
Гэсгээнэ байх л даа. Аягачийн нүдэнд арга барагдсаны илрэл болсон усан бөмбөлөг мэлтэсхийн дүүрснээ зам татуулан горхилон доош урсав. – Битгий шанал даа Наран минь. Чи санаж байна уу. Чи бид
хоёрыг миний хоёр хөөрхөн нар минь гэдэг байсныг гээд Нарансолонгыг инээмсэглэхэд Наран толгой дохиод улам мэгшин уйлав. Нарансолонгын ээж Цэвэл хатан өдийд амьд мэнд байсан бол
Нарангийн хувь тавилан шал өөр байх байсныг бодон залуу бүсгүй улам ч гунигт автав. – Наран чи өргөөнд байж байгаарай. Би Гадин туслах ахтай уулзаад Тамгийн газарт очоод ирье. – Жа. Би өөр юу хийх
вэ! Авхай. – Унтаж бай. Харваас чи ядарсан байна найз минь Нарансолонгыг морьдон явахыг харсан Хажид хатан өөрийн итгэлт хиа Тойвыг яаран дуудуулав. Нарансолонгыг очиход тамгийн газар
хүн ихтэй байлаа. Хөх данжаад тамгийн газарт гомдол гаргасан тул хошуу туслах ноён Гадин өөрөө залран ирсэн байв. – Гадин ахын амгаланг айлтгая. Нарансолонгыг гэнэт орж ирээд мэндлэхэд авга

дүүгээ харсан ноёнтон баахан гайхас хийв. – Амгалаан. Үгүй энэ чинь манай Нарансолонго. Яаж яваа нь энэ билээ Авхай минь. – Ах таньтай уулзах чухал хэрэг мандаад. – Та нар цөм сайн биз. Цолмон агь мэнд сайн уу. – Мэнд сайн даа. – Дүү минь. Ноёны өргөөнд тухла. Ах нь араас нь очъё! Нарансолонгыг зүгээр нэг ирээгүйг мэдсэн Гадин туслах ноёны засаг өргөө үрүү яаран гарав. Нарансолонгын сайхан царай баргар харагдана. – За ах нь сонсч буй. Юун тухай ахтайгаа хэлэлцэх гэсэн юм бэ. – Авга ахаа. Өнөө өглөө би Хажид хатныг түлхээд унагачихлаа. – Юу… та хоёр таарч тохирохоо болио юу. – Тэр өөрөө миний хантаазыг базаж урсан. Миний хэнтэй уулзаж юу хийхийг тэр аягач эм зааж захирах хэрэг үү. – Гэхдээ дүү минь тэр эцгийн чинь хатан шүү дээ. – Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэгч болж байна. Намайг харь холын Говь Түшээ гүний хүүд богтлон өгөх, Цолмонг хийдэд шавь оруулж бид хоёрыг төрсөн гэрээс минь
холдуулах гэж байна. Аав энэ талаар юуч мэдэхгүй байна гэх Нарансолонгыг Гадин туслах гайхан харав. – Юу. Ноёны үрсийг зайлуулах арга сэднэ гэнээ. – Харин тийм. Та аавын минь төрсөн дүүгийн хувьд энэ талаар захидал бичиж өг. Би итгэлтэй хиаг довтолгох гэсэн юм. Нарансолонго цаанаа нэг гомдсон өнгөөр хэлэхийг Гадин туслах нүдээ жоожийлгон харж суув. – Ноёны үрсийг тэгж яахин болох билээ. Тэгье. Ах нь бичээд өгье гэж уриалгахан хэлсэн ч Гадин туслах дотроо “Хажид хатны боддог хатанд биш надад хэрэгтэй юм биш үү. Гаадан ахын хоёр хүүхдийг хөөгөөд явуулчих юм бол ахыг тэнгэрт дэвшсэний дараа би ч юмуу миний хөвүүдийн нэг угшлаа дагаж засаг ноён болно. Ерөөс энэ нэг захиа шүү юмыг нь бичиж өгчихөөд Хажид хатантай уулзаж хатны гараар могой бариулж өөрийн суудлаа бататгах нь зөв юм” гэж бодсон Гадин туслах яарч сандчин ноёнд айлтгал бичиж эхлэв. Ах ноёнд итгэлтэй дүү нь байх хожмын их үйлд хэрэгтэй гэж Гадин бодох ажээ. – Май дүү минь
өөрийнхөө лацаар лацдаарай. Гадин бичсэнээ хүрэн торгонд баринтаглан өгөхөд хоёр гардан авсан Нарансолонго – Гялайлаа авга ахаа. Таньд айлтгах бас нэг айлтгал байна гэв. Хожмын тэр өдөр засаг ноён болох мөрөөдөлд автан өндөлзсөн Гадин туслах цочих мэт болсноо – Айлтга. Айлтга гэв. – Авга ахаа. Балтав хуурчийн охин Дэлгэр урьд шөнө төрөл арилжив. – Юу. Яасан гэнээ чи яаж мэдсэн юм бэ? гэсэн Гадин огло үсрэн босов. “Ээ тэнгэр минь. Тэр сайхан хүүхэн. Тийм гоо үзэсгэлэнт бүсгүй одоо надад олдоно гэж үү. Мөн чиг сайхан хүүхэн байсан даа” гэх харуусал зүрхийг нь базалж хоолойд гашуун оргиулан нүд харанхуйлах аж. – Тиймээ. Балтав хуурчийн охин төрөөд төрөлхийн хүндрэлээр нас нөгчив. Дөнгөж төрөөд байхад нь аянга бууж гэртэйгээ хайлчихсан гэсэн. – Ай халаг. Тун тоогүй юм болжээ. Би уг нь… Би уг нь Дэлгэрийг бага хатнаа болгох гэж байсан юм. – Эртхэн энэ бодлоо гүйцэлдүүлэхгүй дээ ах минь. – Арга эв нь болохгүй байсаар ийм болчихжээ. Хөөрхий талийгч бид хоёр ханилан суух тавилангүй
улс байжээ. Гадинг үнэнхүү гашуудан хэлэхэд Нарансолонго дотроо өрөвдөж байлаа. – Хөөрхий тэр бүсгүйн төрүүлээд орхисон нялх үр Балтав хуурчийн гар дээр үлдсэн. – Юу. Тэр хүүхэд тэгээд амьд байгаа хэрэг үү. Гадин царай хувьсхийлгэн хэлээд сэжиглэсэн аятай босоод гараа сэгсрэв. – Тиймээ амьд. – Заяагүй золиг. Зовлонгоо эдлээд өөрөө орчлонг туулбал туулаг. Туулж чадахгүй бол тэгээд эхийнхээ араас үхэж далд орно биз. Үзэн ядалт дүүрэн хэлээд боссон Гадингийн нүдэнд хөх дөл маналзаж байгааг зэрвэс харсан Нарансолонго айх шиг болов. – Авга ахаа. Таны төрсөн хүү шүү дээ. – Надад дорд эмээс төрсөн үр хэрэггүй ээ. Улалзтал хэлээд гараад явчихсан Гадингийн араас Нарансолонго гайхан харсаар хоцров. Үрийнхээ алтан заяаг огтхон ч тоолгүй гишгэчин гарч одсон Гадин жороо борлог мориндоо үсрэн мордоод морины тарган хондлойд урт яргай ташуур өгчилгөн тоос манарган давхин одов. Энэ үед Нарансолонгын зүсэлж өгсөн хоёр тугалтай үнээ цөөхөн хэдэн хонийг туусан Ширчин хиа “Асгат уулыг” өгсөн мацаж явлаа. – Шумуултайн хүрээний Дэндэв модчин гэрийн
мод хийж наймаалдаг гэнэ би тийшээ очиж та хоёрыг гэртэй болгохыг бодъё доо гэсэн Бүтэмж ямааны эвэр угжинд хийсэн сүүг нялх үрийн аманд хийхэд хүү ховдоглон хөхөж гарахад хүүгийн хамаг бие хөлсөнд нэвчин чийгтэв. – Иш хөөрхий минь. Бүр өлсчихөж. Харангадах шахсан байна гээч. Балтав өвгөн ихэд шаналангуй хэлээд хацар даган урссан нулимсаа шудран арчив. – Эвий нялх амьтан. Хир шүү дээ хөөрхий минь. Ханд чавганц өрөвдөн хэлээд хараагүй мэлмийгээсээ хэдэн ширхэг нулимс бөмбөрүүлэв. – Ай хөөрхий энэ муу нялхаа яаж нэг хүн хийнэ дээ. Балтав хуурч өөрийн эрхгүй хэлээд ханхийтэл хэлээд санаа алдав. Нохой анирлан хов хов хийснээ боргон хуцаж гарахад Балтав хуурч гарч харав. Тугалтай хоёр үнээ хэдэн хонь туусан морьтой хүн асгат уулыг хөвөрдөн ойртож байв. Мал туусан хүн ноёны хиагийн хувцастай харагдахад өвгөн буцаж гэрт оров. – Нохой юунд хуцав. – Цөөн тооны хэдэн мал туусан хүн ирж байна. Мал туусан хүн нь ноёны хиагийн хувцастай юм. – Аан ноёнтон хишиг буулгаж буй бололтой гэсэн Бүтэмж аягатай цайгаа тавиад эсгий үүд шидэн яаран гарав. – Хаа. Хөж гэх эрэгтэй хүний дуу тодхон сонсдоно. –
Сайн явж ирэв үү Ширчин гуай. – Сайн хүүхээ. Авхай энэ малыг Балтав хуурчид хишиглэн өгүүлсэн билээ. Хүлээж авна уу. – Гялайлаа. Авхайн хишигт мөргөе. Бүтэмжтэй хэдэн үг солилцсон Ширчин мал хүлээлгэн өгөөд яаран буцав. *** Тээр шөнө болсон хойно Засаг ноёны зуслангийн хүрээг сахин хамгаалсан хоточ ноход шаагиад явчихав. Гаадан ноёны орос торгоовуудад захиж авчруулсан урт буу, галт сумыг бэлэн байдалд барьсан арван тавны цагдаа нар гүйлдэн сарны бүдэг цагаан гэрлийн дор сүүтэгнэн ойртох бараан хөсөгтний өмнөөс очиж – Зогс. Хаанаас хэн явна гэж өндөр дуугаар зандчив. – Хай бид Улиастайн Амбаны газраас явна. Далай ван Гаадан ноёнтой уулзах хэргийн учир ирэв. – Жа. Та бүхэн алдар нэрээ танилцуулна уу. Бид эзэн ноёндоо танилцуулж айлтгах ёстой. – Ай. Тэгбаа. Монгол журганы дэс түшмэл Чинхао морилж явна гэж хэлэгтүн. – Жа. Та бүхэн түр хүлээнэ үү. Арван тавны цагдаа нарын нэг ноёны өргөөний зүг давхиж бусад нь манж түшмэлийн дэргэд үлдэв. – Ноёнтоон. Бараалхан мэдүүлэх хэрэг гарлаа гэх хиагийн дуунаар Гаадан ноён дээшилж хар торгон тэрлэг нөмрөн гадаалав. – Юу болов. – Жа. Ноёнтон болгоо. Улиастайн Амбаны газраас Монгол журганы дэс түшмэл Чинхао гэгч хэдэн хүний хамт морилон ирээд байна. Хэрхэхийг хэлж айлдана уу. Хиагийн цаана арван тавны цагдаа зогсоно. Ноён тэртээ дээр сүүмэлзэх өнчин цагаан сарыг хараад – За
бас манж нар ямар хэл ам таталж ирэв. Татвар нэхэж ирсэнээс зайлахгүй. Тэр хэдэн манж нарыг албан өргөөнд тухлуулж идээ шүүс зэхэгтүн. – Жа. Эзэн ноёнтны зарлигийг даган биелүүлье. Одод тэртээ дээр өндөлзсөн тэр шөнө Гаадан ноёныхныг зорьж ирсэн Манж түшмэл хоёр зорилго агуулан иржээ. Манжийн төрд алба хашсан хятад түшмэл урт холын замд алжааж ядарсан нь илт харагдана. – Эрхэм түшмэл аян замдаа алжаалгүй амгалан сайн морилж ирэв үү. Шөнө орой болсон хойно морилж ирэхийг тань мэдэлгүй баахан ёс алдаж базаахгүй явдал болов. Та бүхэн айраг цагаа ууж, шүүс зоог хүртэн амарч тухалж хононо уу. Маргаашийн мандах нарнаар төрийн хэргийг хэлэлцсүй гэж Гаадан ноёныг хэлээд хүнгэнүүлэн хөхрөхөд урт холын замд ихэд алжааж ядарсан Чинхао түшмэл ихэд баясан толгой дохиод – Ай ноён чи үнэнийг айлдав. Тэгбаа тэгбаа гэв. – Та бүхэн сайхан амарцгаа. Амрахаас өмнө сархад гурвантаа хүртэнэ үү. Хол замд асгагдаж ядарсан биед эм гэсэн үг. Гаадан ноён том мөнгөн аягатай сархад хүн бүрт гурвантаа шахан байж уулгахад хятад манж түшмэлүүд согтож эхлэв. Ноёны хоёр давхар өргөөний зүүн өлзий хээ тавьсан модон орон дээр хэдэн давхар цагаан эсгий давхарлан тавьж зөөлөн жинтүү дэр, торгон хөнжил тавиад эргэсэн аягач бүсгүйн
туяхан гоолиг нуруу, хасын цагаан царай, торомгор алаг нүдийг Чинхао түшмэл хөлчүү нүдээр шунахайран харж сээмэгнэн инээвхийлснээ бүсгүйн ганган цагаан шуунаас шуналтай гэгч нь атгаад авав. Албаны дээгүүр харцтай том түшмэлэд үйлчлэх үүрэг хүлээсэн аягач бүсгүй ихэд цочиж айхдаа – Ээжээ гэж хашгираад туулайн бүжин шиг хамаг биеэ чангалан хярж хойш цахдан угзчихад хятад түшмэл – Хо. Хо. Хо хэмээн чанга дуугаар хөхөрч хэдэн үг хятадаар орилоход нойрмоглож нүд нь улайсан хэлмэрч хятад орж ирэв. – Ай хүүхэн чи юунд муухай орилов. Манай их түшмэл чамайг таалж байна. Харин чи өөрийгөө азтай гэж бод. Нойрмоглож архинд мансуурсан хэлмэрч хүүхний сайханд өөрөө ч шунан дурлаж хүүхний дэргэд очоод гоолиг биеийг нь тасам барьсан нимгэн даавуу дээлнийх нь товчийг ихэд дээрэнгүйгээр мулт татан тайлахад дээлэн дотроос хүүхний яргай цагаан цээж цайвалзан харагдаж, цээжин биеийг нь үзэсгэлэнтэйгээр урагш түрэн товойсон хатуу сэргэр хоёр хөх бултасхийн гарч ирэхэд хятадууд бахдан дуу алдацгааж түшмэлийн нүдийг хариулсан хэлмэрч хүүхний хөхийг өвдтөл чимхэн базсанаа хүүхнийг урагш угз татан зассан ор уруу хүчтэй гэгч нь түлхэж
орхиход Наран байдал бишдэж буйг ойлгон аврал эрэн чарлав. – Ай хүүхэн чи жаргана шүү. Би чамайг жаргаана гэсэн түшмэл хүүхний дээрээс хүнд биеэрээ даран унахад Наран дахин чарлав. Нарансолонго шөнийн гийчдийг амраахад Наранд туслан хамжилцаад Наранг хүлээн суутал Наран хорт могойд хатгуулах мэт хоёронтоо часхийн орилоход босон харайж дээшээ гүйн их түшмэлийн амарч буй өргөөнд ороход өтөл түшмэл найзынх нь дээр түхэлзтэл амьсгаадан гарч хувцсыг нь тасчин нүцгэлж байх нь тэр . – Ээ бурхан минь. Энэ чинь юу болж байнаа. Нарансолонго түшмэлийн балмад авирыг харан алмайрах үес – Авхай гэсээр дээлээ уруулж тасдуулж доромжлуулсан Наран түүний дэргэд гүйн ирж нүцгэрсэн биеэ уранхай дээлээрээ Халхлахчуу аядав. – Энд юу болж байгаа юм бэ! Та нар төрийг төлөөлсөн түшмэлүүд мөн үү. Эмс охидыг айлган хүчирхийлэгч дээрэмчид юмуу. Яасан муухай юм бэ! гэсэн Нарансолонго толгой сэгсрээд эргэтэл – Хүүхээн. Чи буруу бодож байна. Манай их түшмэл юу хийхээ чам мэт эмсээр заалгахгүй мэднэ гэж омогдов. – Юу болоод байна. Охин минь чи яагаад намайг дуудав. Гаадан ноён баахан амьсгаадан гарч ирээд хамаг хувцас нь урагдсан залуу чанга бие нь хөх няц болон базагдсан Наранг гайхан харахад Нарангийн нүүр час улайн доош харав. Аягач бүсгүйн залуу сайхан биеийг харсан Гаадан
ноёны дотор маналзан зүрх сэтгэл нь чичрээд явчихав. Гэсэн ч биеэ хүчлэн бариад – Юу болсон юм гэж ширүүн дуугаар асуухад хэн ч хариу хэлсэнгүй. Нарансолонго гадуур хантаазаа Наранд өмсгөөд түүнийг хөтлөн гарав. Гаадан бүсгүйчүүдийн араас харж зогсоноо – Эрхэм түшмэл та манай охид бүсгүйчүүдийг айлгаж тун ч таагүй байдал үүсгэлээ дээ. Би таны энэ байдлыг доромжлол гэж үзэж байна гэв. – Ай ноёнтон чи бүү хилэгнээ. Энэ золиг учир мэдэхгүй эмэгтэйг барьж авсныг би болиулсан. Энэ золигт би өглөө өөрөө шийтгэл онооно гэсэн Чинхао түшмэлийн үгэнд хэлмэрч агдасхийн цочиж айсандаа царай барайлган чичрэв. – Түшмэл та манай Халхын умард хошуунд төрийг төлөөлөн ирсэн. Тиймээс Чингисийн алтан цусыг удамшин үргэжлүүлж буй засаг ноён намайг үл ойшоож өргөөнд минь эмс охид хүчирхийлэх хулгай зан гаргаж доромжилсон албатдаа эхлээд шийтгэл оногдуулагтун. Дараа нь бид таны зорьж ирсэн төрийн хэргийг хэлэлцье хэмээгээд эрэмгий байдлаар том том алхлан эргэхдээ чандаган хоёр хөх булталзуулж түүнээ урагдсан дээлээрээ яарч сандчин Халхлах аядсан Наран аягачийг харах шиг болон мушийн инээмсэглэв. “Золиг чинь их сайхан бүсгүй болж гээч. Би ер ажигладаггүй байж муусайн манж хятадууд угаасаа ёозгүй хогнууд. Бузарлачихаагүй нь их юмдаа” гэж ихэд олзуурхан бодоод их өргөө
үрүү аажуухан алхав. Мөнөөхөн Наран аягач байн байн харагдаж сэтгэлийг нь гижигдэнэ. Түүнийг өргөөндөө морилоход торгон хөнжилд хөлбөрсөн Хажид хатан өндийн хараад өдөн дэрэн дээр толгой шигтгэн хярав. – Ноёнтон та унтаж амрах болж байна уу – Амрана даа. Хатан чи унтаж л байгаач хө – Нойр сэвэлзээд хүрэх шинж алга – Тийм байхаа. Хэл ам таталсан Манж, Хятад түшмэлүүд ирж яршиг удаад байна. Чи унтахыг бод. Надад албан өргөөнд ямбаны ажил их байна гэсэн Гаадан ноён учиргүй яарч ямбаны хувцасаа өмсөөд сандчин гарахад зүрх нь учиргүй салгачин чичрэх аж. Мөнөөхөн залуу халуун бүсгүйд татагдсан өтөл зүрх нь амраах шинж ер алгыг мэдсэн Гаадан хоолой засаад ямбаны өргөөг чиглэн том том алхав. Эсгий үүд шидэгдэх дараа нь Хажид хатны дуу гарч – Ноёнтон та хажуулж амраад өглөө алба хэлэлцэж болдоггүй юмуу гэх гомдонгуй дуун сонсдоход Гаадан эргэж харсан ч үгүй. Ноёныг ямбаны өргөөнд морилоход Ширчин хиа ганцаар сууж байснаа яаран босч мэхийн угтав. – Чи тэр Наран аягачийг дуудаж цай чануул. Өргөөнд гал түл гээ. Тэгээд харьж амар гэж зарлигласан ноёны зүрх амаараа гарчих дөхөн оволзов. “Тэр сайхан амьтныг яагаад харийн хүнд
бэлэглэх гэж” – Жа. Ноёнтон зарлигийг даган биелүүлье. – Ширчин чамд хийх ажил энд алга. Харуулд ямбаны өргөө үрүү хэнийг ч бүү оруул гэж хэл. – Жа – Хатныг ч бүү оруул. Гүнжийг ч бүү оруул. – Жа. Эзэнтэн минь Ширчинг гараад хэсэг удсаны дараа мөнгөн домботой цай барьсан Наран аягач гунхалзан орж ирэхэд ноёны зүрх дахиад л оволзоод явчихав. Наран аягач дээлээ сольж өмссөн байлаа. Ноёнд нүцгэн биеэ харуулсандаа ичиж улайсан жаал бүсгүй том мөнгөн аяганд шаргал цай аягалан барихад ноён түүний нарийхан цагаан хуруудыг атган авч нүүр өөд нь харахад тэрээр гараа татаж авч чадахгүй чичрэн зогсч байхыг харсан ноён түүнийг өрөвдөх шиг болж цайнаас хэд балгаад өмнөх ширээнээ тавьж – Нарансолонго та хоёр жаалхан байхаасаа хамт тоглож өссөндөө гээд үл мэдэг сүүрс алдав. Цэвэл хатнаа гэнэт дурсан хамар шархираад явчихав. – Жа. Тийм билээ. Ноёнтоон гэх залуу бүсгүйн цээлхэн дуун гарахад ноён дахин түүнд татагдаж эхлэв. – Наран чи ямар том болоо вэ! Мөн сайхан бүсгүй болжээ. Ноёны энэ бахархал дүүрэн дуунд Наран хариулж чадсангүй. Айж, ичин зогссоор байлаа. – Муусайн манж, хятад түшмэлээс болж бузгай ядарч байна. Алив чи зогсоод яах вэ! ор засаадах. – Жа. Ноёны дуун урьдын адил ширүүн догшин болоход
баярлах шиг болсон Наран өргөөний баруун талд цэмцийх ноёны амрах орыг засаад үүдэнд очиж зогсов. Ноён хурц хар нүдээр түүнийг нэгжиж хараад – Алив чи энэ хувцас тайлаадах гэж зандрав. – Жа. Наран ноёны хувцсыг тайлаад эргэтэл – Чи наад хувцсаа тайлаад хөнжилд орж хэвт. Гадны хэн нэгний биш миний дэргэд байсан нь чамд өлзийтэй биз гэхэд хэдэн дусал нулимс бултайн үзэмжит хацрыг нь даган доош урсахад ноён паливгар том гараараа тэр усан дуслыг арчиж аргадаад үзмэн ягаан уруул дээрээс нь зөөлөн шимэн үнсээд хумин тэвэрч зөөлөн хөнжилд шурган оров. Үүрийн шаргал гэгээ тооноор шургах үес Гаадан ноён ужид цэнгэлээс арайхийн ангижирч бүсгүйн дэргэд амьсгаадан хэвтээд – Би чамайг бага хатанд өргөмжлөнө гэв. – Би Хажид хатнаас айж байна ноёнтоон. Би чинь өнчин ядуу орь ганцаар хүн шүү дээ. Наран хувь заяандаа багтран мэгшиж уйлах аж. – Харин тэгээд л би чамайг эрх мэдэлтэй эзэн хатан болгож байна. Миний хүүхэн. Би чамд хайртай гэсэн Гаадан ноён залуу бүсгүйг үнсч аргадна. – Би юу мэдэх вэ! дээ та өөрөө мэд. – Тэгэлгүй яах вэ. Би мэднэ. Одоо босоод чамд шинэ өргөө бариулна. Аягач шивэгчин гаргаж өгнө. – Яанаа. Би авхайгаас ичиж байна. – За тэр яадаг юм бэ! юунаас ичдэг юм гэх ноён залуу хатнаа таалсаар байх тул өсөх балчир наснаас өдийг хүртэл бусдын хайр халамж үзээгүй
Наранд сайхан санагдаж эхлэв. – Ноёнтоон. Их хатан авхайг хаашаа явж хэнтэй уулзахыг нь дагаж явж мэдээд өөртөө хэлж бай гэж надад зарлигласан яалтай билээ. – Хм. Миний охиныг тандаж тэр яах вэ! бүү тоо. – Жа – Хажид миний эзгүйд араар тавьж завхайрдаг чи тэгэхгүй биз. – Ёстой тэгэхгүй – Чи минь надад сайн байж, намайг жаргаа. Бас хар нялхаас нь тэвэрч өсгөсөн Цолмон хүүг минь сайтар хамгаал. – Жа. Би агийг харж асарч байнаа. Ноёнг шинэхэн залуу амрагтайгаа жаргаж үдийн нар хойморьт голлох үес өөдлөхөд Халхын ноёноос чамгүй жийрхсэн Чинхао түшмэл өөрийнхөө өмнөөс хэлмэрчээ золин цаазалж байлаа. Өглөөжин ноёныг ирэхийг хүлээсэн Хажид хатан эцэст ямбаны өргөөнд ирэхэд буу зөрүүлэн барьсан хоёр хиа – Ноёнтон дотогш хэнийг ч оруулж болохгүй гэсэн гээд халгаасангүй. Ямбаны өргөөн дотор эмэгтэй хүний жаргалтай инээд сонсдоход хатны дотор харанхуйлж ихэд уурсан давчдаж хар хорын мананд эзлэгдэн шаналах тул ганц охиныхоо эцэг Сэд түшмэлийг дуудуулав. Сэд түшмэл шинэ эхнэр аваад хэдэн жил болж буй тул ирэхгүй удаж хатны уурыг дээд цэгт нь хүргэж байж арайхийн бараагаа харуулав. – Хатантан амгалан морилж байна уу. Таныг гэнэт дуудуулахаар
балмагдаж сандарлаа шүү. Сэд түшмэл мэнд мэдээд том хөөрөг гарган хатанд барив. Манж ноёдыг дуурайн Монгол ноёд хөөрөг зөрүүлэн тамхилж бэл бэнчингээрээ зиндаархах болжээ. – Мэнд сайн даа. Бараагаа ч нэг харуулчихгүй юм. Өчнөөн дуудуулж байж улаан нүүрээ харалцах юмдаа гэж гомдонгүй хэлсэн хатан түшмэлийн хөөргийг буцаан барив. – Хатантан бүү чилэгтүн. Та жаргалтай хатан болоод өндөр суудалд заларсан болохоор өчүүхэн түшмэл би эрхбиш эр хүн гэсэндээ өөрийн голомтоо зэхээд хэдэн он өнгөрөвдөө. Хүний л амьдрал юм хойно,өтөл хойно заяасан улаан цурав дөрвөн үрээ хүн хийх гэж зүдэж л явна. Тамгийн газрын ажил ч бас сэхээ сэвтээ өгөхгүй л юм хэмээн түшмэл өчиглөөд энэ олон жилийн дараа дуудсан хатныг ихэд гайхашран харав. – Сэд минь би чамд сайн байсаан. Чамаас үлдсэн ганц охин минь нас биед хүрч ижий болсон. Мандалаас төрсөн жаал хөвүүн Гэрэлт одоо зургаан хаврыг үдэж зулзган мод шиг өсөн дэгжиж байна. Чи ч бас эцэг нь үр хүүхдээ бодох хэрэгтэй байна гэсэн Хажид хатан түшмэлийг харж дуугаа өндөрсгөв. – Хатантан болгоо. Бие сэтгэл минь хол ч би та хоёрыгоо бодож санаагүй өдөр ховорхон шүү. Нялх сэвлэгтэйд нь таалсан болохоор ноёныг би Мандал охинд минь зөрүү аашлахгүй байх гэж боддог шүү. – Ноёнтон буруу зөрүү аашлах нь үгүй ч миний охинд хишиг
хайрлахгүй юм даа. Амьдрал гэдэг тэр чигтээ тэмцэл хойно. Би зээ хүүдээ эрх мэдлийг авч өгөх санаатай. Хатны энэ шулуухан үгэнд Сэд түшмэл цочих шиг болон хатныг аймсан харж-энэ чинь юу гэсэн үг вэ? гэж яаран асуув. – Ноёны агь Цолмон гэж сэргэлэн нь дэндсэн золиг байгаа. Түүнийг одоо тодруулах ёстой Гэсэр багшийн хойд дүрд залчихвал Гэрэлт хөвүүн маань өвөг эцгийнхээ удмын суудалд суух ёстой. – Цолмон агь тэгээд тийм эрдэм төгс хүүхэд үү. – Ямар балдууш нь байх билээ. Гэсэн ч хамбаас би гуйгаад байгаа. Эрх мэдэл. Эд мөнгө байхад болохгүй юм ч гэж хаа байх билээ. – Хатан та хүчирхэг бие ухаантай хүн надаар хэлүүлэх юу байх вэ? Сайн бодож зөв юм хийгээрэй дээ. Манай Далай вантан их хатуу чанд хүн шүү. Тэгээд ч Гэрэлт хөвүүний талаар би таагүй зүйл сонссон. Хэрэв тэр үнэн бол дээдсийн ариун сэнтийд бүү зүглүүл гээд чимээгүй болоход хатан түүнийг ихэд таагүй харж – Таагүй зүйл гэж юу вэ? гэж асуув. – Хатантан болгоо. Олон түмний ярианд үнэний ор байдаг. – Гэрэлт хөвүүнийг Хөх данжаадын нуувар хүүхэд гэдгийг хэн батлах юм бэ?. Хэн мэдэх юм бэ? Хэн ч мэдэхгүй. Харин ч Хөх данжаадаас эд мөнгөний тусламж авч хүүхдийг нь ноён болгох гэж байхад тэр данжаадад ч гэсэн хэрэгтэй биз дээ. Бид угшилт суудлыг өөрийн үрдээ
авч өгөх ёстой. Энд түшмэл чиний тус нэмэр асар их байна гэсэн хатан “чи миний үгээр байх ёстой” гэх шиг түшмэлийг муухай харав. – Хатантаан. Тэгэхээр үнэн байх нь. Тийм бол тэр хүүг дээдсийн суудалд бүү ойртуул.Тэнгэр хилэгнэнэ гэсэн Сэд түшмэл босч хатанд мэхийн ёс хийгээд – Хатантан би явъя даа. Та болохгүй юмыг болгох гэж зүтгэдэг хэвээрээ байгаа юм байна гэчихээд гараад явчихав. – Хм. Энэ олон жил өнгөрч байхад энэ нэг юмны байж байгааг. Унхиагүй царайлчихаад яг хэвээрээ шүү гэж хатан харамсан толгой сэгсэрсээр хоцров. – Хатантан болгооно уу. Ноёнтон таныг ямбаны өргөөнд морилон ир гэж хэлүүлж байна. – Ноён өөрөө ямбаны өргөөнд байна уу. – Жа. Ноёнтон морилж алба хэлэлцэж буй. – Наран аягач хаагуур байна. Дуудаж хийлгэх ажил

байна. – Жа. Өглөөнөөс хойш Наран аягач ер харагдсангүй. Ноёнтон их өргөөний дэргэд дахин нэг өргөө барихыг зарлигласан тул намайг явахыг зөвшөөрнө үү хэмээн хиа хэлээд мэхийн ёс хийв. – Юу гэнээ. Шинэ өргөө барихаа. Үгүй энэ ноён галзуураагүй байгаа даа. Энэ олон өргөөгөөр яах гэсэн юм бол. Арай манж түшмэлийг тэгж зочломооргүй юм гэж өөртөө үглэсэн Хажид хатан төрт ёсны өмсгөлөө өмсөөд ямбаны өргөө үрүү алхав. Хатныг ямбаны өргөөнд морилоход Манж түшмэлүүдийн хамт Гаадан ноён архи ууж суулаа. Ноён хатнаа харж мушийн инээх аядаад гэмшингүй доош харав.