Нүүр Лайфстайл УЧРАХ ТАВИЛАН 1-Р БҮЛЭГ

УЧРАХ ТАВИЛАН 1-Р БҮЛЭГ

2 секунд уншина
0
1
1,685

Өдөржин уйлагнасан бороо арай гэж зогсов. Сарнай цэцэрлэгээс хүүгээ авах санаатай гэрээс гарлаа. Гэтэл нэг л сонин совин татаад болдоггүй. Учир нь нөхөрлүүгээ утсаар залгаад “эртхэн ажлаасаа тарвал цэцэрлэгээр ороод хүүгээ аваад ирэх үү? ” гэж асуух гэсэн боловч нөхөр нь утсаа ерөөсөө авдаггүй. Сарнай “хань минь яагаад утсаа авахгүй байгаа юм болдоо” гэж бодох зуураа цагаа хартал хүүгийнх нь тарах цаг арай болоогүй гучаад минут дутуу байв. Олон юм бодогдож, сэтгэл нь үймрээд тогтож өгөхгүй болохоор тэрээр такси бариад нөхрийнхөө ажил уруу шууд хөдөллөө. Цэлмэг утсаа авахгүй таг болох тохиолдол олон байсан ч, тэр бүрд Сарнай “хань минь хурал зөвлөгөөнтэй байгаа биз дээ, эсвэл утсаа өрөөндөө орхиод түр гарсан байх” гэж бодоод л өнгөрдөг байв. Гэтэл өчигдөр түүнтэй дунд сургуульд хамт сурч байсан найз хүүхэн нь гудамжинд хальтхан тааралдаад, нөхөр нь ажлынхаа нэг хүүхэнтэй нэлээн дотно янзтай хэд хэдэн удаа хамт явж харагдсан” талаар түүнд дуулгаж. Ийм л учраас Сарнайн сэтгэл тогтож өгөхгүй байгаа нь энэ. Тэгээд л нөхөр дээрээ очиж яагаад зарим үед утсаа авахгүй чимээгүй алга болоод байгаа талаар тандаж мэдэхээр шийджээ. Нөхрийнхөө ажилладаг байгууллагын үүдээр орвол ихэнх хүмүүс ажлаасаа тараад явсан бололтой жижүүр, цэвэрлэгчээс өөр хүн бараг харагдахгүй байв. Сарнай Цэлмэгийн өрөөний үүдэнд ирээд хаалгыг нь таттал, цоожтой байлаа.

“Хань минь арай зөрөөд гэрлүүгээ явчихсан юм биш байгаа даа, би гэж тэнэг толгой, өнөөдөр гэнэт юу болсон юм хүүгээ ч авахгүй
наашаагаа гүйж байдаг. Бусдын үгээр үг хийгээд муу ханиа хардаад явж байдаг баларсан толгой шүү! Хурдан очиж хүүгээ авах минь” гэж бодоод эргээд явах гэтэл гэнэт хаалганы цаана хүн дуугарах чимээ гарах шиг болоход зог туслаа. Яах аргагүй хоёр хүний ярих чимээ сонсогдож байв. Сарнай хаалганы бариулаас түрүүнийхээс арай хүчтэйхэн татсан боловч онгойх шинж алга. Тэрээр хаалгыг нүдэх гэснээ болив. Хаалганд чихээ ойртуулан чимээ чагнан хэсэг зогслоо, төмөр хаалганы цаанаас олигтой сонсогдох юм алга. Гэтэл төд удалгүй хөлийн чимээ ойртон эр эм хүмүүс ярилцсаар дөхөж ирэх нь мэдрэгдэв. Сарнай сандарсандаа хаалганы ард хана налан нуугдсан маягтай зогслоо… Гэтэл нөхөр нь, “ажилчдынхаа зурган дээрээс түрүү жил төслийн ажилтнаар манайд шинээр орсон эмэгтэй гэж” өөрт нь танилцуулж байсан өндөр шар хүүхэнтэй их л дотно маягтай хаалга онгойлгон гарч ирэв. Хаалганы ард зогсох Сарнайг тэд анзаарсангүй. Нөхөр нь нөгөө хүүхнийхээ бэлхүүсээр нь тэвэрснээ, -За хайр нь чамайг замаараа хүргээд өгье, миний шувуухай ч сайхан харагдаж байна шүү, гэсээр түүний уруул дээр үнсэн хэсэг зогслоо,..Энэ үед нөгөө хүүхэн хаалганы ард зогсож байсан Сарнайг нүднийхээ булангаар харж амжив. Тэрээр ёстой л нөгөө чоно харсан туулай гэгчээр, нүд нь эргэлдээд, сүнс нь зайлах нь уу, гэлтэй царай нь хувхай цайснаа, бушуухан шиг Цэлмэгийг өөрөөсөө түлхэв. Гэнэт халуухан хайрт нь өөрийг нь юу болов… гэмээр арагшаа огцом түлхэхэд гайхсан Цэлмэг эргэж, хараад бүлх залгисан юм шиг бас гацаж орхив. Тэгснээ царайгаа төв болгоод нөгөө “ичсэн хүн, хүн ална” гэгчийн үлгэрээр хоолойгоо засан дуугаа өндөрсгөөд,

-Чи энд юу хийж яваа юм, өдийд хүүгээ цэцэрлэгээс авч байх ёстой биз дээ,хэмээн хэдийгээр захирангуй өнгөөр асуусан ч, цаанаа л өөртөө итгэлтэй биш сул дорой харагдаж байгаа нь Сарнайд мэдрэгдэж байв… Энэ үед Сарнай хашгичин , чарлаж өөдөөс нь хэнэг ч үгүй харж зогсох эрээ цээрээгүй эмийг үсдэн, самардмаар санагдсан ч тэгсэнгүй. Өөрийн эрхгүй нүдэнд нь дүүрээд ирэх нулимсаа дотогшоо хүчлэн залгиад, нэг ч үг дуугаралгүй эргээд алхлаа. Нөгөө хүүхэн сая л нэг гэм хийсэн хүн гэлбэлзэнэ гэгчээр, хэл ам хэрүүл тэмцэл болоогүйд баярласан бололтой, бараг л гүйх шахам шат уруудан алга болов. -Хөөе Сарнай хүлээж бай! Сарнай миний ханиа… байж бай л даа, гэсээр нөхөр нь араас нь дуудсан боловч Сарнай эргэж ч харалгүй хурдан хурдан алхсаар тэндээс гарч явлаа. Цэлмэг Сарнайн араас хэд алхсанаа нэгэнт л одоо түүнийг уучлахгүй нь тодорхой болсон болохоор бага зэрэг тайвширсан хойно нь очъё гэж бодсон уу, эсвэл өөрийгөө аргалах үлгэр бодож олохоор шийдсэн үү, ямартай ч буцаад өрөө рүүгээ явж орлоо. Өдөржин шивэрсэн бороо хэдийн зогссон ч түрүүнээс хойш тэвчиж ядан байсан Сарнайн нулимс хоёр нүднээс нь зогсолтгүй урсана. “Сэтгэлээс нь сул асгарах энэ нулимсан бороо хэдийд зогсохыг хэн ч үл мэднэ…Тэнгэр цэлмэж, үүлс өдөртөө нүүдэг ч, зүрхэнд хуралдсан үүлс хэдэн сар, хэчнээн жилээр ч хуримтлагдан хуралдаж байдгийг амьдралын үнэн цэнийг үл ухаарагчид анзаардаггүй нь харамсалтай…”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *