Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 5-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 5-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
0
817

Онгоцны буудал дээр Цэлмэг,… Халиунаа хүү хоёроо гаргаж өгөхөөр зогсоно. Тэдэнтэй хамт Халиунаагийн дүү Булган мөн найз бүсгүй нь болох Болороо нар байх ажээ. Халиунаагийн аав ээж хөдөө бүр Ховдод байдаг болохоор охин, ач хүү хоёроо гаргаж өгөхөөр ирж амжсангүй. Халиунаа ч гэрийнхэндээ сүр дуулиан болгож зарласангүй. Хэдхэн сар амраад ирнэ гэж, өөрийг нь мэдэх цөөн тооны хэдэн хүмүүст л хэлжээ. Цэлмэгийн хувьд ч мөн адил, эргэн тойрных нь хүмүүс мэдчих вий дээ гэхээс “үстэй толгой нь арзайж байв” тиймээс яг л “ус балгасан загас шиг” л хэд хоног дуугүй явсаар хэнд ч мэдэгдээгүй билээ.

Халиунаа Америкт очоод байдлыг ажиглаж байгаад амьдрахад хэцүү, байж боломгүй санагдвал хэдэн сарын дараа буцаад ч ирж болох юм гэсэн бодолтой явж байгаа бол, Цэлмэг харин Халиунааг ойрын хэдэн жилдээ Монголдоо ирэхгүй, тэнд нь байлгаж байх санаатай байв. Тэгээд ч хэдэн удаа эргэж тойрч байгаад яваандаа бол харьцаагаа бүрэн таслах бодолтой байгаа.Цэлмэг тэр хоёрыг гаргаж өгөнгөө хүүгээ тэвэрч үнсээд, цүнхнээсээ нандигнаж боосон нэгэн зүйлийг гаргаж Халиунаад өглөө.

-Халиунаа, энэ бол миний өвөг эцгээс өвлөж ирсэн “Яагаан гартааман хөөрөг” . Их үнэтэй бас их үнэ цэнэтэй эд. Би уг нь үүнийг Чингүүндээ өгөх учиртай ч, Учиралдаа өгч байгаа юм. Яагаад гэвэл Чингүүн миний хүү, цаг үргэлж аавтайгаа хамт байж миний хайр элбэрлийг хүртэж өснө. Харин Учирал маань тэгэх хувьгүй гэдгийг чи мэдэж байгаа.

Халиунаа гайхаж тээнэгэлзсэнээ, түрүүнээс хойш гарах гээд зовоогоод байсан нулимсаа барьж дийлэлгүй урсгангааЦэлмэг ээ, чи юу яриад байна аа, чи бид хоёрын араас удахгүй очно гээ биз дээ, хэрвээ чи дахиж бид хоёртой уулзахгүй гэж байгаа бол би эндээс явахгүй, тэгээд ч энэ үнэ цэнэтэй юмаар чинь бид хоёр яах юм, гэрийнхэн чинь мэдвэл юу гэх юм бэ, тэр тусмаа эхнэр чинь, шуналтай хүүхэн, эд хөрөнгөнөөс нь бас салгалаа гэнэ. Би авч чадахгүй ээ, чи бид хоёртой байнга уулзаж, хүүгээ эргэж тойрч байхад л хангалттай. Би хэдийгээр чамаас мөнгө төгрөг авдаг ч гэсэн арай ийм дээрээ тулаагүй гээд түүний өгсөн боодолтой зүйлийг эргүүлэн өгөх гэхэд Цэлмэг,

-Халиунаа чи байз л даа, би үгээ хэлж дуусгаагүй байна. Учирал хүү минь төрөнгүүтээ л миний хайрыг татсан, надтай ямар адилхан гээч ийм хөөрхөн үртэй болсон нь надад бас сайхан байна, гээд хүүгийнхээ духан дээр дахин үнэрлэснээ, хүний амьдралд юу ч тохиолдож болно, чи энийг авах ёстой, тэгээд ч би чамд биш хүүдээ өгч байна, юмны учир мэддэг, том болохоор нь нандигнан хадгалж , эдлэн, хэрэглэж яваарай гээд аав чинь чамд өгсөн юм гэж хэлээд өгөөрэй.

Энэ хөөрөг тийм ч жирийн эд биш барьсан эзнийхээ язгуур гарал, бэл бэнчинг илэрхийлж байдаг. Миний өвөг дээдс язгууртан хүмүүс байсан юм. Учирал гарал угсаагаа мэдэж байх ёстой. Тэгээд ч энэ чулуун хөөрөг эзнээ хар цагаан хэл ам, хараал зүхлээс хамгаалж байдаг. Эзнийхээ бие эрхтэнг сэргээж, өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгдөг гэдэг юм. Өвчин зовлонгоос ч үрийг минь хамгаалах болно. Ийм л учраас би удаан бодсоны эцэст хүүдээ өгч байна гээд Халиунаагийн цүнх рүү хийлээ.Халиунаа авахаас өөр аргагүй болсоныг мэдээд ,Энэ чинь үнэтэй цайтай эд гээ биз дээ, хил гаалиар гаргах юм уу, явахаас өмнө өгөхгүй яасан юм бэ, яагаад заавал яг одоо өгч байгаа юм хэмээн санаа зовсон байдалтай хэлэхэд, Цэлмэг,

-Хил гаалиар гарахад санаа зоволтгүй ээ, би эзэмшигчийн бичиг баримтыг Учиралын нэр дээр болгосон байгаа. Бүгдийг дотор нь хамт хийсэн , за одоо та хоёр минь орохгүй бол болохгүй нь цаг болохоо байлаа гэв. Халиунаа дүүдээ очингуутаа утсаар ярина гэдгээ хэлээд, аав ээжийг битгий санаа зов гэж хэлээрэй хэмээн захиад, мөн найз бүсгүйтэйгээ тэврэлдэн, сайн сууж байхыг ерөөгөөд хүүгээ тэврэн цааш явж одлоо.

Цэлмэг Халиунаа, хүү хоёроо гаргаж өгсөндөө, их том ажил амжуулсан мэт додигор алхсаар машиндаа суун гэр лүүгээ хөдөллөө. Тэрээр Халиунаа хүү хоёр дээрээ ойр ойрхон очоод байж чадах ч юм уу, үгүй ч үү, чадлаа гэхэд ямар дандаа хамт байх биш, өөрийн гэсэн амьдралтай хүн чинь цаашид хамт амьдарна гэвэл бүүр худлаа. Хоёр хөөрхөн үр нь, сайхан хань нь хажууд нь байна. Тиймээс энэ хамгийн зөв шийдвэр боллоо гэдэгтээ сэтгэл хангалуун байв. Одоо тайван амгалан тэдэндээ цаг заваа чөлөөтэй гаргаж болно. Өөрийн хийсэн үйл лайг ингэж л цайруулахаас өөр яалтай билээ. Тэгээд ч өдөр бүр утас дуугарахад , хаалганы хонх жингэнэхэд айж сандарч, нөгөө айхтар Халиунаа чинь хэзээ хүүхдээ тэврээд ороод ирэх бол гэж “ гэмт хүн гэлбэлзэнэ” гэдгийг үлгэрээр сэтгэл түгшин өндөлзөж суухгүй боллоо. Ингэж бодохоор сайхан байв.Тэрээр гэртээ харих замдаа цэцгийн дэлгүүр орж эхнэртээ сарнай цэцгийнбаглааваад,хүүхдүүддээ тоглоом тэвэрсээр их л баяр хөөртэй ирлээ.Сарнай нөхрөө цэцэг тэврээд ийм жаргалтай орж ирэхэд дуртай, жилийн өмнө шахуу болсон тэр гуниг гомдол, алдаа асуудал бүхэн одоо бараг сэтгэлээс нь арчигдсан. Цэлмэгийн өнөөдөр ийм эрт ирсэнд баяртай байв. Сарнай,

-Хань минь, танай ажил ийм эрт дууссан юм уу, ямар сайхан цэцэг вэ, баярлалаа хайрт минь гэсээр цэцгийн баглааг авч сэтгэл нь сэргэсэн мэт хэд үнэртсэнээ ваартай усанд хийж тавилаа. Тэгээд за хань минь эрт ирсэн юм чинь хэдүүлээ аавынхаа дуртай хоолыг хийнээ гэсээр гал зуухныхаа өрөө лүү орлоо. Цэлмэг нөгөө өрөөнөөс гарч ирэнгээ ,
-Тиймээ хө, өнөөдөр эрт тарлаа. Одоо нөгөө төслийн ажил бараг дуусаж байгаа. Тэр дуусчихвал ч гайгүйхэн хөрөнгө оруулалт орж ирнэ дээ, тэгвэл ч бид хэд нэг хэсэгтээ тансаглана шүү дээ, гэсээр инээд алдан ирж, …чи минь ямар сайхан харагдаж байнаа гэж хэлэнгээ эхнэрийнхээ бүсэлхийгээр нь тэврэн үнслээ.Сарнай, за байз л даа… гэж аальгүйтсэнээ, тэр хоёр үнсэлдэн эрхлэв,Сарнай их л сэтгэл хангалуун байгаа бололтой, нөхрийнхөө хүзүүгээр тэврэнгээ, миний хань одоо хүүхдүүд дээрээ очоод тэдэнтэйгээ хамт тоглож бай, хань нь гялс хоол бэлдээдхэе гэхэд, Цэлмэг,

-За тэгье хайрт минь, цаад Чингүүн чинь нөгөө авчирч өгсөн эвлүүлдэг онгоцныхоо учрыг нь олохгүй сууж байгаа байх, хүүдээ тусалъя байз, чинийхээ хийсэн хоолыг идсэний дараа, чамайгаа ч бас “амтлана” шүү гэсээр жоготойхон инээмсэглэн хүүхдүүд дээрээ очихоор явлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *