
Сарнай хүүхдүүдээ цэцэрлэгт өгчхөөд ажил уруугаа алхаж явна. Цэлмэг ажлаар хөдөө явсан тул хүүхдүүдээ ясли, цэцэрлэгт хүргэж өгөх үүрэг зөвхөн түүнд оногджээ. Хэдийгээр машинаар ажил руугаа явж болох байсан ч тэрээр заримдаа өглөөд ингэж алхах дуртай. Тэгээд ч хүүхдүүдийн цэцэрлэг түүний ажилладаг эмнэлэг хоёр тийм хол зайтай биш. Сарнай ойрд төрөх тасаг дээр биш амбулаторит үзлэг хийж байгаа бөгөөд өдөржин хүн ихтэй, цаг зав муутай өнждөг байна. Эмчилгээ үзлэг ихтэй байхаас гадна эмнэлэг дээр нь сүүлийн сар гарны хугацаанд “хөл толгой” нь мэдэгдэхгүй бөөн бужигнаан болоод байгаа аж. Учир нь эмнэлгийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор нэлээдгүй асуудал үүссэн бөгөөд, дээр доор гэлтгүй бүх л хүмүүс хөдөлгөөнд орох нь орж, гарах нь гарч, тушаал дэвших нь дэвшиж байв. Шинээр ч нэлээн олон эмч ажилтнуудыг авав. Өвчтөн, эхчүүд гэхээсээ илүү бичиг цаасны ажил хаа сайгүй мундахгүй их байгаа аж.

Тиймээс Сарнайд өөртөө цаг зав гарган, юм бодонгоо ингэж агаарт алхах нь тааламжтай байв. Цэлмэг хоёр долоо хоногийн хугацаатай хөдөө ажлаар явсан бөгөөд ирэх арай болоогүй байгаа ажээ. Сарнай аажуу тайван алхсаар ажилдаа ирлээ. Үзлэгийн хувиар хэдийнээ гарчээ. Тэрээр үүдэнд хүлээх хүмүүсийг хараад “өнөөдөр ч нэлээн их хүнтэй байх нь дээ” гэж бодох зуураа өрөөндөө орж гадуур хувцсаа тайлан, халаадаа өмсөж ширээндээ суулаа. Эхний эмэгтэйд үзлэг хийхээр өрөөндөө дуудав. Тасралтгүй бүртгэл, үзлэг, зөвлөгөө үргэлжилж сая л нэг хүн жаахан багасахын алдад цагаа харвал цайны цаг дөхсөн байв. Өчигдөр орой түүнтэй их сургуульд нэг ангид хамт сурч байсан Гэрэлжин утсаар ярьж, маргааш завтай бол хоёулаа уулзъя гэж байсныг гэнэт санаад Гэрэлжин лүү залгалаа. ”Гэрэлжин Сарнай хоёр их сургуульд сурч байхдаа нэлээд дотно найзууд байсан бөгөөд Гэрэлжин сургуулиа төгсөөд Герман явж тэндээ зургаан жил амьдарч байгаад саяхан нутагтаа ирсэн байжээ” Сарнай,
-Байна уу, сайн уу миний найз, өдрийн мэнд гэхэд, утасны цаанаас Гэрэлжин, -Сайн, миний найзын ажил өнөөдөр гайгүй байна уу, Сарнай, -Гайгүй ээ, гэхдээ л ямар хүн тасрах биш дээ, чи минь юу хийж байна даа гэж асуухад Гэрэлжин, -Гойд хийсэн юмгүй ээ, ойр зуурын юм цуглуулаад дэлгүүрээр явж байна. Миний найз өнөө орой уулзах хэвээрээ биз дээ, хоёулаа жаахан ярьж хөөрч сууя, уулзаагүй удлаа шүү дээ гэхэд Сарнай , -Харин тийм ээ, найз нь ч бас уулзахыг хүсэж л байна. Гэхдээ Цэлмэг хөдөө явчихсан, хүүхдүүдээ яадаг юм билээ гэхэд Гэрэлжин,

-За найз нь ганц уулзъя гэж байхад, дүү нар чинь байгаа биз дээ, тэднийгээ дуудаад л асуудлыг зохицуулаач миний найз… Би бас ганцаараа биш шүү, найз залуугаа чамтай танилцуулах гэсэн юм. Саяхан монголдоо ирээд танилцаж дотноссон, тэгээд л сэтгэл догдолчихоод чамайг уруу татаж байхад, тоохгүй юм хэмээн нэлээн гомдоллосон өнгөөр хэлэхэд нь Сарнай, -За, тийм бол ойлголгүй яах вэ, найз нь тэгвэл эртхэн ажлаа дуусгачихаад, дүүгээ дуудаж, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихаад эргээд холбогдъё. Гэхдээ залуу хосууд уулзах гэж байхад би “шавар” юм биш үү, дараа хоёулаа тухтай уулзсан нь дээргүй юу гэж гайхсан өнгөөр асуухад, Гэрэлжин,
-За найз нь ямар дандаа гуйдаг биш дээ. Хэрэгтэй болоод л хамт уулзъя гэж байна. Тэгээд ч гоё уулзалт зохион байгуулчихаад байна. Дуугүй хүрээд ирээ, найз залуу маань бас нэг дажгүй залуу дагуулж ирнэ гэсэн шүү гээд тас тас хөхрөхөд Сарнай, -Юу вэ, өөр хүн бас ирэх юм уу, тэр дажгүй залуу энэ тэр яах вэ, би чинь хоёр хүүхэдтэй хөгшин хүүхэн гээд инээхэд Гэрэлжин,
-Өөрийгөө бас хөгшин гэчихжээ. Зүгээр л байгаарай найз минь. Гуч дөнгөж гарчихаад хөгширчих юм бол дөч, тавин настай хүмүүс яах болж байна. За ямар ч байсан ажлаа амжуулчихвал найз руугаа залгаарай, Цэлмэгийг байхгүйд жаахан цэнгээд ав л даа гээд нөгөө л хэзээний нүүрэмгий, цовоо дуугаараа инээсээр утсаа салгалаа.
Сарнай ажлаа аль болох эртхэн дуусгаад хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авч гэртээ ирлээ. Оюутан дүүгээ орой ирээд хүүхдүүдээ түр харж байгаарай гэж гуйсан бөгөөд, дүү нь ч бас төд удалгүй ирэв.
Хүүхдүүддээ жаахан хоол унд бэлдэж өгөөд, өөрөө тэднийг яаж унтуулах талаар дүүдээ захиж хэлээд Гэрэлжинтэй уулзахаар хувцсаа солин гарч явлаа. Сарнай Гэрэлжингийн ярьж тохирсон рестораны үүдэнд ирээд түүн лүү залгавал тэрээр хэзээний ирчихсэн түүнийг хүлээж байсан бололтой үүдээр гарч ирэн тэд хамтдаа дотогш оров.
Бүдэг гэрэл намуухан хөгжимтэй, тохилог байрын аятайхан газар байв. Нэлээн захын ширээнд тухлан суусан хоёр залуугийн зүг рүү зааж тэнд бидний ширээ, бас бидний зочид байна гэсээр тэдний зүг дагуулан явав.
Боломжийн нүдэнд дулаахан залуус байлаа. Өмссөн хувцас, цэвэрхэн үсний засалт, харилцааны соёл зэргээр нь гайгүй албан тушаалтан юм байна гэдгийг төвөггүй мэдэж болохоор байв. Сарнайн өөдөөс харан суух шаргалдуу царайтай, бор нүдтэй залууг Болд- Эрдэнэ гэдэг гэнэ. Нэгэн яаманд нэлээн дээгүүр албан тушаалтай болохоо хэлэв. Харин Гэрэлжингийн зэргэлдээ суух залууг Тамир гэх бөгөөд уул уурхайн компанийн захирал хэмээн өөрийгөө танилцууллаа. Сарнай тэдэнтэй танилцаж, ойр зуурын юм ярилцан суух зуураа “Манай Гэрэлжин хүнтэй суухгүй их удсан, харин одоо овоо гайгүй хүн олоод аваа юу даа. Гэхдээ хүний ямрыг шууд хараад мэдэх биш дээ. Ямарч байсан мэргэжил боловсрол сайтай л хүн шиг байна, болж дээ миний найз ” гэж бодох зуураа тэдний яриаг чагнан, ажиглаж суулаа. Тэд хөгжилтэй яриа өрнүүлж, Гэрэлжин Германд хэрхэн амьдарч байсан талаараа хууч хөөрч, мөн заримдаа тэдний яриа улс төр лүү холбирч, Сарнай Гэрэлжин хоёр оюутан байсан үеэ эргэн дурсаж элдвийг хөөрөлдсөөр нэлээн орой болтол сууцгаалаа. Шөнийн 22 цаг болохын алдад аль аль нь уусан юмандаа нэлээдгүй халцгаасан тул явахаар босоцгоолоо. Найзтайгаа уулзаад бас таалагдсан залуутайгаа хамт оройг өнгөрөөсөн Гэрэлжин нэлээд сэтгэл нь хөдөлсөн бололтой
-Бүгдээрээ манайх руу хамт явах уу гэхэд, Сарнай нэлээн санаа нь зовсон байдалтай, -Яалаа гэж дээ найз минь, дараа болъё. Найз нь хүүхдүүд рүүгээ явахгүй бол нөгөө хэд чинь хүлээж байгаа гэхэд, Гэрэлжин, -За тэгвэл Болдоо миний найз Сарнайг хүргээд өгчих нь биз дээ гэхэд Сарнай, -Зүгээр дээ, манайх эндээс ойрхон би такси бариад явчихъя гэтэл Болд- Эрдэнэ их л уриалагхан дуугаар, -Би хүргээд өгөлгүй яах вэ, гээд түрүүнээс хойш аятайхан харагдаад байсан бүсгүйгээ хүргэж өгөх болсондоо их л тааламжтай байв. Гэрэлжин Сарнай руу дөхөж ирснээ, чихэнд нь бараг шивнэх шахан,
-Битгий маяглаад бай л даа, наад залуу чинь чамайг идчихгүй, гайгүй залуу байна лээ, чамд хэрэг болох ч юм билүү. Миний найз санаа зоволтгүй гэж хэлснээ, түрүүлж гараад хүлээж зогссон Тамир, Болд –Эрдэнэ хоёр дээр очлоо. Тэд хос хосоороо такси барин гэр гэрийн зүг хөдөлцгөөв. Энэ үед Арлингтонд хүүгээ яслид өгчхөөд ажил хийж байгаа Халиунаагийн амралтын өдөр таарч байлаа. Тэмүүлэн мөн л ажлаар тав хоног өөр хот уруу явсан тул Халиунаа гэртээ ганцаараа амарч байв. Сүүлийн хэдэн сар Тэмүүлэнтэй дотно харьцаатай болсон ч Халиунаад тийм их сэтгэлийн хөдөлгөөн, хайр дурлалын холбоо байсангүй. Тэгээд ч Тэмүүлэн монголд гурван хүүхэдтэй. Өөрөө эхнэрээсээ салсан гэж хэлж байгаа ч үнэн худлыг нь сайн мэдэхгүй. Түүнд чадлаараа тус болсон сайхан сэтгэлийг нь үнэлж байв ч, түүний эхнэр болох бодол бол төрөхгүй байв. Ер нь тэгээд Халиунаа Цэлмэгийн найзтай цаашид удаан хамт амьдарна гэдэг түүнд утгагүй санагдаж байлаа. Харин Тэмүүлэнгийн хувьд бол эсрэгээрээ цаг үргэлж сэтгэл зүрхийг эзэмдэх болсон Халиунааг яаж өөрийн болгох талаар замын турш бодож явдаг болсон бөгөөд Учиралд сайн аав болж чадна гэдэгтээ ч итгэлтэй байв.

Халиунаа одоо Цэлмэгийг хүү дээрээ ирэх нь худлаа болсныг мэдрэх бүрд түүний найзын царайг харж удаан амьдрах хэрэггүй гэдгээ олгож байв. Хэдийгээр ажил хийж, өөрийгөө болон хүүгээ хоол унд, өмсөж зүүхээр таслахгүй болгоод байгаа ч цаашдын амьдрал, зорьсон зорилгодоо хүрэх нь юу юунаас илүү чухал байв. Тиймдээ ч өнөөдөр амралтын өдөр, Тэмүүлэнг байгүй байгаа дээр нөгөө Анхаа эгчийн санал болгоод байсан Америк залуутай танилцахаар шийджээ. Өглөө Анхаа эгч рүү залгаж нөгөө залуутай өнөөдөр уулзаж, танилцаж болох талаар асуутал, би утасдаж лавлаад хариу хэлье гэв. Төд удалгүй тэрээр түүнтэй уулзах цаг, газрыг хэлж өгсөн байна. Халиунаа яг анх удаа болзоонд явах гэж байгаа мэт сэтгэл нь догдлоод байлаа. Магадгүй энэ болзоо түүний цаашдын амьдралыг шийдэх учраас тэрээр ингэж сандран догдолсон байж болох юм. Тэгээд ч аль болох сайхан харагдах хэрэгтэй гэдгээ сайн ойлгож байв.
Өглөөнөөс хойш толины өмнө эргэлдсэн тэрээр үсээ дээш шуун бага зэрэг сулхан хавчаад, цайвар цэнхэр өнгийн бие барьсан даашинз өмслөө. Хүүхэд гаргаад биеийн галбирт жаахан өөрчлөлт орсон ч, урьдахаасаа улам гоолиг сайхан болсон мэт түүнд санагдаж байв. Өдөр бүр ажил гэр гэж явах тэрээр биенд амрыг бодож намхан ултай гутал өмсдөг байсан бол өнөөдөр өндөр өсгийтэй хамгийн дэгжин гэсэн гутлаа сонголоо. Өмссөн хувцас, цэвэрхэн царай төрхөө толинд хараад өөртөө маш их таалагдах тэрээр итгэлтэйгээр болзоонд явахаар гэрээс гарлаа. Харин түүнийг ямаршуухан шаргал үстэй, шулуун хамартай, европ эр хүлээж суугаа нь удахгүй харагдах биз ээ.