
Сарнай хоёр хүүхдээ дагуулаад аав ээжийнхээ гэрт ирээд долоо хонолоо. Энэ хугацаанд Цэлмэг ирсэнгүй, бас утсаар ч ярьсангүй. Хүүхдүүдээ аваад гэрээсээ явсны маргаашаас л түүнийг уучлалт гуйгаад хүрээд ирэх байх гэж бодож байсан Сарнайн бодол нь талаар болов. Сарнайн аав ээж хоёр,.. охиноо нөхрөөсөө нүүр буруулаад хүүхдүүдээ хөтлөөд гэртээ ирсэнд тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь тэрээр өмнө нь бас ингэж ирээд, хэд хоногийн дараа нөхрийгөө ирэхээр гэр лүүгээ буцаад явсан удаатай. Хүргэн охин хоёр нь ийнхүү бие биенээ ойлгохгүй, тунирхаж гүйгээд байгаа нь цаашид гэр бүлийн харьцаанд нь муугаар нөлөөлж, үр хүүхдүүдээ зовоох вий гэж санаа зовсондоо тэр байлаа.

Сарнай бол айлын дунд охин. Нэг эгч, хоёр дүүтэй. Том эгч нь Германд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хамгийн бага эмэгтэй дүү нь ангаахын дээд сургуульд сурдаг бол эрэгтэй дүү нь төрийн нэгэн банкинд эдийн засагч хийдэг байна. Аав ээж хоёр нь бага залуугаасаа сургууль соёлын мөр хөөж чадалтай, улс нийгэмдээ нэр хүндтэй төдийгүй томоохон албан тушаал эрхэлдэг байжээ. Тиймдээ ч хэдэн хүүхдүүдээ хүмүүжилтэй, эрдэм боловсролтой сайн хүмүүс болгохын тулд чадах чинээгээрээ зүтгэж ирсэн байв. Сарнай бага байхын олон таван үггүй, даруухан, ажил төрөлд сайн, илүү дутуу зангүй охин байв. Гэхдээ хэдий даруухан ч гэсэн өөртөө итгэх тал дээр бол хэнээс ч дутахгүй бардам бат итгэлтэй нэгэн байв. Харин Цэлмэгтэй сууснаас хойш нэлээн эмзэг, сэтгэлээр амархан унамтгай, ямарваа нэг юманд итгэх итгэл нь буурч, өөрийгөө үнэлэх үнэлэмждээ үе үе эргэлздэг болжээ.
Өнөө орой Сарнай сэтгэлээ сэргээхийн тулд болзоонд явахаар төлөвлөжээ. Яг л анхны болзоонд очих гэж буй арван наймт шиг сэтгэл нь гэгэлзэж, догдлон хөөрч байгаадаа гайхаж байв. Толины өмнө үс гэзгээ янзлан эргэлдэж зогссон тэрээр “Уг нь би Цэлмэгтээ хайртай, хоёр хөөрхөн үрээ ч эцгээс нь холдуулж өнчрүүлэхийг хүсдэггүй. Зөвхөн түүнийгээ ажил төрлөө амжилттай хийхгүй, зөрүүд зан гарган орой үдэш наргиж цэнгэж байгаад нь л гомдож цөхөрсөндөө ийм алхам хийж байгаа. Гэтэл өнөөдөр яагаад өөр эртэй уулзах болохоор ингэтлээ догдлон хөөрөөд байгаа юм бол. Арай Болд- Эрдэнэд дурлачихсан юм биш байгаа даа гэж гайхан тээнэгэлзэж байв. Уг нь тэр хүний биеэ авч яваа байдал, цаанаа л ухаантай яриа хөөрөө л түүнд таалагддаг. Цэлмэг түүний араас ирээгүй, ирэх нь бүү хэл хаана байгааг нь ч лавлаж асуугаагүй болохоор түүнд шаралхсандаа Болд-Эрдэнэтэй уулзахыг зөвшөөрсөн. Түүнтэй уулзаж сэтгэл санаагаа хуваалцахад хэн хэнээс илүү өөрийг нь ойлгодог юм шиг санагддаг ”хэмээн элдвийг бодон өөрөө өөртэйгөө ярьж зогслоо.
Энэ үед ээжийгээ гадагшаа гарахаар хувцасаа өмсөж байгааг мэдсэн Чингүүн ээжийнхээ хажууд ирж; -Ээжээ та ийм орой болсон хойно хаачих гэж байгаа юм бэ, аав хэзээ ирэх юм, ..би дүүгээ аваад гэртээ харимаар байна, хэмээн хошуугаа цорвойлгон эрхэлж тунирхсан өнгөөр хэлэхэд, Сарнай санаа нь зовсон байдалтай, -Ээж нь ажлынхаа хүнтэй уулзчихаад удахгүй хүрээд ирнэ. Миний хүү дүүгийнхээ хажуугаар ороод унтаж байгаарай. Аав нь хөдөө явсан хэд хоногоос ирнэ гэж би хэлсэн шүү дээ. Аавыгаа ирэнгүүт л бүгдээрээ гэртээ харина, за юу миний хүү, одоо өвөө дээрээ оч доо, ээж нь удахгүй ирнэ гэж хэлэнгээ хүүгээ аргадан үнслээ. Чингүүн, -За, ээжээ, та битгий их удаарай, намайг унтахаас өмнө ирнэ шүү гэсээр өвөө эмээгийнхээ өрөө рүү явлаа. Хүүгийнхээ энэ байдлыг харсан Сарнайн догдлон хөөрч, болзоонд явах гэж яарч байсан сэтгэл нь хаашаа ч юм хийсэн одож нэг л явмааргүй санагдаад явчихав. Гэсэн ч тэрээр Болд-Эрдэнэд уулзана гэж амласан болохоор гадуур хувцасаа өмсөөд гэрээсээ гарлаа.
Болд-Эрдэнэ машинтайгаа байрных нь үүдэнд хэдийн ирчихсэн түүнийг хүлээгээд зогсож байв. Тэрээр гоёмсог чамин боодолтой сарнай цэцэгсийн баглааг түүнд бэлэглэж, -Чи минь яг л энэ сарнай цэцэгс шиг ямар үзэсгэлэнтэй харагдаж байна вэ, хэмээн магтангаа машинд суухыг урилаа. Сарнайд бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил бүсгүйчүүдэд хүндэтгэлтэй хандаг эрчүүд таалагдаг байв. Болд- Эрдэнэ машинаа асаан тэд цааш хөдлөн явав. Болд-Эрдэнэ бол насаараа Сарнайгаас нэлээн хэд дүү. Эхнэр хүүхэдгүй нэгэн байв. Өмнө нь сэтгэл санаа нийлсэн нэгэн бүсгүйтэй хамтран амьдарч байсан боловч тэр эмэгтэй нь Солонгос руу ажлаар яваад тэндээ үлдэж сураг тасарчээ. Үүнээс хойш эмэгтэйчүүдэд итгэх итгэлээ алдаад байсан тэрээр Сарнайтай таарсан тэр мөчөөс эхлэн, амьдралаа өөрчлөхөөр шийджээ.

Байнга сэтгэлийг нь татах болсон Сарнайтай аль болох ойр ойрхон уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг болсон байв. Болд- Эрдэнэ бол нэр хүндэд нэлээдгүй дуртай нэгэн бөгөөд танил талаа ашиглан төрийн албанд боломжийн албан тушаал дээр томилогдож амжсан нэгэн. Сарнай түүний хувьд гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй ч, өөрийн гэсэн хувийн бизнестэй аль ч талдаа боломжийн эмэгтэй санагдаж байв. Мэргэжилдээ ч ахиж дэвших бүрэн боломжтой, ур чадвар сайтай эмч гэдгийг нь мэдсэн цагаасаа л Болд- Эрдэнэ салахгүй даган, хайртай дуртай хэмээн эргүүлдэх болжээ. Түүний хийе гэснээ хийдэг, авах гэсэн бүгдээ авч чаддаг шийдэмгий зан ч энэ байдалд нөлөөлж байв. Сарнай сүүлийн үед нөхөртэйгөө таарамж муутай, тусдаа амьдарч байгаа нь Болд- Эрдэнийн хувьд сайхан боломж байв. Энэ л үед нь түүнийг өөртөө дасган, сэтгэл санааг нь эргүүлж болох юм гэж тооцоолжээ. Тиймээс цаг зав л гарвал түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлэх болов.
Болд-Эрдэнэ Сарнай хоёр явсаар хотын төвөөс зайдуухан, хөл хөдөлгөөн багатай, гэхдээ нэлээн тохилог байрын нэгэн ресторанд хамтдаа хооллохоор орцгоолоо. Болд-Эрдэнэ Сарнайг гадуур хувцасаа тайлж өлгөхөд нь туслаад ширээнд суухыг урилаа. Тэд өөд өөдөөсөө харан сууж дуртай хоолоо идэхээр захиалцгаав. Сарнай түүнтэй чухам ямар сэдвээр ярьж эхлэхээ мэдэхгүй хэсэгхэн чимээгүй сууж байтал, Болд-Эрдэнэ түүний өмнө ирж хоёр гараас нь атган, ядам хуруунд нь зүүгээстэй хуримын бөгжийг нь их л донжтой харснаа, -Миний найз, энэ бөгжөө түр авч байж болохгүй юм уу, би чамд бэлэг бэлдсэн юм гээд халааснаасаа чамин тансаг хайрцагтай зүйл гарган түүнд нээн харууллаа. Тэр дотор болор шиг талст бүхий гялалзсан шигтгээтэй, нарийн чамин хийцтэй цагаан алтаар урласан бөгж байлаа. Сарнай гайхаж цочирдсон нүдээр түүний энэ байдлыг ажиглан харж сууснаа, гараа түүнээс сандарсан янзтай угз татан авах зуураа,
-Чи чинь юу ярина вэ, энэ чиний миний хань, бид хоёрын гэрлэлтийн баталгаа болсон нандин эд, хэн нэгэн хуруунаасаа салгана уу гэсний зоргоор авчихдаг эд биш. Тэгээд ч би чамайг надад ийм бэлэг бэлдээд ирээрэй гэж хэлээгүй шүү дээ. Бид хоёр зүгээр л найзууд. Би гэр бүлтэй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ, гэж хэлэхэд, Болд- Эрдэнэ түүний энэ байдалд нэлээн эгдүүцсэн янзтай, -Зүгээр л би чамд сэтгэлийн бэлэг өгөх гэсэн юм. Үүнийг зүүхэд хажууд нь хуримын бөгж чинь байвал зохимжгүй харагдах юм шиг санагдаад л санамсаргүй хэлчихлээ. Намайг уучлаарай. Үүнийг чамд л зориулж авсан болохоор, чи миний сэтгэлийг бодоод авчих л даа гэж аргадангуй хэлсэнээ, хайрцагтай бөгжийг ширээн дээр тавиад суудалдаа ирж суулаа. Тэд аль аль нь эвгүй байдалд орсондоо “бантан” хэсэг чимээгүйхэн сууж байтал хоол ирэв. Болд-Эрдэнэ Сарнайг хоол идэж байх зуур ширээн дээр байгаа улаан дарснаас хундаганд түүнд өгч, өөртөө ч бас хийгээд,
-За, чи бидний учралын төлөө,.. өнөө оройг сайхан өнгөрүүлнэ ээ, гээд юу ч болоогүй юм шиг царайгаа төв болгон түүнд хэлэхэд, сая л нэг жаахан тайвширсан Сарнай ч хундагатай дарсаа барьсан чигээрээЗа уулзсаных, сайхан нөхөрлөлийн төлөө… гэж хэлээд хундага тулган улаан дарснаас бага багаар шимэн ууж суув.Тэр хоёрыг ийнхүү элдийг ярин зугаацаж суух зуур Цэлмэг ажлаа таран гэрлүүгээ алхаж явлаа. Оройн сэрүүнд машинаа унаад явж болох байсан ч тэрээр тэгсэнгүй. Юм бодонгоо алхаж явах нь түүнд сайхан байв. Цэлмэг, эхнэр хүүхдүүд нь түүнийг орхин гэрээсээ явсан тэр өдрөөс эхлэн их зүйлийг бодож тунгаан, ойлгож авчээ. Дахин архи дарс ууж, наргиж цэнгэн, найз нөхөд, хүүхэн шуухан гэж орой үдэш гүйсэнгүй. Харин Сарнай руу ярихгүй, хүүхдүүд дээрээ очихгүй байгаа нь цаанаа учир шалтгаантай байв. Цэлмэг компанийнхаа үйл ажиллаагааг дахин хөл дээр нь босгож, ажил төрлөө цэгцлээд, гэр орондоо ч засвар хийж шинэ загвар стилээр янзлан, тэгсний дараа эхнэр хүүхдээ авчирч тэдэндээ бэлэг барихаар шийджээ.
Сарнай хүүхдүүдийнхээ хамт аавындаа байгаа гэдгийг тэрээр гэртээ эзгүй эхний өдөр л Сарнайгийн бага дүүгээс асууж мэдсэн байв. Тэрээр “Ах нь гэр орондоо засвар хийгээд, ажил төрлөө цэгцлээд, эгч дүү нарыг нь очиж авна, намайг асуусан гэж битгий хэлээрэй “ гэж захисан болохоор дүү нь энэ тухай Сарнайд хэлээгүй байжээ. Цэлмэг Эхнэр хүүхэд нь эзгүй, харанхуй гэрт очих болгондоо хүүхдүүдээ маш ихээр санаж, тэр даруйдаа тэдэндээ гүйж очмоор санагдаж байвч, бодож төлөвлөсөн зүйлээ амжуулахын тулд тэвчих хэрэгтэй байсан аж. Цэлмэг бол айлын ганц хүү, бэл бэнчинтэй айлд эрх дураараа өссөн, дутагдах гачигдахын зовлон үзээгүй нэгэн. Тиймдээ ч бага байхаасаа ямар нэгэн зүйлийг тэгтлээ хүндээр тусгаж аван асуудал өгөөд байдаггүй, өөрийн дураар шийддэг омголон зантай нэгэн байв. Хэзээний гоё сайхан охидоор хүрээлүүлсэн, наргиж цэнгэх дуртай хүүхэд байсан ажээ. Гэхдээ түүнд бас олон авууштай сайн чанарууд бий.

Ааваасаа өвлөж авсан гүйлгээ ухаан сайтай, угийн сэргэлэн овсгоотой зантай тэрээр зөвхөн аав ээжийн хөрөнгөн дээр биш, өөрийн хүч чадлаараа ажил төрлөө амжуулж, амьдралаа өдий зэрэгтээ болгож чадсан. Тэрэндээ ч бадамлан сүүлийн жилүүдэд нэлээн “сагаж “ явснаа хань ижлээ гомдоон, түүнийг орхин явах энэ үед л илүүтэй ойлгон ухаарч авав. Гэрийн зүг алхаж явсан Цэлмэг замаараа дэлгүүр орж ойр зуурын юм цуглуулаад гэртээ ирлээ. Сүүлийн гурав хоног ажилтай нь ойрхон байдаг ээжийнхээ дүүгийнд хоноод өнөөдөр гэртээ ирж байгаа нь энэ. Яагаад гэвэл гэрт нь түүний захиалга өгсөн барилга засварын баригад бүрэн засал чимэглэл хийж, өрөө болгоныг нь өөрчлөн янзалж байгаа болохоор бусдад дараа болоод яах вэ гээд холхон байсан нь тэр. Цэлмэг гэртээ ороод бараг гэрээ таньсангүй. Бүх юм өөрчлөгджээ. Эхнэртэйгээ нэг удаа хамтдаа буйдан дээрээ хэвтэнгээ элдвийг мөрөөдөн ярилцаж суухдаа төлөвлөж, хүсэж байсан яг тэр шийдлээр байраа янзлуулжээ. Засвар үйлчилгээ хэдэн гэрэл суулгахыг эс тооцвол бүрэн дуусжээ.
Маргааш захиалсан тавилгууд нь ирнэ. Хэчнээн гоё болох бол хэмээн төсөөлөн бодох зуур Цэлмэгт өөрийн эрхгүй баясал төрж байв. Нөгөөдөр эхнэр хүүхдээ авчрахаар төлөвлөжээ. Сарнай болон хүүхдүүд нь гэрээ ийм гоё болсныг хараад хэчнээн их баярлах бол гэж бодохоор өөрийн эрхгүй тэдний өмнөөс сэтгэл нь догдолж байв. Хүүхдүүдийнх нь өрөө яг л үлгэрийн хотхон мэт, …унтлагынх нь өрөө ч гэсэн хаан хатан хоёр л ийм романтик орчинд унтдаг байх гэмээр үнэхээр тансаг болсон байлаа. Тэрээр дэлгүүрээс авчирсан хүнсний зүйлээрээ өөртөө зориулан хөнгөхөн хоол бэлдэв. Хэдийгээр ийнхүү гэртээ ганцаараа суун хооллох нь уйтгартай байсан ч, ажил төрөл нь дахин бүтэмжтэй болж, гэр орон нь хэчнээн тохилог аятайхан болсныг харахад сайхан байв. “Хүний хань гэдэг ийм л байх учиртай даа, дахиж хэзээ ч Сарнайгаа гомдоож байхгүй юм шүү, хүүхдүүддээ ч гэсэн хамгийн сайн эцэг байна аа” гэж өөрөө өөртөө сэтгэл дүүрэн амлан амласаар суулаа. ..