Home Өгүүллэг “АЛТАН ГАДАС ОДНЫ ЗҮГТ” роман “4-Р ХЭСЭГ”

“АЛТАН ГАДАС ОДНЫ ЗҮГТ” роман “4-Р ХЭСЭГ”

0 second read
0
0
82

Эрхэм ноёнтон та бидний хүсэлтийг болгоож тунгаана буй зээ. Сүжигт Чин вангийн хошууны их эзэн хааны төрд өргөсөн татварын мөнгийг Түвдэн гэгч босуул хулгайлан зугатаж танай хошуугаар дамжин

зугтах юмуу магадгүй танай хошуунд орогнон саатсан байж болох юм. – Түшмэл таны хэлээд байгаа оргодол хулгай манай нутаг хошуунд огтхон ч саатаагүй. Манай арван таван цагдаа нар тэр этгээдийг

мөрдөн шалгах болно. Хэрэв хулгай этгээд манай нутгаас гарвал алдагдсан мөнгөний хамт даруй баривчлан хүргүүлэх болно хэмээсэн Гаадан ноён түшмэлийг найрсангүй харж инээвхийлэв. – Ай ноёнтоон.

Тэгбаа. Бид таньд найдлаа шүү. Тэр самуун этгээдийн анд нөхөр гэх Бүтэмж гэгч хулгайч танай нутагт амьдардаг. Таны албат гэсэн шүү. Түүнийг барин авчирч эрүүдэн шүүвээс магад сураг гарч болзошгүй.

Ноёнтон та түүнийг анхаарваас зохилтой хэмээн түшмэл маасайн инээвхийлж харцаараа шөнийн гоо бүсгүйг эрэлхийлэн архинд халамцаж улайсан нүдээ жийхайлган ийш тийш хулмалзан харсаар

байв. – Бүтэмж гэгч хулгайч манай нутагт байхгүй дээ гэсэн ноён түшмэлийг хурц хар нүдээр өрөмдөх мэт харав. – Ай ноёнтоон. Би тэгж сонссон худлаа байжээ гэсэн түшмэл илт зулгуйдан инээвхийлж – Гаадан ноёнтон та болгооно буйзээ. Монгол журганы сайд танай хошууны татвар өгөөгүй байдлаас болж гурвантаа солигдсоныг эрх биш бодож үзүүштэй. Манжийн их эзэн хаанд өргөх татварыг танай хошуу сүүлийн таван жилд өгсөнгүй. Ноён таны хэргэм зэргийг буулгах хаан эзний ял шийтгэл оногдохоос өмнө Тэлхийн цагаан нуураа өрөндөө өгч, агнуурын отог байгуулж хааны цэргийн хүнсэнд загас өргөх боломж байсаар байгааг ноёнтон анхаарна уу. Түшмэл энэ үгээ хэлээд ноёныг илт басамжлан харахад Гаадан ноёны махлаг бор царай минчийн улайж дүрсхийн уурлаад явчихав. – Хцс юу гэнээ. Эцэг эхээс өвөг дээдсийн үлдээж өвлөсөн тэнгэрийн ивээлт энэ нуурыг би

өрөнд өгөх хэрэг үү. Мөн их юм санаваа та нар. Угтаа бол миний өвөг эцэг Хөндлөн Бошигт ноёны үеэс энэ хошуу бие дааж оршсон ариун дагшин нутаг шүү. Миний толгойг авахад тэр өр чинь дуусах юм бол даруй миний толгой авсугай. Тэнгэрийн ивээлт газрын догшин мэлмийд шунаж байж Мөнх тэнгэрийн гэсгээл хүртэв дээ. Монгол газар шороо, Монгол хүн, Мөнх тэнгэр гурав хүйн холбоотой байдаг гэдгийг тэр дээдэстэй хэлэгтүн. Манай хошуу мянган агт гаргаж их хааны цэрэгт өргөсөн. Мянган агтын үнэ эрхбиш энэ хэдэн татвартай тэнцэнэ гэдгийг Улиастайн Амбаны газарт би өргөн мэдүүлснийг хаан төрийн хууль мэдэмзэй гэж Гаадан ноёныг зандчихад Чинхао түшмэл айсандаа бөхөлзөж – Тийм баа. Тийм баа. Мянган агтны тухайд би Монгол журганы сайдад өргөн мэдүүлнэ гэв. – Эрхэм түшмэл таньд өөр хэлэх юм юу байна вэ! – Ай ноёнтоон бас нэгэн зүйлд өчүүхэн түшмэл миний сэтгэл бас зовмой. Тариатын хүрээний Гэсэр сүмийн тэргүүн Гэсэр гэгээнтний сүүлчийн дүрийг Халхаас тодруулж болохыг

манжийн хаан зарлигдсан. – Мөөн. Их хаантан гэгээнтэн мэргэдийн энэ ба хойд төрлийг мэддэг байх нь. Хаан эзний зарлигийг дагаж биширнэ гэдгийг дамжуулна уу. Түшмэл та. – Ноёнтон таньд өчүүхэн түшмэл би ихэд гялайв. Таньтай төрийн хэргийг хэлэлцэхэд таатай байлаа. Манжийн эзэн хаан Халх дөрвөн аймаг шавь таван хошууг төрсөн үр шигээ хайрладаг. Бадруулалт төрийн их эзэн хааныхаа хишгийг хамт хүртэн өнө удаанаар зэрэгцэн оршихын ерөөл тавья. Бидний зорьж ирсэн төрийн хэрэг дууссан болохоор бид ингээд хөдлөе гэж Чинхао түшмэлийг хэлэн тонголзоход бусад нь дагалдав. – Эрхэм элчийн ерөөл орших болтугай. Эрхэм элчид бэлэг өргө гэхэд хиа нар хүн бүрт хүнд торго , цагаан хайрцагтай бэлгийн зүйл гардуулан өгөв. Манж түшмэл нарыг Гаадан ноён биш хиа нар үдэж гаргаж өгөв. – Ноёнтон минь шөнөөс эхэлсэн төрийн хэрэг чинь одоо л хэлэлцэж дуусч байгаа хэрэг үү. Хажид хатан хэлээд ноёныг ёжтой харцаар харахад ноён чичимч хийсэнгүй суусаар байх тул хатны арга

барагдаж – Ноёнтон та бор сархад хүртсээр байгаа хэрэг үү гэв – Сархад хүртэхэд яадаг юм бэ? сайхан сархад сайн хүүхэн хоёрыг тааруулж хэрэглэхэд гэмгүй гэж ноён өөрийнхөөрөө зүтгэнэ. – Хө ер. Бас сайн эм гэнэ шүү. Ингэхэд юун өргөө барих гэж байгаа билээ. Хажид хатан дуугаа өндөрсгөн хэлтэл хиа орж ирээд сөхрөв. – Ноёнтон болгооно уу. Түвшин хамба морилон ирээд бараалхал хүсч буй. Хэрхэхийг хэлж айлдана уу. – Түвшин хамба гэнээ. Тэр хамба бараалхал хүсч хууч хөөрөх гэсэн юм байхдаа гэж ноёныг хөхрөхөд Хажид хатны царай хундан ягаан болж – Ноёнтон болгоо. Би хамбыг өөрийн өргөөндөө хүлээн авч ярилцъя гээд яаран босов. Агь хөвүүнийг нь хийдэд шавилуулах тухай хөөцөлдөж буй хатных нь тухай бичсэн дүү Гадингийнхаа захидлыг гэнэт санасан ноён гар өргөн зарлиглаж – Байз. Хамбатай би өөрөө уулзах нь зөв юм байна. Хамбыг оруул хэмээв. – Ноёнтон минь бүү хөлчүүрхээрэй. Хамбыг гомдоож огт болохгүй. Хажид хатан шивнэх шахам хэлээд ноёныг эвгүйцэн харав. – Хатан чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ! би тийм ухаанаа алдчихсан

хөлчүү харагдаад байна уу. Ха ха ноёныг ийн хэлээд чанга дуугаар хөхрөхөд хатны царай цонхийж – Эзэн минь та согтуурхаад байна шүү дээ гэж шивнэв. – Ноёнтны түмэн амгаланг айлтгая. Хатан амгалан морилж байна уу. Түвшин хамба орж ирээд хүнгэнэсэн дуугаар мэнд мэдэхэд ноён хамбыг ихэд тоон хараад – Мэндээ. Хамбатан та амар байна уу. Буян номын үйл арвин уу гэв. – Хамбад цай идээ барьж зоог шүүс авчир. Гаадан ноён хэлээд хамбыг найрсан харж инээвхийлэв. – Ноён, хатан та хоёрт мэдүүлэх зүйлийн учир өчүүхэн хүн би өөрийн биеэр зорин ирэв. Хатантан таны хүссэн Гэсэр багш гэгээнтэний хойд дүр Цолмон агь биш болох нь тогтоогдсон. Алтан удам хадгалсан билэг оюун төгөлдөр тэр хөвүүнийг хувраг болгох гэсний хэрэггүй болов уу. Чухамдаа удам залгамжилсан засаг ширээ түүнийх болов уу гэж мунхагланам гээд хамба мэхийн хүндэтгэл үзүүлэв. – Хамбатан таны яриад байгааг би нэг л ухсангүй. Миний агь Цолмонг Гэсэр багшийн хойд дүрд тодруулна гэж яаж бодож чадаваа. Агь хөвүүн угсаа залгамжлах нь тодорхой шүү дээ. Ноён ихэд гайхан хэлээд хамбыг харав. – Жа. Ноёнтон өршөөж болгооно уу. Хэд хоногийн өмнө

хатантан агь хөвүүний хамт манай сүмд морилж дээрхи хүсэлтийг гаргасан юм шүү дээ. – Та нар сонс. Чухамдаа миний хөвүүн Гэсэр багшийн хойд дүр байлаа ч би тодруулахгүй. Тэр бол миний цор ганц хөвүүн. Цолмон угсаа залгамжлах ёстойг та нар мэддэггүй малууд уу хэмээн ноён уурсав. – Ноёнтон минь өршөөж болгоо. Таны ухаанд биширнэм. Хувраг бид нар яахин тэгж зүрхлэх билээ. Хатантан хүссэн болохоор ийн будилж эзэн дээдсээ хилэгнүүллээ. Харин хатантан таны буянд өргөсөн зүйлийг буцааж авчрав. Учир агийг дагаж өргөсөн өргөл болохоор авчрав гээд нэжгээд алт, мөнгөн ембүүг хатанд өгөв. Уурласандаа хатны уруул ам шазав татав хийж байлаа. Хамбыг гарсаны дараа ноён минчийн улайсан чигтээ улам хилэгнэж хатны нүүр цонхийн цайж харцанд нь айдас сүүдэртэнэ. – Хайя. Ширчин чи байна уу. Ноёны ууртай догшин дуунд ихэд айсан хиа гүйн орж ирээд сөхөрч – Жа эзэнтэн минь өршөөж болгооно уу. Ноёнтоны зарлигийг дагаж ирэв. Зарлиглаж хайрла хэмээв. Ноён түүнийг улаанаар эргэлдсэн сүрлэг нүдээр харж – Бага хатны өргөөг барь. Бойдааг дуудаж бага хатны өмсгөл зүүсгэл хэрэгцээ цөмийг бэлд

гэж өндөр дуугаар захирахад ингэнэ чинээ бодоогүй суусан Хажид хатан давхийн цочиж уурлаж, гомдсон нүдээр ноёныг харав. – Жа. Ноёнтон болгоо. Бага хатны өргөө бэлэн болсон. – Наран хатанг өргөөнд залж бага хатанд өргөмжил. Өдрийн сайныг шилж, хошуу нутаг даяар хуримын зар түгээ. – Жа. Ноёнтны зарлигийг даган биелүүлье – Хм. Наран хатан гэнэ шүү. Амар юм болж дээ. Нэг муу аягач эмтэйгээ гэснээ Хажид хатан ширэв татан гадагш гарахаар ухасхийн босов. “Даанч тэгнэ. Өглөө яалтч үгүй эмэгтэй хүнтэй амраглаж байсан. Наран байх нь муу өлөгчин муур шиг хумсаа нуусаар байгаад эзэн ноёноо урхидчихдаг. За гайгүй ээ. Чамд би хэн болохоо үзүүлнээ ” гэж Хажид хатан хөмхий зуун бодоход нүдэнд нь хорслын оч гялсхийв. – Хажидаа. Ноёны дуу зөөлөрч араас нь дуудахад “одоо намайг аргадаж гуйх нь” гэж бодсон хатан эргэж хараад зогсосхийв. – Ноёнтоон бага хатан таалахаасаа өмнө надад дуулгаж болоогүй юмуу – Хажидаа. Чи бас цагтаа аягач байснаа битгий мартаарай. Чиний өдөж, хоргоосон аалинд урхидуулж би хайртай хатнаа гомдоож, чамайг өвөртөлсөн. Чи миний толгойг эргүүлж

Цэвэлийн минь жаргалыг хулгайлсан. Би чамайг олон жил хайрласан. Гэтэл чи миний хүүхдүүдийг надаас холдуулж нэгийг нь харь газар богтолж, нөгөөг нь хийдэд цөлөхийг санаархаж байх ч гэж дээ. Одоо чи миний таалсан хатанд хор хүргэх аваас өчиггүй хөөгдөнө гэдгийг мэдтүгэй. Наранг би хайрлаж таалсан гэдгийг бүү мартагтун. Одоо чи зөвхөн өөрийн өргөөндөө амьдар. Ихэд хатуу, үзэн ядсан ч юм шиг заналтай хэлсэн Гаадан ноёны үг тархи уруу нь хүнд юмаар түншээд авах шиг болохуйяа Хажид хатан үг хэлэх ч тэнхэлгүй үүд сөхөн гарав. Хоёр чих нь шуугин олон хүн түүнийг шоолон инээлдэх шиг болохуйяа хамаг бие нь заралзан чичирч өөрийн өргөө үрүүгээ гүйв. Тэрээр их хатан эзэгнэх ёстой их өргөөнд ч орсонгүй. Өөрийн амьдардаг өргөө үрүү гүйн ороод олон шургуулгат орны хивсэн бүтээлгийг тэгнэн унаад мэгшин уйлж гарав. Хорслын нулимс ус шиг урсч байлаа. Хэндээ ч гомдох билээ. Хорслын хар нулимс цээж юүлэн урсах тусам үзэн ядалтын хөх оч хүн бүр дээр суунаглан хоолой гашуун оргиулах аж. “За гайгүй ээ. Тэр их гайхуулаад байгаа Цолмон агь, Нарансолонго хоёрыг чинь хөнөөгөөд өгье л дөө. Тэгээд чамайг

хэнээр ширээгээ залгамжлуулахыг чинь харья, өчигдөрхөн надад байсан жаргалыг булаан авсан Наран чи миний дэргэд хэд хонохыг чинь харъя л даа” аймшигт үзэн ядалтын хөх гал Хажидыг зууран зуурсаар бүхий биеийг нь хайр найргүй шатааж эхлэв. *** Гадин туслах захирагчийн том цагаан гэр холоос дүнхийн тайжийн их бага өргөөнөөс нилээд зайдуу зарц, барлагуудын бор гэрүүд шаргал хөндийд нэвсийн харагдана. Гадин туслагч ноёны төрсөн дүүгийн хувьд баахан түрэмгий зантай хошууны олон түмэн түүнээс аль болох хол байхыг хичээнэ. Намрын шаргал наранд тал хөндий хонгортсон сайхан өдөр цэлэлзэж хөхөмдөг цэнхэр манан уулсын толгойд дуниартсан сайхан өдөр эхэлж тайжийн мал сүрэн бэлчээрт гар үхэр тугал мөөрөлдөн, аргамжааны газарт морид үүрсэнэ. Хөл нүцгэн хүүхдүүд хурга, тугалтай хөөцөлдөж эхнэр, хүүхнүүд зэлэн дээр нааш, цааш гүйлдэнэ. Нар нилээд дээр хөөрсөн хойно өөдөлсөн Гадин туслах торгон дээл нөмөрч гаран морь хараад сурсан зангаараа орчноо нүд гүйлгэн хараад “Тост уулын зүгээс наашлах цэгийн төдий хөдөлгөөнт хар юмыг олж үзэн удтал зогсон харав. Яалтч үгүй нэгэн морьтон тэднийхийг чиглэн наашилж байх аж. Харваас морьтон ядарсан

байртай гэлдрэнэ. “Зарц, барлагуудынд ирж байгаа нэгэн биз” гэж бодсон ч тайжийн сэтгэл их өргөөндөө тогтохгүй тул – Баадий гэж хашгирахад их өргөөнөөс нилээд мяраалаг бор хүүхэн гарч дэргэд нь ирэв. Харваас хүүхний зүс тааруухан, үс нь сэгсийсэн үзэгдэнэ. Хүүхний дугариг бор царай чимсэн том алаг нүд аймсан эргэлдэнэ. Гадин түүнийг анх харж байгаа аятай ихэд, анхааран харснаа хүүхний нүүр үрүү унжсан туг үсийг харж ярвайгаад – Наад үс гэзгээ самнахад яадаг юм бэ! Нүүр гараа угаасан уу гэж зандрахад хүүхэн хойш ухарч толгой дохив. – Алив миний гуулин дуранг аваад ир. Хурдал гэм дээ. Хөдөлж ядацгаагаад байх улс юм аа гэхэд хүүхэн толгой дохиод хурдхан өргөө үрүү оров. Баадий бол Гадины их хатан Сагилын төрсөн дүү. Сагил нутгийн нэг харуул зангийн охин бөгөөд хэдэн жилийн өмнө эцэг, эх нь цувран бие барсан тул ухаан муут ганц дүү Баадийгаа арга буюу дэргэдээ авчээ. Их хатныг дүүгээ дэргэдээ авчрахад Гадин туслах дургүй байсан ч эр хүний нүдэнд төдийлөн өртдөггүй ухаан муут бүсгүй онгон гэдгийг эгчийнх нь амнаас сонсоод өвөртөө оруулж хүүхэн болгон эм хүйстний эдлэх замыг нээж өгчээ. Ухаан солиот ганц дүүг нь эдлээд буйг Сагил хатан мэдсэн ч авир түрэмгий эр нөхөртөө үг хэлж эсэргүүцэж чаддаггүй байлаа. Нилээд

удсаны эцэст Баадий гурав сунадаг гуулин дуран авчирч өгөхөд Гадин дуранг булаах шахам угз татан авав. – Хм. Хөдөлж цөхөөд байж байгааг нь. Хормойгоо чирсэн золиг гэснээ хүүхний цээжийг урагш түрэн үзэгсгэлэнтэй гэгч нь товойх хоёр хөхийг харж гараа явуулаж зөөлөн чимхэхэд Баадий инээх аядан хойш ухрав. “Энэ золигийг уг нь тордох юм бол овоо царайлаг цус шүү. Намайг өвөртөлснөөс хойш Сагил дүүгээ өөд татахаа больж.” гэж бодсон Гадин “Тост” уулнаас наашлах ганц морьтонг дурандав. Холыг зорин дурайх нарийн харгуйг даган ганц морьтой хүн гэлдрэнэ. – Ардаа үүрсэн урт хөндлөн зүйл нь дал мөрөн дээр гозолзоно. Сайтар харахад өвгөний дал мөрийг даган уран сийлбэрчний уралсан “Морины хос толгой” шоволзох аж. Хоёр чихээ даран өмссөн далбагар давуун малгайг өвгөн өмссөн байлаа. Энэ малгайг Гадин сайн мэднэ. Гаадин, Гадин хоёрын эцэг далай ван Гомбоцэдэн ноёнд оросын нэг худалдаачин тээр нэг жил Гадингийн багад бэлгэнд өгсөнийг ноён хуурчид бэлгэлсэн цагаас хойш Балтав уг малгайг жилийн дөрвөн улирал ээлж халаагүй өмсөж

явдаг аж. Гадингийн багад хуурчийг залж авчиран үлгэр сонсож, туйл хайлуулах хамгийн сайхан баярт явдлуудын нэг байж ээ. Мөн хуурчийн нулимс дуслуулан байж үл мэдэг найгалзан шуранхайлах “Эртний сайхан”, “Эзний хоёр загал” дуунуудад тайлийгаач эцэг нь их дуртай байсныг Гадин санаж хөнгөн сүүрс алдав. Хуурч өвгөн яндан борлог морины аясаар гэлдрүүлж их удаан явахыг харсан Гадин гэнэт өрөвдөх шиг болов. “Чааваас даа энэ муу өвгөн намайг багад ингээд хуураа үүрээд явдагсан. Одоо ч бас хэвээрээ шүү харин янданч гэсэн морьтой явж байгаа нь овоо доо”. Гадин харамсангуй бодоод – Баадий энэ дуран ав гээд дуранг мөр давуулан өгөхөд хүүхэн шуухитнан тосч аваад цааш эргэв. Гадин ямар нэг юманд эзлэгдэх мэт сэтгэл тогтож ядан гэнэт наран сөрөг саравчлав. Нарны үй түмэн цацраг дундаас зүрх сэтгэлийг нь бүрэн эзэмдэж байсан Дэлгэрийн үзэсгэлэнт царай тодрон даллах шиг болоход тэрбээр өөрийн эрхгүй “Дэлгэр, Дэлгэр минь” гэж шивнэн нүдээ анив. Дэлгэр яг амьд байх шиг зүрх сэтгэл нь хязгааргүй шунал тачаал, оволзож хайлан уярах шиг нүд нь чийгтээд ирэхэд яаран нүдээ арчсан Гадин дахин нар өөд харав. Нар ер юуч болоогүй аятай орчлон ертөнцөд халуун дулааныг түгээн шаргалтаж байх агаад түрүүчийнх шиг Дэлгэр харагдсангүй. Энэ нь Гадинд тун ч

гомдолтой санагдана. – Дэлгэрээ. Би чамайг бага хатнаа болгох гэж байсан шүү амжсангүй. Даанч харамсмаар чи намайг орхиод явчих юм. Гадин дотоод сэтгэлдээ ихэд гомдолтой шивнээд дахиад нар уруу нулимстай нүдээр харав. – Ха.. ха.. ха.. хи.. хи.. хи.. Худлаа даа. Худлаа. Муу хүүхэмсэг амьтан. Нарны үй түмэн цацраг доошилж чихэнд нь шивнэн шоолон инээх шиг болохуйяа Гадин гараа сэгсэрч санаа алдав. “За тийм дээ Би хүүхнээс буцаж байсан удаагүй”. Гадин өөрийгөө зөвтгөн бодоод их өргөө үрүүгээ алхтал зүрх үрүү нь хүчтэй хатгуулахад тэрээр шургачин унах шахав. – Гадин би чамд үлдсэн шүү. Гадин би чам уруу очиж явна. Олон, олон ододыг цуучин Дэлгэр орилох шиг болохуйяа Гадин гэр өөдөө гүйх шахам алхав. Түүнийг гайхсан нүдээр харсан Сагил хатан эрээн хоргой эмжээртэй минчүү торгон дээлийн шилбэ хадаж сууснаа тэргүүн өргөн эр нөхрөө харав. – Үйл бүтэг. – Ерөөл оршиг. Эзэнтэн минь цай ууж шүүс зоогло. – За яах вэ! цаад аягачин шивэгчидээ дуудаач. – Жүнгээ аягач сая гарсан юмсан. Та яах гээ вэ гэсэн хатан Гадинг таа муутай харав. – Яах юу байдаг юм. Айлчин гийчин ирж байхад идээ шүүс зэхэх юм бишүү. Хатсан шүүс таваглаж, хар цайтай сууж байх гээ юу. Наад Байдийгаа хар. Сүлд хийморь нь үхсэн мэт. Нэвсийн сэгсийгээд байж байгааг нь

өргөөний сүлд хийморь доройтуулаад гэж зэмлэнгүй зандраад яарч сандчин дээлээ товчлоход хатан сандарч оёж байсан дээлээ хойш тавиад яаран хувцаслах туслахыг нэг, хажууд нь гөлрөн зогсох Байдийг нэг харснаа босч – Манайд ямар гийчин ирж байгаа юм бэ? ноён, хатан хоёр уу. Ганбямба тайжийнхан ирэх юмуу хэмээн асууснаа “Хийдийн ихэс лам нар ” ирж байгаа юм болов уу хэмээн бодов. – Хэн ч байсан манайх идээ элбэг, унд цай дүүрэн байх ёстой. Одоохон мах чануул, шүүс зэх. Шөлтэй хоол хөгшин хүнд зохимж сайн биз. Би шүтээний өргөөнд орлоо. Хүүхэд багачуудаа цуглуул. Хатад эмс цөм тэнд цугларч ертөнцийн агуу сайхныг сонсч нэг өдөр болохноо ч сайхан байгаач та нар. Алив Байдий чи надад бараа харж хэлж бай гэснээ том мөнгөн бүсээ бүслэн тип тап алхлан гараад явчихад Байдий дагалдав. Сагил хатан гайхсаар хоцорсон ч аягач шивэгчнээ дуудан хүндэтгэлийн идээ зоог бэлдэхийг тушаав. – Байдий чи ингээд битгий нурмайгаад суугаад бай. Гарч алсын бараа хар. Тост уулнаас нааш ганц морьтой хүн ирж байна уу. Сайн хараад орхи гэсэн Гадин тэр нэгэн өдөр өөрөө үгүйсгэсэн нялх хүүхдийг дотроо бодож санаа алдав. “Яалт ч үгүй миний хүүхэд дээ. Одоо дөрвөн ой лав өнгөрсөн байх ёстой. Тэр үед нь аваад энэ Байдийгаар асруулдаг байж ” гэж бодож эцэг өвгөөс уламжлан ирсэн их шүтээний өмнүүр алхана. – Эзэнтээн. Тост уулнаас нааш торойх юм юу ч алга гэсээр орж ирсэн Байдийг

харж Гадин туслах хөхөлзтөл уурлав. – Зөв харсан биз чи. Түрүүн намайг дурангаар харахад л яалт ч үгүй наашаа ирж явсан юм даа. Золиг минь Гадингийн ууртай царайг харсан Байдий мөрөө хавчаад газар ширтэн зогсоно. – Алив дахиад хар даа лүд минь – За. Түүнээс холдох болсондоо баярласан Байдий хурдан гэгч нь гүйж гараад Тост уулнаас нааших харгуйг харуулдав. Тэрээр юу ч олж харсангүй ч зогссоор байлаа. – Байдий юм харагдана уу. Гадин ихэд давчуу гэрээс хашгирна. – Юм харагдахгүй байнаа. – Сайн хар золиг минь сая наашаа ирж явсан юм даа. Зарц нарынхаар орсон юм боловуу сайн хар Байдий. – За. Гадин, Байдий хоёрын хашгиралдах дуунаар түүний хоёр хатан, хүүхдүүд нь цөм цугларч “Тост уулнаас ”наашлах их замыг ширтэцгээв. – Ямар хүмүүс ирэх гээд ингэж сандраад байгаа юм бол эгчээ. Ноёныхон уу. Бага хатан Дээшмаа асуугаад их хатныг харахад Сагил толгой сэгсэрч – Мэдэх юм ёстой алга. – Зочид гийчид ирнэ. Идээ шүүс бэлд гэх юм. Тэгснээ настай хүнд шөлтэй хоол дээр ч гэх шиг учир нь олдохгүй юм ярих юм гээд шүтээний өргөө рүү хяламхийн харав. – Алив та минь харж байна уу. Одоо хүрээд ирэх болж баймаар юм гэж Гадинг адган хашгирахад – Юу ч алга гэж нэгэн зэрэг хэлсний дараа бага хатнаас төрсөн Төмөр хөвүүн – Ганц морьтой гэлдэрсэн хүн л ойртож айсуй. Өөр гийчид алга гэв. – Харин тэгээд яагаа вэ! наад

хүнийг чинь л хэлж байна би. – Айн. Энэ эцэнхий морьтуу даа. – Тэгээд яагаа вэ! – Хэн юм бэ! тэгээд морь хүн хоёр хоёул гуйвалзаад арайхийн явж байх шиг. – Аргагүй дээ зйлуул. Балтав гуай л байхгүй юу. – Аан Балтав хуурчийг хэлээд байгаа юмуу. Нэг их сүр болоод байсан даг. Хуурч өвгөнийг ирэх юм бол тэгж хэлэхгүй яасан юм бэ! гэж Сагил хатан дургүйцээд бүтэн хонины мах чануулсанаа бодож толгой сэгсрэв. – Алив яв. Хүү минь хуурч өвгөнийг шүтээний өрөөнд дагуулаад ир. Аав хүлээж байна гэж хэл гэсэн Гадин туслах галын өрөө үрүү алхаж их хатны чануулж буй шүүсийг харан толгой дохиод инээмсэглэв. Балтав хуурчийг өөр тийш явчих юмуу зарц барлагуудын нэгнийд буучихвий гэхээс Гадин жигтэйхэн айж байлаа. Муу морь нь эцээд явж өгөхгүй Балтав өвгөн үйлээ цайж явлаа. Хүүхэдгүй бол замын дэргэд морио чөдөрлөн хэд алхуулангаа жаахан нойр авч хажуулмаар байсан ч өвөрт нь унтаж яваа жаал хөвүүнийг бодож муу морио ороолгон урагш газар хороож байв. Дөрвөн настай Борхүү өвгөний туранхай цээжинд наалдаад сэрэх шинжгүй унтана. Борхүү өдрөөс өдөрт өсөн том болж байлаа. Өөрөөр хэлбэл өвгөний өвөрт багтахаа болиод байх тул өвгөн хол явж чадахаа больжээ. Тэр жил хагацал үзээд уй гашууд дарагдаж суухад ноёны авхайн өгсөн

хоёр тугалтай үнээ, хэдэн бог өсч үржин арав гаруй болсон ч өвгөн өргөн уудам нутгийг туучин түмний хишиг хүртсээр байв. Борхүү наснаас хэрсүү ой ухаан төгөлдөр тул өвгөн ганц зээдээ ардын аман зохиол үлгэр туульс сонсгож дараачийн хуурчийг бэлдэх зорилготой байлаа. Өчигдөр Гадин туслахыг намаржаалахаас өмнө урьтаж хуур сонсгохоор зорьсон нь энэ. Борхүү гэртээ үлдвэл сохор эмгэнд нүд болж их дэмтэй байдаг ч яг мордохын алдад дагаж орилсон тул өвгөн өвөртөлж яваа аж. Хүүхдийн заяа өндөр. Хүүхэд зөн ихтэй. Төрсөн эцгийн цусан холбоог хүү мэдсэн ч юм билүү хэн мэдлээ. Эцэст нь би хөгшин хонины насгүй болсон хүн нэг өдөр үхээд өгнө. Болж өгвөл төрсөн эцгийнх нь хаяанд аргамж сурч болов бариулж үлдээхсэн гэх бодол өвгөнийг нааш хөтөлсөн аж. Гадингийн зусч байгаа өндөр дэнж уруудан нэгэн морьтон довтлон өмнөөс нь ухасхийхэд – За бид хоёрыг туслах ноёнтон хүлээж авахгүй гэж хөөлгөж байна даа хэмээн бодоод морины жолоо татан зогсов. “Уг нь манай бүрлээч ноёнтон хүний мөс сайтай хүн байсан сан энэ Гадин туслах эцэг ноёноо дуурайсангүй дээ. Гаадан ноёнд харин эцгийн ноён нуруу харагддагсан. Ганц сайхан үрийг минь жирэмслүүлж хүний орчлонгоос явуулчихаад үхсэнээс

үлдсэн хуруу чинээ нялхыг тоодоггүй ” гэж цөхрөн бодоод өвгөн мориныхоо жолоог эргүүлж шогшив. Өвгөний гунигийг хуваалцах мэт намрын хонгор салхи сэв сэвхийн үлээнэ. Морин төвөргөөн ойртон ирсэн ч өвгөн эргэж харсангүй. Баян хүний нэг бааш гаргана биз гэж гомдон бодох аж. – Амар байна уу. Хуурч гуай. Хүүхдийн цангинасан дуу гарахад өвгөн морины жолоо эргүүлэн буцаж зогсов. Арав орчим насны жаал хөвүүн омголон морины жолоо дугтчин зогсч байхыг харан өвгөн инээмхийлэв. – Мэндээ. Амар байна уу. – Хуурч гуай таныг аав шүтээний өргөөнд хүлээж байна. Морилон ирнэ үү гэж надаар хэлүүллээ. Хөвүүн намрын сэвсээ салхи зүсэн хиргүй цагаахнаар хэлээд инээвхийлэх нь Борхүүтэй адилхан ч юм шиг өвгөнд санагдав. – Ухайс даа. Танай аав хэн билээ. – Хуурч гуай та манай аавыг мэддэггүй юмуу. Манай аавыг Гадин туслах гэдэг юм. – Жа. Тийм бол очъё доо. Мөн лут хүү юмаа чи. Өвгөн хүүг өхөөрдөн өөртөө ихэд баярлан морио зөөлөн ороолгоод хүүг дагаж эргэв. – Хуурч гуай таны морь эцчихсэн байна. Хойд тэрхийн голын эрэгт аваачаад тавьчихвал дороо сэхнэ дээ. – Тийм бий. Тэнд тэгээд юу байдаг юм бэ дээ! Ноёхой минь . – Сайн мэдэхгүй л дээ. Ядарсан малыг сэхээх ургамал байдаг гэж хатан ижий минь хэлсэн юм. – Мөн. Лут нутаг

байхнээ тэгвэл. Диваажингийн орон байх нь дээ. – Хуурч гуай Диваажингийн орон гэж хаана байдаг юм бэ! Хөвүүнийг ийн асуухад Балтав хуурч сандарч далбагар малгайгаа сөхөж хөлсөө арчив. – Өвс ургамал жигдэрсэн сайхан нутгийг л хэлдэг байхдаа. Гэхдээ диваажингийн орон гэдэг ихэвчлэн хүний сэтгэлд байдаг байхдаа гэж бодлогошрон хэлсэн өвгөн “Хөөрхий дөө. Муу охин минь диваажинд очсон л байдаг байхдаа” хэмээн бодов. – Балтав хуурч амар байна уу. Өргөөнд морилогтун гэсэн Гадин туслах өвгөний өврөөс нойрмоглон цухуйх хөвгүүнийг харж уруул өмөлзүүлэв. Балтав хуурч бүтэн гурван өдөр, гурван шөнө Гадин туслахынд тууль хайлан тухалжээ. Өвгөнийг хуурдахад хажууд нь наалдан суусан хөвүүнийг өрөвдөнгүй харсан Гадин туслах – Борхүү нааш ир. Адилхан эр улс байна даа. Миний өвөр дээр суу. Шүүс зоогло гэхэд хүү огт гэрэвшсэн шинжгүй дэргэд нь очиж туслахын өвөр дээр суугаад том цартай махнаас шаант шүүрч

аваад зулгаан идэхэд Гадин инээд алдаж – Ха.. Ха.. Ха.. эр хүндээ хө. Айраг барина уу гэсэнд хүү толгой дохиод туслахын мөнгөн хултай айргийг ууж орхив. Гадин туслах инээд алдаж, хатад нь гайхан харцгаана. Гуйлгачин өвгөн бяцхан хөвүүнийг цагаан торгон цамц, улаан хамбан дээлтэй авч яваа нь Гадинд сайхан санагдав. – Балтав гуай миний багад таныг морилж ирэхэд бид ихэд баярлаж хөөрцгөөн ноён эцэг минь найр үүсгэдэгсэн гэж Гадинг баясан хэлэхэд хуурч өвгөн тэргүүн бөхийлгөн яриаг нь дэмжив. – Маргааш найрлана. Ойрд хуурын аялгуу сонссонгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…