
Нийслэлд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал тогтоосонтой холбоотой хэд, хэдэн тусгай зохицуулалтын шийдвэр хэрэгжиж эхлээд буй. Тухайлбал өдөрт хоёр интервальт цагаар иргэдийг хөдөлгөөнд оролцуулах, хүнсний бараа түгээлтийг зөвхөн шөнө хийх гэх мэт. Тэгвэл “Арви” анхдагч үнийн дэлгүүрийн захирал, эдийн засагч Б.Ойдов дээрх шийдвэр дээр өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр урд шөнийн 04.00 цагт бичихдээ, “Юун дархлаа дэмжиж, өвчнөөс сэргийлэх манатай, хэдэн улаан нүдэлсэн хүмүүс л шөнөжин ажиллаж байна. Цагдаа ч алга, өвчин тархвал эзэнгүй тархахаар байна. Дархлаа нь унасан дэлгүүрийн ажилтан дор хаяж 500-5000 хүнд халдвар тараах боломжтой шүү. 6000 дэлгүүрт бараа авах, хүргэх жолооч, үйлдвэрийн ажилчид гээд лав л 10-20 мянган хүн
нойргүй хонолоо” гэжээ. Түүний хувьд 22.00-06.00 цагийн хооронд бараа түгээлт хийнэ гэдэг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа ийн илэрхийлжээ. Дэлгүүрүүдийн ачаалал эдгээр өдрүүдэд буураагүй, улам бүр нэмэгдээд буй. Иймд бараа түгээлтийн ажилтнууд шөнөжин, үүр цайтал ажиллах нөхцөл байдал эрхгүй үүссэн. Б.Ойдов бичвэрийнхээ төгсгөлд, “Дахин нэг хоног ч нойргүй хономооргүй, ажилчдаа хонуулмааргүй байна” хэмээсэн байна. Бид үүний өмнө “Арви” дэлгүүрээс сурвалжилга бэлтгэж байсан. “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцож байснаар нь Б.Ойдовыг уншигчид таньж мэднэ. Хүнсний дэлгүүрийн нэмэгдэл үнэгүй, үйлдвэрийн үнээр бараагаа худалдаж, зөвхөн гишүүнчлэлийн төлбөрөөр ашиг орлого олох санаа гаргасан нь шинэ байв. Түүний ярилцлагыг энд дарж уншиж болно.
СУРВАЛЖИЛГА: Ердийн жишгээс 20-25 хувиар хямд бараатай “Арви
дэлгүүрийн ашиг хараагүй холч ухаан

2017 онд “Шарк танк” нэвтрүүлгийн эхний улирал үзэгчдийн
хүртээл болсон. Үүгээр эдийн засагч мэргэжилтэй Б.Ойдовын бизнес цөөнгүй хүний анхаарлыг татсан нь “Арви” анхдагч үнийн дэлгүүр. Б.Ойдов дэлгүүрийнхээ бүх барааг үйлдвэрийнх нь үнээр, нэг ч төгрөгний нэмүү өртөг шингээхгүйгээр худалдана хэмээж байв. “Тэгээд яаж ашиг олох болж байна” гэж шаркууд гайхсан. Харин дэлгүүртээ гишүүн элсүүлж, гишүүний хураамжаар орлого олох үндсэн концепцоо Б.Ойдов танилцуулсан юм. Санаа үйлдвэрлэгчдийн сэтгэлийг ихээхэн татсан. Ялангуяа “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл шарк энэ бизнесийг сонирхож, Л.Чинбат шаркыг хамтарч орохыг хүссэн байдаг. Ингээд тэд
Б.Ойдовын хүссэн 100 сая төгрөгийг компанийн 20, 20 хувь дээр тохирч, “дийл” хийгдсэн. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрөхөд “Арви” шаркуудаас 100 сая төгрөгийн
санхүүжилтээ авч чадаагүй юм. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, өргөжсөөр өнөөдөр зургаан мянган орчим бараатай, 2500 гишүүнтэй болж чаджээ.

Биднийг 5 буудалд байршилтай “Арви” анхдагч үнийн дэлгүүр
дээр ирэхэд хүмүүс, худалдан авагчид тасрахгүй байгаа нь анхаарал татсан юм. Улаан өнгийн өмсгөлөөр жигдэрсэн худалдагч, үйлчлэгчид нь өөдөө уруугаа гүйлдэн ажилдаа махарч байгаа нь ажиглагдана. Дэлгүүр хоёр давхар юм байна. Хоёр дахь давхартаа хүнсний бүтээгдэхүүн төрөлжүүлэн өрсөн бол нэг давхарт нь гэр ахуйн бараа худалдаалагдаж байна. Харин нэвтрүүлэгт анх орж, танилцуулж байснаас өөрчлөгдсөн зүйлс нь зарим нэр төрлийн бараандаа дээд
талдаа 10 орчим хувийн өртөг нэмж худалддаг болжээ. Учир нь хүмүүс тэр бүр тогтмол аваад байдаггүй, удаан эргэлттэй барааг шууд үйлдвэрийн үнээр худалдах нь ихээхэн алдагдал учруулдаг байна. Харин бүх төрлийн бараанд нь ерөнхий тооцоолол хийж үзэхэд ердийн дэлгүүртэй харьцуулбал даруй 20-25 хувийн хэмнэлт хийж болох юм байна.

Мөн дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж тэд гишүүнчлэлийн төлбөрөө тэглэсэн байхтай нь бид таарав. Цар тахлын, хямралын үеийг тохиолдуулан авч хэрэгжүүлж буй дотоод бодлого нь энэ аж. Одоо “Арви” дэлгүүрийн гишүүн болоогүй ч гишүүний үнээр бараа худалдан авах боломжтой болжээ. Хэдий хэр хугацаанд гишүүнчлэлийн төлбөрөө тэг байлгахаа Б.Ойдов хараахан хэлж
мэдэхгүй байгаа гэв. “Арви” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Ойдовтой
дэлгэрэнгүй ярилцлаа. -ОДОО Ч САНААГАА ОЛООГҮЙ БАЙЖ МАГАД. ХАРИН ЗОРИЛГО УНТРААГҮЙ- -“Арви” дэлгүүр 2017 оны “Шарк танк” нэвтрүүлгээр анх олонд танигдсан. Нэвтрүүлэгт орохын өмнө дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байв уу? -2017 оны зургаадугаар сараас дэлгүүрээ нээх бэлтгэл ажлыг хийж эхэлсэн гэж болно. Ер нь яг нэвтрүүлэгт оролцох үед зэрэгцээд л дэлгүүр маань үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байраа шийдчихсэн, бараагаа татаад эхэлчихсэн байлаа. -Барааг үйлдвэрийн үнээр нь зарж, гишүүнчлэлийн
төлбөрөөр ашиг олох бизнесийн концепц нь хүмүүст нэлээд таалагдсан, анхаарлыг нь татсан шүү дээ. Ийм санаа танд анх хэзээ төрсөн бол? -Энэ санааг анх 2003 онд “Номин”-д ажиллаж байхдаа л боддог байсан. Хүмүүст яаж хямд үнээр бараа худалдаж болох вэ гэж бодож, шийдлээ хайгаад л. Дараа нь Австралид сурч байхдаа тэндхийн дэлгүүрүүдээс санаа авсан. Гэхдээ санаа гэж яривал одоо ч санаагаа олоогүй байж магад. Гол нь надад хэрэглэгчдэд яаж анхдагч үнээр нь, хямд бараа хүргэх вэ гэдэг асуулт л байсан. Одоо хэр шийдлээ хайж байна гэмээр.

-Яагаад энэ мэргэжлийг сонгож, суралцах болсон бэ. Тэр үед хүмүүс мэргэжлээ “халтираад” сонгочихдог байсан тал бий? -Би бол халтирч сонгоогүй ээ. Би 2-р сургуулийн математикийн ангийг төгссөн, математик суурьтай байсан. Конкурс өгдөг тэр жил таван сургуулийн хуваарь авсан байсан. Аав маань өөрөө барилгын инженер хүн намайг тул архитектор, барилгын инженер болгох сонирхолтой байсан. Тэр мэргэжлийн сургуулиудад нь тэнцсэн. КТМС-д программ хангамжийн чиглэлээр бас тэнцсэн. Тэгээд өөрийн хүслээр эдийн засгийг сонгосон доо. Надад яагаад эдийн засаг таалагдсан бэ гэхээр, энэ ерөөсөө хүний өдөр тутмын амьдралын асуудал. Анхан шатны эдийн засгийн мэдлэг хүн болгонд байх ёстой. Тэгж гэмээ нь хувь хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд дөхөм болдог. Сургуульд хамгийн анх заадаг зүйл нь л, хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах асуудал. Хүн өөрөө хязгааргүй хэрэглээтэй. Тэрийг өөрт байгаа нөөцөөр зохицуулах ухаан юм гэдгээр нь их сонирхож байсан. Мөн би багадаа картын барааны үеийг туулж өнгөрүүлсэн тул эдийн засаг улс орны хөгжилд чухал нөлөөтэй юм байна гэж ойлгосон байсан. Ингээд л сонгосон доо. -Мэргэжил нэгтнүүдтэйгээ үзэл санаа зөрчилдөх явдал байдаг уу? -Ер нь бол зөрчилддөг. Хүн хүний ойлгоцын л асуудал юм шиг билээ л дээ. Мэргэжил нь хэдий эдийн засагч боловч хувь хүн, хүмүүжил талаасаа “өөр” бол бусдын төлөө ажиллахгүй шүү дээ. Ашиг гэдэг ерөөс анхдагч хэрэгцээ шүү дээ. Харин анхдагч хэрэгцээгээ хангахын тулд л бизнес хийж, улайрч байна гэдэг түвшний хувьд доогуур байгаа хэрэг гэж боддог. Ашиг чухал байж болно, зорилго л хамгийн чухал. Зорилго нь тухайн хүнээсээ шалтгаалж бас янз бүрийн түвшинтэй. Ангараг дээр гарна гэсэн зорилго тавьчихсан залуус ч байна шүү дээ. Хүн хэдий хэмжээнд өөрийгөө задалж, хөгжүүлж чадна тэр хэрээр том зорилгын араас явдаг гэж би боддог.

-ЭДИЙН ЗАСАГ БОЛ УЛС, ЭХ ОРНЫ ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН- –“Шарк танк”-д оролцох үеэрээ та эдийн засгийг бусдын төлөө ажиллах ёстой шинжлэх ухаан гэж ярьж байлаа. Энэ таны хувийн бодол уу. Эсвэл номын дууг нь сонссон хүний хувьд, угаас зүй нь тэр юм уу? -Ер нь хүний натурал шинж чанараас шалтгаалж аливаа юм хоёр, гурван тийшээ салчихдаг. Өөртөө ашиг олох чиглэлд, эсвэл нийгэмдээ тустай юм хийж бүтээх чиглэлд гэхчлэн. Бүх л шинжлэх ухаан тэгэх болов уу гэж боддог. Нэг том нээлт нэг компанид ашигтай байдлаар, нэг бол хүн төрөлхтөнд ашигтай айдлаар хэрэглэгдэж болно. Би ер санамсаргүй зүйл гэж бараг байдаггүй байх аа гэж боддог. Гэв гэнэт санамсаргүй эдийн засагч болчихсон зүйл байдаггүй байх. Явж, явж хүн өөрийгөө олох л хамгийн чухал шүү дээ. Гал унтрааж буй хүн өнөөдөр гайхамшигтай хүн байдаг байхгүй юу. Манайханд аминч үзэл их байна л даа. Өөрийгөө, их яваад гэр бүл, хамаатан садныхаа хүрээллийг л бодож амьдардаг. Энэ муу биш л дээ. Гэхдээ түүнээс олон хүнд туслах боломжтой хүний хувьд бол тэр чамлалттай зүйл. Одоо “Би”-гээс ангижиръя гэж ярьцгаагаад л байна. Ер нь бүх хүн бусдын төлөө л зорьдог болчихвол нийгэм маань эдийн засгийн хувьд ч, орхигдоод буй хүний мөсийнхөө хувьд ч хөгжих боломжтой гэж хардаг. Эцсийн эцэст эдийн засаг бол улс, эх орны төлөө л шинжлэх ухаан. Зарим хүн үүнийг ойлгоогүй учраас өөртөө ашиг олох хэлбэрээр л хардаг.

-Та багадаа хэр чинээлэг айлд өсөж торнисон бэ? -Ердийн л айлд өссөн. Миний бага нас картын барааны хэцүүхэн үед өнгөрсөн. Бид эхээс дөрвүүлээ, би дундах нь. Ээж багш, аав барилгын инженер. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг шиг л амьдардаг байсан. Ер нь тэр үеийн айлуудын жишиг л дээ. Багадаа ер нь дуугүй, зожиг талдаа хүүхэд байсан. Ярьдаггүй, дотоод хүнтэйгээ ажилладаг. Янз бүрийн юм сонирхдог, ном их уншдаг. Гэрийнхнээсээ жаахан ондоо л хүүхэд байсан байх. -Яриандаа “Австралид байхдаа…” гэж дурдаад өнгөрсөн.
Австралид та сурч байв уу эсвэл ажиллаж, амьдарч байв уу? -Бизнес менежмэнтийн чиглэлээрээ нэг жил хагасын хугацаанд суралцаад ирсэн. 2015 онд, гол нь энэ дэлгүүрээ нээе гэж зориод л наашаа маш хурдан ирсэн. –“Арви” дэлгүүр таны эхлүүлсэн анхны хувийн бизнес үү? -Би 2003 онд “Номин”-д орж, нэг жил ажиллаад “Мобиком”-ын Борлуулалтын хэлтэст дэвшиж орсон. Тэндээ 2008 он хүртэл ажиллаад, хувийнб бизнес эхлүүлэхээр гарч байсан. Уг нь ахлах мэргэжилтэн болчихсон байсан, тэр үед “мобиком” хамгийн өндөр цалинтай. Ийм байхад гарч хувийн бизнес хийнэ гэхэд гэр бүлийнхэн дургүйцдэг л байсан.