Нүүр Лайфстайл Зөн билэгтэн Г.Анударь: Коронавирус 2021 оноос өмнө бүрэн намжина

Зөн билэгтэн Г.Анударь: Коронавирус 2021 оноос өмнө бүрэн намжина

36 секунд уншина
0
1
4,642

Энэ хорвоо дээр ид шидтэн, зөн билэгтэн, далдыг хардаг хүмүүс байдаг эсэх талаар хүн төрөлхтөн мөнхөд маргалдаж, мэтгэлцсээр ирсэн. Одоогоос гурван жилийн өмнө NTV телевиз “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, сорилыг амжилттай давсан шилдэг гурван зөн билэгтэнг монголчууд хэдийн мэдэх болжээ. Энэ удаагийн “Хүмүүс” буланд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хоёрдугаар байрын шагналт, зөн билэгтэн Г.Анударьтай цаг үеийн халуун сэдэв болон далд ертөнцийн талаар ярилцлаа.

-Та “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт амжилттай оролцож, олонд танигдсан. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш гурван жил өнгөрчээ. Тэр үеийн Г.Анударийн амьдрал одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Би юу мэдэрч байна, зүүдэлж байгаа зүүд маань ямар учиртай вэ гээд мэдрэмжүүдээ илэрхийлж, тайлбарлаж чадахгүй цаг хугацаа миний амьдралд байсан. Эргэлзсэн, гайхширсан тийм цаг хугацаа. Эдгээр мэдрэмж үнэхээр үнэн үү, би мэдэрч чадаж байна уу гэдгээ мэдэхийн тулд хүн үзэж эхлээгүй байхдаа “Зөн билгийн тулаан”-д оролцсон. Том зориг, том сорилт болсон гэж боддог. Бага байхдаа найзуудтайгаа арагшаа харж зогсоод цонх тааж тоглодог байлаа. Баруун талаасаа тэд дэх цонх гэрэлтэй, тэд дэх нь хөшигтэй, тэд дэх нь гэрэлгүй байна гээд л. Харин ахлах ангид ороод найзуудыгаа шалгалт өгөхөд нь аль билетийг унших хэрэгтэйг хэлж өгдөг байсан. Тэмцээнд орж, өөрийгөө ил болгосны дараа ойр дотнын хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, хүлээн зөвшөөрөх болсон. Тэмцээний турш хүүхдүүд маань уйлахгүй, өвдөхгүй байж, гэр бүлийнхэн маш их хичээж, дэмжсэн. Нэвтрүүлэг гурван сарын турш үргэлжилж, өглөө гараад орой ирдэг байлаа. Тийм болохоор амжилт үзүүлэхэд дөхөм байсан болов уу. Гэхдээ оролцохоосоо өмнө өөрийгөө хоёрдугаар байранд орно гэдгээ харчихсан. Мэдсэн хэр нь л ирээдүйг өөрчлөх гэж маш их хичээсэн ч бүтээгүй /инээв/.

-Ирээдүйг өөрчлөх гэж хичээсэн ч бүтээгүй гэлээ. Тэгвэл энэ хувь тавилан гэсэн үг үү. Амьдралд биднээс шалтгаалахгүй, өөрчлөх боломжгүй зураг төөрөг гэж бий юу?

-Хүнд үйлийн үр гэж бий. Үүнийгээ заавал үүрдэг. Өмнөх насны үйлийн үр, өгч авах ёстой хүн гэх мэт. Энэ бүхнийгээ гүйцээсний дараа амьдрал өөрчлөгдөж эхэлнэ. Энэ насандаа өөрийн хийж буй буруу үйлдлээ засаж болно. Хүний энэ насны амьдрал сонголтын дагуу явдаг. Зөн билэгтнүүдийн зорилго аль сонголт нь илүү оновчтой, өгөөжтэй вэ гэдгийг хэлж өгөхөд оршино. Яг л шалгалтын “шипи” шиг. Гэхдээ чадвар маань өөрт, бас гэр бүлийнхэнд үйлчилдэггүй /инээв/.

-Зөн билэгтэн байх тийм ч амар биш. Нэг талаас бурхны бэлэг мэт боловч нөгөө талаасаа яг л ял хүлээсэн мэт амьдардаг байх. Танд зугтмаар санагдах үе байсан уу?

-Өөрөө өөрийгөө ядраан байж яагаад ингэх ёстой юм гэж бодох үе байдаг. Гэхдээ энэ бодлоо шууд л үргээчихдэг. Хүн бүрт заяагдсан үүрэг гэж бий. Үүнийг би хийх л ёстой. Би энэ зүйлээс зугтаасан ч тэр надаас явахгүй. Ажлаа хийхгүй удаан байхаар би өөрөө ч мэдэлгүй стрест орж, бухимдаж эхэлдэг. Харин хүмүүстэй уулзаж, ажлаа хийсний дараа маш сайхан сэргэдэг. Эсвэл ядраад, тэнхээгүй болчихсон үед хүмүүс хүүхэдтэй болсон, гэр бүлийн харилцаа сэргэсэн, ажил амжилттай байна гээд холбогдож, баярласнаа илэрхийлэх үед шууд л хүч орж, тэр бүх талархлаар тэжээгдэж амьдардаг. Алхаж чаддаггүй бяцхан охин, аутизмтай хүүд тусалсан дурсамжаа маш сайн санаж байна. Одоо байнга холбоотой байдаг.

-Хүмүүс таныг Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хар талын шулмуудтай адилтгах нь элбэг. Та үнэхээр хар талын зөн билэгтэн юм уу?

-Адилтгах тохиолдол бий. Гэхдээ би ач холбогдол өгдөггүй. Би тэмцээнд орохын өмнө сахиусаа аваагүй байсан. Тиймээс тэмцээнд оролцож, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, сахиусаа авах зорилготой байсан. Би аавынхаа талаас бөөгийн сахиустай. Харин ээжийн талынхан дор бүрнээ зөн билэг, мэдрэмж сайтай хүмүүс. Хөзрөөр мундаг мэргэлдэг хүн ч бий. Зөн билгийн тулааны шилдэг гурван оролцогч бүгд бөө байсан. Харин би сахиусаа буулгаагүй байсан учраас өөрийнхөө чадвараар үзэж тарсан гэж болно. Тиймээс вика буюу хар домын аргаар үздэг байсан. Хөзөр, лаа, толь, хонх гээд мэдээлэл авах олон арга хэрэглэдэг. Одоо голчлон хөзөр ашиглаж байна. Хэрэглээд дадчихсан учраас надад амар байдаг. Мөн сахиусаа буулгаж, онгодтойгоо ярилцах ч сайхан байдаг.

-Хар домын аргаа одоо хэрэглэдэг үү?

-Хар домын аргаа ашиглахгүй байгаа. Яагаад гэвэл энерги их алддаг. Тэмцээний үед өөртөө зорилго тавьсан учраас хэрэглэж байсан.

-Зөн билэгтэй хүмүүс мэдээллээ яаж авдаг вэ. Бидний харж чадахгүй хэн нэгэн хэлж өгдөг юм уу?

-Хүнд төрмөл авьяас гэж бий. Би хэн нэгэнтэй уулзлаа гэхэд тухайн хүнийг хараад “Энэ хүн ийм юм байна. Энэ зүйлээ өөрчлөх хэрэгтэй” гэх ч юм уу мэдчихээд байдаг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Төрсөн мэдрэмжээ баталгаажуулахын тулд хөзрөөр мэргэлж, шалгадаг.

-Таныг удган гэж мэдээгүй юм байна. Монголд нэг хэсэг бөөгийн бизнес эрчтэй цэцэглэсэн. Сар бүр хэдэн саяын өргөл барьж, гурван давхар мөнгөн аягаар багш шавийн барилдлага тогтоосон хүн ч харж байлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бөөгийн сахиусгүй хүмүүст албин, тийрэн буулгаж хорлох тохиолдол байдаг. Тийм хүмүүс маш сайн үзэж харж, мэргэлдэг. Засал хийхдээ ч сайн. Гэхдээ буруу аргаар энэ бүхнийг үзэж харж байгаа учраас өөрөө ч мэдэхгүй амьдрал, ар гэр, бие нь доройтож байдаг. Бөөд өргөл барьц авах ёстой үйл, засал гэж бий. Түүнээс биш сая төгрөг, мөнгөн аягаар яах юм бэ. Хэрэглэхгүй шүү дээ. Би сахиусаа авах гэж байгаа хүмүүст хэлдэг. Олон хүн дээр очоод үз. Өөрийгөө сахиустай хүн гэж хэлэх хэрэггүй. Тэр хүмүүс таныг хэлээгүй байхад олж харж, мэдэх ёстой. Бодож, тунгааж, өөрийгөө сонсож шийдвэр гаргах нь чухал. Хуурамч бөө нарын асуудал нэг үеэ бодвол цэгцэрч байна. Цаг хугацааны эрхээр бүгд шүүгдэж, хэн нь үнэн, хэн нь худал вэ гэдэг нь харагдана.

-Та сэтгүүлч мэргэжилтэй. Бидний мэргэжил нийгмийн асуудлуудыг олж харж, дуу хоолой нь болж, идээ бээрийг нь шахах үүрэгтэй. Зөн билэгтэн ч бас ижил үүрэг хүлээж байх шиг. Зөн билэгтэн хүний үүднээс харахад нийгэмд ямар асуудал хамгийн түгээмэл байна вэ?

-Гэр бүлийн асуудал маш хүнд байна. Нэгдүгээрт, богино хугацаанд нэгнийгээ таньж мэдээгүй байж гэр бүл болсон хүмүүсийн бэрхшээл. Хоёрдугаарт, үйлийн үрээс шалтгаалсан асуудал. Өвөө нь жирэмсэн эхнэрээ гомдоогоод, хоёр дахь эхнэртэйгээ гэр бүл болчихсон. Гэтэл хоёр дахь эхнэрээс нь төрсөн хүүхдүүд, үр ач нар нь сайн сайхан явдаггүй гэх мэт. Ухаад үзэхээр өмнөх үеийнх нь үйлийн үр байдаг. Ийм асуудал түгээмэл байна.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох тохиолдол нэмэгдэх болсон. Сураггүй алга болсон Сэржмядаг охины тухай та юу хэлэх вэ?

-Тухайн үед үзэхэд авч явсан машиных нь дугаар харагдсан. Цагаан өнгийн Alphard шиг хэлбэртэй машин байсан. Дугаарт нь орсон тоонуудыг ч хэлж өгсөн. Энэ мэдээллээ ээжийнх нь дүүд хэлүүлсэн. Ярилцлагад ингэж хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ олдохгүй, амь насаа алдсан байна. Хил давсан байна гэж харагдлаа.

-Монгол хүмүүс холбоотой юу?

-Монголын талаас хүмүүс оролцсон байна. Гэхдээ урд хөршид амиа алдсан.

-Араар тавилт маш их байна. Эмэгтэйчүүдийн фэйсбүүк группээр дүүрэн энэ төрлийн асуудал. Гэтэл сүүлийн үед эрэгтэй хүнийг өөрийнхөө хажууд үлдээхийн тулд уух юманд нь сарын тэмдэг хийж өгсөн, өгч болох уу гэх мэт асуултууд харагддаг. Үнэхээр ийм арга байдаг гэж үү?

-Шууд хэлэхэд энэ бол хараал. Надад залуу охид “Энэ залууг л минийх болгоод өг. Энэ хүнийг дэргэдээ байлгамаар байна” гэж ханддаг. Би хэзээ ч тийм юм хийхгүй. Яагаад гэвэл бие нь байгаа ч сэтгэл нь өөр зүгт үлдчихдэг. Явъя аа, явж болохгүй. Ирье ээ гээд ирж болохгүй тийм харилцаатай л болно. Харин олон хүүхэдтэй, нөхөр нь өөр эмэгтэйг сонгож, алдаа гаргасан тохиолдолд тэр эмэгтэйчүүдэд тусалдаг. Гэхдээ хэзээ ч сарын тэмдгээ хүнд өгч болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Хүнтэй биш сүгтэй л амьдарна гэсэн үг. Нөхрөө, найз залуугаа тийм болгосон хүүхнүүд ч надад ханддаг. “Олон жилийн өмнө би ийм үйлдэл хийсэн. Үүнээс болоод амьдрал сайжрахгүй байгаа юм болов уу” гэх мэт. Яасан ч ингэж болохгүй.

-Тийм хараал хүрсэн хүн засал авдаг уу?

-Тун хэцүү.

-Та сая нөхрийг нь тогтоож болно гэж хэллээ. Хайр сэтгэлийг өөрчилж болно гэж үү?

-Хайр сэтгэл гэхээсээ илүү буруу зүйл хийгээд сэвтсэн энергийг нь цэвэрлэнэ гэсэн үг. Энерги нь засагдаад, сэтгэл санаа нь тогтворжсон хүн буруу, зөвийг ялгаж, өөрийнхөө юу хийгээд байгааг ойлгож эхэлдэг. Буруу зүйл хийж болохгүй гэдгийг нь домын аргаар ойлгуулна гэсэн үг.

-Гэр бүл салалттай холбогдуулж асуухад заяаны хань гэж бий юу. Үнэхээр заяаны ханьтайгаа учирсан бол хүмүүс яагаад салдаг юм бэ?

-Заяаны ханийг янз бүрээр тайлбарладаг. Өмнөх насны үйлийн үрээр учраад үйлийн үрээ бартлаа хамтдаа байгаад үхэх хүнийг заяаны хань гэнэ гэх нь бий. Мөн галзууртлаа дурлаад, бие биеийнхээ төлөө хичээж амьдрахыг хэлнэ гэх тайлбар ч байдаг. Гэхдээ хүн бүрийн хувьд өөр өөр. Түрүүн хэлж байсанчлан энэ бол хүний сонголттой холбоотой.

-Та өөрийгөө ямар хүнтэй сууна гэдгээ мэдэж байсан уу?

-Ямар хүнтэй суухаа мэдсэн гэхээсээ илүү нөхрийгөө анх хараад л энэ хүнтэй суух юм байна гэж мэдсэн. Одоо нөхөр маань ярьдаг юм. Анх танилцсан өдрөө “би чиний хүүхдийг гаргана” гэж хэлэхэд маш их гайхсан гэж /инээв/. Ингээд гурван жилийн дараа гэр бүл болж байлаа.

-Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад нэг зүйл асуумаар байна. COVID-19 вирус хэзээ намжих бол?

-Нэгдүгээр сарын сүүлээр манай сахиус энэ өвчин Монголд гарна гэж хэлж байсан. Зургаан сарын сүүлээр нэлээд намжина. Аравдугаар сарын сүүлээр бүрэн байхгүй болно байх. 2021 он руу бол орохгүй.

-Монголчууд хор хохирол бага амсаж байгаа нь ямар нэг учир шалтгаантай юу?

-Нэрэнд нь их учир байна гэж харсан. Титэмд эрх мэдэл, олон хүнийг хамран захирах хүч, цаг хугацааны хүч гээд олон зүйл оршдог. Тийм ч учраас эрх мэдэлтэй, сүр хүчтэй гүрнүүдэд илүү нөлөөлж байна.

-Зурхайч нар “Төмөр хулгана жил халууны өвчин газар авна гэж зурхайд буусан” хэмээсэн. Энэ өвчин хүний үйлийн үртэй холбоотой юу?

-Үйлийн үр гэхээс илүү байгаль эхийн цэвэрлэгээ гэж хэлж болно. Ээж хүн уурлахаараа бүх юмаа эмхэлж, журамд нь оруулдаг даа. Яг л түүнтэй адил.

-Тэгвэл сонгууль ямар өнгөтэй байх бол?

-Парламентад залуучууд сонгогдоно. Гэхдээ сул, чадваргүй хүмүүс олон гарна. Цэнхэр өнгө давамгайлна.

-Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг хуурамч шоу гэх мэдээлэл гарч байсан. Энэ тухай та ямар нэг зүйл мэдэх үү?

-Хүмүүс Оросын “Зөн билгийн тулаан” гэдгээр нь илүү сайн мэддэг ч энэ бол Английн Psychic Challenge нэвтрүүлгийн албан ёсны хувилбар. Тиймээс ямар нэг худал хуурмаг зүйл байхгүй гэж боддог. Манайд ч бас албан ёсны эрхтэйгээр хийсэн. Бид энэ тэмцээнд маш өндөр шаардлагын дагуу оролцсон. Ариун цэврийн өрөөнд орохдоо хүртэл хамгаалагчтай ордог байлаа. NTV рүү ороод утсаа хураалгана. Телевизээс томилсон туслах, хамгаалагчаасаа өөр хүнтэй уулзахгүй. Тусдаа өрөөнд байж байгаад сорил бэлэн болмогц очиж, даалгавраа биелүүлэх журамтай байсан.

-Та бид хоёрыг ярилцаж байх энэ мөчид /04.29/ Малайзад хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн цагдаад холбогдох хэргийн шүүх хурал болж байгаа. Өмнө нь Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй. Аавынх нь тэмцэл 14 жил үргэлжилж байна. Тэр аав зорьсондоо хүрэх болов уу?

-Энэ хэрэг шийдэгдэнэ. Гэхдээ дахиад 3-5 жилийн хугацаа шаардлагатай гэж харагдаж байна.

-Хүн өвөг дээдсийнхээ үйлийнхээ үрийн төлөөсийг үүрдэг юм уу, аль эсвэл энэ насандаа өөрийн үйлдсэн нүгэл хилэнцээ эдэлдэг үү?

-Хүн болгонд харилцан адилгүй. Одоогийн шинэ эрин бол бумбын эрин. Тиймээс үйлийн үрийн төлөөсийн хугацаа маш хурдацтай явж байгаа. Хэдэн жилийн өмнө хийсэн үйлийн чинь үр одоо ч ирж болно. Гэхдээ өөрт учирсан бэрхшээл зовлонг 100 хувь энэ миний үйлийн үр гэж хүлээн авч болохгүй. Эсрэгээрээ зайлшгүй засал хийлгэх шаардлагатай зүйл дээр гүрийгээд яваад байж болохгүй.

-Хүмүүс мөнгө дуудах арга, мөнгөний дом гэх мэт зүйлсэд итгэж, лекцэд суух нь элбэг. Үнэхээр тийм боломжтой юу?

-Мэдээж үгүй. Мөнгийг хүн хөдөлмөрлөж байж л олно. Гэхдээ би ажил хөдөлмөр хийж, хичээж байгаа хүмүүст тусалж, засаж өгдөг. Манай сахиус байнга хэлдэг юм. “Өглөө ч хичээ. Өдөр ч хичээ. Орой ч хичээ” гэж. Хичээж амьдарч байгаа хүмүүст орлогыг нь тогтоож, зөв сонголт хийхэд нь тусалдаг. Гэхдээ хэдий сайн засал хийлгэсэн ч өөрөө хичээхгүй бол ямар ч нэмэргүй.

-Таны өмнөөс янз бүрийн зөвлөгөө өгсөн хуурамч мэдээлэл гардаг. Та уншигчдад маань ахуйн хүрээний зөвлөгөө өгөхгүй юу?

  • Хуурамч мэдээг уншаад би цахим хуудсандаа тайлбар хийтэл маш олон хүн тэр зөвлөгөөнөөс болоод эд зүйлээ хаясан байсан. Гэрийн булан тохой, харанхуй хэсэгт муу энерги цугладаг. Харин байнгын хэл ам, хэрүүл тэмцэлтэй айлд албин тийрэн шүгэлж, муу юмаар нь хооллодог. Ингэхдээ дандаа булан тохой, харанхуй газар шигддэг. Тиймээс гэрийнхээ тавилгын байрлалыг ойр ойрхон өөрчилж, булан тохой, харанхуй хэсэг аль болох байлгахгүйг хичээж, цэвэрлэж, ариулах хэрэгтэй. Хэрүүл тасардаггүй, сэтгэл зүй нь тогтворгүй хүмүүсийг харахад гэр орон нь замбараагүй, хуучин эвдэрхий зүйл их байгаа нь ажиглагддаг. Мөн оройн цагаар лаа асаах хэрэггүй. Муу зүйлс орой үдэш галан дээр цугладаг. Хүүхэд нь байнга өвддөг эмэгтэй ирж байсан юм. Эмч нар учрыг нь олж чадаагүй. Гэтэл тэр хүн хүүхдээ унтуулахдаа тайвшруулахын тулд байнга толгой дээр нь лаа асаадаг байсан юм билээ. Түүнээс болоод хүүхэд нь айж, цочоод өвддөг болсон байсан. Мөн зул сайн барьж, шил толио архиар арчиж байгаарай гэж зөвлөе.
Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *