Нүүр Лайфстайл Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн Н.АЛТАНХУНДАГА: Хүү бид хоёр оношлуурын алдаанаас болж, ХӨСҮТ-д 20 хоног эмчлүүлсэн байх магадлалтай

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн Н.АЛТАНХУНДАГА: Хүү бид хоёр оношлуурын алдаанаас болж, ХӨСҮТ-д 20 хоног эмчлүүлсэн байх магадлалтай

15 секунд уншина
0
0
261

-ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЭХ ХУГАЦААНД БОЛОН ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ НАДАД ӨВЧНИЙ ЯМАР Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ-
-Сайн байна уу. Та өнгөрсөн тавдугаар сард ОХУ-аас эх орондоо ирсэн гэсэн. Тухайн үед “Тусгаарлах байрнаас халдвар авчихлаа” гэж мэдэгдэж байсан хүний нэг нь та. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Би ОХУ-ын Санкт-Петербург хотод уламжлалт анагаах ухааны эмчээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Хил нэвтрүүлэхдээ 40 хүнийг нэг автобусанд бүх ачаатай нь зэрэгцүүлж суулгаад, дараа нь галт тэргэнд суулгасан. Энэ үед хоорондын зай зэрэгцээ суусан бол 10 см, нөгөө талын сандлаас бол 50 см л байсан байх. Галт тэргэнд 40 хүнийг ачаатай нь бөөр нуруу нуруугаар нь наалдуулаад, бүх ачаатай нь чихэж суулгасан. Биднийг 13.00-21.30 цаг хүртэл буюу есөн цаг ямар ч агааргүй орчинд түгжсэн. Сүүлдээ бүгд амь тэмцээд байсан учир уурлаж, шаардаж байж цонхнуудаа арайхийж онгойлгуулсан. Манай галт тэргэнд явсан хүмүүс агаар дутмаг нөхцөлд 15 цаг байсан гэсэн үг.

Ингээд сувилалд ирээд шинжилгээ авахад 70 орчим хүнээс 37 нь халдвартай гэж гарсан. Уг нь эхлээд заавал шинжилгээ өгсөн хүмүүсийг л хилээр нэвтрүүлнэ гэж зарласан. Гэтэл шинжилгээний бичигтэй, бичиггүй хамаагүй нэг дор бүгдийг нь “ачаад” сувилалд хүргэсэн. Тухайн үед манай гэр бүлийнхэн өөрсдийн оёсон хамгаалалтын хувцас болон нэг удаагийн амны хаалт, бээлий зэргийг хэд хэдээр нь давхарлаж өмсөөд хил нэвтэрсэн. Мөн ариутгал халдваргүйжилт буюу аюулгүй байдлаа маш сайн хангаж ирсэн гэж боддог. Би Монгол Улсынхаа хилээр эрүүл орж ирсэн. Харин хил нэвтэрснээс хойш тусгаарлах байр орох замдаа халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нөхцөлд зорчигчдыг тээвэрлэснээс халдвар авсан гэж боддог. Харин ХӨСҮТ-д 20 хоног эмчилгээ хийлгээд гарахдаа би “Анхнаасаа л вирусийн халдвар аваагүй байх магадлалтай юм байна” гэж бодсон.

-Яагаад тэр вэ?

-Улаан-Үүд хотод бид зургуулаа 14 хоног хамт тусгаарлагдаж байгаад ирсэн. Бид ОХУ-д байхдаа халдвар авсан бол тэнд байсан бүх хүн өвдөх ёстой шүү дээ. Гэтэл надтай хамгийн ойрхон байсан нөхрөөс минь хүртэл вирус илрээгүй. Хүү бид хоёр л халдвартай гэж оношлогдоод, ХӨСҮТ-д 20 хоног эмчлүүлсэн. Энэ хугацаанд надад ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд өвдөх ганц ч зовиур байхгүй байсаар гарсан. Сүүлд монгол эрдэмтдийн зохиосон оношлуураар халдвартай гэсэн найман хүнээс шинжилгээ авахад дөрөв нь сөрөг гарсан. Тэгэхээр оношилгооны алдаа болсон байх магадлалтай. Би уг нь эсрэг биетийн шинжилгээ өгөх бодолтой байсан. Гэтэл эсрэг биетийн шинжилгээг ганцхан ХӨСҮТ-д өгөх боломжтой юм билээ. Тэгэхээр намайг халдвартай гэж оношлоод 20 хоног эмчилгээ хийсэн хүмүүс шинжилгээний хариуг яаж л бол яаж өөрчилнө шүү дээ гэх хардлага төрж байгаа. Тийм учраас дахиад шинжилгээ өгөөгүй ээ.

-Та хоёрт ямар эмчилгээ хийсэн бэ. Хүүд тань ямар нэг зовиур байсан уу?

-ХӨСҮТ-ийн эмч нар миний хүүгийн цээжийг рентгенд хараад “Баруун уушгиныхаа дунд талын дэлбээнд хатгаа үүсэж байна” гэж хэлээд, 10 хоног үрэвслийн эсрэг антибиотик тарьсан. Мөн хүү бид хоёрт 10 хоногийн хугацаанд өдөрт гурван төрлийн эм уулгасан. Тайвань билүү, Тайландын хятад бичигтэй арбидол гээд шар эм, ланавир, витамин С өгсөн. Харин 10 хоногийн дараагаас цэр ховхолдог 10 ширхэг нь 1000 төгрөг гэдэг бромгексин, витамин Е өгсөн. Арбидол нь вирусийн эсрэг эм учраас өдөрт гурван удаа уудаг байсан. Оросууд ч бас халдвар авсан иргэддээ арбидол уулгаж байсан.

Арбидол нь Орост 20 ширхэгтэй нь монгол мөнгөөр 10 мянган төгрөг гэдэг юм билээ. Харин дархлаа сэргээдэг ланавир гэдэг эмнийх нь үнийг сайн мэдэхгүй

Миний хүүд мөн вепирон лааг 10 хоног шулуун гэдсээр нь хийсэн. 10 хоног энэ бүх эмчилгээ хийсний дараа миний хүүг дахин үзсэн. Гэтэл “Хатгаа үүсэж байсан голомт нь яг хэвээрээ буюу шимэгдээгүй байна” гэж эмч нь хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би хүүдээ өндөр тунтай антибиотик тариулахгүй гээд вирусийн эсрэг эм, дархлаа сэргээх эмээ ууж байгаад эмнэлгээс гарсан. Гэхдээ хатгаа авсан хүүхдийн амьсгал өөрчлөгдөж, халуурах ёстой байдаг. Гэтэл миний хүүд тэр шинж тэмдгүүд огт илрээгүй. Мөн би хүүхдээ хатгаа авсан гэдэгт ч эргэлзэж байгаа. Учир нь, би эмчдээ “Миний хүү үнэхээр хатгаа авсан бол та зураг, СД-г нь надад үзүүлээч” гэж хоёр, гурван удаа хэлэхэд үзүүлээгүй. Эмнэлэгт, сувилалд байхад хэд хэдэн удаа коронавирусийн шинжилгээ авсан. Үнэндээ бид ямар хариу гарсныг ч мэдэхгүй байсаар гэртээ ирцгээсэн шүү дээ. Эхний шинжилгээгээр эерэг гараад л дараагийнхаас нь буюу долоо хоноод авахад нь сөрөг гарсан байх.

-ХӨСҮТ-өөс эдгэрээд гарахад “Танд ийм дүнтэй эмчилгээг улсаас үнэ төлбөргүй хийж өглөө шүү” гэж хэлсэн үү. Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан коронавирусийн халдвартай иргэдэд найман сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа гэж хэлсэн. Ийм өндөр үнэтэй эмчилгээ үнэхээр хийсэн юм уу?

-Үгүй, шинжилгээ, харуул хамгаалалтад зогсож байгаа ажилтан, эмчилж буй эмч, сувилагч, ариутгагчийн цалин, эмчилгээний төлбөр, хоолны зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгө, хамгаалалтын хувцас гээд байж болох бүхий л зардлыг нэмээд, найман сая төгрөгөөр эмчилж байна гэж хэлж байгаа юм болов уу. Үнэндээ тооцоолоод үзсэн ч найман сая төгрөгийн эмчилгээ хийгээгүй юм шиг санагддаг. ХӨСҮТ-д 20 хонолоо гэхэд ор хоногийн төлбөр өдрийн 100 мянгаар бодохоор хоёр сая төгрөг. Эмчилгээ нь 20 хоногт дээд тал нь нэг сая төгрөг байх. Тэгээд өөр бусад задаргааг нь хэлж мэдэхгүй юм. Мөн бид тусгаарлалтын 1.050 сая төгрөгөө хувиасаа төлөөд, үлдэгдэл зөрүүгээ ч авч чадаагүй. Яагаад вэ гэхээр, 21 хоног тусгаарлагдана гээд мөнгө төлсөн бол хоёр хоноод л ХӨСҮТ рүү явсан шүү дээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *