Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 18-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 18-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
983

Тэмүүлэн Учиралыг тэвэрсээр онгоцноос буулаа. Монгол орных нь хамар цоргим сэвэлзүүр салхи, сэтгэл гижигдэм уужим агаар цээж дүүргээд ирэхэд өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс цийлгэнэн самсаа нь шархираад ирэв. Олон жилээр нутаг усаа санан бэтгэрсэн түүний сэтгэлийн энэ уяралыг гагцхүү ийм хувь заяаг туулж ирсэн бүхэн л дэндүү сайн ойлгох биз ээ. Тэрээр хэдхэн минутын дараа хайртай бүхэнтэйгээ уулзана гэж бодохоор догдлол, тэмүүлэл дүүрэн санагалзалын нулимсаа дотогшоо залгисаар хилээр гарч ирлээ. Тэмүүлэнг Анар, Болор гэсэн хоёр том охин нь, Тэргэл хэмээх бага дүү нь найзынхаа хамт тосон зогсож байв. Удаан уулзаагүй аавыгаа тэсэн ядан хүлээж зогссон хоёр охин нь түүнийг хараад ,“- ААВАА….,. хэмээн дуу алдан өөдөөс нь гүйх гэснээ, Тэмүүлэнг жаахан хүүхэд тэвэрсэн байхыг гараад гайхаж тээнэгэлзсэн янзтай зог туслаа. Үүнийг тэрхэн хооронд ажиглаж амжсан Тэмүүлэн хажууд нь зогсох дүүтэйгээ мэндлээд түүнд Учиралыг өгч , Миний хүүхдүүд аавдаа ир, …..гээд , тэднийгээ дуудан тэврэн авлаа. Аавыгаа тэврэн авч зэрэг, зэрэг нүүр нүдгүй үнсэх хоёр охин нь олон жил сэтгэлдээ тээж, дотроо бэтгэрч явсан нулимсаа сул асган мэгштэл уйллаа.

Тэмүүлэн өвдөг сөхрөн сууж, цээжиндээ тэврэх охидынхоо нулимсыг арчиж өгөнгөө тэднийгээ үнсэн эрхлүүлж байв. Харин өөрийнх нь нүдийг бүрхэж, хацрыг нь даган урсах уярал хайрын “нүцгэн” нулимсаа дотогшоо залгих нь бүү хэл арчих ч тэнхэл түүнд байсангүй.Тэд хэсэг зуур ийнхүү санасан сэтгэлийн цангаагаа тайлаад жаахан тайвширцгаав. Тэмүүлэн охидууддаа хандан, Ээжийнх нь бие сайн уу, Номин дүү нь хаана байгаа вэ, гэж асуухад, (Номин бол Тэмүүлэнгийн бага охины нэр) Анар, -Ээжийн бие сайн, Номин ээжтэй хамт байгаа, өнөөдөр таныг ирнэ гэж хэлсэн чинь их баярлаж байна лээ. Бүгдээрээ хэзээ ээж дүү хоёр дээр очих юм бэ, гэж ааваасаа асуухад, Тэмүүлэн, -Удахгүй очноо, миний охин гэж хэлэнгээ сая л нэг Тэргэлтэй ярих боломж олдсон мэт түүнд хандан, -За миний дүү сайн сууж байв уу, ах нь дүү нараа их саналаа шүү, ээжийн бие ямаршуухан байна даа, гэж асуух зуураа дүүгээ үнсэн тэвэрлээ. Мөн түүнтэй хамт ирсэн найзтай нь гар барин мэндлэв. Тэргэл,

-Бид нар сайн байгаа, таныг ирнэ гээд бүгд хөөрцгөөгөөд л байж байна, “гэнэт ирэх болсноо олон хүнд дуулгаад яах вэ” гэсэн болохоор чинь, бүгдэд нь хэлээгүй ээ, бид хэд л ирлээ. Ээжийн бие ер нь их тааруухан байгаа, таныг ирсэн юм чинь эмч нь уулзаж байгаад маргааш өглөө хагалгаанд оруулах байхаа гэж хэлэв. Тэмүүлэн, -Тэр нь дээрээ минь дүү, ах нь гэнэт ирсэн болохоор ямар ч бэлтгэлгүй ирсэн. Олон хүнд хэлээд яах вэ, ээжийн бие л гайгүй болж байвал, дараа нь уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж болох биз дээ,.. бушуухан ээж дээр л очъё гээд хоёр охиноо хөтлөн цааш явцгаалаа. Тэргэл сая л нэг асуух боломж гарлаа гэсэн шиг түүнд тэврүүлэн учраа олохгүй ийш, тийш бүлтгэнэн явах хүүг гайхан харж явснаа, -Ахаа энэ юун хүүхэд юм бэ? гэж асуухад, Тэмүүлэн, -Манай найзын хүүхэд байгаа юмаа, надаар түр хүүгээ өгч явуулсан юм. Дараа ах нь чамд учрыг нь тайлбарлая, гэрт Эмүүжин байгаа биз дээ, (Эмүүжин Тэмүүлэнгийн бага эмэгтэй дүүгийн нэр ) Та нар одоохондоо энэ хүүг өөрийнхөө дүү шиг санан, сайн харж хандаж байгаарай гэв. Тэд онгоцны буудлаас хөдөлж ээжийнх нь хэвтэж буй эмнэлэг рүү очицгоолоо.

Эмнэлгийн өрөөнд өвдөж шаналсандаа турж эцэн, ямар ч тамир тэнхээгүй болсон цонхигор царайтай, хэвтэх ээжийгээ хараад Тэмүүлэнгийн сэтгэл “өмөрч урагдах” шиг болов. Тэрээр ээжийгээ өвдсөн гэдгийг дуулсан ч арай ч ийм сул дорой болсон гэж төсөөлөөгүй байжээ. Ээж нь хэдхэн жилийн өмнө хүүгээ Америк руу үдэж өгөн зогсохдоо залуухан, бас сайхнаараа байсан, ийм хурдан хөгширч, ээжийгээ ингэж их ядарсныг харах Тэмүүлэнд үнэхээр хүнд байлаа. Тэрээр унтаж буй мэт нүдээ анин чимээгүйхэн хэвтэх ээжийнхээ дэргэд очоод, сөөнгөтөж, чичирсэн хоолойгоор, -Ээжээ хүү нь таньдаа ирлээ гэж хэлэхэд, ээж нь нимгэрч унжсан зовхио арай ядан өргөж буй мэт алгуурхан өргөөд зөөлхөн ядрангуй дуугаар, -Миний хүү сайн явж ирэв үү, гээд омголтож хөхөрсөн уруулаараа хүүгээ үнсэх гэсэн мэт хошуугаа цорвойлгоход, Тэмүүлэн ээждээ духаа ойртуулан үнэрлүүллээ. Хүүгийнхээ үнэрийг мэдэрч, сэтгэлээ дэвтээх эх хүний цөхрөл, тэмцлийн гашуун нулимс хацрыг нь даган урсаж байв. Тэмүүлэн ч гэсэн энэ үед нүднийхээ аяганд дүүрээд ирсэн нулимсаа ээждээ үзүүлэхгүйг хичээн буруу харан ханцуйгаараа шудраад,

-Таны минь бие яаж байна даа, гайгүй юу, хүү нь ирсэн болохоор та минь одоо алзахгүй ээ, би таныхаа хажууд байх болно гэж хэлээд, орных нь өмнө сөхрөн сууж, арьс нь үрчийж, хурууд нь мойнийсон ээжийхээ гарыг дулаацуулан атгаж өглөө. Ингэх зуураа -Ээжээ хүү нь таньдаа маш их хайртай шүү, миний ээж эдгэнээ, ….Та минь л эрүүл саруул байвал бүх юм болно тэвчээртэй байгаарай хэмээн ээжийгээ тайвшруулж суулаа. Тэмүүлэнг ээжийнхээ хажууд түүнийг сахиж суух хооронд, Тэргэл ахынхаа ирснийг гэрийнхэндээ дуулгахаар Тэмүүлэнгийн охид болон Учиралыг дагуулаад гэрийн зүг явав. Тэмүүлэн эмэгтэй дүүгийнхээ хамт ээжийгээ сахиж эмнэлэг дээр орой болтол байв. Мөн эмнэлгийн ерөнхий эмчтэй нь уулзаж маргааш хагалгаанд оруулах талаар болон ээжийнхээ биеийн байдал хэр байгаа талаар лавлан асуулаа. Эмч “ээжийн чинь биеийн байдал ерөнхийдөө тун тааруу байгаа, маш яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй. Уг нь өнөөдөр хийгдэх учиртай байсан ч чамайг ирэхээр болно гэж гэр бүлийнхэн чинь шийдсэн болохоор маргааш өглөө болтол хойшлуулсан “ гэж хэлэв. Тэмүүлэн өнөөдөр дөнгөж онгоцноос буугаад л эмнэлэг дээр ирсэн болохоор гэртээ харьж хүүхдүүд дээрээ очихыг хүсэж байв. Гэсэн ч тэр ээжээсээ холдож чадсангүй, өглөө хагалгаанд ортол нь ээжийгээ сахиж эмнэлэг дээр хонохоор шийдлээ.

Ээж нь саяхан хийлгэсэн тариандаа өвчин нь жаахан намдсан бололтой, хэсэг зуур дуг хийхэд нь тэрээр дүүгээ ээжийнхээ хажууд үлдээгээд агаар амьсгалахаар түр гадагшаа гарав. Тэгээд гадаа жаахан суунгаа гар утасныхаа интернетийг нээвэл,…..Халиунаас учир тоймгүй их мессэж иржээ. Ээждээ санаа зовсондоо бусдыг ч анхаарах сөхөөгүй байсан Тэмүүлэн сая л гэнэт ухаан орсон мэт, Халиунааг бодож, түүнийг мессэжийг уншив. “За ашгүй дээ, ямар нэгэн зүйл Халиунаад тохиолдоогүй л юм байна. Учиралыг аваад явсанд ямар их уурлаа вэ, …би ямар дуртайдаа аваад ирсэн биш. Өөрөө утсаа салгаад “усанд хаясан чулуу шиг” алга болчихсон байж. Би өөрөөр яах ёстой байсан юм” гэж бодох зуураа түүнд хариу бичив. “Сайн байна уу,… утас чинь холбогдохгүй хэл чимээгүй болчихоор маш их санаа зовж байлаа. Зүгээр байгааг чинь дуулаад сэтгэл минь амрав. Хүү чинь надтай, манай гэр бүлийнхэнтэй хамт байгаа санаа зоволтгүй шүү. Америкт ойрын хамаатан садан, дотны хүн байхгүй байсан болохоор яарч сандарсаар учраа олохгүй, Учиралыг би дагуулаад ирсэн юм. Чи намайг Учиралыг яг өөрийн хүү шигээ хайрладаг гэдгийг мэднэ шүү дээ. Тэгээд ч чи надад итгэж орхидог байсан. Одоо ч гэсэн итгээрэй, хүү чинь сайн байгаа. Хэрвээ чи хүсвэл би буцахдаа хүүг чинь аваад очъё. Монголдоо ирчихсэн юм чинь аав ээж дээр чинь юм уу, эсвэл дүүд чинь орхих бол чи өөрөө бодож байгаад хэлнэ биз дээ. Ээжийн маань бие маш хүнд байна гэсэн яаралтай цахилгаан ирсэн. Тиймээс хугацаа алдалгүй Монголдоо ирэх хэрэгтэй байлаа. Ээж маргааш өглөө хагалгаанд орно. Бие нь сайжрах эсэх нь энэ хагалгаанаас шалтгаалах болохоор би эмнэлэг дээр ээжийгээ сахиж байна. За тэгээд дараа зав гарахаараа утсаар ярина аа “ гэж бичээд илгээв.

Тэмүүлэн Халиунааг утсаа салгаад хэл чимээгүй алга болсонд одоо болтол сэтгэл зовон, түгшиж байсан болохоор түүнийг эрүүл саруул зүгээр байгааг дуулаад санаа нь бага ч гэсэн амрав. Тэрээр ээж дээрээ очихоор өрөө рүү нь явлаа. Маргааш өглөө нь эмч нар ээжийг нь хагалгаанд оруулахаар хагалгааны өрөө рүү авч явлаа. Одоо хийгдэх энэ хагалгаа нь маш олон цагаар хийгдэх хүнд хагалгаа учраас амь насанд нь ч нөлөөлж магадгүй. Тиймээс хамаатан садан ойр дотных нь хүмүүсийг ойрхон байлгаарай гэж эмч захисан тул Тэмүүлэнгийн дүү нар, бас ээжийнх нь ах дүүс иржээ. Мөн Тэмүүлэнгийн эхнэр Жаргал бага охин Номингоо дагуулан ирсэн байв. Охиноо сансан Тэмүүлэн бага охин Номингоо тэврэн авч үнсэн эрхлүүлэв. Гэсэн ч тэрээр эмнэлгийн газар тэгээд ээж нь хүнд хагалгаанд орох гэж байгаа болохоор санасны зоргоор бас сэтгэлдээ хүртэл охиноо эрхлүүлж чадсангүй. Тэмүүлэн олон жил эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарсан бөгөөд сүүлийн гурван жил эхнэрээ өөр хүнтэй хамт амьдарч байгааг дуулаад зөвхөн хүүхдүүдийнхээ талаар л ярилцах гэж утсаар хааяа залгадаг байв. Харин энэ удаад Тэмүүлэнг Америкаас ирсэн гэж дуулаад бага охиноо аавтай нь уулзуулахаар, мөн хадам ээжийгээ хүнд хагалгаанд орох гэж байгааг сонсоод Жаргал ирсэн байжээ. Тэмүүлэн Жаргал хоёр нэлээд гэрэвшсэн, хүнийрэхсэн байдалтайгаар хоорондоо мэндлээд, хэн хэнд нь ярих, асуух зүйл их байсан ч дор бүрнээ дуугүй байв. Тэмүүлэнгийн ах дүү нар нь бүгд ирчихсэн, тэгээд ч ээж нь хагалгаанд орж байгаа энэ үед эмнэлгийн газар тэд юу ярилцаж чадах билээ.

Гурван цаг гучин минут үргэлжилсэн хагалгаа амжилттай болжээ. Эмч “хагалгаа амжилттай болсон талаар тэдэнд хэлээд, асаргаа сувилгааг л одоо хамгийн чухал шүү” гэж сануулан хэлэв. Хагалгаа амжилттай болсныг дуулаад үүдэнд нь зогсож байсан Тэмүүлэнгийн гэрийнхний санаа жаахан ч гэсэн амрав. Хоёр эмэгтэй дүү нь ээжийгээ харж үлдэхээр болоод бусад нь ажил төрөл, гэр орон луугаа явцгаалаа. Тэмүүлэн ч гэсэн сэтгэл нь жаахан уужирсан болохоор Жаргал бага охин хоёроо дагуулаад хамт хоол идэнгээ ярилцаж суухаар ойролцоох цайны газар луу орлоо. Тэмүүлэн охиндоо хандан, “Миний охин аавыгаа зөндөө их санасан уу, аав нь ч гэсэн чамайгаа ийм их санасан гэж гараа алдалж үзүүлээд, миний гүнж ямар том болоо вэ ” гээд охиноо тэврэн өвөр дээрээ суулгаж духыг нь үнэрлэн элгэндээ наалаа. Түрүүнээс хойш аав дээрээ очихгүй, ээжийнхээ гараас зүүгдэн гэрэвшиж байсан охин нь одоо л нэг санасан сэтгэлээ дэвтээх мэт энгэрт нь наалдан , “би ч бас таныг зөндөө их санасан” хэмээн тунирхан гомдоллож, үнсэн эрхэлж суув. Тэмүүлэн хоол захиалангаа эхнэртээ хандан, -Чиний минь ажил төрөл, ахуй амьдрал сайн биз дээ, гэж асуухад, Жаргал, -Дажгүй сайн байгаа. Хоёр том охин маань над дээр ирэн очин байгаа. Чи өөрөө мэдэж байгаа шүү дээ. Номин сургуульдаа яваад л, ажил гайгүй сайн. Эмийн сан маань гурван ээлжтэй болохоор охиндоо цаг зав гаргах боломжтой аятайхан л байгаа. Харин чиний ажил төрөл сайн уу, чамайг ярихгүй болохоор холбогдохыг чинь хүлээгээд ойрд яриагүй ээ гэхэд, Тэмүүлэн,

-Би сайн, ажлаа хийгээд л явж байгаа. Анар, Болор хоёртой ярихдаа чиний тухай байнга л асуудаг. Чамтай бас Номинтойгоо хааяа яримаар санагддаг ч, хамт амьдарч байгаа хүнээс чинь санаа зовоод тэр бүр залгаж чадахгүй юм аа. Арай гэж амьдрал нь цэгцэрч байхад садаа болоод яахав дээ, нөгөө залуу нь юу ч гэж бодох юм билээ, буруугаар ойлгоод янз бүр болох вий гэж бодох юм хэмээн нэлээн эгдүүцсэн өнгөөр хэлэхэд, Жаргал -Чи ярихаа хүрвэл, санаа зовсон зовоогүй ярьж л байдаг шүү дээ. Сүүлийн саруудад хэл чимээгүй байхаар чинь чамайг ч бас амьдралаа зохицуулж байгаа юм байна даа гэж бодсон. Миний хувьд яах вэ, хэдий болтол чамайг хүлээж ганцаараа гиюүрч явах вэ дээ, гээд намайг гэсэн нэг хүнтэй нийлж хэсэг амьдарсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед санаа сэтгэл нийлэмжгүй санагдаад тус, тусдаа байгаа. Ер нь тэгээд олон хүүхэдтэй амьдралын наадах цаадахыг үзсэн хүмүүс тийм амархан санаа бодол нийлээд хүнтэй сууна гэдэг амаргүй юм. Эхэндээ ч яахав, хэн хэн нь маань болгож бүтээх гээд мэрийж л байлаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам өөр өөр орчинд, өөр өөр амьдралаар явж ирсэн хүмүүс таарч тохирно гэдэг хэцүү бололтой юм. Охидууд маань ч том болсон болохоор хоорондоо дасахад хэцүү байлаа. Чи ойлгож байгаа биз дээ, гэж хэлэнгээ уртаар санаа алдаад хэсэгтээ чимээгүй болов. Тэмүүлэн Жаргалыг ийнхүү ярихад, түүний хоолойны өнгө, цаанаа л гунигтай нүдний харцнаас нь сэтгэл дундуур амьдарч явааг ажиглан харж суулаа. Тэрээр энэ бүхэнд өөрийгөө буруутгаж байв.

“Би энэ хэдтэйгээ элэг бүтэн Монголдоо хамтдаа амьдарч байсан бол хэд маань ингэтлээ юу гэж зовох вэ. Мөнгө төгрөг олж байна. Амьдралаа үүнээс илүү сайхан болгоно гэж мөрөөдөн хүний нутагт олон жил зүтгэсэн. Тэглээ гээд би юу хожсон юм. Үр хүүхдээсээ хол, өнгөрсөн цаг хугацаанд олсон хэдэн төгрөгөөсөө илүү хайртай хүмүүсээ өөрөөсөө түлхэж, хамгийн үнэ цэнэтэй гэсэн болгоноо алдаж явна “ хэмээн бодон зүрх сэтгэлдээ харамсан шивгэнэж суув. Мөн тэрээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн үүдэнд ээжийгээ хагалгаанд ороход нь сэтгэл түгшин хүлээж зогсохдоо ч энэ талаар бодож байсан. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдоод ээж минь өнгөрчихвөл, хайртай ээждээ хамгийн сайхан амттай хоолыг нь хийж өгч, хамтдаа элдвийг ярилцан хуучлан сууж, дуртай зүйлийг нь худалдан авч өгөн баярлуулж, хүссэн газраар нь хамтдаа аялаж чадаагүйдээ, хамгийн чухал нь ээжийнхээ дэргэд удаан хамт байж чадаагүйдээ ямар их харамсах болоо гэж бодож өөртөө гомдож зогссон. Мөнгө төгрөг, эд хөрөнгөнөөс илүү гэр бүлийнхэн, хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө өнгөрөн одож буй цаг хугацаагаа хамтдаа үдэх нь хамгийн чухал амьдралын гол утга учир гэдгийг өнөөдөр юу юунаас илүү дэндүү сайн ойлгон ухаарч байлаа. Тэмүүлэнг бодол болон чимээгүй суухыг ажиглан харж суусан Жаргал түүнд хандан,

-Охидууд чинь аавыгаа их санасан, үргэлж л чиний тухай надад ярьдаг. Одоо эд нартайгаа хамт байна биз дээ. Цөхөртлөө аавыгаа хүлээсэн үрсийн маань “элэг” нь дэвтэх байх даа. Охид маань одоо том болж байгаа болохоор бага балчир байснаасаа илүү анхаарал халамж тавьж байхгүй бол болохгүй болоод байгаа. Охин хүүхдүүдийг том болох тусам нь илүү их санаа зовдог юм байна. Тийм ч учраас би зөвхөн өөрийнхөө жаргалыг хөөж, дасаж зохицохгүй хүнтэй хамт байгаад яахав гэж шийдээд нэг гэрт байхаа больцгоосон. Цаашдаа энэ талаар сайн бодох хэрэгтэй байгаа. Ингэхэд чи Монголдоо бүүр ирсэн биз дээ, эсвэл хэд хоногоос бас буцах юм уу гэж асуухад, Тэмүүлэн гэнэт ийм зүйл асуусанд сандарсан уу, эсвэл юм бодож суугаад балмагдсан уу, түгдэрч тэвдсэн хоолойгоор -Ээжийн биеийн байдлыг харж байгаад болно, бас хүүхдүүдээ их саналаа, тэдэнтэйгээ нэг хэсэг хамт байна, сургууль соёлын асуудлыг нь ч зохицуулж өгье. Дүү нартаа ч гэсэн чадах чинээгээрээ тус болох хэрэгтэй байна. Тэгж байгаад буцах эсэхээ шийднэ гэж хэлэхэд, Жаргал түүн рүү нэлээн ширүүхэн харцаар харснаа -Чи үнэндээ хэдэн төгрөг л явуулдаг, бусдаар бол өөрийгөө бодож л тэр хөгжилтэй, сайхан гэгддэг газар оронд өдий болтол “шигдээд” байгаа. Би алийн болгон ганцаараа энэ хэдэн хүүхдүүдийн төлөө зүтгэх вэ. Тэгээд ч адаг сүүлд нь муу нэр дуулж, элдвээр хэлүүлж амьдрал минь хоёрын хооронд утгагүй болсон. Одоо чи нэгтээ энд ирсэн юм чинь охидууддаа анхаарал халамж тавьж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлсэн нь дээр байх шүү” хэмээн олон сар жилээр түүнд хэлнэ дээ гэж бодож явсан зүйлүүдээ одоо л нэг гаргаж авъя гэсэн шиг хатуухан үгүүдийг унагаж байв. Тэмүүлэн энэ удаа түүнд юу ч хэлж чадсангүй, зүгээр л өвөр дээр нь суух охиныхоо зулайг үнэрлэн чимээгүйхэн бодол болон суусаар байв.

Тэд хэсэг чимээгүй сууж байснаа, Номин охин нь “Ээжээ, ааваа би хоолоо идчихлээ, та хоёр бас идчихсэн үү, аавтайгаа хамт гэртээ очно гоё,” гэж хэлээд босох зуур Тэмүүлэн, Жаргал хоёр ч гэсэн охиноо даган бослоо. Тэд цайны газраас гарч явав. Тэмүүлэн хоёр шөнө нойргүй яваа болохоор нэлээдгүй ядарч байв. Тэгээд харьж хүүхдүүдтэйгээ тоглож, жаахан амрахаар яарч байв. Мөн Учиралыг яаж байгаа бол гэж байнга санаа зовох тул Номин охиноо дагуулаад гэрийн зүг явлаа. Харин Жаргал ажил руугаа явахаар тэднээс салан хөдөллөө.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *