Нүүр Лайфстайл Дархан хотын Засаг дарга Б.АЗЖАРГАЛ: Төмөр замаар дамжсан халдварыг хяналтдаа авсан ч тайвшрах болоогүй байна

Дархан хотын Засаг дарга Б.АЗЖАРГАЛ: Төмөр замаар дамжсан халдварыг хяналтдаа авсан ч тайвшрах болоогүй байна

18 секунд уншина
0
0
166

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайн байна уу. Дархан-Уул аймгийн хэмжээнд 96 цагийн турш тэг зогсолт хийж, хөл хориог сулрууллаа. Одоогийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Манайхан халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барьж байна. Аж ахуйн нэгжүүд иргэдэд үйлчлэхдээ аюулгүй байдлыг сайн барьж, үйлчиллээ. Хөл хориог сулруулсан өдөр зөрчил гарсан газар байхгүй. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дархан хот халдварын голомтоо хумьж чадлаа” гэсэн мэдээлэл цацагдаж байна. Гэхдээ бид тийм мэдээлэл огт хийгээгүй. Харин халдварын гол голомт болох төмөр замын 1080 ажилтан, түүний гэр бүлийнхэн болох 3000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, хавьтлуудыг илрүүлсэн. Анх илэрсэн голомтын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа. Гэхдээ ойрын хавьтлуудыг тусгаарлаж, арга хэмжээ авсан. Улаанбаатар хотоос ирсэн тархвар судлаачид үүн дээрээ гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тэг зогсолтоо зогсоосныг иргэд буруу ойлгож, халдвараа хумилаа гэж ойлгох шиг байна. Халдвар тархсан байх магадлалтай газруудыг хамгаалалтдаа авч, иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Дархан хотын төвд статистик тоогоор 86 мянган хүн амьдардаг гэсэн судалгаа бий. Үүн дээр Сэлэнгэ аймгийн зэргэлдээх сумын иргэд, оюутнуудыг нэмээд 105-110 мянган хүн тогтмол амьдарч байгаа. Тэг зогсолтын үеэр 100 мянган иргэн гэртээ байлаа. Үлдсэн хүмүүс нь шаардлагатай ажиллах алба, хүнс, эмнэлгийн ажилчид байсан. Одоогоор нөхцөл байдал хэвийн байна. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй.

-Одоогийн байдлаар хэдэн хүнийг шинжилгээнд хамруулаад байна вэ?

-Өнөөдөр (арваннэгдүгээр сарын 22-ны 03:00 цаг) байдлаар нийтдээ 17 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, батлагдсан тохиолдол 16 болсон. Дахиад 10 мянган иргэнийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулна. Юуны түрүүнд гурван сумын оршин суугчдыг “Нэг өрхөөс нэг хүн” гэсэн зарчмаар шинжилгээнд хамруулж, эрүүл бүс болгон ангилах төлөвлөгөө гарсан.

-Онцгой дэглэмийн энэ үед ямар төлөвлөгөө баримтаж ажиллаж байна вэ. Дархан-Уул аймгийг дөрвөн хэсэг ангилаад байгаа гэж сонссон?

-Одоогоор манайх дөрвөн блок системээр ажиллаж байна. Яагаад блокоор хувааж, ангилсан бэ гэхээр төмөр замын ажилчдаас илэрсэн халдварыг нэг блокд багтааж, барьж байгаа. Хэрэв зээ, төмөр замын халдварын голомтоос дахин илрэх юм бол тэр хэсэгт нь хөл хориог тогтоогоод, чангатгаад явж болох юм байна гэж бид харж байгаа. Иргэд өөрсдийн хуваагдсан хэсэг дотроо эмнэлэг, хүнсний үйлчилгээ авах боломжтой. Тэгэхээр иргэд өөр хэсгийн хүмүүстэй уулзахгүй гэсэн үг. Дөрөв хоногийн турш хатуу хөл хорио тогтоож, өчигдөр (уржигдар) Онцгой комиссын хурлаа хийж, иргэддээ нэгдүгээр халварын голомтоо олоогүй. Харин төмөр замын голомтоо олж тогтоож, бүрэн шинжилгээнд хамруулсан. Цаашид бид юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ танилцуулсан. Иргэдийг амны хаалт хэрэглэх, гараа ариутгах, зайгаа барих гэсэн гуравхан зарчмыг баримтлаасай гэж хүсэж байгаа. Хэрэв энэ гурван зарчмыг л баримталж сурах юм бол өөрийгөө хамгаалах боломжтой.

АНХ ИЛЭРСЭН ГОЛОМТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ОДОО ХҮРТЭЛ ОЛООГҮЙ БАЙНА

-Хөл хорио сулруулсан өдөр иргэдийн хандлага ямар байсан бэ. Яах бол гэж түгшиж байв уу?

-Дөрөв хоног гэртээ хоригдчихсон иргэд маань яах бол гэж бид үнэндээ айж байлаа. Хүн л болсон хойно дургүйцлээ илэрхийлж, энд тэндгүй бөөгнөрч, хаа сайгүй явах вий гэж бодсон. Гэтэл харин ч эсрэгээрээ иргэд маань халдварын дэглэмийг сайн барьж, хүн хоорондын зайгаар шаардлагатай газруудаар үйлчлүүлж байна. Маш сайн дэг журамтай байлаа гэж харж байна. Иргэд маань өөрсдөө ийм хариуцлагатай, ухамсартай байгаад маш их баярлаж байна. Цаашид энэ янзаараа аюулгүй байдлаа хангаад амьдарч болох боломжтой. Нийт иргэдийн 98 хувь нь “Амны хаалтаа зүүгээд, зайгаа бариад явах юм бол эрүүл амьдарч чадна” гэдгийг ойлгосон. Тэг зогсолтын дараа хоёр сайн найз хүртэл дэлгүүрийн гадаа хоёр метрийн зайнаас толгой дохиод, “Сайхан цаг ирэхээр удахгүй уулзана” гэж хэлээд уулзахгүй байх жишээтэй. Иргэд минь ийм ухамсартай байгаад бид талархаж байна. Гэхдээ анхны халдвар авсан хүнийхээ эх үүсвэрийг тогтоогоогүй болохоор сэтгэл зовж, түгшүүртэй байна.

-Анх батлагдсан иргэнийг хаанаас халдвар авсан гэж таамаглаж байна вэ?

-Тэр хүн зах дээр худалдаа эрхэлдэг, бизнесмэн хүн. Гэхдээ ихэнхдээ гэртээ байдаг. Явсан маршрут нь өргөн учраас хавьтал олонтой. Эх үүсвэрийг нь хэрхэн олох вэ гэдэг дээр өдөр шөнөгүй толгойгоо гашилгаж байна.

-Тэг зогсолтын үеэр таныг өөрөө иргэдтэйгээ утсаар ярьж, анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байгаа тухай мэдээлэл цахимд цацагдсан. Энэ нь иргэдэд ихэд тааламжтай байгаа бололтой байна лээ?

-Иргэдийг гэртээ байхад ямар асуудал тулгарч, яг юу хүсэж байна вэ гэдэгт голчилж анхаарлаа. Зөвхөн эхний хоёр өдөр 1200 хүнтэй утсаар ярьж, шийдвэрлэх боломжтой асуудлыг нь шийдсэн. Харин боломжгүйг нь шууд “Боломжгүй” гэж хэлсэн. Миний ажлын утсанд зогсоо зайгүй дуудлага, мессэж ирж байна. Утсаар ярих болгондоо иргэдэд яг юу хэрэгтэй, тэд юу хүсэж байгааг олж харсан. Мэдээж хэрэггүй, онцын шаардлагагүй дуудлага нийт ярианы 20 орчим хувийг эзэлж байсан. Гэхдээ Засаг даргатайгаа шууд харилцаж байгаадаа гайхаж, итгэхгүй хүн ч байна лээ. Тэг зогсолтын эхний өдөр хүнсний түгээлт, хүргэлтийн ажил жигдрэх гэж багагүй хугацаа алдсан болохоор иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Бид чинь өмнөх орой нь хуралдаж, маргааш өглөөнийх нь 06:00 цагаас тэг зогсолт хийсэн. Гэнэтийн шийдвэр болохоор бэлтгэл ажлын үед багагүй хугацаа алдсан нь үнэн. Гурав дахь өдрөөс нь түгээлт, хүргэлтийн ажил жигдэрчихсэн учраас гомдол санал багассан. Мөн цаашид байдал хүндэрвэл энэ зарчмаар ажиллаж болох юм байна гэдгийг харууллаа. Харин одоо иргэдээс ирж байгаа ганц асуулт нь “Дарханд байгаа өөр аймгийн иргэдийг хэрхэн нутаг буцаах вэ. Улаанбаатар болон бусад аймагт байгаа Дарханы иргэдийг хэзээ авчрах вэ” гэж байна. Энэ бол бидний шийдэх асуудал биш учраас яаж ч чадахгүй байна. Хэрэв УОК-ын шийдвэр гарах юм бол Дарханд байгаа бусад аймаг, хотын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, нутагт нь буцаах боломжтой. Бид цахимаар судалгаа явуулж үзэхэд 5000 иргэн бүртгүүлснээс 1000 нь Дарханаас гарах, 4000 нь Дарханд ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна лээ.

ТЭГ ЗОГСОЛТЫН ДАРАА ХОЁР НАЙЗ ДЭЛГҮҮРИЙН ГАДАА ТААРЧИХААД “САЙХАН ЦАГ ИРЭХЭЭР УУЛЗЪЯ” ГЭЭД ХОЁР МЕТРИЙН ЗАЙГАА БАРИАД ЯВЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ

-Гэртээ байгаа иргэд ихэвчлэн ямар бараа захиалж авч байв?

-Бид “1000 төгрөгийн бараа захиалсан ч хүргэж өг” гэсэн зарчим баримталж ажиллалаа. Эмийн сангаас иргэд дунджаар 8000 төгрөгийн эм захиалж авсан гэсэн. Хамгийн багадаа 1000 төгрөгийн эм захиалж авсан гэнэ лээ. Мөн тэг зогсолтын хугацаанд гэмт хэрэг 100 хувиар буурсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Эрүүлжүүлэх байр гурав хоног хоосон хонолоо. Гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн алга, хулгай, дээрэм, танхайрсан гэмт хэрэг бүртгэгдээгүй. Энэ бол нийгмийн том эерэг үзүүлэлт юм.

-Засаг дарга болоод 14 хонож байгаа юм билээ. Хүнд, хэцүү цаг үед удирдлага болоход тулгарч байгаа асуудал байна уу?

-Арваннэгдүгээр сарын 9-нд Засаг даргын ажлаа хүлээж авсан. Би Дархан сумын ИХТ-ын хурлын дарга, орлогч дөрөв, Засаг даргаар нь найм, нийтдээ сумандаа 16 жил ажилласан. Харин анх удаа Дархан-Уул аймгийг удирдаж байна. Онцгой байдлын албанаас зохион байгуулдаг Команд штабын сургалтад Дархан сумын Засаг дарга байхдаа дөрвөн удаа хамрагдсан. Тус сургалт нь яг л өнөөдрийн болж байгаа нөхцөл байдлыг дадлагаар харуулдаг. Тийм учраас одоогийн байдлаар тулгарч байгаа бэрхшээл алга аа. Ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллаж, ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдгийг Команд штабын сургалтаар онол болон дадлагаар ойлгуулсан байдаг. Олон шийдвэр гаргах дадлагыг тус сургалтаар суулгачихсан байсан гэсэн үг. Тухайлбал, ийм хүнд хэцүү үед нэг иргэнийг өрөвдөж, аймаг руугаа нэвтрүүлж 100 мянган иргэнийг эрсдэлд оруулах уу, эсвэл хатуу чанга байх ёстой юм уу гээд олон зүйлийг сурсан байсан нь хэрэг болж байна. Мөн манай мэргэжлийн байгууллагууд зохион байгуулалт сайтай ажиллаж, түшиг дэм болж байгаа учраас бэрхшээл бага байна гэж хэлж болно.

-Цаг сайхан болохоор аймгийнхаа иргэдийн төлөө ямар ажлыг хамгийн түрүүнд хийнэ гэж бодож байна вэ?

-Олон ажил бодож, төлөвлөөд байна. Манай сумдын мэргэжлийн анги байгууллагын удирдлагууд хамтран ажиллаж байгаа. Тэднээс “Орон нутагт ямар асуудал тулгарч байна” гэдэг талаар санал асуулга явуулж, ярилцаж байна. Хамгийн түрүүнд орон гэргүй иргэдийн асуудлыг шийдэх юм сан гэж бодож, зорьж байгаа. Хаа сайгүй л архи уудаг иргэд байдаг тэ. Яагаад тэдний асуудлыг шийдэж болохгүй гэж. Тухайлбал, бид хөл хорио тогтоогоод, хамгийн түрүүнд орон гэргүй иргэдээ тусгаарласан. Архи уудаг ч гэр оронтой хүмүүсийг гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд, бусдыг нь одоог хүртэл тусгаарлах байранд байлгаж байгаа.

Мөн манай аймгийн иргэдийн 65 хувь нь 35 хүртлэх насны залуус. Тийм учраас залуучууд юунд анхаарлаа хандуулж, юу хүсэж байгаа, тэд юу хийх ёстой вэ гэдэг дээр манай багийнхан анхаарлаа хандуулна. Засаг даргын үйл ажиллагааны батламжийг энэ ондоо багтаж батлах ёстой. Тийшээ анхаарлаа хандуулах завгүй шахуу өвчлөлд анхаарлаа хандуулж байна. Бодлогын бичиг баримт аяндаа болох байх гэж бодож байгаа. Манай аймгийн ИТХ-ын төлөөгчдийн 70 хувь нь залуус учраас илүү хүчирхэг, зоримог хамтарч ажиллах байх. Дарханыг хүмүүс юугаар тодорхойлох вэ гэдэг том бодлогыг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар зорьж байна. Өнөөдрийн бүх шийдвэрийг ганцхан Азжаргал гэж хүн гаргаад байгаа юм биш, бид бүгд ярилцаж, хамтдаа бүх ажлыг хийж байна. Үндсэндээ энэ бол багийн тоглолт гэж хэлж болно. Манай залуучууд нутаг орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаад талархаж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *