Нүүр Өгүүллэг “ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “12-Р ХЭСЭГ”

“ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “12-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
950

Наад цагаа нааш нь өг. Миний аавын цаг байна. Цогцсыг нь хөрөөгүй шахам байхад эд, эдлэлийг нь тоноо юу та нар гээд тэсэхийн аргагүй нэвт, шувт ширтсэн Бүүвэйгээс Цэвэл өөрийн эрхгүй дальдчин байлаа.

– Юу болоод байнаа гэсээр талийгаач аавынх нь ач дүү эмэгтэй орж ирээд тэднийг гайхан харав. – Үгүй энэ охин одоо яах гээд байгаа юм бэ? Бүү мэд. Надаас хэрүүл гуйгаад байх юм. Би талийгаачийг

муудахаар нь ганцаардаад энэ хүнийг дуудаж хамт байсан юм. Эцгийнх нь ясыг барьсан ачтай хүнийг хөөж туугаад байх юм. Би яах вэ? ач болсныг нь санаад талийгаачийн цагийг өгчихсөн юм. Тэглээ

гээд уурлаж загнаад бага хүүхэд байж шуналтай гэдэг нь гээд Цэвэл нүдээ даран уйлж гарав. Хамаатангын эмэгтэй Саруул Бүүвэйг харснаа дараа нь Цэвэлийг харан ярвайж – Уг нь Бүүвэйгийн зөв ш дээ. Ганц үр

нь байгааг мэдсээр байж биеийг нь муу байхад хэлчихгүй яасан юм бэ? та. Ахтай хаа хамаагүй энэ хүнийг дуудаж байхаар биднийг дуудсан ч болох байсан. Бид ч гэсэн халуун амьсгаатай байхад нь

уулзах байсан юм. Би таньд хэлээ биз дээ. Бие нь их тааруухан байна. Болохгүй бол дуудаарай гэж сүүлчийн удаа ах дээр ирээд явахдаа хэлсэн биз дээ гээд Бүүвэйг хөтлөн цааш орохдоо эргэж – Тэглээ ч та ахын эдлэлийг хүнд өгөх эрхгүй шүү гэв. Талийгаачийн ажил явдал нилээд маргаантай болж өндөрлөв. Саруул хэд дахин Цэвэлтэй маргаан үүсгэсэн ч бусад нь түүнийг ятган тайвшруулж байлаа. Тэднийг талийгаачийг хөдөөлүүлээд ирэхэд өнөөх Чой гэгч эр бас байж байсан нь тэдний дургүйцлийг бас хөдөлгөв. Талийгаачийн буяны цайллага өндөрлөж хүмүүс явсны дараа садангын хэдэн хүн үлдэв. Мөнөөх Чой тэдний явахыг хүлээж байгаа бололтой өрөө, өрөөгөөр орж гаран холхино. – Цэвэл эгчээ би аавынхаа өрөөнд байгаа түүний эдэлж, хэрэглэж байсан эд юмсыг аваад явна шүү хэмээн хэлэхэд “Ашгүй энэ охин байр булаалдахгүй явах шиг байна” гэж

баярласан Цэвэл уриалгахан нь аргагүй тосон авч – Тэгэлгүй яах вэ? үр минь. Би аавын чинь юмнуудыг чамаас өөр хэнд өгөх билээ. Саруул үүдээр холхих танихгүй эрийг харж – Бүүвэй чи яахаараа эндээс аавынхаа юмыг авч явах ёстой юм бэ? Тэгж болохгүй миний дүү. Чи бол аавынхаа цорын ганц үр нь. Энэ байр бол чинийх. Аав чинь хүний эдэлдгийг эдэлж, хэрэглэдгийг хэрэглэж боломжийн амьдарч явсан хүн. Чи одоо эд юманд нь эзэн суух ёстой ганц үр нь. Аав чинь чамайг гэр хороололд амьдарч байгаа гэж надад хэлсэн. Чи одоо энэ байрандаа ирж амьдар. Дөчин ес хоногийг нь өнгөрөөгөөд Цэвэл та эндээс явна биз хэмээн палхийтэл хэлэхэд Цэвэлийн царай час улайснаа аажмаар цайн барайгаад ирэв. – Юу гэнээ та нар. Ах дүү нараараа бүүрэлхэж намайг хөөж байна уу? Тэгж ч ярьдаггүй байх шүү хэмээн Саруул уруу ойртон ирэв. – Тийм үү? Таны тэр арван жилийн амьдрал амьдрал байсан уу? Элэгний хавдартай байсан эхнэрээс нь хүнийг салгаж нялх балчир охиных нь нулимсан дээр

луйвардан амьдарсан амьдрал чинь жинхэнэ утгатай амьдрал мөн үү? Хэрэв миний ах чамтай сууж тийм том алдаа хийгээгүй бол өдийд хорвоогоос ийм амархан буцахгүй байсан юм хэмээн тачигнахад – Тэр чамд хамаагүй. Тэр бол Надмид бид хоёрын амьдрал. Тэгээд ч би түүнийг өргөж асарч байж өнгөрүүлсэн. Энэ миний гэр орон. Та нар зайлцгаа. Эцэст нь Цэвэл тэднийг хөөв. – Битгий дургүй хүргээд байгаарай чи. Одоо байтлаа бид чамаас хөөгдөх үү тээ. Чи ер нь хэн бэ? Өнчирч үлдсэн ганц охин дээрэлхээд хамаг юмыг нь цөлмөчихнө гэж бодоо юу. Үгүй за юу. Чи миний ахын хууль ёсны эхнэр ч биш ш дээ. Зүгээр л өнгөтөй, мөнгөтөй хүний гэрт ирээд хоргодчихсон зальт эм. Энэ байрны чинь хууль ёсны эзэмшигч гэж улсын үл хөдлөх хөрөнгийн газраар баталгаажсан эзэмшигч гэж байдаг юм. Миний ах, түүний талийгаач эхнэр, охин Бүүвэй гурав энэ байрны эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа. Энэ байрных нь гэрчилгээ. Энэ байна. Бид ахынхаа гэр орныг хууль ёсных нь эзэмшигчид өгөх гэж байна. Ахын минь цогцсыг хөрж ч амжаагүй байхад өөр эр авчирчихаад чи энд сайхан амьдрана гэж санаа юу. Горьдсоны чинь гарз биз. Харин чи өөрөө зайл

хэмээн Саруулыг омогдоход Цэвэл юу ч хэлж чадахгүй уурлаж, бачуурсандаа хий ангалзах аж. – Саруул эгчээ одоо болъё! Аав минь тэнгэрээс биднийг харж гомдож байгаа байлгүй дээ. Би аавыгаа хэрүүлээр, хэн нэгний хар нулимсаар үдэхийг хүсэхгүй байна. Нээрэн ч аав Цэвэл эгчийг сонгож амьдарсан. Яг өнөөдөр би ийм хөөх, хөөгдөх тухай ярьмааргүй байна. Харин та надад туслаад аавын минь юмыг манайд хүргээд өгөөч гэсэн Бүүвэйг Саруул зөөлөн нүдээр харж – За. За эгч нь ойлголоо. Чи ч ядарч байх шиг байна. Одоо хүргэж өгье! Байрны асуудлыг дөчин ес хоног өнгөртөл хойшлуулъя! Ер нь бол Цэвэл та эндээс гарах бэлтгэлээ хийгээрэй! Үгээр хэлээд болохгүй бол хуулиар шийдээд өгнөө гэж хэлээд Саруул босов. – Ахын барьж байсан машины түлхүүр хаана байна вэ? гэх Саруулын үг Цэвэлийн дургүйг бас хүргээд орхив. – Тэрийг ч харин болих уу даа. Тэр машиныг авахад би ч бас хувь хөрөнгө нэмэрлэсэн хүн гэж намжирдана. – За явъя Саруул эгчээ гэх Бүүвэйн дуун энэ маргааныг нэг мөсөн тасалжээ. “Энэ муу Саруул одоо хэн бэ? Худлаа ш дээ. Бүүвэйгийн нэрэн дээр авчихаад энэ байрыг өөрөө авах гэж байгаа биз. Шуналын хар тулам чинь. Энэ угийн их зэвүүн хүүхэн. Хаа очиж энэ Бүүвэй шуналгүй юм гээч. Бүүвэйгийн хөлд олигтойхон суух юм бол байраа авна гэж сүйд

болохгүй юм шиг байна. Байрны ордер надад байхад Саруул хичнээн хуцаад яадаг юм бэ? Ёстой нөгөө жингэр нохой хуцаж л байг. Жингийн цуваа явж л байна гэдгийн үлгэрээр. Би дөчин ес хоног болтол ажиллаж таараа ш дээ. Мөнгө байхад юуг л бол юуг зохицуулж болдог болсон” гэж өөртөө маадгар бодсон Цэвэл тэднийг ихэмсэг нь аргагүй харсаар үдээд тэднийг гармагц ханын шүүгээнээс байрны гэрчилгээ авахаар шүүгээг онгойлгоход өөрийнх нь иргэний бичиг баримтаас өөр юу ч байсангүй. Байрны гэрчилгээ, талийгаачийн хадгаламжийн дэвтэр тэр бүгд алга болсон байлаа. Цэвэл амаа барьж “Пүү байхгүй шүү. Байрны ордер, хадгаламжийн дэвтэр. Ээ хайран юм. Тэр муу Саруул их том дуугараад байсан юм. Эндээс бүх бичиг баримт хулгайлчихаад тэгж байсан байх нь. Муу хулгайч гичий. Гайгүй би чамайг чадахдаа чадаж, хорлохдоо нэг хорлоно доо” хэмээн шүд зуун бодов. “Үгүй ямар сонин юм бэ? Бүх түлхүүр надад байхад тэр гичий яаж эндээс бичиг баримт авдаг юм бол. Цоож гөнжиж эвдсэн шинж алга. Арай талийгаач өөрөө дүүдээ өгчихсөн юм биш

биз. Би ойрд шалгаж үзээгүй шүү. Бараг талийгаач өөрөө авсан байж таарах нь. Үхэж хэвтэхдээ таарсан хар хог чинь…” гэж бодон талийгаач Надмидыг зүхэж гарав… *** *** *** Нэгүүнийг гаднаас орж ирэхэд гэрийн зүүн талын орны өмнө өрөөсөн хөлөө дороо нугалан суусан шар царайт охин орсгой шүд гарган инээж угтав. Нэгүүн гайхан ээж өөдөө харвал – Өө миний хүү хүрээд ирэв үү? Ээж нь хоолоо хийчихсэн. Миний хүү хоолоо ид гээд ширээн дээр тавагтай цуйван тавьж сэнжтэй аяганд цай аягалан барив. Нэгүүн хувцсаа өлгөөд ширээний ард сууж – Өнөөдөр хичээл тарсны дараа нэг найзынхаа ахын хэвлэх үйлдвэрт очиж зургаан цаг ажиллаад ирлээ. Автобусны мөнгөнөөс эхлээд мөнгө ямар илүүдэх биш гээд охиныг харав. Охины үсийг ар дагзан дээр нь нэг боосон байх бөгөөд түүнийг харан инээсээр байх аж. “Энэ одоо ямар юмтай охин бэ? Ээж одоо хачин хачин юмнууд гэрт цуглуулаад байх юм” хэмээн Нэгүүн дургүйцэн бодов. – Одоо тэгээд ядрах байх даа хүү минь. Хичээлээ тараад ажил хийхээр ядралгүй яах вэ? Ай халагаа. Халаг. Хэдэн малаа тэр жилийн зуданд алдаагүй бол юу гэж ганц үрээ зовоох билээ гэж

үглэсэн Нямхүү охиныг харж – Миний дүү хоол идэх үү? гэв. Охин толгой дохиж – Энүүнтэй адилхан тавганд иднэ гээд Нэгүүнийг харан бас инээд алдав. “Өө энэ одоо ямар даварсан гар вэ? Юмтай юмуу хаашаа юм бэ? Тэнэг юм шиг инээгээд балайраад байх юм” гэж бодов. – Зайлуул. Энэ охин манай энэ баруун хашааны айлын охин. Ажил явдал гараад эгч нь надад гуйж үлдээгээд явсан юм гээд Нямхүү Гандуламын өмнө тавагтай хоол тавив. – За… за би ерөөсөө хоол идэхгүй ээ. Эмэгтэй хүн их хоол идэх муухай. Би аавыгаа ирэхээр их хоол иднэ. Манай аавыг ганган Чой шуудай дотор суулгачихсан. Наад хоолоо энэ дүүд өгчих. Ерөөсөө би энэ дүүг дүүгээ болгож авнаа гэж ярих охиныг хараад Нэгүүн түсхийтэл инээд алдаж – Яаж байгаа золиг вэ? Ядарсан амьтныг шоолох нь уу гэсэн Нямхүү хүүгээ муухай харав. – Хм. Мөн яриваа чи. Дүү ч гэх шиг. Чи одоо миний эгч болж таарах нь уу гэсэн Нэгүүн охиныг инээмсэглэн харав. – Тийм би чиний эгч болно. – За за ойлголоо. Дахиж битгий тэгж яриарай гээд Нэгүүн аяга тавгаа хураан компьютерээ асаав. Өнөөдрийн хичээлээс баталгаажуулах

зарим материалаа хайж олоод хэвлэн авснаа тэр гэнэт охиныг харав. Охин орны доод талын буйдан сандал дээр томоотой гэгч нь сууж хачин их уйтгарт автчихсан суугааг хараад гэнэт Нэгүүн түүнийг ихэд өрөвдөв. “Хөөрхий өнчин хүүхэд юм боловуу. Яагаад ийм болчихсон юм бол…” Нэгүүн охиныг харан инээмсэглэж – Хөөе чи хэн билээ? гэхэд охин сэртэсхийн түүнийг хараад – Би юу даа гэв. – Тиймээ чи… Чамайг хэн гэдэг юм бэ? – Намайг Гандулам гэдэг юм ш дээ гээд дахин инээд алдав. – Тоглох уу? – Үгүй ээ миний санаа зовоод байна гээд шанаагаа тулсан охиныг хараад Нэгүүн тэсч чадалгүй инээд алдчихав. – За. Юунд тэр вэ? Яагаад чиний санаа зовоод байгаа юм бэ? – Миний эгч ирэхгүй байна. Миний эгчийг дахиад ганган Чой шуудайд суулгачихвал яах юм бэ? Тэгвэл тэр бас аав шиг ирэхгүй болчихоно гээд Гандулам улам уруу царайлахад Нямхүү ярианд оролцож – Яах нь вэ? Наад амьтнаа битгий хямраагаад бай. Зайлуул муу аавд нь нэг эвгүй юм тохиолдсон бололтой. Хүний зовлон ямар багадах биш гэв. – Ойлголоо ээжээ. Гандуламаа чи битгий зов. Эгч нь яах ч үгүй хүрээд л

ирнэ. Харин гоё дуу сонсох уу гэхэд охин толгой сэгсрээд – Үгүй ээ. Би дуу сонсохгүй эгчийгээ хүлээнэ. Ээ ашгүй ганган Чой эгчийг яах ч үгүй юу гээд түүнээс асуусан байртай харахад түүнийг юунд ч юм бэ? өрөвдөөд байсан Нэгүүнд энэ мэдрэл муутай охин өрөвдөлтэй бас их өөриймсөг дотно санагдаад байлаа. Нэгүүн хувь заяаны нэгэн төөргөөр эх нэгт төрсөн эгчтэйгээ уулзаж байгаагаа яахин мэдэх билээ. Нэгүүн Янжиндулам хоёрын гэнэн цагаан үерхэл намар, өвлийн саруудын турш үргэлжилж тэрээр охинд хайртай болсноо хэлэхэд охины царайд гүн уйтгар гуниг тодрон хариу юу ч хэлээгүй тул Нэгүүн баахан эргэлзэхэд хүрээд байлаа. “Янжиндулам цаанаа хүнтэй юм болов уу” гэх хайрлах, харамлах бодол бас цээжийг нь маажлан шаналгах болоод байлаа. Утас нь дуугарахад охин давхийн цочсоноо марсайн инээж – Хэн бэ? Миний эгч мөн үү гэв. Янжиндуламын дугаар харагдахад баярт бодол харваад явчихсан Нэгүүн долоовор хуруугаа уруулдаа хүргэн – Чш. Эгч чинь бишээ. Миний найз байна гээд утсаа аван гарахад Гандулам дагаж ухасхийв. Нэгүүн сандарч – Ээжээ энэ охиноо аваач гэж хашгиран гүйн гарч хашааны хойт мухарт очин

хайртай охиныхоо утас уруу залгав. – Байна уу? Янжиндуламын дуунд гуниг цөхрөл цухалзан буйг мэдэрсэн Нэгүүний дотор палхийгээд явчихав. “Яасан юм бол…” – Оройн мэнд. Юу байна вэ? Янжаа. Чиний бие зүгээр үү? Ямар нэгэн юм болоо юу? – Харин тиймээ. Би ганцаардаад байнаа. Надад бүх юм утгагүй санагдаад байнаа. Тэгээд л чам уруу залгасан юм. Чи гэртээ байна уу? Ээж чинь сайн уу? – Ээж сайн. Би гэртээ байна. Бас манай айлын нэг мэдрэл муутай жаахан охин байна. Их хөгжилтэй бас өрөвдмөөр. – Хөөрхий амьтан. Тийм хүмүүс угаасаа өрөвдмөөр байдаг юмаа. – Харин тийм. Ингэхэд чи хаана байгаа юм бэ? Уйлаад байгаа юмуу чи. – Тиймээ. Би уйлж байна. Би уйлаад гадаа гудамжинд явж байна. – Хүүе яаж байгаа юм бэ? Яасан юм бэ? Юу болоо вэ? чи. Чи яг одоо наанаа байж бай. Найз нь одоохон яваад очъё хэмээн Нэгүүн сандран хэлэв. – Хэрэггүй ээ. Намайг уучлаарай. Чиний сэтгэлийг зовоосонд гээд Янжиндуламын эхэр татан уйлах сонсдов. – Янжаа чи яаснаа надад хэлчих. Хэн чамайг гомдоогоо вэ? Арай надад гомдсон юм биш биз дээ хэмээн Нэгүүн сандчив. – Үгүй ээ. Би чамд юу гэж гомдох билээ. Харин чи надад нөгөө

дуугаа дуулаад өгчих тэгэх үү хэмээн Янжиндулам хоолой чичрүүлэн гуйв. – Ямар дуу билээ гэсэн Нэгүүн улам сандрав. – Яагаа вэ? Нөгөө Ардын Урлагын Их Наадамд тэргүүн байр эзэлсэн Сийлэнбөөрөө… – За тэгье л дээ. Яах гэж байгаа юм бэ? чи. – Дуулаад өгчих л дөө. Энэ дуу миний амьдралд алтнаас илүү үнэтэй за юу гээд охины хоолой зангирахад – За за гэсэн Нэгүүн дуулж гарав. Мандаж гардаг нарны маань наагуур Манан үгүй тунгалаг байнаа хө Манай айлын Сийлэнбөөрийг Маргаашийн нарнаар мордуулна гэнэ дээ хө… хэмээн дуулахад охины ханхийтэл санаа алдах Нэгүүнд сонсдов. – Баярлалаа Нэгүүнээ. Миний хайртай байсан хүн энэ дууг дуулдаг байсан юм. Би хайртай хүнээсээ хагацчихлаа. Тэр энэ орчлонд амьд байхгүй юм шиг байна гээд мэгшин уйлаад Янжиндулам утсаа унтраачихав. Нэгүүн ихэд сандарч дахин залгасан ч охины утас сүлжээнээс салсан байлаа. Нэгүүнийг сэтгэл зовж, царай цонхийлгосоор гэртээ ороход мөнөөхөн гажигтай охин түүний орон дээр гараад унтчихсан байлаа. – Миний

хүү ээжийнхээ орон дээр унтана уу даа. Цаад хүүхэд чинь орон дээр чинь гараад унтчихлаа. – Зүгээр дээ ээжээ. Би зүгээр гудас хаяад газар унтчихъя. – Тух алдахгүй биз миний хүү… – Үгүй ээ… гэсэн Нэгүүн орны өмнө гудас хаяад тэр чигтээ буруу хараад хэвтээд өгөв. “Яасан юм бол. Янжиндуламд юу тохиолдсон юм бол. Тэр хайртай хүнтэй л байж дээ. Хайртай хүн нь үгүй болсон гэхийг бодоход амь насаа алдсан бололтой. Гадаад ч юмуу эсвэл цэрэгт байсан юм боловуу. Хайртай хүн нь лав хотод байхгүй байсан байх. Яасан хэцүү юм бэ? дээ. Одоо Янжиндулам маань ямар их уйлж шаналах бол доо.” хэмээн Нэгүүн бодож хэвтээд унтчихсан байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *