
Та өмнө нь цахим сүлжээгээр автомашины осолд ороод хэдхэн шалбархайгаас өөр гэмтэлгүй гарч ирж байгаа хүмүүсийн бичлэгийг хараад гайхширч байсан уу? Тэгвэл энэ удаад бид уншигч та бүхэнд хүн ямар ч нөхцлөөс амь гарч болдог гэдгийг өөрийн биеэр батлан харуулж явсан эрхмүүдийн хачирхалтай бөгөөд гайхалтай түүхүүдээс хуваалцахаар бэлдээд байна.
1. Паскель Баззелли нурж буй бетон хавтан дундаас амь гарсан нь
2001 оны 9-р сарын 11-ний өдрийн Дэлхийн худалдааны төв болох ихэр цамхагийн халдлагын талаар сонсоогүй хүн ховор. Тухайн үед алан хядагчид Дэлхийн худалдааны төвөөс гадна Цагаан ордон, Пентагон, Капитол зэрэг газруудыг ч байгаа болгож байсан бөгөөд нийт 3000 гаруй хүний амь насыг авч, 6300 орчим хүнийг шархдуулсан түүхтэй.
Тэгвэл энэхүү түүхийн эзэн болох инженер мэргэжилтэй Паскель Баззелли тухайн үед 34 настай байсан бөгөөд умард цамхагийн 64 давхарт ажиллаж байжээ. Улмаар халдлага болох үед тэрээр шат ашиглан 22 давхар хүртэл бууж чадсан ч түүнээс газар явах газаргүй болж арга мухардсан аж. Яг тэр үед барилга ганхаж, нурах нь холгүй болж ирсэн бөгөөд үүнийг мэдэрсэн Паскель Баззелли хамгийн ойр байсан ханын булан руу үсэрч унаад, ухаан балартжээ.
Улмаар 2 цагийн дараа ухаан ороход тэрээр өөрийгөө ямар нэгэн ноцтой гэмтэл аваагүй, нурж буй бетон хавтангууд дунд 50 гаруй метрийн өндөрт уналгүй үлдсэн хавтан дээр хэвтэж байгааг олж мэджээ. Улмаар гал сөнөөгчид түүнийг аварч эмнэлэгт хүргэхэд түүнд хөл хугарснаас өөр гэмтэл байгаагүй гэдэг.
2. Брайан Уделл дууны хурдаар нисч яваа онгоцноос шидэгдэн амьд үлдсэн нь
Хамгийн бага хурдаар нисч яваа онгоцноос ч унах үед даралтын зөрүүтэй байдал, агаарын хэм зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан хүн амьд үлдэх магадлал маш бага байдаг ажээ. Тэгвэл Брайан Уделл жолоодон дууны хурдаар нисч явсан F-15 сөнөөгч онгоцны цахилгаан системд доголдол үүсч, 3000 метрийн өндрөөс 1300 км/ц хурдтайгаар задгай далай руу унаж эхэлжээ. Иймээс тэрээр 900 орчим метрийн өндөрт хүрэх үед туслах нисгэгч Деннис Уайтыг буулгаж өөрөө 450 орчим метрийн өндөрт онгоцноос буужээ. Харамсалтай нь Деннис Уайт амьд гарч чадаагүй ч Брайан Уделл өөр амь гарчээ. Тухайн үед түүнийг ахин хөл дээрээ босч чадахгүй гэж таамаглаж байсан ч 6 сарын дараа алхаж чаддаг болоод зогсохгүй, ахин 10 сарын дараа гэхэд нислэг үйлдэж, хэвийн амьдралдаа эргэн орж байжээ.
3. Адриан Картон де Виартын тулааны талбарт өнгөрүүлсэн он жилүүд
Ганц л сум хүний аминд хүрэх боломжтой гэдгийг бид мэднэ. Тэгвэл Бельги улсад төрсөн, Британийн цэргийн командлагч Адриан Картон де Виарт олон удаагийн дайнд асар олон шархдаж явсан ч амьд үлдэж чадсан ховорхон тохиолын эзэн ажээ.
Тэрээр анх Боерын дайнд оролцож улмаар Дэлхийн нэгдүгээр дайн, Зөвлөлт-Польшын дайн, Польш-Украины дайн, Польш-Латвийн дайн, Дэлхийн хоёрдугаар дайнд бүгдэд нь биеэр оролцож байжээ. Зөвхөн Дэлхийн нэгдүгээр дайнд тэрээр маш хүнд 8 шарх олсны дунд нүүрэн тус газраа хоёр ч удаа буудуулж байсан гэдэг. Үүний улмаас нэг нүдээ алдаж, өрөөсөн чихээ таслуулж байв. Мөн зүүн гарны шарх нь хүндэрч, эмч нар тайрах боломжгүй гэж дүгнэх үед өөрөө гараа тайрч, тулаанд эргэн орж байсан түүх ч бий.
1941 онд 61 насандаа Италичуудад олзлогдон хоригдсон ч өрөөсөн гар, өрөөсөн нүдгүй тэрээр 5 удаа оргох оролдлого хийж, хожим эрүүл мэндийн шалтгаанаар суллагдан Их Британид эргэн ирж байсан гэдэг. Түүний эр зориг, үнэнч шударга байдлыг үнэлж тухайн үеийн Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл өөрийн бие төлөөлөгч болгон Хятад руу илгээж байсан түүхтэй.
4. Чарлес Жоуин живж байсан Титаник хөлгөөс амьд гарсан нь
Титаник хөлөг онгоцны сүйрлээр 1500-1600 хүн амиа алдсан гэх харилцан адилгүй тоо баримт буй. Тэдний дунд Чарлес Жоуин гэх ахлах нарийн боовчин эр орох шахсан ч тун хачирхалтай тохиолдлоор амь гарч чадсан гэдэг.
Тэрээр усан онгоцод ус нэвтэрч эхлэх үед хөлгийн доод хэсэг рүү бууж өөрийн удирдлага доор ажилладаг байсан хүмүүсийг хүнсээ базааж аврах завинд суухыг анхааруулсан бөгөөд өөрийнхөө амийг аварч чадахгүй болсон хэмээн бодож айдаст автаж эхлэх үедээ согтууруулах ундаа ихээр хэрэглэж эхэлжээ. Ийнхүү согтож эхэлсэн нь түүний амийг аврах юм гэж тэрээр тухайн үед төсөөлөөгүй биз ээ.
Согтууруулах ундаа нь хүнийг хүйтэнд мэдрэг болгодог ч аюул заналыг үл хайхрах боломжийг олгодог ажээ. Далайн хүйтэн усанд хаягдсан хүн хамгийн эхэнд цочролд орж, биеийн дулаанаа аажмаар алдаж, осгож эхэлдэг бол Чарлесын хувьд байдал эсрэгээрээ эргэв. Тэрээр ухаанаа алдтал уусан байсан тул огтхон ч цочролд орж, амь нас нь эрсдэлд байгааг ухааралгүй хөвсөөр аврагчдад аврагдсан гэдэг.