Нүүр Лайфстайл Хэнэггүй эмч, ажилтнуудтай, халдварын голомт “Энхсаран” сувилалд хэн ч хариуцлага тооцохгүй

Хэнэггүй эмч, ажилтнуудтай, халдварын голомт “Энхсаран” сувилалд хэн ч хариуцлага тооцохгүй

10 секунд уншина
0
0
129

Монгол Улсын онцгой, мэргэжлийн хяналт, гааль, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан, тэр дундаа ХӨСҮТ-ийнхөн коронавирусийн халдвар анх гарснаас хойших 11 сар гаруйн хугацаанд эрвийх дэрвийхээрээ ажилласан ч энэ сарын 11-нд коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа. Үүнээс болж анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог тав хоногийн хугацаатай тогтоосон. Гэвч нөхцөл байдал хэцүүдсэн тул дахин 14 хоногоор буюу арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсныг өчигдөр УОК танилцууллаа.

        Коронавирусийг дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал байсан байж болох ч заавал алдах ёстой байсан юм биш. Тэр дундаа эмч, онцгой, мэргэжлийн хяналт, гаалийнхан гээд бүх салбарынхны 11 сарын турш хийж ирсэн ажил, хичээл, зүтгэл нэг л өдөр талаар болчихлоо. Үүнээс болж өнөөдөр улс орон даяараа хөл хорио тогтоож, хүмүүс ажлаа хийж чадахгүйд хүрч, энэ хэрээр улс орон, өрхийн эдийн засаг зогсонги байдалд орж, олон айл хоногийн хоолоо хэрхэн залгуулах, зээлээ яаж төлөх вэ гэх мэт шийдэж чадахгүй асуудлуудтай нүүр туллаа. Тэгвэл коронавирусийн халдварыг дотооддоо алдсаны буруутан хэн бэ.

Тэр дундаа эмч, онцгой, мэргэжлийн хяналт, гаалийнхан гээд бүх салбарынхны 11 сарын турш хийж ирсэн ажил, хичээл, зүтгэл нэг л өдөр талаар болчихлоо

        Холбогдох албаныхны мэдээлж буйгаар Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн жолооч Д "Энхсаран" сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Гэвч тэрбээр тусгаарлалтын хугацаа дууссан даруйд олон нийтийг хамарсан тоглолт үзэж, улмаар гэр бүлийнхэндээ халдвар тархаасан. Мөн "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүс журам зөрчсөн, нэг өрөөндөө бөөгнөрсөн гэх мэдээлэл гарсан ч тусгаарлалтад байсан хүмүүс өөр зүйл ярьж байгаа юм. Тухайлбал, тус сувилалд тусгаарлагдаж байсан, улмаар коронавирусийн халдвар авсан иргэн Д.Мөнхбат манай "Эргэлт.мн" сайтад ярилцлага өгөхдөө энэ талаар дурдсан. "Энхсаран" сувилалд БНСУ, Энэтхэг, Франкпурт, ОХУ-аас ирсэн хүмүүс  бөгөөд өөр нислэгээр, өөр улсаас ирсэн хэрнээ бүгдээс нь халдвар илэрчээ. Аравдугаар сарын 19-нд БНСУ-аас 260 хүн ирснийг дөрвөн буудалд тусгаарласан. Гэтэл бусад гурван буудалд буусан хүмүүсээс халдвар илрээгүй атлаа зөвхөн “Энхсаран” сувиллаас илэрчээ. Энэ нь тус сувиллыг халдварын голомт гэж үзэх баталгаа болж байгаа юм. Одоогийн байдлаар тус сувилалд байсан 21 хүнээс халдвар илэрсэн гэдэг албан бус мэдээлэл байна. Иргэд "Эрүүл ирээд  “Энхсаран” сувиллаас халдвар авчихлаа" гэж мэдэгдэж буй. Тодруулбал, иргэн Д.Мөнхбат БНСУ-д нэг, эх орондоо ирээд гурван удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан байна. Мөн тэрбээр "Бид "Энхсаран" сувилалд коронавирусийн голомт байна гэж тэмцэл хийсний үр дүнд албаныхан халдвартай жолоочийг олж илрүүлсэн. Тэрнээс тэд сайн дураараа тэр жолоочийг олж халдвартай эсэхийг нь шинжилж, тогтоогоогүй. Хэрвээ бид тэмцэл хийгээгүй бол одоогийнхоос ч хүнд нөхцөл байдал бий болох байсан" гэж мэдэгдсэн. Гэтэл албаныхан болохоор ачаа тээврийн жолооч, иргэн Д гэрийн хориог сахиагүйгээс халдвар тархах үндэслэл болсон гэдэг мэдээллийг олон нийтэд өгч байгаа. 21 хоног тусгаарлалтад байгаад, хэд хэдэн удаагийн шинжилгээгээр эрүүл гарсан хүн шинжилгээний хариундаа итгэхгүй бол өөр юунд итгэх билээ. Түүнчлэн жолоочийг гарахаас хэд хоногийн өмнө өвчтэй хүнийг өрөөнд нь нэмж оруулсан гэх мэдээлэл байгаа ч батлагдаагүй. Мөн хүмүүс халдварыг халуун усны газар болон ажилчдаас авсан байх хэмээсэн юм. Учир нь өдгөө ХӨСҮТ-д “Энхсаран” сувиллын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байгаа аж.

Тагнуулынхан тун хариуцлагагүй байлаа
Албаныхан “Энхсаран” сувилал хийгээд ажилчдын талаар төдий л мэдээлэл өгөхгүй байгаа. Уг нь гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах газрыг тусгай журмаар, өндөр шалгуураар сонгодог байх учиртай. Гэтэл тус сувилал халдвар хамгаалалтын наад захын шаардлага хангах нь байтугай эрүүл ахуйн шаардлага ч хангадаггүй, нийтийн халуун устай, хаа сайгүй хулгана гүйдэг байжээ. Хулганаа устгахаар цацсан хорноос нь болж иргэд хордож, биеэр нь юм туурсан гэдгийг ч мэдэгдэж байгаа. Түүнчлэн иргэдийг цоожилдоггүй, хүмүүсийг өрөөндөө байгаа эсэхийг шалгадаггүй байсан аж. Өөрөөр хэлбэл, холбогдох албаныхан гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж буй газруудад шаардлагатай хяналт шалгалт хийдэггүй байсныг үүнээс харж болно.

Тус сувилал халдвар хамгаалалтын наад захын шаардлага хангах нь байтугай эрүүл ахуйн шаардлага ч хангадаггүй, нийтийн халуун устай, хаа сайгүй хулгана гүйдэг байжээ.

        Хэнэггүй хариуцлагагүй ажилтан, шаардлага хангаагүй сувиллаас болж өнөөдөр гурван сая иргэн, Монгол Улсын аюулгүй байдалд аюул тулгараад байна. Халдвар хамгааллын дэглэм байтугай эрүүл мэндийн наад захын шаардлага хангаагүй энэ сувилал чухам яаж яваад тусгай зөвшөөрөл авсан, эзэн нь хэн болох талаар мэдээлэл тодорхойгүй байна. Түүнчлэн энэ хугацаанд ТЕГ юу хийж байсан бэ. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тус байгууллага болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, тандалт судалгаа хийж, өнөөдөр дотооддоо коронавирусийн халдварыг алдахгүй байхад анхаарч ажиллах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадсангүй.

“Энхсаран” сувиллын эмч, сувилагч нар яагаад халдвар авав
Мөн өөр нэгэн тодорхойгүй зүйл байгаа нь ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагч халдвар авсан мэдээлэл арваннэгдүгээр сарын 6-нд гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна. Ирэх долоо хоногт та бүхэнд тодорхой мэдээллийг өгнө” гэсэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн сувилагч БНСУ-д байхдаа халдвар авсан байсан уу эсвэл ажиллаж байх хугацаандаа халдвар авсан эсэх нь тодорхойгүй байтал дахин нэг эмч халдвар авсан. Харин өнөөдрийн байдлаар долоон эмч, сувилагч халдвар аваад байгаа. Тэд чухам яагаад халдвар авав гэдэг нь мөн л тодорхойгүй байна.

Холбогдох байгууллагууд шаардлагатай хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадаагүй, арга хэмжээ аваагүй, хариуцлагатай ажиллаагүйн илрэл

        Болоод өнгөрсөн дээрх үйл явдал нь холбогдох байгууллагууд шаардлагатай хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадаагүй, арга хэмжээ аваагүй, хариуцлагатай ажиллаагүйн илрэл. Мөн эмч, сувилагч нар халдвар авч байгаа нь ч манай улс коронавирустэй хийх "дайн"-д бэлтгэлээ бүрэн хангаагүйн тод жишээ юм. Цаашид энэ халдварыг зогсоох эсэх нь холбогдох байгууллагын хамтын ажиллагаа, дэг журам, хяналтаас гадна иргэд хөл хорионы дэглэмийг хэрхэн дагаж мөрдөхөөс шууд хамаарна.

ЭХ СУРВАЛЖ : ERGELT.MN

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *