Нүүр Uncategorized П.Адарсүрэн агсны хүү Амартайван:Аавын минь уран бүтээлийн жигүүрийг тасласан “хоролмаа” нарын хар баримт надад бий

П.Адарсүрэн агсны хүү Амартайван:Аавын минь уран бүтээлийн жигүүрийг тасласан “хоролмаа” нарын хар баримт надад бий

14 секунд уншина
0
0
1,203

Монгол түмэн “Ардын дууны Адараа”–даа хайртай. Өдгөө ч түүнийг дурсан, уран бүтээлийг нь сонсож, дуулдаг нь хэвээрээ. Дуу, дуучин хоёр хүмүүний сэтгэлийн чадвхдасыг мөнхөд хөглөн, цаг хугацаанаас үл шалтгаалан оршдогийн нэгээхэн илрэл энэ буюу. Монгол ардын дууны нэгэн цаг үеийг эзэгнэнхэн төрсөн алдарт дуучин П.Адарсүрэн агсны хүү Амартайвантай ярилцлаа.

-Аавынхаа 75 насны ойд зориулж, уран бүтээлүүдээр ньгаргасан цомгийг тань сонссоор ирлээ. Энэ цомогП.Адарсүрэн агсныг монгол түмэнтэй дахин “уулзуулсан”. Эл цомгийг гаргах санаа танд хэрхэн төрөв?


-Энэ цомгийг гаргасан түүх их сонин. 2017 оны намар, өдийд ю уу даа. Нэг өдөр Со (Д.Сосорбарам) ах надтай утсаар холбогдоод “Амараа ахын дүү хүрээд, уулзъя” гэв. Яваад очлоо. Тэгэхэд “Санжийн Баяр ах чинь сайхан буян хийе, Адарсүрэн агсны хүүг олоод өгөөч гэсэн юм” гэв. Орой нь С.Баяр ахтай уулзахад өөрт нь тохиолдсон явдлаа ярьж өгөв. С.Баяр ах АНУ-д эмчлүүлээд, наркоз нь гарахгүй олон цагаар шаналж. Тэгж байхад нь Монголоос эргэлтээр очсон хүн аавын дууны цомгийг аваачиж өгсөн юм билээ. 2007 онд миний гаргасан цомог л доо, “Best of Adarsuren” гэдэг нэртэй. С.Баяр ах нэг ухаан орохдоо аавын цомгийн тавиулж. Дуусангуут нь эхнээс нь дахин тавьсаар зургаан цаг гаруй тасралтгүй сонсоод их тайвшран, эх орон, ижий, аавтайгаа уулзсан мэт болсон гэнэ лээ. Тэгээд аавын гэгээн дурсгалыг хүндэтгэе, гэр бүлд нь тусалъя гэсэн сэтгэлээр бидэнтэй холбогдсон юм билээ. Тухайн үед надад бүх дуу, бичлэг нь бэлэн, цомог гаргах бүх талын бэлтгэл хангагдчихсан байлаа. Ёстой нөгөө тохироо нь бүрдсэн үе л дээ. С.Баяр ах ивээн тэтгээд, шууд тэр жилээ 37 дуутай энэ цомгийг гаргасан юм.

–Аав тань нийт хэдэн уран бүтээлтэй вэ. Тэдгээрээс ор тас
мартагдсан нь бий юү?

-Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сурвалжлагч, яруу найрагч Ц.Чимэддорж ах “П.Адарсүрэн агсан дуулж эхэлсэн цагаасаа болих хүртлээ дуулсан 300 гаруй уран бүтээл нь ард түмний сэтгэлд хүрсэн” гэж хэлсэн. Гэтэл өнөө цагт тэдгээрээс дөнгөж 37-г нь хүмүүс сайн мэднэ. Цаг хугацааны аясаар бусад нь мартагдсан, мэддэг хүн цөөрсөн. 300 дуунаас 37 гэхээр дэндүү чамлалттай тоо. Үнэндээ мэдэх хүн цөөн болохоор олоход, сэргээхэд төвөгтэй байна. Нөгөө талаар аавыг ид дуулж байх үед техник, технологи ямар байлаа. Мартагдсан дуунуудыг нь хэн нэгэн аялж, сэргээхээс өөр аргагүй. Аавын нийтэд түгсэн дуунуудыг монголчууд сайн мэднэ. Тийм болохоор аавын дууг дуулдаг уран бүтээлчид нийтэд түгээгүй, мартагдсан дуунуудынх нь эрэлд гарч, сэргээн дуулах хэрэгтэй. Үүнийг залуу уран бүтээлчдэд захья.

-Одоогоор та аавыхаа хэдэн дууных нь шүлгийг
цуглуулаад байгаа вэ?

-Би 2013 онд аавынхаа дууны шүлгүүдээр ном гаргасан. Аав шүлгүүдээ Ц.Чимэддорж ахад үлдээснийг нь надад өгсөн юм. Аав их зөн совинтой хүн байсан. “Би ингээд дуусах юм байна. Өөд болохоор шүлгийг минь хүүд өгөөрэй” гэсэн гэнэ лээ. Аав сайхан дуулахаас гадна шүлэг бичдэг байсан. Цөөнгүй шүлэг нь дуу болсныг хүмүүс сайн мэднэ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч гуай надад нэг дурсамж ярьж өгсөн. Тухайн үед бидний дэргэд Д.Урианхай гуай байсан юм шүү. П.Бадарч гуай нэг найраглал бичиж байж. Тэгээд нэг хэсэг дээр нь нам гацаж л дээ. Бүр яах учраа олохоо байж. Тэгж яваад аавтай таарсан юм билээ. Тэгээд “Адараа, энийг уншаадах. Энэ бүр болдоггүй ээ” гээд үзүүлж л дээ. Аав уншиж үзсэнээ гацсан хэсэг
дээр нь засвар хийгээд, П.Бадарч гуай яг тэрүүгээр нь бүтээлээ нийтэлсэн гэдэг.

–П.Адарсүрэн агсан 1998 онд бурхан болсон. Тухайн үед та
аавтайгаа хэр холбоотой байдаг байсан бэ?

-Бодохоороо харамсдаг, гунигтай дурсамжаасаа хуваалцъя. Хэдий болтол дотроо бодоод, шаналж явах вэ. Сэтгэлээ онгойтол сайхан ярьмаар санагдчихлаа. Тухайн үед би эхнэр, хүүхдийнхээ хамт хадмындаа амьдардаг байв. 1998 оны есдүгээр сард юм уу даа. Би зуслан руу явах гээд “Бөмбөгөр” дээрээс хонины мах аваад автобусанд суув. Яг тэгэхэд аав бид хоёр автобусны хаалган дээр зөрж таарсан юм. Нэг мэдэх нь ээ олон хүнд шахуулаад автобусанд орчихов. Би “Аав аа” гэж дуудаад л өнгөрсөн. Аав сонсоогүй. Би ч яах вэ, “За, аавтай дараа тэгж байгаад уулъя. Амьдралаа сайхан тэгшлээд аавыгаа дэргэдээ авах юм сан” гэж бодоод өнгөрөхгүй юү. Харамсалтай нь, аав минь тэр явдлаас хойш ганцхан сарын дараа өөд болсон.

–Тэгж таарснаасаа хойш аавтайгаа дахиж уулзсан уу?

-Уулзаагүй. Хамгийн сүүлчийн удаа таарсан маань тэр. Харамсалтай мэдээ дуулаад хамгийн түрүүнд Б.Лхагвасүрэн гуайнд гүйж очсон. Аавынхаа гэрийн хаягийг асуух гээд очсон юм л даа. Тэгээд аавыгаа сүүлийн замд нь үдсэн.

–Уучлаарай ийм зүйл асууж байгаад. Аавын тань үхлийн талаар үнэн, худал нь үл мэдэгдэх олон яриа бий. Зуурдаар нас барсан гэдэг. Бурхан болсон шалтгаан нь юу байв?

-Аав 56 насандаа өөд болсон. Хээгүй, гүндүүгүй, хэнэггүй хүн байж билээ. Аав минь одоо ч олны дунд домог мэт яригддаг. Үхэл нь хүртэл олны анхаарлыг татдаг. Аав минь Эрдэнэтээс Улаанбаатар хотод ирээд вокзал хавьцаа хүнд зодуулсан юм билээ. Тэгээд зодуулснаасаа болоод өөд болсон гэсэн. Энэ тухай 1998 онд их шуугисан. Би тухайн үед аавыгаа асарч, дэргэд нь байгаагүй болохоор элдэв хэл ам хийхийг хүсээгүй. Гэнэт амийг нь нэхэн “Тэр алчихлаа, энэнээс болчихлоо” гэж гүйх яавч зохисгүй үйлдэл. Нөгөө талаар хамт амьдарч байсан хүмүүстэй сөргөлдөөн, маргалдаан гаргах эрсдэлтэй байсан учраас асуудалд уужуу хандахыг хүссэн. Уурын мунхагаар юу ч хийх байсан юм билээ. Аавтай минь амьдарч, эцсийн амьсгаа хураахад дэргэд нь байсан хүмүүсийг би хүндэлсэн. Тухайн үед хамар хашааных нь хүмүүс “Аав чинь зодуурынхаа шарханд шаналаад хоёр хоног орилсон” гэж надад хэлсэн. Эмнэлгийн шинжилгээний хариу надад
ирээгүй. Ээжийн минь аав “Бурхан болсон аавыгаа, ард үлдсэн хүмүүсийг нь хүндэл. Шүүх, цагдаад хандлаа гээд аав нь босож ирэхгүй. Битгий хэл ам хий” гэж надад хэлсэн. Юм их сонин. 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зориг агсан алуулсан. Нийгэм ид бужигнаж байхад 19-нд нь аав минь өөд болсон.

–Тэгэхээр бусдад зодуулсан даруйд нь танд хэлээгүй юм байна, тийм үү?

-Тийм ээ. Би бүр өөд болсных нь дараа л мэдсэн. Үүнд би их харамсдаг, сэтгэл гонсгор явдаг. Эхнэр нь сувилагч болохоор аавыг өөд болохгүй, эдгээчихнэ гэж бодсон байх. Бид ч гэсэн бас тэгдэг шүү дээ. Өнөөдөр уулзсан хүнээ маргааш өөд болчихно гэж мэддэггүй. Үхэл хагацлыг урьдчилан таах аргагүй. Бурхан болохоос нь өмнө аавтайгаа уулзсан ч болоосой. Сүүлчийн амьгалаа хураахад нь дэргэд нь байгаагүйдээ үнэхээр их харамсдаг. Мэдээгүй байсан гэж өөрийнхөө гэмийг цайруулдаг ч нэгэнт буцаад ирэхгүй цаг хугацааг би яалтай. Аавыгаа, аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлэхийн төлөө чамгүй их зүйл хийлээ. Аавыгаа хөдөөлүүлснээсээ хойш хамт амьдарч байсан хүмүүстэй нь дахиж уулзаагүй. Тэдэнтэй уулзах хүсэл надад байгаагүй. Уулзаад бид юу ярих юм бэ. “Бие нь муу байсныг хэлсэнгүй” гэж уурлаад, түргэн ааш, уурын мунхгаар юу ч хийх байсан юм билээ. Элдэв юм болвол яах вэ. Анхнаасаа бүгдийг нь хүндэлсэн. Түүгээрээ л хүндлээд зам, замаа хөөе гэж бодсон юм.

–Та эхээс тавуулаа юм билээ. Аав тань та хэдэд зориулж хийсэн уран бүтээл бий юү?

-Нэг ахыг маань бага байхад нь айлд өргүүлсэн. Монголд би ээжийнхээ хамт амьдардаг. Одоо ээж минь 73 настай, Гавьяат багш. Нэг эгч, хоёр дүү маань гадаадад бий. Аав салсныхаа дараа ээжид зориулж “Мөрөөдлийн дуу”-г 1983 онд зохиосон. Уран бүтээлээрээ хүүхдүүдээ нэрлэсэн тохиолдол бий. Жишээлбэл, намайг төрөхийн өмнөхөн Ж.Шараа гуайн ая, алдарт “Амар түвшин” дууг анх дуулаад, радиод бичүүлсэн юм билээ. Тэгээд намайг эмнэлгээс очиж авангуутаа надад “Амар түвшин” гэдэг нэр хайрласан. Гэтэл эмнэлгийн ажилтан миний нэрийг андуураад “Амартайван” гээд биччихсэн юм билээ. Дараа нь аав “Харин ч гоё нэр юм биш үү” гэсэн. Миний дараагийн дүүг Алтансолонго гэдэг. Аав дүүг төрөхийн өмнөхөн “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг дуулсан. Солонгын долоон өнгөнөөс хамгийн гоё нь алтан шаргал өнгө байна гээд дүүг Алтансолонго гэж нэрлэсэн юм билээ.

Отгон дүүг маань мэндлэхэд аав хөдөө, орон нутгаар тоглолтоор явж таарч. Зохиолч Ц.Удвал гуайг эмнэлгээс гаргаадах гэж гуйсан юм билээ. Тэгээд аав, ээж хоёр ярилцаж байгаад бага дүүд маань Удвал гэдэг нэр хайрласан түүхтэй.

–Аавынхаа авьяасыг өвлөсөн хүн бий юү?


-Хөгжүүлж л чадаагүй болохоос өвлөсөн байж магадгүй. Аав анхандаа бүжиглэдэг байсан юм билээ. Би ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр таван жил ажилласнаа түрүүн хэлсэн. Дуулна гэдэг яг үнэнийг хэлэхэд сэтгэлийн асуудал. Хоолой бус сэтгэл чухал. Хэчнээн сайхан хоолойтой байлаа гээд сэтгэлээсээ дуулахгүй бол тэр уран бүтээл олны сэтгэлд хүрэхгүй. Тэгэхээр сэтгэлээ хэр хөглөж чадна, төдий чинээ олны сэтгэлийн утсыг хөндөнө. Багш нар хүртэл “Сэтгэлээсээ дуул” гэдэг шүү дээ. Мань мэт ямар юмных нь дуулж чадах вэ. Амьсгал хүрэхгүй, гацаад муураад унана. Караокед ганц дуу дуулах гэж ёстой хөглөдөг шүү дээ (инээв).

Үргэлжлэлийг : https://eguur.mn/134035/

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *