Нүүр Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 4-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 4-Р ХЭСЭГ

3 секунд уншина
0
0
910

Есөн сарын дараа…
Цэлмэгийн эхнэр төрж охинтой болов. Тэрээр Сарнай охин хоёр дээрээ очоод буцаж явна. Хэдэн долоо хоногийн өмнө бас Халиун төрж 3кг 200 грамм хүүтэй болсон. Гэсэн ч энэ тухай Цэлмэг болон Халиунаагийн найз нөхдөөс өөр хүн мэдээгүй байгаа. Цэлмэг хэдий эхнэртэй хайртай ч өөрийнх нь хүүг төрүүлж өгсөн Халиунаас нүүр буруулж бас чадсангүй. Төрөхөд нь эргэж, зав чөлөөгөөрөө хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгч байгаа. Үүнээс өөр арга байхгүй. Халиунаа нэгэнт шийдсэн бол өөрийнхөөрөө зүтгэдэг зантай.

Цэлмэгийн хувьд цаашид ингэж хоёр эхнэрийн дунд гүйж явах нь төвөгтэй санагдаж байв. Тиймээс олон талаар бодсоны эцэст хэсэг хугацаанд Халиунааг хүүтэй нь хамт гадагшаа явуулах нь хамгийн зөв шийдвэр гэж үзлээ. Ингэж хоёр тийшээ гүйж яваад дахин Сарнайд мэдэгдвэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх байв. Харин Халиунааг хаашаа явуулбал зүгээр үү гэж нэлээд бодлоо. Хаа хамаагүй хэн нэгэн хүнд найдаад явуулчихвал бас болохгүй. Учир нь түүний хүү Халиунаатай хамт явна.

Хэдийгээр нэг гэрт ороогүй тэгтлээ хайртай дуртай биш, зугаа цэнгэл төдий байсан ч өөрийн үр удам гэж бодохоор сэтгэлээс мөнхийн уяатай явах юм байна гэдгийг Цэлмэг Халиунаагийнд очиж хүүгээ харах болгондоо дэндүү сайн мэдэрч байв. Түүний алдаа оноог үргэлж сануулж байхаар ирсэн мэт бага хүү нь өөртэй нь жигтэйхэн адилхан. Хамар, нүд, хөл гар гээд биш гээд хэлчих вий дээ гэсэн шиг дуурайгаагүй юм гэж алга. Хацар дээрх мэнгэ нь хүртэл ижил.

Оройхон Цэлмэг гэртээ ирээд Америкт олон жил амьдарч байгаа багийн найз руугаа утсаар залгалаа. Учир байдлыг товчхондоо яриад Халиунаа хүү хоёроо өөр лүү нь явуулчихвал харж хандаж байж болох эсэх талаар асуувал, найз нь эхэндээ жаахан гайхаж тээнэгэлзэж байснаа адилхан эр хүний зовлон жаргал ижил байдаг болохоор өөрт нь итгэж болно гэдгээ хэллээ. Ингээд Халиунааг найзынхаа урилгаар Америк явуулчихад болохоор болов. Өөрөө ч гэсэн урьдын адил амрах, аялах нэрийдлээр Халиунаа хүү хоёр дээрээ жилд ганц хоёр удаа очоод байж болох юм.

Харин Цэлмэг ганцаараа асуудлыг дур мэдэн шийдэж болохгүй Халиунаа зөвшөөрөх эсэхээс бүх юм шалтгаална. Гадагшаа явах дургүй, тэгээд нялх биетэй бүсгүй, хүүхдээ тэврээд, хүн танихгүй газар Цэлмэгийн үгэнд ороод явна гэдэг юу л бол, гэхдээ үр хүүхдээ эцэгтэй нь ойр дотно өсгөе, хэл амнаас хол эрүүл саруул байлгая гэвэл, тэгээд бас намайг өөрөөсөө холдуулахыг хүсэхгүй байгаа бол энэ шийдвэрийг зөвшөөрөх ёстой. Би маш сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй гэж бодож байв.Сарнай нэг л өдөр Халиунаа бид хоёрыг одоо болтол холбоотой байгааг мэдвэл, бас үр хүүхэдтэй болсныг дуулвал, бидний амьдрал аль аль нь асуудалтай хүнд болж ирнэ. Тиймээс л ийм байдалд хүрч байна гэдгээ Халиунаад ойлгуулах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрээд Цэлмэг унтахаар хэвтлээ.

Охинтой болсон нь өнөөдрийн хувьд маш сайхан баяртай мөчүүдийн нэг байсан бөгөөд эхнэртээ маш их баярлаж, сэтгэл хөдөлж байсан ч, хүүгийнхээ асуудлыг яаралтай шийдэх бас хэрэгтэй байв. Тиймээс найзууд нь охинтой болсонд нь баяр хүргэж, хамтдаа тэмдэглэхээр залгасан ч маргааш хүртэл түр хойшлуулсан энэ.Цэлмэг өглөө сэрээд эртлэн босож эхнэртээ цай, шөл бэлдээд, том хүү Чингүүнээ цэцэрлэгт нь хүргэж өгсөний дараа Сарнай, охин хоёр дээрээ очлоо. Өчигдрийг бодвол Сарнайгийн хөхөнд сүү сайн орсон, охин нь цадталаа сүүгээ хөхөөд ээжийнхээ хажууд унтаж байв.

Тэр хоёрыгоо хараад сэтгэл нь нэг л сайхан цэлмээд ирэх шиг санагдахад хайрлан уярч, ийм хөөрхөн эрдэнэ төрүүлж өгсөн чамдаа маш их баярлалаа гэж хэлэнгээ эхнэрийнхээ гарыг нь зөөлхөн үнслээ. ЦэлмэгийгТа хоёр минь гайгүй бол удахгүй эмнэлгээс гарна биз дээ гэж асуухад Сарнай, Өнөөдөр гайгүй тэнхэрчихвэл маргаашнаас гаргах байхаа, чи минь санаа зоволтгүй ажилдаа яв даа. Тэгж байгаад утсаар ярина биз, том хүү яаж байна, ээж дүү хоёр дээрээ очъё гэхгүй байна уу гэж асуухад Цэлмэг,

-Цаадах чинь өглөө жоохон нойрмоглосон гэхдээ гайгүй ээ, ээж хөөрхөн маамаа хоёр хэзээ гэртээ ирэхийн гээд л асуугаад байна лээ, гэж инээснээ, за би явъя даа, чи минь охиноо унтаж байгаа дээр шөлөө уучхаад сайхан амраарай, өнөөдөр ажил нэлээд их байгаа гэсээр тэндээс гарч явлаа.

Тэрээр ажил дээрээ ирэхэд уулзахаар ирсэн хүмүүс, төлөвлөсөн асуудлууд гээд хийх зүйл нэлээдгүй байв. Толгой өндийх завгүй хэсэг суусны эцэст цайны цаг дөхсөнийг сая л анзаарлаа. Цайны цагаараа амжиж Халиунаатай уулзах хэрэгтэй байдаг. Учир нь орой найзуудтайгаа уулзахаар цаг тохирсон болохоор одоо л очиж уулзсан нь дээр. Азаар Халиунаагийн гэр ажилтай нь тун ойрхон. Түүн лүү залгаж цайны цагаараа тэднийхээр ороод гарах болсноо хэлэхэд тэрээр тун дуртай хоол цай бэлдээд сууж байя гэлээ.

Халиунаа Цэлмэгийн дуртай ногоотой шөлийг дор нь хийв. Цэлмэг ойр ойрхон тэднийхээр ирж байгаад тэрээр баяртай байв. “Би ер нь хүүгээ гаргасан нь зөв болсон шүү, хайртай хүнээ өөрөөсөө холдуулахгүй, ингэж бага багаар дасгаж хүүтэйгээ уулзуулж байгаад дандаа хамтдаа амьдарвал ямар сайхан бэ” , хэмээн нөгөө л бодох дуртай бодол мөрөөдөлдөө хөтлөгдөх зуур өөрийн эрхгүй аз жаргалтай санагдан инээмсэглэлээ.Нөгөө өрөөнд тарвалзан хэвтэх хүү дээрээ очин, Учирaл аа… миний хүү , хаана байна, аав нь ирж байна гэнээ, гоё байгаа биз, хоёулаа аавтай хамт тоглоно гоё доо гэсээр хаалганы хонх дуугарахад хүүгээ тэврэн үүд лүү очлоо.

Цэлмэгийг ирсэнд баярласан Халиун нөгөө л нялуун эрх зангаараа түүнд хүүгээ өгөнгөө хүзүүгээр нь тэврэн авч чамдаа хайртай шүү, гээд хацар дээр шов хийтэл үнсэв, ингэж үнсэх тоолонд Цэлмэгт нэг л хачин ер бусын мэдрэмж төрдөгийг тэрээр хэчнээн нуугаад ч нэмэргүй байдаг билээ. Магадгүй Халиунаас холдож чадаагүй яваагийн нууц нь түүний энэ эрх танхи, нялуун, сэргэлэн, арга зальтай зантай ч холбоотой байж болох юм.

Тэрээр хүүгээ үнсэн эрхлүүлээд ээжид нь өгч, хувцсаа тайлаад гал зуухны өрөө рүү орлоо. Хоол идэж суунгаа Халиунааг ажиглан сууна.
Хүүхэд төрүүлээд өмнөхөөсөө ч илүү царайлаг, эгдүү хүргэм болсон мэт санагдах түүнийг ширтэн суухад дотроо асах хүсэл тачаалаа чимээгүйхэн дарж суув. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх нь энэ удаад чухал биш өчигдрийн гаргасан шийдвэрээ хэлж ярилцах нь гол байв..Цэлмэгийг хоолоо идэнгээ ямар нэгэн зүйл өөрт нь ярих гээд байгааг ажигласан Халиун хөмсөгөө өргөн, нүдээрээ аальгүйтэн инээснээ,

-Миний хайр ямар нэгэн юм надад хэлэх гээ юу, мэдээж сайхан мэдээ биз дээ, эсвэл Сарнай бид хоёрыг мэдчихээ юу, за мэдсэн ч байсан одоо яахав дээ, би ямар чамайг хүлэж цагдаад байгаа биш, хүү дээрээ ирэлгүй яадаг юм тийм биз дээ, за юу хэлэх гэсэн юм намайгаа зовоогоод байлгүй хэл л дээ, гээд түүний өвөр дээр ирж эрхлэн сууснаа, …муухай мэдээ бол залгичих , харин сайхан мэдээ болно би сонсоно шүү хайрт минь, гээд түүнийг хүзүүдэн яг л эрх муур гэлтэй наалдан нялуурч байв. Цэлмэг,

-Халиунаа чи энд суучих гээд хажуудаа байгаа сандалыг заагаад, би чамтай чухал юм ярих гэсэн юм гээд өчигдрийн гаргасан шийдвэрээ түүнд хэллээ. Халиунааг юу юугүй уурлаад босоод ирэх вий гэж бодож байсан ч тэрээр тэгсэнгүй, нэлээд бодлогоширч байснаа,

-Хэрвээ чи надаас салахгүй, үргэлж хамтдаа, өдөр болгон ярьж, ойр ойрхон очиж байна гэвэл болох л юм. Гэхдээ, би сайн мэдэхгүй байна, бодож тунгааж байгаад чамд хариу хэлье болно биз дээ, хайрт минь гээд инээмсгэлснээ түрүүнийхээ санааг гүйцээх гэсэн мэт дахин түүнийг тэвэрч үнслээ. Тэр хоёр хэсэгтээ үнсэлдэж байгаад Цэлмэг ажилдаа явахаар гарав.

Ямар ч байсан Халиунааг хүүтэйгээ хамт Америк явуулах шийдвэрийг тэрээр нааштай өнгөөр хүлээж авсанд Цэлмэгийн санаа жаахан ч гэсэн амарч, нуруунаас нь том ачаа аваад хаясан мэт уужимхан амьсгалж болохоор болов.

Халиун хүүгээ унтуулчихаад элдвийн зүйл бодон сууна. Би эндээс явчихдаг гэтэл Цэлмэг араас очихгүй байвал яах вэ, мэдээж гэр бүлтэй хүн Сарнайтайгаа, саяхан бас охинтой болсон тэдэнтэйгээ аз жаргалтай байх биз. Тэглээ гээд би явахгүй байлаа гэхэд юу хожих вэ. Хэрвээ нөгөө айхтар эхнэр нь биднийг мэдчихвэл, Цэлмэгийг хорьж цагдаад амраахгүй, тэгээд ч хэл ам ихтэй байвал хүүгээ өсгөхөд төвөгтэй байх болно. Одоохондоо хүү маань нялх байгаа болохоор ядаж гурав, дөрвөн нас хүртэл нь боломжийн газар оронд эрүүл саруул өсгөвөл зүгээр байх. Тэгээд ч Цэлмэгийн найз намайг тосож аваад тэндээ хажуудаа байлгана гэсэн юм чинь санаа зоволтгүй юм биш үү,.. Амьдрах орчин, мөнгө төгрөгийг минь зохицуулж өгч чадаж байвал цааргалаад байх юм юу байна.

Гэхдээ Цэлмэгээс хол би гэдэг хүн түүнийгээ санаад хэцүүдэх болов уу,… Үгүй ээ тэгээд энд байлаа гээд ямар өдөр болгон над дээр ирж уулзаад хажууд минь байгаа биш дээ, Америкт оччихвол угаасаа л үе үе тийшээ явдаг юм чинь, над дээр, биш юм аа гэхэд хүү дээрээ очиж л таараа, харин ч тэр үед нь бүүр ч амар, хүнээс нуугдана энэ тэр гэж зовоод байхгүй, эрх чөлөөтэй, хамтдаа зугаалж, хонож, хүссэнээрээ байна. Цаадах чинь ч гэсэн тэрийгээ бодсон байх. Тэгэхээр ер нь явсан нь зөв юм байна гэж шийдлээ.Халиунаагийн энэ шийдвэр зөв, бурууг цаг хугацаа харуулах биз ээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *