Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “2-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “2-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
922

Энэ өдрөөс хоёр хоногийн дараа их нүүдэл суудал эхэллээ. Өөрийн гэсэн жаахан юмаа баглаж аваад шинэ байрлуугаа нүүсэн бүсгүй шинэхэн тавилгуудаа нүүлгэлтийн ажилчдын тусламжтай

байрлуулсаар нэг л мэдэхэд шөнө болжээ. Захиалгын хоолоор гэдсээ дүүргэж аваад хэвтлээ. Өдөржин бужигнасан гэр нь одоо нам гүм. Өөрийнх нь амьсгалах чимээнээс гадна цонхны цаана шаагих

ширүүн бороон дуслууд цонх мөргөн унахыг эс тооцвол бүхэлдээ нам гүм. Яагаад ч юм тэр шөнө бүсгүй унтаж чадсангүй. Толгой дотор нь элдэв зүйл эргэлдэж, нэг зүүдээ ахин дахин зүүдлэх шиг, болж

өнгөрөөгүй атал болж өнгөрсөн юм шиг этгээд сонин үйл явдлууд толгойд нь эргэлдсээр. Үүр цайхын алдад бүсгүй тэвчээр алдан, цүнхнийхээ дотор халааснаас хуванцар савтай эм гарган ирж, хоёрыг

нэг дор залгиж аваад усаар даруулав. Төд удалгүй нүд нь анилдан, хамаг бие нь суларч, бүсгүй гүн нойронд умбалаа. Яг өнөөдрийнх шиг бороотой шөнөөр машин барин явах юм. Тэр хаазаа тултал гишгэхэд

нойтон зам дээр машины хойд дугуй хальтиран, машин тэр чигтээ хоёр тийш савлах шиг. Гэсэн ч бүсгүй хөлөө авсангүй. Түүний дотор ямар нэг зүйл болохгүй байх шиг, сэтгэл нь сэмэрч, зүрх нь хүчтэй хатгуулах шиг, энэ бүхний илрэл болох нулимс нь урссаар. Юуны улмаас ингэж байгааг мэдэхгүй. Зөвхөн амьсгалахад хүртэл хэцүү байгаа тэр мэдрэмж нэг л танил байх. Гарынхаа алгаар жолооны хүрдээ хүчтэй цохих зуураа “Муу новш!!!… Өөдгүй новш!!! …” гэж хашгиран уйлахад, хойд суудал дээр түрүүнээс хойш айсандаа чимээгүйхэн чичрэн сууж байсан охин тэсгэл алдав бололтой “Ээжээ! Битгий уурла л даа…” гэхэд Энхжин цочин хойш харах тэр агшинд түсхийх чимээ гарч, араас нь төмөр хяхтнах, эмэгтэй хүүхдийн чарлах дуу чихний хэнгэрэг цоолчих шиг санагдана. Машинтайгаа эргэлдэн байхуйд нүднийх нь буланд улбар шар өнгөтэй, хүүхдийн дэвхцдэг,

хийлмэл илжиг харагджээ. Хар дарсан зүүднээсээ сэрсэн бүсгүй орон дээрээ өндийн суужээ. Нар хэдийнээ мандчихаж. Нүүрлүүгээ урсах хүйтэн хөлсөө ханцуйгаараа арчаад хөнжлөө сөхөн босов. Ард үлдсэн хөнжил, гудас, дэр нь хөлс дааж, норсон харагдана. Энхжин угаалгын өрөөндөө орж ирээд хамаг хувцсаа тайлан шүршүүрийн хүйтэн усан дор зогслоо. Яг л бүх биеийг нь эзэмдсэн тэр хар дарсан зүүдээ өөрөөсөө угааж арилгах гэсэн мэт сайтар савандаж гарав. Харин одоо илүү дээрдлээ. Бүсгүй нойтон биеэ зузаан алчуураар ороогоод гал тогооны өрөөндөө орж ирэв. Савтай хүйтэн бүлээн уснаас шилэн аяга цалгитал хийгээд нэг амьсгаагаар залгилж орхилоо. Тэр ажилдаа явахаар бэлдэх зуураа охиндоо зориулан тохижуулсан өрөөгөөрөө шагайн хараад хана налан хэсэг зогсов. Одоо л түүний мөрөөдөл биелэх шиг санагдана. Жаахан охин нь дэвхцэн гүйж баярлаж байгаа нь нүдэнд нь харагдахад бүсгүй ч санаа нь амарсан байртай урт амьсгаа аван мишээн зогсоно. Өдрийн цайны цагаар ээжрүүгээ залгалаа. Харилцуурын цаана ээжийнх нь дуу гарахад Энхжин мэнд

мэдээд охиноо асуув. Нүүдэл суудал бүрэн дууссан, байраа яг өөрийн хүссэнээр тохижуулж чадсан гэдгээ хэлээд, орой ажлаа тарахаар охиноо очиж авахаа дуулгалаа. Харин ээж нь түгдчин “Өө бид гурав лагер дээр байна. Цаг агаар сайхан байгаа дээр эндээ хэд хононо. Чи ажлаа л сайн хийхээ бодоорой” гэв. Энхжин: – Өө тийм үү. За за зүгээр ээ. Би оройхон очоод авъя. Өрөөг нь тохижуулчихсан. Ямар гоё болсон гээч. Хараад их баярлах байх. – Ээ хэрэггүй хэрэггүй. Хаа холоос унаа тэрэггүй байж ирж яах нь вэ дээ. Бид хоёр л хот орохоороо хүргээд өгье. Тэр болтол чи эмээ сайн уугаад, хоол ундаа сайн идээд, бүрэн бүтэн нойртой амарч л бай гээд хариу хүлээлгүй дуудлага тасрав. Ажил тарсны дараа Энхжин дарсны дэлгүүрээс өөрийн дуртай дарсаа цаасан уутанд боолгон авч гарлаа. Гэртээ ирмэгцээ өндөр шилэн жүнзийг дундартал хийж орхиод хэд хэд том балгав. Хацар нь халуу дүүгж, дотор нь сая л нэг онгойх шиг санагдана. Өмнөө өрсөн олон бичиг баримтаа шалгаж, төслийн эхээ жаахан явуулж байтал дарс дундарчээ. Харин цаг хэдийн оройны арав болчихож. Энхжин орондоо

ороод, сайхан дарс шимэнгээ, дуртай киногоо үзэн хэвтэх дуртай. Энэ удаад үлдсэн дарсаа өөрийгөө зугаацуулахад зарцуулахаар шийдээд сандлаасаа өндийв. Бүсгүй угаалгын өрөөндөө ороод, нүүрээ цэвэрлэхээр хөвөн авах гэтэл нүднийх нь буланд нэг зүйл торох нь тэр. Тэр зүг гайхан харвал шүршүүрийнх нь ус урсгах шүүлтүүр дээр бараан үс туг тугаараа тогтсон байлаа. Тэрхэн мөчид Энхжин эргэлзсэн байртай толинд харвал өөрийнх нь үс өнөөх янзаараа, цайвар шаргал хийгээд уг хэсгээрээ бараан бордуу өнгөөр туяаран харагдана. Түүний үс төрөлхийн хонгор шаргал байсан дээр ийн уусгалттай өнгөөр будаж гангардаг болоод удсан билээ. Тавиур дээрх цаасан алчуурнаас хоёрыг угсруулан татаж аваад өнөөх үсийг шүүлтүүр дээрээс аван гэрэлд харвал үнэхээр л тас хар үс байв. Өөрийнх нь яавч биш. Бүсгүй тэмдэглэлийн дэвтэртээ “Сануулах хэсэг”-т “Байр зуучилсан хүнрүү ярих. Түлхүүрнүүдийг лавлах. Хар үс олсон тухай…” гэж бичиж үлдээв. Учир нь тэр дараа нь санахгүй ч байж мэднэ. Ханхар том байшинд цор ганцаар байх бүсгүй орныхоо дэргэдэх жижиг шүүгээн дээр чамин үнэртэй бүдүүн лаа асаан, дарсаа дэргэд нь тавилаа. Хөнжлөөрөө өөрийгөө сайтар хучиж аваад дарстай жүнзээ барин хойш налан тухлав. Зурагтны гэрэлд өрөө бүхэлдээ

гэрэлтэх авч бусад өрөө хав харанхуй. Кино эхлээд хорин минут орчим өнгөрч байтал нөгөө өрөөнүүдийн аль нэгнээс битүү чимээ гарах нь тэр. Бүсгүй киног тоглуулахаа түр зогсоогоод чимээ чагнав. Дуугарсангүй. Киногоо тоглуулж эхлээд удаагүй байтал ахин чимээ гарлаа. Энэ удаад ямар нэг зүйл хагарах шиг чимээ угсран гарчээ. Энхжин тэр дороо киног зогсоогоод, бүх өрөөний гэрлийг утаснаасаа удирдан асаав. Гэрийн шаахайгаа өмсөн, халаадаа нөмрөөд, унтлагын өрөөнөөсөө гарлаа. Тэр эхлээд зочны өрөөнд орж ирэв. Энэ далимаараа гал тогоогоо ч шалгав. Буцахдаа угаалгын өрөө, ажлын өрөөгөө шалгаад, унтлагын өрөөрүүгээ орохын өмнөхөн охиныхоо өрөөгөөр шагайв. Гэтэл тэр өрөөний хананд өлгөсөн зураг газар унан хагарсан байж. Бүсгүй тоос сорогчоо барьсаар эргэн охиныхоо өрөөнд орж ирээд, шилний хэлтэрхийнүүдийг цэвэрлэж эхэллээ. Эцэст нь шалан дээр хоосон үлдсэн жааз, гялалздаг шигтгээгээр нааж хийсэн ганц эвэртийн зураг хоёр л үлдэв. Зургийг хуйлж аваад шүүгээн дээр тавин, жаазыг дээш өргөөд гайхаж хоцорлоо. Энэ бол тийм ч хямдхан жааз байгаагүй. Нүүлгэлтийн ажилчдаар өрөмдүүлэн бат бэх тогтоосон өлгөгч хадаас хананд зоолттой хэвээр. Харин хадаасанд өлгөсний дараагаар ингэж унахаас сэргийлсэн түгжээний нарийн гогцоот

төмөр мурийжээ. “Сонин л юм даа…” гэж шивнээд жаазыг эргүүлэн харвал зүүн доод булангаас нь ямар нэг амьтан самардчихсан юм шиг мөр гарсан байх нь тэр. Бүсгүй үүнийг хараад цочсондоо уулга алдан, гартаа барьсан жаазыг алдчихав. Тэгснээ хэсэг гайхан зогсож байгаад жаазыг эргүүлэн авч харвал үнэхээр ямар нэг амьтан эсвэл хүн жаазыг авахаар тэмүүлсэн боловч хүрээгүйдээ маажсан юм шиг харагдана. Гэхдээ ийм сайн материалтай модон жаазыг зүгээр нэг маажсан бол барагтайд мөр үлдэхгүй. Баахан эргэлзэн зогсож байснаа жаазыг ор түшүүлэн тавиад өрөөнөөс гарав. Сэрүүлэгний дуунаар сэрсэн бүсгүй нүдээ нухалж, гараа сунган суниаж аваад орноосоо бослоо. Угаалгын өрөөнд орон шүршүүрийн ус тосоод, хувцсаа тайлж эхлэв. Өрөөсөн хөлөө шүршүүрийн кабинд дөнгөж хийв үү үгүй юу шүүлтүүр дээр тогтсон туг хар үсийг олж харах нь тэр. Цоргыг хаагаад, цаасан алчуур аван үсийг хамж авмагцаа хаях гэж яарсангүй. Учир нь байр зарсан зуучлагч компанид гомдол гаргахын тулд баримттай байх хэрэгтэй гэж тооцоолжээ. Энхжин ажилруугаа явах зуураа өнгөрсөн өдрүүдэд болсон явдлуудыг нэгд нэгэнгүй бодож байлаа.

Хананд бэхэлсэн жаазтай зураг унаж хагарсан, бас тэр үснүүд… Хамгийн гайхалтай нь Энхжин эдгээрийг маш сайн санаж байлаа. Цайны цагаар тэмдэглэж авсан дугаарлуугаа хэд хэд залгажээ. Энэ дугаар ашиглалтанд байхгүй гэхийг сонсоод гайхсан бүсгүй ажлаа тармагцаа хуучин байшиндаа очихоор төлөвлөж, тэмдэглэл бичин ширээний календарь дээрээ наав. Төлөвлөсөн ёсоороо ажлаа тармагцаа хуучин байран дээрээ ирвэл тэнд хүн хараахан нүүж ороогүй байжээ. Хаалгыг нь хэсэг нүдэж зогсоод хариу өгөх байтугай, ямар ч чимээ дуулдахгүй байсанд бүсгүй арга тасраад гэртээ харилаа. Үүдээр дөнгөж орж ирээд, гутлаа тайлах зуур унтлагын өрөөнийх нь ойролцоо хүүхдийн цангинасан инээд гарах нь сонсогджээ. Энхжин зогтусаад хэсэг чагнав. Юм дуулдсангүй. Бүсгүй санаа алдан “Ахиад эхэлж байгаа юм байгаа юм байхдаа…” гэж өөртөө шивнээд гэрийнхээ шаахайг углан зочны өрөөндөө орж ирэв. Буйдангийн дунд байрлуулсан, сэтгүүлийн намхан, шилэн ширээний тавцан дээр өнгө өнгийн тосон харандаагаар баахан юм эрээччихсэн байх нь тэр. Тэр хий юм сонсоогүй байж. Энхжин “Гүнжээ! Чи ирсэн юм уу?” гэж чанга

дуугаар асуувал хариу дуугарсангүй. Бүсгүй цүнхээ буйдан дээр шидэж орхиод чимээ гарсан зүгрүү алхах зуураа “Гүнжээ… Миний охион, эмээ өвөө хоёр нь хаана байгаа юм?” гэж асуух зуураа өрөө бүрийн хаалгыг татаад хэнийг ч олж харсангүй. Харин энэ удаад бүсгүйн зүрх хүчтэй цохилон, хамаг биеийнх нь шар үс босов. Тэр буцан зочны өрөөнд ирээд, ширээн дээр зурсан зүйлийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Шилэн тавцан дээр эвдэрч хэмхэрсэн машин зуржээ. Харин түүний дэргэд дэрвэгэр даашинзтай, хоёр салаа гэзэгтэй охиныг далавчтай тэнгэрийн элч болсон байгаагаар ч дүрсэлсэн байв. Энхжингийн толгой гэнэт часхийн өвдөж эхлэхэд тэр хоёр гарынхаа алгаар толгойгоо хавчих мэт хэсэг зогсож байснаа эргэн, гал тогооноос алчуур норгон авчирч, ширээн дээрхийг арилгахаар зүлгэн арчиж эхлэв. Яг энэ үедээ бүсгүй яавч эрүүл биш харагдана. Нүд нь байдгаараа улайж, харц нь гүйлгэнэн, зүг бүрлүү алчуур барьсан гараа сарвалзуулан арчих биш улам халтартуулах түүнийг харсан хэн ч санамсаргүй үйлдсэн гэмт хэргээ баллах гэж байна гэмээр харагдана. Арилахгүй байсанд бүсгүй байж ядаж буй болтой улам хурдалж байхдаа хашгирч эхлэв. Галзуу хүн шиг хашгичин байснаа аажим

аажмаар гийнан орилж, яваандаа цурхиран уйлж гарлаа. Тэр алчуураа хол шидэн хаяж, буйдан дээрээ гарч суугаад өвдгөө тэврэн уйлсаар. Чихэнд нь жаахан охин нааш цааш точигнотол гүйх хөлийн чимээтэй хамт түүний хөгжилтэй инээх дуу сонсогдож эхлэхэд тэр чихээ дарав. Гэсэн ч сонсогдсоор байлаа. Охин нь гэртээ иржээ. Шинэхэн орон дээрээ унтахаар хэвтсэн охиныхоо дэргэд суусан Энхжин амандаа бүүвэйн дуу аялах юм. Хонгор шар үсийг нь хойш нь зөөлөн илбэх зуураа тэр хорвоогийн хамгийн азтай эмэгтэйгээр өөрийгөө мэдэрч байх ажээ. Төд удалгүй хаалга тасхийн хаагдах чимээ гарахад цочсон охин сэрчихэв. Бүсгүй охиндоо “Хэвтэж байгаарай” гэж захиад өрөөнөөс гарлаа. Төд удалгүй зочны өрөөнөөс эмэгтэй хүний хашгирах, аврал эрэн тусламж дуудах чимээ гарахад охин бөнжигнөтөл чичирсэн чигтээ дэрэн доороо хийсэн утсаа гаргаж ирэн

дугаар цуглуулав. Утасны цаана нойрмог эмээгийнх нь дуу гарч “Миний охин унтахгүй юу хийж байгаа юм?” гэхэд охин мэгшин уйлж “Аав ээжийг зодоод байна…” гэв. Энэ бүхнийг дэргэдээс нь харан зогсож буйгаар зүүдэлсэн Энхжин цочин сэрлээ. Тэр зочны өрөөний буйдан дээрээ өвдгөө тэвэрсэн чигтээ унтчихжээ. Өндийн босоод хүйтэн гэртээ, харанхуй дунд ганцаар байгаагаа ухааран хэсэг суулаа. Цүнхрүүгээ гараа сунган утсаа олж аваад “Асаах” товчин дээр дарвал бүх өрөөний гэрэл нэгэн зэрэг мэлсхийн асав. Нүд нь гялбахад шуугаараа нүүрээ халхлаад бага багаар дасах маягтай болох үед гараа авбал өмнө нь хэн нэгэн зогсож байх нь бүрэлзэн харагджээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *