Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 6-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 6-Р ХЭСЭГ

28 секунд уншина
0
1
793

Сарнай сүүлийн үед нөхөр нь байнга эрт ирж, өөрт нь болон бас хүүхдүүдээ цаг зав гаргаж байгаад сэтгэл дүүрэн сайхан байв. Тэрээр энэ жилдээ багтаж охиноо ой хүрэхийн алдад ажилдаа орох бодолтой байгаа. Уг нь бол эх барих, эмэгтэйчүүдийн эмч хүн. Гэсэн ч сүүлийн хэдэн жил мэргэжлээрээ ажиллаагүй. Учир нь том хүүгээ гаргаад хоёр жил шахуу гэртээ суусан. Ажилдаа орохыг хүсэж байсан ч Цэлмэг; “хүү маань хэтэрхий бага байна, ядаж хоёр ой хүртэл нь хүүгээ өөрөө харж байсан нь дээр” гэж зөвлөсөн болохоор үр хүүхдээ өсгөх, гэр зуурын ажлаа амжуулах гээд арын албанд зүтгэх болсон. Мөн тэднийх түрүү жил шинэ байранд орсон болохоор гэрийнхээ доторх тавилгыг өөрчлөх, засал чимэглэл хийх, янзлах, тохижуулах гээд ажил ихтэй байв. Тэгээд одоо л ажилдаа орно доо гэж бодож байтал дахин жирэмсэн болж, охиноо төрүүлсэн нь энэ. Ингээд л ажилдаа яаран орох бодол нь нэг хэсэгтээ замхарсан гэж хэлж болно. Харин сүүлийн үед сэтгэл санаа тогтвортой байгаа болоод ч тэр үү ажилдаа хурдан орохыг хүсэх болжээ.

Хамт олонтойгоо байна гэдэг сайхан. Тэднийхээ дунд инээж хөөрч, зовлон жаргалаа ярьж, амьдралын өрнөл дунд сэтгэлээ хөглөж явах шиг жаргал гэж юу байх билээ. Тэгээд эмэгтэйчүүдийн эмч байна гэдэг үүрэг хариуцлага өндөртэй ч бүсгүйчүүдийн баяр гунигийг хуваалцсан, тэдэнд туслах боломжтой сайхан ажил. Охиноо хэдэн сар харж байгаад ой хүрэхийн алдад яслид эсвэл цэцэрлэгт өгөөд намраас ажилдаа оръё гэсэн бодолтой байгаа. Энэ бодлоо Цэлмэгийг орой ажлаас нь ирэхээр хэлдэг юм билүү гэж бодож суулаа. Түүний бодлыг сарниах гэсэн мэт охин нь сэрж уйлахад охиноо тэвэрч, аргадан хөхүүлээд, хувцаслан салхинд гарч жаахан суухаар гадагшаа гарлаа. Цас ханзарч хаврын урь хэдийнээ орсон нартай дулаахан, сайхан өдөр байв. Тэрээр байрны хажуугийн цэцэрлэгт охиноо тэврэн сууж байтал утас нь дуугарлаа. Цэлмэг залгаж байна. -Байна уу, та хоёр минь юу хийж байна даа, хаана байгаа юм? гэхэд Сарнай,

-Охинтойгоо гадаа цэцэрлэгт сууж байна аа, чамаар минь сонин юу байна даа, ажил нь гайгүй юу? гэж асуухад, Цэлмэг -Гайгүй ээ, ханьдаа дуулгах сайхан мэдээ байна. Нөгөө чиний захиад байсан газар чинь бүтсэн шүү. Өнөөдөр гэрчилгээг нь авчихлаа. Яг Тэрэлж явах зам дагуу, модтой, устай сайхан газар байгаа. Ашгүй хурдан бүтчихлээ гээд ихэд баяр хөөртэй дуулгахад, Сарнай, -Тийм үү. Ямар сайхан мэдээ вэ, баярлалаа хань минь, чи минь мундаг шүү гэж хэлэхдээ их л сэтгэл хангалуун байгаа нь царайны өнгөнөөс нь мэдэгдэж байв. Цэлмэг, -Харин тийм ээ, чи минь одоо нөгөө мөрөөдөд байсан сувиллын газраа байгуулж болох нь байна шүү дээ. Эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан эмчилгээ сувиллын газартай болохсон гээд л яриад байсан. Одоо эхнээсээ бүтэж эхэллээ. Зунаас барилгын ажлаа эхлүүлсэн ч болно. Газраа шийдчихнэ гэдэг чинь том ажил шүү дээ. Тэр хавиар хэр баргийн газар олдохгүй байсан юм. Нөгөө газрын албаны Цэрэн овоо тус боллоо хө, би чинь ханийгаа дэмжинэ шүү гэж ирээд л өөртөө их л итгэлтэй дуугаар хэлж инээхэд нь Сарнай,

-Чи минь намайгаа дандаа л баярлуулж байдаг, баярлалаа хайрт минь, би чамтай угаасаа өнөөдөр ажил төрлийн талаар ярина даа гэж бодож байсан юм. Цэлмэг, -Аан тийм үү, ямар ажил төрлийн талаар билээ. Миний ханьд тийм чухал ямар ажил гараа вэ? гэж гайхсан өнгөөр асуухад нь Сарнай, -Охиноо хэдэн сар харж байгаад овоо болоод ирэхээр нь яслид өгөх эсвэл хүнээр харуулаад ажилдаа ордог юм билүү гэж хэллээ. Цэлмэг, -Аан, тэр яахав дээ. Яваандаа болох биз, юундаа яарах вэ, орой очиж байгаад хоёулаа тухтай ярилцъя, охиноо дааруулав аа, эртхэн гэртээ ороорой миний хань ,..гэхэд нь Сарнай, -За тэгье дээ, гадаа дулаахан байна, ингэсгээд гэртээ орноо. Чи минь орой эрт ирэх үү? гэхэд Цэлмэг, -Өнөөдөр ажил нэлээн ихтэй байгаа. Яаж ч магадгүй, за баяртай, үнсье гэсээр утсаа салгалаа.

Цэлмэг уг нь барилгын инженер мэргэжилтэй хүн. Гэсэн ч сүүлийн хэдэн жил найзуудтайгаа нийлээд гадаадын хөрөнгө оруулалтаар “I & G “ нэртэй компани байгуулан ажиллаж байгаа. Тус компани нь “magic water” буюу шидэт ус төслийн хүрээнд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг гаднаас олноор оруулж ирэн айл гэр, албан байгууллагуудад суурилуулах ажлыг голчлон гүйцэтгэдэг аж.
Ойрын өдрүүдэд хөдөө орон нутаг, аймгуудын захиалга их байгаа болохоор ажил нэлээд өрнөх шинжтэй байв. Тэрээр хаагуур аль аймгаар захиалга ихтэй байна гэдгээ харж, төлөвлөн сууж байтал гар утас нь дуугарав. Холын дуудлага… Америкаас залгаж байв. -Байна уу, би Халиунаа байна аа…Цэлмэг, -Байна, за та хоёр дажгүй юу, сонин юу байна даа. Халиунаа, -Бид хоёр дажгүй ээ, хайрт минь чи яагаад над руу залгахгүй байгаа юм бэ, …би залгахыг чинь хүлээгээд л утаснаас ч холдож чадахгүй байхад, ядаж юм ч бичихгүй юм гэж нэлээн гомдсон өнгөөр хэлэхэд Цэлмэг, -Ойрд ажил ихтэй амжихгүй байгаа, за та хоёр наанаа хэр тохижиж байна даа, Тэмүүлэнтэй ярьсан, (Тэмүүлэн гэж Цэлмэгийн найз залуу) та хоёрыг сайн байгаа гэж байна лээ. Халиунаа, -Тийм ээ, гайгүй байгаа. Танай найз чинь харин эвдрээгүй, сайн залуу байна лээ. Бид хоёрт ажлынхаа зав чөлөөгөөр их тус болж байгаа. Учиралыг энд ирээд газар орон солигдоод, уйлаад байвал яана даа л гэж бодож байсан. Харин санасныг бодвол орчиндоо амархан дасаж байна. Хүү маань их тайван байгаа. Бор хоолонд ч орж эхэлсэн. Улам л эгдүүтэй болоод байна, чамтай ямар адилхан гээч, инээж байгаа нь хүртэл. (Халиунаа Цэлмэгтэй холбогдвол хүүгийнхээ талаар сайн ярих юм шүү, тэгвэл сэтгэл нь хөдлөөд бид хоёр луу яарах ч юм билүү гэсэн бодлоо гүйцээх мэт Учиралын талаар зөндөө ихийг ярихыг хүсэж байв) бас олон гоё зураг даруулсан. Цэлмэг ,

-Өө тийм үү хүүгийнхээ зургийг харахсан…Халиунаа, -Харж болно шүү дээ хайраа, би чамайг “fasebook”-д орж ирэхгүй байхаар чинь ямар ч найзгүй зөвхөн хоёр биендээ зориулсан шинэ нүүр хуудас нээсэн. Тэнд чамдаа зориулж хүүгийнхээ зургийг зөндөө тавьсан байгаа. Чи минь орж үзээрэй би чамд хүсэлт явуулсан шүү. Цэлмэг, -За тэгвэл нэг завандаа орж үзнэ ээ, байнга интернетэд сууж байх цаг зав хаана байна, хүүг минь миний өмнөөс үнсээрэй гэхэд Халиунаа, -За ойлголоо, гэхдээ чи зөвхөн хүүгээ л үнсэх юм уу, намайг үнсэхгүй юм уу, би чамайгаа зөндөө их санаж байна шүү дээ гэж эрхэлсэн өнгөөр хэлсэнд Цэлмэг ярианы сэдвийг өөрчлөн, юу ч болоогүй юм шиг төв дуугаар, -Өөр тэгээд наагуур чинь сонин сайхан юу байна даа. Мөнгө төгрөг чинь болж байгаа юу хэрэг болвол хэлээрэй, гэхэд Халиунаа, өөрийнх нь асуусан асуултанд хариулаагүйд жаахан гоморхсон янзтай дуугаа намсгаад, -Мөнгө төгрөг яах вэ болж байгаа, би ямар нялх хүүхэдтэй хүн гадуур гарч ийм, тийм юманд үрээд байх биш. Байрны мөнгийг Тэмүүлэн чамайг шилжүүлсэн гэж хэлж байсан. Хоол ундаа зохицуулаад байж л байна. Дараа сараас хүүг минь аятайхан хараад байхаар оюутан охид олдвол, Тэмүүлэн намайг боломжийн ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд болох биз дээ, чамаас гуйхгүй өөрөө өөрийгөө аваад явчих санаа л байна. Цэлмэг, -Надаас авах авахгүй нь чухал биш ээ, хүүдээ өгөлгүй яах вэ, тэгээд ч миний ажил төрөл амжилттай сайн байгаа. Хэрэгтэй юм байвал хэлж байгаарай, аятайхан ажил таараад Учиралыг харчих хүн олдвол хийхийг бодохгүй юу даа. Чамд л хэрэгтэй. Хэл сураад зүгээр шүү дээ. Би хэд хоногоос Тэмүүлэнтэй ярина аа. Цаадах чинь гайгүй ээ, наана чинь удсан болохоор байр сууриа олсон байх. За, тэгээд нэг завандаа “Fasebook”-ээр холбогдъё. Битгий дахин, дахин утастаад байгаарай. Би өөрөө чамтай холбогдоно. Сарнай мэдчихвэл хэцүү юм болно, за түр баяртай гээд утсаа салгах гэтэл Халиунаа,

-Өө, нээрээ нэг юм хэлэх гэж байснаа, чинийхээ дууг хоолойг сонсоод уярсандаа таг мартах шахлаа. Уржигдар хөдөөнөөс аав хотод орж ирсэн гэсэн. Надтай өчигдөр ярьсан. Тэгээд хотод орж ирснийх ачийнхаа эцэгтэй уулзмаар байна гээд байхаар нь танай ажлыг заагаад өгчихсөн шүү. Хөгшин настай хүн санаа нь зовоод байх шиг байна лээ. Ямар хүнтэй учраад, охин минь ийм хурдан шийдээд явчихав аа, гээд байсан. Чамайг хэр итгэлтэй болохыг бас охин, ач хоёроо хэр найдвартай сайн явааг чиний амнаас сонсохыг хүссэн байх. Ээж ч бас хот очсоных сайн сураглаад асуугаад ирээрэй гэсэн юм шиг байна лээ. Уулзчихаад учир байдлыг эвтэйхэн ойлгуулчихаарай. Бас эхнэр хүүхэдтэй гэдгээ битгий хэлээрэй, хайрт минь гуйж байна, дараа нь ямар учиртайг ойлгох биз, одоохондоо хэрэггүй санаа нь зовчих нь, гэхэд нь Цэлмэг гэнэт юу сонсох нь энэ вэ гэсэн шиг нүдээ томруулан, хөмсөгөө өргөснөө,

-Чи юу яриад байна аа, би танай аавтай уулзаж яах юм, солиорчихсон юм уу? Чи учир байдлыг өөрөө хэлэхгүй яасан юм, би тэр хүнтэй юу ярих юм. Танай охин чинь миний нууц амраг, тэгээд би хүмүүсийн хэл амнаас айгаад гадагшаа явуулчихсан гэх юм уу, …Би ер нь уулзаж чадахгүй ээ, яах гэж ажил зааж өгсөн юм, балай юм гээд их л ууртай дуугаа өндөрсгөхөд Халиунаа, -Угаасаа миний хуучин ажиллаж байсан газар чамайг байгаа гэдгийг мэднэ. Манай дүү Булган хэлсэн байна лээ. Өнөөдөр өөр дээр чинь очих байхаа, тэгээд л би хэлж байна. Аавтай ямар ч байсан уулзчихаарай. Настай хүн санаа нь зовоод байх шиг байна лээ,… гэсээр чимээгүй болов. Цэлмэг, -Байна уу, …байна уу…хөөе Халиунаа би аавтай чинь уулзаж чадахгүй ээ, нялх хүүхэд биш, өөрөө тэр асуудлаа зохицуулахгүй яасан юм, хөөе байна уу… гээд ярих гэсэн боловч утас хэдийн тасарчээ.

Балай юм,.. би яах гэж аавтай нь уулзах болж байна. Танай охин чинь миний нууц гэж хэлэх болж байна уу, тэгээд мөнгө төгрөг өгөөд гадагшаа явуулсан гэх үү, одоо тэгээд амьдралтай, эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй юм бол хүргэн минь, хүү минь гээд сүйд болоод унавал яана даа, настай хүмүүс магадгүй шүү, “завхарсан” юм. Ер нь үнэнийг хэлчихдэг ч юм уу, ”эр хүн яах вэ дээ, охин нь сүйд болоод байхаар хаа нэг уулздаг байсан. Гэтэл нэг өдөр жирэмсэн болчихсон өөрөө хүүхдээ гаргана гээд гаргасан. Одоо би тэгээд яах билээ. Чадах чинээгээрээ тус болоод гадагшаа явуулсан. Ер нь цаашид тэр охиноо өөрийн гэсэн амьдралаа бод гэж хэл, би хүүгээ бол харж үзэж явна аа” гэж хэлдэг ч юм уу. Үгүй тэгээд эцэг хүн үр хүүхдийнхээ л талд орох байлгүй дээ. Өө, тийм үү, хүү минь… чиний зөв гээд толгойг минь илээд л суув гэж., халуухан юм болох нь дээ. Яаж ч бодсон уулзахгүй байсан нь дээр юм байна. Халиунаа өөрөө л ямар учиртайг хэлнэ биз. Надад ямар хамаа байх вэ гэх зэргээр элдвийг бодон үймэрч суутал өрөөнийх нь утас дуугарав,…. Нарийн бичиг хүүхэн залгаж байна. -Даргаа тантай хүн уулзахаар ирсэн байна, оруулах уу? гэхэд Цэлмэг, -Ямар хүн байна? гэж асуулаа. Нарийн бичиг хүүхэн, -Хөдөөний бололтой настай хүн байна аа, гэлээ. Цэлмэг сандран түгдчиж, намайг яг одоо уулзах боломжгүй байна, хуралтай гээд хэлчих гэхэд нь, Нарийн бичиг хүүхэн, -За ойлголоо, гээд утсаа салган, хажуудаа сууж буй хүнд хандаж;-Өвөө одоохондоо дарга хуралтай байна гэнээ. Таньтай уулзах боломжгүй байна гэхэд нь, Сандаг гуай (Халиунаагийн аавын нэр)-За тэгвэл хүүхэд минь хүлээж л байя даа. Нэгэнтээ ирсэн хүн муу хүргэнтэйгээ уулзаад явбал аштай юу даа гээд, Цэлмэгийн өрөөний үүдний сандал дээр нэлээн тухлан суулаа.Нарийн бичиг хүүхэн “хүргэн” гэнэ үү, гэж зог туссанаа, за би буруу сонссон юм байлгүй дээ гэж бодон ажлаа үргэлжлүүлэн хийхээр суулаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *