Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
816

Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах хэсэгт яаралтай тусламжийн тэргээр хүргэгдэж ирсэн өвчтөн хутганы хүнд шарх авсан ба түүнээсээ маш их хэмжээний цус алдсан оноштойгоор эмчлүүлж эхлэв. Шарх нэлээдгүй

гүн бөгөөд зарим нэг эрхтнүүдээ цухас гэмтээгээд амжсан болохыг эмч нар Тамир, Нараа хоёрт мэдэгдэн, яаралтай хагалгаанд оруулах зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зуруулж авлаа. Харин Нараа

мэгшин уйлж нөхөртөө наалдан “Охин минь зүгээр байгаа?” гэвэл Тамир хариу дуугарсангүй. Үүнд дургүй нь хүрсэн Нараа цээжийг нь цохин “Чи охиноо үхлийн даваан дээр байхад ийм хатуу ширүүн

зангаа гаргасаар л байх уу? Чи чинь ийм хүн байсан юм гэж үү?”гэж хашгиран уйлахад Тамир түүнийг энгэртээ наан чанга гэгч нь тэвэрлээ. Нарааг гэрт нь хүргэж өгсөн Тамир, Энхжингийн гэрт очиж

хамт шалгасан эрчүүдрүү утас цохив. “Тамираа ахаа, та өөрөө ирээд харсан нь дээр байх” гээд дуудлага тасарлаа. Тэр явсаар хотын төвд байрлах таван давхар байрны өмнө ирэн зогсов. Зорьсон газрынхаа

хаалгыг татан орвол залуус түүнийг тосон авч мэндлэхэд тэдний царай нэг л таагүй байгааг Тамир анзаарчээ. Ахлах залуу: – Тамираа ахаа, бүх камерууд дуу шуммыг өндөр нарийвчлалтай, дүрсийг бол нэг ч план алдалгүй бичиж байгаа. Гэхдээ л зарим нэг эргэлзээтэй юм гарч ирээд таныг ирээд уулзаач гэж гуйсан юм. Та зөвөөр ойлгоорой. – Ах нь зүгээр. Харин юу олоо вэ? Харж болно биз дээ тээ… гэв. Залуу Тамирт сандал авчирч өгөөд, компьютерийн дэлгэцрүү анхаарлаа хандуулахыг хүслээ. Дэлгэц дээр гарах бичлэг нэг хоногийн өмнө “гэрийг нь шалгах нэрийдлээр” очиж нууц хяналтын камер суурилуулж буй үеэс эхлэх ба залуус дуу дүрсийг шалгаж байв. Гэтэл удалгүй Энхжин гэртээ ирлээ. Тамиртай нэг их зүйл ярьсангүй, буйдан дээрээ суусаар, залуусыг явсны дараа сая нэг өндийн босоод, ажлын өрөөрүүгээ оржээ. Нар жаргатал ажлын ширээнийхээ ард суусан бүсгүй сая нэг өндийн босч гал тогооны өрөөрүүгээ ороод,

шүүгээнээсээ шинэ хутга гарган ирж задлахыг харсан Тамир “Зогсоогоорой!!!” гэв. Тэр залуусаас энэ хэсгийн зургийг авч өөрт нь хэвлэж өгөхийг хүслээ. Үүний дараагаар бичлэг үргэлжлэв. Тэр тавиурны дэргэдээс холдоод хөргөгчөө уудлан зогсохдоо гэнэт цочин эргэж харах нь тэр. Гэтэл ахлах бичлэгийг зогсоогоод “Тамираа ахаа, та сайн сонсоорой. Энд яалтачгүй чимээ гарсан байгаа юм. Харин танай охин тэрийг сонсоод цочоод эргээд харчихаж байна” гээд бичлэгийг хэдэн секундээр ухраалаа. Үнэхээр бичлэгийн энэ хэсэгт ямар нэг хүнд зүйлээр битүү зүйлийг цохих мэт Пүүггг…!!! гэхтэй төстэй чимээ гарч байв. Харин бичлэг дээрх охин нь хөргөгчөө хаагаад угаалгын өрөөрүүгээ явлаа. Тамир дотроо “Зүгээр л хулгайч ч хамаагүй байгаасай… Охин минь хий юм хараагүй байгаасай” гэж өөрийн эрхгүй залбирна. Харин угаалгын өрөөнд байрлуулсан камерт охин хаалга онгойлгон орж ирж тойруулан харчихаад хаалгыг хаах гэснээ зогсчих нь тэр. Минут хэртэй хөшсөн мэт зогсож байснаа

хаалгыг хаалаа. Энэ үеэс эхлэн тэр яг л ямар нэг далдын хүчээр удирдуулах мэт, эсвэл сэтгэцийн өвчин нь гэнэт хөдөлсөн янзтай, алхах гишгэх нь хүртэл гуйвж дайвах шиг сонин болж хувирчээ. Тэр гал тогооныхоо өрөөнд буцан ирж модон хавтан дээрх хутгыг аваад охиныхоо өрөөнд оров.Тус өрөөнд суурилуулсан камерийн бичлэгт гартаа хутга барьсан Энхжин хаалга нээн орж ирлээ. Цонхруу ширтэн хэсэг зогсож байснаа толгойгоо эргүүлэн, тавиур дээр өрөөтэй олон чихмэлийг захаас нь авч гартаа барьсан хутгаараа толгойг нь тасалж эхлэв. Түүнийгээ эмх цэгцтэй нь аргагүй эгнүүлэн тавиад, охиныхоо орон дээр очиж суулаа. Эгнүүлэн тавьсан олон толгойг харан сууж байхдаа алгаа ташиж байх юм гэнэ. Тамир түүнтэй зэрэгцэн суух ахлах залуугаас санаа зовсон байртай хоолойгоо засав. Гэтэл Энхжин гэнэт ухасхийн босч ирээд охиныхоо орон дээрх хөнжил гудсыг авч ийш тийш нь шидэллээ. Хөнжлийн буланд тээгэлдэж сөхөрч унахдаа ширдэгний захаас зууран, газар хөсөр хэвтсэн хутгыг авч сэмлэж, урж тасдаж орхив. Энэ зуур түүний халааснаас унасан утас охиных нь орон доогуур орчихжээ. Харин тэр үүнийг анзаараагүй нь илт. Учир

нь тэр хутгаа атгасан чигтээ буцан гал тогооруугаа гүйж ирээд гэсгээхээр тавьсан махан дээрээ зоож эхлэв. Ингэхдээ тэр хамаг чадлаараа орилж байх аж. Гэтэл гэнэт угаалгын өрөөнөөс өнөөх Пүггг….! гэх чимээ ахин гарав. Хутгаа махандаа зоолттой чигээр нь үлдээгээд эргэн алхлаа. Тэр энэ бүхэн эхэлсэн газраа ирж зогсоод гэв гэнэт ухаан орсон мэт харагдана. Учир нь тэр ахиж гуйвж алхахаа больжээ. Оронд нь айсан байртай чичирч байх аж. Гал тогооны өрөөнд ирээд өөрийнхөө хийсэн зүйлийг хараад цочиж байв. Тэгснээ эргэж харан хэсэг зогсож байгаад охиныхоо өрөөрүү орон мөн л гараараа амаа даран гайхаж байх нь камерт тод бичигдэн үлджээ. Энэ мэтээр өчигдөр болж өнгөрсөн бүх явдлуудыг харсан Тамир хоолойгоо засаад, ахлахад хандан: – Ахын дүү ойлгоорой. Манай охин сэтгэцийн асуудалтай юм. Олон жил болж байна даа. Нэг их айхтар осол болоод, тэрнээс хойш ийм болчихсон юм. Өөр хүн амьтанд хэлээд яах вэ. Ах нь сайн төлнө. Харин энэ бичлэгээ ахдаа хуулаад өгчих гэхэд залуу инээмсэглэн: – Тамираа ахаа, би ч бас охинтой. Аав хүн. Таныг би маш сайн ойлгож байна. Нууцлалын тал дээр та бид хоёрт хийсэн гэрээ байгаа шүү дээ. Тэгэхээр та битгий санаа зов гэвэл Тамир инээхчээ

аядаад: – Баярлалаа. Ах нь ийм сайн дүү нартай болсондоо Баяраад талархаад ханахгүй нь. Тэр л анх та хэдийг надад хэлж байсан юм шүү дээ гээд ахлахын мөрөн дээр гараа тавин чин сэтгэлээсээ инээмсэглэлээ. Гэсэн ч ахлахын царайнд гийсэн гэрэл хормын төдийд алга болчих нь тэр. Ямар нэг нухацтай зүйл ярих гэж буй мэт суудлаа засан, хөмсгөө зангидаад: – Ахаа, энийг танд хэлж болох эсэхийг дүү нь сайн мэдэхгүй л байна л даа. Гэхдээ энэ камерт бичигдсэн явдал надад урьд нь тохиолдож байсан юм. – Айн? Гэж Тамир чихэндээ итгэсэнгүй ахин лавлаж асуув. – Тийм ээ. Манайд бас нэг ийм хүн байсан юм. – Хэн? – Та намайг битгий буруугаар ойлгоорой. Манай хэдэн залуус бол мэднэ. Тэрнээс болж л анх энэ компанийг би нээж байлаа шүү дээ. – Үгүй ээ чухам юу тэр вэ хө? – Би чинь эхээс хоёулаа. Ганц дүүтэй хүн. Эрэгтэй юм болохоор төрсөн цагаасаа л хойш намайг дагаж хүн болсон. Тэгтэл муу дүүгээ алдчихсан хүн дээ би… гэхэд залуугийн хоолой зангирч байв. Тамир уртаар санаа алдаж малгайгаа аваад чимээгүй сууна. Залуу үргэлжлүүлэн: – Манай дүү эхнэр авч тусдаа гараад, амьдрал нь ерөнхийдөө цэгцэрч эхлэх үедээ уурхайд ажилд

орсон юм. Тэр нь арван дөрөв хоног яваад долоон хоног амардаг ажил. Эхний хэдэн сар ч аятайхан л байлаа. Сүүлийн хэдэн сар эхнэр нь надруу утасдаад дүү архи дарс эргүүлж, агсам согтуу тавиад болохгүй байгаа тухай хэлэхэд би огт тоогоогүй юм. Яах вэ дээ, залуу улс хоорондоо ойлголцоно гэж бодсон тэнэг миний л буруу. Тэрнээс хойш сар орчмын дараа эхнэр нь ахиад л залгасан. Архи дарс уухгүй байгаа мөртлөө, огцом ууртай, сав л хийвэл зодож нүдээд хэцүү байна гэж байсан. Би бас л тоогоогүй. Яг тэр үед манай эхнэр амаржих гээд би юун тэдний хэрүүл манатай л байсан. Харин дараа нь дүү өөрөө залгасан. Чихэнд нь хий юм сонсогддог тухай, тэр нь бүх зүйлийг өөрөөр нь хийлгэдэг, тухайн үедээ ямар ч өөрийн ухаангүй байдаг, нэг л мэдэхэд бүх зүйл болоод өнгөрсөн байдаг тухай. Би түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн. Харин тэр сар ч хүрээгүй нас барсан. – Ээ ум маани бадмэ хум… гэж Тамир шивнэлээ. Залуу: – Алтан хайрцгийг нь нээсэн ламд би зөндөө загнуулсан. “Яагаад тусламж хэрэгтэй байгаагаа хэлээд байхад хүлээж авалгүй явуулчихаж байгаа юм. Ар нуруунаас нь алаг эрээн биетэй, арзайсан үстэй, өрөөсөн нүд нь бүлтрээд санжчихсан амьтан зүүгдээд явж байж. Газаг доороос гарч

ирсэн энэ муухай амьтанг дүү чинь өөрөө гаргаж ирж. Лам хар дээр ч болтугай аваад ирэхгүй…” гэхэд би толгойгоо шааж байсан даа. Дүү нь таныг ч бас ийм алдаа гаргахвий, анзааралгүй үлдээхвий гэсэндээ энэ түүхээ ярьж өгч байгаа юм шүү. Та харин авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй гэхэд Тамир залуугийн мөрөн дээр гараа тавин: – Ахдаа итгэж ярьсанд баярлалаа. Гэхдээ миний охин осолд орсноосоо хойш ийм болчихсон юм аа. Одоо хүртэл охиноо амьд гэж боддог. Тэгээд нэг туулайны чихмэл бариад л охиноо гэж бодож, асарч тойглож байдаг юм. – Гэхдээ дүүг минь бурхан болсны дараа үзсэн хүн “Хүн архи уух, эсвэл өвдөх, сэтгэцийн ямар нэг асуудалтай байхад муу зүйлс түүнийг эзэмдэж, амьдралын бүхий л эрчмийг нь сорсноор муу муухайг үйлдүүлэхэд амар байдаг. Харин хүмүүс үүнийг нь харахдаа архинаас болсон, галзуу солиотойгоос болсон гэх мэтээр ярьж, уг хүн нь өөрөө үйлдсэн гэж боддог. Гэтэл уг хүн нь юу хийснээ ч санахгүй унтаа байдалд байдаг. Тэгэхээр тухайн хэсэг мөчид тэр муу муухай зүйл биед нь ороод, түүнийг бүтэн эзэмдсэнээр хийлгэж байна гэсэн үг” гэж байсан. Та бас энийг сайн бодоод үзээрэй гэв. – Хммм….. – Таны охины

хувьд бол сэтгэцийн жаахан асуудалтай дээр нь ямар нэг гадны, муу ёрын юм дөрөөлж, аюултай юм хийлгээд байгаа юм шиг л санагдах юм. – Ах нь бодоод л байна. Тэгсэн ч нэг зөв аргаа олохгүй юм. – Би ямартай ч танд туслах болно оо. Гэр нь эзэнгүй байсан ч хяналтын камеруудыг тогтмол нарийн шалгаж байх болно. Тиймэрхүү муу зүйлс толинд туссанаар их харагддаг. Тэр болгоныг хүртэл ажиглаж байя. Харин та охиноо сайн харж байгаарай гэлээ. Тамир гэмтлийн эмнэлэг дээр буцан ирэхэд Нараа хагалгаанаас гарсан охиноо сахиж байжээ. Тэрээр хараахан ухаан ороогүй байх бөгөөд Нараагийн авчирсан ууттай зүйл дотор Гүнжээг хийсэн байхыг харав. Тамир уурандаа туулайн чихмэлийг шүүрэн авч гарах гэхэд Нараа гараас нь зүүгдэн “Яах нь вэ? Чи ! Больж үз! Энхжин сэрээд охиноо нэхвэл яах юм?” гэж зууралдахад Тамир “Одоо бүгдийг хэлэх цаг нь болсон” гэж хэлээд гараа татан авч нарийн хонгилоор үүдрүү алхав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *