Home Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 15-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 15-Р ХЭСЭГ

10 second read
0
0
955

Тэмүүлэнд Монголоос цахилгаан иржээ. Тэнд “ээжийнх нь бие тааруу байгаа учраас яаралтай ирнэ үү” гэж бичсэн байв. Урьд орой нь дүү нар нь түүн лүү утсаар залгаж мөн энэ тухай хэлсэн. Тэмүүлэн бол айлын том хүү. Тэрээр хүүхэд байхаасаа л хэдэн дүү нарынхаа төлөө санаа тавьж, тэдэндээ сайн ахын үлгэр дуурайлал болж ирсэн. Тиймдээ ч энэ олон жил зөвхөн өөрийн амьдрал, эхнэр хүүхэд гэхээс гадна, дүү нарынхаа сургалтын төлбөр, хувцас хунар гээд чадах чинээгээрээ тэдэндээ тус дэм болдог байв. Түүнийг тавдугаар ангийн сурагч байхад аав нь нас барж, дөрвөн өнчин дүү ээжийнхээ хамт хэцүү хатуу бүхнийг сөрж амьдарсаар өнөөдрийг хүрсэн нь энэ байлаа. Мөн түүний том охин энэ жил арван дөрвөн нас хүрнэ, дундах нь арван хоёртой, бага охин нь нь есөн настай. Хоёр бага нь ээжтэйгээ хамт амьдардаг бол, том охин нь Тэмүүлэнгийн ээж дээр өсөн торниж байгаа. Бага залуу наснаасаа амьдралын хэцүү хатуу бүхний төлөө ганцаараа шахуу зүтгэж ирсэн ээж нь сүүлийн жилүүдэд ходоод өвдлөө гэж их ярих болсон бөгөөд ходоодны шархтай гээд олон удаа эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байжээ.

Харин энэ удаа ходоодны шарх нь хүндэрч хавдар болсон тул яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн байв. Тэмүүлэн ийм л учраас ээж дээрээ хурдан очих нь юу юунаас илүү чухал байсан бөгөөд ийнхүү яаравчлан монгол руугаа буцах шийдвэрт хүрчээ. Тэгээд ч айлын том хүүгийн хувьд ээжийгээ хүнд өвчтэй байхад нь очиж хэдэн дүү нартаа нөмөр түшиг болох нь түүний үүрэг байв. Маргааш гэхэд Монгол нисэхээр шийдэж, онгоцны билетээ захиалан, ойр зуурын хэрэгцээтэй гэсэн зүйлээ бэлдэж эхлэв. Харин Учиралыг ээж дээр нь үлдээхээс өөр арга байсангүй. Түр орхиод явъя гэсэн ч харж хандах найдвартай, ойр дотны хүн байхгүй байв. Тэмүүлэн тэгээд ч Монголд хэд хонохоо хэлж мэдэхгүй. Тиймээс хүүг нь ээжид нь өгөөд сэтгэл амар явсан нь дээр байв. Тэмүүлэн явах болсон тухайгаа Халиунаад хэлэхээр утас руу нь залгалаа. Түүний утас нь холбогдсонгүй. Хэд хэдэн удаа залгасан боловч утас нь болохгүй байв.

“Яагаад үд дунд болж байхад утсаа асаагаагүй байдаг билээ” гэж гайхсан Тэрээр Халиунаа руу “яаралтай залгаарай” гэж мессэж үлдээгээд түр орхилоо. Хэдийгээр яарч сандарч яваа ч хэдэн хүүхдүүдээ ойр зуур чихэр боов авах, ээждээ хэрэг болж магадгүй гээд таньдаг, мэддэг ганц хоёр хүмүүст захиж байсан эм тариагаа очиж авах гээд маргааш хүртэл амжуулах ажил их байв. Цаг нэлээн орой болсон ч мөн л Халиунаагаас хариу алга, яаралтай хэрэг болох энэ үед түүний гэрийн хаягийг нь ч сайн мэдэхгүй байгаадаа Тэмүүлэн бухимдаж байв. Тэглээ гээд яах билээ. Урьд өмнө нь айлын хүүхэд өөр дээрээ байлгаж, хүүхэд өвдөх, өөрт нь яаралтай ажил гарах гээд, юу ч тохиолдсон очоод уулзах боломжтойг нь бодож гэрийн хаягийг нь авч байгаагүй, ядаж өөрөө нэхэж авдаггүй юмаа гэхэд Халиунаа ч түүнд өгөөгүйд гайхаж байв. Холбоо барих утас гэж сайхан зүйл байхад гээд, тэр зэргийн юмыг тоохгүй, хэнэггүй байсандаа харамсаж байв. Утас нь нээлттэй байсан бол хаанаас ч гэсэн олж болно, унтраалттай байгаа энэ үед яах ч билээ. Тэмүүлэн гайхаж, санаа зовсоор шөнийг өнгөрөөв. Мөн Халиунаагаас гадна бие нь тааруухан хүүгээ хүлээн хэвтээ ээжийгээ, олон жил уулзаагүй хөөрхөн үрс нь гээд түүнд бодох зүйл дэндүү их байсан болохоор унтаж чадалгүй хөрвөөсөөр үүр цайлгалаа.

Өглөө нь мөн л Халиунаагийн утас руу залгасан боловч холбогдохгүй байв. Тэмүүлэн сандран гайхаж эхэлсэн ч Халиунааг хайж явах цаг байсангүй. Ямар нэгэн ажил төрөл гараад утсаа түр унтраасан байх гэж өөрийгөө тайвшруулаад хэсэгтээ харлаа. Fasebook, Kakao Талк, Мессэнжер гээд байж болох бүх зүйлээр хайж, захидал бичээд хариу ирдэггүй. Орой таван цагаас нислэгтэй байдаг. Тэрээр аргаа бараад ойролцоо байдаг Гантиг гэх Америкт ирээд сүүлийн хэдэн жил нөхөрлөж байгаа найз залуу руугаа ярилаа. -Байна уу, Тэмүүлэн байнаа….Гантиг, -Байна, за сайн уу найз минь, сонин сайхан юу байна даа , ажил төрөл нь дажгүй юу гэж асуухад, Тэмүүлэн, -Сайн, найз нь яаралтай Монгол явах болчихлоо. Ээжийн бие тааруу байгаа гэнэ. Гантиг, -Тийм үү, тэгвэл явалгүй яах вэ найз аа, хэчнээн амьдралын эрхээр хүний нутагт зүтгэж яваа ч, бидэнд чинь ээж ааваас минь илүү зүйл гэж хаа байх билээ, хурдан явсан нь дээр шүү. Тэгээд миний найз хэзээ явах гэж байна даа. Найздаа захиж хэлэх, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэхэд, Тэмүүлэн,

-Өнөө орой нисэх санаатай, тэгээд чамаас нэг гуйх зүйл гараад гэхэд, Гантиг, -Аан тийм үү, онгоцны билетээ авчихсан юм уу, юу гуйх гээ вэ, найз нь чадахаар зүйл бол тус бололгүй яах вэ гэхэд, Тэмүүлэн, -Нэлээн дээр би чамтай уулзахдаа ярьж байсан даа. Халиунаа гээд бүсгүйн тухай, бас хүү нь над дээр түр байгаа гэж ….Гантиг, -За тийм, ярьж байсан, тэгээд яасан юм бэ, хүүхэд нь зүгээр үү. Халиунаа тэгээд чамтай хамт байгаа юм уу, тусдаа амьдарч байгаа гэсэн биз дээ? гэж асуухад, Тэмүүлэн, -Халиунаа тусдаа амьдарч байгаа. Харин хүү нь над дээр түр байгаа юм аа. Гантиг, -Миний найз тэгээд ажлынхаа хажуугаар яаж хүүхдийг нь харж байгаа юм бэ, хүүхдээ чам дээр орхиод тусдаа амьдардаг нь яаж байгаа юм бэ. Айлын хүүхэд бас хараад л явж байдаг чи нээрээ уужимхан дотортой хүн шүү гэхэд, Тэмүүлэн, -Хүү нь цэцэрлэгт явж байгаа, харин Халиунаагийн тухай дараа би чамд яръя. Өнөөдөр би чамаас гуйх гэж байгаа зүйл бол чи хүүг хэд хоног ажлынхаа цаг заваар цэцэрлэгт нь өгөөд, тарахаар нь авч байхгүй юу. Халиунаагийн утас өчигдрөөс хойш холбогддоггүй. Хүүг нь уг нь нэг дэх өдөр цэцэрлэгт нь өгөөд тав дахь өдрийн орой авдаг болохоор тийм ч хэцүү биш ээ. Тэгээд маргаашнаас ээж рүү нь залгаж байгаад миний учир байдлыг хэлээд нэг заваараа хүүхдээ ирээд авчих гээд хэлчихгүй юу гэсэнд. ..Гантиг гайхаж, санаа зовсон өнгөөр, бас юу яриад байгаа юм бол гэсэн байртай

-Тэмүүлэн минь, найз нь чам шиг уужимхан дотортой биш ч гэсэн чамд яах ч аргагүй байдал тохиолдсон энэ үед бол тус бололгүй яах вэ. Гэхдээ найзыгаа уучлаарай бас ойлгоорой, яг одоо бол би өөр хотод явж байна ирэх долоо хоногоос нааш наагуур чинь очиж амжихгүй. Монголоос найз бүсгүй минь ирчихсэн хамтдаа ажил төрөл хөөцөлдөөд явж байгаа юм. Ирэх долоо хоног хүртэл цэцэрлэгт нь байлгаж байна гэвэл яах вэ болох л байх. Гэхдээ ээж нь тэр болтол утсаа авах байлгүй дээ, өөрөө л мэд миний найз гэж хэллээ. Тэмүүлэн хэсэг бодож байснаа, -За найз нь тэгвэл эргээд холбогдъё гэсээр утсаа салгалаа. Тэмүүлэнгийн нисэх цаг дөхөөд байдаг Халиунаагийн утас холбогдохгүй хэвээрээ л байв. Түүнд гэнэт “Учиралыг Монгол руу аваад явчихвал яадаг бол” гэсэн бодол төрлөө. Өдий болоход Халиунаагийн утас холбогдохгүй байгаа юм чинь ямар нэгэн зүйл тохиолдсон ч байж магадгүй. Тэгээд ч юу бодож нялх үрийг нь хүний нутагт хаа хамаагүй хүнд найдаад орхих билээ. Анх цэцэрлэгт оруулах гэж өөрийнхөө нэр дээр хөөцөлдөж авсан бичиг баримт нь байгаа. Тэгэхээр онгоцоор нисэх, хилээр гарахад асуудалгүй. Ер нь хүүг нь аваад явдаг хэрэг ээ. Монголд очиж байгаад л Халиунаатай холбогдохоос намайг ойлгох байлгүй дээ. Тэгээд ярилцаж байгаад Учиралыгаа буцаад ирэхдээ аваад ирье, эсвэл Халиунаа энд хэцүү байвал ээж рүүгээ явуулдаг ч юм билүү гээд дээр ирэхдээ яриад байсан, тэндээ үлдээх бол өөрөө шийднэ биз. Ямар ч байсан тэгээд учир нь олдох биз дээ гэж бодлоо. Тэгээд Учиралд нэмж билет захиалаад түүнийг цэцэрлэгээс нь авахаар гарлаа.

Хүүг гэртээ авчраад онгоцны буудал руу хөдлөхийн өмнө Учиралын хувцас хунарыг янзалж цэгцлэн цүнхэнд хийж суутал түүний хувцас нь дотроос нандигнаж боосон нэгэн хайрцагтай зүйлийг олж үзлээ. Хайрцаг доторх зүйлийг үзээд Тэмүүлэн бараг нүдэндээ ч итгэсэнгүй. Түүнийг бүүр хүүхэд байхаас л мэддэг байсан ягаан гартааман хөөрөг “Учиралын эд хөрөнгө болно” гэсэн албан ёсны бичиг баримттайгаа байж байв. Энэ хөөрөг бол бага наснаасаа үерхэж, нэг довон дээр тоглож өссөн найз Цэлмэгийн өвөөгийнх нь хөөрөг гэдгийг тэр харангуутаа л шууд танилаа. Учир нь энэ хөөргийг сонирхож, худалдан авахыг хүссэн нутаг усны олон хүмүүс тэднийхээр ирдэг байсныг Тэмүүлэн сайн мэднэ. Тэрээр “Үгүй ээ, мөн юм гэж сонин юм даа. Цэлмэгийг би айлын охин жирэмсэн болгочихоод, хүний нутаг руу төөрүүлчихлээ. Хэдийгээр өөрийнх нь гэр бүлийн гишүүн болж чадаагүй ч төрсөн үр хүүхдээ тоохгүй сураг тасарлаа гэж буруутгаж байсан. Гэтэл тэр хүн надаас илүүг бодож, надаас илүүг сэтгэсэн байна. Хажууд байгаа үр хүүхэд бол үргэлж аавын хайр халамжинд өлгийдүүлж өснө, тэгэхэд нэг гэрт төрж, өсөж чадаагүй нялх үр насан туршаа төрсөн эцгийн хайр халамжийг үгүйлж явах болно. Үүнийг ч ойлгосон Цэлмэг гэр бүлийнхээ өв залгамжилж ирсэн, хэдэн саяаар үнэлэгдэх, үнэт зүйлээ өөрийнхөө Сарнайгаас төрсөн хүүхдэд биш Учиралд өгсөн байхыг хараад найзыгаа одоо л нэг бага ч гэсэн ойлгох шиг болов.

Тэмүүлэн өөрөө ч эндээс их зүйлийг бодож амжлаа, хүний үр хүүхэд гэдэг, хэзээ хаана хэрхэн мэндэлсэн нь гол биш, түүний мах цусны тасархай, амьдралынх нь үргэлжлэл болж явдаг болохоор чадах чинээгээр үр хүүхдээ хайрлаж, бололцоогоороо тусалж дэмжиж явах учиртай, бас үүрэгтэйг илүү их ойлгож мэдрэв. Хайрлаж дурласан ч ханилж суугаагүй өч төчнөөн хүмүүс бий, тэдний алдааг үр хүүхэд нь үүрч явах учиргүйг Цэлмэг энэ үйлдлээрээ бага ч гэсэн цайруулах гэж оролдсон нь түүнд сайхан санагдав. Тэмүүлэн хөөргийг буцаан хайрцганд хийгээд Учиралын хувцас хунартай хамт боож янзлан цүнхэллээ. Тэгээд хүүг дагуулан онгоцны буудал руу хөдөлцгөөлөө. Тэмүүлэн зам зуур элдвийг бодож явав. Хүнд өвчтэй өнөө маргаашгүй амь дүйсэн хагалгаанд орох гэж байгаа ээж мөн эхнэр хүүхэдтэйгээ олон жилийн дараа уулзах гэж байна. Тэгээд дөнгөж хоёр ой хүрч байгаа нялх хүүхэд тэвэрсээр гэртээ орно. Амьдрал нь хэрхэн үргэлжлэх өөрт нь юу тохиолдохыг тааж хэлэхэд даанч бэрхтэй байв. Очоод шууд Халиунаагийн гэр лүү ярьж хүүхдийг нь өгөх гэхээр тэднийхийг сайн мэдэхгүй. Өөртэй нь холбогдчихвол дүүгийнх нь утсыг авч болох байв. Уг нь Цэлмэгтэй яривал бүх юм асуудалгүй, тэр энэ асуудлыг цэгцлэх ёстой. Гэтэл Тэмүүлэн яагаад ч юм Цэлмэгтэй холбогдож энэ талаар мэдэгдэхийг хүсэхгүй байв. Нэг бол Учиралд яг өөрийнхөө хүүхэд шиг дассандаа тэр байх, эсвэл Халиунаад дэндүү хайртайдаа ингэж шийдэж байж ч болох юм. Ямартай ч тэр Цэлмэгт Учиралтай хамт ирснээ хэлэхгүй байхаар шийджээ.

Ийнхүү элдвийг бодож явсан тэрээр нэг мэдэхэд онгоцны буудал дээр ирсэн байв. Онгоцны буудал руу орохоос өмнө Халиунаагийн утас руу дахин залгалаа бас л холбогдсонгүй. Түүнийг “яасан юм бол доо. Арай нөгөө Америк залуутайгаа янз бүр бололцчихоогүй байгаа, за арай үгүй байлгүй дээ, утсаа салгах хэрэг гарсан юм байлгүй, гэхдээ ийм удаан салгаастай байна гэж баймааргүй юм даа “ хэмээн гайхаж балмагдсаар онгоцондоо суухаар хилээр гарлаа. Аз болоход бичиг баримт, хүүхдийн асуудал дээр санаа зоволтгүй явсаар онгоцондоо суув. Онгоц дээшлэн хөөрч, жил гарны өмнө учраа мэдэхгүй нялх амьтан ааваараа үдүүлэн, ээжээрээ тэврүүлсээр алс холын Америк орон луу явж байсан хүү өнөөдөр түүнийг хайрлан халамжлах болсон Тэмүүлэн аавынхаа хүзүүнээс булбарай зөөлхөн гараарааитгэлтэйгээр тэвэрсээр эх орны зүг хөлгийн жолоо заллаа. Цонхны цаана цайран харагдах хязгааргүй хөх тэнгэр шиг үргэлжлэх түүний амьдралын их замд хэчнээн уул толгод, даваа гүвээ байгааг хэрхэн хэн хэлж мэдэх билээ. Ямартаа ч хайртай ээжээсээ улам холдон, холдож байгаагаа мэдсэн юм шиг түүний зүрх их хүчтэй цохилон булгилж байгааг Тэмүүлэнгээс өөр хүн анзаарахгүй байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…