
Ашгүй дээ. Эгч минь та чадлаа. Одоо хүүг минь өлгийдөөч. Хэд хоногийн өмнө Гадин туслахын Балтав хуурчид өгсөн нэхий өлгийд хоёул хамжин байж нялх хүүг арай хийн өлгийдөхөд тэнгэр тас хийн
дуугарч бороо ихэд хүчтэй асгарч гал цахилгаан маналзуулахад хоёр эмэгтэй дуу алдан хашгиралдав. Үүдэнд нохой гаслах сонсогдоно. – Холд гэм. Ёрын золиг вэ! Аянга бууж байхад үүдэнд гаслаад хэмээн
зандарсан хараагүй эмгэн нохойг зандарч хий газар самардан айлгав. Тэнгэр дахин тас хийж гал цахилгаан маналзахад хараагүй хөгшин ямар нэг зүйлд чирэгдэн гэрээс гарч нойтон газар элэгдэн хэвтэж
байгаагаа мэдэрч арайхийж өндийн суув. – Яасан аюултай юм болж байна аа бурхан тэнгэр минь ядмаг биднийгээ өршөөж болгоо эмгэн хараагүй мэлмийт тэргүүнээ өргөн хоёр гараа сарвайлгаад залбирав.
Хариуд нь хувин хувингаар асгарах мэт бороон дусал эмгэнийг сармай дээлтэй нь хайр найргүй шавшиж байлаа. Дараа нь тэнгэр тас хийж дахин гал цахилгаан маналзахад нохой гаслан ухасхийснээ төд

удалгүй эмгэний энгэр дээр хүнд юм унахад эмгэн тэмтэрч үзээд нялх хүүхдийн нүүрийг илээд ээ тэнгэр минь гэж дуу алдан шалба норсон хүүхдийг тэврэн гэр өөдөө майжигнахад нохой ихэд гаслан сүүл шарвагануулан дагах аж. Эмгэн гэртээ орж модон орон дээр хүүхдийг тавиад Дэлгэрт зовинон эргэж гарахад нохой гаслан өмнө нь саад хийхэд хамаг хүчээ дайчлан нохойг хий цохитол тэнгэр дахин нирхийж дуу цахилгаан маналзаад хиншүү хярвас үнэртэх нь тэр – Ай бурхан минь юу болоод байна даа гэж үглэсэн эмгэн Балтав хуурчийн хайлсан гэрийн зүг алхаж – Дэлгэр.. Дэлгэр ээ охин минь гэж дуудахад хариу таг чиг байх агаад нохой гаслан хормойноос нь зуух аж. – Энэ яадаг улиан бэ! Аюул болж байхад. Дэлгэр ээ охин минь чи зүгээр үү. Ханд эмгэн хоолой зангируулан хэлээд хариу таг чиг оргиход гашуунаар мэгшин уйлав. Харанхуй аажмаар орчныг нөмөрч тэнгэр
цэлмэж гэнэт орсон шигээ бороо гэнэт зогсов. Уй гашууд дарагдсан хөөрхий эмгэн гэнэт хүүхдийг санан гэртээ орж ороо самардан хүрч хүүхдийн дэргэд очвол хүүхэд чив чимээгүйн дунд унтаж байлаа. – Иш хөөрхий минь. Нялх амьтан мэнд байна уу үгүй юу. Хүйтэн бороонд шалба цохиулаад осгож нүд аниагүй байгаа даа. Эмгэн аймсан үглээд хүүхдийг авч нүүрэндээ наавал жигдхэн амьсгалан унтаж байх төдийгүй түрүүхэн усан шалханаг болтол норсон нэхий өлгий хув хуурай болсон байхад ихэд самгардан хүүхдийг бараг шидэх шахам буцааж орон дээр тавив. Тэр шөнө одод тэнгэрт жирвэлзэн яралзсан дэндүү тунгалаг цагаан шөнө байсныг хараагүй эмгэн нялх үр хоёр яахан мэдэх билээ. Цэлмэг тэнгэрт одод түүчээлсэн тэр шөнө Балтав хуурч, Бүтэмж хоёртой ихэд гайхалтай учрал тохиов. – Өдийд болсон л баймаар л юм манай хот бид арай төрсөн нутагтаа төөрнө гэж баймааргүй юмсан. Гэнэт гэрлүүгээ жигтэйхэн яарч адгасан Балтав хуурч хэлээд морио ороолгоход Бүтэмж дуугарсангүй. – Сая хойд хөх даваагаар айхтар аадар шуугиад өнгөрөх шиг болох юм. Харин тэгэх
шиг боллоо хөгшин хөвөө хоёр минь яасхийн байгаа юм. Хувьгүй ч тавилан юм байгаадаа өдиий насалсан хөгшин толгой би түмэн олноос хишиг горилон өдөр бүр хуурдсан ч гурван толгойгоо хооллож эс чадах юм даа гэсэн Балтав хуурчийг хүндээр сүүрс алдахад толгой дээр нь нэгэн их гэрэлт од мэлтэгнэн гэрэлтэв. – Үгүй юу вэ? энэ чинь “ Алтан гадас” од шивдээ Бүтэмж ихэд гайхан хэлэхэд өвгөн сэхээ авч одыг ажиглав. – Тийм байна алтан гадас од байна. – Балтав ах хардаа. Од нүүдэг юм уу? Хөдлөөд байх юм. – За хө. Учиртай ч юм боллоодоо. Од оддоо “Алтан гадас”од хөдлөөд байх юм. Мөн их тод гэрэл байна. – Балтав ахаа миний сэтгэл нэг л зовоод байна. Хурдан явъя Бүтэмж түгшин хэлээд морио зөөлөн ороолгож явахад бэлтгэв. – За цөг гэм. Тэнгэрийн ийм сайхан эрдэнийн одыг хараад зүгээр өнгөрөөд явах уу. Ёстой аз харина байгаа. Дээд тэнгэрээ ерөөе! Эрдэнийн “Алтан гадас” одоо магтъя хэмээсэн өвгөн хуурчийн үрчгэр нүүр гэрэлтэн туяарч нүд нь очтон төдхөн хуурын сайхан аялгуу орчинг бүүвэйлэн эгшиглэв. – Эртний сайхан ерөөл буян талбисан Ерин есөн их тэнгэр минь мөнх оршигээ. Энэ л газар дэлхийг гэрэлтүүлэн гийгүүлсэн
Эрдэнийн гэгээн Алтан гадас од алдаршиж түгэгээ. Хаан тэнгэр эцэг минь амгалан оршиг Халх Монгол түмэн иргэд дүүрэн оршиг Дэлхийн энгээр олон Монголчууд жарган байг Дээд тэнгэр минь өгөөж дүүрэн оршин байг. Шөнийн харанхуйг гэрэлтүүлэн түгэх тэр одны дор хуур эгшиглэнэ. Тэр тансаг аялгуунд ядуу хуурч учиглан, учирлан ерөөл өргөн байв. Нохой амнаасаа хөөс сахруулан уухичин давхиж ирэхэд унасан морьд үргэн хамраа дуугарган хуухирав. – Жов гэм. Золиг чинь. Яах чинь энэ вэ!хар улиан чинь, Балтав өвгөн сүрхий цочмоглон жолоогоо өргөн нохойг цохих дүр үзүүлэв. Нохой гаслан газарт унаад хэдэнтээ хөрвөөснөө босч гэрийн зүг хуцан давхихад – Энэ нэг бишээ. Нэг жигтээ явдал болов бололтой гэсэн Бүтэмж морио ороолгов. Тэднийг асгат толгойн энгэр дэхь гэртээ ирэхэд саран сүүн цагаан гэгээгээ харамгүй тусган өдөр адил гэрэлтэй саруулхан байв. – Хүүе манайх алга. Хаачдаг билээ гэж Балтав хуурчийг сандчихад – Юун хиншүү хярвас вэ! хэмээн дуу алдсан Бүтэмж мориноосоо үсрэн буув. Нохой газарт наалдан хэвтээд гаслана. Хоёр гэрийн амьжиргаа, болсон цөөн хэдэн бог хар нүүрс болчихсон хайлсан гэрийн үүдэнд хэвтэнэ. – Энэ чинь юу болж байна. Манайх хайлчихаж. Ээ Бурхан
минь. Дэлгэрээ миний охион Балтав өвгөний дуунд айдас дүүрч улмаар нулимс хоолойд нь гашуулдан дүүрэв. Сайн юм болоогүйг ойлгосон Бүтэмж өвгөнийг түшсээр гэртээ орвол саяхан нэгэн буянтны өгсөн бөөрний өөх хайлуулж зэс цөгцөнд хийж зул бадраасан хараагүй эх нь голомтныхоо өмнө сөхрөн суугаад зулын гол ороох аядан бөртөлзөнө. Өвгөн залуу хоёр нэхий өлгийд тавтай гэгч нь нойрсох нялх хүүхдийг хараад үүдэнд зогсоцгоов. Өвгөний цорын ганц үр нь, Бүтэмжийн нялх сэвлэгт тоглож өссөн найз нь нутгийн сайхан бүсгүй хүний орчлонд хайртай бүхнээ орхиод цогцсоо ч үлдээлгүй одсон байлаа. Шодон буурал гэзгээ үгтээн үгтээн уйлан цурхирсан Балтав хуурч тайван унтах үрийг харан үе үе өмөлзөнө. – Ээ хөөрхий хувь заяа минь. Даанч яав даа. Хурмаст хөх тэнгэр минь дээ. Очиж, очиж ягтаа тулж ядарсан миний ганц үрийг авдаг нь яаж байгаа юм бэ дээ. Ядуу би одоо яаж энэ нялхыг тэжээнэ. Ядаж ганц ямааг минь хүртэл авчихдаг. Тэнгэр эцэг та миний хайртай ганц охин, амь зуулгах ганц ямаагаар дутлаа гэж үү дээ. Ихэд гомдсон өвгөн дотоод сэтгэлдээ өгүүлээд хоёр мөрөө чичрүүлэн мэгшив. Үрчлээ
дүүрэн хоёр хацрыг нь даган халуун нулимс үерлэн асгарна. Охин үрээсээ хагацана гэдэг эцэг хүний хамгийн хэцүү хагацал гэлээ ч үхэж болдоггүй орчлон аж. Эхээсээ хагацсанаа гэнэт мэдрэх шиг өлгийтэй хүүхэд часхийн орилоход уй гашуудаа дарагдсан өвгөн чацав хийсэнгүй. “Дөнгөж төрөөд эхийнхээ толгойг идсэн золгүй золиг. Би чамайг одоо яаж хүн хийж, юугаар тэжээж хүн болгоно доо. Голыг чинь чийглэх ганц балга сүү ч надад алга. Хайран охин минь. Хайртай үр минь. Чи яагаад муу эцгийгээ” гэх харуусал өвгөний цээжинд буцалж хоёр чих нь шуугина. Бүтэмж алгуур босч хүүхдийг аваад тогтуун гэгч нь ажиглав. “Гадин туслахад одоохон аваачаад өгчихье! Хүү минь чи энд байгаад хэрэггүй. Хоосон ядуу өвөг эцэг чинь чамайг юугаар тэжээдэг юм бэ? Чи тэр баян эрх дархтай эцэгтээ оч. Чамайг яаж хүн хийхийг чиний эцгийн хүн сэтгэл мэдэг. Чи гомдох эрхгүй шүү бидэнд. Гомдвол тэр эцэгтээ л гомд. Миний багийн найз Балтав ахын ганц үр, чиний төрүүлсэн эхийг Гадин новш идчихлээ. Ойлгов уу чи. Эцэгтэйгээ элбэж чи эхийнхээ толгойг залгичихаад юу ч болоогүй мэт унтана гэнээ. Бүтэмж нялх үрийг сэтгэлдээ адлан бодоод
түүний мантгар цагаан царайг дахин нэг хараад хирдхийн цочив. – Хүү минь чи хаачих гээ вэ? Тогтож суухгүй өндөлзөөд Ханд эмгэн зэмлэнгүй хэлээд харалган мэлмийдээ уурсах мэт үүд рүү тэмтчин хараачилж чимээ чагнав. – Ээж минь тайван бай. Би удахгүй хүрээд ирнэ. – Үнэн биз. Эхийгээ хуурах гээгүй биз. – Яалаа гэждээ ээж минь – Миний хүү уг нь ухаантайдаа. Эмгэн хүүгээрээ бахардан дуу алдаад галдаа мод хийхэд атаархах шиг болж сэтгэл ихэд давчидсан Балтав хуурч үүд рүү өмөлзөн харав. – Бүтэмж чи хаачих нь юу? – Гадингийнд очоод ирье. – Яах нь вэ? – Энэ хүүхдийг нь аваачиж өгье! – Боль… Боль… Битгий тийш яв. Наадахь чинь надад байгаа цор ганц үр шүү дээ. Халаг минь. Өвгөн цааш үг хэлж чадахгүй мэгшиж эхлэв. – Мөөн. Сэтгэлээ барьж бодит байдалтай эвлэрч үз. Чаа гэх ямаагүй, хаая гэх ганц хоньгүй болчихоод яаж энэ хүүхдийг хүн хийх гээ вэ? – Хүнээр хүн хийх амаргүйг би биш ээж та хоёр мэднэ. Хүүхдийн ирээдүйг бодсон ч Гадинд өгсөн нь дээр. Бүтэмж өөрийн үйлдэлдээ өөрийгөө ихэд зөвтгөн хэлээд үүд сөхөн гарахад цолмон цагаан одод яралзав. – Бүтэмжээ ганц хар толгой үлдсэн намайг чи өрөвдөхгүй байна гэж үү
дээ. Хүүг минь өгөөч, миний хүүг өгөөч. Балтав хуурч эцэст нь хамаг хүчээ дайчлан хоёр туранхай гараа сарвайлган өргөөд мэгшихэд Бүтэмж тэр чигтээ явчихаж чадсангүй. Эргэж орж ирээд өврөөс хүүг аван өвгөний туранхай гар дээр зөөлөн тавихад нялх хөвүүн үнэгчилж буй бололтой өхөөрдөм хөөрхөн инээвхийлэхэд тэр хоёрын зүрхээр нэгэн зэрэг часхийн хатгуулав. – Иш хөөрхий минь. Үр минь. Инээж байдаг. Инээгээд байна шүү гэж хоолой чичрүүлэн шивнэсэн өвгөн нялхыг туранхай цээжиндээ наан тэврээд мэгшихэд хөвүүн сэрэв бололтой уруул өмөлзүүлэн өвгөний хэнхдэг цээжийг хөхөн шорвог гашуун хөлс аманд нь ороход толгойгоо гэдийлгэн нүүрээ улайлгаад байдгаараа чарлаж гарав. Яах учраа олохгүй гурван хүн хий сандралдаж Бүтэмж ухасхийн гараад хаа нэг тийш давхин одох нь сонсдож, Балтав өвгөн олон түмний хишиг хайрладаг бор уутаа сандчин ухаж ганц ширхэг бурам олоод шүдгүй амандаа хийж займчуулан жижиглэх аядаад бага багаар хүүхдийн аманд хийхэд хүүхэд чимээгүй болж дахин унтав. Ядуу өвгөний цээжинд үрээ гэх эцэг хүний асар их хайр дүрэлзэж, амьдрах их хүсэл оргилоход
тэрбээр босч олон зуны нар бороонд онгож гандсан бараан тэрлэгээ өмсч бүсээ жавхайтал ороон бүслээд өлгийтэй хүүг харж инээмсэглэв. – Өвөө хүү хоёр амьдраад байна даа. Эр улс байна. Юунд алзахав. Амьдрал сайхан даа. Сайхан. Балтав өвгөн хэнд ч юм бэ ихэд чанга хэлээд инээмсэглэхэд гаслант усан дусал нүүрийг нь даган бөмбөрөх аж. Тэр усан дусал дэндүү гашуун санагдаж өвгөн өөрийгөө өрөвдөх шиг болсноо гашуунаар инээвхийлэв. – Балтав гуай та хаачих нь вэ? Харанхуй шөнөөр нялх хүүхэд тэврээд. Ханд эмгэн ихэд нухацтай хэлээд чихээ далжийлган хариу хүлээнэ. – Хүү чинь ирлээ.Чи алзахгүй бизээ Ханд минь. Та хоёрт би нэрмээс болоод яах билээ. Ганц үр минь нялхаа орхиод гэрээ аваад хайлчихлаа. Орох оромжгүй бид хоёр яалтай билээ. Монгол нутаг минь уудам, Монгол түмний минь сэтгэл цагаан болохоор бид хоёр юу алзах вэ? Хүү бид хоёр явъя даа гээд Балтав өвгөн босов. – Ахай. Яасан аминчхан бодолтой хүн бэ?Та. Төдийгөөс өдий хүртэл өчнөөн жил айл аймаг явчихаад орхиод явах нь уу. Харах нүдгүй хазах ханьгүй би тэгээд яах болж байна. Хандыг ихэд ууртай хэлэхэд айх шиг болсон өвгөн тогдгосхийн буцаж суув. – Үгүй ер нялх хүүхэд аваад зугтах мэт явахдаа яах вэ дээ. Ханд мөн л Балтавыг буруутган хэлээд тулганд мод нэмж хийгээд утаа тортогт
идэгдэж өнгө нь мэдэгдэхгүй болсон тогооны саваа онгичин хар ууттай борц гаргаж ирээд алх дөш нийлүүлэн ихэд чадмагаар борц нүдэж эхлэв. Балтав түүнийг гараа цохих нь гэхээс айж – Үгүй чи нааш нь өг. Гараа шалба цохино шүү гэж бувтнахад Ханд эс тоож – Та ер нь Бүтэмжийг гэрт тогтоно гэж яаж санав. Сайн бол хоёр хоноод хаа нэг тийш арилаад өгнө биз. Тэр ямар гэрийн бараа харах биш хэмээн үглэсээр байлаа. Сарны сүүн цагаан гэгээ тоонон дээр мэлтэгнэнэ. Ядмаг амьдралтай гурав амьдрах гэж хийсэн борцтой хоолны үнэр тээр шөнө болсон хойно хамар цоргин үнэртэж байв. Хүй орчлонгийн сая сая хүний амьдрал өөр өөрийн өнгөөр тэр шөнө ийнхүү үргэлжилжээ. Сүүн цагаан тэр шөнө жолоо таталгүй довтолсон Бүтэмж үүрийн шаргал гэгээтэй уралдан ноёны хүрээнд ирэв. Түүний ойртон очих үес нэгэн морьтон угтан довтолж ирсэн нь Ширчин хиа байлаа. – Амар байна уу та. – Мэндээ та амгалан сайн явна уу. Хэрэг зориг юунд вэ? Ширчин хиа мэндлээд нүүр өөд нь асуунгуй харах аж. – Ширчин ахаа та надад туслаач. Нарансолонготой уулзах тун чухал хэрэг гараад байна. Ах минь хичээж тус болооч. Бүтэмж шулуухан гуйж эхлэхэд хиагийн нүүрэнд гайхах байдал илэрч – Юу болоо вэ гэж
асуув. – Та намайг Нарансолонготой уулзуулаад өгчих. Ширчин хиа ихэд эргэлзсэний эцэст Бүтэмжийг шугуйд биеэ далдлан байхыг хүсээд эргэн хатируулжээ. *** Тариатын хүрээний Гэсэр сүмийг номд нэвтэрхий гэж зэргийн ихэс лам нарын дунд өргөмжлөгдсөн цагаан Гэлэн тэргүүлэн буян номын үйлийг удирдан явуулж байсан цагаан морин жилийн зуны дунд сарын шинэд эхэлж байлаа. – Гэсэр сүмийн хамба лам Түвшин улаан шарыг тунаруулсаар орж ирэхэд номч ламтан тэргүүн бөхийлгөн хүндлэн угтав. – Хамбатан дээшээ морилогтун гэж урин олбогт залсан Цагаан гэлэн алгаа зөөлөн ташихад хаалга зөөлөн онгойж арван долоо, арван найм орчим настай гэвш ламтан орж ирээд багшийн зарлиг хүлээж алга хавсран бөхийн зогсов. – Хамбатанд цай идээ баригтун. – Жа. Багшийн таалалыг дагая. Төд удалгүй өлзий хээт том ширээн дээр мөнгөн домботой цай амтат чавга мөсөн чихэр, ааруул хурууд дүүрэн цартай идээ өрөгдөж хоёр ламтан сүүтэй цай ууж амттан хүлхэнгээ ажил албаа ярилцав. – Хамбатан та шүүс болгооно уу – Гэмгүй. Гэмгүй. Би түрүүхэн гүнцэг барьсан. Номч багш таньтай хойшлуулшгүй хөөрөлдөх нэгэн зүйлийн учир би бараалхан ирэв. – Айлдагтун. Хамбатан та – Таны багш Гэсэр гэгээнтэн хүн төрөлд морилон ирэв
хэмээх зүүдний учрыг олох хэрэгтэй мэт. – Хамбатан таны зүүдэлсэн зүүдийг би бас гурван шөнө дараалан нойрондоо үзэв. Гэсэр багштаны эргэн морилох цаг үе тохиож буй бололтой. – Тийм бий. Багштан болгооно уу. Өчигдөр үд хэвийж наран уртсах үеэр Гаадан ноёны Хажид хатан морилон ирэв. Агь хөвүүн түүнтэй хамт морилж явах юм. – Жа. Хатантан тэгээд юу гэж айлдах юм бэ?Дээ. – Цолмон агийг Гэсэр багшийн хойд дүрд тодруулж өгөөч гэх юм. – Цолмон агиас ямар нэг шинж тэмдэг илрэв үү. – Агь хөвүүн удамт сэнтийн эзэн шүү дээ. – Тиймээ. Бүрлээч Цэвэл хатан, Гаадан ноён бол хоёул удам дамжсан алтан цуст дээдсүүд. Дээдсүүдээс төрсөн Цолмон агь бол төр барих алтан ургийн дээдэс мөн. Гаадан ноён ганц хөвүүнтэй. Тийм учраас агь ноёнтонг оролдох хэрэггүй. Багштан морилж буй бол заавал тэмдгээ үзүүлнэ. Хөх тэнгэрийн дээд давхаргаас морилон ирэхийн цаг гал улаан тэнгэрийг хагачин хайрт эхийн амийг золин байж ирнэ. Үйл заяаны хойморт морилохын өмнө үгээгүй зовлонтны амьдралыг туучсугай хэмээн зарлигласан. Зарлиг биелэхийн цаг дор бидний эрэл эхлэх нигүүртай юм. Багштан ноёныд биш үгээгүй дорд ядуу хирнээ ариун эмд заяан төрөх бус уу. – Багштан таны айлдсаныг ухаж тунгаалаа. Цолмон агь биш гэдгийг ухаарлаа. – Чухамдаа Хажид хатан юуны учир агь ноёнтонг их өргөөнөөс холдуулахыг хичээх болов. Удам гарвал төгөлдөр ухаант хатан бус аягачин шивэгчин төдий ядуу
дорой эмийн хийдэл гаргаж болох талтай. – Ноёны өргөө хавиар хормой хотны хэрүүл, хор муу санаархал салхи адил дэгдсээр буйг бас бодууштай. – Багштан минь ухаж бодууштай ухаан зарах үйлс дэгдээд буйд санаа зовууштай. Хажид хатан ноёны аягач байхдаа Сэд түшмэлтэй янагшиж нэгэн охин төрүүлсэн нь Мандал авхай. Мандал авхай хэдэн жилийн өмнө Гэрэлт хөвүүнийг бутач төрүүлсөн. Гэрэлт хөвүүнийг хөх данжаадын нуувар үр гэж ярилцах нь бий. Үгийн салхинд үнэний ор байж ч бас болохыг үгүйсгэхгүй. – Хамбатан минь бидний өмнө амаргүй үйл үргэлжилж буй. Засаг ноён Гаадангийн эцэг дээдэс удам Тариатын хүрээг үүсгэн байгуулсан. Ариун номын өргөө босгож авралт дамжсан Далай вантангууд бурхадыг амилуулсан Далай вантангуудын ариун хойморыг цэвэр байлгаж алтан ястны давалгааг батжуулахад бид бас анхаарах хэрэгтэй юм шүү. Арван шинжээчийг арван зүгт мордуулж ачит багшийнхаа морилон ирэх тэмдэг сэлтийг сайтар шалгах нь зүйтэй бусуу. – Жа. Багштан минь таны айлдсан ёсоор зарлигийг даган арван гавжийг одуулья. Та амгалан морилж буян, номдоо шамд даа гэсээр хамбыг босоход Цагаан гэлэн бөхийн ёс хийв. Энэ үед Гэсэр багшийн том дуган дахь очирт хонхнууд нэгэн зэрэг жижигнэн дуугарахад хоёр лам ихэд цочин биесээ гайхсан нүдээр харцгаав. – Юу вэ! Багшаа. – Очирт хонхнууд
зэрэг дуугарч Багштан дохио өгч байна. Багш минь морилон иржээ гэж Цагаан гэлэн ихэд догдлон хэлээд нүдэнд нь ус мэлтэгнэв. – Тиймээ. Гэсэр багштан морилон ирэв. – Тэр учралд бэлдэгтүн. – Жа. Ихэд догдолсон хоёр ламтан биесдээ тэргүүнээрээ адис өгөөд салан явав. Хамба ламтанг номын өргөөнөө морилон ирэхэд хоргой дээл өмссөн Хажид хатан аягач Нарангийн хамт хүлээсэн байртай цомцойн сууж байснаа хамбыг хараад инээмсэглэн босч мэхийн хүндэтгэл үзүүлэн мэндлэв. Хатны инээмсэглэл хамба ламтанд цаанаа нэг хуурамч санагдахад түүний ар нуруу уруу хүйт оргих шиг бие нь заралзав. – Хатантан амгалан морилж байна уу. Чухам ямар хэргээр дээдэс морилж буйг мэдэж болохсон боловуу. – Хамбатан таны буяны үйл хэрэгт өчүүхэн дэм болох санаатай ирэв би. Тавин лангийн алтан ембүү хүлээн авна уу. Хамба таны санд тавин эр хонь, хоёр эр үхэр нийлүүлье. Болгооно уу. Найман тахилт торгон самбай барьсан хатны өглөгийг хамбатан цааш нь түлхэж чадсангүй. – Хатан таны өгөөмөр сэтгэлд гялайлаа. Хамаг амьтны тусын тулд өглөгийг тань зориулах болно. Гэхдээ бид агь хөвүүний тухайд мөн бишийг одоогоор тодорхойлох боломжгүй мунхаглаж буй гэмтэй. Таньд цаг алдалгүй мэдэгдэх болно хэмээсэн хамбын өмнө Хажид хатан аягачийн хамт адис авахаар бөхийхөд хамбатан баруун гартаа атгасан том ясан эрхээр адис тавив. – Хамбатан минь хичээж тус болж хөвүүнийг минь
их суудалд залахыг хичээнгүйлэн гуйя! – Жа. Хатантан таньд бид шинжээний дараа даруй мэдэгдэнэ. Тиймийн учир та өргөөндөө морилж ажаамуй. – Тэгье дээ. Хамбатан та шалавлаж үзээрэй гэсэн Хажид хатан өгөөмөр сайхнаар инээвхийлэв. Хатны инээдийг харсан хамба хойш ухран гараа наманчлан залбираад номын өргөөнд ухран оров. Хамбын хамаг бие чийгтэн хөлөрсөн байлаа. – Чаралбаа чинь. Хамба хараал тавиад өөрийн олбогт лагхийтэл хүндээр суунтусав. Зүрх сэтгэлийн чөлөөт цэцэрлэгийг зад татан хорлонт олон хар хорхойнууд багшран олшрохыг тэрээр мэдэрч ихэд эвгүйцэн чаралбаа хэмээн дахин чангаар хараав. Муу бүхэн түүнийг орхин одох шиг болж бие нь хөнгөрч байлаа. Хажид хатан яавч сайн үйл эхлээгүйг тэрбээр сайн мэдэж байлаа. Сэтгэлийн чөлөөт хүрээлэнд зовиур үүсч эхлэх нь тэр. Бусдын тусын тулд зовно гэдэг буятны хувьд жаргал ажээ. Хамбын өмнө тансаг үнэр ханхлуулсан замбайн гурил байхыг тэр шүүрч авав. Шуналтны зүрхэнд цэцэглэн дэлгэрч сайн бүхнийг тоногч арван муу хар сүнсийг тэжээхээр хамбатан замбайн гурилыг шар тосонд багшран багсарч эхлэв. Арван хар хүчний хар сүнснүүд аягатай замбайнд базагдан тарчилж эхлэхэд хамбын сэтгэл амсхийв.
Хажид хатныг их өргөөнд яаран ирэхэд унасан морь нь ихэд хөлөрсөн Нарансолонго авхай жузган дээр морио уяж байлаа. Түүнийг харсан хатны царай барсхийн ойртож очиход ихэд айсан Наран аягач наминчлан залбираад Тайны гэр үрүү харайлгав. Нарансолонго хатныг харж инээмсэглээд – Хатан ижий хаашаа морилоод ирэв. Гэхэд Хажид хатан хүйтнээр инээж – Би яах вэ? Агийг өргөмжлөх зорилгоор хийд ороод ирэв. Харин чи хаачаад ирдэг билээ. Унасан морио усан хулгана болтол хөлөргөөд. Хатан цаанаа зэвүүцсэн байртай хэлэхийг Нарансолонго үл тоож цааш алхав. – Хөөе Нарансолонго. Хажид хатны бачимдан орилохыг Нарансолонго тоосонгүй. Түүнийг хурдан хурдан алхан зэрэгцэн ирэхийг тэр мэдэж байлаа. “Үгүй ер хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр энэ аягачид би хаашаа явсанаа би өчиглөх хэрэг үү” Нарансолонго ихэд зэвүүцэн бодож байв. Ханд хатан түүний дэргэд гүйн ирж мөрөн дээрээс нь базахад хоргой хантаазны оёдол урагдаж буй бололтой шажигнан зад татагдах сонсдов. Ихэд уурласан Нарансолонго хатны базсан гар уруу зэвүүцэн цохиод цааш нь түлхэж орхив. Ингэнэ гэдгийг мэдээгүй байсан хатан хойш сарвалзсаар үсрэн унахад тэднийг ажиглаж байсан Ширчин хиа гүйн ирж Хажид хатныг өргөн босгов. – Хатан та мэдэж ав. Миний хаашаа явж юу хийхийг зөвхөн би мэднэ. Би нас бие гүйцсэн хүн. Бас
энэ нутгийн засаг ноёны гүнж. Юу хийхээ би өөрөө мэднэ. Миний явдалд бүү оролц. Санамсаргүй алдаа гаргасанд намайг өршөөгөөрэй гэчихээд Нарансолонго өргөө үрүүгээ харайлгав. – Хатантан та зүгээрүү. Ихэд сандарсан Ширчин хиа хатны хоргой дээлэнд наалдсан шороо тоосыг гүвэн унагаж өгөв. – Алив холд. Уурлаж хилэгнэсэн хатан хиагийн цээж рүү түсхийтэл цохичихоод өргөө үрүү ууртай догшин алхлан одоход яах учраа олохоо больсон хиа араас нь харсаар хоцров. “Үгүй ер намайг барьж зодох нь ээ. Ноёнтон уруу элчийг довтолгож гүнжийнх нь балмад занг дуулгах нь зүйтэй. Муу өлөгчин чамайг би хөөж явуулахгүй бол юуны хүү болох бол”. Хажид хатан Нарансолонгыг адлан бодоод их өргөөнд ороход Наран аягач бөндөгнөсөөр угтав. – Хатантан цай болгооно уу. – Тавьчих ширээн дээр Наран чи наашаа суу – Жа. Хатантны өмнө суухдаа Наран аягач ихэд айн бөндөгнөтөл чичирч байв. – Нарансолонго та хоёрыг тоглож өссөнийг би мэднэ. – Жа. Тиймсэн билээ хатантан минь. – Нарансолонго ойрд гадагш юунд явж хэнтэй уулзаад байгааг чи мэдэх үү. – Жа. Хатантан өршөөж болгоо. Өчүүхэн аягач би их өргөөнд
ажиллаад авхайтай уулзаж чадахгүй байгаа тул авхайн юу хийж буйг мэдэхгүй ёс алдлаа. – Мэдэх ёстой. Юу мэдсэнээ надад ирж хэлж бай. – Жа – Явж авхайд үйлчил. Хатны хахир дуун тасхийхэд Наран доор мэхэсхийгээд гарч явав. – Авхай минь ингэж ёсгүй аашилж болохгүй. Хатантан өс санамтгай. Муу үйл хийхдээ сайн гэдгийг ер мартаж болохгүй. Өөртөө дайсан бүү бэлд. Ширчин хиа шивнэх шахам хэлээд Хажид хатанд ханз татагдсан хоргой хантаазныхаа урагдсан мөрийг оёж суусан Нарансолонго авхайг харав. Авхайн нүүрэнд гэмшсэн байдал үл харагдана. Гэхдээ түүний царайд шийдсэн өнгө тодорно. – Ширчин ахаа. Таныг би аав уруу зарж явуулна. Та унаж явах хоёр

сайхан морио бэлдэж байгаарай. – Жа. Авхай минь. Тэгэлгүй яах вэ. Би бэлтгэлээ зэхэе гэсээр Ширчин гарч явахад зөрөөд Наран аягач орж ирэв. – Авхайн амгаланг айлтгая. – Өө. Наран чамайг хатан нааш нь явуулав уу. – Жа. Тиймээ. – Миний юу хийж буйг мэдээд ир гэсэн үү. – Жа. Тиймсэн билээ. – Наран чи тэгээд яг үнэнийг хэлэх үү. – Хэдийгээр би хатандаа үнэнч байх ёстой ч би таны эсрэг алив мууг хийж чадахгүй. – Хэлснийг нь хийхгүй болохоор хатан чамайг хүндээр гэсгээнэ биз ээ.