Home Өгүүллэг УЧРАХ ТАВИЛАН 3-Р ХЭСЭГ

УЧРАХ ТАВИЛАН 3-Р ХЭСЭГ

3 second read
0
0
1,159

Дөрөв дэх хоног. Цэлмэг эртлэн босоод цагдаагийн газраар ороод ажил руугаа явна гэж төлөвлөн орноосоо өндийв. Утас дуугарахад тэрээр Сарнай байж магадгүй гэж горьдсоор яаран авлаа. Хадам ээж нь байв.
Цэлмэгийг өнөөдөр эртхэн ирж уулзаадах гэж хэллээ. Хэл чимээгүй алга болсон эхнэр, хүү хоёрынхоо сургийг гаргаж магадгүй гэж бодсон тэрээр их л уриалгахнаар “одоо ингэсгээд ажилдаа явах замаараа ороод гарья” гэж хэлэв. Хадам ээж нь өмнөхөөсөө түүнийг нэлээн ширүүн угтлаа.“ Чи чинь яадаг хүүхэд вэ,.. эсэн бусын хүүхнүүдтэй самбаганаж байж, эхнэрээ гомдоочихоод юу ч болоогүй юм шиг сууж байдаг. Тэнд нэг бүлтгэнэсэн жаахан амьтан бүүр зутарч гүйцлээ. Сарнай та хоёр ч яахав, учир зүйгээ олохгүй бие биендээ тунирхаж гүйдэг юм байж, би муу зээ хүүгээ өрөвдөж байна, бушуу очиж тэр эхнэр хүүхдээ авчрахгүй юу чи” хэмээн дуугаа өндөрсгөн нэлээд чангахан хэлэв. Өдий арваад жил энэ айлын хүргэн болж явахдаа Цэлмэг хадам ээжийгээ ийм бухимдуу, ууртай байхыг бараг л анх удаа харж байгаа энэ. Тиймдээ ч сандран нэлээд гэмшсэн өнгөөр -Ойлголоо ээжээ, …би , ..нээх сүртэй юм болоогүй л дээ, Сарнай л жаахан буруу ойлгоод….гэж түгдэрсэнээ, толгойгоо илээд, уг нь би тэр хоёрыг хаана байгааг нь мэдэж байсан бол аль хэдийн нь гүйж очоод авчрахгүй юу, гэтэл хаа сайгүй хайгаад, хаанаас ч олохгүй байна, найз нөхөд нь бүгд л мэдэхгүй гэх юм, өнөөдөр бүр аргаа бараад цагдаад мэдэгддэг юм билүү гэж бодож байлаа. Харин та мэдэж байсан юм бол ийм олон хоног надад хэлэхгүй яаж байгаа юм” хэмээн, хариугаа авах нь уу гэлтэй дуугаа жаахан өндөрлөв. Хадам ээж нь, -Би чамд юугаа хэлдэг юм, өөрөө олоод мэдэхгүй яасан хог вэ, эхнэр хүүхдээ хаана явааг ч мэддэггүй арчаагүй золиг, дахиад охиныг маань гомдоогоод үзээрэй чи,… Аминаасаа ч илүү хайртай ганц охиноо хөгшин бид хоёр чамд итгэж, эхнэр чинь болохыг зөвшөөрсөн. Ийм ухаан муутайг чинь мэдсэн бол хөтлөлцөөд гүйж явахад нь болиулдаг байж л дээ гэж хэлэнгээ дуугаа арай зөөллөн “та нарын төлөө санаа зовоод, бүтэн нойртой ч хонож чадахгүй байна, ямар жаахан хүүхдүүд биш, хэдий болтол ингэж явах вэ дээ “ гэж хэлэхдээ хоолой нь зангирч байв. Цэлмэгт өөрийн эрхгүй хадам ээжийгээ өрөвдөх хайрлах сэтгэл төрж,”хөөрхий дөө эд нар маань л нээрээ бидний өмнөөс санаа зовж суудаг байх даа,” гэж бодох зуураа -Уучлаарай ээжээ, хүү нь та нарыгаа дахиж гомдоохгүй ээ, би одоохон яваад тэр хоёрыгоо аваад ирье гэж хэлэнгээ баярласандаа хадам ээжийгээ тэвэрч аваад үнсмээр санагдав. Хэдэн өдөр цээжин дээр нь хуралдаад байсан бөөн хар үүлс нүүчих шиг болж сэтгэл нь сэргээд ирэв.Цэлмэг тэднийхээс гарч машинаа асаан, эхнэр хүүхэд нь байгаа “Хайрхан” амралтын газар луу хурдаллаа. Чингүүн аавыгаа санасан гэж жигтэйхэн. Харин Сарнай Цэлмэгийг ирсэнд дотроо баярлаж байсан ч түүнийгээ мэдрүүлэхгүйг хичээн, аль болох хөндий хүйтэн өнгөөр харьцаж байв. Түүнд ярьж гомдоллох ч юм их байв. Цэлмэг ч мөн ялгаагүй эхнэрийнхээ өмнө өвдөг сөгдөж суугаад буруугаа хүлээнэ, дахиж ийм алдаа гаргахгүй хэмээн ам тангарагаа өгнө гэж төсөөлөн бодож ирсэн ч, хүүгийнхээ хажууд тэд олигтой юм ярьж чадалгүй гэрийн зүг явцгаалаа.Мөн гэртээ ирээд ч Сарнай, Цэлмэгтэй нэг л хөндий байв. Тэд аав ээжийгээ хамт байгаад баярлан, эрхлэх хүүгээ харан өрөвдөж, юу ч болоогүй юм шиг хоол унд хийж идэн амарцгаав. Цэлмэг хүүтэйгээ тогложнаадсаар орой болгов. Тэгээд Чингүүнийг эмээ өвөөгийнд нь хүргэж өгөхөөр боллоо. Чингүүн ч энэ олон хоног эмээ өвөөтэйгөө уулзаагүй болохоор тэд нар дээрээ очно гэхэд дуртай байв. Харин Цэлмэг Сарнай хоёр нэг газар хамт хоолонд орж юм уунгаа ярилцахаар боллоо. Аль аль нь ингэж суухыг хүсэж байсан тул Сарнай нөхрийнхөө саналыг хүлээж авав. Тэр хоёр Чингүүнийг өвөөгийнд нь хүргэж өгчихөөд хотын захдуу байдаг хөл хөдөлгөөн багатай ч, тохилог нэгэн кафег сонгон орж сууцгаалаа. Цэлмэг одоо л эхнэрээсээ уучлалт гуйх цаг ирлээ гэж бодсон бололтой, “Хань минь, намайгаа уучлаарай, дахиж ийм тэнэг алдаа гаргахгүй ээ, үр хүүхдээ бодно, өнгөрсөн хоногуудад би их юм бодсон. Чамдаа л ганцхан хайртай шүү гэдэгт минь итгээрэй ” гээд л ёстой нөгөө далан таваар бууж өгнө гэдэг шиг юм болов …

Сарнай энэ талаар ярилцах бүрт, тэр нэг бороотой өдөр Цэлмэгийн ажил дээр болсон үйл явдал нүдэнд харагдаад, хэчнээн уучлахыг хүсэж байсан ч, түүнд дэндүү их гомдсон зүрх сэтгэл нь уучилж чадахгүй суув. Гэсэн ч одоо яах билээ, үр хүүхэд амьдралаа бодоод энэ удаа уучлахаас өөр арга алга. Цэлмэгийн яриаг сонсох бүрт улам ихээр урсан гарах гомдлын нулимсаа тэрээр арчихыг хүссэнгүй, бүгдийг нь нэг мөсөн урсган гаргахаар шийдсэн мэт чимээгүйхэн мэгшиж, яг л хөшсөн мэт хөдөлгөөнгүй сууж байв. Цэлмэг түүнийг тэврэн нулимсыг нь арчингаа, -Би чамдаа амлаж байна аа, дахиж чинийхээ энэ хоёр хөөрхөн нүднээс нулимс урсгахгүй ээ, чамайгаа байхгүйд би зөндөө их юмыг ойлгосон. Чингүүн та хоёрыгоо намайг орхиод, ингээд үүрд явчихвал би яана даа гэж бодсон чинь, амьдрал ямар ч утга учиргүй санагдаж, үхчихмээр болсон шүү. Чамдаа маш их хайртайгаа улам их ойлгосон энэ хэдэн өдрүүдэд, гээд Цэлмэгийн хоёр гарыг атгангаа дахин, дахин үнсэн үглэж суув. Шөнө дөл хэдийнээ болжээ. Кафены зөөгч хаах болсоныг сануулахад тэд тэндээс гарч гэрийн зүг явцгаалаа. Сэтгэл нь амарч хоносон Цэлмэг эртхэн босоод эхнэрийхээ хийж өгсөн цайг тухлан уугаад ажилдаа явав. Олон хоног гадуур дотуур тавгүйтэж гүйсэн тэрээр өнөөдөр ажлынхаа нэлээдийг нь амжуулахаар шийдэн, дуу аялсан шигээ ширээнийхээ ард бичиг цаасаа эмхлэн сууж байлаа. Тэрээр хаалга дуугаран хүн орж ирэх шиг болохоор нь хэн ингэж зөвшөөрөлгүй орж ирдэг байнаа хэмээн гайхан өнгийн харвал Халиунаа инээд алдан зогсож байв. Цэлмэг сүүлийн хэдэн өдөр Хариунааг бараг мартжээ. Тиймээс гэнэт ороод ирэхэд нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр цочих шиг болов. – Чи энд юу хийж яваа юм, хэмээн урьд нь өмнө харьцаж байгаагүй юм шиг огт өөр өнгөөр асуухад, Халиунаа нэлээд гайхсан янзтай , –Би энд одоо орж ирж болохоо больсон уу? Чамайг хэдэн өдөр харагдахгүй болохоор чинь санаа зовоод ороод ирсэн юм. Чи ашгүй байж байна,… Яасан эхнэртээ баригдаад гэрийн хорионд ороо юу, намайгаа мартсан байх шив дээ, чамдаа хэлэх сайхан мэдээтэй байна, тэгээд хэдэн өдөр л үүдийг чинь сахилаа,.. утас руу чинь залгах гэснээ бас эхнэр чинь авчихвал, дарин дээр нь давс гэгчээр юм болох болов уу гээд ярьсангүй ээ” хэмээн эрхлэнгүй өнгөөр хэлээд Цэлмэг рүү дөхөж ирэхэд, Цэлмэг юу ч болоогүй юм шиг цонх руу хэд алхсанаа, –Уучлаарай, Халиунаа. Одоо хоёулаа ер нь дотно харьцаатай байхаа больсон нь дээр байх аа. Би тэгж шийдсэн. Чи намайг эхнэр хүүхэдтэй гэдгийг угаасаа мэднэ шүү дээ. Ажлынхан ч юу гэж бодох юм. Ер нь болъё, тэгээд ч онцын шаардлагагүй бол манай өрөө рүү битгий орж ирж байгаарай хэмээн эрс шийдэмгий өнгөөр хэлээд, цонхоор юм харан зогсох нь түүнийг эндээс хурдан гараасай гэж буй мэт санагдана. Цэлмэгийн энэ үгэнд нь Халиунаа нэлээн эгдүүцсэн шинжтэй, саяхан гэнэн томоогүй өнгөөр эрхлэн инээвхийлж байсан харцаа нэлээн ширүүн болгоод, “анхнаасаа чи эхнэр хүүхэдтэй гэдгээ мэдсээр байж надад хайртай дуртай, эхнэрээсээ салаад сууна, энэ тэр гээд л гүйгээд байсан биз дээ. Одоо болохоор сүрхий ухаарч гэнэ, би чамд хэрэгтэй үед чинь хэрэг болчихоод, хэрэггүй үед чинь зүгээр л гологдоод газарт унах чихрийн цаас уу…Тэгээд ч одоо оройтсон за юу” гээд тэгэхээс тэгэх гэсэн шиг ширээн дээр нь ирж сандал дээр нь суугаад өгөв.

Цэлмэг түүн рүү сүрхий том харсанаа -Оройтсон гэдэг чинь юу гэсэн үг вэ, гэхэд Халиунаа “Би жирэмсэн болсон, ….Удахгүй чиний хүүхдийг гаргах болно” гэж хэлээд тавласан, дооглосон өнгөөр түүн лүү ширтэхэд Ийм үг сонсоно гэж бодоогүй зогссон Цэлмэгийн шилэн хүзүүгээр нь хэн нэгэн татаад авах шиг болов. “Чи тоглож байгаа байлгүй дээ, ийм хурдан болно гэж юу байдаг юм. Хэрвээ болсон байлаа гэж бодоход наад хүүхдээ гаргаж болохгүй шүү. Шулуухан хэлэхэд эртхэн эмчид үзүүлж авахуулсан нь дээр байх шүү, хэрвээ мөнгө төгрөг хэрэгтэй бол надад хэлнэ биз” хэмээн дуугаа арай зөөллөн аргадсан, гуйсан өнгөөр хэллээ. Халиунаа “Юун ийм эрт гэж, бид хоёр дотносоод бараг хоёр жил болж байна. Харин ч орой жирэмсэн болж байгаа юм биш үү, чиний мөнгө төгрөг надад хэрэггүй ээ, энэ миний анхны хүүхэд, тэгээд ч би чамд хайртай. Энэ хүүхдийг гаргахдаа л гаргана чамд хэллээ шүү,… дахиж хүүхдээ авахуул энэ тэр гэж надтай ярихгүй байхыг хүсье” гэсээр их л ууртай үсээ шидлэн өрөөнөөс гарч одлоо. Өглөөхөн дуу аялан сэтгэл тайван ажил дээрээ ирсэн Цэлмэг дахиад л тавгүйтэж орхив. Арай гэж эхнэртэйгээ учраа олж байхад бас юун хүүхэд вэ…гэсээр ширээн дээрээ бодолд дарагдан суулаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…