хоолыг нь амтархан идээд, хоёр хүүхэд нь аавыгаа санасан бололтой нэг хэсэгтээ “ноолж” байгаад ядарсан шинжтэй унтахаар болов. Цэлмэг хоёр хүүхдийнхээ хувцасыг тайлж өгөөд, орыг нь засан хэвтүүлэв. Харин Сарнай ,..”Хаан хатан хоёр л ийм тансаг орон дээр унтдаг байх гэмээр ханийнхаа бэлдсэн тохилог тухтай орон дээр яг л анх учирсан шигээ романтик үдшийг өнгөрөөхөөр төсөөлөн бодож унтлагынхаа өрөөнд хувцасаа солин зогсож байв. Энэ үед гэнэт утас нь дуугарах чимээнээр Сарнай гэртээ орж ирээд утсаа салгаагүйгээ сая л анзаарлаа. Унтлагын өрөөндөө ороо засаж зогссон тэрээр том өрөөний сэтгүүлийн ширээн дээрээс утсаа авахаар ухасхийтэл хүүхдүүдээ унтуулчихаад өрөөнөөс гарч явсан Цэлмэг түүний утсыг нь авангаа гайхсан янзтай дуудлагыг нь харж зогсов. Энэ үед “гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр Сарнайн дотор давчидан, нүүр нь халуу дүүгэж, “Ийм орой хэн залгадаг байна аа, арай Болд-Эрдэнэ биш байгаа даа” гэсэн бодол зурсхийн орж ирэх зуур өөрийн эрхгүй хүйтэн хөлс нь дааварлаад ирэв. Ийм сайхан үдшийг баллах гайтай нэгний дуудлага биш л байгаасай хэмээн залбирах минь….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *