Нүүр Лайфстайл Хүнс нөөцлөх битгий хэл бүтэн талхны мөнгөгүй иргэдээ яах вэ, УОК-ынхоон

Хүнс нөөцлөх битгий хэл бүтэн талхны мөнгөгүй иргэдээ яах вэ, УОК-ынхоон

2 секунд уншина
0
0
95

Хөл хорионы үеэр хэдэн хүн өлсөж үхэх бол


Муу ёрлож байгаа юм биш, гэхдээ бодит байдал ийм л байна. “Мөнгөтэй нь ч яах вэ, хүнсээ базаачихдаг юм байна. Мөнгөгүй нь яах вэ. Төсвийн цалин харж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өр дамжуулж байдаг алба хаагчид сандарч байхад нүүрсний ч мөнгөгүй хашааны банз, хаймар түлж, гал алддаг иргэд өлбөрөх бололтой, хатуу хөл хорионы үеэр. Дарга, даамлууд “Сандрах хэрэггүй, хүнсний нөөц хангалттай” л гээд байгаа. Тэгвэл хөл хориотой, хориогүй хоолгүй хонодог хэдэн зуун иргэнээ яах вэ. Хүүхдүүдээ цоожлоод, түлээ, нүүрс шуудайлж, аяга угааж, тэрэг түрж, аар саархан ажил хийн амьдралаа залгуулдаг аав, ээж олон бий. Тэд өдөр өдөртөө цалингаа авч, өнөөдрөөр л амьдардаг улс. Гэтэл тэд хоёр хоногийн өмнөөс хоосон хоноод эхэллээ. Ажилгүй, мөнгөгүй, хөргөгч, хоолны шүүгээ, түлээний авдар нь хоосон айлууд “Цаашид хэрхэх вэ” хэмээн толгойгоо гашилгаж, хоолгүй байгаа хэдэн үрээ хараад тэмтчиж сууна, бодит байдал дээр.

“Мөнгөтэй нь ч яах вэ, хүнсээ базаачихдаг юм байна. Мөнгөгүй нь яах вэ. Төсвийн цалин харж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өр дамжуулж байдаг алба хаагчид сандарч байхад нүүрсний ч мөнгөгүй хашааны банз, хаймар түлж, гал алддаг иргэд бүүр өлбөрөх бололтой, хатуу хөл хорионы үеэр.

Гэр хорооллынхон гэдэс алдах нь

“Харахаас хазахын заяа байх биш” гэдэг л болжээ. Сонгинохайрхан дүүрэгт эмзэг бүлгийн гэх тодотголтой хэдэн зуун өрх бий. Нөхөр нь өдөртөө хар бор ажил хийж, авсан цалингаараа орой нь хоол хүнсний зүйл авчирдаг айл “Уржигдар, өчигдөр, өнөөдөр хоолгүй хонож байна” хэмээн утсаар ярьлаа. Хөл хориогүй, энхийн цагт л талхаа таллаж, мах, гурилаа граммлаж, арай ядан хоолтой залгадаг тэд өнөөдөр мөнгөгүй болохоор өлбөрөх нь холгүй байгаа талаар ярьж байна. Энэ талаар тус дүүргийн иргэн Т “Би барилгын ажил хийж, эхнэр минь хэдэн хүүхдээ хараад гэртээ байдаг. Өдөр өдөртөө цалингаа авдаг болохоор нөхцөл байдал хүндэрлээ. Өчигдөр авсан цалингаараа хоол хүнс, түлээ нүүрс аваад дууссан. Хөл хорио дуустал юу идэж, ямар мөнгөөрөө түлээ нүүрсээ авахаа мэдэхгүй байна. Өнгөрсөн хавар Чингэлтэй дүүрэгт хөл хорионы үед яах талаар сургалт зохион байгуулж байгааг харсан. Тэрүүгээр айлуудад хоол, хүнс тараагаад байсан санагдаж байна. Хөл хорионы үед ядаж хэн нэгэн хоол, хүнс тараадаггүй юм болов уу гэж арга ядахдаа бодож сууна. Хоёрхон хоногт л хоолгүй болж байгаа бидэн шиг улс хөл хорионы хугацаа цаашид үргэлжилбэл яах юм бол доо. Мөнгөгүй байхад мянган хүнсний зах, дэлгүүр онгорхой байгаад ч яах билээ. Санаснаараа аваад гарч чадахгүйгээс хойш” гэж байлаа. Иргэн Т-ийн амьдардаг Баянхошууны Хөтөлд олон айл түүнтэй адилхан зовлонтой байгаа гэнэ. Өдөр ирэх тусам өрийн дэвтэр нь зузаарсан хүнсний дэлгүүрүүдийн эзэд “Зээл өгөхгүй” хэмээгээд тэднийг хаалгаараа оруулахаа ч больсон гэх. Тэд “Хүүхдийн мөнгө, халамж буух болоогүй, яана даа” хэмээн сууна.

Мөнгөгүй байхад мянган хүнсний зах, дэлгүүр онгорхой байгаад ч яах билээ Хувиараа бизнес эрхлэгчдэд хүнд цохилт боллоо Хувиараа бизнес эрхэлж, өдөртөө ганц, хоёрхон хүний үс, хумс янзалж хэдэн төгрөгтэй золгодог бүсгүйчүүд “Өнөөдөр орлоготой байвал бага хүүдээ дархлааны эм, гэртээ ганц, хоёр килограмм мах аваад харина” гэх. Орлогогүй шахам тэдэнд хөл хорио хэрхэн тусаж байгаа талаар үсчин Н “Арав орчим жил үс засаж байна. Орлоготой үедээ орлоготой л байдаг юм. Муу үед муу. Гэхдээ зүгээр сууснаас л дээр шүү дээ. Коронавирусийн халдвар гарснаас хойш буюу өнгөрсөн гуравдугаар сараас орлого эрс муудсан. Гэр хороололд болохоор том хүний үс тав, хүүхдийнхийг гурван мянгаар засдаг. Олсон орлогоо цахилгааны төлбөр, хоол хүнс, түлээ, нүүрс, автобус унаа гээд хэрэгцээндээ л зарцуулдаг. Энэ бүгдийгээ түрээсээ илүү гаргаж хүргэдэг. Хөл хорио тогтоосон өдөр манай зах амарсан болохоор ажиллаагүй. Болохгүй бол ах, дүүгээсээ зээлээд ч хамаагүй болгоно доо. Хөл хорио цаашид сунгагдвал асуудал үүсэх байх” гэлээ. Үсчин Н шиг халаасандаа хэдхэн төгрөгтэй, хоолныхоо шүүгэнд ганц, хоёр хоногийн хоолны материалтай айл хэд байгаа бол.

Цагийн ажилтнууд буюу өдрийн хоолоо аргалагсад хэцүүдэх нь ээ
Орон нутгаас ирсэн хэдэн мянган оюутан оюутны байрандаа тусгаарлагдсан. Хичээлийнхээ хажуугаар зөөгч хийж, өдөр өдөртөө цалингаа авч, хоолтой залгадаг тэд хөл хорионы талаар ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн III дамжааны оюутан Ц “Би KFC сүлжээ ресторанд цагийн ажил хийдэг. Өдөртөө хичээлдээ явдаг болохоор оройн цагаар ихэнхдээ ажилладаг. Цагийн 3000 гаруй төгрөгийн цалинтай. Өдөрт таван цаг ажиллалаа гэж бодвол 20 мянган төгрөгтэй болдог. Харин хөл хорио тогтоосон учраас ажлаа хийхгүй байгаа. Аав, ээж минь хөдөөний малчин учраас гэрээс мөнгө тэр бүр ирүүлээд байж чаддаггүй. Одоо ажилгүй болохоор хоол хүнсээ яах вэ гэж санаа зовж байна. Би ч яах вэ, гэрээс нь огт мөнгө ирдэггүй, хоолгүй байдаг оюутнууд бий. Манай өрөөний нэг охин гэхэд л аав, ээж нь бараг ярьдаггүй. Ажилгүй болохоор мөнгө явуулж чаддаггүй гэсэн. Тэгээд би тэр охинтой хамт хоолоо хийж иддэг байсан. Намайг мөнгөгүй болохоор тэр бүүр хэцүүднэ” хэмээн ярилаа.

Хөл хорионы үед хүнсний дэлгүүр орох зам нээлттэй ч тэд халаасандаа мөнгөгүй болохоор хоосон хонохоос өөр аргагүй. Хэдийгээр хөл хорио тогтоохоос аргагүй нөхцөл байдал тулгарсан ч өнгөрсөн хугацаанд ийм нөхцөлд ард иргэдийн амьдралыг хэрхэх, хүнс тэжээлээр хангах, ямар нөхцөл, горимоор ажиллах бодлого, төлөвлөгөө төр, засгийн удирдлагуудад байгаагүй нь эндээс харагдаж байгаа юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *