
Зургаан сарын дараа……….Халиунаа Жэмийн гэрт хүүгээ авчирсангүй. Учир нь өнгөрсөн зургаан сарын дотор Жэм түүний бодож байсан шиг хүн биш гэдгийг ойлгов. Гэсэн ч тэрээр бас тэднийхээс явахыг урьтал болгосонгүй. Нэгэнт энэ хүнтэй холбогдож, хамт амьдрахаар шийдэж ирсэн юм чинь яваандаа санасан бодсоноо биелүүлж, хэд гурван төгрөг салгаж авчихаад явах нь зөв гэж шийдэв. Жэм ч түүний энэ далд санааг гадарласан юм шиг зөрүүд зан үе, үе гаргаж, тэд хамтдаа амьдрахад нэлээдгүй төвөгтэй болж ирээд байв. Халиунаа хааяа амралтын өдрөөрөө цаг зав гарган Тэмүүлэн, Учирал хоёр дээр очдог байв. Өнөөдөр амралтын өдөр таарч байгаа болохоор хүүтэйгээ уулзахаар Тэмүүлэнгийнд ирлээ. Учирал удахгүй хоёр ой хүрнэ. Хаа сайгүй “ баацганан” гүйж, өхөөрдмөөр “шулганах” нь улам эгдүү хүргэн хайр татах аж. Багаасаа Америк цэцэрлэгт хүмүүжиж эхэлсэн Учирал англиар хэлд орж байв. Монголоор бага зэрэг ойлгох ч, тоотой хэдхэн үг л мэдэх аж. Ээжийгээ ирсэнд бөөн баяр болсон хүү Халиунааг тосон “тэнтэр, тунтар” алхалсаар хүрч ирлээ. Амьдралын эрхэнд хүүтэйгээ цуг байж чадахгүй байгаадаа бухимдаж, давчидсан тэрээр хүүгээ тэврэн үнсэхэд, олон хоног дотор нь зангирч явсан нулимс хацрыг нь даган бөмбөрлөө. Хүүгээсээ бас Тэмүүлэнгээс санаа зовсон тэрээр чимээгүйхэн нулимсаа арчаад, Тэмүүлэнтэй мэндлэв. Тэгээд “гараа угаачихаад ирье” гээд ариун цэврийн өрөөг чиглэн хүүтэйгээ хамт явлаа. Учиралыг дахин дахин үнсэн эрхлүүлж, сэтгэл санаа нь жаахан тайвширахад хамтдаа цай уухаар ширээнд суулаа. Халиунааг ирлээ гэж утасдахад Тэмүүлэн түүнд зориулан дуртай хоолыг нь хийсэн байв. Тэмүүлэн Халиунаад хандан,

-За чиний минь амьдрал дажгүй биз дээ. Ойрд сураггүй байхаар чинь хүү бид хоёр хэзээ ирэх юм болоо гээд л, бүлтгэнэтэл хараад сууж байлаа гээд түүнийг ирсэнд баяртай байгаа бололтой инээмсэглэхэд Халиунаа, -Ойрд ажил ихтэй, тэгээд амралт тааруулж байгаад ирье гээд жаахан удчихлаа. Түүнээс энэ хөөрхөн хүүдээ ирэх гэж яаралгүй яах вэ, гэж хэлэнгээ өвөр дээр нь эрхлэн суух хүүгээ үнслээ. Тэмүүлэн, -Бид хоёр дажгүй байгаа, чи санаа зоволтгүй ажил амьдралаа зохицуулахгүй юу даа. Бид хоёр бие биендээ хань болоод сайхан л байна. Учирал цэцэрлэгтээ уйлахгүй дажгүй явж байгаа, англиар хэдэн үг шулганаад л байгаа, чамтай сая юу, юугаа гээд ярьчихсан бэ, чи ойлгосон уу гэж хэлээд Тэмүүлэн инээснээ, энэ янзаараа жаахан орой л хэлд орж магадгүй юм шиг байна. Бусдаар бол гайгүй гэхэд, Халиунаа -Хэлд яахав тэгж байгаад орох биз дээ, орой ордог хүүхдүүд байдаг гэдэг. Би лав бараг гурван нас хүрч байж хэлд орсон гэж ээж ярьдаг байсан. Эрүүл саруул өсөж байвал болох нь тэр. Чамд үнэхээр их баярлаж байгаа шүү. Хүү бид хоёр яаж ачийг чинь хариулах юм мэдэхгүй л байна . Хүүгээ өөр дээрээ авъя гэсэн боловч нэг л болж өгөхгүй байна. Чамд ажлын хажуугаар хэцүү байгаа байх гэж бодсон ч яах учраа олохгүй юм. Хүүгээ Монгол явуулчихдаг юм билүү, эмээ дээрээ өснө биз гэж хааяа бодох л юм. Тэгэхдээ сайн шийдэж чадахгүй явна. Удахгүй учир нь олдох байх даа гээд санаа алдан хүүгийнхээ зулайг үнэрлэхэд, Тэмүүлэн Халиунаагийн ядрангуй царай, урамгүйхэн байдлыг хараад “Энэ маань тэр шар залуутайгаа олигтой биш л байгаа юм байна даа, тэгж байхаар буцаад хүрээд ирж болдоггүй л юм байх даа. Намайг хэллээ гээд ойлгох биш дээ, өөртэйгөө хамт байлгах гээд байна гэж бодох биз. Гаргасан шийдвэр нь л тэр, гадаад хүнтэй суучихвал л сайхан амьдарна гэж бүсгүйчүүд боддог. Үнэндээ тийм биш шүү дээ. Сайн хүн байдаг л байх гэхдээ их ховор.
Энэ Халиунаа анхнаасаа яах гэж эхнэр хүүхэдтэй хүнтэй орооцолдож, энэ хол газар ингэж цөлөгдөж ирсэн юм бол доо. Манай Цэлмэг ч гэж айлын сайхан охины амьдралаар тоглоод эхнээсээ эхнэр хүүхэдтэй, чамд хань болохгүй гээд зүтгээд байсан бол юу гэж энэ хүн араас нь гүйгээд байх вэ дээ. Ингээд бодохоор эмэгтэй хүмүүс гэж хэцүү юм даа. Хань минь ч гэсэн надаас олон жил хол хэцүү л байсан байх. Ямар сайндаа л намайг хүлээж тэвчихгүй өөр хүнтэй сууж байхав дээ. Тэднийгээ буруутгаад ч яах билээ. Бүр сэтгэл санаа тавгүйтээд хэдэн хүүхдүүдээ саначихлаа байна” гэж бодох зуураа, тавгүйтсэн сэтгэлээ Халиунаагаас нуухыг хичээн царайгаа төв болгон суулаа. Халиунаа хүүгээ хажуудаа суулгаад, хоол өгөнгөө Тэмүүлэнд хандан,
-Чиний хийсэн хоол ч амттай шүү, ойрд монгол хоолоо идээгүй сайхан байна, Хоол сайн хийнэ, хүүхэд сайн асарна. Миний найз ч ховорхон залуу шүү, би ямар азаар анхнаасаа чам дээр ирсэн юм болоо. Цэлмэг нээрээ хүнээ олоод явуулчихсан гэж хэлээд Халиунаа инээмсгэлээд, -Учирал та хоёр ч яг аав хүү хоёр шиг байдаг болжээ гээд цаанаа л сэтгэл нь амарсан байдалтай хэлэв. Тэмүүлэн, -Бид хоёрыг аав хүү болсныг чи одоо л мэдэж байгаа юм уу? Төрөөд удаагүй нялх “амьтан” тэврээд ирэхэд чинь л би хэзээний Учиралын аав нь болж амжсан шүү дээ гэснээ за, тэр ч яахав, хоол ундаа сайн идээрэй гээд ширээн дээрх зуушнаас Халиунаа руу дөхүүлэн өглөө.

Тэд хоолоо идэцгээгээд босоцгоолоо. Халиунаа Тэмүүлэнд хандан, -Сайхан амттай хоолоор дайлсанд баярлалаа. Хүүтэйгээ жаахан тоглож байгаад орой болохоос өмнө явъя даа. Жэмийг өнөөдөр ажил ихтэй, оройтох байх гэхээр нь та хоёртойгоо хэсэг байя гэж бодоод хүрээд ирсэн юм. Учиралыг тэгж байгаад нээх удахгүй авахыг бодноо, хэцүү байвал хэлээрэй, санаа зовоод байх юм гэхэд, Тэмүүлэн… -Тэрэнд санаа зовоод яах вэ, бид хоёр болж л байгаа юм чинь, өөртөө л анхаарал сайн тавиж байгаарай. Болохгүй бол хүрээд ирэхгүй юу даа. За тэгээд өөрөө мэднэ биз дээ гэхэд Халиунаа, -Буцаж ирээд яах ч билээ. Хүмүүс ч юу гэх юм. Жэмтэй амьдарвал амьдраад, амьдрахгүй бол биеэ дааж амьдрахыг бодож байгаа гэхэд, Тэмүүлэн -Хүмүүс юу гэхэв дээ, манай энэ хавийнхан угаасаа Тэмүүлэнгийн хүүхэд нь ирж л гэж бодож байгаа, өөр хүний хүүхэд гэртээ байлган, асарч хамгаалж байгаа гэвэл хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, энэ тэр гээд асууж шалгаагаад, сүртэй юм болох биз гэхэд Халиунаа, -Багаасаа аавын хайрыг мэдрэхгүй өсөж байгаа үрд минь, эцэг шиг хандаж хайрлаж байгаа чамд баярлаад ч барахгүй юм даа гэж хэлэхдээ хоолой нь зангиран, нүднийх нь нулимс цийлгэнээд ирэв. Тэрээр
-За би хүүтэйгээ хамт жаахан тоглоё , бас хүүгээ эрхлүүлмээр байна гэсээр Учиралыг дагуулан өрөөнд нь орлоо. Тэмүүлэн ширээн дээр хөглөрсөн аяга тавгаа хураан, угааж арчих зуураа..”нөгөө залуутай таарамж муутай байгаа бол удахгүй хүрч ирэх л юм байна даа, гэхдээ ирлээ гээд надад ямар сэтгэлтэй биш дээ. Миний ер нь юу нь энэ хүнд таалагддаггүй юм болоо. Цэлмэгийн найз юм чинь гэж бодогдоод болдоггүй юм болов уу, эсвэл Монголд эхнэр хүүхэдтэй юм чинь гээд бас дахиж амьдралдаа алдаад яахав гэж санадаг ч байж болох юм. Гэхдээ тэр болгоноо надад ямар хэлж ярих биш дээ. Бас тэгэж байгаад айхтар сэтгэлийн хаттай эмэгтэй юм аа. Мэдээж хүүгээсээ хол хэцүү л байгаа байх даа. Ийм залуугаасаа, ийм царайлаг хөөрхөн бүсгүй ингээд янз янзын юм үзээд явах ч гэж дээ” хэмээн бодох зуур Халиунааг өөрийн эрхгүй өрөвдөж байв Монголд, Цэлмэгийн компанийн үйл ажиллагаа нь урагштай байж, төслийн шугамаар болон гадаадын хөрөнгө оруулалтаар нэлээд их хэмжээний мөнгө орж ирэн богино хугацаанд ашиг орлого ч өндөр байсанд, гэнэт ийм их мөнгөний бараа харсан тэрээр сүүлийн хэдэн сар ажил төрөл, гэр бүл гэхээсээ илүү охид хүүхнүүд, мөрийтэй тоглоом, архи дарсанд толгойгоо мэдүүлж явах болов.
Мөнгө төгрөг, нэр хүнд өсөхийн хэрээр найз нөхдөөс их юмгүй болж, уулзаж учрах гэсэн хүний тоо ч олширч, охид хүүхнүүд бараг өөрсдөө гүйж ирдэг гэж хэлэхэд болохоор байв. Хүн болгонтой ууж идэж, мөнгө төгрөгөө баруун, солгойгүй цацсан тэрээр маш хурдан хугацаанд дээшилсэн шигээ, маш богино хугацаанд компанийн үйл ажиллагаа нь ганхаж эхлэв. Магадгүй хүч хөдөлмөр шаардаж, урт удаан хугацааны явцад амжилтад хүрсэн бол ингэж дураараа үрэн таран хийхгүй байсан биз ээ. Нөгөө “ Гэнэт идэх гэдсэнд халтай “ гэдгийн үлгэр л болоод байв. Саяхнаас оруулж ирсэн ус цэвэршүүлэгч нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн хэл ам гарч, гомдол санал зарим нэг газраас ирсэн тул, гадаадын хүмүүстэй нийлэн иргэдийг хулихдаж бизнес хийсэн хэргээр цагдаагийн газар шалгагдах дээрээ тулав. Ажил төрөл нь бүтэмжтэй сайн байсан тэрээр ингэж сүүлийн хэдэн сар “хөл, толгойгоо” мэдэхгүй шоудсаны уршгаар ийм байдалд орсонд хамгийн их санаа зовж байгаа хүн нь Сарнай байв. Нөхөртөө “Архи дарс битгий уу… чамайг амжилттай сайн явж байгаад атаархаж хорссон зарим нэг хүмүүс худлаа уруу татаад янз бүр болоод байгааг анзаарахгүй байна уу,., ямар жоохон хүүхэд биш дээ чи,… одоо ажил төрлөө бод, ингэж их ууж идэж, наргиж цэнгэх чамайг нэг л юм руу түлхээд байна даа” гэж учирлаж, аргадаж, уурлаж хэлээд ямар ч нэмэр байсангүй. Харин ч улам дордож, “Зүгээр байхад үгллээ, би та хэдийг болгоод л байгаа биз дээ” гэж уцаарлах болсон нөхрийнхөө учрыг олохгүй ганцаардан бухимдаж байлаа.
Сарнай бухимдал ганцаардлаа нөхөхийн тулд үргэлж түүнд санаа тавьж, араас нь гүйх болсон Болд-Эрдэнэтэй ч хааяа уулздаг болов. Харин Цэлмэгийн хаа сайгүй цацаад явсан мөнгө төгрөг хумигдаж, үе үе цагдаагийн газраар эргэлдэх болсонд нөгөө өдөр бүр дуудан наргиж, цэнгэж явсан нөхөд нь бараа сураггүй цөөрч эхлэв. Цэлмэгт энэ үдэш нэг л гунигтай санагдаж, үүлсийн дээгүүр нисэж яваад гэнэт газардсан мэт хачин сэтгэгдэл төрөхөд гэр лүүгээ явах санаатай машинаа барьж явсан тэрээр, машинаа зогсоолд тавиад ойролцоох кафед орж суулаа. Ганцаардан гуниглаж, жаахан юм уумаар санагдахад хань татах санаатай хэд гурван хүн рүү утаствал өнөөдөр бүгд л завгүй байгаа бололтой “амжихгүй” гэлээ. Ганцаараа нэлээн удаан юм бодож суув. Өнгөрсөн амьдрал, эхнэр хүүхэд, ажил төрөл гээд бодох бүрд сүүлийн гурван жил яг л далайн давалгаа шиг огцом дээшлэн, тэгснээ доошлон унаж, одоо тэгээд бүр эрэг мөргөөд учраа олохгүй хоосон буцаж буй хөөс мэт амьдрал нь утгагүй хачин санагдав. Иймэрхүү сэтгэлийн хямралтай суух үедээ бараг хоёр жилийн өмнө алсын Америк орон луу Халиунаа болон өөрийн үр хүүхдээ үдэж өгөөд сураг алдарсан хүн чанаргүй явдлаа ч эргэн дурслаа. Дурсан бодоод зогссонгүй утсаа авч Америк руу Тэмүүлэн лүү залгав.Байна уу, Тэмүүлэн үү…. Тийм байна, за юу байна андаа, ямар сонин хүн бэ, амьд уу, яагаад таг болчихов оо гэхэд, Цэлмэг, -Амьд л байгаа биз дээ гээд инээснээ, за миний найзын ажил төрөл сайн уу, чамтай нэг яръя даа гэж бодож явсаар байгаад зөндөө удчихлаа, анд ойлгоорой гэж хэлэхэд Тэмүүлэн, Би ч яах вэ дээ, ойлгож л байна, найзыгаа ямар мэдэхгүй биш гээд, за тэгээд ажил төрөл нь давгүй биз дээ эхнэр хүүхдүүд нь сайн уу гэж асуухад, Цэлмэг, -Бүгд сайн байгаа хө, ажил төрөл сүүлийн үед жаахан асуудалтай л байна. Түүнээс сайн байгаа гэхэд Тэмүүлэн, -Би саяхан ангийнхаа Төгөлдөртэй таарсан. Энд ирээд буцсан. Чамайг чинь зүгээр гялалзаад л, бужигнуулаад л байгаа сурагтай байсан шүү дээ гээд утасны цаанаас чанга, чанга инээхэд, Цэлмэг, -За бужигнуулахаа ч хат, нэг хэсэг найз нь нэлээн” явсаан, явсан”. Одоо харин төлөвших хэв маягтаа ороод л сууж байна гэж хэлэхэд, Тэмүүлэн,
-Өдий хүртэл төлөвшихгүй хаагуур явж байсан юм гэснээ, за тэр яах вэ, чи нээрээ “алдаг хүн шүү”. Нэг бүсгүй, нялх үр хоёроо надад даалгачихаад сэтгэл амар таг болчихдог. Намайг ер нь яаана гэж бодсон юм бэ, заримдаа гайхаад л суудаг шүү гэхэд Цэлмэг, -Яах юу байх вэ дээ, чи ганцаараа байгаа биз дээ. Муу найзыгаа аятайхан залуухан эхнэртэй болог л гэж бодохгүй юу даа гэж хэлэн инээснээ, за, за тоглосон шүү хөгшөөн. Тэр хоёр дажгүй байгаа биз дээ. Энд эхнэр хүүхэдтэй болохоор асуудал үүсэх гээд хэцүү байна. Наадах руу чинь явуулахаас гэж би чамд анхнаасаа хэлсэн шүү дээ. Уг нь удахгүй араас нь очъё гэж бодож байсан ч болоогүй, чамаас юуг нь нуух вэ, цаад Халиунаа чинь зогсоо чөлөөгүй утастаад, тэрийг нь эхнэр мэдчихсэн. Тэгээд миний наадах руу чинь “нисэх” хөг өнгөрсөн. Түүнээс та хэд дээр нисээд л очилгүй яах вэ дээ. За энэ ч яахав, яваандаа болох биз. Цаад хоёр чинь тэгээд хэр байна даа. Учирал зөндөө том болоо биз. Чи ирэх болоогүй юм уу, ирэхдээ цаад хоёрыгоо аваад ирэхийг бодоорой. Тэнд чамаас өөр таньж мэдэх хүнгүй тэр хоёр удаад яахав, тийм биз дээ гэж байж ядсан байдалтай дахин, дахин асуухад Тэмүүлэн “Учирал өөр дээр нь байгаа, Халиунаа Жем гэдэг Америк эрийг дагаад явсан “гэж хэлэх гэснээ болив. Учир нь тэдний амьдралд цаашид юу ч тохиолдоо билээ. Цэлмэг тэр хоёр багийн найзууд хэн нэгэндээ юм санахгүй байх нь юу юунаас илүү чухал байв” тиймээс Тэмүүлэн Цэлмэгт хандан, -Халиунаа ажлаа хийгээд, Учирал цэцэрлэгт яваад дажгүй байгаа. Одоо зөндөө том болсон. Манайхаас нэлээн зайтай өөр хотод амьдарч байгаа. Халиунаа сүрхий хүүхэн байна лээ. Бие даагаад, хүүхдээ өсгөөд болоод л байгаа. Хааяа би эргэж очдог. Санаа зоволтгүй сайн байна лээ. Чамтай холбоо тасарсан тэр үеэсээ л тусдаа амьдарна гээд яваад өгсөн гэхэд,
Цэлмэг “Залуу хүмүүс Тэмүүлэн , Халиунаа хоёр бараг өдийд эхнэр нөхөр шиг дотносоод хамтдаа амьдарч байгаа биз дээ” гэж бодож байсан тул, үүнийг сонсоод сэтгэл нь яагаад ч юм хөнгөрөөд явчихав”. Тэрээр өөрийн болгож чадахгүй байгаа хирнээ бас бусдаас Халиунааг харамлаж яваагаа одоо л мэдэрсэн мэт өөртөө гайхан эргэлзэж байв” Цэлмэг утасны цаана түүний ярихыг хүлээн зогсох Тэмүүлэнд хандан, -Тийм үү, за сайн явцгааж байгаа бол болоо доо. Санаа амарлаа. Миний найз хааяа сураг тавьж л байгаарай. Бас хэдийгээр аваад суусан эхнэр биш ч хүүхдийг минь гаргасан болохоор санаа зовж л байх юм. Харин найз нь чамд үнэхээр баярлаж явдаг шүү. Чамтай ярьсан чинь сэтгэл санаа сайхан байна. Анд минь биеэ бодож байгаарай, тэгж байгаад ярина аа гэхэд Тэмүүлэн, b-Тэгнээ хө, чиний ажил төрөл сайн байгаа бол болж дээ. За түр баяртай гэсээр утсаа тасаллаа. Цэлмэг ажил төрөл нь бүтэмжтэй сайн явах үедээ Халиунааг бараг мартах шахсан хирнээ ганцаардан, гуниглах цагтаа түүнийг бас хүүхдээ эргэн санагалзана гэж зүүдлээ ч үгүй явжээ. Энэ орой их зүйлийг бодож тунгаан, ойлгож авсан тэрээр цаашид архи дарс, элдэв янзын хүүхнүүдийн асуудлаас хол байж, үйл ажиллагаа нь бараг зогсох шахаад байгаа компаниа дахин хөл дээр нь босгоно гэж хатуу шийдээд тэндээс гарахаар бослоо. Замаараа эхнэртээ баглаа цэцэг аваад орой болгон уур уцаарыг нь хөдөлгөж байсандаа уучлалт гуйж, дахин тийм асуудал гаргахгүй гэж амлахаар шийдэн гэрийн зүг яаран явлаа.

Гэртээ иртэл гэр нь харанхуй, хэн ч байсангүй. Орой бүр халуун хоол бэлдээд хүлээж суудаг хань нь ч алга, өхөөрдөм шулганалдан тоглож суудаг эсвэл аавыгаа оройтож ирэхэд хайр татам “булцгар” хөлнүүдээ ил гарган унтаж байдаг хөөрхөн үрс нь ч алга. Сарнай нөхрөө орой бүр архи дарс үнэртүүлж ирдэг, ажил төрөл, гэр орондоо анхаарал халамж тавихаа больсонд залхаж, аргаа бараад хүүхдүүдийнхээ ойр зуурын хувцас хунарыг бэлдээд нэг хэсэгтээ аавындаа амьдрахаар шийдээд яваад өгчихсөн нь энэ байв. Сарнай “эхнэр хүүхдүүдээ ингээд яваад өгчихөөр амьдралын өнгөц сайханд толгой нь эргэн, учраа олохоо больсон нөхөр нь бүгдийг ойлгон ухаарч магадгүй” гэж бодсондоо ийм шийдвэр гаргажээ. ….
ЗОХИОЛЧ : Хишигнямын Дуламсүрэн