
Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас болж сүүлийн жилүүдэд илүүдэл жингийн асуудал ихээр тулгарч байгаа билээ. Хүүхэд насандаа туранхай байсан ч насанд хүрээд жин нэмэх нь энгийн асуудал болсон. Илүүдэл жинтэй байх нь эрүүл мэндэд олон сөрөг үр дагаврыг авчирдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бид танд эрүүл аргаар илүүдэл жингээ хасах зөвлөгөөг хүргэе. Доорх зөвлөмжийг дагаснаар та аажмаар илүүдэл жингээсээ салж чадна.
1. Хуурамч илчлэгээр өөрийгөө битгий хуур
Хэдийгээр та жин хасах асар их мөрөөдөлтэй байгаа ч өөрийгөө хуурсаар л байна уу. Хэрвээ та жин хасах үед хэрэглэх хориотой бүхий л бүтээгдэхүүнийг хориглосон ч чихэрлэг ундаа, амтат сүмснээс татгалзаж чадахгүй байвал таны жин хасах оролдлого амжилтгүй болно гэдгийг санаарай. Учир нь танд хоргүй мэт санагдах энгийн нэгэн сүмс нь маш их илчлэгтэй байх магадлалтай. Бүх төрлийн салатны амтлагч, чихэрлэг ундаа, жимс жимсгэнэ их хэмжээний чихэр, цардуул агуулсан байдгаас гадна эдгээр нь таны жин хасах үйл явцад сөргөөр нөлөөлдөг юм.
2. Эрчимжүүлсэн кардио дасгал хий
Кардио дасгал нь бие организмд өгч буй тодорхой ачаалал болохоос биш илүүдэл жингээс хамгаалах хамгаалалт биш юм. Энгийн дасгалын төхөөрөмж дээр 2 цаг дасгал хийснээс эрчимтэй кардио дасгал хийх нь өөх хайлуулахад ихээхэнд тустай. Хурдан алхах, хурдан гүйх зэргийг энгийн алхалттай хослуулах нь жин хасахад сайнаар нөлөөлнө. Дасгал сургуулилтыг үр дүнтэй, чанартай хийхээс гадна өөрөө гэмтэл бэртэл авахгүйн тулд ухаалгаар хийх хэрэгтэй шүү. Гэхдээ эрчимжүүлсэн дасгал нь таны дасгалын бага хувийг эзлэх ёстой гэдгийг санаарай. Учир нь энэ төрлийн дасгал зүрхэнд их ачаалал өгдөг.
3. Уураг хангалттай хэрэглэж, өлсөх мэдрэмжээ удаан хугацааны туршид дар
Хоол бүр өлсөх мэдрэмжийг дарах өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл: та 600 ккал илчлэгтэй бургерийг идсэнийхээ дараа удалгүй өлсөх магадлалтай. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний илчлэг нь биед энерги бус харин өөх болж хуримтлагддаг. Тиймээс уураг идэх нь хамгийн тохиромжтой. Уураг агуулсан бүтээгдэхүүнийг боловсруулахад бие организм 8 хүртэлх цагийг зарцуулах учир та хурдан өлсөхгүй. Өдрийн аль нэг хоолоо уургийн коктейлиор өөрчилснөөр та өлсөх мэдрэмжээ ч дарж, илүүдэл жингээ ч хасах боломжтой болно.
4. Булчингийн массыг тогтвортой хадгал
Таныг унтаж байхад, зурагт үзэж байхад, юу ч хийхгүй сууж байхад л бие организм илчлэгээ шатааж л байдаг. Гэхдээ энэ бол бодисын солилцоог хангахад чиглэгдсэн энгийн зүйл юм. Таны бодисын солилцоо хэдий чинээ сайн байна төдий чинээ өөх шатаах процесс хялбар явагдах болно. Харин бодисын солилцоог сайн байлгахын тулд булчингийн массыг тогтвортой хадгалах хэрэгтэй. Та хэдий чинээ булчин ихтэй байна төдий чинээ их илчлэгийг бие чинь зарцуулах юм. Хурдан жин хасахыг хүссэн хүмүүсийн гаргадаг том алдаа нь тэд илүүдэл өөхнийхөө хамтаар булчингийнхаа жинг хасдагт оршино. Булчингийн жингийн тогтвортой байдлыг хангахын тулд уураг ихтэй хүнс хэрэглэж, тогтмол бэлтгэл сургуулилт хийснээр булчин таны өмнөөс биеийн тань өөхийг шатаах болно. Мөн турахаас гадна та жингээ барьж чадна.
5. Хүнд жин өргө
Хоолны дэглэм барьж байх үед хүнд төхөөрөмж өргөх гэдэг ихээхэн хүндрэлтэй байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Азаар та өдөрт 45 минутын турш хүчний дасгал хийхэд л хангалттай. Ийнхүү дасгал хийхдээ ядарч, сульдсан гэсэн шалтгаанаар өргөдөг жингээ багасгаж болохгүй. Хүнд жингийн ачаар та булчингийн массаа нэмэгдүүлж, илүүдэл өөхөө шатаах болно.
6. Өглөөний цайгаа алгасах
Нэг талаас өглөө бүр цай уух нь бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Нөгөө талаас, хэрвээ бид үе үе мацаг барих талаар ярьж байгаа бол өглөөний цай уух хэрэггүй. Богино хугацаанд жин хасахыг хүсэж байвал өглөөний цайгаа алхсаад үзээрэй. Өөх хайлуулах процессыг удаашруулдаг хоёр хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь хэрэглэж буй илчлэгийн хэмжээ болон өлсөх явдал юм. Хэрвээ өглөөний цайгаа уухгүй байвал аль аль нь энэ байдалд нөлөөлнө гэсэн үг. Жишээлбэл: Та өдөрт 1200ккал хоол идэх хэрэгтэй гэж бодъё. Ингээд та энэхүү илчлэгээ 3 хэсэгт хувааж өдөрт 3 удаа 400ккал уургаар баялаг хүнс хэрэглэдэг байж болох юм. Гэвч ийнхүү хооллох явцдаа та дундуур нь ямар нэг зүйл идэхгүй байж чадахгүй болов уу.
Харин өглөөний цайг алхсах үед өдөр болон оройн хоолонд 600ккал хүнс хэрэглэх шаардлагатай тулгарах бөгөөд энэ нь бодит байдалд илүү нийцэхүйц харагдаж байна.
Нэг удаад 600ккал илчлэгтэй хоол идсэнээр та орой хүртэл завсраар нь нэмэлт хоол идэхгүй байж чадна. Гэхдээ энэ туршилтыг хоол боловсруулах эрхтний асуудалгүй, чихрийн шижин өвчингүй, ямар нэг хориглох заалтгүй хүмүүс хийх хэрэгтэй гэдгийг санаарай.
7. Өлсгөлөнгөө дар
Грелин гэх даавар ялгарснаар бид өлсөх мэдрэмжийг авдаг бөгөөд энэ нь хэрэглэсэн хоол хүнснээс шалтгаалж ялгардаг байна. Хэрвээ та өглөө бүр өглөөний цайгаа ууж сурсан бол бие организм өглөө бүр грелин даавар ялгаруулж дассан байдаг. Тиймээс бид өглөө сэрмэгцээ өлсөх мэдрэмжийг авдаг. Харин өглөөний цайгаа уухгүй үед бие организм өдрийн цайны цагийн үеэр грелин дааврыг ялгаруулж эхэлдэг байна. Гэхдээ биеийг энэхүү зуршилд дадал болгоход хэдэн долоо хоног шаардлагатай. Үүний давуу тал нь та бага идэж, удаан цадсан мэдрэмжийг авах болно.
8. Бага багаар тогтмол ид
Хэрвээ та эрүүл мэндийн шалтгаанаар өглөөний цайгаа хасаж чадахгүй бол өөрт тохирсон хоолны хуваарийг гаргах нь зүйтэй. Дээр дурдсанаар грелин даавар өлсөх мэдрэмжийг төрүүлдэг учир бага багаар тогтмол идэхэд өлсөх мэдрэмж ихээр төрөхгүйгээс гадна бие организм энергийн дутагдалд орохгүй. Жишээлбэл: таны ам удаан хугацааны туршид цангаж, та гэнэтхэн их хэмжээний ус ууж байна гэж төсөөлье. Удалгүй таны ам дахин цангах биз. Харин 30 минут тутам бага багаар ус уух үед танд ам цангах мэдрэмж төрөхгүй л болов уу.
9. Жимс хүнсний ногоо хэрэглэ
Өдрийн аль нэг хоолоо уургийн коктейлиор солиод үр дүнг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ нь тун амархан бөгөөд тогтмол хүнсний ногоо болон жимс идэхэд л хангалттай. Учир нь жимс, хүнсний ногоо нь илчлэг багатай хэр нь эслэг ихтэй байдаг. Эслэг нь амархан цадах мэдрэмжийг өгдөг. Үүнээс гадна жимс, хүнсний ногоо нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай билээ. Энэхүү арга замаар хооллосноор та богино хугацаанд өөрийн хувцасны хэмжээг багасгах боломжтой. Өөрөөр хэлбэл, эслэг агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь цадах мэдрэмжийг төрүүлж, хоол боловсруулалтыг сайжруулна гэсэн үг юм.
10. Хангалттай ус уу
Хүмүүс цангах мэдрэмжийг өлсөх мэдрэмжтэй андуурах нь бий. Тиймээс ч ус уухын оронд хоол идэх магадлал өндөр байдаг. Хэрвээ өлсөх мэдрэмж төрж байвал ямар нэг зүйл идэхийн оронд эхний ээлжид ус уугаад, тархиа хуураарай. Энэ нь жин хасахад таатайгаар нөлөөлнө.
11. Согтууруулах ундаанаас татгалз
0,5 литрийн савлагаатай шар айраг 225 ккал, дарс 415 ккал, 100 грамм архи 231 ккал агуулдаг байна. Тиймээс хэрвээ та зурагт үзэж байхдаа гартаа шар айраг барьдаг бол энэ нь хэд хэдэн уут чипс нэг дор нь идэж байгаа хэрэг болно. Ердөө л хагас литр шар айраг уухад л та өдрийн илчлэгийн ¼-ийг хэрэглэчхэж байна гэсэн үг. Шар айргаас татгалзсаны ачаар та шар айргийн даруулгаас ч мөн татгалзаж, биед сөргөөр нөлөөлөх илчлэгийг хэрэглэхгүй болж байгаа гэсэн үг юм.
12. Удаан зажил
Хоолыг дутуу зажилж идсэнээр “шар айргийн гэдэс” үүсэх магадлалтай гэдгийг та мэдэх үү? Бид өөрийнхөө дуртай зүйлийг идэхдээ бараг л бүхлээр нь залгидаг гэхэд болно. Гэтэл үнэндээ энэ маш буруу зуршил юм. Учир нь цадах мэдрэмжийг өгдөг лептин даавар нь хоол идэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа ялгардаг. Ингээд бид хурдан зажилж идэх үед тархинд цадсан гэсэн мэдрэмж ирээгүйн улмаас ихээр идэж эхэлдэг. Үүнээс гадна хоолныхоо амтыг ч мэдрэхгүй байх магадлалтай.
Харин эсрэгээрээ удаан зажилж идэх үед хоолныхоо амтыг гүйцэд мэдрэхээс гадна хэт их идэхээс сэргийлж чадна. Тиймээс хурдан жин хасахын тулд удаанаар тайван идэх хэрэгтэй.
13. Жижиг таваг сонго
Та өөрийн идэж дадал болсон том тавгаа жижиг таваг болгож өөрчлөх хэрэгтэй. Энэ нь жин хасахад хэрхэн нөлөөлдөг юм бол? Учир нь том таваг дээр байгаа хоол маш бага мэт санагддаг болохыг шинжлэх ухаан баталсан. Тиймээс хоолоо жижиг таваг дээр тавьж идэх нь хамгийн тохиромжтой бөгөөд энэ тохиолдолд та бага хоол идэж байгаа биш харин их хоол идэж байгаа мэт мэдрэмжийг авч, жаахан хоолондоо цадах болно.
14. Сунгалтын дасгал хий
Хоолны дэглэм барьж, орой бүр эрчимтэй дасгал хийсэн ч бүтэн өдрийн турш оффисын ширээний ард суудаг бол үр дүн гарах нь юу л бол. Тиймээс ажил дээрээ ч гэсэн цаг тутам сунгалтын дасгал хийж, биеийнхээ чилээг гаргаж, цусны эргэлтээ сайжруулах хрээгтэй. Ингээд зөв хооллолт, дасгал сургуулилттай хослуулснаар та хялбар жин хасаж, өөрийгөө галбиржиж байгааг анзаарах болно.
15. Идэх хүслээ дар
Аз жаргал мэдрэхийн төлөө ямар нэг амттай зүйл идэхээс татгалзах нь зүйтэй. Та энэхүү амттаныг цадахын төлөө идэхгүй байгааг гэдгээ санаарай. Ийнхүү хэсэг хугацаанд өөрийгөө зоригжуулж, тэвчиж чадсанаар энэ нь зуршил болж та эрүүл мэндэд хортой, жингийн илүүдэл хүргэдэг бүтээгдэхүүнээс татгалзаж сурна.