
Дэлхийн нисэхийн түүхэнд анх удаа ээж охин хоёр хамтдаа нэг онгоц жолооджээ. Ээж Сьюзи, охин Донна Гаррет нар нэг баг болж, Америкт дотоодын нислэг үйлдсэн байна.

Уг үйл явдал өнгөрсөн жил болсон ч саяхнаас нийгмийн сүлжээгээр энэ талаарх мэдээ хурдацтай тархаж эхэлжээ.
Охинтойгоо хамт ажиллах үнэхээр сайхан санагддаг хэмээн Сьюзи ярьжээ. “Би охинтойгоо ажиллах их дуртай. Миний туулсан амьдралыг хүүхэд маань бас адилхан туулж явааг харах үнэхээр сайхан байна. Охин маань SkyWest /авиа компани/ гэр бүлийн нэг гишүүн. Энэ бол охинд маань тохирсон сайхан мэргэжил” гэжээ.

Сьюзи Гаррет нисгэгчээр 30 гаруй жил ажилласан байна,. Түүнийг нисгэгч болж байх үед тэрбээр анхны эмэгтэй нисгэгчдийн нэг байв. Түүний нөхөр Даг мөн л нисгэгч аж. Тэд охин хүү хоёртой бөгөөд хүүхдүүд нь багаасаа авиа салбарт өсөж торнин, энэ ертөнцөд хүүхэд насаа өнгөрөөжээ.

Мэргэжлээ сонгох цаг үе ирэхэд хүү Марк, охин Донна хоёр нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр болсон байна. “Хүүхдүүд маань нисгэгч болно гэж бодоогүй байсан юм. Гэтэл оффист сууж ажилладаг бусад мэргэжлийн хүмүүсийг нэг хараад, бидэн рүү нэг харснаа мэргэжлээ сонгочихсон” гэжээ.

Нисэхийн салбар Сьюзигийн хувьд амьдралынх хүсэл тэмүүлэл нь аж. Тэрбээр нисгэгчийн ажил эмэгтэй хүнд яг тохирно гэж үздэг байна. “Эмэгтэйчүүдийн хувьд ажлын уян хатан хуваарь бол том давуу тал. Учир нь ажил, гэр бүлдээ зэрэг анхаарал хандуулах боломжтой. Хангалттай цалин авчхаад бүх стрессээ гадна орхиод гэртээ орох боломж олгодог тийм ажил өөр хаана байна вэ? Би агаараар ч нисэж, үдэшлэгт ч очиж, ээжийнхээ үүргийг ч гүйцэтгэдэг. Үнэхээр гайхалтай ажилтай хүн.” гэжээ.

Донна өөрийнхөө ажил гэр бүлийн талаар Инстаграмдаа хуваалцдаг бөгөөд тэрбээр 39 мянган дагагчтай гэнэ.