Нүүр Лайфстайл Д.Сэржмядаг охины хэрэг ба Монголын цагдаагийн үнэн төрх

Д.Сэржмядаг охины хэрэг ба Монголын цагдаагийн үнэн төрх

8 секунд уншина
0
0
2,098

Уг хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлж авна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн

Бага насны охид ор сураггүй алга болсон ноцтой хэрэг сүүлийн гурван жилд хэд хэд бүртгэгдлээ. Охид хөл хөдөлгөөнтэй хотод бус хөдөө орон нутагт, гэрийнхээ гаднаас алга болдог нь тун ч харамсалтай. Тухайлбал, Монгол орны урд хэсгийг дамжин өнгөрөх томоохон суурин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ор сураггүй алга болоод гурван жил 21 хонож байна. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй.

Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын хэлснээр эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ I,II,III,IV,V багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг шалгаж, шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулжээ. Үүнээс гадна дээрх хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлснээс дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн гэдэг мэдээлэл байдаг.

Уг хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлж авна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч одоогоор тодорхой мэдээлэл өгөх хүн гараагүй байна. Улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч сайн мэдээ дуулалгүй гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Охиныг эрэн хайх эрлийн багийнхан өнөөдөр ч татан буугдаагүй.

Ор сураггүй алга болсон хүүхдийг тоон мэдээллээс харвал 2017 онд сураггүй алга болсон нэг, 2018 онд сураггүй алга болсон дөрвөн хүүхдийг эрэн хайснаас гурвынх нь цогцос олдсон байна
Өнгөрсөн онд сураггүй алга болсон нэг хэрэг бүртгэгдсэн. Хэргийг сануулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас есөн настай Б.Ундармаа, 2018 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас Б.Мөнгөнцэцэг, 2017 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг нар сураггүй алга болж, өнөөг хүртэл цагдаагийн алба хаагчид ямар нэгэн сураг гаргаж чадаагүй байгаа юм.

Энэ хүүхдүүд хаана, хэрхэн байгаа асуултад хариулт өгөх эзэн даанч алга

Хэргийн цаана ямар учир зангилаа нуугдаж байгааг хуулийн байгууллагийнхан өдөр, шөнөгүй ажиллаад ч олж чадахгүй байна. Цагдаагийн байгууллагаас тодруулахад эрэн хайх ажиллагаа улс орон даяар явуулж байгаа гэхээс өөрийг хэлдэггүй юм. Учир нь эрэн хайх ажиллагаа болон хайгдаж байгаа хүний мэдээлэл нууц байдаг гэх. Хүн чанар нь хөсөр хаягдсан хайрлах, энэрэх сэтгэлгүй этгээдийн гарт орсон охидод хэн, хэзээ, хэрхэн яаж туслаж тэднийг хамгаалах вэ. Цаашид ямар ч гэм зэмгүй ээж, аавын энхрий охид гэрийнхээ гаднаас алдагдсаар байх уу. Эцэст нь “Нотлох баримт олдоогүй ээ” гээд хэргийг хааж гэмт этгээдүүдийг баярлуулсаар байх гэж үү. Эдгээр асуулт Монголын цагдаа, хууль хүчний байгууллагын алба хаагчдын зүрхийг шимшрүүлж, амьдын хагацал үзэж буй аав, ээжийг нойргүй хонуулж байна. Гэнэт босон харайж ухаан жолоогүй охиноо хайсаар өдөр, шөнийг өнгөрүүлэх дүнсгэр аав. Өглөө, оройгүй тэнгэр бурхандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, охин үрээ ижий, аавдаа хүрээд ирээч хэмээн сэтгэлээрээ, хөхөөрөө, харцаараа даллах хөөрхий ижий. Нэгэн цагт ороод ирнэ дээ хэмээн хаалга руу харуулдан суух бэтгэрсэн эгч, дүүс. Үнэхээр болдог сон бол цэцэг цэврүү шиг охин үрийг нь яг л ямар хүүхэд байсан тэр хэвээр нь аав, ээжид нь хүргэж өгөх сөн билээ. Хорвоогийн хамгийн сайхан зүйл тэр байх байхдаа. Даанч Д.Сэржмядаг охин болоод бусад охидыг хаанаас, хэнээс нэхэх вэ. Төр засгаас уу, Монголын цагдаагаас уу. Эх дэлхийн эрдэнэ, ээж, аавын амин үрсэд дахин ийм муу зүйл битгий тохиолдоосой.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *