
Бүх зүйл ийм амархан дуусчихсанд урам нь багагүй хугарсан Дамдинжав эмнэлгийн гадаа тамхи баагиулан зогсоно. Тэр тэнгэрлүү нүднийхээ булангаар хараад “Дэндүү шударга бус юм аа…” гэж
шивнэн хэлээд янжуураа амандаа ахин зуулаа. Саруул түүний араас гарч ирэн дэргэд нь зогсоод “Та эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байна уу?” гэв. Харин мөрдөгч “Би тийм сэтгэл хангалуун харагдаж
байна уу?” гэлээ. Саруул хоолойгоо засан “Гэхдээ хэрэг энэ хүрээд дуусчих шиг боллоо, тийм ээ. Манайхан Энхжинг аваад хэсэгрүү явахаар бэлдэж байна. Шүүх хурал болтол хорих анги нь үдээс хойш
тодрох байх. Гэхдээ хорих анги биш сэтгэцийн эмнэлэгт л хэвтүүлэх байхдаа…” гээд санаа алдав. Үүнээс үзвэл Саруул ч бас сэтгэл дундуур байгаа бололтой. Дамдинжав тамхины ишээ хогийн саванд хийгээд,
халаасандаа гараа хийн эмнэлэгрүү ороод явчихав. Саруул “Мөрдөгч өө!!!…” хэмээн дуудсаар хоцорлоо. Мөрдөгчийг эмчийн өрөөнд ороход Энхжин гавтай гараараа бүлээн цай барьж, түүнийгээ бага багаар

оочлон сууж байв. Бүсгүйн өмнө очиж суугаад: – Чи ойлгож байгаа байх. Болсон үйл явдлуудын талаарх ерөнхий мэдээллийг бид хэдийнээ авсан байгаа. Чи энэ хэрэгт сэжигтнээр татагдаж байгаагаа бас ойлгож байгаа байх. Тэгэхээр миний хувьд чамаас сүүлийн асуултаа асуумаар байна. Чи надад тусалж байна гэж бодоод энэ асуултанд хариулаарай гэж чамаас гуйя… гэхэд бүсгүй түүнрүү бүлтийн харна. Мөрдөгч: – Чи тэмдэглэлийн дэвтрийг хаана хийсэн бэ? гэхэд бүсгүйн харц дальдарч, гүйлгэнэж эхлэв. Үүнийг хэдийнээ ажигласан мөрдөгч: – Чи ховсонд байхдаа бүгдийг хэлсэн. Тэгэхээр бид бүгдээрээ сонссон. Тэр тэмдэглэлийн дэвтрийг анх хаанаас олоод, одоо хаана хийснээ хэлчих… – Би санахгүй байна… гэж чичирсэн хоолойгоор хэлэв. Харин мөрдөгч дуугаа өндөрсгөн: – Би чамаас тэр хараал идсэн тэмдэглэлийн дэвтэр хаана байгааг асууж байна?! Чи өч
төчнөөн хүний амийг хөнөөчихөөд галзуу солиотой амьтан гэж ялаас чөлөөлөгдөхийг би хармааргүй байна! Би тэр новшийн дэвтрийг чинь олмоор байна! Хаана байгааг нь хэл! Гэлээ. Энхжин чанга дуунаас цочихдоо аягатай цайгаа алдаж унагаад, мөрөө хавчин, гараа хумьж, хамаг бие нь салганан чичрэхэд уйлагнан байж “Би санахгүй байна. Үнэхээр санахгүй байна…” гэх нь тэр. Мөрдөгч уурандаа хаалга саван гарч одов. Шүүх хурлын үед дэлгэгдсэн бас нэг чухал баримт нь Энхжингийн гэрийн хяналтын камерт бичигдсэн дүрс байжээ. Тэр өдөр Тамир охиныхоо гэрт, ажлын ширээнийх нь ард сууж байгаад ямар нэг чимээ сонссон мэт босч , нааш цааш холхин байхад охин нь хананы цаана сэмээрхэн нуугдаж байгаад гартаа барьсан алхаа ар шилэн дээр нь буулгаж орхисон байв. Тэгснээ хохирогчийн цогцсыг чирсээр угаалгын өрөөнд орж ирээд нуух ажилдаа орсон байдаг. Үүний дараагаар хаалгаар гүйн гараад тун удалгүй эргэж орж ирэхдээ
анх удаа гэртээ орж ирж байгаа юм шиг зан байдал үзүүлж байсан. Хохирогч Тамирын халаасанд тус өдрөөс өмнөх хэдэн өдрийн хяналтын камерийн бичлэг хадгалаатай диск байж. Харин түүний биеийг хэсэглэж заримыг нь чанаж, үлдсэнийг нь угаалгын өрөөний ванны доод талд байх нүхэнд хийсэн байжээ. Үүний дараа хяналтын камер суурилуулсан залууг мөн хөнөөгөөд орны доод талын шүүгээнд хэсэг хэсгээр салгаж нуусан байж. Ажлын газрын залууг хөнөөчихөөд нуух гэж хамгийн их зовсон нь илт байв. Учир нь байшингийнх нь тагтан дээрх том оврын хөлдөөгчинд түүнийг хэсэглэлгүй бүтнээр нь суулгаж багтаасан байжээ. Шүүгчийн саналаар Энхжинг бүх насаар нь хорих ялаар шийтгэх гэсэн ч Анхбаяр болон бусад эмч нарын дүгнэлтээс болж энэ ялыг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, сэтгэцийн өвчтэй хэрэгтнүүдийн ял эдэлдэг эмнэлэгт эдлүүлэхээр болов. Тус дүгнэлтэнд: “Хэргийн цор ганц сэжигтнээр татагдсан Тамирын Энхжин нь урьд нь сэтгэцийн эмчилгээнд орж байсан. Хий зүйл
харах, төсөөлөлдөө амьдрах, сэтгэл хөдлөлийн огцом шинжүүд түүн дээр илэрч байсан. Тухайн хэрэг гарахын өмнө гурван жилийн турш нэг ч сэдрээгүй өвчин нь сэдэрсэн байсан. Энэ үедээ нүүж ирсэн шинэ байшингаасаа олсон тэмдэглэлээ уншсанаас болж, төсөөлөлдөө хөтлөгдөн, өөрийнхөө дотор ахин нэг хүн буюу тус тэмдэглэлийг бичсэн хүн амьдарч байгаа гэдэгт итгэх болсон. Энэ тэмдэглэлийн дэвтрийг зургаа орчим жилийн өмнө хүүхдээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон Норжмаа гэгч бичсэн гээд байгаа ч хэргийн газраас ямар ч тэмдэглэл олоогүй. Энхжин тус хэргийн гарах болсон шалтгаан хийгээд, бас бус мэдээллийг тэмдэглэл дээрээс уншиж мэдсэнээ мөрдлөгийн явцад хэлсэн. Гэхдээ миний бодлоор өөрийнхөө бодол сэтгэлийг тандах явцдаа түүний тухай мэдээллийг олж уншиж, үүнийгээ тэмдэглэл гэж мөн л төсөөлсөн байх гэж таамаглаж байна. Хэргийг илрүүлэхэд сэтгэцийн эмгэг нь бэрхшээл учруулж байсныг мөрдөгчид харсан. Тэгэхээр сэжигтэн бол цоо эрүүл хүн бөгөөд сэтгэцийн өвчтэй болж жүжиглээд байгаа асуудал бол биш. Харин үнэхээр сэтгэцийн хурц эмгэгтэй хүн мөнөөсөө мөн гэдгийг бид нотолж байна.” гэжээ. Мөрдлөгийн тайлан, хэрэг хүлээн авсан,
илрүүлсэн тухай бичиг баримтыг Саруул цэгцэлж дуусчээ. Харин Дамдинжавт хэдэн цаасны доод хэсэгт гарын үсэг зурах л ажил үлдэв. Хэдэн өдрийн дараа болсон шүүх хурлын үр дүнг сонссон Нараа гэртээ, гэрлийн бүрхүүлнээсээ өөрийгөө боочихсон байхад нь хөршүүд нь “Өмхий үнэртээд байна…” гэж дуудлага өгснөөр түүний нас барсан байхыг олсон байдаг. Насаараа нэг хүний заавар зөвлөгөөгөөр амьдарч байсан тэр орь ганцаар үлдсэнээ мэдрээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь энэ байжээ. Дамдинжав өөртөө өгсөн амлалтынхаа дагуу энэ хэргийг шийдэгдэж дуусаад, шүүх бүрэлдэхүүний шийдвэр гарахад тэтгэвэртээ гарах хүсэлтээ бичин сууж байв. Гэтэл шуудан хүргэгч түүнийг сурагласаар өрөөнд нь орж ирэв. Тэр сэтгэцийн эмнэлгээс захиа авчирчээ. “Тун ч гайхмаар… Учир нь энэ эмнэлэг бол хэн хүний мэдээд байдаггүй тийм газар байдаг, өдий болтол байдаг эсэхийг нь мэддэггүй хүн ч олон бий. Гэтэл тэндээс хэн нэгэн хүн надад захиа хаяглана гэнэ ээ?” гэж тээнэгэлзэн байж захиаг задлав. “Эрхэм хүндэт мөрдөгч Дамдинжав танаа… Та гайхаж байгаа байх. Гэхдээ би танд энэ захиаг заавал хүргүүлэх гэж их олон юм туулсан юм шүү. Та дуустал нь уншаарай. Би юмсыг мартдаг өвчтэй гэдгийг та
мэдэх байх. Гэхдээ би охиноо нас барсан гэдэгт тэр үед ч одоо ч итгэж чадахгүй хэвээр байна. Харин миний баттай хэлж чадах зүйл бол Норжмаа үнэхээр байдаг юм шүү. Хамгийн анх надад харанхуй дунд харагдсан. Би тэр үед өөрийгөө галзуурлаа л гэж бодсон. Гэхдээ тэрнээс ч өмнө надад байдаг гэдгээ хэлэх гэж олон удаа оролдсоныг нь би мэдсэн. Шүршүүрээсээ барьцалдсан хар үс хэд хэдэн удаа олохдоо л би Тамираа ах, ээж хоёртоо хэлдэг байж гэж одоо ч харамсаж сууна. Тэд цаг үргэлж миний талд,намайг хамгаалж ирсэн хүмүүс болохоор хэрэв тэгэхэд хэлсэн бол ямар нэг аргаар ийм байдалд лав хүргэхгүй байсан биз. Тэр намайг дотроос минь бага багаар идэж байсан. Сэрүүн байхдаа би тэмдэглэлийн дэвтрийг нь уншсаар өнжинө, харин шөнө нь зүүдэлнэ. Тэр болж өнгөрсөн бүхнийг надад, зүүдэнд минь харуулсан. Сүүлдээ тэр миний амьдралыг харуулсан. Намайг хүмүүс нүднээс далдуур яаж ярьдгийг, юу гэж доромжилдгийг… Би бүгдийг нь харсан. Тэр надад хэлэхдээ “Би чиний амьдралыг аварч өгье. Хариуд нь чи надад жаахан юм л хийгээд өгчих…” гэж хэлсэн. Би үнэхээр
“Жаахан юм” л гэж бодсон. Тэр миний толгойд орж ирэхэд би эсэргүүцэж чаддаггүй, бас дараа нь санадаггүй. Яг л унтаж байсан юм шиг. Унтаад сэрэх хооронд маш их зүйл болоод өнгөрчихдөг шиг. Гэтэл тэр надад хамаатай, намайг мэдэх бүхнийг алж байсан. Нэг ухаан орохдоо би өөрийнхөө гараар Тамираа ахыг хөнөөчихсөн байснаа харсан. Харин тэр хэлэхдээ “Тамираа ах бол намайг хамгийн их үзэн яддаг хүн” гэсэн. Хяналтын камер суурилуулдаг залуу манайд ирэхэд тэр бас л алчихсан. Дараа нь надад “Өөрийг нь мэдчихсэн” гэж хэлсэн. Ажлын газрын залууг ч мөн адил. Тэд бүгд мэдчихсэн болохоор үхсэн гэж надад хэлсэн. Би ямар ч хүчгүй, азгүй, дорой амьтан шүү дээ. Би юу ч хийж чадаагүй. Яагаад гэвэл бүх юм болоод өнгөрчихсөн байдаг болохоор. Энэ захидлаараа би өөрийгөө өмгөөлөх гэсэнгүй. Надад итгэдэг ганцхан хүн байхад л болно гэж бодоод би энэ захидлыг бичсэн юм. Би галзуу биш, гэхдээ би галзуу. Би хий юм хардаг, сонсдог, бас мартдаг. Гэсэн ч би хүний амь хөнөөгөөгүй шүү. Би бүхэлдээ түүний өмч байснаас, хэтэрхий сул дорой байснаас ийм хэрэг үүдсэн байх. Надад итгээрэй. Хэрэв та итгэхгүй байвал тэмдэглэлийн дэвтрийг өөрөө уншиж үзээрэй. Манай гэрийн унтлагын өрөөний
баруун хойд талын шалны доор байгаа. Сүүлийн удаа таниас гуйх гуйлт байна. Намайг охинтой минь уулзуулж өгнө гэсэн амлалтандаа хүрээч гэж гуйх гэсэн юм. Ядаж утсаар ярьмаар байна. Сүүлийн удаа… Таниас гуйя… “ гэжээ. Мөрдөгч хэд хоног боджээ. Тамирын халааснаас олсон тэр тэмдэглэл одоо ч түүнд бий. “Магадгүй зарим тохиолдолд шинжлэх ухаан хийгээд логик сэтгэлгээгээр ажиллаж болдоггүй, тийм хэргүүд мэр сэр байх юм. Сэжигтэн өөрөө хохирогч болчихдог. Харин хохирогчид сэжигтэн болж хувирдаг. Гэтэл хэн үнэндээ хэргийг гардан үйлдээгүй тэдгээр хүмүүс хамгийн их буруутай алуурчид байдаг…” гэж бодохдоо халаасаа уудлан Тамирын тэмдэглэлийг гарган ирж уншлаа. “Тэр бараг учрыг нь олчихсон байж…” хэмээн санаа алджээ. Бас нэг зүйл нь тэр амлалтандаа хүрэх ёстой. Гэхдээ “Яаж?…”

Тус эмнэлгийн өвчтөнд анх удаа илгээмж иржээ. Ээлж хариуцсан сувилагч нь эмчлэгч эмчид хэлэлгүйгээр тэр илгээмжийг өөрт нь өглөө. Энхжин жижиг хайрцгийг задлаад захидлыг гарган уншвал “Би чамд итгэж байна” гэжээ. Харин жижиг хайрцаг дотор чихмэл туулайг хийсэн байж. Энхжин өдөржин туулайгаа тэврэн “Гүнжээ” гэж эрхлүүлэх тул эмч ажилчид ч түүнийг “Гүнж” гэж дуудах болж. Нэгэн удаа нэгэн өвчтөнтэй өнөөх туулайгаа булаацалдан барьцалдаж авахдаа гүрээний судсандаа сэрээ зоолгочихжээ. Үүнээс болж цус ихээр алдан амьсгал хураахдаа ч тэр туулайгаа тэвэрсээр байлаа. Төгсөв.