Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 13-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 13-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
0
1,559

Хэд хоногийн дараа Халиунаа хүүгээ түр Тэмүүлэнд орхин Жэмийг даган тэднийд амьдрахаар явлаа. Тэмүүлэн Халиунааг ийм шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байсан ч, Учирал өөр дээр нь үлдэж байгаа болохоор нэг талдаа сэтгэл “өег” байв. Харин Халиунаа Жэмийнд очсон эхний өдрөөс л үйл ойлгогдох тэс өөр орчинд ирж байгаагаа анзаарлаа. Жэм түүнийг өмсөж зүүх, эдэлж хэрэглэх зүйлсээр үл дутаан , авъя гэсэн болгоныг нь авч өгч байв. Цаг зав гарах бүрд гадуур хамтдаа зугаалж, хамгийн сайхан цэцэгсийг түүнд зориулан бэлэглэж байсан нь Халиунаад үнэхээр таалагдаж байлаа. Гэсэн ч сайны хажуугаар саар гэгчээр Жэмийн хэт дураараа, юм болгоныг өөрийнхөөрөө шийдэх гэсэн хэтэрхий бие даасан зан чанар нь Халиунаад огт таалагдахгүй байв. Гэлээ ч тэрээр амьдралын хэв маяг, үзэл бодол, орчин нөхцөл огт өөр хүмүүс, эхэндээ бие биенээ сайн ойлгохгүй, иймэрхүү зөрчил гарч л таараа, яваандаа дасан зохицоод цаг хугацаа өнгөрөх тусам гайгүй болно байх гэж бодож байв. Тэгээд ч сансан зорьсон зүйлдээ хүрэхийн тулд энэ зэргийн саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай байж, хүнд хэцүү зүйл тохиолдвол тэвчин өнгөрөөж зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байлаа.

Жэмийнд ирээд нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа ч хүүгээ Тэмүүлэнгийнхээс аваад ирж болохгүй байв. Учир нь хэд хэдэн удаа Жэмд хүүгээ авчирмаар байна, гурвуулаа хамт байя гэж хэлсэн боловч, Жэм “Тэндээ гайгүй байгаа бол хэсэгтээ байж л байг юундаа яарах вэ, чи хүүтэйгээ уулзмаар байгаа бол очоод уулзаж болно шүү дээ. Би хүүхдэд дургүй, хүүхэдтэй байх төвөгтэй байдаг. Америкт ер нь нялх хүүхэдтэй байна гэдэг эрх чөлөөгөө хасуулж байгаатай адилхан. Тэд чинь биднээс давуу эрх эдэлдэг. Ямар нэгэн юм болоход бид тэдэнд хуруугаа ч хүргэх эрхгүй шүү дээ”, гэх зэргээр хүүхдийг нь нэг л тоохгүй байсанд Халиунаа дотроо гомдож байвч, хүү нь Тэмүүлэнтэй аятайхан гайгүй байгаа болохоор нэг талдаа сэтгэл жаахан амарч байв. Энэ үед Монголд Цэлмэг, Сарнай хоёр шинээр нээгдсэн эмчилгээ, сувиллын газрынхаа үүд хаалгыг нээгээд удаагүй байв. Сарнай өөрийн бодож хүсэж явсан зүйл нь биеллээ олсон болохоор түүндээ цаг зав, сэтгэл зүрхээ зориулахаар шийдэн, ажлаасаа гарч сувиллын газартаа ажиллахаар болжээ.

Түүний ажил төрөл нь бүтэмжтэй сайн байгаа ч амьдрал нь нэг л болж өгөхгүй, ээдрээтэй байгаад сэтгэл тавгүйтэн цаанаа л түгшүүртэй байх болжээ. Цэлмэгийг хөдөө явсан хойгуур найз Гэрэлжин нь нэгэн яамны сайдын орлогч Болд- Эрдэнэ гэдэг залууг түүнтэй танилцуулсан. Тэр үеээс хойш Болд- Эрдэнэ Сарнай руу байнга утастаж, мессэж бичин эргүүлдэх болсон нь нэлээдгүй төвөг болж байлаа. “Би ханьтай, хоёрын хоёр хүүхэдтэй хүн, тиймээс өөрийн гэсэн амьдралтай надаар битгий оролдоод байгаарай” гэж учирлаж тайлбарлаад нэмэр болдоггүй. Хайртай дуртай, сэтгэлийн жолоо алдарсан, яах ч учраа олохгүй байна гэж ирээд л “уясаж” гарна. Хааяадаа ч гэсэн надтай уулзаж сэтгэлийг минь ойлгож байгаач хэмээн учирлаж, аргадахын завсараар гуйсаар л байв.

Энэ бүгдийг байгаагаар нь хүлээж авахыг хэчнээн хүссэн ч Сарнайд илүү, дутуу эрийг харж явах хүсэл, сонирхол одоохондоо алга байв. Хэдэн жилийн өмнө түүний нөхөр Цэлмэг гэртээ орж ирэнгүүтэй л утсаа салгаж, эсвэл дууг нь унтраачихдаг байсан нь санаад орж. Сарнай яг тийм байдалд орсондоо гайхаж бас санаа зовж байв. Гэртээ ирэх тоолонд нэг л гэм хийчихсэн юм шиг утасныхаа дууг унтрааж, янз бүрийн мессэж ирэх вий гэж сэтгэл түгшинэ. Нэг л өдөр Цэлмэг янз бүрийн мессэжийг нь уншчихвал, гэм зэмгүй байж ханийнхаа сэтгэлд сэв суулгачих нь гэж санаа зовсоор. Аргаа бараад утасныхаа дугаарыг хүртэл сольж үзсэн боловч, ямарч нэмэргүй дор нь л олоод мэдчихсэн байв.

Ийнхүү Сарнай учраа олохгүй гайхаж явахад, энэ бүгдийг мэдсэн юм шиг сүүлийн үед Цэлмэгийн ааш зан өөрчлөгдөж, өдөр бүр хурал зөвлөгөөн, уулзалт цуглаан гээд байнга оройтон ирэх болжээ. Ирэх болгондоо согтуу, эсвэл архи дарс үнэртүүлчихсэн байдаг болов. Заримдаа бүр утсаа салгаад хонуутаар явах тохиолдол ч гарлаа. Хэсэгтээ л төвшин сайхан амьдарч байсан амьдрал нь юунаас болсон юм, ийм төвөгтэй хэцүү болж байгаад Сарнай гайхшаа барж байв. Тиймээс амьдралаа яаж зохицуулбал, амар тайван байлгах талаар янз янзаар бодсоор байлаа. Шөнийн хорин нэгэн цаг өнгөрсөн ч Цэлмэг алга. Утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байв. Сарнай хүүхдүүдээ унтуулчихаад Цэлмэгийг хүлээн суух зуураа элдвийг бодно. Өдөр бүр түүн лүү мессэж илгээн, халамж хайрын үг явуулах болсон Болд – Эрдэнэ гэгч залуугийн тухай энэ удаа бодож суулаа. Гэнэт сониуч зан нь хөдөлсөн үү, ганцаардсандаа хэн нэгнийг хүссэн үү, ямартай ч түүнээс захиа ирсэн болов уу гэж бодон утсаа асаан үзлээ.

“ Сайхан амраарай хонгор минь, үнсье” гэсэн мессэж ирсэн байв. Сарнай “Үгүй ээ, энэ нээрээ мөн зоригтой залуу шүү. Эсвэл ийм хэнэггүй амьтан уу, айлын нөхөр бичсэн зүйлийг нь үзчих нь гэж санаа нь зовдоггүй юм байх даа” хэмээн бодож суух зуур, хаалганы хонх дуугарлаа. Тэрээр яаран мессэжээ устгаад үүд рүү очин хаалга онгойлгож өгвөл Цэлмэг нэлээн халамцуухан орж ирлээ. -Хүүхдүүд унтчихсан юм уу? гэж асуунгаа Сарнайн духан дээр нь үнсээд -Хань нь өнөөдөр бага зэрэг уучихлаа, уучлаарай,.. гээд хоёр хөл нь гуйвасхийн алхсаар өрөөндөө орлоо. Сарнай араас нь дагаж ороод, согтуу байхад нь олон юм яриад ч нэмэргүй дээ гэж бодсон боловч, тэсгэлгүй Цэлмэгт хандан -Чи арай дэндэж байгаа юм шиг санагдахгүй байна уу?. Сүүлийн үед орой болгон архи ууж ирдэг боллоо. Архи дарс, наргиж цэнгэх чинь хэрээс хэтрээд байна, бодож санаж байгаа юм байна уу гэж нэлээд ууртай, уцаарласан өнгөөр хэлэхэд Цэлмэг түүн лүү дуртай, дургүй толгойгоо өргөн, нүдээ онийлгон харангаа -Хүмүүстэй уулзаж, ажил төрөл ярилцсан юм, найз нөхөдтэй байж л аливаа асуудал шийдэгдэнэ. Чам шиг гэртээ суугаад байвал юу бүтээх юм. Ингэж явсны хүчинд л бид хоёр мөнгө төгрөгтэй, юугаар ч дутахгүй амьдарч байгаа биз дээ. Хааяа ууж, идэх юм байлгүй яадаг юм хэмээн дуугаа өндөрлөн ширүүхэн хэллээ. Сарнай түүнийг эвгүй авирлаж байгаад дургүй нь хүрсэн боловч, дотроо тэвчин, тайван өнгөөр,

-Байнга л мөнгө төгрөг ярих юм. Мөнгө төгрөгнөөс чинь илүү үнэ цэнэтэй амьдрал гэж байна. Эртхэн ирээд үр хүүхдээ эрхлүүлж суувал тэр чинь жаргал баймаар юм даа уг нь. Тэгээд ч мөнгийг олсныхоо хэрээр үрэх ямар хэрэгтэй юм бэ, найз нөхөд л гэнэ, чамд сайндаа өдөр болгон ууж идэж яваа биш, чамайг олсон хэдийгээ баруун солгойгүй цацаж байдгийг чинь мэддэг болохоор л тэд чинь “саймширч” байгаа юм. Чи тэрнийг нь ойлгохгүй хөөрч, дэвж гүйгээд энэ янзаараа явсаар архичин болвол, чиний төлөө хэн зовох юм гэж хэлээд Цэлмэгийг үг хэлэхээс өмнө хүүхдүүдээ сэрээчихгүй юмсан гэж бодон зөөлөн, зөөлөн алхсаар тэднийхээ өрөө рүү орлоо. Архи дарс үнэртүүлж, аархаж онгирсон Цэлмэгийн хажууд унтах хүсэл Сарнайд байсангүй. Охиноо өвөртлөн унтахаар хэвтлээ. Гэсэн ч нойр нь хүрсэнгүй. Оюутан байхаас л бие биенээ хайрлан, дурлалцаж амьдралын ханиа хэмээн сонгосон хүн нь Цэлмэг. Аль, аль нь ёстой л нөгөө “ хиртэй гараар хүрэмгүй” гэдэг шиг цэвэр тунгалаг гэгээн хайраараа учирцгаасан. Хөтлөлцөж гүйсээр сургууль соёлоо төгсөж, өрх тусгаарлан ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Хоёр сайхан үрийн эцэг, эх ч боллоо. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд сэтгэл тайван, амар амгалан байсан цагууд тун ховор байв.

Хүмүүс түүнийг сайн ханьтай, дутагдах гачигдахын зовлон мэдэхгүй, ажил төрөл нь урагштай, одоо бүр хувийн сувиллын газартай болсон, хоёр сайхан хүүхэдтэй гээд хамгийн жаргалтай эмэгтэй гэж бодоцгоодог. Гэсэн ч үнэн чанартаа тийм биш байв. Хүүгээ төрүүлэх гэж мөн ч их зовсон. Хожуу үеийн хордлого нь хүндэрч, даралт нь ихсэн, цус алдаж, үхэл амьдралын дэнсэн дээр хүүгээ гаргасан. Дараа нь хүүгээ төрүүлчихээд удаагүй байтал Цэлмэг охид хүүхнүүдтэй “орооцолдож” гомдол цөхрөлийн нулимсанд олон шөнө “живүүлсэн”. Охин нь гарч, одоо л нэг амьдрал минь цэгцрэх нь гэж бодож байтал Цэлмэг архи дарсанд толгойгоо мэдүүлж, ааш зан нь хувирах болжээ. Энэ бүгдийг эргэцүүлэн бодож хэвтсэн Сарнай шөнө дөл болсныг ч анзаарсангүй. Удахгүй үүр цайна. Нар манддагаараа мандаж амьдрал үргэлжилнэ. Гэсэн ч санаснаар болдоггүй, төвөгтэй амьдралыг хэрхэн зөв чиглүүлэх ухаанаа Сарнай олохгүй шаналан хэвтсээр…. Харин энэ үед нөгөө өрөөнд хүнгэнэтэл хурхирах Цэлмэг эхнэрийнхээ сэтгэлийн зовуурийг анзаарах сөхөөгүй бөх гэгч нь унтаж байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *