Home Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 12-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 12-Р ХЭСЭГ

10 second read
0
0
994

Өндөр хамартай ч тийм шар биш юмаа, цайвардуу царайтай, үс нь шаргалдуу гэхээсээ хүрэн бор гэмээр шингэрсэн халимагтай нас нь дөч хүрч яваа болов уу гэж харагдах Америк эр Халиунаагийн өөдөөс харан түүнийг ажиглах мэт үе үе сүрхий няхуур харан олон зүйлийг сонирхон асууж сууна. Өөрийгөө Жэм гэж танилцуулсан тэр эр нэгэн томоохон компьютер сүлжээний компанид инженер хийдэг гэнэ. Урьд өмнө нь эхнэр хүүхэд авч байгаагүй. Хэд хэдэн найзууд нь монгол бүсгүйтэй гэрлэсэн. Монгол эмэгтэйн даруухан, цэвэр ичимтгий бас бие даах чадвар өндөртэй зан чанар таалагддаг тул өөрөө ч бас монгол хүүхэнтэй гэрлэх бодолтой явдаг гэж ярилаа.Анх удаа уулзаж байгаа гэхэд хэтэрхий чөлөөтэй илэн далангүй байгаа нь Халиунаад тэгтлээ таалагдаагүй ч, ерөнхийдөө тухайн хүний гадаад төрх байдал нь таалагдсан болохоор аятайхан санагдаж байв. Англи хэлэндээ тийм сайн биш болохоор сайн ярилцаж, ойлголцож чадахгүй болов уу гэж санаа зовж байсан ч Халиунаа түүнтэй санасныг бодвол чөлөөтэй ойлголцож байсандаа баяртай байлаа. Тэд удаан ярилцаж суусны эцэст дараа дахин уулзахаар цаг товлоод тэндээс салцгаав. Үүнээс хойш Халиунаа Тэмүүлэнг ажилдаа явсан хойно Жэмтэй байнга уулзах болсон бөгөөд түүнд өдөр ирэх тусам улам таалагдах болсон учраас түүний гэрлэх саналыг хүлээж авахаар шийджээ. Харин энэ тухайгаа Тэмүүлэнд хэлж зүрхлэхгүй байв. Халиунаа хүүгээ бага байгаа дээр амьдралаа бодож, хүүгийнхээ ирээдүйг баталгаатай сайн сайхан байлгахын тулд боломжийн мөнгө төгрөгтэй, өөрийг нь болон хүүг нь чөлөөтэй аваад явчих чадвартай хүнтэй суухыг л хүсэж байсан юм. Тийм ч учраас сэтгэлд нь нийцсэн хүн тааралдвал тэр хүн нь Америк байна уу, монгол байна уу, тийм ч чухал санагдахгүй байв. Халиунаа анхны амьдралдаа эхнэр хүүхэдтэй хүнтэй холбогдсон нь сэтгэл санаа болон өөрийнх нь хувь заяанд томоос том сургамж болсон. Одоо түүнтэй хамт амьдарч байгаа Тэмүүлэн ч бас Монголд эхнэр хүүхэд нь бий. Тиймээс тэр дахиж алдахыг хүсэхгүй байв. Тэмүүлэн хэдийгээр түүнд хайртай, дуртай гэж сүйд болж байгаа ч нэг өдөр Монголдоо очоод, үр хүүхдээ харахаараа сэтгэл санаа нь хувирч өөрчлөгдөхийг хэн мэдлээ. ёстой нөгөө “хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ“ гэгчээр Халиунаа амьдралдаа зоригтойгоор ийм шийдвэр гаргасандаа өөртөө итгэлтэй бас маш зөв шийдвэр гэж бодож байв.

Хэдийгээр Халиунаа Тэмүүлэнд хайртай гэж хэлээгүй, сууна амьдрана гэсэн бодолгүй байсан ч түүнийг өөрт нь сайн гэдгийг мэддэг учраас энэ тухай түүнд хэлэх нь тийм амархан зүйл биш байв. Яаж хэлэх учраа олохгүй явсаар сар гарны хугацаа өнгөрчээ. Гэсэн ч цаашид ингэж чимээгүй яваад байж болохгүй болохоор Жэмийн талаар Тэмүүлэнд хэлж, түүнтэй суухаар шийдсэнээ өнөөдөр тайлбарлан хэлэхээр ажлаасаа гэртээ ирэхийг нь хүлээн сууж байлаа.Харин Халиунаа Жэмтэй суухад ганц эргэлзэж байсан зүйл нь хүүгийнх нь асуудал байв. Хүүтэй гэдгээ түүнд хэлэхэд ерөнхийдөө ойлгож байсан ч хүүг нь Тэмүүлэн шиг хайрлан эрхлүүлж, өөрийн хүүхэд шиг хандана гэдэг үнэхээр санаанд нь багтахгүй байлаа. Гэлээ гээд одоо яах билээ. Халиунаа ийнхүү элдвийг бодон суух зуураа удахгүй эндээс явах нь тодорхой болохоор эртхэн завтай байгаа дээрээ янзлаж байя гэж бодон хувцас хунараа эмхлэн цэгцэлж байв.Энэ үед ажил нь нэлээн эрт тарсан Тэмүүлэн гэр лүүгээ яаран замдаа зогсох ч сөхөөгүй хурдлан урагшилж байв. Тэрээр Халиунаатай тэр нэг учралаас хойш тоотой хэдхэн удаа л дотно харьцаанд оржээ. Халиунааг түүнтэй нэг л хөндий хүчилсэн мэт хандлагатай байдаг болохоор, Тэмүүлэн ч тэгтлээ шахаж шаарддаггүй байв. Эр хүний шулуун гүдэсхэн зангаар хаяа түүнийг эзэмдэн энхрийлэхийг хүсэвч, Халиунааг хайрлан хүндэлдэг сэтгэл нь түүний хүсэл тачаалыг нь чандлан хорьж чаддаг байв. Тэгээд ч Халиунааг ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр гомдоолгүй, аажимдаа түүнийг өөртөө дасган хувь заяагаа холбохсон гэж битүүхэн хүсэн мөрөөдөж явдаг байлаа.Гэтэл сүүлийн үед Халиунаа урьд өмнөхөөсөө ч илүү түүнтэй хачин жигтэй хөндий харьцдаг болсныг анзаарах бүрд Тэмүүлэнд нэг л сэжигтэй сонин мэдрэмж төрдөг байв. Гэхдээ үүнийг Цэлмэгтэй холбон бодож, түүнийг ирэхгүй, утсаар ч ярихгүй байгаа болохоор гомдож цөхөрсөөр иймэрхүү байдалтай байгаа байх гэж бодож байлаа. Тэмүүлэн гэртээ ирлээ. Тэрээр урьдын адил гэртээ орж ирэнгүүтээ Халиунаад санасан сэтгэлээ илэрхийлж духан дээр нь үнсээд, Учиралыг цэцэрлэгээсээ ирээгүй байгаа юм уу гэж асуухад, Халиунаа, -Арай ирээгүй байна, жоохон байж байгаад өөрөө очиж авна гэж багшид нь хэлсэн. Цэцэрлэгийн унаа өнөөдөр эрт хүүхдүүдээ хүргэж өгсөн учраас үлдсэн хүүхдүүдийг эцэг эх нь өөрсдөө ирж аваарай гэж байна лээ гэхэд Тэмүүлэн,

-За тэгвэл би цайгаа уучихаад хоёулаа миний машинаар хамтдаа явж хүүгээ авъя гэхэд Халиунаа нэг юм хэлэх гэсэн бололтой түүн лүү дөхсөнөө, больж, -За чи ямар ч байсан хоолоо ид дээ, тэгжбайгаад болъё гээд хоол цайг нь ширээн дээр бэлдэж өгөөд өрөөндөө орлоо. Тэмүүлэн хувцасаа сольж, усанд ороод Халиунааг нэг л тавгүй, ямар нэгэн зүйл хэлэх гээд байгаад түрүүнээс хойш гайхан , “намайг байхгүйд ямар нэгэн юм болсон юм болов уу, Учирал зүгээр л байгаа даа” гэж бодох зуураа хоолоо идээд Халиунаагийн өрөө рүү орлоо. Бүх хувцас хунараа боож баглан цүнх, саванд хийж, эмхэлж цэгцэлсэн байхыг хараад Тэмүүлэн гайхан зогтусаж, дотор нь нэг л тавгүйтсэнээ Халиунаад хандан, Юу болсон бэ, зүгээрүү яагаад хувцас хунараа боож баглаа вэ, гэж асуухад Халиунаа, чимээгүйхэн хэсэг сууснаа, Тэмүүлэн рүү харж -Зүгээрээ, энд суугаач хө, найз нь чамтай ярих юм байна гээд ор луу заахад, түрүүнээс хойш сэтгэл нь түгшин зогсох Тэмүүлэн юу болсоныг түүнээс сайн асууж авахаар шийдэн сандарсан, гайхсан өнгөөр Халиунаад хандан Учиралд ямар нэгэн зүйл тохиолдоогүй биз, эсвэл Цэлмэг Монголоос ирэхээр болоод та хоёрыг түр өөр байранд орж байгаарай, гэсэн юм уу. Тэгвэл ирэхээр нь л явахгүй юу даа. Цаадахтай чинь би бас уулзъя. Бид хоёрт хэдийгээр жоохон асуудал байсан ч гэсэн би тэгтлээ гэм хийсэн гэж бодохгүй байна. Ер нь тэгээд та гурав эндээ байсан ч болно шүү дээ. Би ямар гэрийн бараа харах биш. Та гуравт садаа болохгүй. Ганц хоёр хоног найзтайгаа уулзчихаад ажилдаа гараад л явчихна. Ингэхэд цаадах чинь хэзээ ирнэ гэж байна хэмээн догдолсон бас эгдүүцсэн өнгөөр асуухад, Халиунаа, -Цэлмэг надтай яриагүй ээ, ирэх ч үгүй биз. Энийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ гэхэд нь, Тэмүүлэн бүүр гайхаж хоцорлоо.

-Тэгээд та хоёр хаачих гэж байгаа юм бэ. Ажлынхаа тэнд аятайхан байр олоо юу, энд тав тухгүй байна уу, би чамайг гомдоогоогүй биз дээ, эндээ л байж бай л даа миний найз. Надад та хоёртой байх сайхан байдаг. Намайг гэр лүүгээ ямар их яардгийг чи лав төсөөлөхгүй дээ гээд инээмсэглэхэд, Халиунаа нэг л их гэм хийсэн хүүхэд шиг доошоо харснаа, -Чи надад зөндөө тус болсон, би баярлаж байгаа. Гэхдээ одоо алийн болгон чамд дараа болох вэ, амьдралаа бодож, биеэ даах хэрэгтэй байна шүү дээ гэхэд Тэмүүлэн,\ -Тийм бодолтой байгаа бол сайн ярилцаад шийдэж болно шүү дээ. Яагаад гэнэт ингэж шийдсэнийг чинь гайхаад олохгүй байна. Та хоёрыг явна гэсэн чинь нэг л сэтгэл харанхуйлчихлаа гэж хэлэхдээ хоолой нь сөөнгөтөн байв. Халиунаа,-Чи намайг уучлаарай, гэнэт шийдсэн юм биш ээ, чамд л хэлээгүй болохоос олон хоног бодсон юм. Тэгээд ч өнөөдөр шууд явах гэж байгаа юм биш юм хумаа л жаахан янзалж байна. Хэд хоногоос бодож байгаад шийднэ ээ, гэж хэлэнгээ “энэ хүнийг байхад шууд орхиод гараад явж болохгүй юм байна, арай л хүн чанаргүй юм даа, ажилдаа явсан хойно нь л нүүж явахаас” гэж дотроо бодоод, -Санаа зоволтгүй ээ, эртхэн амар даа. Ядарсан биз дээ, маргааш энэ талаар тухтай ярилцъя гээд Халиунаа босон өрөөнөөс гарахад Тэмүүлэн бас чимээгүйхэн гарч явлаа. Тэрээр “Халиунаа яагаад, хаашаа явах гэж байгаагаа хэлэхгүй байгаа юм бол, за өөрөө тэгж байгаад ярина биз дээ, бас шууд явах гэж байгаадаа санаа нь зовж л байгаа байлгүй. Уг нь амьдрал минь сайхан болох нь гэж бодож байсан юмсан” гэж бодох зуураа Халиунаад хандан,-Учиралыг цэцэрлэгээс нь явж авна гэсэн биз дээ, миний машинаар хамт явъя, би цаадахыг чинь зөндөө санасан гэж хэлэхэд, Халиунаа ч гадуур хувцасаа өмсөн тэд хамтдаа гарцгаалаа. Тэмүүлэн замдаа Халиунааг өөрт нь нэг зүйл хэлэх гээд чадахгүй байгааг үе үе бодол болох царайнаас нь анзаарч байлаа. Тэгээд Халиунаад хандан,

-Чи надаас нэг л юм нуугаад л байгаа юм шиг санагдаад байна, санаа зоволтгүй хэл л дээ. Би чамайг ойлгоно, чиний хаана амьдрах чинь өөрийн чинь л сонголт. Би чамайг хүчээр хажуудаа байлгахгүй шүү дээ. Тэгээд ч чи энд нэлээн удчихлаа. Одоо хаана ч очсон газардахгүй, гэж хэлэнгээ түүнийг юу хэлэхийг сонсохоор чимээгүйхэн машинаа жолоодон зам ширтэж явлаа. Халиунаа Тэмүүлэнд хандан,-Чи намайг зөвөөр ойлгоорой, чиний сайхан сэтгэл, хүний газар хүү бид хоёрт чадах чинээгээрээ тус болсныг би хэзээ ч мартахгүй. Гэхдээ нэгэнт Цэлмэг ирэх нь өнгөрсөн болохоор, ирлээ ч гэсэн тэр эхнэр хүүхэдтэй хүн, хэд хоноод л буцаад тэдэн лүүгээ явна. Тийм болохоор би эртхэн амьдралаа бодож хүнтэй суухаар шийдсэн гэж их л шийдэмгий хэлэхэд Тэмүүлэн ийм үг сонсоно гэж бодоогүй явсандаа гайхан эргэлзэж, огцом тоормос гишгэн зогтуслаа. Энэ үед эгээтэй л хойно нь явж байсан машин араас нь орчихсонгүй, тэрээр сандарсандаа цааш аажимхан хөдөлсөөр, бараг л мөлхөх мэт аяархан явав. Энэ үед олон зүйл толгойд нь эргэлдэж “ хэдийд хаагуураа хэнтэй уулзаж, бүүр суух барих дээрээ тулдаг байна аа” гэж гайхан бодож байв. Тэрээр Халиунаа руу гайсан өнгөөр харснаа

-Чи тэгээд хэн гэдэг, ямар хүнтэй суух гэж байгаа юм бэ дээ. Ийм хурдан чиний сэтгэлийг урвуулж чадсан тэр “шидтэн” чинь хэн бэ. Манай хотод байдаг уу, өмнө нь таньдаг байсан юм уу, яагаад надад урьд нь хэлээгүй юм бэ, би чамайг Цэлмэгт хайртай, түүнийг л хүлээж байгаа гэж бодож байсан шүү дээ гэж хэлэхэд, Халиунаа өмнөх замаа ширтсэн чигээрээ, -Би эндэхийн иргэнтэй суухаар болсон. Нэрийг нь Жэм гэдэг юм. Танилцаад нэлээн удаж байна гэж их л тайван өнгөөр, санаа нь амарсан байдалтай хэлэхэд, Тэмүүлэн түүний хэлснийг сонсоод бүүр гайхан алмайрч, Халиунаа өөрийнх нь бодож байснаас тэс өөр хүн байсныг сая л анзаарав. Тэрээр дотроо “эндэхийн иргэнтэй сууна гэнэ шүү, одооны хүүхнүүдийн сонголт яг мөн дөө. Гэтэл би гэдэг хүн түүнийг огт өөрөөр бодож явдаг “ гэж амандаа үглэх мэт өөрөө өөртөө хэлээд, Халиунаа руу харангаа,-Чиний сонголтыг би гайхаж байна, гэхдээ чи сайн бодсон юм байгаа биз дээ. Энд чинь янз бүрийн ааш араншинтай, бас бодол санаа нь байр байдлаасаа огт өөр хүмүүс зөндөө бий. Амьдралдаа харамсахаар зүйлийг яаран битгий хийгээрэй. Тэгээд ч чи хүүтэй хүн, ганцаараа биш шүү дээ. Ийм хурдан хүнийг танина гэдэг юу л бол. Тэгээд ч Америк эрчүүд бидэн шиг биш. Айхтар дотуур тамиртай, бие даасан, хэтэрхий задгай чөлөөтэй, харахад илэн далангүй хирнээ аминч зантай хүмүүс байдаг. “Өөрийн бодол өөртөө зөв” нэгэнт шийдсэн бол би яах билээ дээ.Харин чамд л гэж хэлэхэд би Учиралыг өөрийн хүү шигээ хайрладаг. Бас өнгөрсөн хугацаанд нэлээдгүй дасчихсан. Юу ч болоо юм билээ, яаран хүүгээ авч очоод хэрэггүй байх гэж бодож байна. Тиймээс Учиралыг хэд хоног надад түр орхиод явахгүй юу даа. Жаахан төвхөнчихөөд боломжийн санагдвал ирээд авна биз. Тэр болтол чинь би өдөр өнжүүлэхэд өгөхдөө өгөөд, амарсан үедээ өөрөө хараад байж байя. Надад итгээрэй. Би чамайг бас хүүг чинь бодож байна. Чи хэл, соёл өөр, амьдралын хэв маяг ондоо, таньж мэдэхгүй гадаад хүн дээр очих гэж байна. Тиймээс эхлээд өөрөө очиж сайн судалсан нь дээр байхаа. Боломжийн санагдаад үр хүүхдийг чинь хайрлаж чадахаар бол яах вэ дээ хэмээн бодож санасан зүйлээ Тэмүүлэн Халиунаад чин сэтгэлээсээ хэлэв. Магадгүй түүнийг хайрлаж, хүндэлж явдаг болохоор сайн сайхан, өөрийнхөө хүссэнээр амьдраасай гэж бодсондоо тэр энэ бүгдийг хэлсэн байх.

Халиунаа шууд л хүүгээ тэврээд Жэм дээр очно гэдэг нэг л санаанд багтахгүй, бас дотроо битүүхэн санаа зовж байсан болохоор Тэмүүлэнгийн ингэж их сэтгэл гаргаж, санаа тавьсанд үнэхээр их баярлав. Тэгээд ч Тэмүүлэн Учиралд яг аав шиг нь ханддаг болохоор түүнд түр орхиод амьдралаа төвхнүүлээд, ирээд авахад болохгүй юм байхгүй гэж бодож байв. Гэхдээ л хүүгээ хэд хоног ч гэсэн орхиод өөрийнхөө жаргал цэнгэлийг хөөгөөд явна гэдэг бас байж боломгүй мэт санагдаж байв. Тэрээр энэ талаар эргэж сайн тунгаан бодохоор шийдлээ. Хэдхэн хоног юм чинь Тэмүүлэнгийн хэлсэн санаа л зөв байх. Жэм өөрт нь сайн байгаа ч, гаднын хүний зан чанарыг тийм ч сайн мэдэхгүй. Өөрөө үр хүүхэдгүй, хүүтэй нь яаж ч харьцах юм билээ, гэж бодож байв. Тэмүүлэн ч өөрийг нь ойлгон хүлээж авсанд Халиунаа баяртай байсан бөгөөд нэг талдаа санаа нь жаахан амрав. Замын турш элдвийг бодож явсан тэрээр Учиралын цэцэрлэгийн үүдэнд ирснийг сая л анзаарлаа.

ЗОХИОЛЧ : Хишигнямын Дуламсүрэн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…