Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 9-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 9-Р ХЭСЭГ

6 секунд уншина
0
1
968

Америкийн Иллиноус мужийн Арлингтон Хайтс хот. Тэндээс машинаар Чикаго ороход ердөө дөчин таван минут зарцуулдаг аж. Цаг агаарын хувьд зуны эхэн сар хэдийн гарчихсан байхад зөөлөн сэвэлзүүр салхитай сэрүүхэн байх бөгөөд Монгол орны цаг агаар, уур амьсгалтай тун төстэй санагдсанд Халиунаад тааламжтай байв. Учирал ч орчин тойрондоо хэдийн дасжээ. Тэмүүлэн урьдын адил “Трак” нэртэй том машинаа унаад долоо хоногийн таван өдөр нь алс замд гарч ажлаа амжуулсаар явна.Тэмүүлэнг эзгүйд Халиунаа бүх зүйлсийг өөрөө зохицуулж байгаа болохоор, дэлгүүрээр явж хоол хүнсээ цуглуулах, хүүхдээ агаар салхинд гаргах гээд бүгдийг л ганцаараа амжуулж байв. Ингэж явах үедээ гэрийнхээ ойролцоо амьдардаг хэд хэдэн монголчуудтай тааралдаж, хэзээний сэргэлэн зангаараа найз нөхөд болоод амжжээ.

Тэдний зөвөлсөнөөр, мөн Тэмүүллэнтэй ярилцсаны эцэст Халиунаа хүүгээ цэцэрлэг, яслид өгөөд өөрөө ажил хийхээр шийдэв. Учирал ирэх долоо хоногт зургаан сар хүрэх ажээ. Хүү нь гэртээ чөлөөтэй мөлхөж, юм түшээд ганцаараа зогсож чаддаг болсонд хүүгээ хараад Халиунаа өхөөрдөн эрхлүүлж, улам их хайр хүрч, сэтгэл нь өдөр ирэх тусам сайхан байгаа ч, удахгүй ирнэ гэж хэлчихсэн байж, худлаа яриад, хэл чимээгүй алга болсон Цэлмэгийг бодохоос гомдол, цөхрөл зэрэгцэж байв.Харин тав хоног ажлаар яваад Учирал тэр хоёрт яаран тэмүүлсээр ирэх Тэмүүлэнг хараад хичнээн хайр сэтгэлийн холбоогүй ч сэтгэл нь догдлон гэр дүүрээд ирэх шиг бодол нь цэлмээд ирдэг байв.

Одоогоор Тэмүүлэн замд яваа бөгөөд, хоёр хоногийн дараа гэртээ харина. Халиунаатай хэдийгээр ойртон дотносож, нэг оронд орж чадаагүй ч, яг л эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа юм шиг түүнд санагдах болжээ . Гэр лүүгээ тэр хоёртоо яарч, ирэх замдаа дуртай юмыг нь худалдан авч орно. Халиунаа ч энэ бүхэнд дургүй биш байв. Нөхрөө халамжилж буй мэт замд гарахад нь тав хоног хэрэглэх бүх л хоол хүнсийг нь бэлдэж өгнө, тэгээд аль болох замдаа ядрахгүй, амарч явахыг захина.

Тэмүүлэн ирэх долоо хоногоос өөрийнхөө нэр дээр Учиралыг яслид өгөхөөр ярьж тохирчээ. Яг өөрийнхөө хүүг ясли, цэцэрлэгт явуулах гэж буй мэт сэтгэл нь догдлон, “хүү яслид яваад уйлах болов уу, багш нартайгаа хэр дасах бол. Хоол, сүүг нь гайгүй сайн өгөх байгаа, за гайгүй байлгүй дээ, эндхийн хүмүүс хүүхдүүдэд анхаарал халамж тавихдаа сайн, тэгээд ч хүүхдийн асуудлыг бол нэг номерт тавьж үздэг хойно санаа зовоод байх хэрэг байна уу ” гэх зэргээр цаг үргэлж Учиралын талаар бодон замын ихэнхийг туулж явлаа.

Учиралыг яслид өгчихвөл тэдний гэрийн ойролцоо амьдардаг, тэнд нэлээн олон жил болж байгаа Америк нөхөртэй Анхаа гэгч бүсгүй Халиунааг гоо сайхны газар ажилд оруулж өгч тус болохоо амлажээ. Халиунаа Тэмүүлэнг ирэхээр, ирэх долоо хоногоос хүүгээ яслид өгнө, өөрөө ч ажилд орно гэж бодохоор сайхан санагдаж дараа долоо хоногийг тэсэн ядан хүлээж байв….Энэ үед Монголд Цэлмэг, Солонгосоос ирсэн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “I & G “ группийн мэргэжилтнүүдтэй уулзалдан ярилцаж сууна. Тэд Монголын хорин нэгэн аймаг, сум, баг, хороодын гүний худаг болон, ус түгээх цэгүүдэд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг цогцоор нь энэ ондоо багтаан суулгах талаар ярилцаж, тохиролцон ашигтай шийдвэрт хүрцгээлээ.

Цэлмэг уулзалт амжилттай дууссаны дараа хуралд оролцохоор ирсэн группийн гүйцэтгэх захирал болон төлөөлөгчдийг хоолонд оруулж буудалд нь хүргэж өгөөд нэлээн орой болсон хойно гэртээ харихаар явлаа.Гэртээ ирвэл Чингүүн, Анужин хоёр унтчихсан, Сарнай түүнийг хүлээн сууж байв. Гаднаас орж ирэн гутлаа тайлж зогсоо Цэлмэгт хандан Сарнай,

-Миний хань яасан орой ирдэг юм бэ, за тэгээд, уулзалт нь амжилттай юу гэж асуухад, Цэлмэг Сарнайг тэврэн үнсэнгээ,-Уулзалт амжилттай боллоо. Энэ ондоо багтаж дахин хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон гэж их л баяртай байгаа бололтой инээмсгэлснээ, хүүхдүүд унтчихсан юм уу гэж асуухад, Сарнай,-Цаад хоёр чинь тоглож, тоглож саяхан унтсан. За ашгүй дээ ажил чинь бүтсэн бол, хөрөнгө мөнгөнөөс илүү, олон аймаг, сум, баг цэвэршүүлсэн цэвэр усаа худгаас авч ууна гэдэг сайхан хэрэг. Эрүүл мэндэд ч тустай хамгийн наад захын асуудал энэ байсан, бас дэлгүүрээс савласан цэвэр ус худалдаж авахгүй, гэртээ тусгай ус цэвэршүүлэгч хэрэглэхгүй амар болох нь тэр. Миний ханийн ажил зөвхөн мөнгө төгрөг олох биш, буянтай сайн үйл хэрэг болж байгаа. Ажил нь бүтэмжтэй байгаад баяртай байна, мундаг шүү гээд нөхрийнхөө хацар дээр нялх хүүхэд эрхлүүлж буй мэт өхөөрдөн үнслээ.

Цэлмэг их л тааламжтай байгаа бололтой инээснээ,
-Харин тийм ээ, тоног төхөөрөмжийг яаж суурилуулах, төхөөрөмж хэрхэн тараагдах гээд танилцуулгыг сайн хийж чадсаны хүчинд, урьдахаасаа арай хямдаар, илүү чанартайг олноор оруулж ирэх албан ёсны гэрээ хийгдсэн.Сайхан байна аа,… За, хань нь гараа угаачихаад, хүүхдүүдээ дээрээ очъё, хоёр “зулзагыгаа” санаж байна гэж жигтэйхэн гэсээр ариун цэврийн өрөө лүү явахад, Сарнай,-Гарч ирээд миний хань хоолоо идээрэй, би одоохон бэлдээдэхье гээд цааш эргэхэд Цэлмэг,

-Ханиа би хоол идэхгүй ээ, түрүүнд нөгөө хэдтэй хоолонд орчихсон. Хүүхдүүдээ үнсчихээд эртхэн унтаж амарлаа. Өглөө эрт ажилтай, өнөөдөр нэлээн ядарлаа гэхэд нь, Сарнай,-Аан за тэг дээ, би ороо засъя гэсээр унтлагын өрөөндөө орлоо.Цэлмэг гар, нүүрээ угаагаад хүүхдүүдийнхээ өрөө рүү орвол Чингүүн, Анужин хоёр аавыгаа орж ирэхийг мэдэх шинжгүй тааваараа унтаж байв. Цэлмэг хүүхдүүдээ үнсээд, унтлагын өрөөндөө орж унтахаар хэвтлээ. Тэрээр нэлээн ядарсан тул Сарнайг орж ирэхийг ч мэдэлгүй нам унтсан байв.Сарнай нөхрийнхөө хувцсыг эмхлэн суух зуураа, гар утасных нь цэнэг дуусаж байгаа дохио өгөхөд утсыг нь цэнэглэхээр өмднийх нь халааснаас гар утсыг нь авав. Санамсаргүй утсыг нээж үзтэл нэг дугаараас маш олон удаа залгасан байв. Дугаарыг нь сайн ажиглан харвал холын дуудлага бололтой. Холоос дуудлага ирж байхад яагаад аваагүй юм болоо гэж гайхан мессэж рүү нь орж үзвэл нөгөө залгасан дугаараас зөндөө олон мессэж ирсэн байв.

Сарнай мессэжүүдийг үзээд нүдэндээ ч итгэсэнгүй, амьсгал нь давхцан, хурдан хурдан гүйлгэн уншиж байлаа.“Хайрт минь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ. Учиралын зургийг үзсэн үү, хүү минь улам л хөөрхөн болоод байгаа. Бид хоёр чамайг ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Утсаа авахгүй, ярих ч үгүй болохоор чинь элдвийн юм бодогдоод хэцүү байна…..” гэсэн үгтэй өчнөөн мессэжүүд,Сарнайн хоолой зангирч хоёр нүдийг нь бүрхсэн нулимс өөрийн эрхгүй хэмжээ хязгааргүй мэт хацрыг нь даган урсаж эхлэв. Юу унших нь энэ вэ,…. Гомдож хорсон, уурлаж бачимдсандаа Сарнай Цэлмэгийн “улаан” нүүрийг самардан зулгааж, хоолойг нь багалзуурдмаар, үс гэзэгнээс нь зулгаан сэгсчмээр, орилж хашхиран гүймээр санагдсан ч тэгж чадсангүй.Зөвхөн учраа олохгүй өч төчнөөн бодол толгойд эргэлдэхэд, нулимсаа арчингаа гар утсанд нь ирсэн мессэж бүрийг дахин, дахин уншиж суув. Хэсэг суусны дараа Цэлмэгийн утсыг орлуу нь чулуудчихаад өрөөнөөс гарлаа.

Хувцсаа өмсөөд гадагшаа агаарт гарч алхмаар, гүнзгий амьсгаа авмаар, хэн нэгэн дээр очмоор байсан ч унтаж байгаа хүүхдүүдээ орхиод гарч чадсангүй. Тэднийгээ сэрээчихвий дээ гэж санаа зовсондоо ариун цэврийн өрөөнд орж хаалгаа дотроос нь түгжээд, бие засах суултуур дээр лаг хийн сууж мэгшин уйллаа.Сарнай хэзээ дахин тайвшрах, хэдий болтол энэ бүхэн үргэлжлэхийг хэн ч үл мэднэ. Тэр тусмаа юу ч болоогүй мэт халуун хөнжил дотроо тайван амгалан унтах Цэлмэг бүүр ч мэдэхгүй, мэдэх сөхөө ч үгүй унтаж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *