Нүүр Лайфстайл “Учрах тавилан” 2-хэсэг

“Учрах тавилан” 2-хэсэг

4 секунд уншина
0
0
1,146

Сарнай сэтгэлээ чангаллаа. Учир нь тэр хүүгээ цэцэрлэгээс нь авах ёстой. Нялх үрдээ нулимсаа үзүүлж болохгүй. Замаараа дэлгүүр орж нүдний шил авч зүүгээд цэцэрлэг дээр ирэв. Хүүхдүүд аль хэдийн тарчихсан түүний хүү Чингүүн, багш, жижүүрээс өөр хүн харагдсангүй. Цэцэрлэгийн багш түүнийг хүлээж ядсан байдалтай хувцасаа өмсчихсөн үүдэн дээр зогсож байлаа. Сарнай багшид хандан , –Уучлаарай, надад яаралтай ажил гараад жаахан хоцорчихлоо гээд санаа зовсон байдалтай түүнтэй мэндлэхэд Багш , –Зүгээрээ, дахиж ингэж хоцорч болохгүй шүү, хүү чинь нэлээн хүлээсэн байх, за би ч явъя даа гэсээр гарч явав. Чингүүн хүүхдүүд явчихсан, ээж нь оройтож ирсэнд гомдсон бололтой, Ээжээ, та яагаад ирэхгүй удаад байсан юм бэ, өглөө намайг хүргэж өгөхдөө орой эрт ирж авна гэж байсан биз дээ. Ийм гоё нүдний шил хаанаас авсан юм, аав хамт ирээгүй юм уу гээд л олон зүйлийг зэрэг, зэрэг шулганан асууж байв. Сарнай хариуд нь юу ч дуугарсангүй, хүүгийнхээ асуусан бүхэнд хариулах сөхөө ч байсангүй, нүднийх нь өмнө түрүүний болж өнгөрсөн бүхэн эргэлдэн хургаж, учраа олохгүй үймэрч явлаа. Чингүүн дахиад л –Ээжээ та их ууртай байгаа юм уу, би таныг ирэх байх гээд цонхоор хараад л байсан. Намайг юм асуухаар та дуугарахгүй юм, надад гомдчихсон юм уу, за би танаас одоо дахиж олон юм асуухгүй ээ, гээд ээждээ эрхлэн гарыг нь атгаснаа чимээгүй боллоо. Сарнай хүүгээ юу ч дуугарахгүй доош тонгойн, гунигтай явааг сая л анзаарч, -Миний хүү ээжийгээ уучлаарай, ээжийнх нь бие өвдөөд байгаа юм аа, тэгээд л олон юм яримаааргүй санагдаад, хоёулаа хурдхан шиг гэртээ харья, гэж хүүгээ аргадаад түүнийг хөтлөн гэрлүүгээ яаран алхлаа. Сарнай гэртээ ирээд цай ууж жаахан тайвшрах гэсэн боловч бас л болж өгсөнгүй, “Даан ч дээ, юу дутагдсан гэж өөр хүүхэнтэй,…ерөөсөө л болъё, салъя өнөөдөр намайг хуурч байгаа хүн, дахиад хэчнээн ч удаа хуурах юм билээ. Манай ангийн Гэрэлээ юу гэлээ, Цэлмэгийг тэр хүүхэнтэйгээ нэлээн олон удаа хамт явж байхад нь таарсан гэсэн. Гэтэл би гэдэг хүн ямар их итгэж хайрладаг байлаа. Миний хань гээд, өөрт байгаа бүхнээ л зориулдаг байсан. Тэгэхэд яасан гэж намайг хуурч байгаа юм болоо, нүдээрээ хараагүй бол итгэхийн арга алга. Тэр хүүхэн нь надаас илүү гараад байхааргүй л юм харагдсан, юунд нь болдог байна аа, би өнөөдөр хэрэггүй ч ажил дээр нь очдог байж уу. Мэдээгүй, хараагүй байсан бол илүү дээр байж, үгүй тэгээд хүн намайг хуурч байхад мэдэхгүй тэнэг юм шиг явж байна ч гэж юу байх билээ. Одоо би түүнд яаж итгэх вэ,… даан ч дээ хэлэх ч үг олдохгүй юм” гэж бодох зуур дахиад л гомдол цөхрөлийн нулимс нүдийг нь бүрхээд ирлээ. Тэрээр нулимсаа хүүдээ үзүүлэхгүйн тулд ариун цэврийн өрөө рүү нүүрээ угаахаар оров.

Нүүрээ угааж зогсонгоо царайгаа толинд хараад дахиад л бодолд автав. “… за ер нь салж сарнилаа гэхэд хэн хохирох вэ, хүү минь л зовно, эцэг эх нь салж сарнихад үр хүүхэд л зовдог. Тэгэхээр хамаагүй яаран шийдэж болохгүй юм байна. Юу ч болоогүй юм шиг чимээгүй уучлаад өнгөрвөл бүр л даврах байх, яасан дээр вэ, би энэ хоёр нүдээрээ тэр хүүхэнтэйгээ яаж нялуурч байгааг нь харчихаад юу ч болоогүй юм шиг уучилж чадна гэж үү,… эсвэл ер нь ирэхээр нь хувцасыг нь өгөөд хөөгөөд явуулъя байз,..тэр нь дээр…хэд хоног явж байгаад эхнэр хүүхдээс нь илүү хүн үгүй гэдгийг ойлгоод уучлалт гуйгаад ирэх биз… Үгүй ээ, гэтэл харин ч азны юм гээд нөгөө хүүхэнтэйгээ сул чөлөөтэй зугаацаж өгөх биз, тэгэхээр яасан нь дээр вэ, ямар ч хэцүү юм дээ, амьдралд минь ийм зүйл тохиолдоно гэж ёстой төсөөлж ч явсангүй. Дэндүү итгэж явсных байх даа. Ганцаараа ингэж учраа олохгүй үймэрч суухаар найзтайгаа ярилцсан нь дээр байх, Уянгаад хэлдэг ч юм уу,.. тэр чинь энэ талаар туршлагатай, бас ухаантай хүүхэн. Ер нь тэгсэн нь дээр юм байна. Цэлмэгийг гэртээ ирэхээс өмнө хурдхан шиг явъя” гэж шийдээд алчуур авч нүүрээ арчсан болоод тэндээс гарлаа. Уянгааруу залгатал ашгүй утсаа авч байна: Сайн уу миний найз ямар орой залгаж байх юм. Сарнай , -Сайн хө, найз нь чамтай ярилцах чухал хэрэг гараад ,..Уянга, -За юу болоод ийм орой залгаж байгаа юм бэ, бие нь зүгээр үү, Цэлмэг гэртээ байгаа юм уу, Сарнай , -Бие зүгээрээ, Цэлмэг ажлаасаа ирээгүй байна, найз нь чамтай уулзаж байгаад тайлбарлая, Чингүүн бид хоёр л байна гэхэд Уянга, -За тэгвэл найз нь очоод авах уу, машинтайгаа танай хажуухнаар явж байна. Сарнай, -За тэг хө, бид хоёр тэгвэл хувцасаа өмсөж байя, гэсээр утсаа тасаллаа. Сарнай “ Цэлмэгийг ирхээс өмнө гэрээсээ гарах минь.. , харахаас ч дургүй хүрч байна, араас дуудсан болоод буцаад өрөөндөө орчихож байх даа яахав дээ, эсвэл нөгөө хүүхэн нь буцаад ирсэн биз, одоо ямар нүүрээрээ тэр гэртээ ирэх юм,. ирэхгүй байсан даа ч бараг дээр биз” гэж бодох зуур үнэн голоосоо түүнийг үзэн ядаж байв. Төд удалгүй Сарнайн найз Уянга ирж, Чингүүн тэр гурав гарч явлаа. Цэлмэг өрөөндөө нэлээн суусны дараа гэрийн зүг хөдлөв. Гэртээ яаж орно доо гэж бодохоос нуруугаа авахуулсан морь шиг халгаж байв. Тэрээр гэрийнхээ ойролцоо машинаа тавиад хажуугийн ресторанд орж ганц хоёр шил шар айраг ууж суув. Сарнайгаа би дэндүү гомдоочихлоо доо. Хэдийдээ манай ажил дээр хүрээд ирчихдэг байна аа, хаалганы ард зогсож байна гэж ёстой санасангүй шүү. Гэтэл би Халиунтай яаж балайрч байлаа “ гэж өөрийгөө бодох зуур инээд нь ч хүрэх шиг, уурч хүрэх шиг хачин мэдрэмж төрөв. “Сүүлийн үед даанч их задгай байсан юм аа би,… ингэж гардуулах гээд л байж. Халиунаа ч уг нь халуухан хүүхэн л дээ, гэхдээ Сарнайг минь яаж гүйцэх билээ. Цэлмэг хүү,… охид, хүүхнүүдтэй орооцолдоо л биз, гэхдээ амьдралаа бол алдаж бол болохгүй шүү, муу бүлтгэр үр минь өдийд унтсан байх даа, за ер нь гэртээ оръё. Гэм хийсэн хүн гэмээ хүлээхээс өөр яадаг юм гэж” зүрхээ чангалан бодоод гэрийн зүг явлаа. Гэртээ орж иртэл ямар ч чимээ аниргүй нам гүм байв. Манай хоёр унтаж дээ, гэж бодоод аль болох сэрээхгүйг хичээн өлмий дээрээ явсаар унтлагын өрөөгөөр сэмээрхэн шагайтал хүн алга, гайхаад гал зуухны өрөөндөө ортол тэнд ч бас алга.
Тэрээр хувцасаа тайлж орон дээр чулуудчихаад, зурагтаа асаалаа. Хааччихсан юм бол энэ хоёр, мэдээж би гомдоочихсон юм чинь, юу гэж гэртээ байх вэ дээ, хадмынх руу явсан байх, маргаашнаас уур нь гараад гэртээ ирэх биз дээ, гэж бодон жаахан тайвшраад зурагтаа асаан буйдан дээр хэвтэв. Унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй, хадмынх руу очсон юм болов уу, залгаж асуудаг юм билүү гэж бодогдоод болдоггүй. Утсаар ярих гэхээр, миний тухай Сарнай ээждээ хэлсэн бол нэлээн ширүүхэн юм болох байхдаа гэж халгаад залгаж зүрхлэхгүй байв. Нэлээн хэсэг хэвтсэний дараа зориг гарган хадмынх руугаа утасдлаа… Хадам ээж нь утсаа аваад Сарнай, Чингүүн хоёрыг ирээгүй болохыг хэллээ. Харин ч ийм орой тэр хоёрыг асууж байгаад гайхаж байв. Сэтгэл нь зовсон Цэлмэг нааш цааш холхиж, хөрвөөсөөр үүр цайлгалаа.

Гурав хоног өнгөрөв. Сарнай, Чингүүн хоёр хаана ч алга, таньж мэддэг хамаатан садан, найз нөхөд гээд асууж сураглаагүй газар ч гэж Цэлмэгт үлдсэнгүй. Надад гомдоод нэг тийшээ явсан юм болов уу гэж өөрийгөө тайвшруулсан ч, санаа амар, тайван байж чадсангүй, очиж магадгүй гэх бүх л газраар орлоо. Дахиад нэг хоног харзнаад, тэр хоёрыг алга болсон талаар цагдаад мэдэгдэхээр шийдэв. Гэтэл хадмууд нь нэг л тайван байгаад гайхаж байв. Цэлмэг өдөржин тэр хоёрыг хотоор хайгаад орой ирэхэд өнөөх л хоосон хөндий, эзэнгүй гэр угтана. Эхнэрийнх нь дулаахан инээмсгэлэл, халуун хоол, хүүгийнх нь цангинасан инээд эзгүй,… цаанаа л хүйт даасан гэрт гурав хоног гиюүрч хэвтэхдээ, чамгүй их зүйлийг тунгаан бодлоо… Ингэж Цэлмэгийг учраа олохгүй үймэрч суухад Сарнай найз Уянгын зөвлөснөөр “Хайрхан” амралтын газар хүүтэйгээ хамт амарч байв. “Миний найз зөвхөн ээж, аавдаа л хэлээрэй өөр хүнд хэлж болохгүй шүү, нэг хэсэг тэгээд цаадахаасаа хол байгаад сайн хашраагаад ав” гэж хэлсэний дагуу энд амарч байгаа нь энэ… Сарнай ээж, аавдаа л хүүтэйгээ хамт энд байгаа тухайгаа хэлжээ. Өөр хэнд ч хэлж болохгүй шүү, тэр тусмаа Цэлмэгт гэж ээжээсээ аминчлан гуйжээ. Тиймдээ ч ээж нь тайван байгаа нь тэр. Харин бусад нь бол тэр хоёрыг хэл чимээгүй алга болсонд гайхацгааж, түгшиж байв. Өнгөрсөн гурав хоногт Сарнай Цэлмэгээс дутахааргүй их зүйлийг тунгаан бодож амжлаа. Нөхөр нь чухам яагаад түүнийг хуурах болсон, амьдралын үнэ цэнэ, утга учир, үр хүүхдийнх нь хувь заяа гээд түүнд бодоогүй зүйл бараг үлдээгүй биз ээ. Мэдээж удахгүй Сарнай хүүтэйгээ хамт гэртээ харина, тэдний амьдрал цааш хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах биз,… …Тэрээр ингэж шийдсэн, гэхдээ түүний сэтгэлд хэдийн шивэрч эхэлсэн гомдлын бороо татрах яагаа ч үгүй байв,..Магадгүй насан туршдаа ч тэр бороо шивэрч мэдэх юм..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *