Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 16-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 16-Р ХЭСЭГ

10 секунд уншина
0
0
829

Халиунаа арай гэж сэрлээ. Хамаг бие нь хөшчихсөн мэт даагдахгүй, нэг л зовуурьтай хөндүүр. Тэрээр гайхан эргэн тойрноо ажиглан харвал өөрийнхөө унтдаг орон дээр, өрөөндөө хэвтэж байв. Юу болоод өнгөрснийг санах гэж байдгаараа хичээлээ. Жэм тэр хоёр шар айраг уунгаа ярилцан суусан. Хүүгийнхээ талаар болон Тэмүүлэнгийн тухай түүнд хэлж байснаа санаж байв. Цаг зав гарвал Тэмүүлэнгийнд очиж хүүтэйгээ уулзаж байгаа болохоо түүнд нууж хаалгүй бүгдийг ярьсан. Харин түүний энэ яриа нь сүүлдээ тэдний дунд маргаан үүсгэж, Жэм түүнийг Тэмүүлэнтэй “хардан” уурлаж эвгүй зан гаргаж байсныг санав. Жэм хэдийдээ хаанаас аваад ирсэн юм бүү мэд, нэг нунтаг цагаан юм үнэрлэж суусан, Халиунааг нэлээн халамцуухан байгааг далимдуулан түүнээсээ өгч байсныг, тэгээд нэг л мэдэхэд хөвсгөр цагаан үүл, тэгснээ бөөн өтгөн манан дунд хөвж орсноо л санаж байв. Түүнээс хойш юу болсныг санах гэж хэчнээн оролдоод нэмэргүй байлаа. Бодвол тэр нунтаг цагаан юмнаас болоод л хоёр хоног мансуурлын байдалтай ингэж хэвтсэн байж таарах нь..

Бүгдийг эргэн санасан тэрээр яаран босож хувцасаа өмсөн, утсаа асаатал өч төчнөөн мессэж, дуудлага ирсэн байсны дотор Тэмүүлэн маш олон удаа залгаж мессэж үлдээсэн байв. Түүний илгээсэн “яаралтай залгаарай” гэсэн мөрүүдийг уншсан дариудаа Тэмүүлэн лүү залгалаа. Гэвч утас нь холбогдох боломжгүй байв. Гайхан эргэлзсэн Халиунаа хэд дахин залгасан боловч ямар ч нэмэр алга. “Арай хүү минь өвдчихсөн юм биш байгаа даа” гэж бодсон тэрээр бие нь эвгүйрхээд, толгой нь хагарах гэж буй мэт өвдөж байсан өвчнөө ч мартан, яарч сандарсаар Тэмүүлэнгийнд очихоор хаалга руу дөхлөө. Жэм гэртээ байхгүй байхыг бодоход ажилдаа явсан бололтой. Үүдээр нь дүүрэн тэр хоёрын ууж, идэж байгаад тараасан бололтой хувцас хунар, хоол хүнсний үлдэгдэл гээд ямар ч эмх замбараа алга. Энэ бүгдийг харсан түүнд нэг л таагүй сэтгэл төрж ойр зуурын юмаа бэлдэж аван, энэ айлд дахиж ирэхгүйгээр шийдээд нэг мөсөн тэднийхээс явлаа. Тэгээд ч Жэм түүнд хань болох эр хүн биш гэдгийг одоо дэндүү сайн ойлгов. Халиунаа бол айлын дунд охин. Нэг ах, эмэгтэй дүү гээд эхээс гурвуулаа. Аав ээж нь хөдөө байдаг ч Халиунаа аймгийн төвийн дунд сургууль төгсжээ. Хүүхэд байхын гэр орноосоо хол сургуулийн дотуур байраар амьдарч ирсэн тэрээр бага байхаасаа л бие дааж өссөн байв. Үеийнхэн дундаа царайлаг охидын тоонд ордог байсан тэрээр ямар нэгэн спорт урлагийн тэмцээн уралдаан зохиогдоход амжилттай оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байв. Мөн зуныхаа амралтаар хөдөөний хүүхдүүд гэр гэртээ харьдаг байсан бол Халиунаа зуслан, өдөр өнжүүлэх гээд гэртээ бараг очдоггүй хөдөлгөөнтэй охин байжээ. Тиймээс ч өөрт нь ямар нэгэн асуудал тулгарахад аав ээжээсээ зөвшөөрөл аваад асуугаад байдаггүй, бие дааж шийддэг байсан зан чанар нь өдий хорин найман нас хүрсэн ч хэвээрээ байв.

Халиунаа өндөр туранхай бие, өргөн мөр, гуалиг нарийхан бэлхүүсээрээ олон эрчүүдийн болон хөвгүүдийн харцыг булаадаг байсан бөгөөд тиймдээ ч ирээдүйд загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байв. Харамсалтай нь аравдугаар ангиа төгсдөг жил аймагт энэ чиглэлийн хувиар ирээгүйгээс болоод хүсэж тэмүүлж байснаасаа тэс өөр санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд сургууль төгсжээ. Сургуулиа төгсөөд хамгийн анх ажил амьдралын гараагаа эхэлсэн газар нь Цэлмэгийн компани байв. Ажилд орсон эхний өдрөөсөө л Цэлмэгийн хараанд өртөж өнөөдөр ийнхүү алдаж, онож яваа нь энэ билээ. Яарч сандарсан Халиунаа Тэмүүлэнгийн гэрт ирвэл тэднийд хэн ч байсангүй. “Ачаа бараагаа тээвэрлэхээр өөр хот руу явсан юм болов уу” гэж бодсон тэрээр хүүгээ эргэхээр цэцэрлэг дээр нь очтол Учирал ч бас байсангүй. “Өчигдөр үд дундын алдад аав нь ирээд аваад явсан” гэж цэцэрлэгийн багш эмэгтэй хэллээ. (Учиралыг бүгд л Тэмүүлэнгийн хүүхэд гэж бодох болсон тул тэрээр ийнхүү хэлжээ) . “ Хүүхэд аваад хааччихдаг байна аа, арай хүү минь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн юм биш байгаа даа. Би гэдэг хүн хэд хоног ухаантай, ухаангүй шахуу мансуурсан хэвтэж байгаад хүүхдээ яасныг мэдэхгүй явж байдаг, хэнийг нь ч сайн мэдэхгүй хар элгийн хүнд нялх үрээ даатгаж орхичихоод, өөрийн жаргалаа бодоод явж байдаг над шиг ийм муу ээж энэ хорвоод лав үгүй биз” гэж өөрийгөө буруутган бухимдаж зогссоноо багшаас нь хүүгээ өвдсөн юм болов уу, бие нь ямаршуухан байсан талаар асуухад,

Багш нь түүнийг “зүв зүгээр тоглож наадаад, эрүүл хөөрхөн байсан, мөн хоол ундаа ч сайн идэж байсан гэж хэлэхэд нь Халиунаагийн сэтгэл жаахан ч гэсэн амарлаа . Тэгээд хааччихсан байж таарах уу, цаг зав гараад амралттай байгаад Учиралыг дагуулаад тоглоомын газар, үйлчилгээний төв явсан байлаа гэхэд өчигдөр түүн лүү бичсэн мессэж нь ямар учиртай бол хэмээн бодон “яаралтай залгаарай” гэсэн мөрүүдийг дахин дахин уншин гайхаж явлаа. Өөрийг нь утсаа салгаад таг байсан болохоор тэгж бичсэн ч байж болох юм. Гэтэл өнөөдөр яагаад Тэмүүлэнгийн утас бас болохгүй байгаа юм бол хэмээн бүүр гайхаж учраа олохоо больсон Халиунаа Тэмүүлэнгийн гэр лүү дахин очиж үүдийг нь сахин “Хаа нэг газар луу хүүтэй нь хамт явсан байх, удахгүй ирэх биз” гэж сэтгэлээ тайвшруулан суув. Гэвч хэн нэгэнд энэ талаар хэлмээр санагдаад, сэтгэл санаагаа хуваалцмаар байв. Тэмүүлэнг хаашаа явсныг асуухыг хүсэвч түүний найз нөхдөөс нэг ч хүний утас Халиунаад байсангүй. Аргаа бараад ганц дотнын найз болох Анхаа эгч рүүгээ утсаар залгалаа. Халиунаа, -Байна уу, сайн байна уу та,…Анхаа, -Байна аа, за сайн уу минь дүү, ажил төрөл нь дажгүй юу. Жэм та хоёроор сонин сайхан юу байна даа гэхэд, Халиунаа, -Сайн, ажил төрөл дажгүй байгаа. Таны ажил төрөл сайн биз дээ, эгч минь та ингэхэд намайг ямар хүнтэй танилцуулсан юм бэ,.. Тэр Жэм гэдэг чинь хар тамхи татдаг, муу муухай нь бүрдсэн хүн байна лээ. Эртхэн мэдсэн нь их юм. Бид хоёр хамт шар айраг ууж суугаад намайг жаахан халамцуу байхыг далимдуулан нөгөө нунтаг цагаан юмнаасаа өгөөд, дүү нь бараг хоёр хоног мансуурлын байдалтай, үхэх шахлаа гэж гомдоллсон, уурласан өнгөөр хэлэхэд, Анхаа санаа нь зовсон байдалтай хэсэг чимээгүй байснаа,

-Яанаа, тийм үү. Ямар аймаар юм бэ, манай нөхөртэй найзлаад гэрээр орж гараад л байдаг юм. Тийм юм хэрэглэдэг муу залуу гэж бодсонгүй ээ. Томоотой, илүү дутуу зангүй гайгүй л хүн шиг санагдсан шүү дээ. Ямар тэр хүний дотор нь орж үзсэн биш, тийм болоод л эхнэр хүүхэдгүй байж л дээ. …. Нөхөртэй минь уулзахдаа янз бүрийн юм хэрэглэдггүй л юм шиг байсан даа. Тэгээд эгч нь өөрийнхөө нөхөртэй адилхан бодоод чамтай танилцуулсан юм. Сайн хүнтэй суугаасай л гэж санасан нь тэр. Өөр бодол санаа байхгүй ээ. Чи ямар манай хүнийг мэдэхгүй биш, халамжтай илүү дутуу зангүй сайн хүн шүү дээ уг нь. Найз нөхдийг нь адилхан л гэж санаж байлаа. Эгчийгээ уучлаарай ,… одоо тийм бол эртхэн холдсон нь дээр шүү. Муу юманд чамайг уруу татаад балай юм болно хэмээн санаа зовсон, сандарсан өнгөөр хэлэхэд нь, Халиунаа, -Таныг танилцуулсан болохоор л би гайгүй байх гэж бодож байсан. Бүүр сууж амьдрах дээрээ тулж байлаа. Гэтэл их муу хүн байна лээ. Надтай тохирох ч хүн биш байсан. Одоо дахиж тэр хүнтэй уулзахгүй ээ, танаас намайг асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэхэд Анхаа, -Тэгэлгүй яах вэ, … дүү минь, бушуу холдсон нь дээр. Дахиж тэр юмыг нь битгий амсаарай даа. Бүр санаа зовчихлоо ажил төрөл нь юу болж байна даа гэсэнд, Халиунаа,

-Ажил гайгүй ээ , гэхдээ тэгж мансуурч хэвтсэнээсээ болоод хэд хоног ажилдаа явж чадсангүй. Одоо бараг халагдаж байгаа болов уу, яасан бол мэдэхгүй. Санаа зовоод захирал руугаа залгаж чадахгүй байна. За тэр ажил ч яах вэ, тэгж байгаад учир нь олдох биз. Одоо дүү нь тэр ажил, Жэм энэ тэрийн талаар бодох тэнхэл алга, энэ тухай таньтай уулзаж байгаад дараа тухтай ярилцъя. Өөр хэцүүхэн асуудал болоод байна гэж санаа зовсон байдалтай хэлэхэд, Анхаа -Юу болоо вэ, минь дүү,.. зүгээр үү, хүүд чинь ямар нэгэн юм тохиолдоогүй биз гэж асуухад, Халиунаа хэсэг чимээгүй байснаа хямарч бухимдсан сэтгэлээ түүнд л тайлах гэсэн мэт утасны цаанаас мэгшин уйлав,тэгснээ,… -Эгч минь миний хүү алга болчихлоо,одоо би яах вэ гэж хэлэхэд, энэ бүгдийг сонссон Анхаа гайхаж сандарсан хоолойгоор, -Алга болчихлоо гэсэн чинь юу гэсэн үг вэ, Тэмүүлэн цэцэрлэгт өгөөд, хүүг чинь түр харж байгаа гэсэн биз дээ, хаанаас алга болсон юм , цагдаад мэдэгдсэн юм уу гэхэд нь, Халиунаа, -Цагдаад мэдэгдээгүй ээ, Тэмүүлэн ч бас алга, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж хэлэхэд, сая л учрыг бага зэрэг ойлгосон Анхаа,

-Тэмүүлэн бас байхгүй байгаа юм бол тэд хамтдаа нэг тийшээ явсан юм байлгүй дээ. Утас руу нь залгасан биз дээ. Битгий сандар даа одоо тайвшир, удахгүй ирэх байлгүй дээ. Миний дүү одоо хаана байгаа юм гэж асуухад, Халиунаа бага зэрэг тайвширсан бололтой чимээгүй байснаа, -Харин тэр хоёрыг нэг тийшээ хамт явсан байх даа гэж бодон Тэмүүлэнгийн гэрийн үүдэнд хүлээж сууна. Утас нь холбогдохгүй байна. Тийм болохоор сэтгэл нэг л түгшүүртэй байх юм. Хүүтэйгээ мөд уулзаж чадахгүй ч юм шиг санагдаад, хэцүү байна аа эгч минь… Өчигдөр Тэмүүлэн над руу маш олон удаа залгасныг би мэдээгүй. Тэгээд “ яаралтай яриарай” гэсэн мессэж үлдээсэн байсан. Хүүгийнхээ биеийг нь өвдсөн юм болов уу гэж бодоод багшаас нь асуутал зүгээр байсан гэнэ. Харин хэдэн хоног цэцэрлэгтээ ирэхгүй байх гэж Тэмүүлэн багшид нь хэлээд явсан байна лээ. Би хаанаас хайхаа ч мэдэхгүй байна гэхэд, Анхаа, -Тэгж хэлсэн юм бол Тэмүүлэн ажилдаа хүүг аваад явсан юм болов уу, олон хоног явах болохоор чиний утас руу залгаад холбогдохгүй байсан бол тийм мэссеж үлдээсэн байх. Өөрийнх нь утасны зай нь дуусан юм байлгүй дээ. Одоо миний дүү тайвширчхад жаахан хүлээж л бай. Эгч нь ажлаа дуусгаад чам руу залгая гэж учирлаж аргадсан өнгөөр хэлэхэд нь, Халиунаа,

-Машин дотроо утсаа цэнэглэдэг, зай дууссан гэж юу байх билээ. Тэгээд ч нялх хүүхэд аваад замд гарна гэж баймааргүй юм даа. Бүх юм надаас л боллоо. Би хэрвээ хаа хамаагүй хүн дагаж яваагүй бол, хүү минь ээжтэйгээ л хамт байх байсан юм …Би одоо яасан нь дээр вэ гэж цөхөрсөн байдалтай асуухад Анхаа, -За миний дүү гайгүй биз дээ, одоо тайван бай. Эгч нь ажлаа тарангуут л яваад очъё. Тэгээд хоёулаа ярилцъя. Арга нь олдох биз. Харин намайг очихоос өмнө Тэмүүлэнтэй холбоо баривал надад хэлээрэй гэсээр утсаа салгалаа. Халиунаа Тэмүүлэнгийн байрны өмнө сэтгэл нь түгшин, учраа олохгүй доголон нулимстай бүлтгэнэн сууна. Энэ л үед эх орон эцэг эх, найз нөхөд гээд ойр дотны бүх л хүмүүс хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл байдгийг урьд өмнөхөөсөө ч илүү ойлгон ухаарч, ганцаардан бэдэрч байлаа. Хүний газар гэдэг хүний л газар байдаг. Зовлонгоо хуваалцах найз нөхөд үгүй, учраа тайлбарлах ахан дүүсээсээ хол, уйлаад залбирах уул ус нь эзгүй тийм л хүйтэн хөндий, хоосон орчин байдгийг ийм үед хүмүүс дэндүү ихээр мэдэрдэг биз ээ.. Учраа олохгүй үймэрч суусан Халиунаа сая л гэнэт ухаан орсон мэт интернет рүү орж Тэмүүлэнгийн нүүр хуудсыг нээж харлаа. Тэндээс Улаанбаатар “Чингис хаан ” нисэх онгоцны буудал гэсэн тэмдэглэгээ хараад нүдэндээ ч итгэсэнгүй. “ЕЭ БУРХАН МИНЬ !!!!….Тэмүүлэн Монгол явчихсан байна, тэгээд бүүр хүүг нь аваад шүү”.

Халиунаа гайхаж нүүр хуудсыг нь дахин, дахин нээж үзлээ. Түүний толгойд ЯАГААД,…. ЯАГААД ингэж байгаа юм болоо???…гэсэн асуултууд л эргэлдэж байв. Өөр юм бодох тэнхэл ч байсангүй. Гар нь салгалан чичирч Тэмүүлэнгийн нүүр хуудас руу маш олон асуулт бүхий уртаас урт зурвас илгээлээ. Тэнд чухам юу гэж бичсэнээ ч эргэн санах ухаангүй байв.. ..Тэмүүлэнд юу тохиолдоод ийм хурдан Монгол явсан юм бол гэсэн бодол түүнд огт төрөхгүй байв. Зөвхөн хүүг минь яагаад аваад явсан юм бол доо гэж гайхан, бачимдаж байв. “Арай Цэлмэг Учиралыг аваад ир гэсэн юм биш байгаа даа гэж бодох зуур түүний зүрх юу юугүй дэлбэрэн тэсэрч, ам хамраар нь сад тавих гэж буй мэт давчдан дайвалзаж байв. Би яах гэж Тэмүүлэнд итгэж хүүгээ түүнтэй орхив доо гэж бодох бүр хацрыг нь даган бөмбөрөн урсах нулимсаа арчих ч хүсэл төрсөнгүй. Түүний хувьд ёстой “ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ” гэдэг л болоод байлаа. ..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *