Нүүр Өгүүллэг “ГЭР БҮЛ” роман “4-Р ХЭСЭГ”

“ГЭР БҮЛ” роман “4-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
885

… Лодон Хэнтий аймгийн Дадал суманд нутаг заагдан ирж үхэр сууринд туслах малчнаар очоод хэдэн сарын нүүр үзэж байлаа. Балдан баавай гэж нутагтаа алдаршсан цагаан толгойт өвгөн түүнийг

найрсгаар угтаж авснаас хойш өвгөн залуу хоёр эв түнжинтэй хоног сарыг өнгөрөөж байлаа. Балдан баавайн охин Дарийм хэмээх махлаг шар хүүхэн хоёр балчир хүүхэдтэй бөгөөд эр нөхөргүй нэгэн. Балдан

баавайнд Лодонг хүргэгдэн ирсэн өвлийн тэр цонхигор өдрийн маргааш өглөө нь яагаа ч үгүй хотны ноход шуугиад явчихад Дарийм дээлээ бүслэн гарснаа эргэж орж ирэн – Ононой голыной наашаанаа

айлынай нүүдэл айсуй. Хүүгэд балчираа тэвэрсэн басган бэргэд байхавнай гээд галаа түнхэн хуурай хөх гишүү өрдөж гарав. – Хэн гээшив инагш нүүдэг. Энэ хар хүйтнээр… гээл Балдан баавай улаан

оройт малгайгаа өмсөн өндөлзөв. Удалгүй гадаа ноход улам ширүүсэн боргож төмөр дугуйт тэрэгний дугуйны цас шажигнуулах сонсдоно. – Мэнд амар. Балдан баавайтан лагшин амгалан уу? – Мэнд амар. Бид

сайн гээчив. Харин танайхан юунынай учир Ононой гаталж инагш зүтгэнэ гээшив. – Бурхан зүг оройдоо. Даргатаны тушаал энэ. – Манай сууриас маллана гээч үү? – Яалаа ч вэ? Баавай минь. Тусгай үүрэг гүйцээнэ. – За чи ямар үүрэг гээчийг гүйцээхээрээ хүүгэд басгадаа дааруулан нааш зүтгээ вэ? орж цай баригты. Тэд ийн ярилцах нь тодхон сонсдоно. – Манай гадна их мөс муутай айл ирэвшээ. Та болгоомжтой байсан нь дээр. Дарийм ихэд аминчлан хэлээд инээмсэглэх аж. Тэр өдрөөс эхлэн Лодон сайн дурын дагуултай болсноо мэдэв. Ням хэмээгч тэр олон хүүхэдтэй ядмаг амьдралтай эр Лодонгын юу хийж хэнтэй уулзаж буйг мэдээлж хэдэн төгрөг олдгыг Лодон сайн мэдэж байлаа. Хөлчүү Ням Лодонг хаана байсан газар ил цагаахан дагана. Улаанбаатар хотод үлдсэн эхнэр хүүхдээ бодон ихэд

шаналсан зовлонт өдөр хоногууд үргэлжилж байлаа. Балдан баавайн охин Дарийм түүнийг хувцасных нь хир буртаг угаахаас эхлээд ихэд бөөцийлнө. Өвлийн хүйт тачигнасан нэгэн өдөр Балдан баавай Лодонг өвөлжөөний арын нуруулдсан өвсний дэргэд дуудуулав. – Намайг дуудсан уу? Ах та. Өвгөн толгой дохиж – Нааш ойрт. Миний ойрыной садны залуу Улаанбаатар хотноо явах гээч. Чи гэрээ зааж өгөөд явуул. Уулзаад ирэх биз гэв. Лодон ихэд баярлаж – Тэгэлгүй яах вэ? их баярлалаа ах минь. Одоо одоохон эхнэртэй захиа бичээд ирье. Хариуг нь аваад ирвэл бүр сайн. Өвгөн инээмсэглэн толгой дохиж – Хөвүүн чи Нямаас болгоомжил. Тэр чамайг бичнэ. Дээшээ даргад өгнө. Муу хүн гээд чимээгүй болов. Бөөн баяр болсон Лодонг өвөлжөөний үүдэнд гарч ирэхэд ханцуй нь сэмэрсэн хөх даалимбан дээлний ханцуй далбагнуулсан Ням угтан гарч ирээд мохор зажилж шарласан шар шүдээ ярзайлган инээмсэглэв. – Бурхан зүг оройдоо. Эй залуу нөхөр

минь яасанай баяр жаргалтай харагдана гээч. – Баярлах юмаар маруухан болчихсон хүн юундаа ч баярлах билээ. – Чинийнай царай ихээ өөр харагдаж байна даа. – Таньд тэгж бодогдоо биз гэчихээд дургүйцлээ ил гаргасан Лодон хажуугаар нь өнгөрөөд яваад өгөв. – Муу хуухнаг чинь уурлах санайтай гээч гэж ганцаараа ярьсан Ням Лодонг мөрдөн араас нь гүйв. “Энэ Лодон Балдан хоёр нэг биш. Ямар нэг хуйвалдаан зохиогоод байх шиг байна. Гарцаагүй. Энэ хоёрыг ер нь Дугар төлөөлөгчид мэдэгдэх нь зөв юм байна.”тэр шөнө Лодон лааны гэрэлд эхнэр эгч хоёртой захиа бичив. Өглөө үүрийн харанхуйгаар Балдан өвгөн дүүхэлзсэн хээр морио эмээллэж мордохыг Ням гэрийнхээ үүднээс хараад яарч сандчин өөрийн номхон бор морио эмээллэж унаад араас нь шогшив. Балдан өвгөн түүнийг эргэж харснаа мориндоо ташуур өгөн цагаан тоос манарган хурдлав. “Муу нохой гүйцээд ирэхийг чинь харах юм хуна.” Өвгөний араас мориндоо ташуур өгөн гүйцэхийг хичнээн хичээвч Нямын хашин бор морь дороо бөг бөг шогшихоос хэтэрсэнгүй. Энэ хооронд Балдан өвгөн

арилаад өгсөн байлаа. Өвлийн цонхигор цагаан наран тэртээ дээр тэнгэрээс ёлтойсон тэр өглөө буриад үстэй дээл өмсч сэгсгэр үнэгэн лоовууз бүчилж боосон Лодон сувай үхрийн суурь туусаар бэлчээрт нь гарав. Уудам хөндийг хага зүсэн цагаан судал үргэлжилж онон голын хөндий цайран харагдана. Голын тэндээс үе үе цагаан манан суунаглана. Цагаан манангын наагуур буриад айлуудын өвөлжөө нүүгэлтэн харагдана. Араараа дүүрэн модтой уулын энгэр үрүү үхэр сүрэг шил шилээ харан цувна. Лодон буриад эмээлийн төмөр бүүрэг түшин богино шилбүүр барин үхрийн араас дагана. Тарга тэвээрэг сайтай сувай үхрүүдийн зоо нуруу дөрвөлжлөн тэвхийж хүйтэн жаварт сортон харагдана. Гэнэт үхэр мөөрөх сонсдон урьд явсан үхрүүд пижигнэтэл эргэн давхихад үүнийг хүлээж байсан аятай Лодонгын унаж явсан номхон хар морь жолоо дугтран ухасхийн эргэн давхихад Лодон мориноос унахгүйг хичээн эмээлийнхээ бүүрэннээс

зууран нүдээ анихад морь цогиж гарав. Нохой хуцаж үхэр мөөрөлдөх чимээнээр Дарийм гэрээс гүйн гарав. Бэлчээр үрүү үхрээ тууж хотнгоос гарсан Лодон бүүрэгнээсээ тас зуурч үхрийнхээ өмнө давхиж араас нь үхэр сүрэг давхилдан орж ирэв. – Юу болох нь энэ гээч вэ? гэж Дарийм уулгалан алчуур шүүрч Нямын эхнэр Отгон доголон хөлөө хөндөн байж нулимсаа гартал хөхрөв. – Юу болоо вэ? – Ёстой мэдэх юм алга. Үхрүүд уул өөд өгсч явснаа эргээд пижигнэтэл давхилдах юм. Тэгсэн миний морь ч эргээд ам нь дийлдэхгүй үхрийнхээ өмнө гараад давхичихлаа. Үнэнийг хэлэхэд би унахгүйг л хичээж явлаа гэж Лодон үнэнээ хэлэв. Морин туурай хөлдүү газрыг бөмбөрдөн дээд хотны залуу давхин гарч ирээд жавар сийгүүлэн инээж – Танай хүн айгаа юу. Дээд уулаар хоёр чоно гүйгээ. Үхэр үргэж буцаж давхисан гээд пижигнэтэл давхив. – Би өөрөө үхэртэй явъя даа гэсээр Дарийм морио авч голоос мөс авчирч хайлах юм шүү гээд мориндоо мордон үхрээ туун одов. Балдан өвгөн дүү Содовындоо ирэхэд Содов хот орох модны машинд сууж байлаа. – Ээх дүү минь шалавла. Миний араас Ням мөрдөөд ирээ. Муу нохойн хүү. Манайд ирсэн залууг мөрдөөд байна.

Энэ хоёр захиаг энэ хоёр газарт хүргэж ирээд хариуг нь аваарай. Машин хөдөлж Балдан гэрт орон дайлуулав. Гэрийн хойморьт улаан залаат малгайнууд овоорч хэдэн эрчүүд даалуу шажигнуулан тоглоно. Эрчүүд өвгөнийг харж – Баавайтан мэнд амар. Дээш морилж суу хэмээн хүндэтгэн урив. Содовын эхнэр бүдүүн улаан хүүхэн хөлсөө ханцуйгаараа шудран арчаад өвгөний өмнө өтгөн цай цөцгий лепошка хэмээх хөөмөл талх зүсэн тавьж тогоонд ус хийн адууны мах үйв. – Ах сархад баригты. Өвөлжөө тайван уу? Тоглоомчдын зугаатай хөөрөлдөх сонсдоно. Нохой хуцах сонсдож дөрөө харших чимээ дуулдана. Хаалга онгойж цагаан нэхий дээл өмссөн Ням орж ирээд мэнд мэдэн Балдангын доор сууж тогоон дахь махыг шунаглан харна. – Баавай та юунд яаран давхив. Би араас тань довтолгоод барсангүй гэсэн Ням тоглоомчдыг таатайхан харна. “Ашгүй дээ. Хар өглөөгүүр салхи залгиж дэмий наашаа довтолсонгүй. Мурийтай тоглоомчдыг газар дээр нь барилаа. Дугар төлөөлөгчид хэлэхэд цай тамхины мөнгө янчаан бас нэмэгдэнэ. Энэ муу зөнөг Балдан даанч наашаа их яарсан юм. Ийм учиртай байж л дээ.” Тоглоомчдын дунд суусан үүдэн шүдээ

алтаар бүрүүлсэн намхан пагдгар эр Ням уруу эгдүүцэн хараад – Ээ болгоо та минь. Уулаар даваагүй, усаар гатлаагүй. Үгээ бодож дуугар. Газраа олж тухал. Чүй энэ гараа минийх. Ойрд ингэж наадсангүй. Адуу мал хэцүүдлээ аж амьдралаа бод. Үхэр мал мөөрөлдлөө. Өөрийн амьдралаа бодъё гэсээр нүд ирмэн гар дах даалуугаа шидэхэд эрчүүд гар дах модоо шидлэн өндийцгөөв. Тоглогчид малгайгаа өмсөцгөөн хэт хутгаа барилан босоцгооход эзэгтэй – Мах болж байна идэгтий гэхэд эрчүүд нударгаа савлан нүд ирмэн гарцгаав. – Ням чи нааш ирэх байсан юм бол хэлэхгүй яагаа вэ? – Баавай таныг нааш ирэхийг анзаарсангүй. Содовтой уулзах гээд. Ням жишим ч үгүй худал залав. – Содов урьд сум уруу агтны эрэлд явсан. Мөд наашлахгүй биз. Содовын эхнэр түүнийг харж таагүй хэлээд өөр тийш харав. – Өглөөгүүр танайд машаан ирээ юү? – Ирсээн. Сүү асууж явна лээ. Холын хотын машаан гэсэн. “Энүүнд дурлахгүй юм гэж байхгүй шүү. Ховын хошуу нь хэдэн үедээ зовлон дуудна биз” Балдан өвгөн эгдүүцэн бодож суутал бэр хүүхэн нь том царанд мах овоолон гаргав. Ням тухлан суусан Баавайг инээмсэглэн хараад суудлаа засан суув. Содов яваад арав гаруй хоносон ч ирэх болоогүй бололтой таг чиг байв. Содовыг хамгийн их

хүлээж байсан хүн бол Лодон байлаа. Ар гэрээсээ ямар хэл сураг ирэхийг тэсч ядан хүлээж байв. Тээр шөнө болсон хойно Балдангын хотыг чиглэн том машины дуу гарсаар ойртоход Балдан орон дээрээ өндийн босч суув. – Дарийм миний басган босоорой. Гал нэмээрэй. Чийчаан ойртон ирэв. Эцгийнхээ дуунаар Дарийм босч хувцаслан галаа сэргээв. Машин ойртон ирэхэд Дарийм гарав. – Балдан гуайнх аль гэр вэ? – Энэ гэр. Манайх. Машин унтарч нэг эмэгтэй хоёр эрэгтэй гурван хүн орж ирэхэд Лодон хөнжлийн завсраар гаднаас ирэгсдийг харснаа ухасхийн босч хувцаслав. – Хүрлээ ахаа. Ариунаа эгчээ. Сайн байцгаана уу? Гаднаас ирэгсэд хирдхийн Лодонгын зүг хошуурч – Иш дүү минь гэсэн эмэгтэй хүний дуун цахиртан сонсдов. Ариунаа гүйн очиж дүүгээ тэврэн мэгшин уйлав. Хаалга сэвхийн нээгдэж дэнгийн гэрэлд гэр дэхийг тэмтчин харсан Ням тэврэлдэн уйлж буй эгч дүү хоёрыг харан инээвхийлэхийг харсан Балдан өвгөний цээжинд олон хорхой арваганах шиг сэтгэл нь зарсхийв. “Бурхан будда минь өршөө. Хэдий болтол энэ амьтан хүний зовлонгоор хооллох юм бол” хэмээн шивнэв. – Сайн явцгааж байна уу? Хаанаас хааг зорьж явна даа. –

Улаанбаатар хотоос энэ газрыг зорьж ирлээ. – Өө хөөрхөс минь хэрэг зориг юунд вэ? – Эндээ. Энэ дүүтэйгээ уулзах гэж явна. – Зайлуул аштай юу даа. Үгүй тэгээд энд байгааг нь яаж нэг мэдэв дээ. Бурхан зүг. Балдан өвгөн ойр ойрхон хоолой засч – Сайн хүмүүс мэр сэр таарах юмаа гээд Хүрлээ түүнийг цайлганаар харж инээвхийлэв. – Сайн. Сайн. Сайн хүн тааралгүй яах билээ. Тэр сайн хүн чинь тэгээд манай эндхийн хүн үү? Танай тэндэхийн зон уу? Ариунаа гэнэт сэрхийн нөхөр үрүүгээ хялавхийхэд Хүрлээ – Бид тусгай зөвшөөрлөөр уулзах гэж явна гэв. – Ямар сайн юм бэ? Тэр тусгай зөвшөөрөл чинь тэгээд ямархуу юм байдаг юм бэ? Дээ. Би үзэж болох уу? Гэнэт Хүрлээгийн дургүй хүрээд явчихав. – Би хэн нэгэнд байцаалгах гэмт хэрэг үйлдээгүй. Ингэхэд та хэн бэ? – Би энэ айлын хүн л дээ. – Айлын хүн гуай та гэртээ орсон нь дээр юм шиг байна. Ням инээсэн хэвээр гарч хашин борыгоо унан төлөөлөгчид хэл дуулгахаар харанхуй орчныг зүсэн ододын гэгээгээр баримжаалан бөг бөг шогшуулав. “Та муусайн эсэргүүнүүдийг газар дээр нь бариулна даа. Төлөөлөгч минь гэртээ байж аз таараасай даа. Бурхан зүг оройдоо.” – За хөвгүүд басгад минь дөрөө дуугарлаа. Болохоо болилоо шүү. Цаад цөөвөр чинь хэл өгөхөөр

Дадал явчих шиг боллоо. Хэн хэл чимээ өгсөн гээд бөөн юм болно. Хурдан уулзаж нарийн ширийнээ ярилцаад явцгаа гэж Балдан өвгөний хэлэх үүрийн харанхуйд дагжин чичирч өвгөний гэрийн хаяанд чихээ наан зогсссон Нямын эхнэр Отгонд тодхон сонсдов. Үүрийн гэгээтэй уралдан Хүрлээгийн машин Балдан өвгөний гаднаас хөдлөв. – За Балдан гуай танайд байгаа улс төрийн онц аюултай гэмт хэрэгтэн ямархуу байна даа. – Зүгээр сайн байгаа. – Та хуулийн өмнө үнэнийг хэлэх үүрэгтэй шүү. Та Лодонтой хамт үе үе нуруулдсан өвсний дэргэд уулздаг гэсэн. Юу хийдэг юм бэ? – Малдаа өвс өгөхөв дөө. Өөр яана гэж. – Танайд хоёр хоногын өмнө шөнө ирсэн машинтай улс хэн бэ? – Лодонгынай ах дүүс гэсэн. – Лодонг танайд байгааг тэд яаж мэдсэн юм бол… – Би мэдэхгүйв дээ. Өөрсдөө л хүрээд ирсэн мэдэхгүйв. – Танай дүү Содов аль сум уруу адууны эрэлд явсан юм бэ? – Өвгөн нь мэдэхгүйв дээ. – Бас л мэдэхгүй юу? Арав гаруй хоногын өмнө таныг Содовынд очиход тэднийд хэн хэн мөрийтэй тоглож байсан бэ? – Мөрийтэй тоглоогүйв дээ. Мал бэлчихийг хүлээн залуус наадаж байгаад тарцгаасан. – Тэнд хэн хэн байсан бэ? – Би хэнийг нь санахгүйв

дээ. Манай нутгийн залуус байсан. – Хэрэв худлаа хэлсэн бол хөгшин толгой минь дээлээ толгой дээгүүрээ нөмөрч торны цаана сууна шүү. – За ойгоо ойгоо… … – Багшаа Чингис хаан сайн хүн юм уу? Муу хүн юм уу? Хоёр салаалж сүлжсэн гэзгээ ар тийш нь шидсэн улаан хацартай охиныг гар өргөн босоод асуухад Сэржид асуултанд хариулалгүй алхаж самбарын өмнө очоод – За сууж бай. Буяннэмэхээ чиний асуултанд багш нь хариулна. Тэгэхээр хүүхдүүдээ энэ асуултыг би та нараас бас асууя. Чингис хаан сайн хүн үү? Муу хүн үү? Хэн хариулах вэ? – Багшаа би. – За Пагмасүрэн. – Чингис хаан бол муу хүн. Харгис хар феодал. – Өөр хариулах хүн байна уу? Сууж бай Пагмасүрэн. За Сүрэн хариулаарай. – Чингис бол цуст дарангуйлагч. Тэр муу хүн байсан. – За сууж бай Сүрэн. Болд хариулаарай. – Багшаа Чингис хаан бол ерөөсөө муу хүн. Хаан хүн чинь муу хүн биз дээ. Ард түмнээ дарласан дарлагч ангийн том төлөөлөгч. Түүхийн талаар хийсэн нээлттэй хичээлд Чингис хааныг бүх хүүхэд нэгэн дуугаар муу хүн харгис хар феодал гэж хэлж байлаа. “Одоо яая гэх вэ? цаг үе маань ингээд түүхээ гуйвуулах юм даа. Ер нь бол нийгэм дагаж түүх гуйвна гэдэг бол утгагүй зүйл. Харин түүхээ нийгэм өөрчлөх ёстой. Яагаад өнгөрсөн үеэ

муулж их түүхээ гуйвуулна вэ? ийм жаахан хүүхэд байхаасаа төөрөлдсөн хүүхдүүд ирээдүйд Монгол хүн гэдгээ ч мартах аюултай” Сэржид гэнэт өөртөө ихэд харамсан бодов. – Хүүхдүүдээ бид социалист нийгэмд амьдарч байна. Энэ нийгэм бол сайхан нийгэм. Иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй. Сурч боловсрох, эмчлүүлэх, амьд явах гээд бүх эрхээр хангагдсан тайван тогтвортой нийгэм. Нийгмээ дагаад хүний оюуны ухамсар дээшлэх ёстой. Аливаа улс орны түүх гэдэг хэзээ ч орхиж, мартаж, гуйвуулж болохгүй нандигнан дээдлэх эрхэм чухал зүйл байдаг. Чингис хаан бол Монгол үндэстэн хэн болгоны шүтэн дээдлэх учиртай аугаа их хаан. Зөвхөн нүүдлийн мал аж ахуй дагнаж, тархай бутархай амьдрал хоорондоо утга учиргүй дайсагналцсан олон Монгол угсаатан овог аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан. Их Монгол улсыг байгуулж тархай бутархай байдлыг нэгтгэж соёл иргэншил цэрэг иргэний гээд тухайн нийгмийг бүхэлд цогцоор өөрчилсөн. Их улсын хаяаг тэлж зэргэлдээх улс орнуудыг өөрийн эрхшээлд оруулж дэлхийн талыг эзэлсэн Их хаан гарамгай удирдагч байсан. – Тэгвэл Чингис хаан сайн хүн юм уу багшаа. – Чингис хаан бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд дуурсагдсан их хаан. Их хаанаа муулдаг ард түмэн байдаггүй юм шүү дээ хүүхдүүдээ. – Багшаа би – За Болд асуух зүйл байна уу? – Багшаа

яагаад хаад ноёдыг хар феодал гэдэг юм бэ? – Тухайн засгийг удидаж байсан төрийн эсрэг дайсагнаж олон ардыг дарлаж байсан ноёд баядыг хэлж байгаа юм. Гэхдээ эдгээр хүмүүсийг улс орны хувь заяаг тэгшилж явсан түүхэн хүмүүстэй хамтатган ойлгож болохгүй. Тэр өдөр хүүхдүүд хичээлд ихэд идвхитэй оролцож харилцан ярилцсан нь Сэржидэд сайхан санагдаж байлаа. – За хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл дууслаа. Баяртай. – Баяртай багшаа. Хүүхдүүд шуугилдан гарцгааж Сэржид ангид бодлогшрон хоцров. “Муу охин минь цэцэрлэгт явж чадаж байгаа болов уу? Бумчин минь яаж байгаа бол. Ажил олж хийж чадаж байгаа болов уу? Эрх биш төрсөн охин нь юм байна хадам аав манай хоёрт туслах байгаа даа. Хадам ээж ямарч байсан орхихгүй. Хадам ээжид найдаж тайвшрахаас. Би ч эндээс хий дэмий зовохоос өөр яаж ч чадахгүй юм даа. Бумчин минь адаглаж жирэмсэн байдаг. Давхар биетэй хүн нялх хүүхэд тэврээд орон байргүй амьдарна гэдэг үнэхээр хэцүү байлгүй яах вэ? адаглаж тэд нарынхаа ямар байгааг мэдэх юмсан. Ямарч байсан би ажил хийж байна. Хэдэн төгрөгний цалин өгөх байлгүй дээ” гэхчилэн бодож холхиж байтал хаалга

онгойж – Багшаа та 7в ангид Орос хэлний хичээл орох юм байна ш дээ гэж нэг охин цангинуулан хэлээд буцаж харайлгав. “Үгүй ер Орос хэл ордог нь. Орос хэлээр ярих нэг өөр. Хүүхдүүдэд Орос хэл заах чадвартэй хүн нэг өөр. Би хүүхдүүдэд Орос хэл зааж чадна гэж үү? Энэ захирал ер нь юу бодож намайг Орос хэл заалгахаар бичдэг байнаа. Одоо тэгээд яах вэ очдог л байх даа” Сэржид 7в анги уруу итгэл муутай алхан оров. … – Өвөө өвөө би таны асуу гэснийг асуучихсан гэсээр Буяннэмэх охин баясгалантай гэгч нь хашгиран орж ирэв. Зуухны өмнө гурил зуурч суусан Жавзан охиноо харан гайхаж – Юу. Юу асуусан гэж хэмээн ярианд оролцоход гэрийн хойморьт дээл нөмрөн ямар нэгийг бичиж тэмдэглэж суусан Готов өвгөн толгой өргөн өндөлзөж – Ахайс тэгээд цаад багш чинь юу гэж байна гэж өвдгөөрөө мөлхөн охинд ойртов. – Чингис хааныг Монгол угсаатанд түүхэн ач холбогдолтой Аугаа их хаан гэж хэлсэн. – Аанхаан. Тэгсэн үү? Их сайн байна. Миний охин ийм сайн охин шүү гээд толгойг нь илсэн Готов далбагар дэвтэр гарган үл ялиг чичрхийлэн салгалсаар охиноос хэд дахин давтан асууж – 1961-03-01. Намын эсрэг бүлгийн гишүүн нөхөр Сэржид хичээл заахдаа хүүхдүүдэд Чингис хааныг Аугаа их хаан гэж

ятган тайлбарласан байна. Сэржид нь хөрөнгөтнй үзлийг дэмждэг нь илт байна гэж бичээд дэвтрээ хаан ширээн доорхи ширдгэн доогуур шургуулав. – Миний охин маргаашийн хичээл дээр яг өнөөдрийнх шигээ Орос Америк хоёр улсын аль нь БНМАУ-д хэрэгтэй вэ? гээд асуучихаарай гэв. – За өвөө. Гэхдээ Сэржид багш хичээлээ гоё заадаг багш байна лээ гэв. – Иш аав минь та хүүхдэд юу л зааж өгөөд байна даа. Өдий насалчихаад хүний муу үзээд яах вэ дээ. Жаахантогоо та хоёр юу хийгээд байгааг би гадарлаж байна шүү гэж Жавзан ярианд оролцон дургүйцсэнээ илэрхийлэв. – За цөг. Хүний муу үзсэндээ би яассан юм бэ? Намын даалгавар биелүүлж байна гээд Готов өвгөн ширээний ард туранхай цээжээ хөдөлгөн ханхалзуулах гэж дахин үзээд чадалгүй урамгүйхэн мушийв. – Миний мууг үзсэн хүнтэй та гар хөл нийлээд жигтэйхэн байх юм даа аав минь. – Битгий өнгөрсөн баларсан юм яншаад бай. Тэгээд ч хүнд хүн илүүдэх биш гээд Готов өвгөн Буяннэмэх охиныг харав. – Миний охин тос хийгээд цай уу. – Ээжээ та ямар хоол хийх гэж байгаа юм бэ? – Ээж нь хуушуур хийх гэж байнаа. Өнөө шинэ багш чинь манайд байх юм гэнэ. Яршигтай л санагдах юм. – Юу нь яршигтай санагддаг юм бэ? Чи сайхан аашилж

сайхан цай хоолоор тордож байхдаа хэлсэн, ярьсаныг надад хэлж байгаарай. Сарын тавин төгрөг гэдэг бага юм биш. Манай амьдралд хэрэгтэй шүү дээ. – Өвөө та тавин төгрөг авах юм бол надад жинхэнэ савхин цүнх авч өгөөрэй! – Тэгэлгүй яах вэ. чи миний асуу гэснийг тэр багшаасаа асуугаад байх юм бол. Тэгээд хариултыг надад ирж хэлээд байх юм бол тэр тавин төгрөг чинь манайд орж ирээд байна гэсэн үг. Жаахантогоо дарга яах вэ? дээ. Зайлуул биднийг бодсондоо тэр залууг манайд байлгаж байгаа биз. Хүний ач тусыг мартаж болохгүй. – Хм. Мөн яриваа больж үз аав минь. Хэдэн малын буянд болж л байна. Зовж яваа хүний мууг нь үзэх сүүлд нь хэцүү л байх даа. Тэр муухай юмандаа миний охиныг битгий оролцуулаад байж үз. Жавзан үхрийн мах татаж хуушуур хийгээд гаргаж байтал бөөн бодол өвөртөлсөн Сэржид орж ирэв. – Өө багш хүү. Өөрийн гэрт байгаа юм шиг манайд тавтай амьдар. Хичээлээ зааж дуусаад ирж байна уу гэсээр Готов ихэд найрсаг угтав. – Тэглээ. Тэглээ. – Наад хувцасаа нимгэл. Тэр баруун орон дээр хэвтэж амар. Наад орон дээрээ унтаж байгаарай. – За баярлалаа ахаа. Би гараа угаачих уу. Тэг тэг. Жавзан өмнө нь хувин тавьж өгөөд гар дээрээс нь бүлээн ус хийж өгөв. – Май хоол ид гэсээр таваг дүүрэн хуушуур өмнө нь тавьсан Жавзан сүү болсон шаргал цай хийж барив.

Готов гаансандаа улаан дүнс нэмж хийгээд Сэржидийн амнаас гарах үг нэг бүрийг чагнан харж суулаа. – Манай Буяннэмэх чинь хичээлдээ их сайн охин юм билээ ш дээ. – Ашгүй дээ. Овоо доо миний охин. Багшийнхаа үгэнд сайн орж хичээлдээ сайн сурдаг юм шүү. Жавзан аль болох бүлээн дулаан байлгахыг хичээж байлаа. – Алив угаалгах хувцас байвал гаргаад өгөөрэй. Би угаагаад тавьчихъя. – Өө юу хийх вэ. Амрах өдрөө би өөрөө угаачихъя. – Юун нэрэлхүү юм бэ? Зүгээр гаргаад өгчих. Би угаачихъя! Мэлмэрсэн том алаг нүдтэй мөрөө давуулан шидсэн урт үстэй эрэвгэр борхон энэ бүсгүй өөртэй нь ойролцоо насных юм шиг санагдахад Сэржид инээмсэглэв. – Ингэхэд би таныг та гэж дуудах уу. Чи гэх үү. Нууц биш бол насаа хэлчихгүй юу. – Нуух ч юу байх вэ дээ. Хорин найман нас хүрч байна. – Чацуу юм байна ш дээ. Ингэж хэлээд Сэржидийг инээхэд Жавзан мөн инээмсэглэв. – Орыг чинь засчихлаа. Эртхэн амар. Манай аав их ярвигтай хүн шүү. Нэг их найрсаад хэрэггүй. – Би ойлгож байнаа. Ингэхэд чи ажил хийдэггүй юм уу. – Сумын захиргаанд галч хийдэг юм. – Тийм үү. Их завтай юм шиг санагдаад асуучихлаа. Буяннэмэх

унтчихсан уу? – Тэгсээн. Хэл ам нь гүйцэгддэгүй золиг. – Сэргэлэн охин байналээ. Гаднаас Готовыг бие засчихаад орж ирэхэд тэр хоёр чимээгүй болов. – Багш хүү өө. Манай Чингис хаан шиг мундаг хаан бусад оронд олон байдаг болов уу. Готов гутлаа тайлнгаа асуугаад Сэржид үрүү харав. – Аав юун дэмий юм асуудаг юм бэ? Тэр хаад таньд ямар хамаатай юм бэ? Гэж Жавзан дургүйцэн хэлэв. – Зүгээр. Зүгээр. Харин ч сайхан санагдчихлаа. Оросууд анхдугаар Петр хаанаа магтан дээдэлдэг нь аргагүй юм билээ. Ер нь тэгээд улс орон бүр өөрийн хаадаа магтан дээдэлдэг нь аргагүй юм хэмээн Сэржид өгүүлэхэд. Оросын хаан Хээтэр хэмээн өөртөө хэд дахин давтан хэлсэн өвгөн ширдгэн доогуур хийсэн дэвтрээ авч. Сэржид оросын Хээтэр хааныг бахархан магтав гэж бичээд хийхийг Жавзан хялайн харав. – Жавзан чамайг Жаахантогоо дарга дуудаж байна. Бичээчийг яаруухан хэлээд эргэн гүйхэд Жавзангийн дотор арзганан босов. Ерөөс энэ хүнийг харна гэхээс түүний дотор муухай оргидог билээ. – Даргаа та намайг дуудаа юу. Жаахантогоо дарга түүнийг тоомжиргүй, шоолонгуй харж – Тэгсээн дуудсан гээд мушийв. Жавзангийн дургүй ихэд хүрэвч биеэ барин зогсч байлаа. – За тэгэхээр Жавзан минь. Би чамайг бодсондоо эцгээр чинь ажил хийлгээд байгаа. Хотын залуу эрийг харчихаад

урьдны алдаагаа давтав даа. Үүнийг чамд сануулах гэсэн юм. – Ямар алдаа билээ.. Би .. – Ойлгохгүй байгаа хэрэг үү. Хачин юмдаа. Би бол шууд ойлгох юм байна. Яагаа вэ? эцэггүй хүүхэд гаргахаа. Даргын үгийг сонсон бие барьж чадаагүй Жавзан царай хувьсхийн өөрчлөгдөөд гараад явчихав. “Хм ойрд энэ Жавзанг анхаарч хараагүй юм байна шүү. Уг нь цус гэж. Би үүнийг хүүхэн болгож билээ. Жаахан юм мөртлөө бас хэвлүүхэн. Ёстой нэг дутуу болсон жимс шиг байсан даа. Харин энэ золиг хэний хүүхдийг тээж орхив. Хэн энийг жирэмслүүлчихдэг байнаа. Энэ Жавзан одоо харин жинхэнэ хүүхэн болж дээ. Нэг өврөө дулаацуулах юм шүү. Өнөө хотын нөхөртэй элдэв юм болчих вий дээ.” Хэмээн хардан бодож суув. “Ерөөс энэ Сэржидийг тэр сургуулийн байранд байрлуулсан нь дээр юм байна. Зөнөг Готовыг хэд хоног өөр газар явуулах хэрэгтэй болох нь” Жаахантогоо өөрийн санаархалыг биелүүлэхийн тулд Готов өвгөн, төлөөлөгч Тайван хоёрыг дуудуулав. – За Готов гуай минь цаад этгээд чинь яаж байна даа. – Дарга минь айхтар том эсэргүүн бололтой манай муу зээ охины ангид хичээл зааж байхдаа Чингис хаан бол Цэдэнбал даргаас илүү сайн хаан байсан. Чингис хаан бол гавьяатай хүн гээд ярьсан байна лээ. Бас хайран сайхан ноёд хаадыг феодал гээд барьсан гээд төрийг буруутгасан байгаа юм. Надад болохоор Оросын Хээтэр хаан гээд

магтаад байсан. Энэ залуугын үзэл бодол нэг бишээ гээд толгой сэгсрэхэд Тайван өвгөнийг эгдүүцэн хараад “Хэзээ мөдгүй үхэх гэж байж дан хүний ул шагайна. Ёстой нэг хүүр шиг өвгөн дөө” гэж бодов. – За төлөөлөгч минь цаад тэрс үзэлтэн чинь хамар доор чинь сургуулийн хүүхдүүдэд тэрс үзэл бодлоо заагаад эхэллээ дээ. Та ажлаа яагаад хийхгүй байна гээд Жаахантогоо Тайван өөд хөмсөг зангидан харав. – Миний буруу намын даргаа. Малын хулгай гараад болдоггүй. Хэд хоног хулгайтай хөөцөлдөөд “Хар азарганы ” нуруунд бүгсэн нэг оргодлыг барих гээд бардаггүй. Улаан хүүр чинь усанд хаясан чулуу шиг алга болох юм. – Хулгайд малаа алдаад буцаагаад олоод авна. Харин хулгайд хүнээ алдвал яах вэ? оюун ухаанд нь өт шиг бээж шигдсэн буруу үзэл бодлын хачиг өдрөөс өдөрт томроно. Өсвөр насны хүүхдүүдэд хөрөнгөтний үзэл суртал заагаад байгаа тэр нөхрийг та яая гэж бодож байна даа төлөөлөгчөө. – Харин ээ. Энэ Товуу багш байхгүй гээд гоншигноод байх юм. Хүүхдүүдэд мөрөөрөө хичээл зааж чадахгүй элдэв балай юм солиороод байвал цусан хүүрийг говийн сум уруу тэмээн дээр аваачаад сүүдрээс өөр нөхөргүй болгоод хаячихаас. – Тэр

нөхөр тэгээд ямар хичээл заадаг юм бэ дээ? – За байз юу билээ дээ. Түүхийн хичээл, Орос хэл, бас нэг нь ямар юм гэлээ дээ. Өөр нэг юм заадаг юм гэсэн шүү. – Уг нь ч тэр нөхрийг говь уруу цөлмөөр л байна. Багш байхгүй байдаг. Жаал харзнахаас биш дээ. Эхний гурван сарын цалинг нь бууруулж 60 төгрөгний урьдчилгаа сар бүр олго. Төрийн дарамт шахалтыг жаахан хүчтэйхэн буулгаад өг төлөөлөгчөө. – Мэдлээ. – Үгүй ингэхэд “Хар азарганы” нуруунд ямар хулгайч орогноод байгаа хэрэг вэ? – Ноцтой гэмт хэрэгтэн. Яс цоожноос оргоод гараад ирсэн чоно шиг хийморьтой улаан хүүр байгаа юм. – Төлөөлөгчөө та чинь тэр оргодлыг магтаад, бахархаад байгаа юм биш биз дээ. – Үгүй яалаа гэж. Тэр цусаар тээглэмэрийг барихдаа л нэг барина. – Нөхөр ахмадаа таны наад үг хэллэг социалист улсын хууль сахин хамгаалагч хүний амнаас гарамгүй дэндүү бүдүүлэг бурангуй цагын юм яриад байх юм. Хувьсгалт улсын сэргийлэхийн ахмад хүн ийм юм яриад сууж байдаг. Миний санаанд огт нийцэхгүй байна шүү. – Мэдлээ. Нөхөр намын хороон дарга явахыг зөвшөөрнө үү? Жаахантогоо түүнийг харан толгой дохив. Тайван гарч явахад Готов өвгөн намын хороон дарга уруу сандлаа дөхүүлэн ойртож – Даргаа энэ золиг

Лоохуузын төрлийн хүн гэж сонсодсон шүү гэж шивнэв. Жаахантогоо сэртэсхийн өвгөнийг харж – Яг үнэн юм уу тэгээд гэв. – Харинээ дарга минь. Одоохондоо нэг тийм сураг сонсдоод байна. – Уг нь ажилдаа гайгүй юм байгаа юм. Хэрэв Лоохуузын хамаатан юм бол ажлаас халахаас өөр замгүй. Та сайн нухацтай үнэнийг олж мэдээд надад мэдэгдэнэ шүү. Тайван бол сайн мөрдөн байцаагч гурван сум хариуцсан төлөөлөгч хүн. Манайд дахиад ажилдаа эзэн болсон тогтвор суурьшилтай хүн иртэл бас өдий. Тэгэхээр та бодит үнэнийг олж тогтооно шүү. Хэрэв урьдын зарим зүйл шиг худал байх юм бол би таньд арга хэмжээ авна. – Ойлголоо даргаа гээд Готов духныхаа хөлсийг ханцугаараа шудрав. – Тэгэхээр Готов гуай таныг би тун чухал ажилд зарах гэж байна. Ардын Хувьсгалын 40 жилийн ойг угтсан сурлага хөдөлмөрийн сайчуудын аймаг дахь анхдугаар зөвлөгөөн аймагт болно. Манай нэгдлээс хөдөлмөрийн сайчууд хоёр аварга малчин, онц сурлагатан гурван хүүхэд, малын их эмч, сургуулийн нэг багш оролцохоор явна. Эдгээр улсыг та ахалж явна. Би унаа бэлдүүлчихсэн. Аа тийм онц сурлагатны нэгэнд танай зээ Буяннэмэх

орсон шүү гэхэд Готов өвгөн ихэд баярлан нүүр нь туяараад ирэв. – Гялайлаа дарга минь. – Гялайх яах вэ? та хувцсаа солиод ир. Готов өвгөн баярласандаа хурдан хөдөлж тогдгосхийн гарч одоход Жаахантогоо – Тэнэг гэж араас нь юунд ч юм бэ? Хараав. – Үгүй чи чинь ямар үхсэн хүүрээ хийгээд тэр Чингис Оросын тэр хаан энэ тэрийг магтаад яриад байдаг цусан хүүр вэ? Цуурхай Готов очиж намын даргад магаад. Намын дарга чамайг говийн суманд тэмээн дээр хөөх гэснээ аргагүй багшгүй дээ баригдаж арайчүү нэг юм үлдээлээ. Байхгүй цалингын чинь хассан. Сард 60 төгрөг өгөхөөр болсон. Мөн улаан хүүр юмаа гэж Тайванг зэмлэхээд Сэржидийн царай цонхийж – Тэр цалин хасдаг чинь муу юм болж дээ. Надаас болоод эхнэрийг минь ажлаас хөөчихсөн. Гэтэл бид дөрвөн настай нялх охинтой. Бас эхнэр минь давхар биетэй байдаг. Би уг нь тэрэндээ хэдэн төгрөг өгөх гэсэн юм. – Хэ мөн тоогүй еэ. Танай хотод манайхан шиг үнээгээ саагаад сүүгээ уучихана гэх биш. Үгүй хүүр минь чи аштайхан байгаад өг л дөө. Би чамайг гэмт хэрэгтэн гэж боддогүй шүү. Яах вэ? эр хүн аль алдахыг тэр гэх вэ? наад ам хэлээ болдоггүй юм бол хазаарлаад орхиоч. Өнөөдрөөс эхлээд энэ байранд амьдар. Хоол ундны хувьд

болох биз. Чамд амар. Цуурхай Готовоос хол байх нь өлзийтэй. Алаг нүдэн хүүхэнд нь дурлачихаагүй бол энд төвхөнө гээд Тайван задгай цагаанаар хөхрөв. – Битгий золигтоод байгаач. Өөрийнхийгөө санаж зовж үхэх гэж байхад чинь. – Чиний тэр эхнэр ч тэгээд сайхан бүсгүй байгааг би мэдэж байна. Хотын хүүхнүүд ч цаанаа нэг өөр шүү. Гэхдээ монди минь наад Жавзандаа унав даа. Цаадахь чинь чамлахааргүй сайхан амьтан шүү. – Жавзан яагаад нөхөрт гардаггүй юм болдоо. – За тэгж битгий асууж үзээрэй. Хоолой ороосон юм болно шүү. Цаадахийг чинь Жаахантогоо дарга нууцхан эзэмшдэг юм гэсэн шүү. – Юу. Тэгээд охиных нь эцэг… – Хэн мэдэх вэ? хэн мэдэх вэ? Жавзан өөрөө мэдэх биз. Чи чинь одоо гээд л золиг оргиод есөн шидийн юм шалгаагаад унав. Нууц хүүхнийг нь шохоорхож байж Жаахантогоод баригдаж хүүр болов доо. Цаад хүүр чинь аюултай шүү. За би явах минь. Ядаж байхад “Хар азарганы” нуруунд нэг аюултай оргодол бүгчихэж гэнэ. Чам муу хулгайчтай хүүрээ тартал үзэлцэнэ дээ гэсээр Тайван гараад явчихав. Толгой нь зэвэнд идэгдсэн нарийн төмөр орон дээр гудас хаяад дээр нь хэвтсэн чигтээ Сэржид унтаад өгөв. Хэдий хир унтсан юм бүү мэд. Нэг

мэдэхэд хүн хажуугаас нь татах шиг болоход цочин сэрж өндийв. Нойтон шаваг асахгүй өрөөгөөр дүүрэн утаа болсон байх бөгөөд Жавзан түүнийг асаах гэж байгаа бололтой хуурай хөх аргал зуух уруу хийж байгаа нь харагдав. – Өө сэрчихсэн үү? Ядраа юу. Очиж цай уухгүй болохоор чинь цай, жаахан идэх юм аваад ирлээ. Галаа ингэж түлэх юм бол хөлдөх аюул ойрхон шүү дээ. – Харин тиймээ. Ёстой түлж чаддаггүй. Ашгүй чи бараг асаачихлаа ш дээ. Баярлалаа хө. Сэржид цай ууж шар тостой бин идэнгээ ийн хэлэв. – Өнөөдөртөө галаа сайн түлээд энэ байшингаа дулаацуулчих. Манайд очоод хоночих. Би хоол хийж байя. Аав охин хоёр аймаг уруу явчихсан гээд Жавзанг гарахад Сэржид толгой дохин хоцров. “Галаа нилээд сайн түлчихээд Жавзангынд очоод хоночихъё. Өнөө олон үгт аав нь байхгүй амар.” – За хө улам л жавхаажиж өнгө ороод байна уу гэх танил дуунаар ихээхэн цочсон Жавзан эргэж хараад дэнгийн гэрэл дор Жаахантогоо маасайтал инээж зогсоог олж үзээд царай нь сааралтаад ирэв. – Чамайг ганцаараа айж байгаа байх гэж бодоод хань болох санаатай

хүрээд ирлээ. Далимд нь эрт урьдын нэг нандин харьцаагаа сэргээ юу гээд л… – Та… та тийшээ суу л даа. Жавзангын айдастай дуун Жаахантогоод бүр ч эрэмшил төрүүлнэ. Тавь орчим насны лагс эрийн амьсгаа нь ойр ойрхон дээшлэхийг мэдэрсэн Жавзан яахаа мэдэхгүй хий аймсан үүд хавьцаа бүлтэгнэн байлаа. – Үгүй чи чинь. Нөхөр минь хүн орж ирчихээд байхад ядаж аяганы амсар зуулгадаггүй юм уу? Жаахантогоо зандрангуй дуугарахад Жавзан бүр ч айж сандрав. – Май даргаа цай уу. Хоол ид. Жаахантогоо савны таг авч дотор нь байгаа буузыг хараад нэгийг бодож – Чи намайг ирнэ гэж мэдэж байсан юм уу гэхэд Жавзан хурдан гэгч толгой сэгсрэв. Жаахантогоо савтай буузнаас аяга овоолон хийж идээд Жавзан уруу байж ядсан харцаар харан нааш ир гэж дохиход бүсгүй хэдий дургүй байвч дорой заяандаа хөтлөгдөн дэргэд нь очив. – Чи намайг хүлээдэг үү? Хэл л дээ. Би чамайг сургуульд явуулж өгч болно шүү. – Үгүй дээ. Надад тийм бодол алга. – Би чамайг бодож л явдаг юм. Жавзан юу хэлэхээ мэдэхгүй доош тонгойв. – Охины чинь эцэг хэн юм бэ дээ. Жавзан хэсэг эргэлзэн

тулгамдав. – Хэн юм бэ? Хэлээч. Жаахантогоо түүнй гараас барин дугтчив. – Та шүү дээ. Даргаа. Хүүхний энэ үг Жаахантогоогын тархиар татаад авах шиг болгов. “Магадгүй юм шүү. Надад эдлэгдээд төдийлөн удалгүй цодойчихсон юм даг. Нээрээ ч тэр золиг надтай адилхан юм шиг. Адтай золиг. Цаанаа нэг өөр.” Жаахантогоо хүүхний үгэнд эргэлзсэн ч үгүй. “Яах вэ? Хөдөөний хүүхнүүд ийм хувь заяатай улс. Гэрээр дүүрэн хүүхэд байхад нөхрийнх нь хүүхэд ганц, хоёр л байдаг. Ирсэн хоноц арилашгүй мөрөө үлдээгээд явдаг жамтай хойно. Жамаа дагаж дээ. Жавзан минь”. Жаахантогоо түрэмгий байдлаар хүүхний гараас барин өөр үрүүгээ татахад Жавзан айсандаа дагжин чичирч байлаа. Энэ нь түүний хүслийг бүр ч ихээр дэврээн хүүхнийг даган угз татан энгэрийнх нь товчийг угз татан энгэр үрүү нь гараа дүрэв. – Даргаа болиоч дээ. Ингэж болохгүй ш дээ. – Битгий маяглаад байгаач. Орон дээрээ гар. Тэгээд. Жаахантогоог үгээ гүйцээх завдал өгөлгүй хаалга сэвхийн нээгдэж Сэржид орж ирэхэд Жаахантогоо огло үсрэн босов. – Чи энд … Чи энд юу хийж явдаг билээ нөхөөр. Би чамд байр гаргаж өгсөн биздээ. – Тиймээ даргаа би юмаа авах гэж ирлээ. Жаахантогоо “Тун тоогүй юм боллоо. Очиж очиж энэ муу буруу

санаатанд энэ байдлаа харуулах гэж. Энэ золиг одоо чалчиж гарна даа. Түй ийм алдаа гаргах гэж. – Чи нөхөөр маргааш хичээлээ заачихаад миний өрөөнд очиж уулзаарай! – За. Хаалга савагдан хаагдаж Жаахантогоо гарч одов. Жавзан, Сэржидээс ичиж зовон доош тонгойно. Ийм байдалтай байхад нь орж ирсэндээ Сэржид бас бантаж зовиноно. – Ча .. Чамайг эвгүй байдалд хийчих шиг боллоо. За би явъя даа. Сэржид ингэж хэлээд хурдхан хаалга онгойлгов. – Үгүй чи. Битгий яв. Чи намайг энэ удаа аварлаа. Би уг нь чамд хоол, цай хийгээд хүлээж байсан юм. Гэтэл энэ гай гээд Жавзан асгартал уйлахад Сэржид ихэд сандрав. Тэрээр халуун юманд хүрэх адил бүсгүйд ойртон нулимсыг нь арчиж өгөөд – Тайвшир хө. Энэ дарга та хоёрын дунд сэтгэлийн холбоо байдаг юмуу гэж асуув. “Тэр хүүхэн Жаахантогоо даргын нууц зэмшилд байдаг гэлцэх юм билээ” төлөөлөгч Тайвангийн хэлсэн түүнд бодогдоно. – Ямар юмных нь сэтгэлийн холбоо байх билээ. Зүгээр л нэг хүчирхийлэгч. Овоо хэдэн жил наашаа зүглэхгүй

байсан юм. Өнөөдөр ямар муугийн салхи нааш нь тууж авчирдаг байнаа гээд Жавзан дахин нулимсаа арчив. – Чи яаж яваад ийм юмны.. – Сурагч байсан юм. Долоодугаар анги төгсдөг жил. Энэ балай хүүр манай сургуульд бүр манай ангийн багшаар ирснийг яана. Уг нь аав минь тэр үед Сумын намын үүрийн дарга байсан юм. Намайг аймаг уруу сургуульд тэгээд дараа нь хот уруу сургуульд явуулна гэж ярьж байсан юм. Гэтэл энэ гай нэг орой намайг барьж аваад хамгийн хойд талын ширээн дээр дарж унасан. Тэгээд би сургуульд ч явсан юмгүй. Буяннэмэх охиноо төрүүлсэн юм гээд Жавзан дахиад л уйлав. Сэржид түүний нулимсыг арчин мөрөн дээр нь гараа тавихад Жавзан түүний энгэрт наалдан улам мэгшин уйлав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *